Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2022/01111

 

“З О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1030 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 119 дүгээр магадлалтай,

“З О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Д Т” ХК-д холбогдох

Газрын тосны бараа зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 2,033,954,550 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргалын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тэмүүлэн, Б.Цэвээндэмбэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэнгүүн, хариуцагч нарын өмгөөлөгч П.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “З О” ХХК нь “Д Т” ХК-д холбогдуулан Газрын тосны бараа зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 2,033,954,550 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1030 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.5, 156 дугаар зүйлийн 156.2-д тус тус зааснаар хариуцагч Д Т ХК-аас 1 355 969 700 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Зуун найман ойл ХХК-д олгож, алданги 677 984 850 төгрөг гаргуулах, хариуцагч С.Нт холбогдох шаардлага, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10 397 923 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д Т ХК-аас 6 937 798 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 119 дүгээр магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1030 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.618.100 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал хяналтын гомдолдоо: ...Шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан магадлалыг дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. ...Анхан шатын шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр болсон. Учир нь: Нэг. Анхан шатны шүүх “алданги 677,984,850 төгрөгийг гаргуулах шаардлагыг...” хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар: Давж заалдах шатны шүүх “алданги”-ийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаагаагүй боловч “Түүнчлэн хэргийг шийдвэрлэхдээ шүүх хэргийн оролцогчийн дунд үүссэн гэрээний харилцааг үндэслэлтэй зөв тодорхойлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргыг хэрэгжүүлэх талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хуульд нийцүүлэн тайлбарлаж шийдвэрлэх нь зүйтэй байгааг дурдах нь зүйтэй” гэж магадлалд заасан тул дараах тайлбарыг гаргаж байна. Талуудын хооронд байгуулагдсан 2018.07.23-ны өдөр № 108/2018/ДГТ дугаартай “Газрын тосны бараа зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-ний 3.3-т “Худалдан авагч гэрээний төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд Худалдагч энэхүү барааны нийт үнийн дүнгийн 0,3%-тай тэнцэхүйц торгуулийг ийнхүү хэтрүүлсэн хоног тутамд тооцон ноогдуулна” гэж заасан нь Иргэний хуулийн 232.5-д “Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ.” 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж тус тус заасан хуулийн заалтуудтай нийцдэггүй. Нэхэмжлэгч тал гэрээний дээрх заалтыг “Анзыг торгууль эсвэл алданги гэж нэрлэснээс үл хамааран нэг удаагийн шинжтэй үйлдэлд ноогдуулах нь торгууль, удаан хугацааны туршид буюу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд ноогдуулан төлөх мөнгөн төлбөрийг алдангид тооцдог...” гэж давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй байсан. Учир нь Иргэний хуулийн 232.5 дахь заалтаар торгуулийн тухай ойлголтыг, мөн хуулийн 232.6 дахь заалтаар алдангийн тухай ойлголтыг тус тусад нь нарийвчлан зохицуулсан тул Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж үл болно” гэж зааснаар торгууль болон алдангийн заалтыг хооронд нь хольж хутгаж ойлгох, тайлбарлах, төсөөтэй хэрэглэх үндэслэл байхгүй. Гэрээний 3.3 дахь заалтын утга ойлгомжгүйн улмаас талууд маргаж байгаа тул Иргэний хуулийн 198.1-д “Гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж зааснаар тайлбарлавал гэрээнд “алданги” биш “торгууль” гэж цагаан дээр хараар бичсэн байдаг. Түүнчлэн Иргэний хуулийн 198.2-т заасныг баримтлан гэрээний бусад нөхцөлийг харьцуулах замаар гэрээний агуулгыг тодорхойлбол гэрээний 5.1-д “Худалдагч нь энэхүү гэрээнд заасан хугацааны дотор барааны төлбөр төлөхийг худалдан авагчаас шаардах, гэрээнд заасан хугацааны дотор барааны төлбөрийг барагдуулах тохиолдолд энэхүү гэрээний 3.3-т заасны дагуу торгууль ноогдуулах эрхтэй” гэж гэрээний 3.3-т заасан анз нь торгууль болох нь тодорхой байна. Мөн нэхэмжлэгч нь бүх төрлийн шатахууны бөөний худалдаа эрхэлдэг хуулийн этгээд болох нь “З О” ХХК нь улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл зэрэг нотлох баримтаар нотлогддог. Талуудын хооронд байгуулсан “Газрын тосны бараа зээлээр худалдах-худалдан авах гэрээ” нь нэхэмжлэгч компанийн үндсэн үйл ажиллагаандаа байнга хэрэглэгдэх урьдчилсан нөхцөлийг тогтоосон стандарт нөхцөл байсан тул хариуцагч уг стандарт нөхцөлийг зөвшөөрч гарын үсэг зурсан ба зөвхөн уг гэрээний хавсралтад заасан барааны үнэ, хэмжээ, төлөх хугацааны талаар талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 201.1-д “стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана” гэж зааснаар маргаан бүхий гэрээний 3.3-дахь заалтыг “алданги” гэж тодорхойлох үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн “алданги 677,984,850 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэсэн хэсэг нь шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр болсон. Хоёр. Барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэж дүгнэж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар: Иргэний хуулийн 156.1-д “Барьцааны гэрээг бичгээр байгуулна.”, 156.2-т “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана”, 156.3-т “Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заасан. Гэтэл анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн тухай нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байсан тул хариуцагч талаас барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж мэтгэлцсэн. Нэхэмжлэгч талаас барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгүүлсэн гэж мэтгэлцсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт зааснаар нэмэлт тайлбар гаргаж өгөх тухай хүсэлт, шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг шүүх хуралдааны үед гаргаагүй бөгөөд энэ нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдоно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, нотлох нь нэхэмжлэгчийн өөрийнх нь үүрэг юм. Мөн давж заалдах шатны шүүх “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал барьцааны гэрээний хүчин төгөлдөр бус байдал, гэрээг улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн эсэх талаар хариу тайлбар гарган мэтгэлцээгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь хариуцагч тал шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж тодорхой бичсэн байх ба энэ нь хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг анхнаасаа зөвшөөрөөгүй, мэтгэлцэж байсныг нотолно. Нөгөө талаар барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал нотлох үүрэг хүлээхгүй тул хариуцагч талыг барьцааны гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар мэтгэлцээгүй гэж буруутгах нь нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа нотлоход нь тусалсангүй гэж буруутгаж байгаатай адил утгатай байна. Нэхэмжлэгчийн “улсын бүртгэлийн байгууллага нь тухайн үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг өмчлөгчийн гаргасан мэдүүлгийн хамтаар хүлээн авч бүртгэлийг хийж өөрийн архивд хадгалдаг бөгөөд бүртгэл хийсэн гэрээг гэрээний талуудад олгодоггүй” гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх “...гэрээг шүүхэд авах үзлэг явуулах, шаардлагатай бол шүүх хуралдааныг хойшлуулах хүртэлх хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй нь хэргийн оролцогчийн шүүхэд эдлэх эрхийг хязгаарласан үндэслэлд хамаарах юм” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон. Нэхэмжлэгч тал хүсэлт гаргаагүй байхад анхан шатны шүүх өөрийн санаачилгаар нэмэлт нотлох баримт цуглуулах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын санаачилга буюу хүсэлтийн үндсэн дээр явагдах диспозитив зарчим болон хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжих, шүүх хөндлөнгийн байр суурийг баримтлах зарчимд нийцэхгүй юм. Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийг өөрийн санаачилгаар барьцааны гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар нотлох баримт цуглуулах ажиллагаа хийгээгүй нь нэхэмжлэгчийн эрхийг хангаагүй байна гэх үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй байх тул магадлалыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

6. Нэхэмжлэгч “З О” ХХК нь хариуцагч “Д Т” ХК,  С.Н нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 1,355,969,700 төгрөг,  алданги 677,984,850 төгрөг нийт 2,033,954,550 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах 2 шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч “Д Т” ХК нь ...нэхэмжлэгч талын нийлүүлсэн дизель түлш нь стандартын шаардлага хангаагүй чанар муутай байсан, уг түлшний гарал үүслийн талаар үнэн зөв бодитой мэдээлэл өгөөгүйгээс бид худалдан авах зүйлийн чанарын талаар төөрөлдсөн. Мөн гаалийн болон онцгой албан татвар төлөөгүй атлаа уг зардлыг шингээсэн гэмээр өндөр үнээр гэрээ байгуулсан тул бид гэрээг хийхдээ ноцтой төөрөгдсөн, биднийг залилсан, дахин харилцан тохирч үнийг шударгаар тогтоох шаардлагатай гэж,

Хариуцагч С.Н нь ...хуулийн этгээд гэрээ байгуулсан байхад иргэнийг татан оролцуулж байгаа нь үндэслэлгүй, нэхэмжлэлийг хариуцахгүй гэж тус тус  мэтгэлцсэн байна.

7. Анхан шатны шүүх хариуцагчаас 1,355,969,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх  шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаахдаа “...хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх эрх хангагдаагүй, ...мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй,  барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэхийг талуудаас тодруулаагүй, талууд мэтгэлцээгүй байхад гэрээг бүртгүүлсэн эсэх нь тодорхойгүй байна гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай...” гэж дүгнэжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д нийцсэн байна.

8. Хэрэгт байгаа баримтын хүрээнд нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын үндэслэл болох үл хөдлөх эд хөрөнгийн 2018.10.25-ны өдрийн барьцааны гэрээ Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн эсэх нь тодорхой бус, энэ талаар шүүх хуралдаан дээр шүүгч тодруулахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс улсын бүртгэлд бүртгэгдээгүй гэрээг шүүхэд өгсөн байна, надад улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрээ байна гэж тайлбар гаргасан байхад шүүх баримтыг хүлээж авах эсэхийг шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 105 дугаар зүйлийн 105.1-д заасан журмыг зөрчсөн гэж үзнэ.

9. Нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлийг эрх зүйн үүднээс дүгнэхэд хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтууд тогтоогдсон байх учиртай тул энэ нөхцөл хангагдаагүй тохиолдолд хууль хэрэглэх боломжгүй, улмаар “магадлалыг хүчингүй болгуулж, шийдвэрийг хэвээр үлдээх”-ийг хүссэн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 119 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 3,618,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ

                         ШҮҮГЧИД                                                            Г.БАНЗРАГЧ

                                                                                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                      Х.ЭРДЭНЭСУВД