Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 129/ШШ2023/00242

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 129/ШШ2023/00242

Архангай аймаг

 

                                     

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                       

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: .......-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 55,899,807 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Т,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч .......-д холбогдуулан 2019 оны 10 сарын 02-ны өдөр байгуулсан спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах” ЭГЭ-А-19/15 тоот гэрээний үүрэг 55,899,807 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

- цаашид ....... гэх болон Э ХХК нарын хооронд 2019 оны 10 сарын 02-ны өдөр ЭГЭ-А-19/15 тоот “Архангай аймгийн Эрдэнэбулган сум, 5-р багийн нутагт баригдах .......-ийн Спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах гэрээ" байгуулагдаж, Э ХХК-иас .......-ийн Спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах ажлыг гүйцэтгэн 2019 оны 10 сарын 15-ны өдөр хүлээлгэн өгөх, .......-өөс 48,790,968 төгрөгийг 2 хуваан төлөх үүргийг тус тус хүлээсэн. Э ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зураг төслийг гүйцэтгэн Д.Т хүлээлгэж өгсөн бөгөөд барилгын дотор зураг төслийн эх хувь болон төсвийг хатуу дискт хуулбарлан 2019 оны 12 сарын 26-ны өдөр .......-ийн төлөөлөгчид дахин хүлээлгэн өгч акт үйлдсэн байна. Захиалгат зураг төслийн ажлыг хүлээн авсан эсэх асуудал дээр захиалагч тал маргаагүй бөгөөд энэ нь Архангай аймгийн .......-өөс 2019 оны 12 сарын 18-ны өдөр ирүүлсэн 98 тоот албан бичгийн агуулгаас тодорхой харагдана. ....... нь гэрээний дагуу төлбөрийг 2 хувааж төлөх буюу гэрээ байгуулснаар урьдчилгаа 50 хувь 24,395,484  төгрөгийг, иж бүрэн ажлын зураг хүлээж авснаар үлдэгдэл 50 хувь 24,395,484 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн боловч одоог хүртэл огт төлбөр төлөөгүй байна. Э ХХК нь Архангай аймгийн .......-өөс захиалгат ажлын төлбөрийг төлөхийг удаа дараа шаардаж байсан бөгөөд Архангай .......-өөс 2019 оны 12 сарын 18-ны өдрийн 98 тоот албан бичгээр санхүүжилтийг 2020 оны төсөвт суулгаж төлөхөөр шийдвэрлэсэн тухай албан бичгээрээ мэдэгдсэн боловч санхүүжилтийг одоог хүртэл олгоогүй байна. Мөн ЭГЭ-А-19/15 тоот гэрээний тусгай нөхцөлийн 6-д “Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,02 хувийн алданги тооцно" хэмээн заасан. Урьдчилгаа 50 хувь болох 24,395,484 төгрөгийг гэрээ байгуулснаар төлөх байсан тул 2019 оны 10 сарын 02-ны өдрөөс 2021 оны 11 сарын 01-ний өдөр хүртэлх нийт 761 хоногийн алданги 3,712,991 төгрөг, үлдэгдэл 50 хувь болох 24,395,484 төгрөгийг зургийг хүлээн авснаар төлөх байсан тул 2019 оны 12 сарын 18-ны өдрөөс 2021 оны 11 сарын 01-ний өдөр хүртэлх нийт 696 хоногийн алданги 3,395,848 төгрөг, нийт алданги 7,108,839 төгрөг болсон байна. Бид үүний дагуу 2021 оны 10-р сарын 08-ны өдөр 21/110 тоот дугаартай Архангай .......-д хамаарах өргөдлийг Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалд гаргаж, 2021 оны 11-р сарын 01-ний өдөр Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд хоёр тал хуулийн дагуу оролцсон боловч Э ХХК-иас тавьсан саналыг Архангай ....... нь хүлээн авалгүй эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан байдаг. Иймд Э ХХК нь ЭГЭ-А-19/15 тоот гэрээний үндсэн төлбөр 48,790,968 төгрөг, алданги 7,108,839 төгрөг, нийт 55,899,807 төгрөгийг Архангай аймгийн .......-с гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

- Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Нэхэмжлэгч Э ХХК болон хариуцагч ....... хоёрын хооронд 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутагт байрлах Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн спорт заал барих барилгын зураг төсөл боловсруулах тухай захиалагч, гүйцэтгэгч хоёрын хооронд гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээний төсвийг харилцан ярилцаж үйлчилгээний төлбөрт 48,790,968 төгрөгийг төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Тухайн гэрээнд талууд өөрсдөө гарын үсэг зураад тамга тэмдэг дарж баталгаажуулсан байдаг. Уг гэрээний тусгай нөхцөлийн 8а-д заасны дагуу урьдчилгаа 50 хувь буюу 24,395,480 төгрөгийг гэрээ байгуулснаар төлөх ёстой байсан. Мөн тус гэрээний 8б-д иж бүрэн ажлын зураг хүлээн авсны дараа үлдсэн 50 хувь буюу 24,395,480 төгрөгийг хоёр тал ажил хүлээлцэх акт үйлдээд гарын үсэг зурснаар төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан боловч хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Ийм учраас Э ХХК нь гэрээний үндсэн төлбөр болон алдангийг нэхэмжилсэн. Э ХХК нь спорт заалны барилгын зураг төслийг боловсруулж гаргахдаа цалингийн зардал, холбогдох үе шатны байгууллагын хяналтын зардал, геологийн ажлын зардал, бусад зардлыг өөрийн байгууллагын зүгээс гэрээ болон итгэлцлийн үндсэн дээр санхүүжилтийг өөрөөсөө гаргаж  зураг төслийг боловсруулсан. Өмнөх шүүх хуралдаанд энэ нөхцөл байдлыг нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Тухайн нотлох баримтуудад ямар ямар зардал гарсан талаар тодорхой дурдсан байгаа. Тэр зардлууд нь бүгд .......-ийн спорт заалны зураг төсөл боловсруулахад гарсан зардлууд юм. Өмнөх шүүх хуралдаанууд дээр ярьж байсанчлан эвлэрэх боломжтой асуудлуудыг манай зүгээс маш олон удаа тавьж байсан. Манай зүгээс үндсэн төлбөрөө авчих юм бол алданги тооцохгүй, эвлэрэн хэлэлцэх боломжтой. Тухайн спорт заалны зураг төслийг буцаагаад авах боломжгүй, учир нь тухайн зураг төслийг орчин нөхцөлд нь тааруулж боловсруулж хийдэг учир энэ зураг нь зөвхөн .......-д зориулагдсан зураг. Тухайн зургийг өөр газарт хэрэглэх боломжгүй учир зураг төслөө буцаагаад авах нь Э ХХК-д маш их хохиролтой байгаа. Эдгээр байдлыг харгалзан үзээд гэрээний үндсэн төлбөр 48,790,968 төгрөг, алданги 7,108,839 төгрөг, нийт 55,899,807 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж нэхэмжлэгч талд олгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

2. Хариуцагч Д.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

 

- Анх манай сургуульд Э гэх ХХК нь ноос ноолуурын чадамжийн төвийн зураг төслийг хийж барьж байсан. Тухайн барилгыг барьж байх үед би Э ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Ж-тай уулзаж танилцаж байсан. Тэр үед манай Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд н.Ч-г ирэхэд би манай сургууль спорт заалгүй, улсын хэмжээнд спорт заалгүй 2-3 сургууль байдаг сургуулиудын нэг, манай сургуулийг спорт заалтай болгох талаас төсөв мөнгө баталж спорт заалтай болгож өгнө үү гэх хүсэлтийг  хэлж байсан. Тэгэхэд н.Ч сайд нь зураг төслөө хийлгэчих ирэх оны төсөвт суулгаж өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би н.Ж захиралтай уулзаад танайх нэг зураг төсөл дээр ажиллаад өгөөч гэж хэлэхэд манайд Төв аймгийн спорт заалны зураг төсөл байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь тухайн зураг төслөө .......-ийн спорт заалны зураг төсөл болгоод ажилбар хийгээд өгөөч гэж хэлэхэд за тэгье гэсэн. Тэгээд найз нь дундаа яригдаад болсон л асуудал. Нийгэм хамгааллын яаманд зургаа хийлгэсэн талаараа хэлээд зургаа хийлгэх гэсэн боловч ковид өвчин гараад хөл хорио тогтсон. Тэгээд шинэ яам улсын төсвийн хөрөнгө оруулалт байхгүй гээд өнгөрсөн. Би анх зургаа хийлгэсэн талаараа хэлээд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга н.Ч-т гарын үсгээ зураад тамгаа дараад өгнө үү гээд хандахад зургаа аваад ир гэж хэлсэн. Зургаа аваачиж өгчихөөд явахад дараа нь гарын үсгээ зураагүй, тамгаа ч дараагүй байсан. Ийм учраас би зургийг хүчин төгөлдөр бус зураг болчихсон юм байна даа гэж дотроо бодож байсан. Үүний дараа н.Ж захирал холбогдоод хоёулаа нэг гэрээ байгуулахгүй бол болохгүй юм байна гэхээр нь тэгье гэж хэлээд гэрээ байгуулсан. Үүнээс болоод ийм асуудал үүссэн. Бараа аж ахуй үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу бол би тийм их төгрөгийн эрх мэдэлтэй хүн биш. Миний хувьд өмнө нь эвлэрэх асуудлыг тавьж байсан. Манай зүгээс 1 жилийн өмнө 2024 онд төлөхөөр тохиролцох саналыг тавьж байсан ч нэхэмжлэгч тал хүлээж аваагүй. Одоо бол би улсын төсөвт суугдсаны дараа л төлөх боломжтой байгаа. Учир нь манай яамны харьяалал өөрчлөгдсөн. Урд нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяанд байсан бол би баталгаатай хугацаа хэлээд төсөвтөө суулгуулаад гаргаад өгөх боломжтой байсан. Одоо Боловсрол шинжлэх ухааны яам руу шилжсэн учраас манайд спорт заал барих болсон ч энэ зургаар барихгүй, нэгдсэн сургуулиудын жишиг зургийн дагуу барих байх. Би уг нь урд нь захирал н.Жаргалд гол хариуцагч байгууллага  Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам учраас та нар тэнд хандаарай гэж хэлж байсан. Дээд шатны байгууллагаас зөвшөөрөл авч байж тендер зарлах ёстой. Манай байгууллага дур мэдэн тендер зарлах эрхгүй. Надад хуулиар эрх олгогдоогүй байхад Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны өмнөөс  Э ХХК-тай 2019 оны 10 сарын 02-ны өдөр Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн спорт заалны барилгын зураг төсөл хийх гэрээ байгуулсан учраас тус гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Ийм учраас энэ гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс:  

- 2019 оны 10 сарын 02-ны өдрийн .......-н спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах ЭГЭ-А-19/15 дугаар гэрээ,

- .......ийн захиргаанд гэсэн Э ХХК-ийн 2020 оны 04 сарын 27-ны өдрийн 20/50 дугаар албан бичиг,

- 2019 оны 08 сарын 16-ны өдрийн ажлын зураг хүлээлцэх акт,

- 2019 оны 12 сарын 26-ны өдрийн ажлын зураг хүлээлцэх акт,

- “Э” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

- Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 11 сарын 01-ний өдрийн “Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан, буцаасан тухай” 103 дугаар тэмдэглэл,

- .......-ийн 2021 оны 11 сарын 01-ний өдрийн 77 дугаартай албан бичиг,

- Архангай аймгийн Эрдэнэбулган сум 5 дугаар баг “спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах” даалгавар,

- “Э” ХХК-тай хамтран ажиллах тухай 2019 оны 09 сарын 12-ны өдрийн 69 дугаартай албан бичиг,

- “Э” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 23/3-1 тоот албан тоотоор ирүүлсэн зураг төсөл боловсруулах гэрээ,

-Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р багийн нутагт баригдах .......-ийн “Спорт заалны барилга”-ын талбайн инженер геологийн ажлын гэрээ /3 хуудас/,

-ХААН банкны 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /6 хуудас/,

-Э ХХК-ийн цалингийн түр дансны хуулга /4 хуудас/,

-ХААН банкны 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга” зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас:

- .......-ийн 2020 оны 05 сарын 04-ний өдрийн 960098 дугаартай сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл,                           

- УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Б-т хүргүүлсэн .......-ийн 2019 оны 5 сарын 20-ны өдрийн 44, 2019 оны 10 сарын 23-ны өдрийн 76, 2021 оны 09 сарын 27-ны өдрийн 57, 2022 оны 02 сарын 15-ны өдрийн 13  дугаартай албан бичиг,

- УИХ-ын гишүүн Ж.М-д хүргүүлсэн .......-ийн 2019 оны 10 сарын 23-ны өдрийн 77, 2020 оны 09 сарын 21-ний өдрийн 62, 2021 оны 05 сарын 24-ний өдрийн 30, 2022 оны 02 сарын 15-ны өдрийн 13  дугаартай албан бичиг,

- Архангай аймгийн Засаг дарга Ц.М-д хүргүүлсэн .......-ийн 2019 оны 11 сарын 86 дугаартай албан бичиг,

- Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Т-д хүргүүлсэн .......-ийн 2020 оны 09 сарын 21-ний өдрийн 61, 2022 оны 02 сарын 15-ны өдрийн 13 дугаартай албан бичиг,

- “Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Э танаа хүсэлт гаргах тухай” гэсэн .......-ийн 2022 оны 02 сарын 09-ний өдрийн 10 дугаартай албан бичиг,

- Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Б-д хүргүүлсэн .......-ийн 2022 оны 02 сарын 14-ний өдрийн 11 дугаартай албан бичиг,

- “ХНХЯ-ны СХОгазарт хөрөнгө оруулалтын санал хүргүүлэх тухай” гэсэн .......-ийн 2021 оны 04 сарын 20-ны өдрийн 24/А дугаартай албан бичиг,

- ХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаярт хүргүүлсэн .......-ийн 2022 оны 02 сарын 15-ны өдрийн 14, 2021 оны 03 сарын 069-ний өдрийн 15, 2019 оны 05 сарын 20-ны өдрийн 46 дугаартай албан бичиг,

- “Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танаа хүсэлт гаргах тухай” гэсэн .......-ийн 2021 оны 03 сарын 09-ний өдрийн 14 дугаартай албан бичиг,

- “ХНХЯ-ны ХОҮ хэлтэст хүсэлт гаргах тухай” гэсэн .......-ийн 2020 оны 04 сарын 28-ны өдрийн 36 дугаартай албан бичиг,

- .......-ийн “ХНХЯ-ны сайд С.Чинзориг танаа” гэсэн 2019 оны 05 сарын 20-ны өдрийн 45 дугаартай албан бичиг,

- .......-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

- Спорт заалны барилгын ажлын зураг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр

- “Э” ХХК-ийн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн ЗТ19-429/16, ЗТ19-607/21 дугаартай гэрчилгээ болон сунгалтын хуулбар,

- Монголын барилгын Үндэсний ассоциаци ТББ-ийн 2022 оны 02 сарын 23-ны өдрийн “тодорхойлолт хүргүүлэх тухай” 22/50/ТЗ албан бичиг,

- Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох асуудал хариуцагч, барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулсан 2021 оны 06 сарын 28-ны өдрийн ЗТ19-607/21 дугаартай гэрээ, гэрээний сунгалт,

- Архангай аймгийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03/141 тоот албан бичиг,

- Барилгын хөгжлийн төвийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1/777 тоот албан бичиг,

- Барилгын хөгжлийн төвийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2178/2019 тоот барилга байгууламжийн зураг төслийн магадлалын нэгтгэсэн дүгнэлт, магадлалын ерөнхий дүгнэлтийн хавсралт 1, хавсралт 2 зэрэг нотлох баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжилсэн хариуцагч .......-д холбогдох ЭГЭ-А-19/... тоот гэрээний үүрэг 48,790,968 төгрөг, гэрээнд заасан алданги 7,108,893 төгрөг, нийт 55,899,807 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Э ХХК нь .......-тэй 2019 оны 10 сарын 02-ны өдөр ЭГЭ-А-19/15 тоот “Архангай аймгийн Эрдэнэбулган сум, 5 дугаар багийн нутагт баригдах .......-ийн спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах” гэрээ байгуулж, гэрээгээр Э ХХК нь ....... спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах ажлыг гүйцэтгэн 2019 оны 10 сарын 15-ны өдөр хүлээлгэн өгөх, ....... нь гэрээ байгуулснаар урьдчилгаа 50 хувь болох 24,395,484 төгрөгийн, иж бүрэн ажлын зураг хүлээж авснаар үлдэгдэл 50 хувь 24,395,484 төгрөгийн хөлс төлөх үүрэг хүлээсэн. Э ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж спорт заалны барилгын зураг төслийн эх хувь болон дискэнд буулган захиалагч талд хүлээлгэн өгсөн боловч ....... нийт 48,790,968 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тул зураг төслийн үнэ 48,790,968 төгрөг болон алданги 7,108,839 төгрөг, нийт 55,899,807 төгрөгийг гэрээнд заасны дагуу нэхэмжилнэ гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг доорхи үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

....... нь төрийн байгууллага, улсын төсвөөс санхүүжилтээ авдаг. Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар би Э ХХК-тай энэ гэрээг байгуулах эрхгүй. Надад хуулиар эрх олгогдоогүй байхад Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны өмнөөс  Э ХХК-тай 2019 оны 10 сарын 02-ны өдөр ....... спорт заалны барилгын зураг төсөл хийх гэрээ байгуулсан учраас тус гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2019 оны 10 сарын 02-ны өдрийн Архангай аймгийн Эрдэнэбулган сум 5 дугаар багийн нутагт баригдах .......-н спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах ЭГЭ-А-19/..... дугаар гэрээ, .......ийн захиргаанд гэсэн Э ХХК-ийн 2020 оны 04 сарын 27-ны өдрийн 20/50 дугаар албан бичиг, 2019 оны 08 сарын 16-ны өдрийн ажлын зураг хүлээлцэх акт, 2019 оны 12 сарын 26-ны өдрийн ажлын зураг хүлээлцэх акт, .......ийн 2021 оны 11 сарын 01-ний өдрийн 77 дугаартай албан бичиг,  Архангай аймгийн Эрдэнэбулган сум 5 дугаар баг “спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах” даалгавар, Э ХХК-тай хамтран ажиллах тухай” .......ийн 2019 оны 09 сарын 12-ны өдрийн 69 дугаартай албан бичиг, “ХНХЯ-ны СХОгазарт хөрөнгө оруулалтын санал хүргүүлэх тухай” гэсэн .......ийн 2021 оны 04 сарын 20-ны өдрийн 24/А дугаартай албан бичиг, ХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаярт хүргүүлсэн .......ийн 2022 оны 02 сарын 15-ны өдрийн 14, 2021 оны 03 сарын 069-ний өдрийн 15, 2019 оны 05 сарын 20-ны өдрийн 46 дугаартай албан бичиг, “Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танаа хүсэлт гаргах тухай” гэсэн .......ийн 2021 оны 03 сарын 09-ний өдрийн 14 дугаартай албан бичиг, “ХНХЯ-ны ХОҮ хэлтэст хүсэлт гаргах тухай” гэсэн .......ийн 2020 оны 04 сарын 28-ны өдрийн 36 дугаартай албан бичиг, .......ийн “ХНХЯ-ны сайд С.Ч танаа” гэсэн 2019 оны 05 сарын 20-ны өдрийн 45 дугаартай албан бичиг, Спорт заалны барилгын ажлын зураг зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Э ХХК нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутагт баригдах .......ийн “Спорт заалны барилга”-ын зураг төсөл боловсруулах, хариуцагч ....... нь 48,790,968 төгрөгийн хөлс төлөх үүргийг тус тус хүлээж талууд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ.  

 

Э ХХК гэрээнд заасан спорт заалны барилгын зураг төслийг гүйцэтгэж .......д хүлээлгэн өгсөн нь 2019 оны 08 дугаар сарын 16, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ажлын зураг хүлээлцэх акт /1-р хавтасны хх-н 9-10ху/, зохигчийн тайлбар зэргээр тогтоогддог.

 

 Э ХХК-ийн спорт заалны барилгын зураг төслийг хийж гүйцэтгэсэн ажлын хөлс болох 48,790,968 төгрөгийг хариуцагч ....... төлөөгүй ба энэ талаар зохигч маргаагүй.  

 

....... нь төрийн байгууллага болох нь улсын бүртгэлийн №960098 дугаартай гэрчилгээгээр тогтоогддог.

 

Төрийн байгууллага төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр ажил гүйцэтгүүлэх ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-7.1.4-т: “тендер шалгаруулалтын журмаар захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах”, мөн хуулийн 8.1.2-т “шууд худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээг тендер шалгаруулалтгүйгээр шууд худалдан авах”, 8.2-т: “энэ хуулийн 8.1.1-т заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ.” гэж тус тус хуульчилсан.

 

....... нь шууд худалдан авах журмаар 48,790,968 төгрөгийн үнэ бүхий спорт заалны барилгын зураг төслийг хийж гүйцэтгэх ажлыг нэхэмжлэгч Э ХХК-иар гүйцэтгүүлсэн байна.

 

Зохигч гэрээ байгуулах үед мөрдөгдөж байсан Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 68 дугаар тогтоолд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд мөрдөх босго үнэ “шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаар: ажил-10,000,000 төгрөг” байх, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 124 тоот тогтоолд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны журмыг сонгоход баримтлах босго үнэ “шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаар: ажил-20,000,000 төгрөг” байхаар тус тус заасан.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Т, хариуцагч өмгөөлөгч Ц.Б нар: “ ... Спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах даалгаварт энэ гэрээний захиалагчийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам гэсэн байдаг. ....... ийм хэлцэл хийх эрхгүй учраас захиалагч Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас зөвшөөрөл аваагүй гэрээ байгуулсан, мөн бараа аж ахуй үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу ....... нь тийм их төгрөгийн эрх мэдэлтэй байгууллага биш. Дээд шатны байгууллагаас зөвшөөрөл авч байж тендер зарлах ёстой. Манай байгууллага дур мэдэн тендер зарлах эрхгүй. Надад хуулиар эрх олгогдоогүй байхад Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны өмнөөс  Э ХХК-тай 2019 оны 10 сарын 02-ны өдөр Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн спорт заалны барилгын зураг төсөл хийх гэрээ байгуулсан учраас тус гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна.” гэж тус тус тайлбарладаг.

 

.......ийн Э ХХК-иар гүйцэтгүүлсэн 48,790,968 төгрөгийн үнэ бүхий ажил нь Засгийн газрын тогтоолд заасан шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаараас хэтэрсэн тул 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ЭГЭ-А-19/15 дугаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгүүлэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасны дагуу шууд худалдан авах ажиллагааны журмыг хэрэглэхгүй, харин Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан тендер шалгаруулалтын журмыг баримтлан худалдан авах ажиллагааг явуулах байсан.

 

Мөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам нь хариуцагч .......д Э ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ЭГЭ-А-19/15 дугаар “Зураг төсөл боловсруулах гэрээ”-г хийх зөвшөөрөл буюу итгэмжлэл олгоогүй байна.

 

Иймд ....... нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан худалдан авах ажиллагааны журам, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 8.2-т заасан журмыг тус тус зөрчсөн тул нэхэмжлэгч Э ХХК, хариуцагч .......ийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ЭГЭ-А-19/15 дугаар “Зураг төсөл боловсруулах гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч .......өөс нийт 55,899,807 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэгч Э ХХК нь 2023 оны 04 сарын 19-ний өдрийн шүүх хуралдаан дээр Э ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 23/3-1 тоот албан тоотоор ирүүлсэн зураг төсөл боловсруулах гэрээ, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р багийн нутагт баригдах .......-ийн “Спорт заалны барилга”-ын талбайн инженер геологийн ажлын гэрээ /3 хуудас/, ХААН банкны 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /6 хуудас/, Э ХХК-ийн цалингийн түр дансны хуулга /4 хуудас/, ХААН банкны 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга” зэрэг баримтуудыг нотлох баримтаар өгсөн ба “нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй. Тухайн нотлох баримтууд нь .......д спорт заал барих барилгын зураг төслийг Э ХХК хийсэн гэдгийг нотлох зорилгоор л шүүхэд гаргаж өгч байгаа.” гэж тайлбарладаг тул нэхэмжлэгч Э ХХК нь .......д спорт заал барих барилгын зураг төсөл хийж гүйцэтгэсэн зардлыг хариуцагч .......өөс нэхэмжлээгүй тул шүүх зардлыг тооцож гаргах боломжгүй, мөн дээрх баримтууд нь  нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж үзэж нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

6. Зохигчийн байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгч Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 437,449 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч Э ХХК, хариуцагч .......ийн байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ЭГЭ-А-19/15 дугаар “Зураг төсөл боловсруулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч .......өөс гэрээний үндсэн төлбөр, алданги, нийт 55,899,807 /тавин таван сая найман зуун ерэн есөн мянга найман зуун долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 437,449 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг  эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЭЛБЭГЗАЯА