Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/16

 

С.О-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа,  Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв. 

Шүүх хуралдаанд:

                        Прокурор М.Ханджав,  

                       шүүгдэгчийн өмгөөлөгч Т.А /цахимаар/,

                        хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.С,

                        иргэний нэхэмжлэгч С.А /цахимаар/

                        нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нар оролцов.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Т.А-н давж заалдах гомдлоор тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.О-д холбогдох эрүүгийн 1830003390317 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2021 оны  05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 19.... онд Сүхбаатар аймгийн БУ суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн МСҮТ .......... ажилтай, ам бүл ...., нөхөр, ...хүүхдийн хамт БУ сумын ..... дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, С.О /................../

 

Шүүгдэгч С.О нь 2018 оны 11 дүгээр сарын 05-аас 06-нд шилжих шөнө БУ сумын 1 дүгээр баг .......... айлын орон сууцны баруун талд иргэн Х.О-н эзэмшлийн Тоёота Приус-20 загварын .................. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсоохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 10.14-д “бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэж заасныг зөрчсөний улмаас Ж.С-г мөргөж, түүний амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хорлоо нь түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.О-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-д хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэх хугацааг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд ялтанд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх“ үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүхийн шатанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгчээс 5375228 төгрөг, иргэний хариуцагч Х.О-с 5375228 төгрөгийг тус тус гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.С-д олгож, түүний бусад нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтыг хэрхэхийг тус тус шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.А давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоогоогүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т заасан хуулийн зүйл, заалттай нийцээгүй, нотлох баримтыг шинжлэн судалж, хэрэгт яллах талын нотлох баримтыг хэт барьж, цагаатгах талын нотлох баримт байсаар байхад түүнд дүгнэлт хийгээгүй, субьектив хандсан гэж үзэж дараах үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийг цагаатгахыг хүсэж, гомдол гаргаж байна:  

1/. Шийтгэх тогтоолд шүүх хуралдаанд оролцсон иргэний хариуцагч Х.О, иргэний нэхэмжлэгч С.А, гэрч Б.Б, шинжээч Ё.Мөнх-Учралын нэрийг бичээгүй,

2/. С.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т заасан гэмт хэрэг гарсан байдал нотлогдож тогтоогдоогүй байхад шүүх гэм буруутайд тооцож, ял халдаасан нь хууль зүйн үндэслэлгүй. Мөрдөгч М нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр С.О-г дуудаж 2 удаа гэрчээр мэдүүлэг авахдаа түүнийг айлган сүрдүүлж, цагдан хорино гэж дүр үзүүлэн удаан хугацаагаар цагдаагийн газарт байлгаж, түүнд өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлаж өгөлгүйгээр  мэдүүлэг аваад нотлох баримтаар тооцож, прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүх ял халдаасан нь ардчилсан Үндсэн хуультай улсын хувьд бүдүүлэг хүний эрхийн зөрчил гэж үзэхээр болжээ. Өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд С.О-г гэрчээр 2 удаа асуусан мэдүүлгийг нотлох баримтаас хасах саналыг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хасаж шийдвэрлээгүй, яллах нотлох баримтад тооцож, ял халдаасанд гомдолтой байна.

3/. Мөн талийгаач Ж.С-т учирсан олон тооны гэмтэл нь О-ы нэг удаагийн ухрах үйлдлийн улмаас учирсан гэж үзэхэд эргэлзээтэй байна. Бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр “шинэ гэмтэл” гэж тогтоосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй ба анх цогцост үзлэг хийсэн шинжээч эмчийн дүгнэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийг үндэслэн дүгнэсэн нь эргэлзээ төрүүлж байна.

4/. Талийгаач Ж.С-н тархинд учирсан гэмтлээс болж нас барсан гэж шинжээчийн дүгнэлтүүдэд дурдсан. Тэгвэл тухайн үед талийгаач ............ айлын орчимд нас бараагүй, Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд нас барсан болох нь баривчлах байранд үзлэг хийсэн тэмдэглэл, баривчлах байранд авчирсан цагдаагийн албан хаагчид, гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогддог. Өмгөөлөгчийн зүгээс цагдаагийн албан хаагч нарыг шалгах талаар прокурорт удаа дараа гомдол, хүсэлт гаргахад шалгаж тогтоогоогүй, мөн эрүүлжүүлэх, баривчлах байрны камерын бичлэгийг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг мөрдөгч, прокурорт удаа дараа гаргасны эцэст дутуу бичлэг хэрэгт нотлох баримтаар хавсаргасан. Тухайн эрүүлжүүлэх, баривчлах байрны үүдний довжоо бетон шаттай, мөн дотор талын үүд хэсэг цементэн шалтай, эрүүлжүүлэх, баривчлах байрны бичлэгийг дутуу бичиж хэрэгт хавсаргасан зэргээс үзэхэд талийгаачийг толгойгоор нь унагаж, тархинд нь гэмтэл учруулсан байж болзошгүй байна. Мөн талийгаачийн хавирганы хугарал тухайн  өдрөөс өмнө 2018 оны 10 дугаар сарын дундуур талийгаач гахайн байранд ажиллаж байх үедээ блок дээр унаж, хавиргаа хугалсан гэж өөрөө амьд сэрүүн байхдаа О-д хэлсэн. Сургуулийн сурагч Б, Б нар багш хүчтэй унасан гэдгийг хэлээд байхад тэднээс гэрчийн мэдүүлэг аваагүй.

5/. Шинжээчийн дүгнэлтэд Ж.С нь хүнд зэргийн согтолттой, түүний биед осголт, хөлдөлтийн шинж тэмдэг илрээгүй гэж дурдсанаас үзэхэд 2018 оны 11 сарын 05-ны шөнийн 12 цагаас 11 сарын 06-ны өдрийн 07 цаг хүртэлх хугацаанд -11-ээс дээш градусын хүйтэнд 7 цаг гаруй хугацаанд газар хэвтэхэд хөлдөлт, осголтын шинж тэмдэг илрээгүй байна гэж байхгүй юм. Талийгаач Ж.С-г өглөө ойроос харсан гэрч, мөн эрүүлжүүлэх, баривчлах байр руу аваачсан цагдаа, өргөж оруулсан гэрч нар хөлдөлт, осголтын байдалтай байсан талаар нэг ч гэрч хэлээгүй. Энэ нь шөнийн 12 цагт С.О ухрахдаа талийгаачийг автомашинаар дайрсан гэдгийг үгүйсгэж байгаа юм. Гэрч Э: “талийгаач Ж.С О-н гэр рүү явж байхад .......... айлын тэнд айлд бууна гэж хэлж байсан” гэж мэдүүлдэг. Гэрч Б.Б машинаас буугаад талийгаач Ж.С шээж байсныг харсан тэрнээс хойш тэр хавьд ахиж хараагүй, байгаагүй гэж мэдүүлсэн. Тухайн үед байсан гэрч нарын мэдүүлгээс үзэхэд талийгаач Ж.С О-н гэрийн гадаа ирээд машинаас буугаад өөр тийш болон эсхүл айлд орсон байж болзошгүй нөхцөл байдал байна. Тухайн үед С.О гэртээ ирээд БЭ машин асахгүй байна гэхээр дахин очиж, БЭ түрүүлж хөдлөөд дахин О хөдлөөд явсан бөгөөд тухайн газар хоёр машин хоёр удаа хөдөлгөөн хийж, тухайн газар хааш хаашаа 300-400 метр талбайтай байхад  талийгаачийг тэнд байсан бүх хүмүүс харах боломжтой байсан. Тэгэхээр талийгаач тухайн газар байгаагүй гэдэг нь нотлогдож байна.

6/. Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хуулийн шаардлага хангаагүй. Хэргийн газрын үзлэгийн дүрс-дуу бичлэг нь чанарын шаардлага хангахгүй, ойлгомжгүй, дугуйны мөр гэсэн 5 дугаар тэмдэглэгээнээс хойш талийгаачийг мөргөсөн гэсэн цэг нь тодорхойгүй, зөвхөн дугуйны мөр харуулаад өнгөрсөн богино бичлэг байдаг. Мөн бичлэгт тухайн хэргийн газар олон дугуйны мөр байгаа харагддагаас Оийн машины дугуйны мөр аль нь, БЭ дугуйны мөр аль нь болохыг тодорхой харуулдаггүй. 2018.11.06-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, 2019.11.08-ны хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрч Мөнхтуяагийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд талийгаачийн хэвтэж байсан цэгийг хоорондоо зөрүүтэй тэмдэглэсэн. 2019.11.08-ны өдрийн хэргийн газрын тэмдэглэлийг үндэслэж гаргасан тээврийн цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлт хууль зүйн хувьд үндэслэлгүй тул түүнийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.

7/. Гэрч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд “О талийгаач С-г дайрсан” гэж мэдүүлсэн нь эргэлзээтэй, мөрдөгч тулгаж мэдүүлэг авсан.  Анхан шатны шүүх хуралдаанд гэрч Б.Б нь “Би дайрсан гэж мэдүүлэг өгөөгүй” гэж мэдүүлсэн.

8/. Энэ хэрэгт өмгөөлөгчийн зүгээс талийгаачийн нас барсан цаг хугацаа, нас барсан газар, талийгаачийн биед учирсан гэмтлүүдийн шинэ, хуучин түүнийг хэн хэрхэн учруулсан байж болох талаар, О-ы ухрах үйлдэл нь талийгаачийн биед учирсан гэмтлүүдтэй шалтгаант холбоотой эсэх талаар, хэргийн газрын үзлэг, шинжээч нарын дүгнэлт зөрүүтэй байгаа байдал, гэрч нарын мэдүүлэг эргэлзээтэй байгаа талаа удаа дараа гомдол, хүсэлт гаргаж, анхан шатны шүүхээс хэргийг 2 удаа мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан хэдий ч прокурор, шүүх нотлогдож тогтоогдоогүй, хууль зөрчсөн баримтуудыг үнэлж, О-д ял халдаасныг хүлээн зөвшөөрөхгүй, шүүх яллах талыг хэт барьж шийдвэрлэснийг харуулж байна гэжээ.

 

Прокурор М.Ханджав шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:  Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй шийдвэр гаргасан. Талийгаачид учирсан гэмтэл авто машинд мөргүүлэх болон дайрагдах хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн. Техникийн шинжээчийн болон тээврийн цагдаагийн албаны дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл тухайн нөхцөл байдалд хэний үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн талаар тодорхой дурдсан. Гэрчээс мэдүүлэг авахдаа хууль сануулж, эрх, үүргийг танилцуулж гарын үсэг зуруулсан байна. Насанд хүрсэн, дээд боловсролтой, бичиг үсэг мэддэг хүнд өмгөөлөгч авах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг тайлбарлаж мэдүүлэг авсан. Шинжээчийн дүгнэлтийн хувьд тусгай мэдлэгийн хүрээнд хийгддэг. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх гэмт хэрэг хийсэн гэдгийг нь тогтоосон байхад С.О хэргээ хүлээхгүй, цагаатгуулах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.  Талийгаачийн гэмтлийг шинэ гэмтэл гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Гахайн байранд  гэмтэл аваагүй, ажлаа хийсээр байсан. 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө С.О ажил дээрээ очоод багш яасан бэ? гэж утсаар ярьсан. Тэгж ерөөсөө ярьдаггүй байсан. Би багш чинь нас барсан гэж хэлэхэд утсаа тасалсан. Би 350000 төгрөгийн тэтгэвэр авдаг. Талийгаачийн цалингийн зээл болох 260000 төгрөгийг  би төлдөг. Надад зээл төлөхөд хэцүү байна. Анхан шатны хурлаар шийдвэрлэгдээгүй тул одоо шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэв.

 

Иргэний нэхэмжлэгч С.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Улаанбаатар хотод 3 хүүхдийн хамт амьдардаг. Бага насны хүүхдүүдээ гэртээ хардаг, өрх толгойлсон эмэгтэй. 2017 онд манай аав “Тэнгэр бурхны хишиг” ХХК-тай гэрээ байгуулж, нэг өрөө орон сууц худалдан авсан. Тухайн үед урьдчилгаа 10 сая төгрөг өгсөн. Үлдэгдлийг нь сар бүр 500000 төгрөг, жилдээ нэг удаа 5000000 төгрөг төлж дуусгахаар тохиролцсон. 2018 онд С.О автын осол гаргаж, миний аавын амь насыг хохироосон. Түүнийг цагаатгана гэдэгт гомдолтой байна. Энэ хэрэг бараг 3 жил болж байна. Бид нар С.Оаас мөнгө авч байгаагүй. Би байрнаасаа хөөгдөж, 2 жил гаруй хугацаанд байр түрээслэн амьдарч байна. С.Оаас нэхэмжилж байгаа мөнгөө гаргуулж авмаар байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Т.А-н давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч С.О-д холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав. 

 

          Шүүгдэгч С.О нь 2018 оны 11 дүгээр сарын 05-аас 06-нд шилжих шөнө БУ сумын 1 дүгээр багийн нутаг дахь .......... айлын орон сууцны баруун талд иргэн Х.О-н эзэмшлийн Тоёота Приус-20 загварын ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 10.14 дэх заалтуудыг зөрчсөний улмаас Ж.С-г мөргөж, түүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-д заасан нөхцөл байдлуудын аль нэг нь тогтоогдохгүй байна. Тодруулбал:

 

          Хэрэгт авагдсан шинжээч С.Э-н “Талийгаач Ж.С-н цогцост гавлын баруун чамархай яснаас дагз руу үргэлжилсэн шугаман хугарал, гавлын хөндий дэх бүлэнтсэн болон бүлэнтээгүй сул цусан хураа, баруун чамархайн дотор хананы хатуу хальсны гадна хананд наалдсан нимгэн цусан хураа, баруун талын 2, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар хавиргануудын нэг, 3, 4, 5 дугаар хавиргануудын хоёрлосон хугарал, цээжний баруун дотор ханын цус хуралт, баруун бөөрний өөхөн эслэг, хальсанд цус хуралт, элэгний урд хананы няцрал, өрцний урд хананд цус хуралт, толгойн дагз хэсгийн хуйханд зулгарсан шарх, үсний халцрал, зүүн хөмсөгний дээд хэсэгт, хамарт, баруун хацарт, хэвлийн  баруун доод хэсэгт зулгаралттай, доод уруулын дотор талд язарсан шарх, цус хуралт зэрэг хавсарсан гэмтлүүд тогтоогдлоо. Талийгаач Ж.С-н цогцост үүссэн дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал: авто ослын үед үүсгэгдэх боломжтой. Цогцост үүссэн гэмтлүүд нь амьд үед нь үүсгэгджээ. Талийгаач Ж.С нь гавлын баруун чамархай яснаас дагз руу үргэлжилсэн шугаман хугарал, гавлын хөндий дэх бүлэнтсэн болон бүлэнтээгүй сул цусан хураа /600 мл орчим/, баруун чамархайн дотор хананы хатуу хальсны гадна хананд наалдсан нимгэн цусан хураа гэмтлүүдийн улмаас нас баржээ.” гэх дүгнэлт /1-р хх 73-74/,

          Шинжээч эмч С.Э-н “Талийгаач Ж.С-н биед учирсан гэмтлүүдийг авсан даруй босож, явах боломжгүй, хэвтээ байдлаараа өнхрөх, хөрвөөх үйлдэл гаргах боломжтой. Талийгаачийн баруун талын 2, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар хавирганууд тус бүр нэг хугаралтай, 3, 4, 5 дугаар хавирганууд хоёрлосон хугаралтай. Цээжний баруун дотор ханын цус хуралтууд болон хавирганы хугарлууд тухайн цаг хугацаанд үүссэн, бүгд шинэ гэмтлүүд. Талийгаачийн биед осголт, хөлдөлтийн  шинж тэмдэг илрээгүй.” гэх /1-р хх 78, 2-р хх 121/ мэдүүлгүүд,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Э, Ж.Г, О.О нарын “Амь хохирогч Ж.С-н биед учирсан дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүдийг авсны дараа босох, алхах, гүйх гэх мэт идэвхтэй үйлдэл, хөдөлгөөн хийх боломж муутай.” гэх дүгнэлт /2-р хх 198-204 /

          Шинжээчийн “Талийгаач Ж.С-н цогцсоос авсан цусанд 3.2 промилль этилийн спирт илрэв. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт/ 1-р хх 75/

          Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 71-72, 76-77/,

          Шинжээч Е.Мөнх-Учралын “Нүдний шилний харах хэсэг дээр дарагдаж үлдсэн дугуйны хээний тоосон мөр нь ........... улсын дугаартай Приус 20 маркийн авто машины зөв талын хойд талын дугуйтай хээний зураглалын ерөнхий шинж тэмдгээр тохирч байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 84-85/,

          Шинжээч Е.Мөнх-Учралын “Тухайн дугуйны хээний арзгар зураглал, түүний дотор үүссэн 3-4 зураглал нь ерөнхий шинж тэмдгээрээ таарсан. Тухайн дугуйны дөрвөлжин хээнүүд нүдний шилэн дээр хуулбарлагдаж үлдсэн байсан. Хувийн онцлог, содон шинж тэмдгээр тохируулах боломжгүй байсан.” гэх мэдүүлэг /3-р хх 62-63/

          Шинжээч С.Э-н “С.О-с авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй.” гэх дүгнэлт /1-р хх 80/,

          Техникийн шинжээчийн “............. улсын дугаартай автомашиныг жолооч С.О нь жолоодон ухрах үйлдэл хийхдээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д заасныг зөрчсөн байна. С.О нь автомашин жолоодон ухрах үйлдэл хийхдээ аюулгүй байдлыг хангаж, хөдөлгөөнд оролцоогүйн улмаас осол гарах гол шалтгаан болсон гэж үзлээ.” гэх дүгнэлт /1-р хх 87/,

          Тээврийн цагдаагийн албаны бүрэлдэхүүнтэй шинжээчийн “Тоёота Приус загварын ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан С.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 10.14 дэх заалтуудыг зөрчсөн байна.” гэх дүгнэлт /1-р хх 152-153/

          Шүүгдэгч С.О-ы “Миний хувьд Приус-20 маркийн машин унаж байгаагүй. Урд талдаа араатай машин унадаг. Эхлээд урагшаа “D” дээрээ буюу урагшлах үйлдэл хийсэн. Дараа нь тоормос дараад ухрах үйлдэл хийсэн. Тэгээд ухраад явсан. БЭ машины зүүн талаар гарсан.” гэх /3-р хх 50-55/,

          Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.С-н “Би БУ сумын ....... дүгээр багийн .......... тоотод нөхөр Ж.С-н хамт амьдардаг байсан. Манай нөхөр 2018 оны 11 сарын 05-ны өглөө ажилдаа явна гээд гэрээсээ гараад ирээгүй. Зургааны өглөө 08 цагийн үед нас барсныг мэдсэн. Талийгаач бор хүрэн өнгийн рамтай, харааны шилтэй байсан.” гэх /1-р хх 30-33, 2-р хх 95, 3-р хх 55-56/,

          Иргэний хариуцагч Х.О-н “Миний хувьд согтолтын зэрэг маш өндөр,  өөрийгөө хянах чадваргүй байсан. Болсон асуудлыг санахгүй байгаа.” гэх /2-р хх 186-187, 3-р хх 58-59/

          Гэрч Б.Б-н “О-н машиныг О жолоодсон. Жолоочийн хажууд Э, арын суудалд би, голд О, зүүн захад талийгаач суусан. Баарны гаднаас хөдлөөд .......... айлын баруун талд ирж зогссон. О машиныг баруун хойд зүгт харуулж зогсоосон. О гэр лүүгээ орохгүй гээд байхаар нь О би гэр лүүгээ аваад явъя гэсэн. Ингээд О нь машиныг жолоодож, О бид хоёр арын суудалд суугаад хөдөлсөн. БЭ машин асахгүй байна гэхээр нь буцаж, .......... айлын баруун талд очиж, БЭ машины баруун талд хойд зүгт хараад зогссон. Талийгаач Оийн гэрийн гаднаас хаашаа явсныг мэдэхгүй. О-тэй зууралдаад ухарч байгаад дайрсныг анзаараагүй. О шээж байх үед талийгаач машинаас буучихсан шээж байсан. Үүнээс хойш хараагүй юм. Буцаж ирэх үед БЭ нь анх зогссон газраа л зогсож байсан.” гэх / 1-р хх 42-45, 3-р 59-62/,

          Гэрч Г.Э-н “Талийгаач баарнаас гараад Оийн машинд О, О, Б нартай цуг сууж, “ТШ”-ын гадаа очсон. Талийгаачийг хаашаа явсан талаар мэдэхгүй.” гэх /1-р хх 46-48, 118-120/,

          Гэрч Т.Э-н “Баар хаах үед бид гарцгаасан. Х.О-н машиныг О жолоодсон. Машины урд талын суудалд би, арын суудалд Б.Б, Х.О, талийгаач сууж, .......... айлын орон сууцны баруун талд ирсэн. Шар байшингийн зүүн талд баруун хойд зүг чигтэй машиныг байрлуулж зогссон.” гэх /1-р хх 54-57, 124-127/,

          Гэрч Э.БЭ “Би өөрийн машиныг жолоодож, миний машинд С, Э нар суусан.  Б над руу утсаар залгаад О-н гэрийн гадна байна гэхээр нь .......... айлын баруун урд талд зүүн хойд зүгт харуулж машинаа зогсоосон. О-ы жолоодож явсан машин нь миний машинаас баруун хойд талд тухайн зүг рүү хараад зогссон байсан. Талийгаач О-н машинаас буусан эсэхийг мэдэхгүй. Миний машинд ирж, суугаагүй.” гэх /1-р хх 49-50, 121/,

          Гэрч Х.С-н “Баар хаах үед бид гараад .......... айлын баруун урд талд зүүн хойд зүгт харж зогссон. Э эгч БЭ машинд суухаар орж ирсэн. Тэгтэл О-н машин хөдлөөд яваад өгсөн. Хөдлөхдөө ямар үйлдэл хийснийг би анзаараагүй. Тухайн үед шөнө байсан учир машины гэрэл нь тусаад тойроод явсан. БЭ машинаа асаах гэсэн чинь асахгүй байсан. Оийн машинтай хүмүүс буцаж ирээд хажууд зогссон.” гэх /1-р хх 58-59, 128/,

          Гэрч Б.М-н “Өглөө нь 06 цаг өнгөрөөгөөд баруун талын хөшгөө нээхэд манай баруун талд байдаг нэг давхар шар байшингийн чингэлэг тавьсан цонхноос зүүн тийш газарт нэг эрэгтэй хүн хажуугаараа хэвтэж байгаа харагдсан. Тэр хүний толгой хэсэг нь ертөнцийн зүгээр хойшоо харсан байдалтай, толгойных нь дэргэд нүдний шил харагдаж байсан. Тэр хүн эргэх гээд эргэж чадахгүй гар нь хөдлөх шиг болохоор цагдаа руу утсаар яриад:  “Гадаа хүн хөлдөж үхэх гэж байх шиг байна.” гэж хэлсэн.”  гэх / 2-р хх 111-112, 190-192/,

          Гэрч Л.Т-н “2018.11.06-ны өглөө 06 цаг 55 минутад гэрээсээ гарсан чинь манай байрны баруун талын шар байрны зүүн талд эрэгтэй хүн дээшээ хараад хэвтчихсэн хөл, гараа татчихсан гиншээд хамраас нь цус гарсан байдалтай, хажууд нь хүрэн рамтай шил нь салчихсан нүдний шил эвдэрсэн байсан. Ингээд би цагдаа руу залгаж хэлсэн.” гэх /1-р хх 41/,

          Гэрч Ш.С-н “Өглөө 07 цагийн үед манай нөхөр машинаа бариад явахад манай байрнаас нэлээн урд талд нэг хүн газар хэвтэж байгаа харагдсан. Цонхны цаанаас харахад бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн харагдсан. Тэр хүний нэг хөл нь хөдөлж байсан, ажил руугаа яарч байсан болохоор яваад өгсөн.” гэх /2-р хх 102-103/,

          Гэрч Б.Э-н “Өглөө нь ажлаасаа буугаад гэрийнхээ цонхон доор мотоциклоо тавих үед манай цонхны ойролцоо нэг хугархай нүдний шил газар хэвтэж байсан. Талийгаач С нь манай байр орчмоор ирдэггүй болохоор яагаад тухайн шөнө ирснийг мэдэхгүй байна.” гэх /2-р хх 119-120/,

          Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 7-10, 15-17, 19, 96-102/,

          Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р 18-19/,

          Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 20-26, 2-р хх 191-193/,

          Цагдаагийн хэлтсийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 11-14/

          Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх 27-28/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд “2021 оны 11 дүгээр сарын 05-аас 06-нд шилжих шөнө 00 цаг 10 минут өнгөрч байхад амь хохирогч Ж.С нь “Б” баарнаас 7 хүний хамт гарч, шүүгдэгч С.О-ы жолоодож явсан машинд Т.Э, Б.Б, Х.О нарын хамт суугаад хэрэг гарсан газарт буюу .......... айлын орон сууцны баруун талд ирсэн. С.О нь жолоодож явсан машинаа Механикжуулалтын байрны зүүн талд баруун хойш харуулж зогсооход машинд байсан хүмүүс буусан. Х.О-г гэрт нь оруулах гэтэл орохгүй гэсний улмаас түүнийг С.О, Б.Б нар машинд буцаан суулгаж, ухрах хөдөлгөөн хийн тухайн газраас гурвуулаа явах үед талийгаач машинд суулгүй үлдсэн, хаашаа явахаа хамт явсан 7 хүний хэнд нь ч хэлээгүй, алга болсон байхад тухайн үед нь эрж, хайлгүй орхисон. С.О урьд нь ижил загварын машин барьж байгаагүйн улмаас туршлага дутаж, архи ууж тасран биеэ авч явах чадваргүй болсон Х.О-тэй зууралдан анхаарлаа сарниулж, шөнийн харанхуйд ар талаа сайн харалгүй ухарсны улмаас Ж.С-г мөргөж, амь насыг нь хохироосон. Тухайн шөнө С.О-ы жолоодож явсан машин зогсож, ухарсан гэх газарт талийгаач дээшээ хараад хэвтэж байсан, хажууд нь түүний зүүж явсан хүрэн рамтай, нүдний шил хагарч, эвдэрсэн байдалтай газарт унасан байсныг өглөөний 06-07 цагийн хооронд ойр орчимд нь амьдардаг оршин суугч нар харж, цагдаад дуудлага өгсөн. Хохирогч эргэж, хөрвөөхөөс өөрөөр босож явах боломжгүй олон тооны хавсарсан хүнд гэмтэл авсан, хүнд зэргийн согтолттой байсан бөгөөд хэрэг гарсан цаг хугацаанд тухайн газарт өөр машин явсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.” зэрэг үйл баримт хөдөлбөргүйгээр тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

          Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан иргэний хариуцагч Х.О-н “Маргааш өглөө нь дотуур байранд сэрсэн. Тэгээд 08 цаг 05 минутын үед гэртээ очоод хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд, сургууль дээр ирсэн. Өглөө гэртээ ирэхдээ машинаа зогсоол дээр хажуу тийшээ харуулж зогсоосон.” гэх /3-р хх 58-59/ мэдүүлэг, Сүхбаатар аймгийн ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн 2020 оны 20 болон 68 дугаартай “БУ хотын орчмоор 2018 оны 11 сарын 06-ны шөнийн 00-06 цагийн хооронд агаарын температур /-9.5/-аас /-11.7/ градус хүйтэн, үүлгүй цэлмэг, салхи ихэвчлэн баруун хойноос 3-5 м/с байсан.” гэх /2-р хх 57, 123/ албан бичгүүд зэрэг цагаатгах талын нотлох баримтууд нь дээр дурдсан шинжээчийн дүгнэлтүүд, гэрчийн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад яллах талын нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл болохгүй байна. Хэрэгт авагдсан яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бүрдүүлсэн байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосныг буруутгах үндэслэлгүй юм.

 

          Техникийн шинжээч Б.У-н болон Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээч С.Э, Д.Ч, Ө. нарын дүгнэлтээр шүүгдэгч С.О-г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 10.14 дэх заалтуудыг зөрчсөн гэж дүгнэсэн хийгээд анхан шатны шүүх шүүгдэгчийн энэ журмыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж, түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсныг эрүүгийн хууль зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. /1-р хх 87, 152-153/

 

          Хэрэгт авагдсан гэрч С.Л, Э.С нарын “2018 оны 11 сарын 06-ны өглөөний 07 цагийн үед ирсэн дуудлагаар бид хоёрыг очиход .......... айлын баруун талын нэг давхар орон сууцны зүүн талд 50 гаруй насны, согтуу, эрэгтэй хүн дээшээ хараад хэвтэж байсан. “Ах аа, Та зүгээр үү?” гэхэд юу ч дуугарахгүй, бага зэрэг амьсгалах нь мэдэгдэж, нүүр аманд нь ил харагдах гэмтэл, шарх харагдахгүй байхаар нь машиныхаа арын суудалд хэвтүүлж, баривчлах байранд байсан 3 хүний тусламжтайгаар эрүүлжүүлэх байр руу оруулсан. Түргэн ирж үзээд нас барсан байна гэсэн...” гэх /1-р хх 60, 1-р хх 62, 130, 2-р хх 104/,

           гэрч Н.Ө-ы “Өглөө 07 цаг 45 минутад д/а С орж ирээд нэг согтуу хүн ирлээ гээд баривчлахын 3 хүнийг дуудаад жижүүрийн машины арын хаалгыг нээгээд нэг хүн дамнаад буулгасан. Тэр хүн ямар ч ухаангүй, хамаг биеэ сул тавьсан байсан...” гэх /1-р хх 61/,

          гэрч Ц.У, Б.Э нарын “Өглөө 07 цагийн үед жолооч цагдаа: “Хүн ирсэн, эрүүлжүүлэх байр руу оруулаад өг.” гэж хэлсэн. Тэгээд цуг хүмүүжиж байсан 2 хүний хамт цагдаагийн алаг тэрэгний арын суудлаас нэг ухаангүй хүнийг гурвуулаа дамнан эрүүлжүүлэх байрны хувцас солих өрөө рүү оруулсан. Тухайн хүн ямар ч ухаангүй, биеэ сул тавьсан байсан...” гэх /1-р хх 67-68/,

          гэрч О.Т, Д.С, Т.Т, Д.Х нарын “2018 оны 11 сарын 06-ны өглөө 07 цаг өнгөрч байх үед цуг эрүүлжүүлэгдсэн хүмүүстэйгээ хувцас солих өрөөнд байхад нэг цагдаа  баривчлахын хүмүүсийг: “Гаднаас хүн оруулаад өгчих, дийлэхгүй байна.” гээд ухаангүй эрэгтэй хүн дамнан оруулж ирээд шалан дээр тавьсан. Гэтэл эрүүлжүүлэх байранд  гарч байсан цагдаа: “Наадах чинь амьд юм уу, түргэн дуудаж үзүүлсэн үү” гэж ярилцаж байсан...” /1-р хх 63-66/ гэх мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, цагдаагийн хэлтсийн камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 11-12, 73-74, 78, 2-р хх 198-204, 121/ зэрэг нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд амь хохирогч нь зөвхөн тархиндаа гэмтэл аваагүй, түүний биед өөр олон тооны хавсарсан гэмтэл учирсан байх бөгөөд түүнийг .......... айлын орон сууцны баруун талд дээшээ харсан байдалтай хэвтэж байхад дуудлагаар очсон цагдаагийн хоёр ажилтан албаны машиныхаа арын суудалд хэвтүүлэн цагдаагийн хэлтэст авчирч, баривчлах байранд саатуулагдсан гурван хүнээр өргүүлэн эрүүлжүүлэх байрны хувцас солих өрөөнд оруулан шалан дээр хэвтүүлэх үед хохирогч биеэ сул тавьсан, ухаангүй байдалтай, түргэн дуудаж үзүүлэхэд нас барсан байсан болох нь тогтоогдож байх бөгөөд харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан “цагдаагийн албан хаагч нар талийгаачийг толгойгоор нь унагаж, тархинд нь гэмтэл учруулсан байж болзошгүй” гэх таамаглал нь үгүйсгэгдэж, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

          Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.С-н “Талийгаач сүүлийн жилүүдэд гэмтэж бэртсэн зүйл огт байхгүй. Хавирга хугарсан бэртэлтэй, эмзэглэлтэй байгаа талаар огт хэлээгүй. Талийгаачийн хувьд ажлаа хийгээд л явж байсан. Хэрэв гэмтэл авсан бол бид нарт мэдэгдэх байсан.” гэх  мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаас үзэхэд талийгаачийн баруун талын арван нэгэн хавирга нэг болон хоёр хугарал бүхий олон тооны хавсарсан гэмтэл авсан байх тул энэ тохиолдолд тэрээр ажлаа хийгээд, архи уугаад яваад байх боломжгүй учраас шүүгдэгчийн мэдүүлэг, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан “2018 оны 10 дугаар сарын дундуур талийгаач гахайн байранд ажиллаж байх үедээ блок дээр унаж, хавиргаа хугалсан” гэдэг нь үгүйсгэгдэж, гэрчээр Б, Б нарыг асуух нь энэ хэрэгт ач холбогдолгүй болно. / 1-р хх 32, 73-74, 78, 2-р хх 121, 3-р хх 55/,

          Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолдоо дурдсан “Талийгаач хөлдөж, осгоогүй тул шөнө гадаа хоноогүй, машинаас буугаад өөр тийш явсан эсхүл айлд орсон байж болзошгүй” гэх таамаглалыг нотлоход гэрч Т.Эгийн “Талийгаач Сүхбаатар нь машинд байхгүй байсан. Замд талийгаач 5 шарын байранд айлаар орно гэж ярьж байсан учир санаанд ороогүй юм.” гэх мэдүүлэг хангалтгүйгээс гадна амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.С-н “Талийгаач .......... айл орчмоор хүмүүстэй уулзана гэж явж байсан удаа байхгүй. Манай ах дүү, төрөл садан, найз нөхдөөс .......... айл болон түүний дэргэдэх нийтийн сууцууд болон Тэжээлийн орон сууц зэрэгт амьдардаг хүн байхгүй.” гэх мэдүүлэг болон гэрч .......... айлын болон Механикжуулалтын байрны оршин суугч Л.Т, Б.Н, Х.М, Б.М, Г.Э, Ш.Г, Ш.С, Б.Б, Л.Б, Б.Э, Ш.Г, Ш.С нарын “талийгаач гэрт нь орж ирээгүй тухай” мэдүүлэг, мөрдөгчийн биечилсэн судалгаа хийсэн илтгэх хуудас, мөрдөгчийн тэмдэглэл зэрэг баримтуудаар үгүйсгэгдэж, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдохгүй байхаас гадна талийгаачтай хамт явж байсан долоон хүний хэн нь ч түүнийг хаашаа, хэнийх рүү явсныг тодорхой мэдүүлээгүй болно. /1-р хх 41, 54-57, 69, 131, 102-103, 108-120, 227-232, 2-р хх 95, 124-125, 137/

 

          Мөрдөгч нь хүнийг гэмт хэрэгт холбогдуулан шалгах үндэслэл бүхий гомдол, мэдээлэл, баримт сэлтийг хүлээн авсан үед гэмт хэрэгт сэжиглэгдэж буй хүнд худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулж, түүнээс мэдүүлэг авах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно.” гэснийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Харин мөрдөгч гэмт хэрэг үйлдсэн байж болох хүн, хуулийн этгээд тодорхойгүй байгаа үед ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэж үзсэн хүнээс гэрчийн мэдүүлэг авч болох бөгөөд энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрхийг тусгайлан тайлбарлаж өгөх журамтай. Мөрдөгч 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр С.О-г 2 удаа гэрчээр асууж, мэдүүлэг авахдаа эрх, үүрэг тайлбарлаж, эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийг сануулсан баримтад гарын үсэг зуруулсан боловч,  “гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй” болохыг тусгайлан тайлбарлаж өгөөгүй байх тул эдгээр мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно. /Хэргийн 1-р хавтасны 35-40 хуудас/

          Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тэмдэглэсэн “Б” цэгт талийгаач Ж.С хэвтэж байсныг гэрч С.Л, Б.Б, Б.М нар тодорхой зааж мэдүүлснийг газар дээр нь шалгасан тэмдэглэлээр баримтжуулсан байх бөгөөд мөрдөгч хэргийн газарт үзлэг хийхдээ дутуу, дулимаг хандсан хэдий ч энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн гэж үзэж, нотлох баримтаас хасах үндэслэл болохгүй байна.  /1-р хх  7-26, 2-р хх 190-193/

          Анхан шатны шүүхийн шүүгч шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүх хуралдааны зарим оролцогч болох иргэний хариуцагч Х.О, иргэний нэхэмжлэгч С.А, гэрч Б.Б, шинжээч Ё.М нарын нэрийг бичээгүй, улсын яллагч Д.Хорлоогийн нэрийг Г.Л гэж ташаарч бичсэн зэрэг техникийн шинжтэй алдаа гаргаснаа 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 137 дугаартай шүүгчийн захирамжаар залруулга хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанд нийцжээ. /3-р хх 112-114/

          Анхан шатны шүүх шүүгдэгч С.О-г анх удаа хөнгөн гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдсэн, түүний охин О.Х нь 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төрсөн 1 настай, охин О.Ц нь 6 настай, байнгын асаргаа шаардлагатай төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг нь тал бүрээс харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хоёр жил таван сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, энэ хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэх хугацааг хоёр жилийн хугацаагаар хойшлуулж, дээрх хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсныг буруутгах үндэслэлгүй юм. /1-р хх 191-192, 3-р хх 27-39/

 

          Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

          Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж буй нь үндэслэлгүй, хэргийн баримтаар нотлогдохгүй хийгээд яллах талын баримтаар няцаагдаж байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шүүгдэгчийг цагаатгахыг хүссэн” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          Нэг. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шүүгдэгчийг цагаатгахыг хүссэн” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

          Хоёр. Шүүгдэгч С.О энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй болохыг дурдаж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          Гурав. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                                     Д.БАЙГАЛМАА      

                                                                                                           

Б.ДЭНСМАА