Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2023/01846

 

 

 

      Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн ... давхарт байрлах, регистр ..., И...ББСБ ХК,

Хариуцагч:Баянгол дүүргийн ... тоотод байрлах, регистр ...., Н... ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага:Хан-Уул дүүргийн ... тоотод байрлах, 18 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

/Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И... ББСБ ХК нь хариуцагч Н... ХХК-д  холбогдуулан авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Х.Б..., хамтран зээлдэгч Н... ХХК нар нь 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр И... ББСБ ХК-тай В... тоот Зээлийн гэрээ, С... тоот Зээлийн барьцааны гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 4.4 хувийн хүүтэй, бизнесийн зээлийн зориулалтаар авсан.Уг зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн ... тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

Гэвч зээлдэгчид нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн өр, төлбөрийг төлөөгүй тул И... ББСБ ХК нь зээлдэгч Х.Б...г хариуцагчаар татан, зээлийн гэрээний үүрэгт 18,923,298 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, зохигчид харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлага болох 18,923,298 төгрөгийг 2020 оны 7 дугаар сараас 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хуваан төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн.Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Хариуцагч Х.Б... нь шүүгчийн захирамжид заасан хугацаанд зээрийн өр төлбөрийг төлж барагдуулаагүй тул И... ББСБ ХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухайд хүсэлт гаргасан.Гэвч төлбөр төлөгч Х.Б... нь шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудсанд заасан өр төлбөрийг одоог хүртэл төлж барагдуулаагүй. Өр төлбөрийг барагдуулах ажиллагааг гүйцэтгэхэд дээр дурдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тусгаагүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удааширч, үр дүн гарахгүй байгаа болно.

Хамтран зээлдэгч Н... ХХК нь улсын төсвийн санхүүжилттэй тендерт өрсөлдөн, барилгын чиглэлээр ажил гүйцэтгэдэг бөгөөд, барилгын ажлын гүйцэтгэл, түүний чанараас хамааран барилгын тендерийг зарласан, хүлээн авах эрх бүхий төрийн байгууллагатай асуудал үүсэж, улмаар тус ААН-н хөрөнгийн эрхийг битүүмжилсэн тухайд тус компаниас мэдэгдсэн.

Иймд И... ББСБ ХК болон Х.Б..., Н... ХХК нарын хооронд байгуулсан В... тоот зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн ... тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч хариу тайлбартаа:Би И... ББСБ ХК-иас 10 000 000 төгрөгийн зээлийг авсан бөгөөд зээл төлөх хугацаандаа зээлээ төлж чадаагүйн улмаас зээл болон зээлийн хүү төлөх талаар И... ББСБ ХК-тай тохиролцож нэхэмжилсэн зээлийн төлбөр 10 000 000 төгрөг, хүү, алданги, торгуул болох 8 923 298 төгрөгийг төлөхөөр болж эвлэрсэн хугацаа өнгөрч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын журмын дагуу төлбөрийг тодорхой хуваарийн дагуу төлж байгаа.Шүүхийн шийдвэр гарснаас хойш ковид-19 халдварт өвчний үед ажил хийх бололцоогүй байсан, би ажилд орж орлоготой болсон тул 2 500 000 төгрөг төлсөн байгаа, үлдэгдэл төлбөрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай тохиролцсоны дагуу төлж барагдуулах болно гэжээ.

Нэхэмжлэгчээс-Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн барьцааны гэрээ, Хан-Уул дүүргийн ... тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, барьцааны зогсоолыг шалгах үнэлгээний хуудас, хариуцагч байгууллагын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ... дугаар захирамж, нэхэмжлэгч байгууллагын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг шүүхэд өгсөн, хариуцагчаас- хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг шүүхэд өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: Х.Б... нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаар захирамжийг биелүүлэхгүй байгаа тул Н... ХХК-тай байгуулсан зээлийн барьцааны гэрээний дагуу Хан-Уул дүүргийн ... тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:Би И... ББСБ ХК-иас 10 000 000 төгрөгийн зээл авсан,  зээлийн төлбөр 10 000 000 төгрөг, хүү, алданги, торгуул болох 8 923 298 төгрөгийг төлөхөөр болж эвлэрсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр хуваарийн дагуу төлж байгаа, 2 500 000 төгрөг төлсөн байгаа, үлдэгдэл төлбөрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай тохиролцсоны дагуу төлж барагдуулах болно гэжээ.

Нэхэмжлэгч И... ББСБ ХК нь Х.Б...тай 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр В... тоот зээлийн гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийг, сарын 4,40 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар зээлдүүлж, уг зээлийн гэрээний үүргийг хангуулахаар 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Н... ХХК-тай С... тоот барьцааны гэрээ байгуулж, Н... ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ... тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх барьцаалсан байна.

И... ББСБ ХК, Х.Б... нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээг бичгээр хийсэн, И... ББСБ ХК, Н... ХХК нарын хооронд барьцааны гэрээг мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна.

Зээлийн гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй гэх үндэслэлээр зээлийн гэрээний үүрэгт 18 923 298 төгрөг гаргуулахаар шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаар захирамжаар  хариуцагч нь 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд хувааж төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн байх ба дээрх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.Энэ үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар дахин нотлохгүй болно.

Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар барьцааны эрх нь зээлдүүлэгчийн шаардах эрхтэй салшгүй холбоотой эрх бөгөөд мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноор барьцааны эрх дуусгавар болдог.

Хариуцагч Х.Б... нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогдож байх ба шүүх барьцааны гэрээтэй холбоотой асуудлыг шийдвэрлээгүй тул барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Иймд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж зааснаар 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн С... тоот барьцааны гэрээний дагуу барьцаалсан, Н... ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ... тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252 370 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 182 170 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч байгууллагаас 70 200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан Х.Б... нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаар захирамжийн дагуу 18 923 298 төгрөгийг нэхэмжлэгч И... ББСБ ХК-д төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Н... ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ... тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252 370 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 182 170 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч байгууллагаас 70 200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч И... ББСБ ХК-д олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг  зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          З.ДОРЖНАМЖИН