Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2023/01374

 

 

 

 

 

 

 

 

2023 03 16

101/ШШ2023/01374

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 00 тоотод байрлах, А ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0 тоотод оршин суух, Д.Б /рд:0000/-т холбогдох, 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 10,801,360 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, Б.Б, Г.Х, хариуцагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Д.Бгай ажил гүйцэтгэх №2022/005 тоот гэрээ байгуулсан. Тус гэрээгээр хариуцагч нь Баянзүрх дүүрэг, 20-р хороонд байрлах, өөрийн өмчлөлийн 476 м.кв объектод гадна бохир цэвэрлэх байгууламж Оникс-600, дотор ЦБУ 300/50, халаалтын систем 150 м.кв ажлуудыг хийж гүйцэтгүүлсэн. Анх 03 дугаар сарын 16-ны өдөр гадна бохир сордог, дотор ЦБУ 300/50, халаалтын систем гүйцэтгүүлэхээр тохиролцож, ажлын хөлс 25,921,200 төгрөг байсан юм. Ажил гүйцэтгэж байх явцад Д.Бийн хүсэлтээр гүйцэтгэх ажил нэмэгдэж гадна бохир цэвэрлэх байгууламж Оникс-600 төхөөрөмжийг суурилуулахаар болсон. Ингээд гэрээний үнийн болон ажлын нөхцөлд өөрчлөлт орж, нийт 31,096,200 төгрөгөөр ажил гүйцэтгэхээр болсон. Гэрээний нөхцөлд өөрчлөлт орсон гэрээний он сарыг анх байгуулсан 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөр огноолон байгуулсан нь үнэн. Манай компани гэрээ бүрээ дугаарлаж дугаарын дагуу үддэг ба Д.Бтай байгуулсан гэрээ 005 дугаартай байсан ба уг дугаараар нь хөтлөхийн тулд он сарыг анх байгуулсан гэрээний огноогоор байгуулсан юм. Үүнийн Д.Б мэдэж байгаад гэрээнд гарын үсгээ зурсан. 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ажлаа бүрэн дуусгаж, ажил хүлээлцэх актаар баталгаажуулан системийг хүлээлгэн өгсөн. Д.Б нь нийт 31,096,200 төгрөг төлөхөөс 20,294,840 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 10,801,360 төгрөгийг төлөөгүй байна. Ажил гүйцэтгэх гэрээний 5.1-д талууд гэрээгээр тохиролцсон хугацааг хожимдуулсан тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг буруутай тал нөгөө талдаа төлнө гэж заасан байгаа. Төлбөр төлөх гэрээний хугацаа нийт 210 хоног хэтэрсэн бөгөөд алданги 11,341,428 төгрөг болж байна. Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анзын нийт үнийн дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 5,400,680 төгрөгийн алданги нэмэгдэж тооцогдож байна. Иймд нийт 16,202,040 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан тайлбартаа:

Миний бие А ХХК-иар өөрийн өмчлөлийн 476 м.кв объектод гадна бохир цэвэрлэх байгууламж Оникс-600, дотор ЦБУ 300/50, халаалтын систем 150 м.кв ажлуудыг хийж гүйцэтгүүлсэн. Гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 10,801,360 төгрөгийг төлөөгүй байгаа нь үнэн, уг төлбөрийг төлж барагдуулна. Харин алдангийн төлбөрийг төлөхгүй. Учир нь би хамгийн сайн гэсэн компанийг судалж А ХХК-иар дээрх ажлыг гүйцэтгүүлсэн. Гэвч хийсэн ажил нь доголдолтой буюу гэр дотор бохир үнэртдэг. Өнгөрсөн өвөл халаалтын систем нь муу байснаас гэр маш дулаан алдагдалтай, даарч өвөлжсөн. Тавих ёсгүй газар паар тавьж, тавих ёстой газраа тавиагүй байсан. Үүнээс үүдээд тогы мөнгө маш их хэмжээгээр гарсан. Дуудлага өгөхөөр ирсэн ажилтан нь ирж үзээд засч чаддаггүй. Ийм байдлаар би их хохирч байгаа тул алдангийг төлөхгүй. Үндсэн төлбөрийн үлдэгдлийг төлөхгүй байсан шалтгаан нь муу хийсэн ажлыг нь засуулсаны дараа өгнө гэж бодож байсан юм. Анх байгуулсан гэрээнд өөрчлөлт орж, ажил нэмж гүйцэтгүүлэхээр болоход тэр өдрөөр байгуулсан гэрээг өгөх ёстой гэж үзэж байна. Гэтэл анх байгуулсан гэрээний он, сараар байгаа нь эргэлзээтэй байна гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 Нэхэмжлэгчээс гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ажил гүйцэтгэх гэрээ, дууссан ажлын акт, захидлаар харилцсан гэх баримт,

3.2 Хариуцагчаас гаргасан иргэний үнэмлэхийн хуулбар, ажил гүйцэтгэх гэрээ, дансны хуулга, фото зураг, цахилгааны төлбөр төлсөн баримт, захидлаар харилцсан гэх баримт, барьцаат зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ,

3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн үзлэгийн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Д.Бт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 10,801,360 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч алдангийн төлбөр 5,400,680 төгрөгийг эс зөвшөөрч маргасан.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

3. Зохигчид 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Д.Бгай ажил гүйцэтгэх №2022/005 тоот гэрээг байгуулж, уг гэрээгээр А ХХК нь Д.Бын өмчлөлийн 476 м.кв амины сууцанд гадна бохир цэвэрлэх байгууламж Оникс-600, дотор ЦБУ 300/50, 150 м.кв халаалтын системийг тус тус суурилуулж өгөх, Д.Б нь ажлын хөлсөнд 31,096,200 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-8-11/

3.1 Хариуцагчаас хэргийн 32-35 дугаар талд авагдсан 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг нотлох баримтаар хэрэгт цуглуулж өгсөн. Уг хариуцагчаас гаргасан гэрээ нь анх талууд 25,921,200 төгрөгийн үнэ бүхий гадна бохир сордог, дотор ЦБУ 300/50, халаалтын системийн ажил гүйцэтгүүлэхээр тохирсон. Хожим гүйцэтгэх ажлыг нэмж гадна бохир сордог системийг цэвэрлэх байгууламжийн хамт гүйцэтгүүлэхээр тохирч, ажлын хөлс нийт 31,096,200 төгрөг болсон үйл баримтын талаар хэн аль нь тайлбарласан.

3.2 Хариуцагч Д.Б нь хожим гэрээний нөхцөлд өөрчлөлт орж бохир сордог системийг цэвэрлэх байгууламжийн хамт гүйцэтгүүлэхээр тохиролцож, хэргийн 8-11 дүгээр талд авагдсан гэрээнд тэрээр гарын үсэг зурсан талаар маргаагүй. Харин хожим байгуулсан гэрээний огноо нь тухайн байгуулсан өдрөөрөө бус анх байгуулсан гэрээний огноо буюу 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөр байгаа тул уг гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж маргасан нь үндэслэлгүй байна. Гэрээнд өөрчлөлт орсон он, сар өдрөөр гэрээг огноолоогүй нь тухайн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлд хамаарахгүй.

3.3 Талуудын байгуулсан гэрээ, тайлбараас тус тус үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

4. Ажил гүйцэтгэгч А ХХК нь 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Д.Бын өмчлөлийн 476 м.кв амины сууцанд гадна бохир цэвэрлэх байгууламж Оникс-600, дотор ЦБУ 300/50, 150 м.кв халаалтын системийг тус тус суурилуулан хүлээлгэн өгсөн болох нь дууссан ажлын актын баримтаар тогтоогдсон. Уг баримтад захиалагч Д.Б нь сэтгэл ханамж маш сайн, санал хүсэлт байхгүй гэж тэмдэглэн ажлын үр дүнг хүлээн авсан байх ба тэрээр гэрээгээр тохирсон ажлын үр дүнг хүлээн авсан үйл баримтад маргаагүй. /хх-11/

4.1 Мөн хариуцагч нь ажлын хөлс 31,096,200 төгрөг төлөх үүрэгтэйгээс 10,801,360 төгрөгийг төлөөгүй талаархи үйл баримтад маргаагүй, уг ажлын хөлсийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Иймд хариуцагч Д.Баас гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох 10,801,360 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

5. Талуудын байгуулсан гэрээний 5.1-д талууд гэрээгээр тохиролцсон хугацааг хожимдуулсан тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг буруутай тал нөгөө талдаа төлнө гэж тохиролцсон байна.

5.1 Уг гэрээний 5.1-т заасан зохицуулалт нь талуудын хэн алинд нь хамааралтай буюу хоёр талын хэн аль нь гүйцэтгэх үүргийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд нөгөө талдаа төлөх алданги байна. Үүнээс үзэхэд гүйцэтгэгч нь ажлын үр дүнг хэзээ хүлээлгэн өгөх хугацаа болон захиалагчийн төлбөр төлж дуусгах хугацаа тус бүр гэрээнд тодорхой заасан тохиолдолд дээрх гэрээний 5.1 дэх заалт хэрэгжих боломжтой юм.

Гэтэл талуудын байгуулсан гэрээний 1.5-д зааснаас үзэхэд гүйцэтгэгч нь ажлын үр дүнг хэзээ гүйцэтгэж хүлээлгэн өгөх хугацааг тохироогүй байгаа нь гүйцэтгэгч талд гэрээний 5.1-т заасан зохицуулалт хэрэгжих боломжгүй атлаа уг зохицуулалт нь зөвхөн захиалагчийн гэрээгээр гүйцэтгэвэл зохих үүргийг хариуцлагажуулсан байна.

5.2 Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг стандарт нөхцөл гэнэ гэж, 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч А ХХК нь хуулийн этгээд бөгөөд аж ахуй эрхэлдэггүй нөгөө тал болох иргэн Д.Бт санал болгож байгаа гэрээний 5.1-д заасан зохицуулалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.2 дахь заалтад аж ахуй эрхэлдэггүй иргэнтэй гэрээ байгуулахаар санал гаргаж байгаа тал нь үүргээ гүйцэтгэхэд хэт урт буюу тодорхой бус хугацаа тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөлд тусгасан бол уг нөхцөл нь хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар уг гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Иймд нэхэмжлэгч А ХХК нь гэрээний 5.1-д заасныг үндэслэн хариуцагч Д.Баас алданги шаардах эрхгүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алдангид нэхэмжилсэн 5,400,680 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

6. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч Д.Баас 10,801,360 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,400,680 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагчаас 10,801,360 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 187,772 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,961 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

8. Зохигчдоос хэрэгт гаргаж өгсөн захидлаар харилцсан гэх баримт нь и-баримт олгосон эсэхтэй холбоотой байх ба энэ талаар талууд нэхэмжлэл гаргаагүй. Мөн хариуцагчаас гаргасан цахилгааны төлбөр төлсөн баримт, барьцаат зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэрэг баримтууд нь талуудын маргааны зүйлд хамааралгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Д.Баас 10,801,360 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,400,680 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,961 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 187,772 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ