Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2022/00929

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 129/ШШ2022/00187 дугаар шийдвэр,

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ний өдрийн 14 дүгээр магадлалтай,

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

АХАДМСҮТд холбогдох,

55,899,807 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Галбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Галбаяр, түүний өмгөөлөгч Г.Урангуа, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч АХАДМСҮТд холбогдуулан Э-А-19/15 тоот гэрээний үүрэгт 48,790,968 төгрөг, гэрээнд заасан алданги 7,108,893 төгрөг, нийт 55,899,807 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 129/ШШ2022/00187 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК, хариуцагч АХАДМСҮТийн байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Э-А-19/15 дугаар “Зураг төсөл боловсруулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч АХАДМСҮТөөс 55,899,807 төгрөг гаргуулах нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 437,449 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

3.Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ний өдрийн 14 дүгээр магадлалаар: Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 129/ШШ2022/00187 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК, хариуцагч АХАДМСҮТийн байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Э-А-19/15 дугаар “Зураг төсөл боловсруулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч АХАДМСҮТөөс 55,899,807 төгрөг гаргуулах нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 343 дугаар зүйлийн 343.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК, хариуцагч АХАДМСҮТийн хооронд байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Э-А-19/15 дугаар “Зураг төсөл боловсруулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хариуцагч АХАДМСҮТөөс зураг төсөл эсхүл түүний үнэ болох 48,790,968 төгрөгийг гаргуулан “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,108,839 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “437,449 төгрөгийг” гэснийг “401,904 төгрөгийг “Э” ХХК-д буцаан олгож, 35,545 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 437,449 төгрөгөөс 35,545 төгрөгийг улсын орлогод үлдээж, 401,904 төгрөгийг нэхэмжлэгч “Э” ХХК-д шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Галбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлүүдээр дараах гомдлыг гаргаж байна.

4.1.Э” ХХК нь Архангай аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан Спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах ажлын хөлс 48,790,968 төгрөг, 2019.10.02-ны өдрөөс 2021.11.01-ний өдөр хүртэлх хугацааны 761 хоногийн алданги 3,712,991 төгрөг, 2019.12.18-ны өдрөөс 2021.11.01-ний өдөр хүртэлх хугацааны 696 хоногийн алданги 3,395,848 төгрөг, нийт 55,899,807 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар маргаан бүхий гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүх хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тооцож, хэлцлийн үр дагаврыг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу шийдвэрлэхдээ магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “...хариуцагч АХАДМСҮТөөс зураг төсөл эсхүл түүний үнэ болох 48,790,968 төгрөгийг гаргуулан “Э” ХХК-д олгож ...” шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимтай нийцэхгүй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д “Шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал, журмыг Улсын дээд шүүх батална.” гэж; 22.3-д “Шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал нь шүүхийн шийдвэрийн бүтэц, төрөл, агуулга, хэл найруулга, хууль зүйн техник, шүүхийн шийдвэр эшлэхэд тавих шаардлага, талуудын шаардлага, татгалзал, тайлбарт маргаж байгаа үйл баримт болон хууль зүйн үндэслэл бүрд бүрэн дүгнэлт өгөх арга зүйг агуулсан байна.” гэж; Монгол Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2021.09.20-ны өдрийн “Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг батлах тухай” 29 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралтаар батлагдсан “Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал”-ын 4.1-д “Шүүхийн шийдвэр нь хэрэг, маргааныг эцэслэн шийдвэрлэж буй шүүх эрх мэдлийн акт учир энэ хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-т зааснаар шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан дүгнэлтийн үр дагаврыг тусгахаас гадна шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой, биелэгдэх боломжтой бүх нөхцөлийг заасан байвал зохино. Тогтоох хэсэг захиран тушаах хэлбэртэй байна.” гэж; мөн тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан “Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал боловсруулах аргачлал”-ын 4.1-д “...Энэ хэсэгт давж заалдах шатны шүүх гаргасан шийдлээ тодорхой тусгана”' гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч тал шүүхийн хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн 48,790,968 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа боловч “зураг төсөл эсхүл ...” хэмээн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хоёрдмол шинжтэй агуулга байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй, “зураг төсөл” гэж ямар ч хамаагүй зураг төсөл барьж ирээд шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэх нөхцөл байдал үүсэх магадлалтай тодорхой бус, эсхүл гэх холбоос бүхий хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлээгүй шийдвэр /магадлал/ гаргасан нь Улсын дээд шүүхээс тогтоосон шүүхийн шийдвэр боловсруулах аргачлалтай нийцээгүй байна. Нөгөөтэйгүүр шүүхийн шийдвэр бодит байдалд хэрхэн биелэх, хэзээ биелэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүсгэж байгааг давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа анхаарч үзсэнгүй. Талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу анхан болон давж заалдах шатны шүүхийн мэтгэлцээний шатанд маргаан бүхий гэрээний зүйл болох “Э” ХХК-ийн боловсруулсан зураг төсөл хариуцагч байгууллагад байхгүй талаар хариуцагчаас тайлбарладаг, энэ талаар маргадаггүй атал биелэгдэх боломжгүй шийдвэр гаргаж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл юм.

4.2.Түүнчлэн давж заалдах шатны шүүх хэрэг маргаан шийдвэрлэсэн магадлалд “Хянавал” хэсэг байдаг болохоос биш “Үндэслэх” хэсэг байдаггүйг дурдах нь зүйтэй.

Бид магадлалаар хариуцагчаас гаргуулж шийдсэн мөнгөн дүнг дээр дурдсанчлан хүлээн зөвшөөрч байгаа, харин шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй “нөхцөл заасан”, “эсхүл” холбоос хэрэглэснийг зөвшөөрөхгүй өөрөөр хэлбэл “шүүхийн шийдвэр биелэгдэх” боломжгүй ноцтой алдааг засуулахаар хандаж байгаа тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70,200 төгрөг” гэж заасны дагуу тооцож тэмдэгтийн хураамж төлсөн болно.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Галбаярын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.06.24-ний өдрийн 001/ШХТ2022/00711 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

7.Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч АХАДМСҮТд холбогдуулан 55,899,807 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа, “талууд ажил гүйцэтгэх гэрээг 2019.10.02-ны өдөр байгуулж Архангай аймгийн Эрдэнэбулган сум 5-р багийн нутагт баригдах Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн спорт заалны зураг төсөв боловсруулахаар тохиролцсон, манай компани ажлыг гүйцэтгэн үр дүнг хүлээлгэн өгсөн боловч ажлын хөлс 48,790,968 төгрөг төлөөгүй, иймээс мөнгийг гэрээнд заасан алданги 7,108,893 төгрөгийн хамт гаргуулна” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны өмнөөс Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн спорт заалны барилгын зураг төсөл хийх гэрээ байгуулсан нь хууль зөрчсөнийг хожим мэдсэн, нэхэмжлэгчийн хийсэн зураг төслийг яаманд хүлээлгэн өгсөн боловч спорт заал барих барилгын төсөв батлагдаж төсөвт суугдаагүйгээс манай байгууллага мөнгийг төлөх боломжгүй, төсөвт барилгын үнэ суулгасны дараа мөнгийг төлөх боломжтой, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн тайлбар гаргасан байна.

8.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэр гаргахдаа “...зураг төсөл боловсруулах, хөлс төлөх үүргийг тус тус хүлээж талууд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, нэхэмжлэгч “Э” ХХК нь барилгын зураг төслийг боловсруулан үр дүнг хүлээлгэн өгсөн, ажлын хөлс 48,790,968 төгрөгийг хариуцагч төлөөгүйг зохигч маргаагүй, хариуцагч нь төрийн байгууллага ба Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 7.1.4-т “тендер шалгаруулалтын журмаар захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах”, мөн хуулийн 8.1.2-т “шууд худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээг тендер шалгаруулалтгүйгээр шууд худалдан авах”-аар тус тус заасан, хариуцагч нь шууд худалдан авах журмаар ажлыг нэхэмжлэгчээр гүйцэтгүүлсэн, энэхүү гэрээ байгуулах үед МУ-ын Засгийн газрын 2013.03.02-ны өдрийн 68 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байсан, уг тогтоолд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд мөрдөх босго үнийг  “шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаар, ажил 10,000,000 төгрөг байх”-аар заасан, иймээс талууд гэрээ байгуулахдаа хуульд заасан журмыг зөрчсөн тул гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох нь зүйтэй, нэхэмжлэгч мөнгө гаргуулахаар шаардах эрхгүй” гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн байна.

Давж заалдах шатны шүүх “анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг бүрэн тодруулж, талуудыг мэтгэлцүүлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг баримтлан, нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийсэн боловч хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, тус шүүх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох агуулгатай дүгнэлт хийсэн нь буруу, гэрээ нь хуульд зааснаар хүчин төгөлдөр бус болно, хэлцлийн үр дагаврыг анхан шатны шүүх шийдвэрлэлгүй орхигдуулсан, иймээс зураг төсөл эсхүл мөнгийг гаргуулах боломжтой, харин гэрээ хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй” гээд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагчаас зураг төсөл эсхүл түүний үнэ болох 48,790,968 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

9.Хоёр шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, улмаар уг хэлцлээс үүсэх үр дагаврыг өөр өөрөөр зөрүүтэй тайлбарлан шийдвэрлэснээс гадна давж заалдах шатны шүүх хоёрдмол утгатай шийдвэр гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэлийг хангасан гэж иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаас үзсэн байна.

10.Хэргийн баримт, зохигчийн тайлбарын хэмжээнд хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүйгээс гэрээний хүчин төгөлдөр байдал болон нэхэмжлэгчийн мөнгө гаргуулах шаардлагын хүрээнд хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

11.Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч АХАДМСҮТд холбогдуулан талуудын хооронд 2019.10.02-ны өдөр байгуулагдсан “Э-А-19/15 тоот гэрээг үндэслэж, гэрээний үүргийн биелэлт буюу ажлын хөлс шаардсан нэхэмжлэлийг шүүхэд хандан гаргасан ба уг гэрээ хүчин төгөлдөр бол гэрээний талууд хэн аль нь бие биеэсээ үүргээ гүйцэтгэхийг харилцан шаардах эрх үүснэ.

12.Хоёр шатны шүүх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн” хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн үндэслэлээ бүрэн заагаагүй нь учир дутагдалтай байна.

Зохигч гэрээ байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуульд заасан арга, журмыг зөрчиж, тендер шалгаруулалтын үндсэн дээр гэрээг байгуулаагүй нь тогтоогдсон боловч тухайн гэрээ хийгдсэн нөхцөл байдал эсхүл тухайн гэрээ агуулгын хувьд, эсхүл эрх зүйн үр дагаврын хувьд аль үндэслэлээр гэрээг “хууль зөрчсөн” хүчин төгөлдөр бус гэж шүүх үзсэн болох нь тодорхой бус байна.

13.Нөгөө талаар тухайн гэрээг эрх бүхий этгээд хийсэн гэж үзэх эсэх талаарх шүүхийн дүгнэлт бүрэн болоогүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Д.Тунгалаг нь Төсвийн тухай хууль зөрчиж, холбогдох эрх бүхий этгээдээс зөвшөөрөл аваагүй, ажлын хөлсийг төсөвт суутгагдаагүй байхад гэрээ байгуулсан гэсэн тайлбарыг гаргаж, энэ талаар харьяа яамнаас тодруулга авах, улмаар ажлын хөлсийг төсөвт суулгах хууль зүйн үндэслэл байгаа эсэхийг лавлах хүсэлтийг удаа дараа гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай болжээ.

Эдгээр нөхцөл байдлыг тодруулах нь гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шүүх дүгнэлт хийхэд ач холбогдолтой болно.

14.Гэрээ хүчин төгөлдөр бус бол талууд хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаан өгөх, өгөх боломжгүй бол мөнгийг төлөх үр дагавар үүсэхийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан, энэхүү хуулийн зохицуулалтын агуулга мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан хэм хэмжээнд туссан байна.

Хариуцагч талаас нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүн буюу спорт заалны зураг төсөл нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны архивт хадгалагдаж байгаа гэсэн тайлбар гаргаж, энэ талаар тус яамнаас тодруулах хүсэлт гаргасныг шүүх хангаагүйг учир дутагдалтай гэж үзнэ.

Зураг төсөл байгаа эсэхийг тодруулснаар талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаан түүнээс гарч буй үр дагаврыг тухайлбал, гэрэЭэр шилжүүлсэн зүйлийг эсхүл мөнгө гаргуулах эсэхийг шийдвэрлэхэд хамааралтай ба дээр дурдсан нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүйгээр хоёр шатны шүүх гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэн, улмаар үр дагаврыг өөр өөр байдлаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилтэй холбоотой буюу хариуцагчийн шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосонтой хамааралтай байна.

15.Иймд шүүх дурдсан нөхцөл байдлыг тодруулсны дараа шүүх зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр эсэх, гэрээ хүчин төгөлдөр бол гэрээний үүргийн биелэлтийг хэрхэн хангах, хүчин төгөлдөр бус  гэж үзсэн бол энэ үндэслэлээ тодорхой зааж, үүсэх үр дагаврын талаарх Иргэний хуулийн 492, 493 дугаар зүйлд заасан нөхцөлүүдийг шалгасны эцэст нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан аль нэг шийдвэрийг гаргавал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 129/ШШ2022/00187 дугаар шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ний өдрийн 14 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Э” ХХК /төлөөлөгч Д.Галбаяр/-ийн 2022.06.07-ны өдөр 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ