Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2023/0280

 

 

 

 

 

 

 

 

 

                       “У с к” ХХК-ийн гомдолтой 

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Ц.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, Б.Д

Хэргийн оролцогчид

Гомдол гаргагч “У с к” ХХК

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.З

Гомдлын шаардлага: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.З 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 0064617 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 170 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У

Хариуцагч Ц.З,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, Б.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2022/1054/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдол гаргагч “У с к” ХХК-иас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Золзаяад холбогдуулан “...Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.З 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 0064617 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 170 дугаар шийдвэрээр: 

“...Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 17 дугаар зүйлийн 17.3.2, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч У с к ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.З 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 0064617 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Ц.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, Б.Д нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 7.2-т "...U money картыг цэнэглэх гэдэг нь үйлчилгээгээ борлуулж байгаа хэлбэр биш харин энэхүү картыг ашиглан нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлснийг борлуулалт гэж үзэхээр байна" гэж дүгнэсэн нь дараах байдлаар хууль зөрчиж байна. Үүнд:

 

Татвар төлөгч иргэд U money картыг цэнэглүүлж байгаа нь үйлчилгээ авч байгаа хэлбэр бөгөөд Монгол хэлний тайлбар тольд "Үйлчилгээ" гэдгийг "Хүний хэрэгцээг хангах ажил" гэж тайлбарласнаас дүгнэхэд иргэн Я.А нь U money картыг цэнэглэснээр хэрэгцээгээ эхэлж хангуулсан бөгөөд үүний дараа нийтийн тээврээр зорчих эрх нь үүсэж байгаа юм.

 

Нөгөө талаас U money картыг цэнэглэж байгаа "У с к” ХХК-ийн үйлдлийг иргэнд үзүүлж байгаа үйлчилгээ гэж ойлгоно. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2 дахь хэсэгт "бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно" гэж заасан.

 

Гэтэл хуулийн энэ заалтыг хэрэгжүүлээгүй гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

 

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх нь 7.6-д “... иргэн нийтийн тээврийн үйлчилгээ авч, автобусанд U money карт уншуулж цугларсан орлого болох мөнгөн дүнгээс карт цэнэглэсний шимтгэлийг тооцож, дараа сард олгодог байхад гэрээт цэгүүд "U money карт цэнэглэсэн"-ийг нийтийн тээврийн үйлчилгээнээс тусдаа бие даасан үйлчилгээ үзүүлсэн, борлуулсан гэж үзэхэд учир дутагдалтай..." гэж дүгнэсэн нь үйлчилгээ үзүүлээд тодорхой хэмжээний шимтгэл авсан болохыг тогтоосон боловч хууль хэрэгжүүлээгүйг зөвтгөсөн нь алдаатай шийдвэр болсон.

 

Гэрээт борлуулагч нар үйлчилгээ үзүүлээд түүндээ тохирсон шимтгэл буюу хөлсөө авч байгаа нь гэрээ болон гомдол гаргагчийн тайлбараар тогтоогдсон байдаг.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7.7-д дурдагдсан “У с к” ХХК-ийн хялбар бүртгэлээр баримт шивэх гэдэг нь тус картыг худалдан авч байгаа иргэн, үйлчлүүлэгч нарт харилцан адилгүй байх бөгөөд харааны бэрхшээлтэй, нас өндөр, ухаалаг утасгүй иргэдийг ялгаварлан үйлчилгээг үзүүлж байгаа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хэрэгжихгүй татвар төлөх орлого бүрэн тайлагнагдахгүй байх үндэслэл бий болж байна.

Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт "Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй" гэж заасныг зөрчсөн.

 

Шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 7.9-д заасан зөрчлийн тухайд Татварын улсын байцаагч гомдол гаргагчид Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3 дахь хэсэгт "энэ хуулийн 8.1, 8.2-т заасан өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогыг тодорхойлох боломжгүй бол төлбөрийн баримт олгоогүй, эсхүл төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно." гэж заасны дагуу торгууль ногдуулсан нь хуульд нийцсэн гэж үзэж байна.

 

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2023/0170 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хэвээр баталж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2-т зааснаар албан татвар суутган төлөгч нь “бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүрт төлбөрийн баримтыг олгох” үйл ажиллагааг хэрэгжүүлнэ, мөн Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт зааснаар “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх” үүрэгтэй.

Харин “У с к” ХХК-ийн хувьд нийтийн тээврээр үйлчлүүлэх иргэдийн цахим буюу “U money” картыг цэнэглэх үйлчилгээ үзүүлж байгааг дээрх хуульд заасан “бараа, ажил, үйлчилгээг борлуулсан” гэдэгт хамааруулахгүй, өөрөөр хэлбэл төлбөр тооцоог хөнгөвчлөх зорилгоор бэлэн мөнгийг цахим хэлбэрт шилжүүлэх үйлчилгээ үзүүлснийг борлуулалтын орлого олсон гэж үзэхгүй.

Иймд шүүхийн шийдвэрт “…“U money” картыг цэнэглэх гэдэг нь үйлчилгээгээ борлуулж байгаа хэлбэр биш, энэхүү картыг ашиглан нийтийн тээврээр үйлчилгээ үзүүлснийг борлуулалт гэж үзэхээр байна…” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Учир нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дээрх заалтын “бараа, ажил, үйлчилгээг борлуулсан” гэдэгт карт цэнэглэхийг ойлгохгүй. Өөрөөр хэлбэл бэлэн мөнгийг цахим хэлбэрт хувиргаж байгаа “үйлчилгээ” нь тухайн үйлчилгээг борлуулж буй хэлбэр биш болно.

Харин энэхүү үйлчилгээний “борлуулалт” нь нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо цахим картаа уншуулж, төлбөр төлж байгааг ойлгох нь зүйтэй.

Дээрх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “борлуулалт” гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг; 4.1.2-т “бараа” гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн хөрөнгийг; 4.1.3-т “ажил” гэж Иргэний хуулийн Гучин нэгдүгээр бүлэгт заасан “ажил гүйцэтгэх” гэснийг; 4.1.4-т “үйлчилгээ” гэж бараа борлуулах, ажил гүйцэтгэхээс бусад аливаа үйл ажиллагааг тус тус ойлгохоор заасан ч, эдгээрийн аль алинд борлуулалтын орлого /ашигтай эсэхээс үл хамаарч/ олсон байхыг шаардана.

Гэтэл энэ тохиолдолд нэхэмжлэгчийн хувьд “U money” картыг цэнэглэснээр ямар ч орлого олдоггүй тул цэнэглэх бүрт хуульд заасан төлбөрийн баримт өгөх үүрэг хүлээхгүй.

2.Карт цэнэглэсний шимтгэл буюу нэхэмжлэгчийн хувьд орлогыг нь цэнэглэх үед бус харин тухайн иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх бүрт төлсөн төлбөрөөс тооцож, дараа сард тодорхой хувиар олгож байгааг ойлгоно. 

Иймд “…шүүхийн шийдвэрээр үйлчилгээ үзүүлээд тодорхой хэмжээний шимтгэл авсан болохыг тогтоосон боловч хууль хэрэгжүүлээгүйг зөвтгөсөн нь алдаатай шийдвэр болсон…” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 “У с к” ХХК-ийг үйлчилгээ үзүүлээд түүндээ тохирсон шимтгэл авч байгааг огт үгүйсгээгүй бөгөөд гагцхүү тэрхүү шимтгэл нь иргэдийн “U money” картыг цэнэглэх төлбөрөөс бус харин цэнэглэсэн картаар төлбөр төлсөн тухай бүрт тодорхой хувиар тооцогддог байх тул зөвхөн карт цэнэглэснийг үйлчилгээ үзүүлсний орлого олсон гэж үзэхгүй.

 Тухайлбал энэхүү маргаан үүсэх үндэслэл болсон нэр бүхий иргэний гомдлоор зөрчлийн хэрэг нээн шалгах явцад нэхэмжлэгчээс тухайн иргэнд “U money” картыг нь 5000 төгрөгөөр цэнэглэх үйлчилгээ үзүүлсэн атлаа төлбөрийн баримт өгөөгүй гэх “зөрчил” тогтоогдсон гэдэг.

Бодит байдалд тухайн иргэнээс үйлчилгээ үзүүлсний ямар ч төлбөр авалгүйгээр зөвхөн бэлэн мөнгийг нь цахим хэлбэрт шилжүүлж, нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх, төлбөр төлөх боломжийг ийнхүү хялбарчилснаар хариуцагчийн тайлбарласанчлан төлбөрийн баримт өгөх тохиолдолд дээрх 5000 төгрөгийг нэхэмжлэгчийн үйлчилгээ үзүүлсний орлого гэж үзэх болно.

Гэтэл 5000 төгрөг мөн дүнгээрээ цахим хэлбэрт л шилжсэнээс бус нэхэмжлэгчид ямарваа орлого ороогүй байх тул цэнэглэх тухай бүрт төлбөрийн баримт өгөх нь харин ч эсрэгээрээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд тооцогдох болно.

Карт цэнэглэх, автобусаар үйлчлүүлэх гэдэг нь тус тусдаа үйлчилгээ биш болохыг хариуцагч анхаарвал зохино.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 170 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ц.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, Б.Д нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                             

 

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                      Н.ДОЛГОРСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                      Э.ЛХАГВАСҮРЭН