Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/01348

 

 

П.Ү-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Бадрах, шүүгч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2023/02560 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П.Ү-гийн хариуцагч НШШГ-т холбогдуулан гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 18260466/03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2017/03210 дугаар захирамжаар Пено хавтан ХХК-аас 203,732,890 төгрөгийг гаргуулж Чингис хаан банк ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн. П.Ү- 2013 оны 09 дүгээр сард найз Д.Анхбаяр, С.Эрдэнэбат нартай уулзахад хамтарч компани байгуулах санал тавихад нь тэрээр би үйл ажиллагаанд оролцож чадахгүй, гэхдээ 2 найзыгаа дэмжиж тусалъя гээд тодорхой хэмжээний хөрөнгө оруулсан. Гэтэл Д.Анхбаяр, С.Эрдэнэбат нар хөрөнгө оруулсан юм компанийн бүртгэлд нэрийг чинь оруулъя гэсэн. Гэвч П.Ү- компанийн үйл ажиллагаанд оролцоогүй. Д.Анхбаяртай уулзахад н.Буяндалай манай компанийн нэр дээр 400,000,000 төгрөгийн зээл аваад 200,000,000 төгрөгийг өөрөөр авч, 200,000,000 төгрөгийг намайг ав гэсэн гэж хэлсэн. П.Ү- компанийн хувьцаа эзэмшигчийн хувьд ямар нэгэн шийдвэр гаргаагүй, зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй, мөн зээлийг хэрхэн зарцуулсан талаар мэдээлэл байхгүй байсан. Гэтэл 2018 онд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зээл төлөхөөр мэдэгдэхэд С.Эрдэнэбат болон Д.Анхбаяр нараас тодруулахад Чингис хаан банк ХХК-аас зээл аваад төлөөгүй, тэд өөрсдөө төлнө гэдгээ хэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас П.Ү-гийн хувийн эрхэнд халдаж, гадаадад зорчих эрхийг хааж, хувийн данс дахь мөнгөн хөрөнгийг төлбөрт хураах ажиллагаа хийснийг 2 удаагийн шүүхийн шийдвэрээр тогтоосон.

Компанийн хувьцаа эзэмшигчид 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр П.Ү-г хувьцаа эзэмшигчээс хасаж өөрт ногдох хувийг Д.Анхбаяр, С.Эрдэнэбат нарт шилжүүлэхээр шийдвэрлэж хувьцаа худалдаж, худалдан авах гэрээг байгуулсан. Тус гэрээг Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Пено хавтан ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлсэн тул хасалт хийх боломжгүй гэх хариу өгсөн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Хуулийн этгээдийн бүртгэлийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тул төлбөр төлөгчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг сэргээх боломжгүй гэх хариу өгсөн. Уг хариуг эс зөвшөөрч Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гомдол гаргасан боловч мөн гомдлыг хангахаас татгалзсан. Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйл болон Пено хавтан ХХК-ийн дүрмийн 3.12-д заасны дагуу П.Ү- нь өөрийн эзэмшиж буй хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдээ шилжүүлсэн бөгөөд дээрх тогтоолтой холбоотойгоор улсын бүртгэлд өөрчлөлт оруулах боломжгүй нөхцөл байдал үүсэж П.Ү-гийн хууль ёсны эрхийг зөрчиж байна. Иймд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 18260466/03 дугаар тогтоолыг бүхэлд хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2017/03210 дугаар захирамжаар Пено хавтан ХХК-аас 203,732,890 төгрөгийг гаргуулж Чингис хаан банк ХХК-д олгох, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй барьцааны зүйл болох Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Баянзүрх хотхон 107 дугаар байр 75 тоот, Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, 131/2 байр 46 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр үүсгэж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийг баталгаажуулах арга хэмжээг авч талууд харилцан тохиролцож нийт 145,000,000 төгрөгт тооцон шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч нарт гардуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14-т зааснаар 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 18260466/03 дугаар тогтоолоор хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлсэн. Төлбөр төлөгч Пено хавтан ХХК нь төлбөрийн үлдэгдэл 58,732,890 төгрөгийг төлж барагдуулаагүй тул төлбөр төлөгчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг сэргээж боломжгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14-д заасныг баримтлан хариуцагч НШШГ-т холбогдуулан шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 18260466/03 дугаар Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг бүхэлд хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож,

3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3, 9.5 дахь хэсэг тус тус зааснаар компанийн хувьцаа эзэмшигч нь компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна. Тодруулбал, Компанид оруулсан хувьцаа эзэмшигчдийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг компанийн хөрөнгөөс зааглагдсан байхыг шаардах ба хувьцаа эзэмшигч компанид хувь нийлүүлсэн хөрөнгө болгон оруулахгүйгээр компанийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа түүний өмчлөлийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг хариуцахыг ойлгоно. Төлбөр төлөгч Пено хавтан ХХК нь 2023 оны 05 дугаар сарын 22-ны байдлаар үндсэн зээлд 39,653,620.81 төгрөг, зээлийн хүү 17,513,831.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 943,584.82 төгрөг, нийт 58,111,037.26 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Иймд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь: Пено хавтан ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тогтоолын П.Ү-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар НШШГ-т холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2021/00747 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Мөн хувьцаа эзэмшигчдийн дансыг битүүмжилж, хасалт хийсэн тогтоолын П.Ү-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар НШШГ-т холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 22-ний 101/ШШ2022/02206 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Дээрх хоёр шийдвэрээр компани болон хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө нь заагдсан эсэх талаар ажиллагаа хийж гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хувьцаа эзэмшигчийн хувийн хөрөнгийг битүүмжилж, хураасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт заасан журамд нийцээгүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байсан бөгөөд тус шийдвэрүүд хүчин төгөлдөр байна.

Гэтэл НШШГ- нь П.Ү-гийн эд хөрөнгө нь төлбөр төлөгч Пено хавтан ХХК-ийн эд хөрөнгөөс тусгаарлагдсан, зааглагдсан эсэхийг тогтоогоогүй, ажиллагаа хийсэн эсэх нь тодорхойгүй, үүнтэй холбоотой баримт нь хэрэгт авагдаагүй байхад Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 18260466/03 дугаар тогтоолыг гаргахдаа хууль буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14-д төлбөр төлөгчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлэх гэж заасан. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлээгүй, харин бүртгэлийн үйл ажиллагааг түдгэлзүүлсэн. Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн уг заалт төлбөр төлөгч Пено хавтан ХХК-ийн компанийн улсын бүртгэлд ямар эрх бүртгүүлэгдсэн, үл хөдлөх хөрөнгө эзэмших эрх, авто машин эзэмших эрх, газар эзэмших эрх, аль эсвэл бусад хуулийн этгээдийн хувьцааг эзэмшдэг эрх гэх мэт тэдгээр эрхийг түдгэлзүүлнэ гэсэн агуулгаар хуульчлагдсан болохоос компанийн бүртгэлийг түдгэлзүүлэх агуулга тусгагдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянахад анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

1. Нэхэмжлэгч П.Ү- хариуцагч НШШГ-т холбогдуулан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 18260466/03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

1.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2017/03210 дугаар захирамжаар хариуцагч Пено хавтан ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 203,111,037.26 төгрөгийг 2017 оны 10 дугаар сараас эхлэн 6 сарын хугацаанд нэхэмжлэгч Чингис хаан банк ХХК-д төлөх, дээрх хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд эвлэрснийг баталсан байна. (хх-ийн 19-20)

Төлбөр төлөгч Пено хавтан ХХК нь дээрх хугацаанд төлбөрийг төлөөгүйгээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 00310 дугаар гүйцэтгэх хуудаст үндэслэн НШШГ- шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан болох нь тус шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2022/02206 дугаар шийдвэрээр тогтоогджээ.

 

1.2. Төлбөр төлөгч Пено хавтан ХХК-ийн хувьцааны 33,3 хувийг П.Ү-, 33,3 хувийг С.Эрдэнэбат, 33,3 хувийг Д.Анхбаяр нар эзэмшдэг болох нь талуудын тайлбараар тогтоогдсон байна.

Пено хавтан ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар П.Ү- өөрийн эзэмшлийн 1 ширхэг нь 1,000 төгрөгийн үнэ бүхий 333 ширхэг 333,000 төгрөгийн үнэ бүхий 33,3 хувьцааг Д.Анхбаярт шилжүүлэхээр шийдвэрлэж компанийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс П.Ү-г хассан байна. (хх-ийн 12-18)

 

1.3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 18260466/03 дугаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн түдгэлзүүлэх тухай тогтоолоор Пено хавтан ХХК-ийн бүртгэлийг түдгэлзүүлсний улмаас нэхэмжлэгч П.Ү-г тус компанийн хувьцаа эзэмшигчээс хассан талаарх өөрчлөлтийг Улсын бүртгэлийн байгууллага бүртгэхээс татгалзсан болох нь талуудын тайлбараар тогтоогджээ.

 

1.4. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж, мөн хуулийн 9.5 дахь хэсэгт Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч П.Ү- нь 2013 оны 09 дүгээр сард Д.Анхбаяр, С.Эрдэнэбат нарын байгуулсан Пено хавтан ХХК-д 12,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 33,3 хувийн хувьцааг эзэмшсэн ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцсоноос хойш өөрийн хувьцааг бусад хувьцаа эзэмшигчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй.

Мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2021/00747 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн албыг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2814 дугаар гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолын П.Ү-д холбогдох хэсгийг, тус шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2022/02206 дугаар шийдвэрээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 18260466/12-187 дугаар тогтоолын П.Ү-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, уг тогтоолын дагуу хураан авсан мөнгийг буцаан олгохыг НШШГ-т даалгаж шийдвэрлэсэн нь П.Ү-гийн гаргасан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 18260466/03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд үндэслэлгүй.

 

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт нэхэмжлэгчийн гомдол гаргах эрхийг тодорхойлсон байхад анхан шатны шүүх төлбөр төлөгчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбоотой зохицуулалтыг баримталсныг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2023/02560 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 44.2.14, гэснийг 44.4, 122 дугаар зүйлийн 122.5 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч П.Ү-гийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Н.БАТЗОРИГ