Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
Хэргийн индекс | 101/2023/00028/И |
Дугаар | 101/ШШ2023/01840 |
Огноо | 2023-04-12 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2023/01840
2023 04 12 101/ШШ2023/01840
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: хххххххххххххххххххххх тоот хаягт оршин суух, М.н Нийн /РД: ххххххххххххххххххх/,
Хариуцагч хххххххххххххххххххххх тоот хаягт бүртгэлтэй, одоогоор ххххххххххххххххххх тоот хаягт оршин суудаг, Ч.н Бд /РД: хххххххххх/ холбогдох
51,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Манлайжав,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Манлайжав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
М.Н нь Ч.Бтой 2022 оны 07 сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулан Ч.Бд 34,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, хүүгүй зээлүүлсэн. 0,5 хувиар алданги тооцохоор тохирсон. Гэрээ байгуулсан өдөр Ч.Бд 34,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн.
Гэрээний хугацаа дууссан боловч Ч.Б мөнгөө төлөөгүй ба утсаар болон биечлэн уулзан мөнгөө шаардсан боловч өгөхгүй байсан тул шүүхэд хандсан. Иймд зээлдэгч Ч.Бгоос үндсэн зээл 34,000,000 төгрөг, гэрээний 3.7 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцон 2022 оны 08 сарын 27-ны өдрөөс 2022 оны 12 сарын 07-ны өдрийг хүртэл 100 хоногийн алданги 17,000,000 төгрөг, нийт 51,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Нэхэмжлэгч М.Н нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэх, итгэмжлэл, 2022 оны 07 сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ зэрэг баримтыг ирүүлжээ.
Хариуцагч Ч.Бг шүүхэд хүрэлцэн ирж нэхэмжлэлийн хувь гардан авахыг удаа дараа мэдэгдэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүй хүрэлцэн ирээгүй тул 2023 оны 02 сарын 10-ны өдрийн 4491 дугаар шүүгчийн захирамжаар түүнийг албадан ирүүлэхийг цагдаагийн байгууллагад даалгасан байна.
Хариуцагч Ч.Бд нэхэмжлэлийн хувийг 2023 оны 03 сарын 16-ны өдөр гардуулсан бөгөөд тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй болно.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч Ч.Бд зээлийн гэрээний үүрэгт 51,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч Ч.Бтой 2022 оны 07 сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулан Ч.Бд 34,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, хүүгүйгээр, хугацаа хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохирч зээлдүүлсэн нь зохигчийн тайлбар болон зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Дээрх гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
/ХХ-ийн 6-7 дугаар тал /
Зээлийн гэрээний үндсэн шинж нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр тодорхойлогдох бөгөөд хариуцагч Ч.Б гэрээ байгуулсан 2022 оны 07 сарын 26-ны өдөр 34,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан нь мөнгө хүлээлгэн өгсөн баримтаар тогтоогдож байх тул талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзлээ.
/ХХ-ийн 6 дугаар хуудасны ар тал/
Талууд зээлийн гэрээний харилцаанд орж байгаа бол Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох ба зээлийн гэрээний үүрэг зээлдэгчид шилжсэн эсэх нь гэрээний хэлбэрээс бус, харин гэрээний зүйл зээлдэгчийн өмчлөлд шилжсэн эсэхээс хамаардаг.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д:Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Талуудын хооронд байгуулсан 2022 оны 07 сарын 26-ны өдрийн гэрээний хугацаа 2022 оны 08 сарын 26-ны өдөр дуусгавар болж байх ба зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй зээлдэгч Ч.Бгоос зээлдүүлэгч М.Н гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлтэй.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй,
232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ,
талуудын хооронд байгуулсан гэрээний уг гэрээний 3.7-д Үүргийн гүйцэтгэлийг хангах арга: Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж заасны дагуу зээлдүүлэгч М.Н алданги нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж үзэв.
Ч.Бгийн гүйцэтгэх үүрэг:
-Үндсэн зээл 34,000,000 төгрөг
-Алданги 17,000,000 төгрөг /2022.08.27-2022.12.07, 100 хоног, хоног тутамд 170,000 төгрөг/
Нийт 51,000,000 төгрө.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ч.Бгоос 51,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Нид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй.
Хариуцагч Ч.Бд нэхэмжлэлийн хувийг 2023 оны 03 сарын 16-ны өдөр гардуулсан боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон хэргийг шийдвэрлэсэн болно.
/ХХ-ийн 15-19 дүгээр тал/
Шүүх нэхэмжлэлийг 2022 оны 12 сарын 14-ний өдөр хүлээн авч 2022 оны 12 сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хариуцагч Ч.Б хүндэтгэн үзэх шалтгаангүй хүрэлцэн ирээгүй тул 2023 оны 02 сарын 10-ны өдрийн 4491 дугаар шүүгчийн захирамжаар түүнийг албадан ирүүлэн 2023 оны 03 сарын 16-ны өдөр зохигчийн эрх, үүргийг тайлбарлан нэхэмжлэлийн хувийг гардуулан, хэргийн материалыг танилцуулсан байна.
/ХХ-ийн 10- 19 дүгээр тал/
2023 оны 04 сарын 03-ны өдрийн 09 цагт товлосон хуралдаанд хариуцагч Ч.Б нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд хариуцагч Ч.Бгийн мэтгэлцэх эрхийг хангах үүднээс хуралдааныг 2023 оны 04 сарын 12-ны өдрийн 10 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан байна.
/ХХ-ийн 20-25 дугаар тал/
2023 оны 04 сарын 12-ны өдрийн 10 цагт шүүх хуралдаан болохыг хариуцагч Ч.Бгийн нэхэмжлэлийн хувь гардан авахдаа өөрийн гэж тодорхойлсон 99025511 дугаарын утсанд хуралдаан болохоос 9 хоногийн өмнө 2023 оны 04 сарын 03-ны өдрийн 14:34 цагт,
Мөн түүний 99025511 дугаарт вайбер хаягт 2023 оны 04 сарын 03-ны өдрийн 14:38 цагт,
Мөн түүний нэхэмжлэлийн хувь гардан авахдаа өөрийн оршин суудаг гэж тодорхойлсон Баянзүрх дүүрэг, 23-р хороо, 3-р хэсэг, Сургуулийн 1237 тоот хаягаар Ч.Бд шүүх хуралдааны товыг хүргэхэд түүнийг уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэж харьяалах хорооны засаг дарга нь тодорхойлолт ирүүлсэн,
Мөн Хан-Уул дүүрэг, 18-р хороо, Кинг товер хотхон, 128-р байр, 223 тоот хаягаар хариуцагч Ч.Бд мэдэгдэх хуудас хүргүүлэхэд заасан хаягт ийм хүн байхгүй, хаяг алдаатай гэсэн хариу ирүүлсэн байна.
/ХХ-ийн 26-31 дүгээр тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээх бөгөөд хариуцагч Ч.Б шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба нэхэмжлэгч нь түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг үндэслэн хариуцагч Ч.Бгийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ч.Бгоос 51,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Нид олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч М.Нийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 412,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Бгоос 412,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Нид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН