Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/01176

 

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/01176

 

 

А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/02083 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б ХХК-нд холбогдох,

21,262,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бадмаанямбуу, хариуцагчийн өмгөөлөгч Н.Хишигзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Б ХХК-тай ОСЗГ-1909 тоот орон сууц захиалгын гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хорооллын нутаг дэвсгэрт баригдах Дэлгэрэх апартмент хотхоны 1 байрны ** тоотын 7 давхрын 47,47 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг, /одоогийн хаяг Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, 99а байр, *** тоот/ 1 м.кв-ийг 1,100,000 төгрөгөөр буюу нийт 52,525,000 төгрөгөөр худалдан авахаар захиалсан.

Гэрээ байгуулсан өдрөө орон сууцны үнээс 42,525,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 10,000,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төлсөн. Гэрээний 4.1 дэх хэсэгт зааснаар орон сууцыг 2020 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх үүргийг Б ХХК хүлээсэн.

Гэвч хариуцагч компани гэрээнд заасан 2020 оны 10 сард орон сууцыг ашиглалтад оруулж хүлээлгэн өгөөгүй ба 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр орон сууцыг хүлээлгэн өгөх болж, хүлээлгэн өгөхдөө орон сууцны талбайн 1 м.кв-ийн үнэнд өөрчлөлт оруулсан, уг өөрчлөлтийг зөвшөөрөхгүй бол орон сууцыг хүлээлгэн өгөхгүй, гэрээг цуцлана гэсэн тул гал тогооны тавилганы урамшуулалын 4,775,000 төгрөгийг суутгуулж, 4,775,000 төгрөгийг нэмж төлөхөөр нэмэлт гэрээ байгуулж орон сууцаа хүлээн авсан.

Тус компанитай 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээний 5.1.8-д орон сууцыг товлосон хугацаанаас 60 хоногоос илүү хугацаагаар хойшилсон тохиолдолд хэтэрсэн хоног тутамд төлсөн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож захиалагч талд төлнө гэж зааснаар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн 21,262,500 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: 2020 оны 01 дүгээр сараас эхлээд ковид цар тахал гарч, хилийн зарим боомтыг түр хаах, хязгаарлах тухай тогтоолоор БНХАУ-тай хил залгаа бүх боомтыг хаасан. Гуравдагч орны иргэн, харьяалалгүй хүнийг нэвтрүүлэхгүй байхаар болсонтой холбоотой ажиллах хүч байхгүй болж, материалын нөөц зэргээс шалтгаалан барилгын ажилд нөлөөлсөн.

А- нь энэ орон сууцыг эгчдээ авч өгнө, өөрөө Хөвсгөлд амьдардаг гэх мэдээллийг өгсөн, байшин түрээсэлж амьдарсан зүйлгүй. Хэрэв тийм байсан бол бидэнд мэдэгдэж, шаардлага тавих байсан. Талууд ковидтой холбоотойгоор нөхцөл байдлын талаар уулзаж ярилцаж байсан боловч орон сууцыг ашиглалтад орох хүртэл шаардлага хүргүүлж байгаагүй. Нэмэлт гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан. Нэхэмжлэгч хугацаа олгох хүсэлт гаргаад 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр үлдэх төлбөрөө төлнө гэж гэрээ байгуулсан. Гэтэл үлдэх төлбөрөө 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төлсөн.

Талууд гэрээнд алдангийн талаар тохиролцсон боловч алдангийг үлдэх төлбөрөөс хасаж тооцно гэж заасан. Нэмэлт гэрээгээр нэхэмжлэгч хугацаа хоцорсныг зөвшөөрсөн, зөвшөөрөхгүй байсан бол төлөх ёстой үлдэх 10,000,000 төгрөгөөс алдангийг хасах боломжтой байсан. Алдангийг хасах талаар ямар нэг гомдол, санал ирүүлж байгаагүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б ХХК-аас 10,631,250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 10,631,250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264,263 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 185,050 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Талуудаас үл хамаарах шалтгаанаар гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрснийг талууд хэн аль нь ойлгон хүлээн зөвшөөрч, үүгээр зогсохгүй санхүүгийн хүндрэлийг даван туулахаар нэмэлт төлбөр төлөх талаар харилцан тохиролцож нэмэлт гэрээ байгуулсан байхад орон сууцыг хүлээлгэн өгснөөс хойш бүтэн 1 жил 12 хоногийн дараа алданги гаргуулах шаардлага гаргасан нь нэхэмжлэгч А-ын өөрийнх нь хүсэл зориг мөн эсэхэд эргэлзээ төрүүлж байна.

4.2. Орон сууц захиалгын гэрээний 5.1.9-д ... Алдангийн үнийн дүнг гэрээний үнийн дүнгээс хасаж тооцно гэж заасан. Захиалагч нь гэрээний үлдэгдэл 10,000,000 төгрөгийг орон сууц ашиглалтад ороход төлөхөөр тусгасан ба 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр орон сууцыг түүнд хүлээлгэн өгөхөд уг төлбөрийг төлсөн. Мөн талууд 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Орон сууц захиалгын гэрээний нэмэлт гэрээ байгуулсан. Тухайн өдөр орон сууцыг нэгэнт хүлээлгэн өгч байгаа тул үүрэг гүйцэтгэх хугацааны талаар тусгайлан заалгүй орхиж, харин орон сууцны талбайн үнийн нэмэгдлийг тусгасан.

Гэрээний талууд цар тахлын нөлөөгөөр үүссэн хүндрэл, цаг үеийн нөхцөл байдлыг харилцан ярилцаж байсан ба урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдлын улмаас үүссэн санхүүгийн хүндрэлийг даван туулах, барилгаа ямар ч байсан бүрэн дуусгаж захиалагч нартаа хүлээлгэн өгөхийн тулд компани их хэмжээний зээл авч байгаа талаар захиалагч нарт мэдэгдэж, орон сууцны талбайн үнэд өөрчлөлт оруулах саналаа тайлбарлан оршин суугчидтай уулзаж байсан.

Нэхэмжлэгч А-ын хувьд бид түүнтэй нэмэлт гэрээ байгуулахдаа орон сууцны талбайн нэмэгдэл дүнгийн 50 хувийг хөнгөлж, үлдэх дүнг төлөх хугацааг түүний саналаар тогтоож өгсөн. Тийм ч учраас нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг хүлээн авахдаа буюу 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 10,000,000 төгрөг, орон сууц хүлээн авсны дараа 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 4,775,000 төгрөг төлөхдөө ОСЗГ-ийн 5.1.9-д заасныг хэрэгжүүлээгүй, алдангийн төлбөр суутгалгүй үлдэгдэл төлбөрийг төлж үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан нь ковидын нөлөөгөөр үүрэг гүйцэтгэх хугацаа хойшилж, орон сууц хүлээлгэн өгөх хугацаа хоцорсонд хариуцагч гэм буруугүй болохыг, цаг үеийн нөхцөл байдлыг ойлгон хүлээн зөвшөөрсөн, мөн талууд энэ талаар тохиролцсон байсныг нотлох хүсэл зоригийн бодит илэрхийлэл юм.

4.3. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан. Монгол Улсын Засгийн газрын 2020.02.12-ны өдрийн 62 дугаар тогтоол, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2020 оны 64, 102, 147, 188, 234, 1, 31, 70, 103, 159 дүгээр тогтоолуудаар улсын хэмжээнд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, 10.4.2, 10.4.7, 34.2.2, Улсын онцгой комиссын даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 04 тоот тушаалаар батлагдсан Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамжийн 15, 17, Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2020/36 тоот албан даалгаврын 1.1.1, 2.6-д тус тус заасны дагуу, мөн Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний 20203137 дугаартай албан тоот, Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 38 тоот тушаалын дагуу өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед компани хэвийн ажлын горимоор ажиллах, ажилчид бүрэн бүрэлдэхүүнээр ажиллах боломжгүй байсан буюу ажиллах хүчийг 50 хувиар бууруулсан, мөн зарим ханиалгасан, халуурсан хүмүүс, түүний хажууд ойролцоо байсан хүмүүс өөрсдийгөө гэртээ чагнах гэх мэтээр хэд хоногоор ажилдаа ирэхгүй байх зэрэг нь компани үүргээ гүйцэтгэхэд саад учруулж, хугацаа хэтрэхэд хүргэх нэг шалтгаан болсон. Мөн 2020 оны 05 сараас эхлэн Монгол Улсад цементийн хомсдол бий болсон. Хил гааль хаах, улмаар хилийн боомт дээр бөөгнөрөл үүсэх, ачаа тээврийн үнийн нэмэгдэл зэргээс шалтгаалан барилгын бараа материал хомсдож байсан нь нийтэд нээлттэй байсан.

Ийнхүү бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хатуу хөл хорио тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэрээр буюу эрх зүйн үндэслэл бүхий нөхцөл байдлын улмаас бид гэрээний үүргээ биелүүлэх, барилга угсралтын ажил явуулах ямар ч боломжгүй нөхцөл байдалд орсон. Хэдийгээр 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт буцан шилжиж, бид тодорхой цагийн хязгаарлалт, нөхцөл шаардлагын дагуу ажлаа хийж эхэлсэн боловч цар тахлын нөлөөллөөс үүссэн үр дагаврууд болох хил гаалийн хязгаарлалт, бараа материалын үнийн огцом өсөлт, бараа материалын хомсдол, барилгын төсөвт өртөг нэмэгдэх, барилгын талбайд ажиллаж байсан

ажилчид өвдөх, халдвар илрэх зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан барилгын хэвийн үйл ажиллагаа тасалдах, ажиллах хүчний хомсдолд орох зэргээр барилгын үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй нөхцөл байдал үргэлжилсэн хэвээр байсан.

Шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д ...Монгол Улсын хил, гааль хязгаарлалтад орж хаагдаагүй, импортын бараа бүтээгдэхүүн хэвийн нэвтэрч байсан гэжээ. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр тогтоол болон 164, 172, 182, 2021 оны 8 дугаар тогтоолуудаар холбогдох хилийн авто замын болон төмөр замын боомтоор улсын хил нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг зогсоож байсан нь барилгын материалын хомсдол, бараа материалын үнэ огцом өсөхөд нөлөөлж байсан.

Иймд манай компанийг үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэнд гэм буруутай гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гэрээ байгуулснаас хойш гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөө бий болсон, мөн гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөн нь манай компаниас шалтгаалаагүй, гэрээний үүрэг биелүүлэх хугацаа хоцроосон байдалд гэм буруугүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т заасны дагуу хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй бөгөөд хугацаа хэтрүүлсний хариуцлагаас чөлөөлөгдөх ёстой ба энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна.

Талуудын байгуулсан ОСЗГ-ний 4.3-т Талуудаас үл хамаарах буюу урьдчилан тооцох боломжгүй нөхиөл байдлын улмаас барилгыг ашиглалтад өгөх болон орон сууцыг захиалагчид өгөх хугацаа хоцорсон бол энэ талаар компани нь захиалагчид мэдэгдэж, талууд харилцан туслалцаа үзүүлж хамтран ажшлана. Ийм нөхцөл байдлын улмаас үүсэх үр дагавар, хариуцлагыг компани хариуцахгүй гэж заасан. Уг асуудалд шүүх дүгнэлт хийлгүй, хугацаа хэтрүүлсэнд гэм буруутай гэж үзсэн нь үндэслэлгүй болсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч нь орон сууцыг хугацаанд нь хүлээлгэн өгөөгүй учраас хариуцагчийн гаргасан зөрчилтэй холбогдуулан гэрээгээр тохирсон болон хуульд заасны дагуу алдангийг шаардсан. Гэрээний 4.1-т зааснаар орон сууцыг 2020 оны 10 дугаар сард ашиглалтад оруулах үүргийг хүлээсэн. Гэтэл 27 сарын дараа буюу 1 жил 3 сарын дараа орон сууцыг хүлээлгэн өгсөн. Ковид-19 цар тахлын нөхцөл байдал байсан гэдгийг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрсөн. Гэтэл ковид-19 цар тахлаас гарахаас өмнө тухайн барилгыг хүлээлгэн өгсөн байх ёстой байсан.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан алдангийг 50 хувь бууруулсан. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг үнэлээгүй гэх гомдол гаргасан нь үндэслэлгүй.

Хариуцагч нь гэрээний 3.2-т заасан ханшийн талаарх үйл баримтыг анхан шатны шүүхэд нотолж чадаагүй. Мөн хариуцагч нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний үүргээ хугацаанд биелүүлээгүй талаарх нөхцөл байдлаа нотлоогүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан алданги 21,262,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. Зохигчид 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр Б ХХК нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Дэлгэрэх апартмент, 1 дүгээр байр, ** тоотод байрлах, 47.75 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2020 оны 03 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, А- нь 1 м.кв-ыг 1,100,000 төгрөгөөр тооцож, нийт 52,525,000 төгрөгийг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон /хх 91-92/,

3.2 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр орон сууц захиалгын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, уг гэрээгээр барилгын материалын үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор 1 м.кв-ыг 1,300,000 төгрөг, нийт 62,075,000 төгрөг болгон өөрчилсөн /хх 86/,

3.3 Нэхэмжлэгч А- нь хариуцагчид 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 42,525,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 4,775,000 төгрөг, үлдэх 4,775,000 төгрөгт гал тогооны тавилганы урамшууллыг тооцуулж, нийт 62,075,000 төгрөг төлсөн,

хариуцагч нь орон сууцыг нэхэмжлэгчид 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээлгэн өгсөн /хх 58, 78-80, 90, 163-165/.

 

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Гэрээнд зааснаар хариуцагч нь орон сууцыг 2020 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулан нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх ёстой байсан боловч 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон байна.

 

4.1. 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц захиалгын гэрээний 5.1.9-д Орон сууцыг товлосон хугацаанаас 60 хоногоос илүү хугацаагаар хойшилсон тохиолдолд хэтэрсэн хоног тутамд төлсөн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцож захиалагч талд олгоно гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн зохицуулалтад нийцсэн тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй.

 

4.2. Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор Монгол улсад ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхэд нэхэмжлэгчид орон сууц хүлээлгэн өгөх хугацаа дуусгавар болсон байсан тул хариуцагчийг гэрээнд заасан үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д нийцсэн байна.

4.3. Хэдийгээр Монгол улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоолоор ковид-19 цар тахал дэлхий нийтэд тархаж байгааг харгалзан бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар анх шилжүүлсэн боловч энэ нь хариуцагчийг гэрээнд заасан үүргээ гүйцэтгэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэл болохгүй.

Учир нь бэлэн байдлын зэрэг хэсэгчилсэн байдлаар шилжүүлснээс эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд ковид-19 цар тахлын нөхцөл байдал хариуцагч компанийн барилгын үйл ажиллагаа болон эдийн засгийн байдалд хэрхэн, яаж нөлөөлсөнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй, мөн зохигчийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан нэмэлт гэрээнд энэ талаар тусгагдаагүй.

Иймд орон сууц захиалгаар бариулах гэрээний 4.3, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

4.4. Харин анхан шатны шүүх хариуцагч нь ажлын үр дүнг хүлээлгэн өгөх хугацаанд Монгол улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоолоор бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн, Барилга хот байгуулалтын сайдын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 38 дугаар тушаал, 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2020/04 тоот, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2020/36 тоот албан даалгавраар барилгын салбарын үйл ажиллагаанд тодорхой хэмжээний хязгаарлалт тогтоосон нь хариуцагчийн үйл ажиллагаанд нөлөөлсөн гэж үзэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээндээ алдангийн хэмжээг 50 хувиар бууруулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгахгүй гэж дүгнэв.

Гэхдээ анхан шатны шүүх алдангийн хэмжээг бууруулахдаа ковид-19 цар тахалын нөхцөл байдлыг харгалзан үзснийг хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэх бөгөөд энэ нь хариуцагчийг алданги төлөх үүргээс чөлөөлөхгүй талаар шүүхээс өгч буй эрх зүйн дүгнэлтийг үгүйсгэхгүй.

 

4.5. Иймд анхан шатны шүүх хариуцагчаас алданги 10,631,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 10,631,250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу итгэмжлэлээр нэхэмжлэгчийг төлөөлж шүүхэд алданги шаардсан нэхэмжлэл гаргасан, мөн гэрээний төлбөрийг төлсний дараа алданги шаардах эсэх нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал тул эдгээр үндэслэлээр гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/02083 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Т.БАДРАХ