Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 1458

 

2019 оны 5 сарын 16 өдөр       Дугаар 102/ШШ2019/01458       Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзулыг суулган, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч:, Х ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: О.Л,

Хариуцагч: Н.О нарт холбогдох,

            Зээлийн гэрээний үүрэгт 46,010,812.28 /дөчин зургаан сая арван мянга найман зуун арван хоёр төгрөг, хорин найман мөнгө/ гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.З, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч нарын өмгөөлөгч П.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Х ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа:

            О.Л нь 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр ЗГ2018005 тоот зээлийн гэрээг Х ББСБ ХХК-тай байгуулж, 18,000,000 төгрөгийн зээлийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр ЗБГ2018005 тоот барьцааны гэрээгээр О.Л-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205010792 дугаартай, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, СОТ-2 байрны 7 тоот дахь орон сууцны зориулалттай 27 м.кв талбайтай 2 өрөө үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Гэрээний хугацаа 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр дууссан боловч О.Л нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нэхэмжлэл гаргасан 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 18,000,000 төгрөг, зээлийн хүү 9,556,625.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,649,660.91 төгрөг, нийт 35,206,285.95 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Үүн дээр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405,923.33 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 14,400 төгрөгийг нэмж, нийт 35,626,609.28 төгрөгийг О.Л-аас шаардан, үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан. Дээрх зээлийн барьцааны гэрээний зүйл болох барьцаа хөрөнгө нь зээлдэгч О.Л болон Н.О нарын хамтын өмч бөгөөд, тэрээр барьцааны гэрээнд гарын үсэг зурсан учир үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын хүрээнд Н.О-г хамтран хариуцагчаар татан оролцуулж байна. Х ББСБ ХХК-ийн зүгээс өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг 2019.3.18-нд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нийт 4,619,983 төгрөгөөр, 2019.4.01-нд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг 1,413,828 төгрөгөөр, 2019.5.16-ны байдлаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг 4,770,716.62 төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн, нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн зээл 18,000,000 төгрөг, зээлийн хүү 12,752,241.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,258,570.81 төгрөг, нийт 46,010,812.28 төгрөгийг хариуцагч О.Л-аас шаардаж, зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хариуцагч О.Л, Н.О нарт холбогдуулан гаргаж байна гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, өмгөөлөгч Э.З нар нэхэмжлэлийн шаардлагыг дэмжин шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

            Зээлийн гэрээ хүчин төгөлдөр эсэх дээр маргаан байхгүй байна. Зээлдэгч О.Л нь 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, энэ өдрөө гэрээний 2.1.7-д зааснаар зээл олгосон шимтгэл гэж 1 хувийг суутгахыг хүлээн зөвшөөрсөн. Энэ 1 хувь нь 180,000 төгрөг болдог. Тухайн үед бэлэн 180,000 төгрөг байгаагүй тул өөрөө гараараа хүсэлт бичиж өгөхдөө 18,000,000 төгрөгийн зээл авсан. Шимтгэлийг хасаад үлдэгдэл 17,820,000 төгрөгийг шилжүүлж өгнө үү гэсэн байгаа. Энэ бол Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр хэлцэл болно. Банк бус санхүүгийн байгууллага 18,000,000 төгрөгийн зээлийг олгосон гэж үзэх үндэслэлтэй. Зээлийн гэрээ байгуулснаас хойш 18 сар болсон байна. Банк бус санхүүгийн байгууллагын үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхийг талуудын хооронд байгуулсан гэрээн дээр тодорхой зааж өгсөн байгаа. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар О.Л, Х ББСБ ХХК нар харилцан тохиролцож гэрээний чөлөөт байдлын үндсэн дээр байгуулсан. Гэрээний 2.1.3-т хүүг жилийн 60 хувь, сарын 5 хувь гэсэн байгаа. 2.1.4-т нэмэгдүүлсэн хүүг жилийн 240 хувь буюу сарын 20 хувь гэсэн байгаа. 2.1.7-д зээл олгосны шимтгэл 1 хувь гэсэн байна. 2.5-д зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлийн төлбөрийг бүрэн төлөөгүй бол энэхүү хугацаа нь цаашид нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлж дуусах хүртэл үргэлжилнэ гэсэн байгаа. Энэ нь гол шаардах эрх болж байгаа. Зээлийн гэрээний 4.2.9-д зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу төлөөгүй бол төлбөрийг 2.9 дэх хэсэгт заасан дарааллаар төлнө гэж заасан. Энэ дараалал нь нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

            Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбарт болон, шүүх хуралдаанд өмгөөлөгч П.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Нэхэмжлэгч 2019 оны 1 дүгээр сарын 28-нд нэхэмжлэл гаргаж, 3 дугаар сарын 18-нд болон 4 дүгээр сарын 01-ний өдрүүдэд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байна. 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 41,240,095.69 төгрөг болсон байсан бол 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр дахин нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн 46,010,812.28 төгрөг болгосон байна. Хариуцагч нар нь уг банк бус санхүүгийн байгууллагаас 18,000,000 төгрөг бус, харин 17,820,000 төгрөг авсан нь нотлох баримтаар нотлогддог учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Зээлдүүлэгч тал зээлдэгчид 17,820,000 төгрөгийг шилжүүлсэн атлаа 18,000,000 төгрөгөөс хүү бодоод, дээр нь нэмэгдүүлсэн хүү бодсон нь хууль зөрчиж байна. Энэ нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Манай зүгээс 46,010,812,28 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн. Х ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүргээ шударгаар биелүүлээгүй, гэрээний үүргийг өөрсдөө зөрчсөн үйлдлүүд байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хариуцагч 17,820,000 төгрөгийг дансаараа авсан учир үүнээс 5 хувийн хүү бодохоор сарын 891,000 төгрөгийн хүү бодогддог. Нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дэх хэсэгт заасан үндэслэлээр бодож үзвэл 178,200 төгрөгийн хүү байхад ямар үндэслэлээр 15,252,870,82 төгрөгийг гаргаж ирж байгаа нь ойлгомжгүй. Хариуцагч нар зээлийн гэрээний хугацаанд графиктаа орж чадалгүйгээр тодорхой хэмжээний мөнгөн дүнгүүдийг Х ББСБ ХХК-д төлсөн. Тэр дүн нь 3,750,000 төгрөг байдаг. Нэхэмжлэгч хуульд заасан үүргүүдээ биелүүлээгүй, гэрээгээр хүлээсэн зээлийн эргэн төлөлтийг 2 сараас хэтрүүлэн төлөөгүй тохиолдолд гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй учир энэ нэхэмжилж байгаа үнийн дүнг нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна.

Зээлийн гэрээний график хугацаа зөрчигдсөн ба, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасан. Зээлдэгч сар бүрийн төлбөр төлөх үүргээ гүйцэтгэж чадахгүй байсан учир 3,750,000 төгрөгийг үндсэн үүрэг буюу 17,820,000 төгрөгөөс хасч тооцох ёстой байсан. Ингэж тооцвол 14,070,000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл болж тооцогдоно. Нэхэмжлэгч тал зэлийн хүүг 9 сарын хугацаагаар нэхэж байгаа гэсэн. Үндсэн зээл 14,070,000 төгрөгийн нэг сарын хүү 703,500 төгрөг болно. Үүнийг нэхэмжлэгчийн шаардаж буй 9 сараар үржүүлэхэд 6,331,500 төгрөг болж байна. Харин нэмэгдүүлсэн хүү нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар үндсэн үүргийн 20 хувь байна. Үүнийг Банк болон банк бус санхүүгийн бүх байгууллагууд мэддэг. Хүүнийхээ 20 хувиас тооцож явдаг. Ингэхээр 1,260,300 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү болж, нийт 21,661,800 төгрөгийн төлбөр төлөхөөр харагдаж байна.

Шимтгэлийн асуудал бол Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх заалт нь зээлдүүлэгч зээлдэгчийн авахыг хүссэн мөнгөн дүнг тэр чигт нь шилжүүлснээр, тэр дүнгээсээ хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардах эрх нь нээгддэг. Өөрсдөөр нь хүсэлт бичүүлчихээд 18,000,000 төгрөгийг бүхэлд нь ашиглуулсан гэж хүү тооцож байгаа нь эргэлзээтэй юм. Зээлийн гэрээний тогтоосон графикийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн тохиолдолд зээлийн гэрээг зээлдүүлэгчийн санаачлагаар шууд цуцлах эрхтэй гэж гэрээнд заасан байна. Зээлдэгч нь анхнаасаа энэ үүргээ зөрчсөн байдаг. Гэвч зээлдүүлэгч нь гэрээний 6 дугаар зүйлд зааснаар яагаад гэрээг нь цуцлахгүй байгаа юм бэ? Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл сар бүрийн графикаар төлөх төлбөрөө төлөөгүй тул шүүхэд хандах эрхтэй гэдэг зүйл энд яригдаж байгаа. Энэ хуульд заасан үүргийг биелүүлээгүйгээс хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү шаардаад байгаа нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах үр дагавар үүснэ гэж заасан. Х ББСБ ХХК өөрсдөө Иргэний хуулийн 223.2-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй. Энэ үндэслэлийн хүрээнд нэхэмжлэгч хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй боловч хариуцагч талын зүгээс дээрх тооцооллоор нийт 21,661,800 төгрөгийн төлбөрийг зөвшөөрөх боломжтой гэв.

            Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Х ББСБ ХХК нь хариуцагч О.Л-т холбогдуулан, Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 35,206,285.95 төгрөг, тэмдэгтийн хураамжид төлсөн 405,923.33 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 14,400 төгрөг, нийт 35,626,609.28 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэн, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар О.Л-аас зээлийн хүүгийн төлбөрт 1,449,863 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,170,120 төгрөг, нийт 4,619,983 төгрөгийг нэмж, нэхэмжлэлийг 39,826,268 төгрөг болгож ихэсгэсэн бол, 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар зээлийн хүүг 414,246.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг 999,827.51 төгрөг, нийт 1,413,828 төгрөгийг нэмж, нэхэмжлэлийг 41,240,095.69 төгрөг болгож ихэсгэн, улмаар 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар зээлийн хүүг 12,752,241.47 төгрөг болгож 1,331,506.85 төгрөгөөр, нэмэгдүүлсэн хүүг 15,258,570.81 төгрөг болгож 3,439,209.75 төгрөгөөр нэмж, бүгд 46,010,812.28 төгрөгийг зээлдэгч О.Л-аас гаргуулахаар шаардан, зээлийн барьцааны зүйлийн хамтран өмчлөгч Н.О-г хамтран хариуцагчаар татаж, зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хариуцагч нараас шаардсан.

            Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар дээрх нэхэмжлэлийн шаардлагаас зээлдүүлэгчээс бодитоор хүлээж авсан үндсэн зээл 17,820,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 3,750,000 төгрөгийг хасч, үлдэгдэл 14,070,000 төгрөгөөс нэхэмжлэгчийн шаардаж буй 9 сарын хугацааны хүүгийн төлбөр 6,331,500 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг 1,260,300 төгрөгөөр тооцон бүгд 21,661,800 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг төлөх үндэслэлгүй гэж тайлбарлан маргаж байна.

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Х ББСБ ХХК нь 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 1/470 дугаар бүхий Санхүүгийн зохицуулах хорооноос олгогдсон Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний дагуу банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхэлдэг болох нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байна. /хх 5, 6/

Талууд 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр ЗГ2018005 тоот Зээлийн гэрээ байгуулж Х ББСБ ХХК нь О.Л-т 18,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар, нэг сарын 5 хувийн хүүтэй, хэрэглээний зээлийн зориулалтаар зээлдүүлэхээр харилцан тохиролцож, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн ЗБГ2018005 тоот Барьцааны гэрээ байгуулан, О.Л, Н.О нарын 2 иргэний өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, СОТ-2 байрны 7 тоот дахь 2 өрөө, 27 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205010792 дугаартай орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 20,000,000 төгрөгт үнэлж, барьцаалан, №11-1099137 тоот барьцаалбар үйлдэж, улсын бүртгэлийн газар бүртгүүлжээ. /хх 12-16, 18, 69/

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн, зээлийн барьцааны гэрээ нь мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэхээр хуульд заасан болон хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

Гэвч зээлдүүлэгч нь зээлдэгчид гэрээний дагуу 18,000,000 төгрөг шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй. Тодруулбал: Зээлийн гэрээний 2.1.1 дэх хэсэгт зээлийн хэмжээг 18,000,000 төгрөг байхаар тохиролцсон боловч зээлдэгчид бодитоор 17,820,000 төгрөг хүлээлгэн өгсөн болох нь О.Лын өргөдөл, мөн түүний Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга, орлогын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ...банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу зээлдэгч О.Л бодитоор хүлээн авсан 17,820,000 төгрөг, түүний хүүг төлөх үүрэг хүлээнэ.

Нэхэмжлэгч талын зүгээс ...зээлийн гэрээний дагуу зээлдэгчид 18,000,000 төгрөгийг шилжүүлж, уг зээлийн шимтгэл 1%-ийг зээлдэгч төлөхөөр харилцан тохирч, О.Лт бэлэн мөнгө байгаагүй учир зээлийн төлбөрөөс суутгал хийсэн... гэж тайлбарлан, гэрээгээр тохирсон 18,000,000 төгрөг, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардаж байна.

Талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, гэрээг чөлөөтэй байгуулах эрхтэй боловч тухайн гэрээ хуулийн хүрээнд хийгдсэн байх нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт нийцнэ.

Зээлдүүлэгч зээл олгохдоо зээлийн мөнгөнөөс тодорхой хувийг зээлдэгчид буцаан олгохгүйгээр суутгаж авах, зээлдэгч хүлээн аваагүй тэрхүү мөнгийг хүүгийн хамт төлөх тухай талуудын тохиролцоо нь зээлдэгчийн эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл: Шимтгэлд тооцсон гэх зээлийн төлбөрийн 1% буюу 180,000 төгрөгийг зээл олгоход гарсан, зээлийн судалгааны зардал гэж нэхэмжлэгч тал тайлбарлах боловч, энэ талаар зээлдэгчид танилцуулаагүй, зардал гарсан болохыг нотлох баримтгүй, мөн уг мөнгийг гарсан зардлаар нь бус, харин олгох зээлийн үнийн дүнгийн 1 хувиар тооцож байгаа нь зээл олгохоос өмнөх үйл ажиллагааны зардал гэж үзэх боломжгүй бөгөөд, түүнийгээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Иймд зээлийн төлбөрөөс 1 хувийн шимтгэл тооцож 180,000 төгрөг суутгаж авснаа зээлдүүлсэн мэт тайлбарлан, зээлийн төлбөрт оруулан тооцож 18,000,000 төгрөгөөс хүү, нэмэгдүүлсэн хүү шаардаж буй нь хуульд нийцээгүй гэж дүгнэх үндэслэлтэй.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тгийн гаргасан Зээлийн дансны хуулга буюу зээлийн эргэн төлөлтийн тооцоололд хариуцагч О.Лын гэрээний хугацаанд төлвөл зохих зээлийн хүүг ойлгомжгүй тооцсон, уг тооцооллыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Тодруулбал: зээл эргэн төлж эхлэх 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр зээлдэгчийн төлөх хүүгийн хэмжээг 1,065,205 төгрөг байхаар зээлдүүлэгч тогтоосон байх бөгөөд, үүнийгээ ...зээлдэгч төлбөр төлөх үүргээ 5 хоногоор хугацаа хэтрүүлсэн... гэж тайлбарлах боловч уг тайлбар баримтаар тогтоогдохгүй, зээлдэгчийн гэрээний хугацаанд төлсөн 3,750,000 төгрөгийн төлөлт хэд хэддүгээр сард хийгдсэн болох нь тодорхойгүй байх тул хариуцагчийн төлсөн мөнгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үндсэн үүргээс хасч тооцох үндэслэлтэй гэж үзлээ. /хх 20/

Талууд үүрэг гүйцэтгэх дарааллын талаар зээлийн гэрээний 2.9 дэх хэсэгт зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарь, заасан хуваарийн дагуу төлөөгүй бол ББСБ нь нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү гэсэн дарааллаар тооцож төлүүлнэ... гэж заасны дагуу О.Л-ын төлсөн төлбөрийг нэмэгдүүлсэн хүүгээс хассан гэх боловч, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.4 дэх хэсэгт ...тодорхой нэр төрлийн... ажил, үйлчилгээ эрхлэх талаар тухайн зах зээлд давамгайлж байгаа этгээд энэхүү үйл ажиллагааны хүрээнд түүнд хандсан этгээдтэй гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд, нөгөө талдаа тэгш бус нөхцөл тулган санал тавих ... эрхгүй гэснийг зөрчсөн байна.

Мөн Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан ч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх бөгөөд, талуудын байгуулсан зээлийн гэрээний 6.2.1-д ... зээлдэгч зээлийн хүүг 2 сар дараалан төлөөгүй, тогтоосон төлбөрийн графикийг 2 ба түүнээс дээш удаа зөрчсөн тохиолдолд банк бус санхүүгийн байгууллага өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, зээлийг төлүүлнэ... гэжээ.

Нэхэмжлэгч Х ББСБ ХХК нь хариуцагч О.Л-т гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлэх талаар мэдэгдэл хүргүүлж, шаардсан гэж тайлбарлах боловч үүнийгээ баримтаар нотлоогүй тул гэрээний нөхцөл биелэгдэх боломжгүй байдал бий болоход гэрээг цуцлан дуусгавар болгох эрхээ хэрэгжүүлээгүй байгааг дурдах нь зүйтэй.

Дээрхийг нэгтгээд, зээлдэгчид гэрээний дагуу бодитоор шиилжүүлсэн 17,820,000 төгрөгийн үндсэн зээлээс төлөгдсөн 3,750,000 төгрөгийг хасч, 14,070,000 төгрөгийн үндсэн зээл, мөн хариуцагч О.Л зээлийн гэрээний хугацаанд зээлээс төлсөн 3,750,000 төгрөгийг төлөлт хийсэн хугацааг тогтоох боломжгүй байгаа учир хүүгийн төлбөрийг сараар тооцон, нэхэмжлэгчийн шаардаж буй 9 сарын хугацааны хүүгийн төлбөрийг гэрээнд заасны дагуу нэг сарын 5% буюу 703,500 төгрөгт тооцон 6,331,500 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорлин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасанд нийцүүлэн 1,266,300 төгрөг, нийт 21,667,800 төгрөгийг зээлдүүлэгч Х ББСБ ХХК нь хариуцагч О.Л-аас шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардахдаа нотариатын үйлчилгээний хөлс 14,400 төгрөгийн зардал гаргасан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал мөн байх тул уг төлбөрийг зээлийн гэрээний үүрэгт төлвөл зохих 21,667,800 төгрөг дээр нэмж, нийт 21,682,200 төгрөгийг хариуцагч О.Л-аас гаргуулан нэхэмжлэгч Х ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

Харин зээлийн гэрээний дагуу илүү нэхэмжилсэн 23,922,689.28 төгрөг болон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 405,923 төгрөг, нийт 24,328,612.28 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Зээл болон зээлийн барьцааны гэрээнүүд хүчин төгөлдөр тул хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураараа, эсхүл нэхэмжлэгч буюу төлбөр авагчийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох О.Л, Н.О нарын 2 иргэний өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, СОТ-2 байрны 7 тоот дахь 2 өрөө, 27 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205010792 дугаартай орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдах аргаар шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Л-аас 21,682,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 24,328,612.28 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хариуцагч шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгө болох О.Л, Н.О нарын 2 иргэний өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, СОТ-2 байрны 7 тоот дахь 2 өрөө, 27 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205010792 дугаартай орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдаж, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 625,106 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Л-аас 301,461 төгрөг, хариуцагч Б.О-ээс 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                    А.САРАНТУЯА