Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/00901

 

 

2023 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/00901

 

 

Г банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2023/00940 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А-, Б- нарт холбогдох,

80,911,792 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч А-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Бадрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр, хариуцагч А-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. А-, Б- нар нь Г банк ХХК-тай 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ажиллагсдын орон сууцын зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 58,500,000.00 төгрөгийг сарын 0.6 хувийн, жилийн 8 хувийн хүүтэй, 2037 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаагаар зээлэхээр тохиролцсон.

Г банк ХХК дахь зээлдэгчийн эзэмшлийн харилцах дансанд тухайн өдөр 58,500,000 төгрөгийг шилжүүлж, зээлдэгч зээлийн хөрөнгөөр Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар дугаар хороолол, 75 дугаар байр, *** тоот хаягт байрлах орон сууцыг худалдан авсан.

2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр зээлийн үлдэгдэл дүн 57,190,000.00 төгрөгийн хэмжээнд 2033 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаагаар, жилийн 8 хувийн хүү төлөх нөхцөлийг тохиролцож, улмаар 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 201 тоот барьцааны гэрээг байгуулж, зээлийн мөнгөн хөрөнгөөр худалдан авсан А-ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар дугаар хороолол, 75 дугаар байр, *** тоот хаягт байрлалтай, 2 өрөө орон сууцыг барьцаалж, барьцаалбарыг үйлдсэн.

1.2. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл 53,826,034.37 төгрөг, зээлийн хүү 25,986,206.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 493,855.31 төгрөг байна.

Хариуцагч Б- зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон, зээлийн гэрээний 6.6-д зааснаар зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж үүрэг хүлээхээр тохиролцсон тул түүнийг хамтран хариуцагчаар татсан. Зээлийг авч ашигласнаас хойш зээлийн үндсэн төлбөрт 3,363,965.63 төгрөгийг, зээлийн хүүд 11,863,633.01 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 11,744.21 төгрөгийг нийт 15,239,342.85 төгрөг төлсөн.

Урьд шүүхэд хандахад гарсан улсын тэмдэгтийн хураамж 505,697 төгрөг, зээлдэгчийг эрэн сурвалжлуулах зардал 70,200 төгрөг, нэхэмжлэл гаргахад нотариатын үйлчилгээний зардал 30,000 төгрөг, нийт 605,697 төгрөгийг мөн нэхэмжилнэ.

1.3. Иймд А-, Б- нартай 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан ажиллагсдын орон сууцын зээлийн гэрээ, тус гэрээний үргэлжлэл 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээг тус тус цуцалж, хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 80,306,095.94 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж, нотариатын зардал 605,697 төгрөг, нийт 80,911,792.82 төгрөгийг гаргуулж, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй бол үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгө болох А-ын өмчлөлийн Улсын эрхийн бүртгэлийн Ү-220405*** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар дугаар хороолол, 75 дугаар байр, *** тоот хаягт байрлалтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдөлх хөрөнгөөр хангуулж өгнө үү.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. А- нь 2008 оноос 2016 он хүртэл Г банк ХХК-д ажиллаж байхдаа Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар дугаар хороолол, 75 дугаар байр, *** тоотод байрлах 45 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг м.кв нь 1,300,000 төгрөгөөр банкнаас худалдан авахаар тохиролцсон.

2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 58,500,000 төгрөгийн зээлийн гэрээг Г банк ХХК-тай байгуулсан. Үл хөдлөх эд хөрөнгө ашиглалтад орж, гэрчилгээ нь 2014 оны 01 дүгээр сард гарсны дараа тухайн орон сууцны талбайн хэмжилт хийлгэхэд 45м.кв биш 41.66 м.кв болох нь тогтоогдсон.

Орон сууцны талбайн хэмжээ бодит хэмжээнээс 3.44 м.кв дутуу байснаас шалтгаалан 4,472,000 төгрөгийн илүү зээл авч, түүнээс шалтгаалан илүү дүнгээр хүү болон бусад төлбөрт /халаалт, СӨХ/ төлөх нь тодорхой болсон.

Энэ талаар 2014 оны 04, 10 дугаар сар, 2015 оны 05, 09 дүгээр саруудад Г банк ХХК-ийн гүйцэтгэх захирал Д-од хандан зээлийн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай хүсэлт гаргасан боловч бидэнд хариу өгөлгүй, энэ байдал 2 жил үргэлжилсэн.

2.2. Миний бие 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээнээс татгалзаж байгаа талаар банкинд мэдэгдэж, уг хугацаанаас хойш зээлийн төлөлт хийгээгүй.

2018 оны 11 дүгээр сард Г банк ХХК, А-, Б- бидэнд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж нэхэмжлэл гаргасан боловч оршин суугаа хаяг тодорхойгүй гэдэг шалтгаанаар нэхэмжлэлийг буцаажээ.

Бид 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очиж, зээлийн эдийн засагч У-той уулзаж зээлийг цаашид төлөхгүй, гэрээнээс татгалзаж байгаа болохоо дахин илэрхийлсэн бичгийг өгсөн бөгөөд Г банк ХХК дахин надтай болон Б-тэй холбогдоогүй.

Г банк ХХК-ийн шаардах эрх хуульд зааснаар энэ өдрөөс эхлэн үүссэн ба хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах үйл явдал болоогүй. Гэтэл Г банк ХХК шаардах эрхээ хэрэгжүүлэлгүй байсаар 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүргэсэн тул зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан А-, Б- нараас зээлийн гэрээний үүрэгт 80,306,095.84 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 30,000 төгрөг нийт 80,336,095 төгрөгийг гаргуулж Г банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 575,697 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч А-ын өмчлөлийн Улсын эрхийн бүртгэлийн Ү-220405*** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар дугаар хороолол, 75 дугаар байр, *** тоот хаягт байрлалтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч А-ын давж заалдах гомдлын агуулга:

Хариуцагчаас татгалзлын үндэслэлээ нотлох зорилгоор Т-, У- нарыг шүүх хуралдаанд оролцуулж, гэрчээр асуулгах тухай хүсэлт гаргасныг анхан шатны хангаж шийдвэрлэсэн боловч, шүүх хуралдаанд тэднийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Гэрч Т- оршин суугаа хаягтаа амьдардаггүй тухай тодорхойлолт ирсэн байхад надад танилцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил юм.

Шүүхийн Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй. Учир нь хариуцагч нар Г банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээнээс татгалзаж байгаа болохоо мэдэгдэж, уг хугацаанаас хойш хөөн хэлэлцэх хугацааг тооцож, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд надад холбогдуулан, ямар нэгэн шаардлага гаргаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанд хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй атлаа шүүх гэрчтэй холбоотой ажиллагааг танилцуулаагүй гэх гомдол гаргасан нь үндэслэлгүй.

Г банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр томилогдсон ба уг зээл 2033 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаатай тул тухайн зээлийн шаардах эрхийн хугацаа дууссан гэх гомдол үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Г банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч А-, Б- нарт холбогдуулан үндсэн зээл 53,826,034.37 төгрөг, хүү 25,986,206.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 493,855.31 төгрөг, хохирол 605,697 төгрөг, нийт 80,911,792.84 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээгээр Г банк ХХК нь 58,500,000 төгрөгийг сарын 0,67 хувь, жилийн 8 хувийн хүүтэйгээр 2037 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаагаар орон сууц худалдан авах зориулалтаар зээлэх, А-, Б- нар нь гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээлийг эргэн төлөх үүргийг хүлээсэн /хх 13-19/,

3.2. 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дээрх зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, Г банк ХХК нь зээлийн үлдэгдэл 57,190,000 төгрөгийг сарын 0,67 хувь, жилийн 8 хувийн хүүтэйгээр 2033 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийн зориулалтаар зээлэх, А-, Б- нар хуваарийн дагуу зээлийг эргэн төлөх үүргийг хүлээсэн /хх 20-25/,

3.3. Г банк ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар А-, Б- нартай 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр барьцааны гэрээ байгуулж, А-ын өмчлөлийн орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн /хх 29-33/.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

 

4.1. Зээлийн гэрээний 2.2, 3.1-д зээлийн хүү сарын 0.67 хувь, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцжээ.

2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар зээлдэгчийн төлөх ёстой зээлийн үндсэн төлбөр 53,826,034.37 төгрөг, хүү 25,986,206.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 493,855.31 төгрөг, нийт 80,306,095.84 төгрөг байсан байх ба энэ тооцоололд хариуцагч тал нотлох баримт гаргаж мэтгэлцээгүй.

 

4.2. Иймд анхан шатны шүүх хариуцагч нараас зээлийн үндсэн төлбөр 53,826,034.37 төгрөг, хүү 25,986,206.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 493,855.31 төгрөг, нийт 80,306,095.84 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт нийцсэн байна.

 

4.3. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахтай холбоотой гаргасан нотариатын зардал 30,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Улсын тэмдэгтийн хураамж 505,497 төгрөг, зээлдэгчийг эрэн сурвалжлуулах зардал 70,200 төгрөг, нийт 575,697 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул үүнд эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

 

5. Зохигч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч А-ын өмчлөлийн улсын эрхийн бүртгэлийн Ү-220405*** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 75 дугаар байр, *** тоот хаягт байрлалтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан гэрээг 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

6. Хариуцагч А-ын гаргасан давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхих нь зүйтэй.

 

6.1. Талуудын байгуулсан 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ, түүнд 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтөөр зээлийн гэрээний хугацааг 2033 оны 07 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болгохоор заасан.

Иймд урт хугацаатай байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэснийг зөрчөөгүй, энэ талаар өгсөн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

6.2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШЗ2023/00926 дугаар захирамжаар хариуцагч А-ын гаргасан хүсэлтийг хангаж Т-, У- нараас гэрчийн мэдүүлэг авахаар шийдвэрлэжээ /хх179/.

6.2.1 Уг захирамжийн дагуу гэрчийг шүүхэд дуудах арга хэмжээ авахад цагдаагийн байгууллага болон орон нутгийн засаг захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны тодорхойлолтоор гэрч Т- хэрэгт авагдсан хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон байна /хх 119-121/.

Эдгээр баримттай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар шүүхэд хүрэлцэн ирж танилцах эрхээ хариуцагч А- нь өөрөө хэрэгжүүлээгүй, анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэсэн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй.

Мөн хариуцагч А- нь гэрч У-ыг шүүхэд дуудан ирүүлэх хаягийг тодорхойлж өгөөгүй.

6.2.2. Иймд анхан шатны шүүх гэрч Т-, У- нараас мэдүүлэг авалгүйгээр хэрэг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А-ын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2023/00940 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч А-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 559,630 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Т.БАДРАХ