Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 135/ШШ2023/00488

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 135/ШШ2023/00488

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2022/00922/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их сургуулийн гудамж, Бага тойруу *** байр, ** тоотод оршин суух, утас: 98******, 88******, ЕЭ69****** регистрийн дугаартай, Т овогт Р.Эын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, Дархан 2 дугаар баг, Тосгон ** дугаар гудамж, ** тоотод оршин суух, утас: 94******, ТЯ89****** регистрийн дугаартай, Ш овогт Е.А,

Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Дархан 2 дугаар баг, Тосгон 6 дугаар гудамж, 1 тоотод оршин суух, утас: 99******, ТЯ65****** регистрийн дугаартай, Ш овогт А.Е нарт холбогдох,

Экскаваторын сэлбэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Р.Э /цахимаар/,

Хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Е,

Хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Еын өмгөөлөгч Ө.Ө,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

Би 2018 онд хуучин танил А.Етой яриад ийм, ийм сэлбэг байна би өөрөө зарж чадахгүй байна. Наана чинь уул уурхай байдаг юм чинь зарж чадах уу гэхэд хэсэг хугацааны дараа С.Е манай хүү зарж чадна гэж байна, харин чи манай хүүд шагнал өгөөрэй гэсэн. Тэгээд А.Еын хүү Е.А надтай холбогдож, бид анх удаа уулзаад, ийм, ийм сэлбэг байгаа гээд сэлбэг байгаа газраа дагуулж очоод, бүгдийг нь үзүүлээд тухайн үед 4 сэлбэг байсан. 2 насос, 2 стартер байсан, ингээд үзэж хараад үнэ тохиролцоод явсан. Би хэрэв зарж өгвөл тодорхой хэмжээний шагнал өгнө гэдэг асуудал яриад бүгдийг нь өгөөд явуулсан. Гэтэл Е.А удаа дараа худал хэлж, хүнтэй ярьчихсан байгаа, уурхай дээр байгаа гэж бүтэн жил гаруй болж, сүүлдээ утсаа авахаа байгаад, 2019 онд цагдаад хандсан. Сонгинохайрхан дүүргийн цагдаад шалгагдаад Е.А ирээд ...ахаа би хэцүү байна, өөр хэрэгт холбогдоод эрүү үүссэн, таны энэ асуудал нэмэгдвэл давхар юм болох гээд байна гэж гуйхаар нь би хүүхдийг өрөвдөөд Е.Атой 10,000,000 төгрөгөөр тохиролцож гарын үсэг аваад хэргийг би хүсэлт гаргаж хаалгасан. Гэтэл дахиад 1-2 хоногийн дотор 2,000,000 төгрөг өгнө, үлдсэн 8,000,000 төгрөгийг өгнө гэж хэлээд мөн утсаа авахгүй алга болсон. Ингээд аргагүй байдалд орж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүхэд энэ хүмүүс LIBHER-924 маркийн экскаваторын насосын шал өөр зураг өгч тайлбар гаргасантай танилцаад, утсан дээрээ үзлэг хийлгэе гэж хэлсэн, би уг сэлбэгүүдийг зарах гэж олон удаа зураг бичлэгийг нь хийсэн байсан, арлын дугаартай, хувь хүн аж ахуй нэгжүүдийн үнийн санал миний утсан дээр зөндөө байгаа. Мөн ийм сэлбэг оруулж ирдэг компаниудаас судалгаа хийсэн. Одоогийн зах зээлийн ханшаар LIBHER-924 маркийн экскаваторын үндсэн насос 100,000,000 гаруй төгрөгийн үнэтэй байгаа. Тухайн сэлбэгүүд хуучин сэлбэг байсан учраас 20,000,000 төгрөг гэж тохиролцсон юм. Шинэ стартер нь 12,000,000 төгрөг байгаа. Гэтэл хариуцагч 250,000 төгрөгөөр зарсан гэж байна, ямар ч стартер ийм үнэтэй байхгүй. Одоо миний хэлэх санал нэг бол сэлбэгээ бодитоор нь буцааж авъя, эсвэл 25,000,000 төгрөг өгчихвөл тохиролцож болно гэж байгаа гэв.

Хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Е нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Р.Э 2018 он гэж ярьж байна. Энэ асуудлын эхлэл нь 2009 оноос эхлэлтэй. стартер 2 ширхэг, 1250-ын насос, LIBHER-924 насос бусад нэлээн олон сэлбэг байсан, бусдыг нь мартчихсан байна. LIBHER-924-ийн насосыг орос хүн надад гаргаж өгсөн. Р.Э 2010 оноос хойш чимээгүй байж байгаад 2018 онд яриад нөгөө хуучин сэлбэг чинь зарагдахгүй байна, зарах боломж байна уу гэж ярьсан. Тэгээд уул уурхайд бид нар ажилладаг болохоор зарах гээд үзье, миний сэлбэг ч мөн байгаа би ч гэсэн сэлбэгээ аваад зарвал зараад, зарагдахгүй бол авъя гэж хэлсэн. Тэгээд манай хүүтэй Р.Э ярьж тохироод сэлбэгээ өгсөн байдаг, өгөхдөө утсаар бичлэг хийсэн гэдэг, тэр бичлэг нь байхгүй байгаа. Үнэхээр шинэ сэлбэг байсан юм уу үгүй юм уу гэдгийг тэр бичлэг байвал мэдэх боломжтой юм. Тэгээд Р.Э манай хүүд ...энэ 2 стартер үнэд хүрэхгүй юм шиг байна, зарагдвал наашаа цаашаа явах зардлаа хийгээрэй гэхээр нь манай хүү зардал хийх гээд нэг нь ажиллахгүй байна гээд хоёр стартерыг 250,000 төгрөгөөр зараад зардал хийгээд, их явсан. Тэгээд зарагдахгүй болохоор нь 1250-ын үндсэн насосыг нь Эт буцааж өгсөн. LIBHER-ийн насос гэдэг нь миний насос юм, Э минийх гээд байгаа, би Оросоос авахдаа биеэрээ очиж авсан гэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хавтаст хэргийн 4-5 дахь тал/, Р.Эын Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 01 дүгээр хэлтэст гаргасан өргөдлийн хуулбар /хавтаст хэргийн 6 дахь тал/, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19080**** дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 7 дахь тал/, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2600 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 8-10 дахь тал/, 2020 оны 02 дугаар сарын 03-ны 19 дугаартай Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 11-13 дахь тал/, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 69 дугаартай хариу мэдэгдэх хуудасны хуулбар /хавтаст хэргийн 14 дэх тал/, Ерөнхий прокурорын газрын прокурорын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1/268 дугаартай Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 15-16 дахь тал/, Сэлбэгийн үнийн хуулбар /хавтаст хэргийн 17 дахь тал/, гэрэл зураг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/ зэргийг,

Хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Е нь шүүхэд гаргасан хариу тайлбартайгаа холбогдуулан сэлбэгийн гэрэл зураг /хавтаст хэргийн 35, 128 дахь тал/, Орос хэл дээр бичсэн тодорхойлолтыг Монгол хэл дээрх орчуулгын хамт /хавтаст хэргийн 54-55 дахь тал/ шүүхэд ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас хэрэг бүртгэлтийн 19080**** дугаартай хэрэгт авагдсан Е.Аын гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 85, 88-91 дэх тал/, хохирогч Р.Э, гэрч Е.А нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 86-87 дахь тал/, гэрч Д.О-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 92-93 дахь тал/, Р.Эын өргөдөл /хавтаст хэргийн 94 дэх тал/, сэлбэгийн гэрэл зураг /хавтаст хэргийн 95-97 дахь тал/, сэлбэгийн үнэ /хавтаст хэргийн 98 дахь тал/, хариуцагч талын хүсэлтээр Б.Г-д хууль сануулж авсан мэдүүлэг /хавтаст хэргийн 73-75 дахь тал/ зэргийг шүүх нотлох баримтаар бүрдүүллээ.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Р.Э нь А.Е, Е.А нарт холбогдуулан KOMATSU PS-1250 маркийн экскаваторын стартер 2 ширхэг, Герман улсад үйлдвэрлэгдсэн LIBHER-924 маркийн экскаваторын үндсэн насос 1 ширхэг бүхий сэлбэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

2. Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж ...2017 онд А.Етой утсаар ярьж сэлбэгүүд байна, зарах боломж байна уу гэхэд асууж өгье гээд хүүхдээ явуулсан. Хүү Е.А нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах төмөрлөгийн үйлдвэрийн аж ахуйн гараашнаас Япон улсад үйлдвэрлэсэн KOMATSU PS-1250 маркийн экскаваторын үндсэн насос 1 ширхэг, KOMATSU PS-1250 маркийн экскаваторын стартер 2 ширхэг, Герман улсад үйлдвэрлэгдсэн LIBHER-924 маркийн экскаваторын үндсэн насос 1 ширхэг зэргийг борлуулахаар хүлээн авсан. Түүнээс хойш KOMATSU PS-1250 эксковаторын үндсэн насос 1 ширхэгийг буцааж өгсөн. Иймд KOMATSU PS-1250 маркийн экскаваторын статер 2 ширхэг, Герман улсад үйлдвэрлэгдсэн LIBHER-924 маркийн экскаваторын үндсэн насос 1 ширхэг бүхий сэлбэгийг гаргуулах, хэрэв сэлбэгийг зарж борлуулсан бол сэлбэгийн үнэтэй тэнцэх төлбөрийг төлүүлэх нэхэмжлэлийг хангаж өгнө үү. LIBHER-924 маркийн экскаваторын үндсэн насос 1 ширхэг нь 20,000,000 төгрөг, KOMATSU PS-1250 маркийн экскаваторын стартер 1 ширхэг нь 6,500,000 төгрөг, 5,500,000 төгрөг, нийт 32,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарласан.

3. Хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Е нь шүүх хуралдаанд Р.Эын нэхээд байгаа сэлбэг нь уг нь А*********** компанид намайг ажиллаж байхад ерөнхий механик Степан Х.Кук надад өгсөн хуучин сэлбэг, хэрэгт тодорхойлолтыг эх хувиас нь орчуулж ирсэн. Зарах сэлбэгүүд дотор Р.Эын сэлбэгтэй хамт байсан. Нэхээд байгаа бол LIBHER-924 маркийн ID Nr9074892-404 экскаваторын үндсэн насос 1 ширхгийг өгье. Өмнөх шүүх хуралдаанд авч ирсэн нэхээд байгаа сэлбэгийн марк таарч байгаа. Харин 2 ширхэг стартерыг Р.Э зараад зардалдаа хэрэглэ гэхээр нь манай хүү Е.А тус бүрийг нь 250,000 төгрөгөөр зарсан. Түүний үнэ 500,000 төгрөгийг өгнө, уг стартер хуучин байсан тул үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

4. Хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 01 дүгээр хэлтэст гаргасан Р.Эын өргөдөл, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19080**** дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2*** дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай тогтоол зэрэг баримтуудаар нэхэмжлэгч Р.Э нь 2017 оны хавар А.Етой ярьж тохиролцсоны улмаас түүний хүү Е.Ат KOMATSU PS-1250 маркийн экскаваторын үндсэн насос 1 ширхэг, KOMATSU PS-1250 маркийн экскаваторын стартер 2 ширхэг, Герман улсад үйлдвэрлэгдсэн LIBHER-924 маркийн экскаваторын үндсэн насос 1 ширхэг зэргийг борлуулахаар хүлээлгэн өгсөн. Улмаар KOMATSU PS-1250 маркийн экскаваторын үндсэн насос 1 ширхгийг буцаан өгсөн үйл баримт тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч нь хариуцагч нартай дээрх сэлбэгүүдийг зарж өгсөн тохиолдолд урамшуулал олгох талаар тохиролцож, сэлбэгүүдийг шилжүүлсэн үйл баримтаар талуудын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасан даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг хүлээсэн даалгаварын гэрээний харилцаа үүссэн байна.

6. Хариуцагч Е.А нь KOMATSU PS-1250 маркийн экскаваторын стартер 2 ширхгийг 500,000 төгрөгөөр зарж борлуулсан болохоо эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Гэрч, хохирогчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэлээр тогтоогдож байх ба уг 500,000 төгрөгийг, Герман улсад үйлдвэрлэгдсэн LIBHER-924 маркийн экскаваторын үндсэн насос 1 ширхгийн хамт буцаан өгөхөд татгалзахгүй гэж уг сэлбэгийн марк, ID-г харуулсан зураг ирүүлсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг нэхэмжлэгч нь зөвшөөрч LIBHER-924 маркийн экскаваторын үндсэн насос нь марк, үйлдвэрийн хувьд тохирч байна буцаан авахад татгалзахгүй, харин 2 стартерын үнэ 12,000,000 төгрөгийг гаргуулна гэж маргаж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч нарын Герман улсад үйлдвэрлэгдсэн LIBHER-924 маркийн экскаваторын үндсэн насос 1 ширхэг болон 500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

7. Нэхэмжлэгч нь KOMATSU PS-1250 маркийн экскаваторын стартер 2 ширхгийг хуучин байсан, 1 нь 6,500,000 төгрөгийн, нөгөө нь 5,500,000 төгрөгийн үнэтэй нийт 12,000,000 төгрөг, LIBHER-924 маркийн экскаваторын үндсэн насос 1 ширхэг нь 20,000,000 төгрөгийн үнэтэй. Энэ үнийг би зах зээл дээр сэлбэг, хэрэгсэл борлуулдаг дистрибьютер компаниудын үнийг харьцуулж гаргасан, мөн энэ мөнгийг эрүүгийн шатанд өргөдөлдөө дурдаж байснаар тогтоогдоно гэж тайлбар гаргасан.

8. Хариуцагч нь дээрх сэлбэгүүд нь нэхэмжлэгч Р.Эынх биш Б.Г гэдэг хүнийх, тэгээд ч ийм өндөр үнэтэй эд биш гэж маргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр Б.Гыг асуулгахад ...Комацу насос, стартерууд болон жижиг сажиг кардаан, чагтан гол зэрэг янз бүрийн сэлбэгүүд бол надад байсан. Хуучин сэлбэгийг надад Оросууд буцаад явахдаа өгсөн. Либхэр бол А.Ед л байсан. Би Р.Эт 11,200,000 төгрөгөөр сэлбэг худалдаагүй, Р.Э нь надад 1,000,000 гаран төгрөг өгсөн. Тухайн үедээ би өөр ажилд яваад холбоо тасарсан бөгөөд ганц нэг удаа холбогдож сэлбэг зарагдсан эсэх талаар асууж байсан. Тухайн үед А.Е хүн сэлбэгийг авъя гэж байна гэж надад хэлсэн. Би Р.Э авч байна гэж мэдээгүй, ... би тэр хүнд арван хэдэн саяар сэлбэг зарсан зүйл байхгүй, тухайн сэлбэгүүд хуучин сэлбэг байсан гэж мэдүүлжээ.

9. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр маргаан бүхий сэлбэгүүдийн зах зээлийн үнэ цэнийг тогтоолгохоор Ашид билгүүн ХХК-ийг шинжээчээр томилсон боловч дээрх сэлбэгүүдийн зах зээлийн үнийг 2018 оны байдлаар гаргахад тухайн оны зах зээл дээр борлуулагдаж байсан үнийн судалгаа, мэдээлэл хомс тухайн үед сэлбэгүүд хэвийн ажиллагаатай байсан эсэх эргэлзээтэй тул үнэлгээ тогтоох боломжгүй гэсэн үндэслэлээр шинжээчийн дүгнэлт гаргахаас татгалзжээ.

10. Зохигчдод шинжээчийн дүгнэлт гаргахаас татгалзсан татгалзлыг танилцуулсан боловч хэн аль нь дахин санал, хүсэлт гаргаагүй ба нэхэмжлэгч нь хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн болно.

11. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг нотлох, хариуцагч нь татгалзлаа нотлох үүрэг хүлээдэг. Гэтэл нэхэмжлэгч нь дээрх сэлбэгүүдийн үнийг зах зээл дээрх үнийн судалгаа хийж тогтоосон гэж байгаа боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй, өөрөөр хэлбэл мэргэжлийн байгууллагаар үнэлгээ тогтоолгосон талаар тодорхойгүй байх ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний өөрийн гаргаж өгсөн үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг нотлогдоно гэсэн нь үндэслэлгүй байна.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-т заасан нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй гэж хуульчилсан боловч нэхэмжлэгч дээрх үүргийг биелүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгч Р.Эын хариуцагч Е.А, А.Е нараас KOMATSU PS-1250 маркийн экскаваторын стартер 2 ширхэг, Герман улсад үйлдвэрлэгдсэн LIBHER-924 маркийн экскаваторын үндсэн насос 1 ширхэг бүхий сэлбэг гаргуулах, дээрх сэлбэгүүд зарагдсан тохиолдолд нийт 32,000,000 төгрөг гаргуулах шаардлагаас, хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Еын Герман улсад үйлдвэрлэгдсэн LIBHER-924 маркийн экскаваторын үндсэн насос 1 ширхгийг буцаан өгөхөөр, 2 ширхэг стартерын үнээс 500,000 төгрөгийг зөвшөөрснийг баталж шийдвэрлэсэн ба, нэхэмжлэгч нь 2 ширхэг статерын үнэ нийлээд 12,000,000 төгрөг гэж маргаж байгаа боловч энэ нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотолж чадаагүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д зааснаар хариуцагч Е.А, А.Е нараас KOMATSU PS-1250 маркийн экскаваторын стартер 2 ширхгийг гаргуулах, зарж борлуулсан тохиолдолд үнэ 11,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Еын нэхэмжлэлийн шаардлагаас Герман улсад үйлдвэрлэгдсэн LIBHER-924 маркийн экскаваторын үндсэн насос 1 ширхэг болон 500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 317,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 260,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА