Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2023/02083

 

 

 

 

 

 

 

 

2023 04 25

101/ШШ2023/02083

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 0000 тоотод оршин суух, Г.М /рд:0000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0000 тоотод байрлах, Д т ч ХХК /рд:0000/-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 21,262,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, хариуцагчийн өмгөөлөгч Н.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Г.М нь 2019 оны 09 сарын 16-ны өдөр "Д т ч ХХК-тай №ОСЗГ-1909 тоот Орон сууц захиалгын гэрээ-г байгуулж, тус компанийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороололын нутаг дэвсгэрт баригдах Д А хотхоны 1 байрны в тоотын 7 давхарын 47,47 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг, /одоогийн хаяг Баянзүрх дүүргийн 0000 тоот /1 м.кв-ийг 1,100,000 төгрөгөөр буюу нийт 52,525,000 төгрөгөөр худалдан авахаар захиалсан. Орон сууц захиалгын гэрээ байгуулсан өдрөө орон сууцны үнээс 42,525,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 10,000,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төлсөн бөгөөд бидний хооронд байгуулсан гэрээний 4.1 дэх хэсэгт зааснаар орон сууцыг 2020 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтанд оруулж хүлээлгэн өгөх үүргийг "Д т ч ХХК хүлээсэн. Гэвч хариуцагч компани гэрээнд заасан 2020 оны 10 сард орон сууцыг ашиглалтанд оруулж хүлээлгэн өгөөгүй, жил гаруй хугацааны дараа буюу 2021 оны 12 дугаарын 21-ний өдөр орон сууцыг хүлээлгэн өгөх болж, хүлээлгэн өгөхдөө орон сууцны талбайн 1 м.кв-ийн үнэнд өөрчлөлт оруулсан, уг өөрчлөлтийг зөвшөөрөхгүй бол орон сууцыг хүлээлгэн өгөхгүй, гэрээг цуцлана гэж дарамт шахалт үзүүлсэн тул аргагүй эрхэнд зөвшөөрч гал тогооны тавилганы урамшуулалын 4,775,000 төгрөгийг суутгуулж, 4,775,000 төгрөгийг нэмж төлөхөөр нэмэлт гэрээ байгуулж орон сууцаа хүлээн авсан юм. Түүнчлэн "Д т ч ХХК, Д А хотхоны барилгын инженерийн шугам сүлжээ буюу цахилгаан эрчим хүчний байгууламжийг эрх бүхий этгээд болох УБЦТСүлжээ ХК-д хүлээлгэн өгөөгүйгээс одоог хүртэл оршин суугчдын хэрэглэсэн цахилгааны төлбөрийг айл өрхийн тарифаар биш аж ахуйн нэгжийн тарифаар төлүүлж иргэдийг хохироож байгаа. Тус компанитай 2019 оны 09 сарын 16-ны өдөр байгуулсан №ОСЗГ-1909 тоот Орон сууц захиалгын гэрээ-ний 5 дугаар зүйлийн 5.1.8-д орон сууцыг товлосон хугацаанаас 60 хоногоос илүү хугацаагаар хойшилсон тохиолдолд хэтэрсэн хоног тутамд төлсөн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож захиалагч талд төлнө гэж зааснаар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн 21,262,500 төгрөгийн алдангийг хариуцагч "Д т ч ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэв.

 

2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манайх 2019 оны 7 дугаар сараас эхлээд Баянзүрх дүүрэг 22 дугаар хороонд байрлах 218 айл бүхий барилгын ажлыг эхлүүлсэн. Талууд 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 190 тоот орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Захиалагч нь манай 9 дэх захиалагч болсон байдаг. Тус гэрээгээр захиалагч нь Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 15 дугаар хороололд баригдсан Д Аын 47 м.кв 2 өрөө байрыг буюу одоогоор Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, Дандарбаатар гудамж, 0000 тоот орон сууцыг 52,525,000 төгрөгөөр захиалсан. Үүнээс 42,525,000 төгрөгийг төлж, 10 сая төгрөгийг орон сууц ашиглалтад орсны дараа өгөхөөр тохирсон. 2020 оны 01 дүгээр сараас эхлээд Ковид цар тахал дэгдсэнээс болж Засгийн газраас шат дараалсан арга хэмжээ авсан. Анх Монголд 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хилийн зарим боомтыг түр хаах, хязгаарлах тухай тогтоолоор БНХАУ-ын хил залгаа бүх боомтыг хаасан. Гуравдагч орны иргэн, харьяалалгүй хүнийг нэвтрүүлэхгүй байхаар болсон. Гэтэл гадны орны инженерүүд, техникийн ажилчид, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хариуцан ажилладаг. Цементийн үйлдвэр яагаад цемент гаргахгүй байна вэ гэхээр дотор нь гадны инженер ажилладаг учраас тэдгээр нь байхгүй, одоогоор ажиллах боломжгүй гэсэн хариу өгөөд байдаг. Энэ бүх зүйлс барилгын ажилд нөлөөлсөн. Хариуцагч гүйцэтгэгч боловч барилгын материал, хүний нөөцөд гадаад хүчин зүйлс нөлөөлсөн. Засгийн газраас 4 дүгээр сарын 29-ний өдөр Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдаж 02 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл энэ нь цар тахал гэдгийг зарласан. Эхний захиалагчаас авсан мөнгийг хойд барилгадаа нийлүүлээгүй, эхний барилга дууссаны дараа дараагийн барилгыг эхлүүлсэн. Г.М нь энэ орон сууцыг эгчдээ авч өгнө, өөрөө Хөвсгөлд амьдардаг гэх мэдээллийг өгсөн, байшин түрээсэлж амьдарсан зүйлгүй. Хэрэв тийм байсан бол бидэнд мэдэгдэж, шаардлага тавих байсан. Талууд ковидтой холбоотойгоор нөхцөл байдлын талаар ярилцдаг байсан учир орон сууцыг ашиглалтад орох хүртэл шаардлага хүргүүлж байгаагүй. Нэмэлт гэрээг харилцан тохиролцож байж л гэрээ байгуулсан, хэрэв дарамт шахалт үзүүлсэн бол арга хэмжээ авах байсан. Нэхэмжлэгч нэмэлт гэрээний талаар маш сайн ойлгосон. Хугацаа олгох хүсэлт гаргаад 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр үлдэх төлбөрөө төлнө гэж гэрээ байгуулсан. Гэтэл үлдэх төлбөрөө 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төлсөн. Эрчим хүчтэй холбоотой зүйлийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч ярьлаа. 2 орцтой барилга болон 1 орцтой хажуугийн барилга нь төлөвлөлтөөрөө явагдаж байгаа, үүнийг хот байгуулалтын газраас гаргаж өгдөг. Айл өрхүүдийг аж ахуй нэгжээр тооцож зардал гаргадаг. Үүнийг нь бид ахуйн хэрэглээ рүү оруулж тооцож гаргадаг, харин и-баримт л өгдөггүй. Тиймээс нотлох баримтгүй зүйлийг ингэж ярьж болохгүй. Ковидыг хэн ч урьдчилан таамаглах боломжгүй байсан тул гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл байсан. Иргэний хуульд үүнийг заагаагүй боловч үүнээс үүдэж ямар үр дагавар гарах талаар заасан. Энэ нөхцөл байдлын улмаас үүргээ хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй нөхцөл үүссэн. Төрийн эрх бүхий байгууллагаас аж ахуй нэгжийн үйл ажиллагаа, иргэдийн хөдөлгөөнд саад учраас гэрээ хугацаандаа биелэх боломжгүй байдалтай байсан. Үүнээс болж олон байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан. Хугацаа хоцорсонд хариуцагч буруугүй. Хоёрдугаарт, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гэрээнд алданги төлөхөөр заасан, гэхдээ нөхцөл нь алдангийг үлдэх төлбөрөөс хасаж тооцно гэж заасан. Нэмэлт гэрээгээр нэхэмжлэгч хугацаа хоцорсонг зөвшөөрсөн, зөвшөөрөхгүй байсан бол төлөх ёстой байсан 10 сая төгрөгөөсөө алдангийг хасах боломжтой байсан. Алдангийг хасах талаар ямар нэг гомдол, санал ирүүлж байгаагүй. Өмгөөлөгчийн хүсэл зоригийг бид нэхэмжлэгчийн өөрийнх нь үү гэдэгт эргэлзэж байна гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, орон сууц захиалгын гэрээ, гэрээний нэмэлт,

3.2 хариуцагчаас гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, сайтад тавигдсан мэдээлэл, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлстийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн албан бичиг, Барилга хот байгуулалтын сайдын тушаал, албан даалгаврууд, Эвт чулуу ХХК-ийн мэдэгдэл, тооцооны үлдэгдлийн баталгаа, орон сууц хүлээлцэх акт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, орон сууц захиалгын гэрээ, гэрээний нэмэлт, Монгол Улсын Засгийн газрын тогтоолууд,

3.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэг зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч Д т ч ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 21,262,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

3. Зохигчид 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр Д т ч ХХК нь Баянзүрх дүүргийн 0000 тоотод байрлах, 47.75 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2020 оны 03 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, Г.М нь 1 м.кв-ыг 1,100,000 төгрөгөөр тооцож нийт 52,525,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-81-85/

 

3.1 Дээрх гэрээгээр Г.М нь 42,525,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр бэлнээр төлж, үлдэх 10,000,000 төгрөгийг орон сууцыг ашиглалтад ороход төлөхөөр тохирсон байна.

 

3.2 Талууд 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр орон сууц захиалгын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, уг гэрээгээр барилгын материалын үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор 1 м.кв-ыг 1,300,000 төгрөг, нийт 62,075,000 төгрөг болгон өөрчилжээ. /хх-86/

 

3.3 Нэхэмжлэгч Г.М нь анх гэрээ байгуулсан өдөр буюу 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 42,525,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 4,775,000 төгрөг, үлдэх 4,775,000 төгрөгт гал тогооны тавилганы урамшууллыг тооцуулж, нийт 62,075,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь талуудын тайлбар, Хаан банкны дансны хуулгаар тус тус тогтоогдсон.

 

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...анх гэрээгээр тохирсон хугацаандаа орон сууцыг хүлээлгэн өгөөгүй. Барилгын материалын үнэ нэмэгдсэн гэж гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй бол орон сууцыг өгөхгүй гэсэн тул гэрээнд 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр арга буюу өөрчлөлт оруулж, зөрүү мөнгө төлж байж орон сууцандаа орсон. Гэрээгээр тохирсон хугацаандаа орон сууцыг хүлээлгэн өгөөгүй тул анх гэрээ байгуулах үедээ төлсөн 42,525,000 төгрөгөөс алданги тооцож, 21,262,500 төгрөгийг гаргуулна гэж,

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...Цар тахал гарсантай холбоотойгоор хил хаагдаж, барилгын материалын нийлүүлэлт хомсдолт орсон. Мөн Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдал, өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж байсантай холбоотойгоор барилгын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй болсоны улмаас гэрээгээр тохирсон хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөөгүй. Энэ нь манай компаниас болсон зүйлгүй, давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн. Мөн нэмэлт гэрээг дарамталж байгуулсан зүйл байхгүй гэж тус тус тайлбарлаж маргасан.

 

5. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулга болон тэдгээрийн гаргасан тайлбараас дүгнэхэд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

5.1 Зохигчдын хооронд байгуулагдсан 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц захиалгын гэрээний 5 дугаар зүйлд гүйцэтгэгч буюу Д т ч ХХК-ийн хүлээх үүргийг заасан байх ба 5.1.9-д Орон сууцыг товлосон хугацаанаас 60 хоногоос илүү хугацаагаар хойшилсон тохиолдолд хэтэрсэн хоног тутамд төлсөн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцож захиалагч талд олгоно гэж заажээ.

 

5.2 Барилга байгууламжийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ашиглалтад оруулсан болох нь улсын комиссын дүгнэлтээр тогтоогдсон ба 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр захиалагч Г.Мт орон сууцыг акт үйлдэн хүлээлгэн өгсөн байна. /хх-58, 78-80/

 

5.3 Дээрх баримтуудаар гүйцэтгэгч нь гэрээгээр тохирсон хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөөгүй болох нь тогтоогдож байх ба уг үйл баримтад хариуцагч маргаагүй. Харин давагдашгүй хүчин зүйлийн улмаас орон сууцыг тохирсон хугацаанд хүлээлгэн өгөх боломжгүй байсан тул алданги төлөх хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж маргасан.

 

6. Гүйцэтгэгч нь 2020 оны 03 дугаар улирал буюу 2020 оны 09 дүгээр сард ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүрэгтэй байх ба 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээлгэн өгсөн нь гэрээгээр тохирсон хугацааг хэтрүүлсэн байна.

 

6.1 Гэрээгээр тохирсон хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөх ёстой цаг хугацаанд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоолоор Бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн ба үүгээр иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоогоогүй, халдвар хамгааллын дэглэм барьж ажиллаж байсан. Мөн Монгол Улсын хил, гааль хязгаарлалтад орж хаагдаагүй, импортын бараа, бүтээгдэхүүн хэвийн нэвтэрч байсан.

 

6.2 Хариуцагчийн татгалзлын үндэслэл болох Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Уг тогтоолын хавсралтаар 11 төрлийн төрийн байгууллага, хуулийн этгээдээс бусад бүх хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоосон. Үүнээс хойш удаа дараа Засгийн газрын тогтоолоор 11-12 төрлийн төрийн байгууллага, хуулийн этгээдээс бусад хуулийн этгээд буюу барилгын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын үйл ажиллагааг зогсоож байсан. Дээрх үйл баримтууд нь нийтэд илэрхий үйл баримт байна.

Монгол Улсад Ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор анх удаа 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх үед гүйцэтгэгчийн гэрээгээр тохирсон орон сууц хүлээлгэн өгөх хугацаа /2020.09 сар/ дууссан байсан байна.

Иймд Монгол Улсын Засгийн газраас гаргасан удаа дараагийн тогтоолуудаар барилгын үйл ажиллагааг зогсоосноос орон сууцыг хугацаандаа хүлээлгэн өгөөгүй, бараа материалын хомсдол үүссэн гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна. Мөн хариуцагч нь давагдашгүй хүчин зүйл тулгарсан гэх боловч эрх бүхий байгууллагаас энэ талаар гэрчилгээ аваагүй болохоо тайлбарласан.

6.3 Харин ажлын үр дүнг хүлээлгэн өгөх хугацаанд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоолоор Бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбоотойгоор Барилга хот байгуулалтын сайдын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 38 дугаар тушаал, 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2020/04 тоот, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2020/36 тоот албан даалгавруудаар барилга байгууламжийн үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдэд ажил үүргээ гүйцэтгэхдээ ажилчдыг бүлэг бөөгнөрөл үүсгэхгүй, олон хүнийг нэг дор ажиллуулахгүй байх хязгаарлалт тогтоосон байна. /хх-47-53/

 

6.3.1 Үүнтэй холбоотойгоор хариуцагчаас гаргасан ...барилгын ажил нь олон хүнийг нэг дор ажиллуулж байж явагддаг. Дээрх албан даалгавар гарсантай холбоотойгоор цөөн тооны ажилчдыг ажиллуулж цаг хугацаа алдсан гэх тайлбар үндэслэл бүхий байна. Дээрх байдал нь барилгын ажил хэвийн явагдах буюу тохирсон хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөөгүй нөхцөл байдалд нөлөөлсөн гэж дүгнэхээр байна.

 

6.4 Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан. Дээр дүгнэснээр орон сууц хугацаандаа ашиглалтад ороогүй нөхцөл байдалд дан ганц хариуцагчаас шалтгаалсан зүйлгүй байх тул хэргийн нөхцөл байдлыг харгалзан алдангийг 50 хувиар бууруулах нь зүйтэй.

 

7. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагчаас 10,631,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 10,631,250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай тус тус нийцнэ.

 

8. Хариуцагч нь гэрээний 5.1.9-д алдангийн үнийн дүнг гэрээний үнийн дүнгээс хасаж тооцно гэж зааснаар нэхэмжлэгч нь сүүлд төлсөн төлбөр болох 10,000,000 төгрөг болон 4,775,000 төгрөгийг манайд төлөхгүйгээр алдангийн төлбөртөө суутгаад үлдэх боломжтой байхад уг эрхээ хэрэгжүүлээгүй гэж маргасан нь үндэслэлгүй. Хариуцагч алдангийн төлбөр төлөхгүй гэж маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь орон сууцыг хугацаандаа хүлээлгэн өгөөгүйтэй холбоотойгоор алдангийн төлбөрийг дангаараа шийдвэр гаргах замаар суутган тооцох боломжгүй байна.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагчаас 10,631,250 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 185,050 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264,263 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д т ч ХХК-иас 10,631,250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Мт олгож, нэхэмжлэлээс үлдэх 10,631,250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264,263 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 185,050 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ