Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2023/01876

 

 

 

 

 

 

 

 

 

2023 04 13 101/ШШ2023/01876

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ххххххххххххх тоотод оршин суух, Г.Д /РД: ххххххххххххх/, Л.С /РД: хххххххх/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ххххххх тоот, Ц ХХК /РД: хххххххххххх/,

Хариуцагч: хххххххххх тоотод оршин суух, Н.Б /РД: ххххххххх/ нарт холбогдох

Орон сууц захиалах гэрээнээс татгалзан, гэрээний үүрэгт шилжүүлсэн 53,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэлэгдулам,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Цэндпүрэв,

Хариуцагч Ц ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баднайсүрэн,

Хариуцагч Н.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүн,

Гэрч Н.Энхсайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Д, Л.С нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэлэгдулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ш.Доржхандын нөхөр Л.С нь өөрийн найз Ц ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, компанийн гүйцэтгэх захирал Н.Бтай 2012 оны 06 сард уулзсан ба тус компани нь Баянзүрх дүүргийн 14-р хороонд Ц нэртэй орон сууцны хотхон барихаар болсон бөгөөд газар чөлөөлөлтийн ажилд санхүүгийн туслалцаа хэрэгтэй байгаа талаараа Н.Б нь Л.Сд хандсан.

Ингээд Л.С өөрийн дүү Г.Батдоржийн өмчлөлийн хххххххххххх тоотын 88 м.кв талбайтай орон сууцыг Капитал банкинд барьцаалан 30,000,000 төгрөгийг зээлэн авч уг мөнгөө Ц ХХК-д зээлсэн байдаг.

Банкны зээлийг төлөх болоход Ц ХХК-ийн захирал Н.Б нь компани зээл төлөх боломжгүй болчихлоо, барилгын ажил зогсонги байдалтай байгаа талаар хэлсэн ба хадам дүү Г.Батдоржийн байрыг алдахгүйн тулд Н.Б захиралтай ярилцаад Г.Д нь нөхөр Л.Сгийн хамтаар Г.Батдоржийн өмнөөс Капитал банкинд 33,519,940 төгрөгийг төлсөн.

Энэхүү нөхцөл байдлын талаар нөхөр Л.С Ц ХХК-ийн захирал Н.Бтай тохиролцон Ц хотхон ашиглалтанд ормогц 1 м.кв талбайн үнийг 800,000 төгрөгөөр тохирч 2 өрөө орон сууцны төлбөрөөс 33,519,940 төгрөгийг хасаж тооцох болзолтой хэлцэл хийсэн.

Энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоно. Улмаар барилга ашиглалтанд орох үед Л.С гадаад улсад байсан учир Ц ХХК нь нөхөр Л.Сгийн оронд Г.Дын нэрээр гэрээг байгуулж болно гэсэн.

Г.Д нь 2017 оны 02 сарын 08-ны өдөр 326/4 тоот орон сууц захиалгын гэрээг бүрэн ойлголгүй байгуулж ххххххххххххх загварын 50,3 м.кв орон сууцыг 2017 оны 02 сарын 08-ны өдөр байраа хүлээлцэн байрандаа орсон.

Улмаар Ц ХХК-иас холбогдон Л.С, Г.Д нарын Ц ХХК-ийн өмнөөс Капитал банкинд төлсөн 33,519,940 төгрөгийг байрны нийт үнийн дүнгээс хасч нэмээд 20,000,000 төгрөг компанийн дансанд шилжүүлчих, тэгвэл танай 2 өрөө орон сууцны төлбөр бүрэн төлөгдсөн гэж үзээд гэрчилгээг танай нэр дээр гаргаж өгнө гээд гэрээн дээр гарын үсэг зуруулсан боловч гэрээний хувиа өгөөгүй.

Түүнчлэн Н.Бы тус компанийн бүрэн төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэж байсан ба учир бид хувь хүнтэй биш хуулийн этгээдтэй гэрээ байгуулсан, захирал, удирдлага солигдоход өмнөх гэрээ хэлцэл хүчинтэй байна гэж ойлгож байна.

Гэтэл Ц ХХК нь А.Анхбаярт Л.Сгийн гэр бүлийн захиалсан одоогийн Баянзүрх дүүрэг, 88а байр, 79 тоотын 54 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн байсан.

Ц ХХК 2022 оны 09 сарын 15-ны өдөр орон сууцанд зөвшөөрөлгүй нэвтэрч хүчээр нүүлгэн гаргасан. Үүнээс өмнө захиалсан орон сууцаа өөрийн эзэмшилдээ байлгаж байсан учраас тайвширч хууль хяналтын байгууллагад хандаж байгаагүй.

Г.Д нь хариуцагч Ц ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзаж орон сууцны өмчлөх эрхийг гуравдагч этгээд болох А.Анхбаярт шилжүүлсэн.

Иймд Ц ХХК-тай байгуулсан 2017 оны 02 сарын 08-ны өдрийн 326/4 тоот орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, тус гэрээний дагуу шилжүүлсэн 53,000,000 төгрөгийг Ц ХХК болон Н.Б нараас гаргуулж нэхэмжлэгч Г.Д, Л.С нарт олгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Б нь 2008 оноос 2019 оны хооронд Ц ХХК-ийг үүсгэн байгуулж үйл ажиллагаа хариуцсан захирлын үүрэг гүйцэтгэж байсан.

Тухайн үед Ц ХХК нь Баянзүрх дүүргийн 14-р хорооны гэр хорооллын иргэдээс газрыг нь худалдан авч 1-6 блок орон сууцны цогцолбор барихад санхүүжилт чухал хэрэгтэй байсан тул 2012 оны 05 сард өөрийн найз Л.Сд уг барилгад хөрөнгө оруулалт хийж өгөхийг гуйсан.

Л.С нь бэлэн мөнгө байхгүй гэсэн ба өөрийн дүү Г.Батдоржийн орон сууцыг Капитал банкинд барьцаалуулж уг банкнаас 30,000,000 төгрөг зээлсэн. Уг 30,000,000 төгрөгийг Ц ХХК нь Ц хотхоныг барих газрыг чөлөөлөхөд зарцуулсан буюу энэ хотхоныг барихад оруулсан хөрөнгө оруулалт юм.

Мөн Г.Батдоржоос гадна 3 иргэний орон сууцыг барьцаалж Капитал банкнаас зээл авсан бөгөөд авсан зээлээ бүгдийг нь Ц хотхоныг барих газрыг чөлөөлөхөд зарцуулсан.

Тухайн үед хувьцаа эзэмшигчдийн хурлаар зээл ав, зээлдүүлэгч нарт баригдсан байрнаас орон сууц олгож, түүний төлбөрт зээлийг тооц гэж шийдвэрлэсэн тул Н.Б нь Л.Сгээр зээл авахуулж байсан.

Ийнхүү энэ мөнгийг Н.Б хувьдаа аваагүй, зөвхөн Ц ХХК-ийн барилга барих газрыг чөлөөлөхөд зарцуулсан ба мөн чөлөөлсөн газар нь Н.Бы хувьдаа худалдаж авч байгаа газар биш, компани орон сууцны хотхон барихад зориулж чөлөөлсөн газар.

Харин Н.Б нь компанийн нэрийн өмнөөс уг газрыг чөлөөлж хурдан барилга барих боломжийг бүрдүүлэхийн тулд 4 хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр, даалгавраар ажиллаж байсан. Н.Быг Ц хотхон барихад зориулж газар чөлөөлөх ажлыг хариуцаж байсныг гүйцэтгэх захирал П.Ганзориг, нягтлан бодогч П.Цэрэннадмид, Г.Батлорж, Л.С нарын мэдүүлгээр тогтоогдоно.

Мөн энэхүү газар нь компанийн газар байсан нь газрын түүхчилсэн лавлагаагаар нотлогдоно. Н.Б нь компанийн үйл ажиллагаанд 2019 оноос оролцохоо больсон бөгөөд компаниас гарахдаа Д.Отгонтуяа захиралд хэлэхэд мэдэж байгаа, болгож өгнө гэж хэлж байсан.

Л.С, Ш.Доржханд нарын нэхэмжлэлийн шаардлагыг Ц ХХК бүрэн хариуцах тул уг 53,000,000 төгрөгийг Л.С, Г.Д нарт гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баднайсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани хххххххххххххх тоот орон сууцтай холбоотой Л.С гэж хүнтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж байгаагүй бөгөөд тус компанийн хувьцаа эзэмшигч гэх хүнд 30,000,000 төгрөг зээлүүлж уг 79 тоот орон сууцыг Л.С гэж хүнд өгөхөөр тохиролцсон гэх тохиролцоог Л.Стэй байгуулж байгаагүй.

Хэрвээ 30,000,000 төгрөгөө Н.Б гэх хүнд зээлүүлсэн бол тухайн хүнээсээ зээлсэн мөнгөө шаардах нь зүйн хэрэг. Л.Сгийн эхнэр Г.Дтай 2017 оны 02 сарын 08-ны өдөр 326/4 тоот орон сууц захиалгын гэрээ байгуулж 90,540,000 төгрөгөөр уг 79 тоот орон сууцыг худалдахаар тохирсон байсан боловч Г.Д 2017-2019 он хүртэл нэг ч төлбөр төлөөгүй тул дээрх орон сууц захиалгын гэрээ цуцлагдсан.

Ийнхүү Г.Дтай байгуулсан гэрээ төлбөр төлөөгүйн улмаас цуцлагдсан тул гэрээний дагуу гэрээ цуцлагдсаны торгууль, 2 жилийн хугацаанд тухайн байранд амьдарсан түрээсийн төлбөр, дахин засвар хийсэн зайлшүй зардал зэрэг нийт 29,582,600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч Г.Дын хаяг тодорхойгүй тул тус шүүхийн 2019 оны 01 сарын 25-ны өдрийн 1894 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Үүний дагуу Г.Дыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гарган Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ххххххххххххх дугаар шийдвэр гарч Г.Дыг эрэн сурвалжлахаар болсон.

Манай компани тус 79 тоот орон сууцыг иргэн Б.Анхбаяртай худалдах, худалдан авах гэрээ байгуулан түүнд худалдсан бөгөөд Б.Анхбаяр 2021 оны 03 сарын 20-ны өдөр уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон.

Компанийн хувьцаа эзэмшигчид хувьд нь мөнгө зээлүүлээд түүнийгээ компаниас нэхэж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Л.С, Г.Д нар нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэлүүд, хххххххххххх тоотын эрхийн улсын бүртгэлийн ххххххххххх дугаарт бүртгэлтэй 88 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаанууд,

Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2021 оны 05 сарын 19-ний өдрийн 880 тоот Г.Батдорж 30,000,000 төгрөгийн зээл авч зээлийг хаасан тухай лавлагаа, Г.Батдоржийн зээлийн дансны хуулга,

Л.Сгийн Хаан банк дахь 2017 оны 05 сарын 02-17-ны өдрүүдийн хуулга, Н.Бы 2021.05 сард бичсэн гэх тайлбар, Г.Батдоржийн 2021 оны 05 сарын 20-ны өдөр бичсэн гэх тайлбар, Г.Батдоржийн иргэний үнэмлэхийн хуулбар, П.Цэрэннадмидын 2021.05 сард бичсэн гэх тайлбар,

2021 оны 02 сарын 26-ны өдөр Ц ХХК-тай тооцоо нийлсэн акт, Н.Бы Капитал банк дахь зээлийн дансны хуулга, Г.Батдоржийн Капитал банк дахь зээлийн дансны хуулга, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн хошууч Р.Буяндэлгэрийн 2022 оны 09 сарын 08-ны өдрийн 223166 дугаар бүхий мэдэгдэл,

Л.С, Г.Д, С.Агиймаа нарын оршин суух хаягийн лавлагаа, Соёлтхүүгийн Агиймаа 1994 оны 05 сарын 19-ний өдөр төрсөн тухай төрсний гэрчилгээний хуулбар, бэлэглэлийн гэрээ,

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 сарын 13-ны өдрийн 14999 дугаар бүхий хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Хариуцагч Ц ХХК хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, Г.Дтай 2017 оны 02 сарын 08-ны өдөр тооцоо нийлсэн акт,

Г.Дыг эрэн сурвалжилсан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ххххххххххххх дугаар шийдвэр,

Г.Дтай 2017 оны 02 сарын 08-ны өдөр байгуулсан 326/4 дугаар бүхий орон сууц захиалгын гэрээ, Г.Дтай 2017 оны 02 сарын 08-ны өдөр байгуулсан 326/4 дугаар бүхий орон сууц хөлслөх гэрээ,

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 11-ний өдрийн 8197 дугаар бүхий Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Дад холбогдох 47,650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн захирамж зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч Н.Б нь хариу тайлбар, О.Билгүүнд олгосон итгэмжлэл зэргийг баримтаар ирүүлжээ.

 

Шүүхийн журмаар:

Тус шүүхийн 2021 оны 07 сарын 28-ны өдрийн 11542 дугаар захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас Ц ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа,

Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсээс хххххххххххххх тоотод орших, 54 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх, бүртгэгдсэн бол үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийг,

 

2021 оны 08 сарын 31-ний өдрийн 13922 дугаар захирамжаар Хаан банкнаас Ц ХХК нь тус банкинд харилцах данстай эсэх, данстай бол бүртгэгдсэн бүх дансны хуулгыг 2018.06.29-ний өдрийн байдлаар гаргуулах,

Голомт банкнаас тус банк дахь Ц ХХК-ийн 2715006864 тоот дансны хуулгыг 2018.06.29-ний өдрийн байдлаар гаргуулах,

 

2022 оны 04 сарын 11-ний өдрийн 8844, 2022 оны 04 сарын 29-ний өдрийн 10676 дугаар захирамжуудаар Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол, Ц хотхоны газрын түүхчилсэн лавлагаа, хувийн хэргийн хуулбарыг,

 

2023 оны 03 сарын 16-ны өдрийн 7048 дугаар захирамжаар Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас Г.Батдорж, Н.Гантуяа нарын өмчлөлийн хххххххххххх тоотын 88 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн ххххххххххх дугаарт бүртгэлтэй орон сууцыг Капитал банкинд барьцаалан зээл авч төлсөнтэй холбоотой баримтыг тус тус нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсний дагуу холбогдох баримтуудыг ирүүлсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Д, Л.С нар нь хариуцагч Ц ХХК, Н.Б нарт холбогдуулан Ц ХХК-тай 2017 оны 02 сарын 08-ны өдөр байгуулсан 326/4 тоот орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, тус гэрээний дагуу шилжүүлсэн 53,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Ц ХХК нь Гантөмөрийн Доржхандтай 2017 оны 02 сарын 08-ны өдөр 326/4 тоот орон сууц захиалгын гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол, Консулын гудамж, В1 блок, 2-р орц, 2 давхар, А загвар, 2 өрөө, 50,3 м.кв орн сууцыг 1 м.кв-ыг 1,800,000 төгрөгөөр, нийт үнэ 90,540,000 төгрөг гэж тохирсон гэх ба Г.Д нар уг орон сууцанд 2017 оны 02 сарын 08-ны өдрөөс 2020 оны 06 сар хүртэл, дүү н.Болор нь 2020 оны 06 сараас 2022 оны 09 сарын 15-ны өдөр хүртэл оршин суусан талаар нэхэмжлэгч нар маргаагүй болно.

Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамга даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзлээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 66-69, 3 дугаар хавтасны 179-181 дүгээр тал /

 

Гадаад худалдаа, үл хөдлөх хөрөнгө, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэх Ц ХХК-ийн талаарх Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 08 сарын 05-ны өдрийн 2/5375 тоот хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанд:

2008.01.07-ны өдөр уг компанийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэснээс гадна Намсрайжавын Одхүү, Намсрайжавын Энхсайхан, Намсрайжавын Баярсайхан, Лйирэвийн Батчулуун нарыг мөн 2008.01.07-ны өдөр үүсгэн байгуулагчаар бүртгэсэн бөгөөд уг компанийн гүйцэтгэх удирдлагаар Намсрайжавын Одхүү 2008.01.07-2011.01.24,

Намсрайжавын Баярсайхан 2011.01.24-2012.11.07,

Пүрэвжавын Ганзориг 2012.11.07-2016.07.25,

Дугарсүрэнгийн Отгонтуяа 2016.07.25-ны өдрөөс ажиллаж байгаа гэжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 63-65 дугаар тал/

 

Г.Д 2021.09.28-ны өдөр шүүхэд гэрчээр өгч байсан мэдүүлэгтээ:

Би Л.Сгийн эхнэр. Ц ХХК-тай байгуулсан 2017 оны орон сууц захиалах, хөлслөх гэрээнд нөхөр байхгүй байсан тул гарын үсэг зураад түлхүүр ав гэсэн. ... 2017.02.08-ны гэрээний үүрэгт мөнгө хийсэн л гэж хэлсэн. Нийт дүнг нь сайн мэдэхгүй. Сүүлд 20,000,000 төгрөг шилжүүлсэн гэж хэлсэн. ... гэжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 230-232 дугаар тал/

 

Н.Б 2021.09.28-ны өдөр шүүхэд өгсөн гэрчээр өгч байсан мэдүүлэгтээ:

2008-2019 он хүртэл Ц ХХК-д ажиллаж байсан. Компани яваандаа 4 эзэмшигчтэй болсон. 2008-2012 он хүртэл захирлаар ажиллаж байгаад үйл ажиллагаа хариуцсан захирал болсон. 2019 он хүртэл хувьцаа эзэмшиж байсан.

Ажил эхлэх үед газар чөлөөлөлт хийхэд 4, 5 айл дутуу байсан. Би найзуудынхаа гэрчилгээг авсан. Би Соёлоод хүсэлт тавьсан. Банкинд 120,000,000 төгрөгт тавьсан. Тус мөнгийг компани төлнө гэдгийг хувьцаа эзэмшигчид мэдэж байсан. Би 2019 онд гарахдаа Л.Сгийн асуудлыг шийдье гэхэд захирал мэдэж байгаа гэсэн. Л.Сгийн төлсөн мөнгийг компани буцааж өгөөгүй. Л.Сгээс авсан мөнгийг газар авахад хэрэглэсэн.

30,000,000 төгрөгийг Ц ХХК-ийн өмнөөс би авч компанид зориулсан. Оронд нь байр өгнө гэж байсан. Ц ХХК Л.С нарын хооронд 30,000,000 төгрөгтэй холбоотой бичгийн баримт байхгүй, олон жил нйазалсан учраас итгэсэн.

88а байрны 79 тоотын гэрээг эхнэр нь хийсэн сураг байсан. Борлуулалтын алба хүлээлгэж өгсөн. 30,000,000 төгрөгийг эхний чөлөөлөөгүй 4 айлд өгсөн. ... 2018 онд хөөж гаргасан байх үед нь би Д.Отгонтуяатай уулзаад байр өгөх ёстой, эсвэл мөнгийг нь өгөх ёстой гэж хэлсэн. Надад бичиг үйлдээд өг гэсэн учраас өргөдөл бичиж баримттай нь өгч байсан. ... гэжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 222-225 дугаар тал/

 

Г.Батдорж 2021.09.28-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ:

Л.С миний хуурай ах. Н.Быг Цгийн захирал байхыг мэднэ. Компани нь байр барих гэж байгаа, газраа чөлөөлж байгаа тул надад ажилд туслаач гэж хүсэлт тавьсан. Тухайн үед би айлуудтай нь хамт уулзаж байсан. Газар чөлөөлөхийн тулд айлуудад мөнгө өгөх хэрэгтэй гэдгийг би ойлгосон.

Тухайн үед рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан миний байрыг тавиад мөнгийг нь газар чөлөөлөх үйл ажиллагаанд зарцуулсан. Бидний хооронд байсан тохироо нь м.кв 650,000-780,000 төгрөгийн хооронд үнэлж 2 байрыг баригдсан өртгөөр нь өгнө гэсэн. 14 айл чөлөөлүүлнэ, одоогоор 9 айл чөлөөлүүлсэн, барилгаа яаралтай эхэлье гэж байсан.

Зээлийг Л.С хүүгийн хамт төрсөн. 30,000,000 төгрөгийг Ц ХХК зээлж авсан. .. гэжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 226-229 дүгээр тал/

 

П.Цэрэннадмид 2021.10.18-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ:

Л.Сг мэдэхгүй. Надтай Н.Б ахаар дамжуулж 1 удаа уулзаж байсан. Байрны зээлийн хүүг компани төлж байсан гэдэг мэддэг зүйлээ л би бичиж өгч байсан ... гэжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 243-245 дугаар тал/

 

Н.Энхсайхан шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:

Би Ц ХХК-д 2014 оны 01 сараас төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар 2018 оны 01 сар хүртэл ажилласан. Үүнээс өмнө тус компанид хувьцаа эзэмшигч байсан. Бүтээн байгуулалт, барилгын үйл ажиллагаанд нь бодлогын хэмжээнд оролцдог байсан.

Газар чөлөөлөлт 2010 оноос эхэлсэн ба борлуулалтын орлого, бартераар газар чөлөөлж байсан. Н.Б, Л.С нарыг 2 ланг нь танина.

Борлуулалт 2015 оны 10, 11 сард эхэлж байсан санаж байна. Тэрнээс өмнөх мөнгөтэй холбоотой асуудлыг хувьцаа эзэмшигчид өөрсдийн хөрөнгөөс гаргаж байсан. Тэр болтол санхүүгийн хүндрэл гарч байсан.

4 хүний байр барьцаалаад Капитал банкнаас 100,000,000 төгрөгийн зээл авч байсан санаж байна. Хувьцаа эзэмшигчид өөрсдийн хөрөнгөө тавиад өөрсдийн нэр дээр авсан байх. Компани ч байж магад.

Л.С хөрөнгө барьцаалсан уу гэвэл барьцаалсан. Хүүг нь төлье гэж шийдвэр гарч байсан. 2012, 2013 он байх. Компани хүүг нь төлсөн.

Тухайн үед хувьцаа эзэмшигчдийн хурал хийж байгаагүй. Н.Б ах бид хоёр ярилцаад шийдчихдэг байсан.

2018 онд байр авах асуудал Н.Б ахтай ярьсан юм шиг байна лээ. 800,000 төгрөгөөр үнэ тооцох гэдгийг одоо сонсож байна гэжээ.

 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 08 сарын 26-ны өдрийн 114 дугаар бүхий Эрхийн улсын бүртгэлийн ххххххххххх, ххххххххххххх, хххххххххххххх, ххххххххххх, ххххххххххх, хххххххххххх, хххххххххххх, ххххххххххх дугааруудыг хүчингүй болгож, хувийн хэрэг бүртгэлийг хаах тухай тушаалаар:

-Иргэн Н.Б /РД: ХИ69041139/ нь эрхийн улсын бүртгэлийн ххххххххххх, ххххххххххххх, хххххххххххххх, ххххххххххх, ххххххххххх, хххххххххххх, хххххххххххх, хххххххххххх дугааруудад бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 14-р хороо, Консулын 11 дүгээр гудамжны 349А тоот,

ххххххххххххххххх тоот,

ххххххххххххххххх тоот

хххххххххххххххххх тоот,

ххххххххххххххххххххх тоот

ххххххххххххххххххххх тоот

ххххххххххххххххххххххх тоот

хххххххххххххххххх тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхээс татгалзсан тул эрхийн улсын бүртгэлийн ххххххххххх, ххххххххххххх, хххххххххххххх, ххххххххххх, ххххххххххх, хххххххххххх, хххххххххххх, хххххххххххх дугааруудыг хүчингүй болгож, хувийн хэрэг бүртгэлийг хаажээ.

 

Ц ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганзориг 2014 оны 08 сарын 28-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлсэн 02/114 тоот Нийслэлийн захирамж гаргуулах тухай хүсэлтдээ:

-Ц ХХК нь Баянзүрх дүүргийн 14-р хороонд баригдаж буй Ц хотхон-д 432 айлын орон сууцны барилгыг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.

хххххххххххххх тоот, 11-р гудамжны 349а тоот, 13-р гудамжны ххххххххххххххххх тоот, 14-р гудамжны ххххххххх тоот зэрэг нийт 5,900 м.кв газарт Нийслэлийн захирамж гаргаж өгнө үү гэсэн байна.

 

Нийслэлийн засаг даргын 2014 оны 10 сарын 28-ны өдрийн А/918 тоот болон 2015 оны 01 сарын 20-ны өдрийн А/54 тоот захирамжуудаар Баянзүрх дүүргийн 14-р хороонд нэгж талбарын 136004/0180 дугаар бүхий 5,467 м.кв газрыг Ц ХХК-д 5 жилийн хугацаатай орон сууц, оффис, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Ц ХХК-ийн газар баталгаажилтын хувийн хэргийн хуулбараар тогтоогдлоо.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 87-197 дугаар тал/

 

Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн газрын 2022 оны 05 сарын 19-ний өдрийн 1/962 тоот лавлагаанд:

Газрын кадастрын мэдээллийн сангийн 2006 оны 09 сарын 03-ны өдрөөс 2022 оны 05 сарын 16-ны өдөр хүртэлх мэдээллээс ххххххххх регистрийн дугаараар хайлт хийж үзэхэд дараах байдалтай байна. Үүнд:

-2014 оны 11 сарын 20-ны өдрийн мэдээлэлд 5466 м.кв талбайтай хххххххххххххххх нэгж талбарын дугаартай газар нь ххххххххх регистрийн дугаартай байгууллагын нэр дээр бүртгэсэн байна,

-2015 оны 09 сарын 08-ны өдрийн мэдээлэлд 6115 м.кв талбайтай ххххххххххххх нэгж талбарын дугаартай газар нь ххххххххх регистрийн дугаартай байгууллагын нэр дээр бүртгэсэн байна,

-2016 оны 04 сарын 08-ны өдрийн мэдээлэлд хххххххххххххххх нэгж талбарын дугаартай газрын эзэмшигчийн мэдээлэлд өөрчлөлт орсон байна.

-2017 оны 02 сарын 14-ний өдрийн мэдээлэлд ххххххххххххх нэгж талбарын дугаартай газар нь 2 хуваагдан 1209 м.кв талбайтай ххххххххххх нэгж талбарын дугаартай 4904 м.кв талбайтай ххххххххххх нэгж талбарын дугаартайгээр тус тус бүртгэсэн байна.

2022 оны 05 сарын 11-ний өдрийн мэдээлэлд 8057 м.кв талбайтай ххххххххххххх нэгж талбарын дугаартай, 1204 м.кв талбайтай ххххххххххх нэгж талбарын дугаартай газрууд нь ххххххххх регистрийн дугаартай байгууллагын нэр дээр бүртгэгдсэн байна гэжээ.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 199-203 дугаар тал/

 

Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, 50 мянгат, 13/2 байр, 13 тоотын эрхийн улсын бүртгэлийн ххххххххххх дугаарт бүртгэлтэй 88 м.кв талбай бүхий орон сууц иргэн Г.Батдорж, Н.Гантуяа нарын өмчлөлд бүртгэлтэй бөгөөд уг орон сууцыг Капитал банкинд барьцаалан тухайн банкнаас 2012 оны 05 сарын 24-ний өдөр 30,000,000 төгрөгийг зээлэн авч 2012 оны 10 сарын 10-ны өдөр зээлийг бүрэн төлсөн байна.

Дээрх 30,000,000 төгрөгийг Ц ХХК-ийн барилга барих үйл ажиллагаанд зарцуулсан болох нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдлоо.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 8-12, 2 дугаар хавтасны 2-5, 3 дугаар хавтасны 206-210 дугаар тал/

 

Хариуцагч Ц ХХК-ийн Хаан банк дахь ххххххххххххх тоот дансанд 20,000,000 төгрөгийг Соёлоогоос гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн нь Хаан банкны 2021 оны 09 сарын 06-ны өдрийн 512и/411 болон 2021 оны 09 сарын 08-ны өдрийн 50/8031 тоот лавлагаанууд болон ххххххххххххх тоот дансны хуулга, мөнгө шилжүүлсэн баримтаар тус тус тогтоогдлоо.

Ц ХХК-ийн 2021 оны 02 сарын 26-ны өдрийн захиалагч Г.Д нь 2017.02.08-ны өдрийн 326/4 тоот гэрээний дагуу төлсөн төлбөрийн талаар тооцоо нийлсэн актад нийт төлсөн төлбөр 20,000,000 төгрөг гэж тусгасан ба хариуцагч тал уг 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нар төлсөн талаар маргаагүй.

/ХХ-ийн 13, 105, 113-114, 131, 134, 234-236 дугаар тал/

 

Ц ХХК нь иргэн А.Анхбаяртай 2020 оны 12 сарын 25-ны өдөр 326/4 дугаар бүхий орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол, Консулын гудамж, 88А байрны 79 тоотын 50,3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг А.Анхбаярт 60,540,000 төгрөгөөр худалджээ.

Худалдагч Ц ХХК нь Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн 2021 оны 03 сарын 19-ний өдөр ххххххххххх тоот хүсэлтдээ Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол, Консулын гудамж, 88А байрны 79 тоотын 50,3 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг А.Анхбаярын нэр дээр шилжүүлж өгнө үү. ... Байрны төлбөр тооцоо бүрэн дууссан гэжээ.

А.Анхбаяр нь 2021 оны 03 сарын 20-ны өдөр хххххххххххххххх тоот хаягт байршилтай, 50,3 м.кв талбай бүхий 2 өрөө, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххх дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 71-85 дугаар тал/

 

Нэхэмжлэгч тал хариуцагч Ц ХХК-тай байгуулсан 2017 оны 02 сарын 08-ны өдрийн 3264 дугаар бүхий орон сууц захиалгаар бариулах гэрээ хэрэгжих боломжгүй болсон буюу уг орон сууцны өмчлөх эрхийг бусдад шилжүүлсэнтэй холбоотой гэрээнээс татгалзаж байгаа талаараа тайлбарлаж байх ба хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгч тал гэрээний үнэд төлсөн 53,000,000 төгрөгийг хариуцагч Ц ХХК-иас шаардах эрхтэй.

 

Г.Батдорж нарын өмчлөлийн орон сууцыг банкинд барьцаалан зээлэн авсан 30,000,000 төгрөгийг 2017 оны 02 сарын 08-ны өдрийн гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол, 88А байрны 79 тоот орон сууцны төлбөрт тооцохоор тохирсоноос бус уг орон сууцны 1 м.кв талбайн үнийг 800,000 төгрөг гэж тохирсон нь тогтоогдоогүй.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй,

243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.

 

Ц ХХК-ийн гүйцэтгэх удирдлага, хувьцаа эзэмшигч хариуцагч Н.Б нь Г.Батдоржийн орон сууцыг барьцаалан Капитал банкнаас зээлсэн 30,000,000 төгрөгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан тул гэрээнээс татгалзсантай холбоотой үүрэг хүлээхгүй.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг баримтлан хариуцагч Ц ХХК-иас 53,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Д, Л.С нарт олгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч Н.Бд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Г.Дтай Ц ХХК нь 2017 оны 02 сарын 08-ны өдрийн 326/-4 дугаар бүхий орон сууц хөлслөх гэрээ байгуулан хххххххххххххх тоотын орон сууцыг 2017.02.08-ны өдрийн 326/4 тоот орон сууц захиалгын гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхтэй холбоотой харилцааг зохицуулахаар байгуулсан гэх ба уг орон сууц хөлслөх гэрээтэй холбоотой асуудлаараа хариуцагч Ц ХХК жич нэхэмжлэлээ гаргах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгпсэн төлөөлөгч Г.Гэлэгдулам нь ххххххххххххх тоот орон сууцанд 2022 оны 09 сарын 15-ны өдөр цагдаагийн байгууллага нэвтэрч байх үеийн гэх СД бичлэгийг ирүүлсэн ба уг бичлэгийг хуульд заасан арга хэрэгслээр олж авч бэхжүүлсэн эсэх нь тодорхойгүй, Г.Д нарын нэхэмжлэлтэй хэрэгт хамааралтай эсэх нь тодорхойгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг баримтлан хариуцагч Ц ХХК-иас 53,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Д, Л.С нарт олгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч Н.Бд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Д, Л.С нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 495,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц ХХК-иас 495,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Д, Л.С нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож,14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН