Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/01375

 

 

Н ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/01846 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н ХК-ийн хариуцагч Е ХХК-д холбогдуулан гаргасан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Н ХК болон Е ХХК, Б.У-й нар 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Интернейшнл рент, ар зайсан гудамж Г-90/10 байр, зоорийн давхар а-0-00тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай, авто зогсоолыг барьцаалсан. Зээлдэгч нар зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүйгээс зээлийн гэрээний үүрэгт 18,923,298 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/01674 дугаар шүүгчийн захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Гэвч уг захирамжид барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тусгаагүй. Төлбөр төлөгч Б.У- нь шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудсанд заасан төлбөрийг төлөөгүй. Иймд Н ХК болон Б.У-, Е ХХК нарын хооронд байгуулсан В18090161 тоот зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Интернейшнл рент, ар зайсан гудамж Г-90/10 байр, зоорийн давхар а-0-00тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Б.У- нь Н ХК-аас 10,000,000 төгрөгийг зээлсэн. Уг зээлийг хугацаандаа төлөөгүйгээс зээлдүүлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаж талууд зээлийн төлбөрийг төлөх талаар эвлэрсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлбөрийг хуваарийн дагуу төлж байгаа. Ковид-19 халдварын улмаас төлбөрийг төлөх боломжгүй байсан. Орлоготой болж 2,500,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хуваарийн дагуу төлнө гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан Б.У-й нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/01674 дугаар захирамжийн дагуу 18,923,298 төгрөгийг нэхэмжлэгч Н ХК-д төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Е ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Интернейшнл рент, ар зайсан гудамж Г-90/10 байр, зоорийн давхар а-0-00 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,370 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 182,170 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч байгууллагаас 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх Н ХК болон Б.У-й нарын хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан. Барьцааны гэрээ хүчин төгөлдөр тул барьцаалагч нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй гэж дүгнэн барьцаа хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн. Гэтэл Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/01674 дугаар шийдвэрийг биелүүлэх ажиллагааг хэрхэн явагдсан талаарх баримтыг бүрдүүлэлгүй нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагч төлбөл зохих төлбөрөөс 3,500,000 төгрөгийг төлсөн байхад шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар барьцааны эрх нь зээлдүүлэгчийн шаардах эрхтэй салшгүй холбоотой бөгөөд мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасны дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянахад анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

1. Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Е ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Иньернэшнл рэнт ар зайсан гудамж, Г-90/10 байрны зоорийн давхрын а-0-00тоот хаягт байрлах 18 м.кв талбай бүхий автозогсоолоор хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Н ХК болон Е ХХК, Б.У- нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан ба зээлдэгч Е ХХК, Б.У-й нар зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүйгээс зээлдүүлэгч Н ХК нь 18,923,298 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.У- зөвшөөрснийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/01674 дугаар захирамжаар баталгаажуулсан байна.

Уг захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэдэг.

2.1. Төлбөр төлөгч Б.У-й нь дээрх захирамжид заасан төлбөрийг гүйцэтгээгүйгээс төлбөр авагч Н ХК нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

3. Нэхэмжлэгч Н ХК болон хариуцагч Е ХХК-ийн хооронд 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Зээлийн барьцааны гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч Н ХХК болон зээлдэгч Е ХХК, Б.У- нарын байгуулсан 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Интернейшнл рент ар зайсан гудамж, Г-90/10 байр, зоорийн давхар а-0-00тоот, 18 м.кв талбай бүхий автозогсоолыг барьцаалжээ. (хх-ийн 9-10)

Дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна. Тиймээс нэхэмжлэгч Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

4. Хариуцагч Е ХХК Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/01674 дугаар захирамжийн дагуу зээлийн төлбөрийг төлсөн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой баримт гаргуулах хүсэлт шүүхэд гаргаж өгөөгүй тул нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн талаарх тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/01846 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Е ХХК-ийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Н.БАТЗОРИГ