Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2023/00940

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:КББЭХА ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.С

Хариуцагч: М.Ц нарт холбогдох,

80,911,792.82 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.НэхэмжлэгчКББЭХА ХХКхариуцагч Д.С, М.Ц- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 80,306,095.84 төгрөгийг, нотариатын зардал 605,697 төгрөгийг нийт 80,911,792.82 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон Үүнд:. хариуцагч Д.С, М.Ц- нар нь 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр КБ ХХК-тай Ажиллагсдын орон сууцын зээлийн гэрээ-г байгуулж, 58,500,000.00 төгрөгийг сарын 0.6 хувийн, жилийн 8 хувийн хүүтэйгээр 2037 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаатайгаар Орон сууц худалдан авах зориулалтаар зээлж авахаар тохирсон.

Банк гэрээний 3.11-д зээлдэгчийн КБ ны 200002186 тоот харилцах депозит дансанд өдөрт нь 58,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлдэгч зээлийн хөрөнгөөр БЗД, 16 хороо хаягт байрлах орон сууцыг худалдан авсан.

Үүний дараа гэрээний талууд ажилтны орон сууцны зээлийн гэрээний бүтээгдэхүүнийг ипотекийн гэрээний бүтээгдэхүүнд шилжүүлэх зорилгоор 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр зээлийн үлдэгдэл дүн 57,190,000.00 төгрөгийн хэмжээнд 2033 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаагаар,сарын 067 хувийн, жилийн 8 хувийн хүү төлөх нөхцөлийг тохирч, улмаар 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 201 тоот Барьцааны гэрээг байгуулж, зээлийн мөнгөн хөрөнгөөр худалдан авсан Д.Сын өмчлөлийн Улсын эрхийн бүртгэлийн ү-0000 дугаарт бүртгэлтэй, БЗД, 16 хороо хаягт байрлалтай, 2 өрөө орон сууцыг барьцаалуулж,11-588755 тоот барьцаалбарыг үйлдсэн.

2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээ нь бие даасан тусдаа гэрээ биш бөгөөд өмнөх 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн орон сууцны зээлийн гэрээний үргэлжлэл байх ба 58,500,000 төгрөгийн зээлээс үндсэн төлөлт хийж үлдэгдэл 57,190,000 төгрөгийн зээлийн гэрээг талууд хүсэл зоригийн дагуу байгуулсан, гэрээний тохиролцоо хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр гэрээ болно.

Зээлдэгч нь 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй тул банк Д.С, М.Ц- нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд зээлийн төлбөрт 62,084,302.67 төгрөг гаргуулах үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага бүхйи нэхэмжлэлийг гаргасан.

Шүүх 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2017/000 дүгээр шийдвэрээр хариуцагч нараас 60,806,132.59 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 403 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Монгол Улсын дээд шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХТ2018/00819 тогтоолоор хариуцагч нар 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн хуваарийн дагуу зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байдал нь үүргийн ялимгүй зөрчил тул гэрээг цуцлах үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Зээлдэгч нар үүний дараа зээлээс дахин ямар ч төлөлт хийгээгүй тул КБ шүүхэд зээлийн үүрэгт 65,584,158 төгрөгийг гаргуулах үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг гаргасан. Гэвч хариуцагч нарын оршин суугаа хаягтаа байхгүй үндэслэлээр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШЗ2018/21043 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 30и/2251 албан бичгээр хариуцагч нарын амьдарч байгаа хаягийг тогтоосон тул хаягаар дахин нэхэмжлэл гаргаж байгаа болно. Зээлдэгч нар 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн хүүд 83,753.10 төгрөгийг төлж дахин төлөлт хийгээгүй. Банкны эрх хүлээн авагчаас зээлийг төлүүлэхээр удаа дараа дуудсан боловч удахгүй очно гэж хэлэх боловч нэг ч удаа ирээгүй болно.

Зээлдэгч зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1,4.2.5-д заасны дагуу зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээл, хүүнийн төлөлтийг хийх үүрэгтэй боловч дээрх байдлаар гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй байна.

Тодруулбал нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар гэрээнд заасны дагуу 42,567,705.20 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байх боловч 53,826,034.37 төгрөгийн үлдэгдэлтэй буюу 11,258,329.17 төгрөгийн зөрчилтэй, зээлийн хүүгийн 25,986,206.16 төгрөгийн, нэмэгдүүлсэн хүүгийн 493,855.31 төгрөгийн тус тус нийт 37,738,390.64 төгрөгийн зөрчилтэй байна.

Зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3.1, 8.3.2-д хэсэгт зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд банк зээлийн гэрээг өөрийн санаачилгаар дуусгавар болгож, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад төлбөр, зардлыг шаардахаар тохиролцсон, зээлдэгч 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш зээлийг төлөөгүй, зээлийн мөнгөн хөрөнгөөр худалдан авсан орон сууцыг бусдад хөлслүүлэн орлого олж байгаа хэрнээ зээлээс төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү бусад төлбөрийг зардлыг шаардах эрхтэй болно. Хариуцагч М.Ц- зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон, зээлийн гэрээний 6.6-д зааснаар зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж үүрэг хүлээхээр тохиролцсон тул түүнийг хамтран хариуцагчаар татаж байгаа болно. Зээлийн авч ашигласнаас хойш зээлийн төлбөрт 3,363,965.63 төгрөгийг, зээлийн хүүд 11,863,633.01 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 11,744.21 төгрөгийг нийт 15,239,342.85 төгрөг төлсөн. Зээлдэгч нар 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээл 53,826,034.37 төгрөг, зээлийн хүүд 25,986,206.16 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 493,855.31 төгрөгийг нийт 80,306,095.84 төгрөгийг үлдэгдэлтэй байна.

Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.11 д зээлдэгч зээл, хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй улмаас энэ ажиллагаатай холбогдсон гарсан бүх зардлыг хариуцагч барагдуулах, 6 дугаар сарын 6.2-д зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэн гарсан улсын тэмдэгтийн хураамж, нотариатын үйлчилгээний хураамжийг зээлдэгч хариуцан төлөхөөр тохиролцсон. Зээлдэгч зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүйн улмаас банк шүүхэд нэхэмжлэл гаргахад Монгол Улсын дээд шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХТ2018/00819 дүгээр тогтоолоор хариуцагч нар 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн хуваарийн дагуу зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байдал ялимгүй зөрчил тул гэрээг цуцлах үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн улсын тэмдэгтийн хураамж 505,497,000 төгрөгийг зээлдэгчийг эрэн сурвалжлуулахад 70,200 төгрөгийг, нэхэмжлэл гаргахад нотариатын үйлчилгээний зардал 30,000 төгрөгийг нийт 605,697 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд Д.С, М.Ц- нартай 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан 372 тоот Ажиллагсдын орон сууцын зээлийн гэрээ, тус гэрээний үргэлжлэл 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 201 тоот Зээлийн гэрээг тус тус дуусгавар болгон цуцалж, хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 80,306,095.94 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 605,697 төгрөгийг нийт 80,911,792.82 төгрөгийг гаргуулж КБ ХХК-ны эрх хүлээн авагчид олгуулж, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй бол үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгө болох Д.Сын өмчлөлийн Улсын эрхийн бүртгэлийн ү-0000 дугаарт бүртгэлтэй, БЗД, 16 хороохаягт байрлалтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдөлх хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.С миний бие 2008 оноос 2016 он хүртэл КБ анд ажиллаж байсан. МИйний бие тус банканд ажиллах үедээ БЗД, 16 хороохаягт байрлалтай, 45 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг м.кв нь 1,300,000 төгрөгөөр банкнаас худалдан авахаар тохиролцсон болно. Байр авахаар тохиролцож байх үед барилга баригдаагүй, барилгын ажил эхэлж байсан бөгөөд тухайн үед дээрх орон сууцыг ямар нэгэн урьдчилгаа төлбөргүйгээр 100 хувийн зээлээр худалдан авахаар тохиролцож, 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 58,500 төгрөгийн зээлийн КБ тай байгуулсан. Миний худалдан авсан орон сууц ашиглалтад орж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ 2014 оны 01 дүгээр сард гарсан бөгөөд байр ашиглалтад орсны дараа худалдан авсан орон сууцны талбайн хэмжилтийг хийлгэхэд 45м.кв биш 41.66 м.кв болох нь тогтоогдсон.Бидний хувьд орон сууцыг худалдан авахдаа м.кв тутамд 1,300,000 төгрөгөөр тооцож, 58,500,000 төгрөгийн зээлийн гэрээг КБ тай байгуулсан бөгөөд тухайн орон сууцны талбайн хэмжээ бодит хэмжээнээс 3.44 м.кв дутуу байгаагаас шалтгаалан 4,472,000 төгрөгийн зөрүү буюу уг дүнгээр илүү заал авч, түүнээс шалтгаалан илүү дүнгээр хүү болон бусад төлбөрт /халаалт, СӨХ/ төлж байгаа нь тодорхой болсон юм. ЭНэ талаар 2014 оны 04, 10 дугаар сар, 23015 оны 05, 09 дүгээр саруудад КБ ны гүйцэтгэх захирал А.А хандан зээлийн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай хүсэлт гаргасан боловч бидэнд огт хариу төлөөгүй. ОРон сууцны талбайн хэмжээ харилцан тохиролцсон хэмжээнд хүрээгүй, дутуу байгаагаас шалтгаалан миний бие 4,472,000 төгрөгийн илүү зээл авч түүнээс шалтгаалан зээл, зээлийн хүү байрны төлбөр гэх мэт өр төлбөрүүд өссөн дүнгээр бодогдож надад хохиролтой байдлыг би болж байгаа учир байрны талбайн хэмжээ зээлийн гэрээний дүнд өөрчлөлт оруулж өгөхийг хүссэн хүсэлт өргөдлийг банкны удирдлагад удаа дараа хүргүүлсэн боловч нэг ч удаа хариу өгөөгүй бөгөөд энэхүү байдал 2 жил үргэлжилсэн.Миний бие 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээнээс татгалзаж, байгаа болохоо банканд мэдэгдэж, уг хугацаанаас хойш зээлийн төлөлт огт хийгээгүй. үүний дараа КБ гэрээний үүргийн биелэлтийг шаардаж нэхэмжлэл гаргаж, миний бие зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж сөрөг нэхэмжлэл гаргасан. Энэхүү маргаан 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Улсын дээд шүүхийн 819 тоот тогтоолоор үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр дууссан. Улсын дээд шүүхийн шийдвэр гарсны дараа миний бие КБ анд байраа буцаан өгч төлсөн мөнгөө эргүүлэн авах хүсэлтийг гаргасан боловч мөн ямар нэгэн хариу өгөөгүй тул миний бие зээлийн гэрээнээс татгалзаж байгаа болохоо бичгээр илэрхийлж хүсэлтээ хүргүүлсэн. 2018 оны 11 дүгээр сард КБ Д.С, М.Ц- бидэнд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж нэхэмжлэл гаргасан боловч оршин суугаа хаяг тодорхойгүй гэдэг шалтгаанаар нэхэмжлэлийг буцаажээ. Бид 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очиж, зээлийн эдийн засагч У.Энхцогттой уулзаж зээлийг цаашид огт төлөхгүй бөгөөд зээлийн гэрээнээс татгалзаж байгаа болохоо дахин илэрхийлж байгаа тухай бичгийг өгсөн. үүнээс хойш КБ ны зүгээс дахин надтай болон М.Ц-тэй холбогдоогүй шүүхээс дуудаагүй. М.Ц- бид 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээнээс татгалзаж байгаа тухайгаа дахин баталгаажуулж, бичгээр мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд КБ ны шаардах эрх хуульд зааснаар энэ өдрөөс эхлэн үүссэн гэж үзэж байна. 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох тасалдах үйл явдал огт болоогүй бөгөөд КБ ны зүгээс шаардах эрхээ хэрэгжүүлэлгүй байсаар 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүргэсэн тул зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заажээ. КБ ХХК дахь эрх хүлээн авагч 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь хөөн хэлэлцэх хугацаагаа дууссанаас хойш байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгч талаас шүүхэд:Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаал№ А-97, А-11, А-354, А-394, А-268 дугаар тушаалууд(хх-ийн7-11), Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан тоот(хх-ийн12), 2012.05.04-ний өдрийн №372 дугаар Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ(хх-ийн13-19), 2013.08.15-ны өдрийн №201 Зээлийн гэрээ(хх-ийн20-25),2015.10.15-ны өдрийн м№201-1 Орон сууцны ипотекийн зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ(хх-ийн26-28), 2014.03.24-ний өдрийн №201 Барьцааны гэрээ(хх-ийн29-32), 2015.10.15-ны өдрийн №201-1 дугаар Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ(хх-ийн33), Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.05-ны өдрийн 103909 дугаар шийдвэр(хх-ийн34-44),Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2018.02.05-ны өдрийн 403 дугаар магадлал(хх-ийн45-48),Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.05.22-ны өдрийн 00819 дугаар тогтоол(хх-ийн49-54), Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.12.12-ны өдрийн 21043 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж(хх-ийн55), Д.Сын депозит дансны хуулга(хх-ийн69-98), нотариатын үйлчилгээний хөлс тушаасан баримт(хх-ийн99), 2018. 08,20, 2018.11. 12-ны өдрийн зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл (хх-ийн164-165) зэрэг баримтыг бүрдүүлж өгсөн.

4. Хариуцагч талаас шүүхэд: Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаал А-268, А-19 дугаар тушаал(хх-ийн121,154), Д.Сын хүсэлт (хх-ийн122), төлбөрийн баримт(хх-ийн123), 2012.05.04-ний өдрийн №372 дугаар Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ(хх-ийн124-125), 2015.10.15-ны өдрийн №201-1 дугаар Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ(хх-ийн126,171), Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.12.12-ны өдрийн 21043 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж(хх-ийн162-163), Орон сууцны ипотекийн зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ(хх-ий172-174), Д.Сын депозит дансны хуулга(хх-ийн152-156), зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Шүүхээс зохигчдын хүсэлтээр Монголын ипотекийн корпораци ОССК ХХК-иас ирүүлсэн албан тоот (хх-ийн171) зэрэг баримтыг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч КБ ХХК дахь банкны эрх хүлээн авагч хариуцагч Д.С, М.Ц- нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 53,826,034.37 төгрөг, зээлийн хүүд 25,986,206.16 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 493,855.31 төгрөгийг нийт 80,306,095.84 төгрөгийг, хяналтын журмаар гаргасан гомдолд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 505,497,000 төгрөгийг, зээлдэгчийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, нэхэмжлэл гаргахад нотариатын үйлчилгээний зардал 30,000 төгрөгийг нийт 80,911,792.82 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох Д.Сын өмчлөлийн Улсын эрхийн бүртгэлийн ү-0000 дугаарт бүртгэлтэй, БЗД, 16 хороо хаягт байрлалтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Хариуцагч нар зээлээр худалдан авсан орон сууцны талбайн захиалгын гэрээнд дурдсанаас 3.44 м.кв дутуу байгаагаас шалтгаалан бид 4,472,000 төгрөгийн илүү зээл авсан тул удаа дараа гэрээнээс татгалзах хүсэлтийг КБ анд 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээнээс татгалзаж байгаа тухай мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд КБ ны шаардах эрх хуульд зааснаар энэ өдрөөс эхлэн үүссэн. Хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох тасалдаагүй бөгөөд КБ ны зүгээс шаардах эрхээ хэрэгжүүлэлгүй зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхэд, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон болно.

3. Зохигчид 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр №372 дугаар бүхий Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ байгуулж, хариуцагч Д.С, М.Ц- нар 58,000,000 төгрөгийг зээлж, БЗД, 16 хороо хаягт орших 00 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авсан байна. Улмаар 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр зээлийн үлдэгдэл дүн 57,190,000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, 2033 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаагаар сарын 67 хувь, жилийн 8 хувийн хүү төлөх нөхцөлтэй зээлж, 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдөр №201 тоот Барьцааны гэрээг байгуулж, Д.Сын өмчлөлийн Улсын эрхийн бүртгэлийн ү-0000 дугаарт бүртгэлтэй, БЗД, 16 хороохаягт байрлалтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөрөнгийг барьцаанд барьцаалжээ.(хх-ийн13-33)

4.Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.3-т зааснаар нэхэмжлэгч тал хариуцагчийн Д.Сын 2000021806 дугаар дансанд 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 58,500,000 төгрөгийг, 2012007608 тоот дугаар дансанд 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 57,190,000 төгрөгийг шилжүүлж үүргээ гүйцэтгэсэн хэрэгт авагдсан баримт хариуцагчийн зээлийн дансны хуулга болон төлбөрийн баримтаар тогтоогдож, энэ талаар талууд маргаагүй.(хх-ийн56,123)

5.КБ ХХК нь хариуцагч Д.С, М.Ц- нарт холбогдуулан холбогдуулан 62,084,302.67 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2017/000 дугаар шийдвэрээр хариуцагч нараас 60,806,132.59 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хариуцагч нар сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хуульд нийцүүлэн худалдаж гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газарт даалгаж, хариуцагч нараас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, хариуцагч эс зөвшөөрч гаргасан гомдлыг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 403 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг, Д.С эс зөвшөөрч гаргасан гомдлыг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 00819 дугаар тогтоолоор нэхэмжлэгч КБ ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, 4 дэх заалтад өөрчлөлт оруулж шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна (хх-ийн 34-54)

6.КБ ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Д.С, М.Ц- нарт холбогдуулан 65,854,158.13 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг, тус шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн101/ШЗ2018/21043 дугаар захирамжаар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар шийдвэрлэжээ. (хх-ийн 55)

7.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-д Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заажээ.

8.Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.-д үүрэг дуусгавар болох үндэслэлийн талаар зохицуулсан бөгөөд 236.1.3.-д талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол үүрэг дуусгавар болно гэж заасны дагуу талууд 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр олгосон 25 жилийн хугацаатай зээлийн гэрээг ийнхүү 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болгож, түүний үлдэгдэл 57,190,000.00 төгрөгийн зээлийг сарын 0.6 хувийн хүүтэй 20 жилийн хугацаатай талууд зээлийн гэрээг өөрчилсөн байна.(хх-ийн 13-28)

9.Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан зээл болон барьцааны гэрээ байгуулагдаж тэдгээрийн хооронд гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр гэрээ гэж үзэв.

10.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.4.-т зээлийг ашиглах хугацаа 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2033 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 240 сар бөгөөд талууд эргэн төлөлтийн хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэх тусгай хугацаа буюу зээл, зээлийн хүүг сар бүрийн 25-ны өдөр төлөх-өөр тохирчээ. Улмаар зохигчид зээлийн гэрээний ерөнхий хугацааг 240 сар, зээл төлөх тухайлсан хугацааг сарын 25-ны өдөр байхаар тохирч, зээлдэгч энэхүү хугацаанд үүргээ зохих ёсоор биелүүлсэн тохиолдолд үүрэг зөрчигдөхгүйгээр ерөнхий хугацаанд дуусгавар болох заасан.

11.Зээлдэгч нар зээлийн гэрээний эргэн төлөлтийн хувиарт зааснаар үндсэн зээлд 3,363,965.63 төгрөгийг, зээлийн хүүд 11,863,633.01 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 11,744.21 төгрөгийг нийт 15,239,342.85 төгрөг төлсөн талаар маргаагүй.

12.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ ,  208 дугаар зүйлийн 208.1.-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж зааснаар үндсэн зээл 53,826,034.37 төгрөг, зээлийн хүүд 25,986,206.16 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 493,855.31 төгрөгийг нийт 80,306,095.84 төгрөгийг үлдэгдэлтэй байх бөгөөд зээлдэгч 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийг зохих ёсоор төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

13.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 8 дугаар зүйлийн 8.3.2, 8.3.3.-д тус тус зааснаар зээлдэгч хуваарийн дагуу зээлийг төлөөгүй 60 хоногийн хугацаанд уг зөрчил үргэлжилсэн тохиолдолд гэрээг цуцална тохиролцжээ.

14.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-д.Нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь талуудын ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүй байж болно., 221 дүгээр зүйлийн 221.1.-д Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно. 221.3.-д Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно., 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж зааснаар нэхэмжлэгч тал 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацааг тогтоосон боловч зээлдэгч нар үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, гэрээний үүрэг зөрчсөн хэвээр байна гэж үзэв.(хх-ийн 164-165)

15. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., 453 дугаар зүйлийн 453.1.Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй., Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө. гэж зааснаар зээлдэгч зээлийн гэрээнд заасан хугацанд зээлийг төлөөгүй тохиолдолд гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэлх хугацаанд үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлага гаргасан тул хариуцагчид ийнхүү цуцлах хүртэл зээлийг төлөөгүй бол зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч нар үндсэн зээл 53,826,034.37 төгрөг, зээлийн хүүд 25,986,206.16 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 493,855.31 төгрөгийг нийт 80,306,095.84 төгрөгийг төлөх үүрэгтэй.

16.Хариуцагч тал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ...2018 оны 11 дүгээр сард КБ Д.С, М.Ц- бидэнд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж нэхэмжлэл гаргасан боловч оршин суугаа хаяг тодорхойгүй гэдэг шалтгаанаар нэхэмжлэлийг буцаасан, Бид 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очиж, зээлийн эдийн засагч У.Энхцогттой уулзаж зээлийг цаашид огт төлөхгүй бөгөөд зээлийн гэрээнээс татгалзаж байгаа болохоо дахин илэрхийлж, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээнээс татгалзсан тухайгаа, бичгээр мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд КБ ны шаардах эрх хуульд зааснаар энэ өдрөөс эхлэн үүссэн. 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох тасалдах үйл явдал огт болоогүй бөгөөд КБ ны зүгээс шаардах эрхээ хэрэгжүүлэлгүй тул зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй гэж маргасан.

17.Нэхэмжлэгч тал хариуцагч нараас 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №201 дугаар Зээлийн гэрээ-ний үүргийг шаардсан. Уг гэрээний хугацаа 2033 оны 07 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болох урт хугацааны гэрээ байна.

18.КБ ХХК нь хариуцагч Д.С, М.Ц- нарт холбогдуулан холбогдуулан 62,084,302.67 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2017/0000 дугаар шийдвэрээр хариуцагч нараас 60,806,132.59 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хариуцагч нар сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хуульд нийцүүлэн худалдаж гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газарт даалгаж, хариуцагч нараас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч гаргасан гомдлыг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар 05-ны өдрийн 403 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагч Д.Сын гаргасан гомдлыг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 00819 дугаар тогтоолоор нэхэмжлэгч КБ ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, 4 дэх заалтад өөрчлөлт оруулж шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. КБ ХХК нь хариуцагч нарт холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээний үүрэгт 65,854,158.13 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн101/ШЗ2018/0000 дугаар захирамжаар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар шийдвэрлэснээс үзэхэд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ. Түүнчлэн зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2033 оны 07 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болох тул хариуцагч нарын хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж маргасан үндэслэлгүй гэж дүгнэв. (хх-ийн 34-55)

19.Нэхэмжлэгч нь хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 505,497 төгрөгийг, хариуцагч нарыг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, шүүхэд нэхэмжлэл гаргахад нотариатын үйлчилгээний зардал 30,000 төгрөгийг нийт 605,697 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн.

20.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2.-д эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө.  гэж заасан.

21.Улсын тэмдэгтийн хураамж гэдэг нь: эрх зүйн маргааныг шүүх  хянан шийдвэрлэхтэй холбогдсон үйл ажиллагааны зардалд зориулж хуулиар тусгайлан заасан хэмжээгээр хэргийн зохигчдоос төлж байгаа мөнгөн төлбөрийг ойлгоно.

22.Өөрөөр хэлбэл шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж буй мөнгөн хөрөнгө гэж ойлгоно. Шүүхийн зардлыг хэргийг шийдвэрлэх үед хэрхэн хувиарлах асуудал нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.

23.Иймд нэхэмжлэгчээс хяналтын журмаар шийдвэрлэхэд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 505,497 төгрөгийг, эрэн сурвалжлуулсан ажиллагааны зардал 70,200 төгрөгийг нийт 575,697 төгрөгийг нэхэмжлэгчид  учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй байх тул тухайн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

24. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. гэж зааснаар нэхэмжлэгч нотариатын үйлчилгээний зардалд 30,000 төгрөгийг төлсөн хэрэг авагдсан баримтаар нотлогдож байх тул хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

25. Иймд хариуцагч Д.С, М.Ц- нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 53,826,034.37 төгрөг, зээлийн хүүд 25,986,206.16 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 493,855.31 төгрөгийг нийт 80,306,095.84 төгрөгийг, нотариатын үйлчилгээний зардал 30,000 төгрөгийг нийт 80,336,095 төгрөгийн мөнгөн хөрөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 575,697 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

26.Нэхэмжлэгч КБ ХХК-иас хариуцагч Д.С болон М.Ц- нарт холбогдуулан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасан.

27. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй,165 дугаар зүйлийн 165.1.-д Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ. гэж заажээ.

28. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын хооронд байгуулсан барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгө нь зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч Д.Сын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана , энэ хуулийн 166 дугаар зүйлийн 166.1.-д Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ гэж тус тус заажээ. Талууд үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэнхуулийн шаардлагад хангасан байна.(хх-ийн 29-33)

29.Талууд зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Барьцааны гэрээ,2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №201-1 дугаар Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр Д.Сын өмчлөлийн Улсын эрхийн бүртгэлийн ү-0000 дугаарт бүртгэлтэй, БЗД, 16 хороохаягт байрлалтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулсан, зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй байх тул үүрэг гүйцэтгүүлэгч нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.

30.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар зээлдэгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд Д.Сын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

31.Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж хариуцагч нараас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 559,630 төгрөгийг гаргуулж улсын оруулахаар шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус заасныг баримтлан Д.С,  М.Ц нараас зээлийн гэрээний үүрэгт 80,306,095.84 төгрөгийг, нотариатын үйлчилгээний зардал 30,000 төгрөгийг нийт 80,336,095 төгрөгийн мөнгөн хөрөнгийг гаргуулж КБ ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 575,697 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Д.Сын өмчлөлийн Улсын эрхийн бүртгэлийн ү-0000 дугаарт бүртгэлтэй, БЗД, 16 хороохаягт байрлалтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч КБ ХХК дахь банкны эрх хүлээн авагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д.С, М.Ц- нараас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 559,630 төгрөгийг гаргуулж улсын оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ