Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 1250

 

 

 

 

 

 

 

 

 

“Х ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны  05 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2019/01458 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Х ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О, Н нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 46 010 812 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Тэлмэн

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Гантулга

Хариуцагч: О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тэлмэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ЗГ2018005 тоот зээлийн гэрээг “Х ББСБ” ХХК-тай байгуулж, 18 000 000 төгрөгийн зээлийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдэж авсан.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ЗБГ2018005 тоот барьцааны гэрээгээр Оын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205 дугаартай, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 7 тоот дахь орон сууцны зориулалттай 27 м.кв талбайтай 2 өрөө үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.

Гэрээний хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дууссан боловч О нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн.

Иймд үндсэн зээл 18 000 000 төгрөг, зээлийн хүү 12 752 241.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15 258 570.81 төгрөг, нийт 46 010 812.28 төгрөгийг хариуцагч Оаас шаардаж, зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хариуцагч О, н нарт холбогдуулан гаргаж байна гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэг шүүхэд гаргасан тайлбартаа:   Хариуцагч нар уг банк бус санхүүгийн байгууллагаас 18 000 000 төгрөг бус, харин 17 820 000 төгрөг авсан нь нотлох баримтаар нотлогддог.

Зээлдүүлэгч тал зээлдэгчид 17 820 000 төгрөгийг шилжүүлсэн атлаа 18 000 000 төгрөгөөс хүү бодоод, дээр нь нэмэгдүүлсэн хүү бодсон нь хууль зөрчиж байна.  “Х ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүргээ шударгаар биелүүлээгүй, гэрээний үүргийг өөрсдөө зөрчсөн үйлдлүүд байдаг. Хариуцагчийн зүгээс 46 010 812.28 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

 Хариуцагч 17 820 000 төгрөгийг дансаараа авсан учир үүнээс 5 хувийн хүү бодохоор сарын 891 000 төгрөгийн хүү бодогддог. Нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр бодож үзвэл 178 200 төгрөгийн хүү байхад ямар үндэслэлээр 15 252 870.82 төгрөгийг гаргасан нь ойлгомжгүй.

Хариуцагч нар зээлийн гэрээний хугацаанд графиктаа орж чадалгүйгээр 3 750 000 төгрөгийг “Х ББСБ” ХХК-д төлсөн.

Нэхэмжлэгч хуульд заасан үүргүүдээ биелүүлээгүй, гэрээгээр хүлээсэн зээлийн эргэн төлөлтийг 2 сараас хэтрүүлэн төлөөгүй тохиолдолд гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй учир энэ нэхэмжилж байгаа үнийн дүнг нэхэмжлэх эрхгүй.

Зээлийн гэрээний график хугацаа зөрчигдсөн. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт “үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасан. Зээлдэгч сар бүрийн төлбөр төлөх үүргээ гүйцэтгэж чадахгүй байсан учир 3 750 000 төгрөгийг үндсэн үүрэг буюу 17 820 000 төгрөгөөс хасч 14 070 000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл болж тооцогдоно. Нэхэмжлэгч тал зэлийн хүүг 9 сарын хугацаагаар нэхэж байгаа гэсэн. Үндсэн зээл 14 070 000 төгрөгийн нэг сарын хүү 703 500 төгрөг болно. Үүнийг нэхэмжлэгчийн шаардаж буй 9 сараар үржүүлэхэд 6 331 500 төгрөг болж байна. Харин нэмэгдүүлсэн хүү нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар үндсэн үүргийн 20 хувь байна. Ингэхээр 1 260 300 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү болж, нийт 21 661 800 төгрөгийн төлбөр төлөхөөр байна гэжээ

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Оаас 21 682 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 24 328 612.28 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хариуцагч шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгө болох О, Н нарын 2 иргэний өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, СОТ-2 байрны 7 тоот дахь 2 өрөө, 27 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205010792 дугаартай орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдаж, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 625 106 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Оаас 301 461 төгрөг, хариуцагч Б.Отгонцэрэнгээс 35 100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тэлмэн давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Зээлдүүлэгч нь зээлдэгчид гэрээний дагуу 18.000.000 төгрөг шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй” гэж дүгнэжээ. Талуудын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ЗГ2018005 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд зээлдэгч От 18.000.000 төгрөгийн зээлийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай олгосон. Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.7-д зээл олгосны шимтгэл 1 хувь байхаар заасан ба зээлдэгч дээрх 1 хувийн шимтгэлийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. 1 хувийн шимтгэл нь 180 000 төгрөг болсон бөгөөд зээлдэгч От тухайн үед уг шимтгэлийг төлөх бэлэн мөнгө байгаагүй учир өөрийнх нь бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн үндсэн зээлийн дүнгээс суутгаж 17 820 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн.

Зээлдэгч Оын төлөх ёстой шимтгэл болох 180 000 төгрөгийг өөрийнх нь бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэж үндсэн зээлийн дүнгээс суутгасан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй “гэж заасныг зөрчөөгүй. Зээлдэгч Оын бичгээр гаргасан дээрх хүсэлт нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан болно.

Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт  “... зээлдэгчийн гэрээний хугацаанд төлсөн 3 750 000 төгрөгийн төлөлт хэд хэддүгээр сард хийгдсэн болох нь тодорхойгүй байх тул хариуцагчийн төлсөн мөнгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үндсэн үүргээс хасч тооцох үндэслэлтэй” гэжээ.

Шүүхийн дээрх дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “хариуцагч О зээл авснаас хойш 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 330 000 төгрөгийн зээлийн хүү, 3 дугаар сарын 23-ны өдөр 320 000 төгрөгийн зээлийн хүү, 5 дугаар сард 100 000 төгрөгийн зээлийн хүү, 8 дугаар сард 3 000 000 төгрөгийн зээлийн хүү төлснөөс өөр төлөлт хийгээгүй” тухай тайлбарлаж, зээлийн тооцооллыг нотлох баримтаар өгсөн бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.9 дэх хэсэгт ‘‘...зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хуваарийн дагуу төлөөгүй бол ББСБ нь нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү гэсэн дарааллаар тооцож төлүүлнэ...” гэж заасан байхад шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн төлсөн 3 750 000 төгрөгийн зээлийн хүүг үндсэн зээлээс хассан нь үндэслэлгүй. Хуулиар зохицуулаагүй харилцааг гэрээгээр нарийвчлан зохицуулсан бөгөөд шүүх хууль хэрэглээний алдаа гаргасан. Түүнчлэн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.4 дэх хэсэгт “...тодорхой нэр төрлийн... ажил, үйлчилгээ эрхлэх галаар тухайн зах зээлд давамгайлж байгаа этгээд энэхүү үйл ажиллагааны хүрээнд түүнд хандсан этгээдтэй гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд, нөгөө талдаа тэгш бус нөхцөл тулган санал тавих ... эрхгүй” гэснийг зөрчсөн байна” гэжээ.

Иргэний хуулийн тайлбарт Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.4 дэх хэсгийн заалт нь дор хаяж тухайн аж ахуйн нэгж зах зээлийн гуравны нэгийг эзэлж байхад бусад нь түүнтэй харьцуулахад хэт бага хувь эзлэх олон тооны жижиг өрсөлдөгч байгаа тохиолдолд зах зээл дэх давамгай байдлын тухай яригдах ёстой гэсэн байна.

Гэтэл ББСБ-ын хувьд тийм зүйл огт байхгүй бөгөөд зээлдэгч О нь өөр бусад ББСБ-аас зээл авах эрх нь нээлттэй байсан ба түүнд гэрээний зүйл заалт бүрийг нарийвчлан тайлбарлаж, нэг бүрчлэн танилцуулж байж гэрээ байгуулсан.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...талуудын байгуулсан зээлийн гэрээний 6.2.1-д “...зээлдэгч зээлийн хүүг 2 cap дараалан төлөөгүй, тогтоосон төлбөрийн графикийг 2 ба түүнээс дээш удаа зөрчсөн тохиолдолд банк бус санхүүгийн байгууллага өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлнэ, Нэхэмжлэгч “Х ББСБ” ХХК нь хариуцагч От гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлэх талаар мэдэгдэл хүргүүлж, шаардсан гэж тайлбарлах боловч үүнийгээ баримтаар нотлоогүй тул гэрээний нөхцөл биелэгдэх боломжгүй байдал бий болоход гэрээг цуцлан дуусгавар болгох эрхээ хэрэгжүүлээгүй байгааг дурдах нь зүйтэй” гэжээ.

Нэхэмжлэгч “Х ББСБ” ХХК-иас От 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зээлээ хугацаанд нь төлөх талаар мэдэгдэл хүргүүлж, Оаар тайлбар бичүүлж авсан байдаг боловч манай ажилтны хариуцлагагүй байдлаас болж анхан шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж өгч чадаагүй.  Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгчийн зүгээс 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр, 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч От мэдэгдэл хүргүүлж байсан тухайгаа тайлбарласан. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон нийт 24 328 612.28 төгрөгийг хариуцагч Оаас гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Х ББСБ” ХХК нь хариуцагч О, Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 46 010 812 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

“Х ББСБ” ХХК болон О нарын  хооронд 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан,  зээлдэгч 18 000 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлд О, Н  нарын өмчлөлийн, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 7 тоот дахь 2 өрөө, 27 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх-ийн 12-16 дугаар тал/

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг гэрээний дагуу буцаан төлөх үүргийг хүлээх бөгөөд зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт нийцсэн.

Талуудын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан  шаардлагыг хангасан, гэрээ хүчин төгөлдөр байна. 

 Зээлдүүлэгч нь гэрээний дагуу тохирсон 18 000 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх байтал 17 820 000 төгрөгийг шилжүүлсэн нь “Хб” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын өдрийн орлогын мэдүүлгээр тогтоогдож байгааг үндэслэн анхан шатны шүүх энэ хэмжээгээр зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ.

Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой. Учир нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлд зааснаар үүрэг гүйцэтгэгч хэд хэдэн ижил төрлийн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд үр дагаврыг хэрхэн шийдвэрлэхийг зохицуулсан.  

Иймд О нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүртэл үндсэн зээл 17 820 000 төгрөг, зээлийн хүүд 16 сараар тооцвол 14 256 000 төгрөг /17 820 000*5 хувь*16 сар/, ний 32 076 000 төгрөг төлөхөөс 3 750 000 төгрөгийг төлсөн тул 28 326 000 төгрөг төлөх үүрэгтэй байна.

Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар зээлийг тогтоосон хугацаанд төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн  20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцож болно.

Зээлийн гэрээний 2.1.4-т нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийн зохицуулалтаас үзвэл зээлдэгч зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн бол уг хугацаанд зээлийн хүү төлөх үүрэгтэй бөгөөд уг хүүгийн хэмжээ нь зээлийн гэрээний хугацаанд тохирсон хүү байх юм. Гэтэл зээлийн гэрээний 2.1.4 дэх хэсгийн агуулгаас үзвэл хугацаа хэтэрсэн зээлийн хүүг үндсэн хүүгээс 4 дахин нэмэгдүүлж жилийн 240 хувиар  тогтоосон нь зээлдүүлэгч өөрт олгогдсон эрхийг хэтрүүлсэн гэж дүгнэхээр байна.

Гэрээний 2.1.4 дэх хэсэгт заасан “хугацаа хэтрүүлсэн хүү: жилийн 240 хувь /сарын 20хувь/” гэсэн тохиролцоог Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгаар тайлбарлахад нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон гэж дүгнэхгүй юм. Иймд гэрээгээр тохиролцоогүй нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч шаардах эрхгүй болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааныг нээлттэй явуулах бөгөөд шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэлийг дэмжсэнд тооцож уг хэмжээгээр анхан шатны шүүх шийдвэрээ гаргана. Нэхэмжлэгч 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа 46 010 812 төгрөгийн хэмжээнд дэмжиж тайлбар гаргасан ба үүнд нотариатын зардал 14 400 төгрөгийг гаргуулах анхны нэхэмжлэлийн шаардлагаа дэмжээгүй тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийг багасгасан гэж дүгнэх юм.

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр ипотекийн гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхтэй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.   

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар

сарын 16-ны өдрийн 102/ШШ2019/01458 дугаар шийдвэрийн

1 дэх заалтын “21 682 200” гэснийг “28 326 000” гэж, “24 328 612.28” гэснийг “17 684 812” гэж,

 3 дах заалтын “301 461” гэснийг “334 680” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279 593 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.БАТЗОРИГ

                                                       

                            ШҮҮГЧИД                                         Т.ТУЯА

 

                                                                                      Э.ЗОЛЗАЯА