Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2023/02560

 

 

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:С.П нэхэмжлэлтэй

Хариуцагч: НШШГГ-Т олбогдох

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 18260466/03 дугаар тогтоолыг бүхэлд хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Удвал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунцацрал, нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.П хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2017/03210 дугаар захирамжаар Пено хавтан ХХК-иас 203,732,890 төгрөгийг гаргуулж Чингис хаан банканд олгуулахаар шийдвэрлэсэн. С.П 2013 оны 9 дүгээр сард багын найзууд Д.А , С.Э нартай уулзахад хамтарч компани байгуулах талаар санал тавихад С.П  би үйл ажиллагаанд оролцож чадахгүй ээ, гэхдээ яах вэ 2 найзыгаа дэмжээд хийх гэж байгаа юманд тусалъя гээд анхны хөрөнгө оруулалт гээд тодорхой хэмжээний мөнгө өгсөн. гэтэл А, Э нар компанид хөрөнгө оруулсан юм чинь чиний нэрийг оруулчихсан шүү гэж С.П д хэлсэн.Түүнээс хойш С.П компанийн үйл ажиллагаанд ер оролцоогүй сайн мэдэхгүй явсаар дараа жилийн хавар А уулзахад Б ах манай компани дээр 400,000,000 төгрөгийн зээл аваад өгий 200,000,000 нь би авна, 200,000,000 нь чи ав гэж тохирсон байгаа гэж хэлсэн. С.П гийн хувьд уг зээлийг хэзээ хаанаас авах талаар нарийн сайн мэдээгүй. Компанийн хувьцаа эзэмшигчийн хувьд ямар нэгэн шийдвэр гаргаагүй, зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй, мөн зээлийг хэрхэн яаж зарцуулсан талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байсан.

Гэтэл 2018 онд шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс та төлбөрөө төл гэхээр гайхаад 2 найзаасаа асууж тодруулахад Чингис хаан банкнаас зээл аваад эргүүлж төлөөгүй шүүхээр ороод компани төлөх төлбөртэй болсныг олж мэдсэн. Ингээд С.П нөгөө 2 хувьцаа эзэмшигч болох А , Э нараас зээлийг хэрхэх талаар асуухад өөрсдөө авсан юм чинь өөрсдөө төлнө гэх хариуг өгсөн. Ингээд ямар ч оролцоогүй аваагүй зээлийг хамтран талах үүрэг ногдсонд гайхаж бас гомдож байна. Үүнээс хойш шүүхийн шийдвэрээс 2-3 удаа залгаж, очиж уулзаж байсан С.П гийн хувийн эрхэнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас удаа дараа халдаж, гадаадад зорчих эрхийг хааж, хувийн данснаас хүртэл мөнгө татаж байсан. Үүнийг хууль бус болохыг 2 удаагийн шүүхийн шийдвэрээр тогтоосон.

Компани хувьцаа эзэмшигчид 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж хувьцаа эзэмшигчээс С.П г хасаж өөрт ногдох хувийг Д.А , С.Э нарт шилжүүлэхээр болж хувьцаа худалдаж, худалдан авах гэрээг нотариатаар орсон. Ингээд Улсын бүртгэлийн байгууллага дээр очиход танай компанийн шилжилт хөдөлгөөнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хаасан байна гэсэн тул өгч чадаагүй бөгөөд ямар шийдвэр тогтоолоор хасаныг мэдээгүй. Харин сүүлд шүүхийн шатанд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч В.Алтанзулын Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 18260466/03 дугаар тогтоол хүргүүлснийг мэдсэн.

Үүнийг эс зөвшөөрч 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Хуулийн этгээдийн бүртгэлийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар Ахлах шийдвэр гүйцэтгэгч В.А гомдол гаргасныг 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 4/672 дугаар мэдэгдэх хуудсанд Төлбөр төлөгч хуулийн этгээд нь гүйцэтгэгч баримт бичигт заасан төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14-т заасан төлбөр төлөгчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг сэргээх боломжгүй болохыг үүгээр мэдэгдье гэсэн хариуг өгсөн.

Уг шийдвэрийг эс зөвшөөрч Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гомдол гаргасан боловч Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03/86 дугаар албан тоотоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14-т заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ авсан нь хуульд нийцсэн байх тул гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн. Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйл болон Пенохавтан ХХК-ийн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.12-д заасны дагуу С.П нь өөрийн эзэмшиж буй хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдээ шилжүүлсэн бөгөөд дээрх тогтоолтой холбоотойгоор улсын бүртгэлд өөрчлөлт оруулах боломжгүй нөхцөл байдал үүсэж иргэн С.П гийн эрх ашиг хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14-т заасны үндэслэл журмын дагуу Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч В.Алтанзулын Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 18260466/03 дугаар тогтоолыг бүхэлд хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2017/03210 дугаар захирамжаар Пенохавтан ХХК-иас 203,732,890 төгрөгийг гаргуулж ЧХ банканд олгуулахаар, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг,  дугаарт бүртгэгдсэн%  Сонгинохайрхан дүүрэг,  тоотод байрлах үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр үүсгэж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийг баталгаажуулах арга хэмжээг авч талууд харилцан тохиролцож нийт 145,000,000 төгрөгт тооцон шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч нарт гардуулж өсгөн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14-т зааснаар 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 18260466/03 дугаар тогтоолоор хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлсэн.Төлбөр төлөгч Пенохавтан ХХК нь төлбөрийн үлдэгдэл 58,732,890 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй тул төлбөр төлөгчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг сэргээж боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч талаас шүүхэд: 2021.10.28-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээ(хх6), 2021.10.28-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ(хх7-8), Пенохавтан ХХК ийн 2021.10.28-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн тогтоол(хх9,12), Пенохавтан ХХКийн 2021.10.28-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл(хх9,13), Пенохавтан ХХКийн дүрэм(хх14-18),БЗДИХАШ Шүүхийн шүүгчийн 2017.10.1.6-ны өдрийн 03210 дугаар захирамж(хх19-20), НШШГГ-ын 2022.09.19-ний өдрийн 4/672 хариу мэдэгдэх хуудас(хх21), БЗДИХАШШүүхийн 2022.05.11-ний өдрийн 02206 дугаар шийдвэр(хх62-65), БЗДИХАШШүүхийн 2021.03.09-ний өдрийн 00747 дугаар шийдвэр(хх68-71) зэрэг нотлох баримтын шаардлага хангаж гаргаж өгсөн.

Хариуцагч талаас шүүхэд: БЗДИХАШ Шүүхийн шүүгчийн 2017.10.1.6-ны өдрийн 03210 дугаар захирамж(хх35-38), шүүхийн гүйцэтгэх хуудас(хх39), 2018.07.03-ны өдрийн Чингис хаан банкны албан тоот(хх40-41), НШШГГ-ын 2020.03.16-ны өдрийн албан тоот(хх42), 2020.03.13-ны өдрийн №182604466/03 дугаар тогтоол(хх43), эрх, үүрэг танилцуулсан тэмдэглэл(хх44-46), шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл(хх47-52), ШГА-ны баримт бичиг хүлээн авах баталгаа(хх53-55), шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл(хх55-58) зэрэг нотлох баримтын шаардлага хангаж гаргаж өгсөн.

Шүүхээс: тус шүүхийн шүүгчийн 2023.04.27-ны өдрийн 10779 дугаар захирамжаар НШШГГ-с шаардсан баримт(хх86-88) зэрэг баримтыг шаардсан шаардан гаргуулсан.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.П хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 18260466/03 дугаар Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг бүхэлд хүчингүй болгох тухай тухай шаардлагыг гаргажээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөр төлөгч Пенохавтан ХХК нь 58,732,890 төгрөгийн үлдэгдлийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Зохигч талуудын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдов.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШЗ2017/03210 дугаар захирамжаар Пенохавтан ХХК-аас 203,111,037.26 төгрөгийг гаргуулж, Чингис хаан банк ХХК-д олгохоор шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийг хангуулахаар шийдвэрлэжээ.  Шүүхийн шийдвэрт тус шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 00310 дугаартай гүйцэтгэх хуудсыг олгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн байна.(хх19-20,35-39)

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх, эсхүл төлбөр төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно. 44.2.14.-д төлбөр төлөгчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлэх гэж тус тус заажээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 00310 дугаар гүйцэтгэх баримт бичигт үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, Пенохавтан ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.А ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, А.О, С.Э нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-00 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн  3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагч Чингис хаан банк ХХК-нд 145,000,000 төгрөгт тооцон шилжүүлжээ. (хх40-41)

Улмаар Пенохавтан ХХК нь 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 39,653,620.81 төгрөг, зээлийн хүү 17,513,831.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 943,584.82 нийт 58,111,037.26 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй талаар талууд маргаагүй. (хх40,86-88)

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлан шийдвэр гүйцтэгчийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн №182560466/03 дугаар Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай тогтоол-оор төлбөр төлөгч Пенохавтан ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлжээ.(хх26,43)

Нэхэмжлэгч нь...2013 онд найз нарын байгуулсан Пенохавтан ХХК-д компанид 12,000,000 төгрөгийн хөрөнгө оруулж, тус компанийн 33,3 хувийг С.Э , 33,3 хувийг Д.А , 33,3 хувийг нэхэмжлэгч С.П нар эзэмшдэг байсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.(хх68-71)

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Пенохавтан ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарт шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад эрх, үүргийг танилцуулж, ажиллагааны баримт бичиг хүлээн авах баталгааг авч, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл хүргүүлсэн зэрэг баримт хэрэгт авагджээ. (хх44-58)

Төлбөр төлөгч Пенохавтан ХХК ийн хувьцаа эзэмшигч нар 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж, хувьцаа эзэмшигч С.П өөрийн эзэмшдэг 33.3%-ийн хувьцааг Компанийн хувьцаа худалдах, худалдан авах №7130 дугаар гэрээ, Компанийн эрх шилжүүлэх №7129 дугаар гэрээгээр С.Э ад 15.7%-ийг, Д.А т 17.6%-ийг шилжүүлж, С.П хувьцаа эзэмшигчээс хасагдаж, С.Э 49 %, Д.А 51% хувьцааг эзэмшихээр , компанийн дүрмийг шинэчлэн, компанийн хувьцаа эзэмшигч нар өөрчлөгдсөн тогтоолыг баталжээ. (хх6-18)

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно, энэ хуулийн 44.4-т Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно. гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч нь С.П 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн №182560466/03 дугаар Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай тогтоол-ыг эс зөвшөөрч хариуцагчид гомдол гаргасныг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 9 дүгээр сарын 19-нйи өдрийн 4/672 дугаар хариу мэдэгдэх хуудас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03/86 дугаар албан бичгүүдээр гомдлыг хүлээн аваагүй болох нь тогтоогдож байна. (хх21,23)

Нэхэмжлэгч тал шүүхийн хэлэлцүүлэгт: ...2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Пенохавтан ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын хурлаар компанийн хувьцаа эзэмшигч нарын өөрчилсөн бүртгэл, шинэчилсэн дүрмийг шинэчилснээр Улсын бүртгэлийн Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэхээр хандаж хуулийн этгээдийн бүртгэлийг түдгэлзүүлснийг мэдсэн гэж тайлбарласан атлаа Хуулийн этгээдийн бүртгэлийг газарт хэзээ хандсан талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч С.П нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 18260466/12-187 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, уг тогтоолын дагуу хураан авсан мөнгийг буцаан олгуулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн албыг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2814 тоот дугаартай гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолын С.П д холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шүүхэд тус тус гаргажээ.

Улмаар шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч хянаад:

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2021/00747 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасныг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн албыг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2814 тоот дугаартай гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тохай тогтоолын С.П д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай гэж;(хх68-71)

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2022/02206 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасныг баримтлан 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 18260466/12-187 тоот тогтоолын С.П д холбогдох хэсгийг хүчингүй болгож, уг тогтоолын дагуу хураан авсан мөнгийг буцаан олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ. Дээрх шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон байна.(хх62-65)

Компанийн тухай хуулийн:

 

9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ;

9.3 дахь хэсэгт Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ;

9.5 дахь хэсэгт Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж зохицуулсан.

Тодруулбал, компанид оруулсан хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг компанийн хөрөнгөд бүртгэсэн, тайлан тэнцэлд тусгагдаж, түүний хувийн эд хөрөнгөөс зааглагдсан байхыг шаардах ба хувьцаа эзэмшигч компанид хувь нийлүүлсэн хөрөнгө болгон оруулахгүйгээр компанийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа түүний өмчлөлийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг хариуцахыг ойлгоно.

Хэрэгт авагдсан баримт зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь 2013 оны 9 дүгээр сард найз Д.А , С.Э нарын байгуулсан Пенохавтан ХХК-д 12,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 33.3%-ийн хувьцаа эзэмшигч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцсоноос хойш Пенохавтан ХХК-ийг бусдад төлөх өр төлбөртэйг мэдсэнээс хойш өөрийн хувьцааг бусдад хувьцаа эзэмшигч нарт шилжүүлсэн гэж үзэхээр байна.

Төлбөр төлөгч Пенохавтан ХХК нь 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 39,653,620.81 төгрөг, зээлийн хүү 17,513,831.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 943,584.82 нийт 58,111,037.26 төгрөгийн өр төлбөр төлөгдөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

 

Иймд нэхэмжлэгч С.П гийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 18260466/03 дугаар тогтоолыг бүхэлд хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3., 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 18260466/03 дугаар Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг бүхэлд хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ