Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 135/ШШ2023/00175

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 135/ШШ2023/00175

*******

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2020/00720/и

******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* хороо, *******,******* тоотод оршин байх *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******, ******* баг,,,/-д холбогдох,

 

Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдадх, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 1,355,969,700 төгрөг болон төлбөрийн хугацаа хэтрүүлсний алданги 677,984,850 төгрөг, нийт 2,033,954,550 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т /цахим/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цн /цахим/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дархангурил тэжээл ХК нь 2018 оны 7 сарын 23-ны өдөр тус Зууннайман ойл ХХК-тай 108/2018/ДГТ дугаартай Газрын тосны бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, энэ гэрээний салшгүй хэсэг болох хавсралтуудад заасан хэмжээний дизель түлшийг зээлийн нөхцөлөөр худалдан авч, төлбөрийг энэ гэрээний салшгүй хэсэг болох хавсралтуудаар тогтоосон хугацаанд төлөхөөр тохирсон болно. Зээлийн гэрээний №1 хавсралтаар Дархангурил тэжээл ХК нь 120 000.00 литр, нэгж үнэ 1950 төгрөг, 234 000 000 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг 2018 оны 7 сард багтаан авч, ачигдсан түлшний төлбөрийг тооцоо нийлсэн акт болон нэхэмжлэлийн дагуу 2018 оны 12 сарын 03-ны дотор Зууннайман ойл ХХК-ийн хаан банкны 517601731 дансанд шилжүүлэхээр тохиролцсон. Мөн тухайн сард багтаан авч амжаагүй түлш үлдсэн тохиолдолд үлдэгдэл түлшний үнийг 2018 оны 8 сарын үнээр авахаар тохиролцож, 7 сарын 23-ны өдрөөс 8 сарын 06-ны өдрийн хооронд 5 удаагийн ачилтаар 129 620 литр 252 759 000 төгрөгийн дизель түлш Дархангурил тэжээл ХК-д нийлүүлэгдсэн. Дархангурил тэжээл ХК-ийн хүсэлтийн дагуу 2018 оны 9 сарын 01-ний өдөр зээлийн гэрээний №2 хавсралтаар 600 000 литр нэгж үнэ 1970 төгрөг, 1 182 000 000 төгрөгийн дизель түлшийг нийлүүлж, төлбөрийг 2019 оны 02 сарын 15-ны дотор барагдуулахаар тохиролцсон. Чингэхдээ түлшийг 9 сарын 15-ны дотор авахыг Дархангурил тэжээл ХК-д анхааруулсан тэмдэглэл хийгдсэн. Дээрх №2 хавсралтын дагуу 2018 оны 9 сарын 04-ний өдрөөс 10 сарын 01-ний өдрийн хооронд 24 удаагийн ачилтаар 481 560 литр 948 673 200 төгрөгийн түлш нийлүүлэгдсэн. Гэвч Дархангурил тэжээл ХК гэрээний үүргээ үл биелүүлж төлбөрийг зохих хугацаанд барагдуулаагүй бөгөөд шалтгааныг байгаль цаг уурын онцгой байдал бороо, нойтон цас их орсноос ургац хураалтын ажил саатсантай холбогдуулан тайлбарлаж, авч амжаагүй дизель түлш дээр нэмж 300-500 тонн түлшийг зээлээр олгох хүсэлтийг 2018 оны 10 сарын 01-ний өдрийн 11/137 дугаартай албан бичгээр тус компанид тавьсан. Зууннайман ойл ХХК хүсэлтийг нь хүлээн авч мөн сарын 25-ны өдөр зээлийн гэрээний №3 хавсралтаар 150 000 литр нэгж үнэ 2250 төгрөг, 337 500 000 төгрөгийн дизель түлшийг нийлүүлж, төлбөрийг 2019 оны 03 сарын 01-ний дотор барагдуулахаар тохиролцсон. Чингэхдээ түлшийг 1******* сарын 15-ны дотор авахыг Дархангурил тэжээл ХК-д анхааруулсан тэмдэглэл хийсэн бөгөөд 2018 оны 11 сарын 06-ны өдрөөс хойш мөн сарын 29-ний өдрийн хооронд 6 удаагийн ачилтаар 87 250 литр 204 537 500 төгрөгийн түлш нийлүүлсэн. Энэ №3 хавсралтыг баталсан 2018 оны 10 сарын 25-ны өдөр Зууннайман ойл ХК, Дархангурил тэжээл ХК-ийн хооронд 108/2018/ДГТ-2 дугаартай Үл хөдлө эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдаж Дархангурил тэжээл ХК зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор соёл, урлаг, олон нийтийн зориулалттай 936.0 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг мөн гэрээний №1,2,3 дугаар хавсралтын дагуу нийлүүлэгдсэн дизель түлшний төлбөр болох 1 534 460 300 төгрөгийн барьцаанд тавьсныг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2018 оны 10 сарын 26-ны өдөр бүртгүүлсэн болно. Ийнхүү Дархангурил тэжээл ХК нь нийт 698 430 литр дизель түлшний төлбөр болох 1 405 969 700 төгрөгөөс 2018 оны 12 сарын 12-ны өдөр 25 000 000 төгрөг, мөн сарын 17-ны өдөр 25 000 000 төгрөг, нийт 50 000 000 төгрөгийг Зууннайман ойл ХХК-ийн дансанд шилжүүлж, 1 355 969 700 төгрөгийн үлдэгдэлтэй болсон.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасныг удирдлага болгон тооцвол Дархангурил тэжээл ХК-ийн тус Зууннайман ойл ХХК-д төлбөл зохих үндсэн төлбөр 1 355 969 700 төгрөгийн торгуулийн 50 хувь 677 984 850 төгрөг гэж тооцвол гүйцэтгээгүй үүргийн дүн 2 033 954 550 төгрөг болж байна. Дээрх дүнд бариулж 2019 оны 7 сарын 25-ны өдрөөр тасалбар болгон тооцвол №1 хавсралтын дагуу төлөх төлбөрийг 234 хоног, №2 хавсралтын дагуу төлөх төлбөрийг 159 хоног, №3 хавсралтын дагуу төлөх төлбөрийг 145 хоног тус тус хугацаа хэтрүүлсэн байна. 2 039 797 446.90 төгрөг болж байна. Дархангурил тэжээл ХК 2019 оны 7 сарын 08-ны өдөр 1/164 дугаартай албан бичгийг мэйлээр ирүүлж гэрээний дагуу нийлүүлэгдсэн 698 430 литр дизель түлшний төлбөр 1 405 969 700 төгрөгийн төлбөр /өмнө төлсөн 50 000 000 төгрөгийг оруулж тооцсон байсан/-ийг барагдуулах боломжгүй байх тул Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 1200 м.кв оффисын барилга барих зориулалттай газар 650 000 төгрөг, Бумбат вилла амины орон сууцны хотхонд 140 1.кв хаус 350 000 төгрөг, Баянзүрх аппартмент хотхонд 66.8 м.кв талбай бүхий 3 өрөө байрыг, эсхүл 2019 он дуустал графикийн дагуу 5 удаагийн гүйлгээгээр төлбөрийг барагдуулах саналыг ирүүлсэн байна. Энэ хугацаанд тус компанийн хувьцаа эзэмшигч Д.Б, түүний эхнэр С.Н, тэднийн хүү Б.Т, хүргэн менежер Д.Э нартай байнга утсаар холбогдож Б.Төөс бусад хүмүүстэй биечлэн уулзаж асуудлыг ярьсан боловч шийдэлд хүрэлгүй, элдэв шалтгаан тоочсоор өнөөдрийг хүртэл хугацаанд төлбөр барагдуулаагүй болно. Иймд 2018 оны 108/2018/ДГТ дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 1 355 969 700 төгрөг болон төлбөрийн хугацаа хэтрүүлсний алданги 677 984 850 төгрөг, нийт 2 033 954 550 төгрөгийг хариуцагч Дархангурил тэжээл ХК-аас гаргуулж тус Зууннайман ойл ХХК-д олгуулах, эсхүл барьцааны зүйлээр гэрээний үүргийг хангуулж өгнө үү.

...Дархан гурил тэжээл ХК нь 2018 оны 7 сарын 23-ны өдөр тус Зууннайман ойл ХХК-тай 108/2018/ДГТ дугаартай Газрын тосны бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тус гэрээний үлдэгдэл төлбөр болох 1 355 969 700 төгрөг болон төлбөрийн хугацаа хэтрүүлсний алданги 677 984 850 төгрөг, нийт 2 033 954 550 төгрөгийг хариуцагч Дархангурил тэжээл ХК-аас гаргуулах, 2 дахь нэхэмжлэлийн шаардлагаар барьцааны гэрээгээр хариуцагч Дархан гурил тэжээл ХК ний нэр бүхий 3 үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан.

Зээлийн гэрээний хавсралтаар Дархан гурил тэжээл ХК нь 120 000.00 литр, нэгж үнэ 1950 төгрөг, 234 000 000 төгрөгийн үнэ бүхий шатахуун, 129 620 литр 252 759 000 төгрөгийн шатахуун, 600 000 литр нэгж үнэ 1970 төгрөг, 1 182 000 000 төгрөгийн шатахуун, 481 560 литр 948 673 200 төгрөгийн шатахуун, мөн хариуцагч байгууллагын 300-500 тонн түлшийг зээлээр олгох хүсэлтийг тавьж Зууннайман ойл ХХК хүсэлтийг нь хүлээн авч 150 000 литр нэгж үнэ 2250 төгрөг, 337 500 000 төгрөгийн шатахуун, 87 250 литр 204 537 500 төгрөгийн түлш тус тус нийлүүлсэн. Хариуцагчийн зүгээс нийт 50,000,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг төлөхөө илэрхийлээд албан бичиг авсан, өгсөн тухай баримтууд авагдсан байдаг. Гэрээний үндсэн төлбөр дээр маргахгүй шүүх зөв дүгнэлт хийсэн. Талуудын хооронд байгуулагдсан 108/2018/ДГТ дугаартай Газрын тосны бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувьтай тэнцэх алданги тооцох зохицуулалт байдаг. Өмнөх анхан шатны шүүхийн шийдвэрт алдангийг буруу дүгнэсэн гэдгийг давж заалдах шатны шүүхийн магадлалд тодорхой заасан. Өөрөөр хэлбэл Иргэний хуульд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж заасан. Хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасны дагуу гэрээнд 0.3 хувиар алданги тооцохоор заасан байгаа учраас алдангийг нэхэмжлэх нь үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн гэрээнд барьцаа хөрөнгүүдийг гэрээ болон хуульд заасны дагуу үүргийн гүйцэтгэл хангуулахаар тусгасан. Иймд хариуцагч Дархан гурил тэжээл ХХК-аас нийт 2 033 954 550 төгрөг гаргуулж, гэрээнд заасны дагуу барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү.

Алдангитай холбоотой хэсэгт хариуцагч тал маргаж байна. Иргэний хуульд заасан торгууль, алданги хоёр нь анзын 2 төрөл юм. Торгууль, алданги хоёрыг юугаар нь ялгах бэ гэхээр тухайн ноогдуулж байгаа хэмжээ, давтамж, шинж чанар, төрлөөр нь хууль тогтоогчоос ялгаж, зааглаад тайлбарласан байдаг. Хугацаа хэтрүүлсэн хоног тутамд тухайн үнийн дүнгийн тодорхой хувиар, давтамжтайгаар тооцож олгохоор худалдан авагчаар худалдагчид олгохоор заасныг алданги гэнэ. Торгууль гэдэг нь  гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосныг торгууль гэж заасан. Гэрээний 3.3-т худалдан авагч гэрээний төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд худалдагч барааны үнийн 0.3 хувьтай тэнцэх төлбөрийг төлөхөөр заасан. Практикт болон ашиглаж байгаа хуулийн хэргэлээнд ч тэр алданги гэж үзэх бүрэн боломжтой. Иймд алдангийг гаргуулах нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл 2 анзыг давхардуулан ашиглах боломж байхгүй. Гэрээнд алдангийн шинжтэй зохицуулалт байгаа тул алдангийг хариуцагчаас гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Дархангурил тэжээл ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дархангурил тэжээл ХК нь намрын ургац хураалтын үед харилцагч тарилангийн компаниудын улаан буудайны төлбөрт дизель түлш өгч, гурилын үйлдвэрийнхээ хэвийн ажиллагааг хангах зорилгоор Зууннайман ойл ХХК-тай 2018 оны 7 сарын 23-ны өдрийн 108/2018/ДГТ дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэвч Зууннайман ойл ХХК-ийн нийлүүлсэн дизель түлшийг газар тариалангийн компаниуд чанар нь муу гэж аваагүйгээс бидний ажил зогсож арга буюу бусад алт олборлогч болон компаниудад гэрээний үнээс доогуур өгч алдагдалд орсон. Тухайлбал уг түлшийг хэрэглэсэн Баянхулстай ХХК-ийн машин механизмуудын дизель хөдөлгүүр эвдэрч маш их хэмжээний хохирол учирсан гэх шалтгаанаар дизель түлшний төлбөр төлөхгүй гэх тайлбарыг тавьж өнөөдрийг хүртэл огт төлбөр төлөөгүй. Баянхулстай ХХК нь техникийн хөдөлгүүрийн эвдрэлийн шалтгаан болон учирсан хохирлыг хэмжээг тогтоолгохоор мэргэжлийн байгууллагын үнэлгээ хийлгэж байгаа гэдэг хариу өгдөг.

Нэхэмжлэгч Зууннайман ойл ХХК нь дизель түлш импортоор оруулж ирдэггүй, харин ОХУ-аас импортолж оруулж ирсэн нефтийн нэмэлт бүтээгдэхүүнээр Монголд хийсэн стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн байсан нь хожим тодорхой болсон. Гэтэл тус компани нь анх гэрээ байгуулахдаа дизель түлшнийхээ гарал үүслийн талаар мэдээлэл өгөөгүйн улмаас бид нар ОХУ-д үйлдвэрлэсэн стандартын шаардлага хангасан дизель түлш гэж ойлгож, бараа бүтээгдэхүүний гарал үүсэл, чанарын талаар төөрөлдсөн. ОХУ болон бусад улсаас олон улсын болон Монгол улсын стандартын дагуу үйлдвэрлэгдсэн дизель түлшний үнэ өртөгт гаалийн болон онцгой албан татвар шингээсэн байдаг. Гэтэл Зууннайман ойл ХХК нь гаалийн болон онцгой албан татвар төлөөгүй атлаа төлсөн мэтээр уг татваруудыг шингээсэн өндөр үнээр гэрээ байгуулсан тул бидний хооронд байгуулагдсан хэлцэл нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасан ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл, 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлж хийсэн хэлцлийн шинжийг агуулдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал анхнаасаа дизель түлшнийхээ гарал үүслийг нуун дарагдуулж хууран мэхэлсний улмаас манай компани дизель түлшний гарал үүсэл, чанар, үнийн талаар төөрөгдсөн. Иймд дизель түлшний гарал үүслийг тогтоосны үндсэн дээр бодит үнийг тогтоож гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулж үнийг бодитойгоор тогтоох нь шударга ёсонд нийцэх тул Түлш эрчим хүч хүнд үйлдвэрлэлийн яам, ,-ын оролцоотойгоор шударга үнэ тогтоолгосны үндсэн дээр төлбөр тооцоо хийх нь зүйтэй гэж үзэж байна. Дизель түлшний чанар, үнийг хэрхэн тогтоох, ямар байгууллагыг шинжээчээр тогтоолгох талаар судалдж үзсэний дараа хариуцагч талаас шүүхэд тусад нь хүсэлт гаргах болно. Түүнчлэн нэхэмжлэгч болон хариуцагч талууд нийлүүлсэн шатахуун, төлсөн төлбөр, төлбөрийн үлдэгдлийн талаар тооцоо нийлэх шаардлагатай ба ийнхүү тооцоо нийлсний дараа нэхэмжлэлийн талаар хэдэн төгрөгийг төлөх талаар тайлбар өгөх шаардлагатай байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч С.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Зууннайман ойл ХХК нь Дархангурил тэжээл ХК-тай 2018 оны 7 сарын 23-ны өдрийн байгуулсан 108/2018/ДГТ дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа иргэн С.Н намайг хамтран хариуцагчаар татсан нь гэрээтэй холбоотой маргаанд хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч иргэнийг хариуцагчаар татан оролцуулж байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлд дурдагдаад байгаа түлшний хэмжээ болон үнийн дүнтэй хариуцагч тал маргадгүй. Нийт 1,405,969,700 төгрөгийн түлш авсан. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 25,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 25,000,000 төгрөг нийт 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлөөд үлдэгдэл 1,355,969,700 төгрөгийн үлдэгдэл байгаа. Үлдэгдэл үндсэн төлбөр дээр нэхэмжлэгч талаас алданги гэж нэрлээд байгаа, гэрээнд зааснаар торгууль болох 677,984,850 төгрөг нийт 2,033,954,550 төгрөг нэхэмжилдэг. Манай талаас гэрээний үлдэгдэл төлбөр болох 1,355,969,700 төгрөг төлөх ёстой маргаан байхгүй. Харин алданги гээд байгаа 677,984,850 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргадаг. Хариуцагч талаас Иргэний хуулийн дараах заалтуудыг үндэслэл болгож байна. Үүнд: Иргэний хуулийн 232.5-д Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ. Мөн хуулийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасан. Нэхэмжлэгч тал юу гэж маргадаг бэ ? гэхээр гэрээн дээр анзыг торгууль, алданги гэснийг үл хамаараад нэг удаагийн үйлдлийн шинжтэй бол торгууль, удаан хугацааны буюу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд ногдуулах мөнгөн төлбөрийг алданги гэж тооцдог гэж маргадаг. Үүнийг манай талаас хүлээн зөвшөөрөхгүй. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь Иргэний хуулийн 232.5, 232.6-д торгууль, алдангийг нарийвчлан зааж өгсөн. Эдгээрийг хольж хутгаж ойлгох боломжгүй.

Талуудын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээний 3.3-т худалдан авагч гэрээний төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд худалдагч барааны үнийн 0.3 хувьтай тэнцэх торгуулийг хэтрүүлсэн хоног тутамд тооцон ноогдуулна гэж заасан. Гэрээн дээр торгууль ноогдуулна гэж заасан. Гэрээг хэрхэн тайлбарлах бэ гэдэг дээр маргах нь үндэслэлтэй болохоос биш, хуулийг тайлбарлаж маргах ямар ч боломжгүй. Учир нь хуулийг зөвхөн Улсын дээд шүүх тайлбарлах эрхтэй, хэргийн оролцогчид хууль тайлбарлах эрхгүй. Гэрээний тус заалтад 0.3 хувийн торгууль ноогдуулна гээд цагаан дээр хараар бичсэн учраас Иргэний хуульд заасны дагуу гэрээг тайлбарлах үндэслэл гарч ирнэ. Иргэний хуулийн 198.1-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан. Гэрээнд заасан үгийн шууд утгыг анзаарахаар 0.3 хувьтай тэнцэхүйц торгуулийг хэлж байна гэж үг. Мөн хуулийн 198.2-т гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж заасан. Гэрээний бусад нөхцөл буюу гэрээний 5.1-т худалдагч талын эрхийг заасан. Үүнд худалдагч тал гэрээний заасан хугацааны дотор барааны төлбөрийг төлөхийг худалдан авагчаас шаардах, гэрээнд заасан хугацааны дотор барааны төлбөрийг барагдуулах тохиолдолд энэ гэрээний 3.3-т заасны дагуу торгууль ноогдуулах эрхтэй гэж заасан. Үүнд алданги гэсэн үг огт байхгүй байгаа, гэрээнд зааснаар нэхэмжлэгч буюу худалдагч тал хугацаа хэтрүүлсэн тохиолдолд торгууль ноогдуулах эрхтэй гэдгийг гэрээний 5.1-д, 3.3-т торгууль ноогдуулна гэж тус тус заасан. Иймд алдангийн заалтыг баримталж 677,984,850 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байх тул 677,984,850 төгрөгийг торгуулийг хүчингүй болгож өгнө үү. Иргэний хуулийн 232.1-т анзын талаар тодорхой заагаад өгсөн. Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 5,6-д анз, торгууль хоёрын ялгааг тайлбарласан. Анзын өөр өөр төрөл юм. Гэрээн дээр торгууль гэж биччихээд, энэ алданги юм гэж нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй. Гэрээний бусад нөхцөлийг харахад ч тэр торгууль гэж тусгагдаад байгаа. Нэмж хэлэхэд тус гэрээ нь худалдагч талын өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэдэг стандарт гэрээ энэ нь нотлох баримт судлахад илүү тодорхой болно. Стандарт гэрээ гэдэг нь юугаар тогтоогдож байна гэхээр ганцхан үндсэн гэрээтэй бусад үнэ, тоо хэмжээ, төлөх хугацааг хавсралтаар зохицуулаад явсан байдаг. Стандарт гэрээ ойлгомжгүй, яаж тайлбарлах нөхцөл байдал үүссэн тохиолдолд Иргэний хуулийн 20******* зүйлийн 201.1-д Стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана гэж заасан. Хүлээн авагч буюу худалдан авагч Дархан гурил тэжээл ХК, тэгэхээр Дархан гурил тэжээл ХК-д ашигтайгаар тайлбарлах юм бол торгууль гэж ойлгож тайлбарлахаас өөр арга байхгүй. Нэхэмжлэгч тал өөрсдөө алдаатай, ойлгомжгүй зүйл биччихээд өөртөө ашигтай байдлаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Зууннайман ойл ХХК нь хариуцагч Дархангурил тэжээл ХК, С.Н нарт холбогдуулан 2018 оны 108/2018/ДГТ дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 1,355,969,700 төгрөг, алданги 677,984,850 төгрөг, нийт 2,033,954,550 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т ...хариуцагч С.Ныг хамтран хариуцагчаар татахаас татгалзаж байна... гэж хариуцагчаар Дархангурил тэжээл ХК-ийг тодорхойлж, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т зааснаар нэхэмжлэгч хариуцагчийг тодорхойлдог тул энэ хүрээнд шүүх хэргийг шийдвэрлэлээ.

  3.Хэрэгт авагдсан 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 108/2018/ДГТ дугаартай Газрын тосны бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь гэрээний хавсралтуудад заасан хэмжээ, үнэ бүхий түлш, бензин, битумыг зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авагч нь барааны төлбөрийг хавсралтуудад заасан хугацаанд төлөх, гэрээний 3.3.-д худалдан авагч гэрээний төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд худалдагч энэхүү барааны нийт үнийн дүнгийн 0,3%-тай тэнцэхүйц торгуулийг ийнхүү хэтрүүлсэн хоног тутамд тооцон ногдуулахаар тохиролцож, нэхэмжлэгч Зууннайман ойл ХХК, хариуцагч Дархангурил тэжээл ХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

4.Талууд хэдий газрын тосны бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж хийсэн боловч гэрээний агуулга, алданги гаргуулахаар тохиролцсоноос үзэхэд энэ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжгүй, мөн хуулийн 243 дугаар зүйлд заасан ердийн худалдах, худалдан авах гэрээ гэж шүүх дүгнэлээ.

5.Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч талаас 129,620 литр шатахууныг 1,950 төгрөгөөр нийт 252,759,000 төгрөг, 481,560 л х 1,970 төгрөг=948,673,200 төгрөг, 5,000л х 2250 төгрөг=11,250,000 төгрөг, 82,250л х 2,350 төгрөг=193,287,500 төгрөг, нийт 1,405,969,700 төгрөгийн шатахуун нийлүүлсэн болох нь хэргийн 22-53 дугаар талд авагдсан нэмэгдсэн өртгийн татварын падаанууд, шатахуун тослох материалын зарлагын падаанууд зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.

  6.Хариуцагч нь шатахууны төлбөрт 50,000,000 төгрөг төлсөн талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй. Харин нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу төлбөрөө төлөөгүй үндэслэлээр нийт нийлүүлсэн шатахууны үнээс төлбөрт шилжүүлсэн төлбөрийг хасч 1,405,969,700-50,000,000=1,355,969,700 төгрөгт гэрээнд заасны дагуу нэхэмжлэлийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр алданги тооцож 677,984,850 төгрөг, нийт 2,033,954,550 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнд төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд торгууль төлөхөөр тохиролцсон тул алданги шаардах эрхгүй учир энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргажээ.

  7.Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3-т Худалдан авагч гэрээний төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд худалдагч энэхүү барааны нийт үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэхүйц торгуулийг ийнхүү хэтрүүлсэн хоног тутамд тооцон ногдуулна гэж тохиролцсон байна.

8.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.5-д Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ гэжээ.

9.Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодруулж гэрээний үлдэгдэл төлбөр болон гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс гэрээнд заасны дагуу алданги тооцсон гэж тайлбар гаргаж байгаа боловч талууд гэрээндээ торгууль төлөхөөр тохиролцсон байна.

Гэрээний дээрх зохицуулалтаас үзэхэд агуулгын хувьд талууд алданги тооцохоор тохиролцсон, торгууль гэж оруулснаар үүнийг төлөх боломжгүй гэж үзэх үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, анз нь торгууль, алданги гэх төрөлтэй байдаг бөгөөд гэрээнд оролцогч талууд гэрээний хариуцлага болгож аль нэгнийг нь сонгох эрхтэй. Торгуулийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тооцож нэг удаа гаргуулах шинжтэй бол алданги нь гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутам нийт үүргийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөх хуулийн зохицуулалттай.

Анзыг нэг гэрээний үүрэгт давхардуулан ногдуулахгүй бөгөөд нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой, алданги шаардсан нь үндэслэлтэй байна. Энэ тохиолдолд анзыг давхардуулан ногдуулсан гэж үзэхгүй ба гэрээнд заасан агуулгаар талууд алданги тооцохоор тохиролцсон, алданги гэх үгний оронд торгууль гэх үг хэрэглэснийг шүүх буруутгах боломжгүй байна.

 

10.Хэрэгт авагдсан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 108/2018/ДГТ-2 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр нэхэмжлэгч Зууннайман ойл ХХК, хариуцагч Дархангурил тэжээл ХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 108/2018/ДГТ дугаартай Газрын тосны бараа зээлээр, худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дараах нэр төрлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан талаар дурджээ. Үүнд: Дархангурил тэжээл ХК-ийн өмчлөлийн *******,*******, ,, 566 м.кв Соёл урлаг,, 000536542 гэрчилгээний дугаартай, Ү-2003020504 эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Дархангурил тэжээл ХК-ийн өмчлөлийн *******,*******ын ,,,5 м.кв талбайтай контор,, 000536541 гэрчилгээний дугаартай, Ү-2003020505 эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Дархангурил тэжээл ХК-ийн өмчлөлийн *******,*******,,,, 000232696 гэрчилгээний дугаартай, эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалахаар тохиролцож, гэрээний хавсралтад барьцаа хөрөнгийн жагсаалт гаргажээ.

  11.Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана, 156.3-д Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэжээ.

  12.Нэхэмжлэгч нь барьцааны гэрээний дагуу үл хөрөнгүүдийг дээрх хуульд заасны дагуу 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр барьцаалсан, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд улсын бүртгэгч барьцаалсан талаар тэмдэг, дардас дарж баталгаажуулсан нь хэрэгт авагдсан гэрээ, эд хөрөнгийн эрхийн 2023 оны 0******* сарын 27-ны өдрийн 1 дугаартай лавлагаануудаар нотлогдон тогтоогдсон байна.

  13.Иймд хариуцагч Дархангурил тэжээл ХКомпаниас гэрээнд зааснаар үлдэгдэл төлбөр 1,355,969,700 төгрөг, алданги 677,984,850 төгрөг, нийт 2,033,954,550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Зууннайман ойл ХХКомпанид олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

14.нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 0******* сарын 26-ны өдөр 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 108/2018/ДГТ-2 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу барьцаалагдсан эд хөрөнгүүдийн барьцааны гэрээтэй холбоотой дэлгэрэнгүй лавлагааг гаргуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд энэхүү хүсэлтээсээ 2023 оны 0******* сарын 27-ны өдрийн шүүх хуралдаан дээр татгалзсан тул шүүх энэ талаарх хүсэлтийг шийдвэрлээгүй болно.

15.Хариуцагч Дархангурил тэжээл ХКомпани 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1/87 дугаартай итгэмжлэлээр М.Өд олгож, 2020 оны 09 дүгээр сарын 1/138 дугаартай хүсэлтээр түүнээс татгалзаж, мөн өдрийн 1/137 дугаартай итгэмжлэлээр С.Нт олгож, 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1/144 дугаартай хүсэлтээр түүнээс татгалзаж, мөн өдрийн 1/143 дугаартай итгэмжлэлээр Д.Эод олгож, 2023 оны 0******* сарын 27-ны өдрийн 1/09 дугаартай хүсэлтээр түүнээс татгалзаж, мөн өдрийн 1/08 дугаартай итгэмжлэлээр С.Нт олгож, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1/11 дугаартай хүсэлтээр түүнээс татгалзаж, мөн өдрийн 1/12 дугаартай итгэмжлэлээр П.Бд төлөөлөх итгэмжлэлийг 3 жилийн хугацаагаар олгосон байна.

16.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б нь 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Дархангурил тэжээл ХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нтай эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Дархангурил тэжээл ХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Этой өмгөөллийн үйлчилгээ, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг бичгээр байгуулж тус тус хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч Дархангурил тэжээл ХКомпаниас 1,355,969,700 төгрөг, алданги 677,984,850 төгрөг, нийт 2,033,954,550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Зууннайман ойл ХХКомпанид олгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар хариуцагч Дархангурил тэжээл ХКомпани төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны зүйл болох Дархангурил тэжээл ХКомпанийн өмчлөлийн *******,*******, ,, 566 м.кв Соёл урлаг,, 000536542 гэрчилгээний дугаартай, Ү-2003020504 эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Дархангурил тэжээл ХКомпанийн өмчлөлийн *******,*******ын ,,,5 м.кв талбайтай контор,, 000536541 гэрчилгээний дугаартай, Ү-2003020505 эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Дархангурил тэжээл ХКомпанийн өмчлөлийн *******,*******,,,, 000232696 гэрчилгээний дугаартай, эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг ******* дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Зууннайман ойл ХХКомпани улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,397,923 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархангурил тэжээл ХКомпаниас 10,397,923 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

  4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдаж, зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.ЖАВХЛАНТӨГС