Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2023/01582

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 29

101/ШШ2023/01582

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А.Ж,

 

Хамтран хариуцагч: Д.С нарт холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээнүүд, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э,

Хариуцагч А.Ж,

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Баярдалай,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч АХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани 2022 оны 7 дугаар сарын 03-ны өдөр иргэн Ю.Нтай Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн 2 өрөө орон сууцыг 360,018,000 төгрөгөөр худалдахаар тохирч, Ю.Н нь үнийн дүнгийн 330,000,000 төгрөгт Сонгинохайрхан дүүргийн 0 тоот хаягт байршилтай Ү-0 улсын бүртгэлийн дугаар бүхий 114 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрх олгон, шилжүүлсэн. Манай компани бартерын үл хөдлөх эд хөрөнгийг 1 жилийн хугацаанд гуравдагч этгээдэд зарж борлуулах зорилгоор 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр АХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч Д.С нь иргэн Ю.Наас 1 жилийн хугацаатай, худалдах, бэлэглэх, арилжих, хөлслүүлэх, түрээслүүлэх, зээлийн гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарыг үсэг зурах зэрэг Иргэний хуулийн 62, 64 дүгээр зүйлд заасан бүрэн эрх бүхий итгэмжлэлийг нотариатын байгууллагаар батлуулан авсан. Ингээд 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр иргэн А.Жгаас 80,000,000 төгрөгийн зээл авахаар тохиролцож, зээлийн барьцаанд дээрх компанид бартераар орж ирсэн Сонгинохайрхан дүүргийн 0 тоот хаягт байршилтай Ү-0 улсын бүртгэлийн дугаар бүхий 114 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалахаар тохирсон. Барьцааны эд зүйлийг зээлдэгч А.Ж барьцаалахдаа өөрийн нэр дээр худалдах-худалдан авах гэрээ байгуулан шилжүүлж аван, барьцаалсан юм. Худалдах-худалдан авах гэрээг 80,000,000 төгрөгөөр байгуулсан. Мөн 80,000,000 төгрөгийн зээлийг сарын 10 хувийн хүүтэй зээлсэн ба 1 сарын хүү 8,000,000 төгрөгийг урьдчилан төлөв гэсэн зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Ийнхүү зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хуулийн шаардлага хангахгүй хийж, дээрх зээл, барьцааны гэрээг халхавчлах зорилгоор худалдах-худалдан авах гэрээг байгуулсан нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болсон юм. Энэхүү зээлийн гэрээ болон худалдах-худалдан авах гэрээ нь бие биенээ халхавчилсан байдлаар хийгдсэн, хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болсон юм. Зээлийн хүүгийн хэмжээ өндөр байгаа болно.

Иймд 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн иргэн А.Жтай байгуулсан 80,000,000 төгрөгийг зээлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, мөн өдрийн А.Жтай байгуулсан Сонгинохайрхан дүүргийн 0 тоот хаягт байршилтай Ү-0 улсын бүртгэлийн дугаар бүхий 114 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 80,000,000 төгрөгөөр Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, мөн өдрийн А.Жтай байгуулсан Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 36 дугаар сургуулийн хойно, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай Э-0 улсын бүртгэлийн дугаартай, 0 нэгж талбарын дугаар бүхий 66 м.кв газрыг үнэ төлбөргүй Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. Хариуцагч Д.Сд холбогдох шаардлагаас татгалзаж байна гэв.

 

2. Хариуцагч А.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.Ж би иргэн Д.Стай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 80,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай түүнд зээлдүүлэхээр болсон. Д.С энэхүү зээлийн төлбөрийн баталгаа болгож иргэн Ю.Нын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 0 тоот хаягт байршилтай Ү-0 улсын бүртгэлийн дугаар бүхий 114 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг болон Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 36 дугаар сургуулийн хойно, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалттай Э-0 улсын бүртгэлийн дугаартай, 0 нэгж талбарын дугаар бүхий 66 м.кв газрыг миний өмчлөлд түр шилжүүлж, харин Д.С зээлсэн 80,000,000 төгрөг, түүний хүүгийн төлбөрийг бүрэн төлж дууссаны дараа А.Ж би энэхүү хөрөнгүүдийг буцаан шилжүүлэхээр болсон. Мөн хөрөнгийн өмчлөх эрх бүртгэгдэхээр 80,000,000 төгрөгийг Д.Сгийн өмчлөлд шилжүүлэхээр тохирсон. Ийнхүү Д.С дээрх тохиролцооныхоо дагуу 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн 144 м2 үл хөдлөх, 66 м2 газрын хамт 80,000,000 төгрөгийн барьцаанд нэр шилжүүлж зээлэв. Сарын 10 % хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлэв. ... эхний сарын хүү болох 8,000,000 төгрөгийг урьдчилан төлсөн. Зээлийг төлж, тооцоо дууссаны дараа өөрийн нэр дээр буцаан шилжүүлж авна гэсэн бичиг бичиж, хоёулаа гарын үсэг зурсан. Энэ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах,түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж тус тус заасантай бүрэн нийцсэн бөгөөд энэхүү гэрээг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл талууд өөрсдийн хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаанд зээлсэн мөнгөний дүн, тохирсон хүү, хугацаа, зээлийн үүргийг хэрхэн баталгаажуулах талаар өөрсдийн хүсэл зориг, эрхийн хүрээнд тохирсон бөгөөд хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаж гэрээг бичгээр байгуулсан болно. Тохиролцооны дагуу 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Д.С нь нотариатч дээр Ю.Нын өөрт нь бичгээр олгосон итгэмжлэлийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 0 тоот хаягт байршилтай Ү-0 улсын бүртгэлийн дугаар бүхий 114 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 80,000,000 төгрөгөөр Худалдах, худалдан авах гэрээ болон Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 36 дугаар сургуулийн хойно, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор зориулалттай Э-0 улсын бүртгэлийн дугаартай, 0 нэгж талбарын дугаар бүхий 66 м.кв газрыг үнэ төлбөргүй, эрх шилжүүлэх гэрээг А.Ж надтай тус тус байгуулсан. 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх А.Ж миний нэр дээр бүртгэгдсэн. Харин Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанаас гэмт хэрэг зөрчил маш их гардаг, сургуулийн орчинд дэн буудлын үйлчилгээ эрхэлж байгаагаас гомдол их гарч байгаа гэх шалтгаанаар газар эзэмших эрхийг шилжүүлээгүй тул урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн.

А.Ж би иргэн Д.Сгийн хүсэлтээр дээр дурдсан тохиролцоонд хүрч 80,000,000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сар бүрийн 10 хувийн хүүтэй зээлдүүлж, үүргийг хөрөнгө шилжүүлэх замаар баталгаажуулсан. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д ...зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан. А.Ж би энэхүү хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж тохиролцсон ёсоор зээлийн үүргийн баталгаа болгосон хөрөнгө шилжин бүртгэгдсэн, 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 80,000,000 төгрөгийг нь зээлдэгч Д.Сгийн Капитрон банкны 0 дугаарын төгрөгийн дансанд шилжүүлсэн. Харин Д.Сгаас миний Хаан банкны 0 дугаарын дансанд 2022 оны 7 дугаар сарын 25-наас 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацааны зээлийн хүүний төлбөр 8,000,000 төгрөгийг урьдчилан төлсөн. Гэвч Д.С 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан атал өнөөдрийг хүртэл зээлсэн 80,000,000 төгрөг болон 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх 2 сарын хугацааны хүүний төлбөр болох 16,000,000 төгрөгийг төлөөгүй төдийгүй 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны хүү, алдангийг нь өгнө, эсхүл худалдаж ав, зөрүү тохирьё гэх мэтээр хуурч, мэхэлж явсан. Миний бие энэхүү байдлыг нь хүлээн зөвшөөрөөгүй тул мөнгөө нэхэмжилсэн. Гэтэл Д.С таниас зээлсэн мөнгийг би хэрэглээгүй, хэрэглэсэн хүнтэй нь гэрээ хийлгэнэ, би төлөхгүй гэж маргасан. Улмаар тэрээр бидний хооронд зээлийн харилцаа бий болоход огт дурдагдаагүй, мэдэгдээгүй үйл баримтыг бичиж, хууль зөрчсөн зээлийн болон барьцааны гэрээг хүчин өгөлдөр бусад тооцуулна гэх нэхэмжлэлийг АХХК-иар гаргасан нь үндэслэлгүй байна. Мөн А.Ж би АХХК-тай зээлийн болон аливаа гэрээний харилцаагүй тул зээлдэгч Д.С бидний хоорондын зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой харилцаанд байгуулагдсан аливаа гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргасан нь бодит байдалд нийцэхгүй юм. Цаг хугацаа хожих гэсэн, бусдын хөрөнгийг авч ашиглаж хэрэгцээ шаардлагаа хангасны дараагаар үнэгүйдүүлэх зорилготой үйлдэл гэж үзэх байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т... хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдагдсан этгээдийг хэлнэ гэж заасан. А.Ж би АХХК-тай аливаа нэг иргэний эрх зүйн харилцаа үүсгээгүй, тус компаний өмнө үүрэг хүлээгээгүй, тус компаний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулаагүй атал иргэд хоорондын зээлийн харилцаа, түүний шаардлагад нийцүүлэн хийсэн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргаж намайг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байна. Тухайлбал, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн тохиролцсоны дагуу үндсэн зээл хүүгийн хамт нийт 104,000,000 төгрөгийг төлж дуусгавар болгосны дараа үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан шилжүүлж авахаар тохирсон. Энэхүү харилцаанд аливаа нэг хэлцлийг халхавчилж Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан зүйлгүй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хэлцлээр тохирсон шаардлагадаа нийцүүлэн байгуулсан 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А.Ж, Д.С нарын байгуулсан Худалдах, худалдан авах гэрээнүүд хүчин төгөлдөр гэж үзнэ. Иргэний 56 дугаар зүйлийн 56.4-т ... сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэж заасан. Хуульд заасныг үзвэл АХХК нь сонирхогч этгээд гэж Д.С бидний хооронд байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргах эрхгүй харин тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзвэл түүний үр дагаврыг шаардах эрхтэй байна. Энэхүү гэрээний дагуу А.Ж би АХХК-д хохирол учруулаагүй бөгөөд хэрэв энэ гэрээний дагуу хохирол учирсан гэвэл хариуцагч нь АХХК-ийн гүйцэтгэх захирал Д.С бөгөөд Компанийн тухай хуулийн 84, 85 дугаар зүйлд зааснаар тэрээр өөрөө АХХК-д учирсан хохирлыг нөхөн төлөх үүргийг өөрийн хөрөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй юм.

Иймд АХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээ, нэхэмжлэгчийн итгэмжлэл, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Ү-0 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн итгэмжлэлүүд, Ю.Н болон Д.С нарын иргэний үнэмлэх, мөн өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 0 нэгж талбарын дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Д.Сгийн тодорхойлолтууд, АХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, Д.Сгийн Капитрон банкны харилцах дансны хуулгыг нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

Хариуцагчийн хариу тайлбар, хариуцагчийн өмгөөлөгчийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариуцагчийн нэмэлт тайлбар, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Д.Сгийн тодорхойлолтууд, Ү-0 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ,0 нэгж талбарын дугаартай газрын кадастрын зураг, А.Жгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн шилжүүлэгийн баримт, хариуцагчийн тайлбар, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Д.Сгийн гаргасан тодорхойлолтыг хариуцагч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч АХХК нь хариуцагч А.Жд холбогдуулан 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А.Жтай байгуулсан Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Мэдээллийн санд нэмэх зам гудамж, 198 тоот хаягт байршилтай Ү-0 улсын бүртгэлийн дугаар бүхий 114 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 80,000,000 төгрөгөөр Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, мөн өдрийн А.Жтай байгуулсан Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 36 дугаар сургуулийн хойно, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай Э-0 улсын бүртгэлийн дугаартай, 0 нэгж талбарын дугаар бүхий 66 м.кв газрыг үнэ төлбөргүй Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

1а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн иргэн А.Жтай байгуулсан 80,000,000 төгрөгийг зээлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж нэмэгдүүлжээ.

 

1б. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд хамтран хариуцагчаар Д.Сг татан оролцуулах хүсэлт гаргасныг хүлээн авсан, харин өнөөдрийн шүүх хуралдаанд Д.Сд холбогдох шаардлагаасаа татгалзаж байх тул хариуцагч Д.Сд холбогдох шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

2. Хариуцагч А.Ж нь иргэн Д.Стай зээлийн харилцаа үүсгэж, 80,000,000 төгрөгийг Д.Сд шилжүүлж, тэрээр миний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэх гэрээнүүд байгуулагдсан, эдгээр гэрээ нь ямар нэгэн хэлцлийг халхавчилж хийгдээгүй, зээлсэн мөнгөө хүүтэй нь төлчихвөл үл хөдлөх эд хөрөнгүүдийг нь буцаагаад шилжүүлэхэд бэлэн, нэхэмжлэгч АХХК-д миний бие хохирол учруулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3а. Д.С нь 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр өөрийн гараар бичсэн 2 баримтыг үйлдсэн байна. Үүнд:

- Д овогтой С өөрийн эзэмшлийн 144 мкв үл хөдлөх, 66 мкв газрын хамт Ааас нийт 80,000,000 төгрөгийн барьцаанд нэр шилжүүлж зээлэв, сарын 10 хувь, 3 сарын хугацаатай зээлэв. С би Ааас эхний 1 сарын хүү болох 8,000,000 найман сая төгрөгийг урьдчилж төлж нийт 72 сая төгрөг хүлээн авсан болно. Тооцоо дууссаны дараа өөрийн нэр дээр шилжүүлж авах болно. 91910493 гээд Д.С болон А.Ж нар гарын үсэг зуржээ.

- Д.С миний бие нь А.Жд СХД, 13 дугаар хороо үйлдвэр үйлчилгээний газрын хамт барьцаалж /80,000,000 наян сая төгрөг/ зээлж авсан болно. Зээлийг төлж дуусгавар болгосон тохиолдолд өөрийн нэр дээр буцаан болгож авах болно. Үйлчилгээний талбай объект 144 мкв, газар 66 мкв, урьдчилгаанд 8,000,000 төгрөгийн хүүг төлсөн болно гээд Д.С гарын үсэг зуржээ.

 

Эхний бичсэн баримтад Ааас гэж бичсэн нь А.Жгийн нэрийг бичихдээ андуурч, түүний овог болох Аийн нэрийг бичсэн тул дараагийн баримтыг Д.С нь үйлдэж, гарын үсэг зурсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон.

 

3б. Дээрх Д.Стай хийсэн зээлийн тохиролцооны дагуу А.Ж өөрийн Хаан банкны 5075083621 тоот данснаас Д.Сгийн 0 тоот дансанд 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 114 мкв үл хөдлөх төлбөр Ж гэсэн утгаар 5,000,000 төгрөгөөр 14 удаагийн, 10,000,000 төгрөгөөр 1 удаагийн гүйлгээ хийж, нийт 80,000,000 төгрөгийг шилжүүлсэн, ийнхүү шилжүүлсэний дараа мөн өдрөө Д.С нь өөрийн данснаас Зээлийн хүү төлөв. 2022.07.25-2022.08.25 хүртэл гэсэн утгаар 4,000,000 төгрөгөөр 2 удаа нийт 8,000,000 төгрөгийг А.Жгийн дансанд шилжүүлсэн болох нь А.Жгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Д.Сгийн Капитрон банкны харилцах дансны хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Эдгээрээс дүгнэвэл Д.С болон А.Ж нарын хооронд 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 80,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлийн гэрээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зааснаар байгуулагдсан, А.Ж нь гэрээний дагуу 80,000,000 төгрөгийг Д.Сд шилжүүлсэн байна.

 

4. Д.С нь АХХК-ийн гүйцэтгэх захирал байх ба түүнийг гүйцэтгэх захирлаар томилсныг 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь тус компанийн 0 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

5. Сонгинохайрхан дүүрэг, 0 тоот хаягт байршилтай, 114 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ю.Н нь 2019 оны 7 дугаар сарын 04-ний бүртгэгдэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ.

 

Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 36 дугаар сургуулийн хойно байрлах, нэгж талбарын 0 дугаар бүхий 66 мкв, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Э-0 дугаарт бүртгэгдсэн, газрын эзэмших эрхийн гэрчилгээ 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Ю.Нын нэр дээр гарсан байна.

 

5а. Иргэн Ю.Н нь 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр бүртгэлийн 0694, 0695 дугаартай итгэмжлэлийг иргэн Д.Сд олгосон ба эдгээр итгэмжлэлээр улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн болон эрхийн улсын бүртгэлийн Э-0 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө, газрыг бусдад худалдах, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах зэргийг эрхийг 1 жилийн хугацаатай олгожээ.

 

5б. Дээрх итгэмжлэлүүдийн дагуу Д.С нь А.Жтай Сонгинохайрхан дүүрэг, 0 тоот хаягт байршилтай, 114 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг, Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 36 дугаар сургуулийн хойно байрлах, нэгж талбарын 0 дугаар бүхий 66 мкв, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Э-0 дугаарт бүртгэгдсэн, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан байна.

 

5в. Сонгинохайрхан дүүрэг, 0 тоот хаягт байршилтай, 114 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь дээрх худалдах, худалдан авах гэрээний дагуу 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр А.Жгийн өмчлөлд шилжиж, 001025014 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ.

 

Харин газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу А.Жгийн нэр дээр газрын эзэмших эрх шилжээгүй байх ба Д.С нь 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн газрын албанд Д.С миний бие нь СХД, 13 дугаар хороо, 36 дугаар сургуулийн хойно 66 мкв худалдаа үйлчилгээний газрыг А овогтой Жгийн нэр газрын эрхийг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй болно гэсэн хүсэлтийг бичиж өгч байсан байна.

 

6. Эдгээр итгэмжлэл болон гэрээнүүд байгуулагдахаас өмнө АХХК нь 2022 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ЗГ-2022/018 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г Ю.Нтай байгуулж, уг гэрээний 2.1-д Захиалагч тал нь энэхүү гэрээ байгуулагдсан өдөр гэрээний 1.2-т заасан орон сууцны нийт төлбөр 360,018,000 төгрөгийн нийт үнийн дүнд Сонгинохайрхан дүүргийн 0 тоот хаягт байршилтай, Ү-0 улсын бүртгэлийн дугаар бүхий 114 мкв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 330,000,000 төгрөгөөр тооцож хүлээлгэн өгнө. Үлдэгдэл 30,018,000 төгрөгийг, мөн АХХК нь Ю.Нын зээлийг төлж, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлсөн 30,450,000 төгрөг, нийт 60,468,000 төгрөгийг захиалагч тал хэсэгчилэн төлөх бөгөөд орон сууц ашиглалтанд орох үед бүрэн төлж дуусгасан байна гэж тохиролцож байсан байна.

 

7. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан бөгөөд Д.С болон А.Ж нарын хооронд хийсэн тохиролцооноос үзэхэд 80,000,000 төгрөгийг А.Ж нь Д.Сд зээлдүүлж, ийнхүү Д.С нь мөнгө зээлж аваад уг зээлийнхээ баталгаа болгож, өөрт олгогдсон итгэмжлэлийн дагуу Ю.Нын өмчлөл, эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийг А.Жгийн нэр дээр худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлж, зээлийн үүргээ биелүүлсний дараа А.Ж нь Д.Сд тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан шилжүүлэхээр тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж тус тус зааснаар Д.С, А.Ж нар нь өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлж, мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар зээл болон худалдах, худалдан авах гэрээнүүдийг хуулийн хүрээнд агуулгаа өөрсдөө тодорхойлон, үүсэх үр дагаврыг ойлгож гэрээг байгуулжээ.

 

8. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэж зааснаар нэхэмжлэгч АХХК нь гэрээнүүдийг мөн зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй юм.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийг манай компани төлөх юм, гэтэл зээлийн хүүгийн хэмжээ нь өндөр байна гэх агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан бөгөөд энэ нь зээлийн гэрээг хууль зөрчсөн гэрээ гэж үзэх үндэслэлгүй, уг зээлийн гэрээ болон худалдах, худалдан авах гэрээ нь дээр дурдсан үйл баримт болон хэрэгт авагдсан баримтаар ямар нэгэн хэлцлийг халхавчлах зорилгыг агуулсан, дүр үзүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дүр үзүүлэн хийсэн хэлцлийн хувьд тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг бол өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцлийн хувьд тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог байна.

 

Хариуцагч А.Ж нь Д.С авсан зээлээ эргүүлэн төлсөн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан шилжүүлэхэд бэлэн байгаа бөгөөд Д.С нь зээлсэн мөнгөө төлөхгүй байна гэх тайлбарыг гаргаж байгааг үүгээр тэмдэглэх нь зүйтэй байна.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,186,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч А.Жд холбогдуулан гаргасан 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А.Жтай байгуулсан Сонгинохайрхан дүүргийн 0 тоот хаягт байршилтай Ү-0 улсын бүртгэлийн дугаар бүхий 114 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 80,000,000 төгрөгөөр Худалдах-худалдан авах гэрээ, мөн өдрийн А.Жтай байгуулсан Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 36 дугаар сургуулийн хойно, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай Э-0 улсын бүртгэлийн дугаартай, 0 нэгж талбарын дугаар бүхий 66 м.кв газрыг үнэ төлбөргүй газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, мөн өдрийн А.Жтай байгуулсан 80,000,000 төгрөгийг зээлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгч АХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч АХХК-ийн хамтран хариуцагч Д.Сд холбогдох шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,186,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШЗ2023/03907 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ