Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/00983

 

 

 

 

 

 

2023 05 12 210/МА2023/00983

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Г.Даваадорж, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2023/01374 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: А ХХК

Хариуцагч: Д.Б-

Нэхэмжлэлийн шаардлага: ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 16,202,040 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 А ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Д.Б-тай ажил гүйцэтгэх 2022/005 дугаартай гэрээ байгуулсан. Гэрээгээр нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороонд байрлах, өөрийн өмчлөлийн 476 м.кв талбайтай объектод гадна бохир цэвэрлэх байгууламж оникс-600, дотор ЦБУ 300/50, халаалтын систем 150 м.кв ажлуудыг хийж гүйцэтгэх, хариуцагч хөлс төлөхөөр тохиролцсон.

Ажил гүйцэтгэх явцад Д.Б-ийн хүсэлтээр гүйцэтгэх ажил нэмэгдэж, гадна бохир цэвэрлэх байгууламж оникс-600 төхөөрөмжийг суурилуулахаар болсон. Улмаар гэрээний үнийнд дүнд өөрчлөлт орж, нийт 31,096,200 төгрөгөөр ажил гүйцэтгэхээр болсон. Гэрээний нөхцөлд өөрчлөлт орсон гэрээний он, сарыг анх байгуулсан 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөр огноолсон. 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ажлаа бүрэн дуусгаж, ажил хүлээлцэх актаар баталгаажуулан хариуцагчид хүлээлгэн өгсөн.

1.2 Д.Б- нь нийт 31,096,200 төгрөг төлөхөөс 20,294,840 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 10,801,360 төгрөгийг төлөөгүй. Гэрээнд зааснаар 210 хоногийн алданги 11,341,428 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар анзын нийт үнийн дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул алданги 5,400,680 төгрөг болж байна.

Иймд хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үлдэх төлбөр 10,801,360 төгрөг, алданги 5,400,680 төгрөг, нийт 16,202,040 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Миний бие А ХХК-аар өөрийн өмчлөлийн 476 м.кв талбайтай объектод гадна бохир, цэвэрлэх байгууламж оникс-600, дотор ЦБУ 300/50, халаалтын систем 150 м.кв талбайтай ажлуудыг хийж гүйцэтгүүлсэн.

Гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 10,801,360 төгрөг төлөөгүй нь үнэн. Уг төлбөрийг төлнө. Харин алданги төлөхгүй. Учир нь, А ХХК-ийн хийсэн ажил нь доголдолтой буюу гэр дотор бохир үнэртдэг, халаалтын систем нь муу, тавих ёсгүй газар паар тавьсан, тавих ёстой газраа тавиагүй. Дуудлагын ажилтан нь доголдлыг засаж чаддаггүй.

2.2 Анх байгуулсан гэрээнд өөрчлөлт орж, ажил нэмж гүйцэтгүүлэхээр болоход тэр өдрөөр байгуулсан гэрээг өгөх ёстой. Гэтэл анх байгуулсан гэрээний он, сараар байгаа нь эргэлзээтэй байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Д.Б-аас 10,801,360 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,400,680 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,961 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 187,772 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 А ХХК болон Д.Б- нарын хооронд 2 удаа ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Нэгдүгээр гэрээг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан боловч ковид-19 цар тахлын улмаас ажил эхлэхгүй. Улмаар 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гэрээ байгуулсан.

Хоёрдугаар гэрээг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр А ХХК-аас Т ХХК-ийн улсаас санхүүжүүлж байгаа хөнгөлөлттэй ногоон зээлд хамруулж өгөх боломжтой гэсэн мэдээллийн дагуу тус зээлийг авах зорилгоор байгуулсан. Тус зээлийг авахад бохирын системдээ цэвэрлэх байгууламж суурилуулах шаардлага тавьж байсан. Өөрөөр хэлбэл, жилийн 2 болон 3 хувийн хүүтэй зээлийг халаагуур, цэвэр бохир усны систем тавиулах нөхцөлтэй зээлийг авахын тулд хоёр дахь гэрээг үнэн санаанаасаа хүсээгүй, цэвэрлэх байгууламж суурилуулна гэж дүр үзүүлж байгуулсан. Д.Б- тус гэрээнд гарын үсэг зурах үедээ ...гэрээ яагаад он, саргүй байгаа-г асуухад ...банк руу зээлийн материал явуулах өдрөөрөө гараараа бөглөнө гэж хэлж хуурсан. Гэвч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрээний эхний нүүрийг сольж, нэгдүгээр гэрээний он, сараар буюу 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан мэт бичсэн байсан. Тэгсэн атлаа шүүх хуралдааны үед 2022 оны 05 дугаар сард тус гэрээг байгуулсан гэж тайлбарласан.

4.2 Ажил гүйцэтгэх гэрээнүүд нь гүйцэтгэх ажлын төрлөөрөө ялгаатай. Хариуцагчийн өгсөн нэгдүгээр гэрээний агуулга гадна бохирыг сордог байдлаар хийнэ. Нэхэмжлэгчийн өгсөн 2 дугаар гэрээний агуулга гадна бохир цэвэрлэх байгуулж оникс-600 байдлаар хийнэ. Тайлбар, бодит байдал дээр цэвэрлэх байгууламж байхгүй.

Шүүхээс хоёрдугаар гэрээг дүр үзүүлж хийсэн гэрээ гэдгийг дүгнээгүй, шийдвэрийнхээ үндэслэл болгож алдаа гаргасан үзэж байна.

4.3 Ажил гүйцэтгэх гэрээнүүд гэрээний нийт үнэ, төлбөр төлөх үе шатаараа ялгаатай байдаг. Нэхэмжлэгч 20,294,840 төгрөг хүлээн авсан гэж тайлбарласан. 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр буюу зээл авахаас өмнө 15,694,840 төгрөг төлсөн. Энэ мөнгөнөөс зээл гарсны дараа 15,000,000 төгрөгийг буцааж авсан. 694,840 төгрөгийг А ХХК авч үлдсэн. Нийт 20,294,840 + 694,840=20,989,680 төгрөгийг А ХХК авсан.

Д.Б- нь хүчин төгөлдөр гэрээ буюу 1 дүгээр гэрээгээр 25,921,200 төгрөг төлөх ёстойгоос 20,989,680 төгрөг төлсөн. Мөн анх 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ажил хийлгэхээр тохиролцохдоо урьдчилгаа 3,500,000 төгрөг төлсөн. Шүүх хуралдааны үед нэхэмжлэгч урьдчилгаа 3,500,000 төгрөгийг хүлээн авсан гэдгээ тайлбарласан. Одоо төлөх үлдэгдэл 1,431,520 төгрөг болох ёстой. /25,921,200 - 20,989,680 - 3,500,000 = 1,431,520/

Гэвч анхан шатны шүүхээс гэрээний үнийг дүр үзүүлж хийсэн гэрээ болох хоёрдугаар гэрээний үнээр тодорхойлж, урьдчилгаанд өгсөн 3,500,000 төгрөг буюу нэхэмжлэгчийн хүлээн авснаа зөвшөөрсөн 3,500,000 төгрөгийг хасалгүйгээр хариуцагчаас 10,801,360 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.4 Хариуцагчаас талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь доголдолтой бохирын үнэр аймшигтай их үнэртдэг, агааржуулагч нь ажилладаггүй, нэхэмжлэгчид хэлээд засаад өг, тэгээд үлдэгдэл төлбөрөө хийнэ гэхээр ирсэн нэг ажилтан нь янзалж чадаагүй ийм систем хэзээ ч ажиллахгүй гэж хэлээд явсан. Засварчид нь ирэхдээ моторыг нь янзлахгүйгээр хүчин чадлыг нь багасгадаг тул усны даралт бага гардаг, улмаар шүүлтүүргүй хлор, зэв ихтэй ус гардаг, хоёр нойлын өрөөтэй болъё гэж зорьсон боловч нэг нь одоог хүртэл ажиллагаанд ороогүй гэх мэт доголдолтой байсан. Гэрээний зүйл нь доголдолтой учир шинжээч томилуулах талаар хүсэлт гаргасан. Гэвч шүүхээс ...ажил хүлээж авсан учир шинжээч томилох шаардлагагүй гэж үзэж хүсэлтийг хангахаас татгалзсанд гомдолтой байна. Шинжээч томилсноор талуудын хооронд байгуулсан 2 гэрээний алинд нь заагдсан ажил хийгдсэнийг тодорхойлж, аль гэрээ нь хүчинтэйг тогтоох ач холбогдолтой байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн хариу тайлбарын агуулга:

5.1 Талуудын хооронд байгуулагдсан 31,096,200 төгрөгийн гэрээгээр А ХХК нь оникс-600 буюу цэвэрлэх байгууламжийн ажлыг хийж гүйцэтгэсэн нь хариуцагч Д.Б-ийн ажил хүлээн авсан актад тусгагдсан. 2020 онд ковид-19 цар тахал гарахаас өмнө Д.Б- манай компанийн холбогдох ажилтантай уулзаад ...барилгын ажлаа хэзээ үргэлжлүүлж дуусгах нь тодорхойгүй тул далд ажлаа хийгээд өг гэж хэлсэн. Далд ажил гэдэг нь барилга доторх бохирын шугам бөгөөд тухайн үед 3,500,000 төгрөгийн ажлыг хийж дуусгаад манай компаниас Д.Б-т баримтыг өгч ажлыг хаасан. Иймд 31,096,200 төгрөгийн ажилд 3,500,000 төгрөг хамааралгүй.

5.2 Хариуцагч Д.Б- нь анх гэрээ хийхдээ ...би ногоон зээлээр гэрээ хийх гэж байгаа юм, урьдчилгаа 19,600,000 төгрөгийг хувиасаа төлье, банкны зээл орж ирэхээр буцаагаад өгөөрэй гэх хүсэлтийг тавьсан. Иймд банкны мөнгө орж ирэхэд 15,000,000 төгрөгийн буцаалт хийсэн. Хариуцагч нь гэрээний дагуу 31,096,200 төгрөгөөс 20,029,840 төгрөгийг төлж, 10,801,360 төгрөг үлдсэн. Хариуцагч талын эхний гэрээ гэж тайлбарлаж байгаа 25,921,000 төгрөг нь септик системийн үнэ бөгөөд ажил хийгдэх газар голын эрэг дээр хөрсний устай байсан тул септик систем суулгавал насжилт бага байсан. Иймд оникс-600 систем буюу цэвэрлэх байгууламж санал болгосныг Д.Б- зөвшөөрч гэрээг өөрчилсөн гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Д.Б-т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 10,801,360 төгрөг, алданги 5,400,680 төгрөг, нийт 16,202,040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч алданги 5,400,680 төгрөгийг эс зөвшөөрч маргасан.

3. Хэргийн 32-35 дугаар талд А ХХК болон Д.Б- нарын хооронд 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан 2022/005 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ авагдсан. Гэрээгээр нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Их ам 476 м.кв талбайтай амины сууцанд гадна бохир цэвэрлэх байгууламж, дотор ЦБУ 300/50, 150 м.кв халаалтын системийг тус тус суурилуулах, Д.Б- нь ажлын хөлс 25,921,200 төгрөг төлөхөөр заасан байна.

3.1 Хэргийн 7-10 дугаар талд А ХХК болон Д.Б- нарын хооронд 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан 2022/005 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ авагдсан. Гэрээгээр нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Их ам 476 м.кв талбайтай амины сууцанд гадна бохир цэвэрлэх байгууламж оникс-600, дотор ЦБУ 300/50, 150 м.кв халаалтын системийг тус тус суурилуулах, Д.Б- нь ажлын хөлс 31,096,200 төгрөг төлөхөөр заасан байна. /хх 7-10/

4. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хэргийн 32-35 дугаар талд авагдсан гэрээний үнээр буюу 25,921,200 төгрөг гэж үгүйсгэсэн, нэхэмжлэгч нь хэргийн 7-10 дугаар талд авагдсан гэрээний үнээр буюу 31,096,200 төгрөг гэж тодорхойлж, үүнд нэмэлт ажил болох оникс-600 төхөөрөмжийг хариуцагчийн хүсэлтээр суурилуулсан гэж тайлбарласан.

Дээрх 2 гэрээний үнэ болон гүйцэтгэх ажлын хэмжээ нь харилцан адилгүй байна. Өөрөөр хэлбэл, 25,921,200 төгрөгийн үнэтэй гэрээний ажлын хэмжээ нь гадна бохир сордог, харин 31,096,200 төгрөгийн үнэтэй гэрээний ажлын хэмжээ нь гадна бохир цэвэрлэх байгууламж оникс-600 төхөөрөмжийг суурилуулахаар ялгаатай байна.

5. Нэхэмжлэгч нь 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хариуцагчид ажлыг актаар хүлээлгэж өгсөн. Актад ажлын төрлийг оникс, халаалт 150 м.кв, дотор цэвэр 300 литр усны сав, а/ц 2 ширхэг, бойлер 10 литр, гадна цэвэр 11 метр шугам зэргийг заасан байна. /хх 11/

Иймд анхан шатны шүүх талуудын хооронд 31,096,200 төгрөгийн үнэтэй гэрээний хүрээнд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд анх 25,921,200 төгрөгийн үнэтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан боловч нэмэлтээр оникс-600 төхөөрөмжийг суурилуулах болсноор ажлын төсөв 31,096,200 төгрөг болж нэмэгдсэн, хариуцагч үүнийг зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан, ажлын үр дүнг хүлээн авсан байна. Иймд сүүлийн гэрээ нь эхний гэрээний үргэлжлэл гэж дүгнэхээр байх тул хариуцагчийн 25,921,200 төгрөгийн үнэтэй гэрээ байгуулсан гэх татгалзал, ... 31,096,200 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ нь дүр үзүүлэн хийсэн гэрээ гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

6. Анхан шатны шүүх хариуцагчийг ...10,801,360 төгрөг төлөөгүй талаарх үйл баримтад маргаагүй, төлөхийг зөвшөөрсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь, хариуцагч нь гэрээний үүрэгт 3,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн талаар маргасан байна. /хх 86/ Хэрэгт хариуцагчаас 3,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн талаар бичгийн баримт авагдаагүй. Нэхэмжлэгч нь тухайн 3,500,000 төгрөгийг ...өөр ажлын хөлсөнд тооцсон гэж тайлбарлаж буй тохиолдолд уг үндэслэлээ нотлох баримтаар нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч уг үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй байхад анхан шатны шүүх хариуцагчийг ...10,801,360 төгрөг төлөхийг зөвшөөрсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцээгүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт хариуцагчаас 7,301,360 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулна. Харин гомдлоос ...25,921,200 төгрөгийн үнэтэй гэрээний үүрэгт нийт 20,989,680 төгрөгийг төлсөн тул үлдэх төлбөр 1,431,520 төгрөг болно гэх хэсгийг хангахгүй.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас алдангитай холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх талуудын зарчимд үндэслэн энэ талаар дүгнэлт хийгээгүй болно.

8. Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан ...нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил доголдолтой байгаа эсэхэд шинжээч томилуулах, ...сүүлд байгуулсан гэрээ нь жинхэнэ гэрээ мөн эсэхэд шинжээч томилуулах гэх хүсэлтийг анхан шатны шүүх хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчөөгүй байна. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2023/01374 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 10,801,360 гэснийг 7,301,360 гэж, 5,400,680 гэснийг 8,900,680 гэж,

2 дахь заалтын 187,772 гэснийг 131,772 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187,772 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

М.БАЯСГАЛАН