Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2023/01080

 

 

 

 

 

 

 

 

 

2023 05 29 210/МА2023/01080

 

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2023/01582 дугаар шийдвэртэй,

А ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Ж, Д.С нарт холбогдох

Худалдах-худалдан авах гэрээнүүд, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагч А.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Манай компани 2022 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Ю.Н-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн  10 дүгээр хороо, Арцатын амны версал гарден хотхоны Б блокын 1 давхарын 6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 360,018,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, Ю.Нямжав нь үнийн дүнгийн 330,000,000 төгрөгт Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Мэдээллийн санд нэмэх зам гудамж, 198 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-220 дугаар бүхий 114 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрх олгон шилжүүлсэн.

1.2. Уг бартерын үл хөдлөх эд хөрөнгийг 1 жилийн хугацаанд гуравдагч этгээдэд зарж борлуулах зорилгоор 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Арвин нар трейд ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч Д.С нь иргэн Ю.Н-аас 1 жилийн хугацаатай, худалдах, бэлэглэх, арилжих, хөлслүүлэх, түрээслүүлэх, зээлийн гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарыг үсэг зурах зэрэг Иргэний хуулийн 62, 64 дүгээр зүйлд заасан бүрэн эрх бүхий итгэмжлэлийг нотариатын байгууллагаар батлуулан авсан.

1.3. 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр иргэн А.Ж-гаас 80,000,000 төгрөгийн зээл авахаар тохиролцож, зээлийн барьцаанд дээрх компанид бартераар орж ирсэн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Мэдээллийн санд нэмэх зам гудамж, 198 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-220 дугаар бүхий 114 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалахаар тохирсон. Барьцааны эд зүйлийг зээлдэгч А.Ж барьцаалахдаа өөрийн нэр дээр худалдах-худалдан авах гэрээ байгуулан шилжүүлж барьцаалсан.

1.4. Худалдах-худалдан авах гэрээг 80,000,000 төгрөгөөр байгуулсан. Мөн 80,000,000 төгрөгийн зээлийг сарын 10 хувийн хүүтэй зээлсэн байх ба 1 сарын хүү 8,000,000 төгрөгийг урьдчилан төлөв гэсэн зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хуулийн шаардлага хангахгүй хийж дээрх зээл, барьцааны гэрээг халхавчлах зорилгоор худалдах-худалдан авах гэрээг байгуулсан нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болсон. Энэхүү зээлийн гэрээ болон худалдах-худалдан авах гэрээ нь бие биенээ халхавчилсан байдлаар хийгдсэн, хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болсон.

1.5. 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр А.Ж-тай байгуулсан 80,000,000 төгрөгийг зээлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, мөн өдрийн А.Жамсрантай байгуулсан Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Мэдээллийн санд нэмэх зам гудамж, 198 тоот хаягт байршилтай Ү-220 улсын бүртгэлийн дугаар бүхий 11 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 80,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, мөн өдрийн А.Ж-тай байгуулсан Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 36 дугаар сургуулийн хойно, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор зориулалттай Э-220 улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын 18008 дугаар бүхий 66 м.кв газрыг үнэ төлбөргүй худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Хариуцагч Д.С-д холбогдох шаардлагаас татгалзаж байна гэжээ.

 

2. Хариуцагч татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Миний бие А.Ж нь Д.С-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 80,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай түүнд зээлдүүлэхээр болсон. Д.С энэхүү зээлийн төлбөрийн баталгаа болгож иргэн Ю.Нямжавын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Мэдээллийн санд нэмэх зам гудамж, 198 тоот хаягт байршилтай Ү-220 улсын бүртгэлийн дугаар бүхий 114 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг болон Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 36 дугаар сургуулийн хойно, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалттай Э-220 улсын бүртгэлийн дугаартай, 1800300808 нэгж талбарын дугаар бүхий 66 м.кв газрыг миний өмчлөлд түр шилжүүлсэн.

2.2. Дээрх хөрөнгийн өмчлөх эрх бүртгэгдсэний дараа 80,000,000 төгрөгийг Д.Саранд өгөхөөр тохирсон бөгөөд уг тохиролцооныхоо дагуу 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн 144 м2 үл хөдлөх, 66 м2 газрын хамт 80,000,000 төгрөгийн барьцаанд нэр шилжүүлсэн. Сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн байх ба эхний сарын хүү болох 8,000,000 төгрөгийг урьдчилан төлсөн. Зээлийг төлж тооцоо дууссаны дараа өөрийн нэр дээр буцаан шилжүүлж авна гэсэн бичиг бичиж гарын үсэг зурсан. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах,түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж тус тус заасантай бүрэн нийцсэн бөгөөд энэхүү гэрээг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

2.3. 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Д.С нь нотариатч дээр Ю.Н-ын өөрт нь бичгээр олгосон итгэмжлэлийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Мэдээллийн санд нэмэх зам гудамж, тоот хаягт байршилтай Ү-220 улсын бүртгэлийн дугаар бүхий 114 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 80,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ болон Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 36 дугаар сургуулийн хойно, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор зориулалттай Э-2201 улсын бүртгэлийн дугаартай, 180 нэгж талбарын дугаар бүхий 66 м.кв газрыг үнэ төлбөргүй, эрх шилжүүлэх гэрээг А.Ж надтай тус тус байгуулсан. 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх миний нэр дээр бүртгэгдсэн. Харин Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанаас гэмт хэрэг зөрчил маш их гардаг, сургуулийн орчинд дэн буудлын үйлчилгээ эрхэлж байгаагаас гомдол их гарч байгаа гэх шалтгаанаар газар эзэмших эрхийг шилжүүлээгүй тул урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн.

2.4. 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 80,000,000 төгрөгийг нь зээлдэгч Д.С-гийн Капитрон банкны 300 тоот төгрөгийн дансанд шилжүүлсэн. Харин Д.С-аас миний Хаан банкны 5057083621 дугаарын дансанд 2022 оны 7 дугаар сарын 25-наас 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацааны зээлийн хүүний төлбөр 8,000,000 төгрөгийг урьдчилан төлсөн. Гэвч Д.С 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан атал өнөөдрийг хүртэл зээлсэн 80,000,000 төгрөг болон 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх 2 сарын хугацааны хүүний төлбөр болох 16,000,000 төгрөгийг төлөөгүй байна.

2.5. Би А ХХК-тай аливаа нэг иргэний эрх зүйн харилцаа үүсгээгүй, тус компанийн өмнө үүрэг хүлээгээгүй, тус компаний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулаагүй атал иргэд хоорондын зээлийн харилцаа, түүний шаардлагад нийцүүлэн хийсэн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Тухайлбал, 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн тохиролцсоны дагуу үндсэн зээл хүүгийн хамт нийт 104,000,000 төгрөгийг төлж дуусгавар болгосны дараа үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан шилжүүлж авахаар тохирсон. Энэхүү харилцаанд аливаа нэг хэлцлийг халхавчилж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан зүйлгүй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хэлцлээр тохирсон шаардлагадаа нийцүүлэн байгуулсан 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А.Ж, Д.С нарын байгуулсан худалдах, худалдан авах гэрээнүүд хүчин төгөлдөр гэж үзнэ. Иймд А ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч А.Жамсранд холбогдуулан гаргасан 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А.Жамсрантай байгуулсан Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Мэдээллийн санд нэмэх зам гудамж, 198 тоот хаягт байршилтай Ү-220 улсын бүртгэлийн дугаар бүхий 114 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 80,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ, мөн өдрийн А.Жамсрантай байгуулсан Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 36 дугаар сургуулийн хойно, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай Э-220100 улсын бүртгэлийн дугаартай, 1800 нэгж талбарын дугаар бүхий 66 м.кв газрыг үнэ төлбөргүй газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, мөн өдрийн А.Ж-тай байгуулсан 80,000,000 төгрөгийг зээлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Арвин нар трейд ХХК-ийн хамтран хариуцагч Д.С-д холбогдох шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,186,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д иргэний эрх үүргийг үүсгэх өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно. Мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар зээл болон худалдах-худалдан авах гэрээнүүдийг хуулийн хүрээнд агуулгаа өөрсдөө тодорхойлон, үүсэх үр дагаварыг ойлгож байгуулсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Талуудын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үзэхэд хариуцагч А.Ж нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдах-худалдан авах зорилгоор бус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой байсан болох нь тогтоогдсон. Үл хөдлөх эд хөрөнгийн хувьд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх хэлцэл хийхийг хуулиар зөвшөөрөөгүй. Энэ нь үүрэг гүйцэтгэгч гэрээний үүргээ зөрчвөл түүний гүйцэтгэвэл зохих үүрэгт үүрэг гүйцэтгүүлэгч үл хөдлөх эд хөрөнгийг шууд шилжүүлэн авах боломжгүй байдагтай холбоотой.

4.2. Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна. Иймээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх замаар буюу худалдах-худалдан авах гэрээ байгуулсныг үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэрээ гэж үзэх боломжгүй. Зээлдэгч Д.С нь зээлийн гэрээний үүргийг төлж чадахгүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг зээлдүүлэгч А.Ж нь авах нөхцөлтэйгээр мөнгөн хөрөнгө зээлдүүлсэн нь хууль зөрчсөн байх ба энэ тохиолдолд А.Ж-г үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй. Үүргийн гүйцэтгэлд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан тохиолдолд хуульд заасан журмаар буюу Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан гэрээ байгуулагдсан нөхцөлд хэрэгжих боломжтой байхад худалдах-худалдан авах гэрээгээр өмчлөх эрхийг зээлдүүлэгч нь өөртөө шилжүүлэн авах замаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцааны зүйл болгосон нь талууд гэрээг дүр үзүүлэн байгуулжээ.

4.3. Иймд талуудын хооронд байгуулсан 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Худалдах-худалдан авах гэрээг 80,000,000 төгрөгөөр байгуулсан. Мөн 80,000,000 төгрөгийн зээлийг Аюушаас сарын 10 хувийн хүүтэй зээлсэн ба 1 сарын хүү 8,000,000 төгрөгийг урьдчилан төлөв гэсэн зээлийн гэрээг Д.Саран байгуулсан. Энэхүү зээлийн гэрээ болон худалдах-худалдан авах гэрээ нь бие биенээ халхавчилсан байдлаар хийгдсэн, хууль зөрчсөн, зээлийн хүүг урьдчилан авсан хүчин төгөлдөр бус хэлцэл болсон юм. Мөн Д.С нь зээлдүүлэгч нь А.Ж-д биш Аюушид гэж бичсэн байгаа нь А.Ж зээлдүүлэгч гэсэн нотлох гэрээ биш гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч А ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт талууд хүсэл харилцан илэрхийлсний үндсэн дээр гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд талуудын хүсэл зоригийг шинжлэн судлах ёстой. Талууд 80,000,000 төгрөгийг зээлэхдээ тухайн нэр дурдагдсан хөрөнгүүдийг А.Ж-гийн нэр дээр түр хугацаанд шилжүүлэх замаар барьцаалсан. Уг 80,000,000 төгрөгийг буцааж хүүтэй нь хамт төлсний дараа А.Ж буцаан шилжүүлэх нөхцөлөөр тохиролцсон. 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хийсэн хэлцлийн дагуу хүсэл зоригоо илэрхийлэн бичгээр үйлдэж гарын үсэг зурсан. Тухайн тохиролцоо хүчин төгөлдөр болсны дараа 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр А.Ж-гийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө болох байшинг шилжүүлсэн. Харин газар нь кадастр зөрүүтэй гэх утгаар шилжихгүй байсан тул урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн. 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр А.Ж өөрийн данснаас Д.С-гийн данс руу 80,000,000 төгрөгийг бүхэлд нь шилжүүлсэн. Д.С урьдчилан тохиролцож, 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны хүү болох 8,000,000 төгрөгийг буцааж төлсөн гэх үйл баримт тогтоогдсон. 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Д.С бичсэн 2 удаагийн бичвэрт тухайн хөрөнгүүдийг А.Ж-гийн нэр дээр түр шилжүүлж зээл авсан.

5.2. Талууд барьцааны гэрээ байгуулах ёстой гэж шаардсан боловч тухайн 2 гэрээ нь ямар нэгэн байдлаар нэг нэгнийгээ халхавчилсан зүйл байхгүй. Тохиролцооны дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь А.Ж-гийн нэр дээр шилжсэн. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Ж нь мөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн. Мөн тухайн үед овог нэрийг сольсон үйл баримт тогтоогдсон байдаг. Нэхэмжлэгч тал нь Д.С-гийн авсан зээлийг манайх төлөх ёстой бөгөөд овог нэр зөрсөн асуудал маргахгүй байгаагаа хүлээн зөвшөөрсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь хууль үндэслэлгүй байгаа тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч А.Ж, Д.С нарт холбогдуулан 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээнүүд болон зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Д.С 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр А.Ж-аас Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, үйлдвэрлэл үйлчилгээний газрын хамт барьцаалж 80,000,000 төгрөг зээлж авсан, уг зээлийг төлсөн тохиолдолд м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө, м.кв талбайтай газрыг өөрийн нэр дээр буцааж авах агуулгатай баримт үйлдсэн байна.

 

3.а. Ю.Н нь 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Д.С-д Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Мэдээллийн санд нэмэх хаяг гудамж, тоот хаягт байршилтай, 114 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 36 дугаар сургуулийн хойно, м.кв худалдаа нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай газрыг тус тус барьцаанд бариулах, худалдах эрхийг олгосон итгэмжлэлийг 1 жилийн хугацаатай олгосон.

 

Уг итгэмжлэлээр худалдагч Ю.Н-ыг төлөөлж Д.С нь А.Ж-тай 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Ю.Н-ын, улсын бүртгэлийн Ү-220 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 1 дугаар хороо, Мэдээллийн санд нэмэх зам гудамж, тоот хаягт байршилтай, 114 м.кв талбайтай орон сууцыг А.Ж-гийн өмчлөлд шилжүүлэх, Ю.Н А.Ж нь 80,000,000 төгрөг төлөхөөр тохирсон. /хх9/

 

3.б. Энэ гэрээг үндэслэж А.Ж маргааны зүйл болох 114 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн.

 

4. Талууд дээрх зээл болон худалдах-худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ю.Н оролцоогүй байна. Энэ тохиолдолд гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн эсэхийг анхан шатны шүүх тодруулах шаардлагатай байжээ. /хх10, 14/.

 

4.а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно гэж заасан.

 

Гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн эсэх талаар талуудыг мэтгэлцүүлээгүй нөхцөлд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй. Өөрөөр хэлбэл талуудаас гуравдагч этгээд оролцуулах хүсэлт гаргаагүй хэдий ч шүүх чиглүүлэх, гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөхөөр байгаа талаар тайлбарлах үүрэгтэй.

 

4.б. Энэхүү нөхцөл байдлыг тодруулах нь нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгөхөд ач холбогдолтой, уг ажиллагааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2023/01582 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 957,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ