Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2023/00519

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 01 20

101/ШШ2023/00519

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С ХХК  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х СӨХ холбогдох

 

2016 оны 10 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны хэрэглээний ус, дулааны төлбөр 31,300,063 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зохигчдын хооронд байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Аж ахуйн гэрээ-ний нэмэлт өөрчлөлт хэсгийн 8 дахь заалт буюу 15,000,000 төгрөгийн хэмжээнд хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н,

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Ө,

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнхсүлд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч С ХХК нь 2016 оны 6 дугаар сараас эхлэн Х хотхоны оршин суугч, аж ахуй нэгж, сууц өмчлөгчдийн холбоонд хэрэглээний цэвэр ус, дулаан дамжуулах нийлүүлэх, бохир татан зайлуулах үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Манай компани 2016, 2017 онд Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тай байгуулсан Дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу дээрх үйлчилгээг Х хотхоны хэрэглэгчдэд дамжуулан нийлүүлж байсан. Цаг хугацааны явцад хэрэглэгчдийн тоо нэмэгдэж, хүчин чадал 10 гкалаас давсан тул Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №190 тоот Тусгай зөвшөөрлийн зохицуулалтын бодлого, чиглэл-ийн 6 дугаар зүйлийн 6.3-т ... нийт чадал 10 гкал-аас их баш нөхцөлд тусгай зөвшөөрөл олгох зарчим баримтална гэж заасны дагуу хорооноос тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл-ийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №00217 тоот, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №00400 тоот тусгай зөвшөөрөл, Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №09/2018, №10/2018 тоот, 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №09/2018, №10/2018 тоот, 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №09/2018, №10/2018 тоот тусгай зөвшөөрлийн дагуу өнөөдрийг хүртэлх хугацаанд хэрэглээний цэвэр ус, дулаан дамжуулах нийлүүлэх, бохир татан зайлуулах үйлчилгээг үзүүлж байна. Нэхэмжлэгч нь дээрх үйлчилгээг үзүүлэхдээ Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл болон Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан ус, дулааны тарифыг мөрдлөг болгож хэрэглэгчдээс хэрэглээний төлбөрийг авдаг. Нэхэмжлэгч С ХХК нь Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14, Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16, 3.1.17, 3.1.18-д зааснаар хангагч бол хариуцагч Х СӨХ нь мөн хуулиудын 3.1.19, 3.1.13-д зааснаар хэрэглэгч юм. Гэвч хариуцагч буюу хэрэглэгч Х СӨХ нь 2016 оны 10 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны цэвэр, бохир усны төлбөр 6,831,821.11 төгрөг, дулааны төлбөр 24,468,242.18 төгрөг нийт 31,300,063.00 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн №5/688 тоот хариунд дурдсанаар эрчим хүчний зохицуулах хорооноос нэхэмжлэгчид анх тусгай зөвшөөрөл олгосон хугацаа буюу 2018 оны 02 дугаар сараас 2018 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны төлбөр 7,635,292.6 төгрөгийг хариуцагч тал нэхэмжлэгчид төлөх үндэслэлтэй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл олгохоос өмнөх хугацааны төлбөрийн талаарх дүгнэлт хийгээгүй. Дэлгэрүүлбэл, нэхэмжлэгч нь Эрчим хүчний зохицуулах хорооноос 2018 оны 02 дугаар сард тусгай зөвшөөрөл авахаас өмнө 2016, 2017 онуудад Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тай байгуулсан Дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу Х хотхоны хэрэглэгчдэд дулаан дамжуулан нийлүүлж байсан. Хэрэглэгчдийн тоо нэмэгдэж, хүчин чадал 10 гкалаас давсан тул Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №190 тоот Тусгай зөвшөөрлийн зохицуулалтын бодлого, чиглэл-ийн 6 дугаар зүйлийн 6.3-т ... нийт чадал 10 гкал-аас их байх нөхцөлд ... тусгай зөвшөөрөл олгох зарчим баримтална гэж заасны дагуу 2018 оны 02 дугаар сард тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байна. Өөрөөр хэлбэл хүчин чадлаас /10 гкал/ хамаарч Дулааны эрчим хүчийг худалдах, далдан авах гэрээ болон Эрчим хүчний зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн дагуу дулаан дамжуулан нийлүүлдэг. Хариуцагчаас нэхэмжилж буй 24,468,242.18 төгрөгийн дулааны төлбөрийн задаргааны хувьд 2018 оны 02 дугаар сар буюу эрчим хүчний зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авснаас хойшхи хугацааны дулааны төлбөрийн өр 7,635,292.6 төгрөг, 2018 оны 02 дугаар сараас өмнөх хугацааны буюу Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тай байгуулсан Дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу дамжуулан нийлүүлсэн дулаан төлбөрийн өр 16,832,949.58 төгрөг юм.

Иймд хариуцагч Х СӨХ-оос 2016 оны 10 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны хэрэглээний цэвэр ус, дулааны төлбөр 31,300,063 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Х СӨХ, гүйцэтгэх захирал Ц.Ө шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С ХХК-ийн нэхэмжлэлтэй Х СӨХ-д холбогдох 2016 оны 10 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны хэрэглээний цэвэр, бохир ус, дулаан бор 31,300,063 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Х СӨХ нь тухайн нэхэмжлэлд дурдсан 2016 оны 10 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны хэрэглээний цэвэр, бохир усны төлбөр 6,831,821.11 төгрөг, дулаан төлбөр 24,468,242.18 төгрөг, нийт 31,300,063 төгрөгийн үйлчилгээ аваагүй. Дээрх нэхэмжлэлд дурдсан хэрэглээний цэвэр, бохир ус, дулааны төлбөр нь Х СӨХ-ны талбайд хамаарахгүй, хотхоны иргэдийн өмчилж авсан гаражийн талбай, гаражийн зорчих хэсэгт хамаарах тул төлөх хууль зүйн үндэслэлгүй юм. СӨХ нь дулааны үйл ажиллагаа эрхэлдэггүй, дулааны төлбөрийг хураах эрхгүй, дээрх ус дулааны төлбөрийг иргэдээс хурааж байгаагүй тул төлөх үндэслэлгүй. Х СӨХ нь өөрийн талбайд хамаарах хэрэглээний цэвэр, бохир ус, дулаан төлбөрийг тухай бүрд төлдөг 2022 оны 9 дүгээр сарын төлбөрт С ХХК нь 180,644.64 төгрөг нэхэмжилснийг төлсөн одоогоор өөр өр төлбөр байхгүй болно. Эрчим хүчний тухай хууль, Хот, суурин ус хангамж ариутгах татуургын тухай хуульд зааснаар ус дулаанаар ханган нийлүүлэгч нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр ус, дулаан нийлүүлж, нийлүүлсэн талбайн өмчлөгч буюу хэрэглэгч-ээс тухайн ус, дулааны төлбөрийг гаргуулах хууль зүйн зохицуулалттай. Учир нь С ХХК нь 2016 оны 10 дугаар сараас 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны дулааны төлбөр 16,832,949.58 төгрөгийн Эрчим хүчний тухай хуулийн 17 дугаар зүйл, Хот, суурин ус хангамж ариутгах татуургын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөлгүйгээр иргэдийн өмчилж авсан талбайд нийлүүлсэн учраас иргэдээс нэхэмжлэх нь зүйтэй. Мөн Эрчим хүчний зохицуулах зөвлөл нь тусгай зөвшөөрөл авахаас өмнөх төлбөрийг гаргуулах үндэслэлгүй болохыг тодорхойлсон. Х СӨХ болон С ХХК-ийн хооронд 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Аж ахуйн гэрээ-ний нэмэлт өөрчлөлтийн 8 дахь заалтаар өмнөх төлбөр тооцоог 5, 6, 7 дугаар сард 5 сая, 5 сая төгрөгөөр хуваан төлж барагдуулна, 5 дугаар сард 5 сая төгрөг, 6 дугаар сард 5 сая төгрөг, 7 дугаар сард 5 сая төгрөг нийт 15,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Аж ахуйн гэрээ-ний нэмэлт эөрчлөлт 8 дахь заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.9, 56.1.10 дахь заалтуудыг зөрчсөн хүчин төгөлдөр бус юм. Иргэд өмчилж авсан гараж, гаражийн зорчих хэсгийн талбайд хамаарч буй ус дулааныг Х СӨХ-ны хэрэглээгүй ус, дулааныг төлүүлэхээр харилцан тохиролцсон нь хууль зүйн үндэслэлгүй юм. СӨХ-ны оршин суугчдын бүх гишүүдийн хурал хийлгүйгээр С ХХК-тай гэрээг Б.Д дур мэдэн хийсэн нь холбогдох зөвшөөрлийг СӨХ-ийн гишүүд болон СӨХ-ийн дүрмийг зөрчиж С ХХК-тай гэрээ байгуулагдсан. Гэрээ байгуулах явцад С" ХХК-ийн захирал Б.Э СӨХ-ны удирдах зөвлөлд оруулсан байсныг хууль бус ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн байдаг гэв.

 

3. Хариуцагч Х СӨХ, гүйцэтгэх захирал Ц.Ө шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Х СӨХ болон "С ХХК-ийн хооронд 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Аж ахуйн гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээний нэмэлт өөрчлөлт 8 дахь заалтаар өмнөх төлбөр тооцоог 5, 6, 7 дугаар сард 5 сая, 5 сая төгрөгөөр хуваан төлж барагдуулна, 5 сард 5 сая төгрөг, 6 сард 5 сая төгрөг, 7 сард 5 сая төгрөг нийт 15 сая төгрөгийг төлж барагдуулах графикийг тохиролцсон байдаг. Дээрх гэрээний заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1,9, 56.1.10 дахь заалтуудыг зөрчсөн үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэлтэй байна.

Үүнд: Х СӨХ-ийг төлөөлж гэрээ хэлцэл байгуулах эрх хэмжээг удирдах зөвлөл шийдвэрлэх эрхтэй бөгөөд Хяналтын зөвлөл гэрээ хэлцэл байгуулах эрхгүй байдаг. Гэтэл 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Аж ахуйн гэрээ байгуулахдаа 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Хяналтын зөвлөл хуралдаж гэрээ байгуулах эрх олгосон нь хууль бус юм. Манай СӨХ-д дундын өмчлөлийн талбайд хамааралгүй, хувь иргэдийн өмчлөлийн талбайд хамаарах төлбөрийг гаргуулахаар тусгасан хууль зөрчсөн. Үндэслэл нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д мэргэжлийн байгууллага нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд гэрээний дагуу засвар үйлчилгээ хийсэн тохиолдолд зардлыг холбооноос тухай бүр төлүүлэхээр хуульчилсан байдаг. Гэтэл С 2016 оноос 2018 оны 5 дугаар сарын хүртэлх хугацаанд СӨХ-ны талбайд хамаарахгүй, иргэдийн өмчилж авсан гаражийн талбай, орцны дулаан, гаражийн зорчих хэсгийн дулаан төлбөрийг төлүүлэхээр тохиролцсон нь хууль зүйн үндэслэлгүй юм. СӨХ нь дулааны үйл ажиллагаа эрхэлдэг, дулааны төлбөрийг хураах эрхгүй байгууллага, тухайн үед С ХХК дулааны үйл ажиллаагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байсан. С ХХК тусгай зөвшөөрөлгүй байхдаа явуулсан үйл ажиллагааны төлбөрийг гаргуулахаар энэ заалтад тусгасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь С ХХК Эрчим хүчний тухай хуулийн 17 дугаар зүйл, Хот, суурин ус хангамж ариутгах татуургын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөлгүйгээр явуулсан үйл ажиллагааны төлбөрийг СӨХ-өөс гаргуулахаар гэрээнд тусгасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. С ХХК нь 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр тусгай зөвшөөрөл анх удаа авсан байдаг тул С ХХК энэ хугацаанаас өмнө дулааны үйл ажиллагаа явуулах эрхгүй байсан. СӨХ-ийн оршин суугчдын бүх гишүүдийн хурал хийлгүйгээр С ХХК-тай гэрээг Б.Д дур мэдэн хийсэн нь холбогдох зөвшөөрлийг СӨХ-ийн гишүүд болон СӨХ-ийн дүрмийг зөрчиж С ХХК-тай гэрээ байгуулагдсан. Гэрээ байгуулах явцад С ХХК-ийн захирал Б.Э СӨХ-ны удирдах зөвлөлд оруулсан байсныг хууль бус ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн байдаг. Учир нь СӨХ бол нийтийн эрх ашгийг хамгаалдаг, НҮТББ эрх зүйн байдалтай бөгөөд СӨХ-ийн удирдах зөвлөлд С ХХК-ийн захирал Б.Эг оролцуулж, улмаар энэ гэрээг байгуулсан байдаг нь хууль зөрчсөн.

Иймд Х" СӨХ болон С ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Аж ахуйн гэрээ-ний нэмэлт өөрчлөлт хэсгийн 8 дахь заалтыг буюу 15,000,000 төгрөгийн хэмжээнд хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгч С ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч С ХХК-ийг тусгай зөвшөөрөлгүй байхдаа үйл ажиллагаа явуулсан гэх тайлбарын тухай. Оршин суугчийн тоо, дулаан нийлүүлэх хүчин чадлаас хамаарч дулааны эрчим хүчийг гэрээ болон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хэрэглэгч нарт нийлүүлдэг. Нэхэмжлэгч С ХХК нь 2016-2017 онд "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-тай "Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулж "Х" хотхоны оршин суугч, СӨХ-нд дулааны эрчим хүч нийлүүлж байсан. Энэхүү гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь оршин суугч, СӨХ-ноос дулааны төлбөрийг хураан авч ТӨХК-нд шилжүүлдэг байсан. Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №190 тоот "Тусгай зөвшөөрлийн зохицуулалтын бодлого, чиглэл"-ийн 6 дугаар зүйлийн 6.3-т "... нийт чадал 10 гкал-аас их байх нөхцөлд тусгай зөвшөөрөл олгох зарчим баримтална-д заасны дагуу нийт хүчин чадал 10 гкалаас их байх нөхцөлд тусгай зовшөөрлийн үндсэн дээр дулаан нийлүүлдэг. Улмаар нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сард хүчин чадал 10.69 гкалаас давсан гэх үндэслэлээр тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг Эрчим хүчний зохицуулах хороонд гаргаж тусгай зөвшөөрөл авсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хууль бусаар дулаан нийлүүлэх үйл ажиллагаа эрхэлж, үндэслэлгүйгээр дулааны төлбөр нэхээгүй бөгөөд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан Аж ахуйн гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан эсэх. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д "...холбооны өдөр тутмын уйл ажиллагааг гуйцэтгэх захирал эрхэлнэ" гэж, 12.4.2-т "...мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулах, биелэлтийг хангуулах... гэж, 10 дугаар зүйлийн 10.10.3-т "...гүйцэтгэх захирал болон холбооны нэрийн өмнөөс бусадтай байгуулж байгаа гэрээнд хяналт тавих..." гэж зааснаар гүйцэтгэх захирал нь холбооны нэрийн өмнөөс бусадтай хэлцэл хийх эрхтэй байх бөгөөд хэлцэлд хяналт тавих эрхийг удирдах зөвлөлд олгосон байна.Талуудын хооронд байгуулагдсан Аж ахуйн гэрээ-нд СӨХ-ийг төлөөлж гүйцэтгэх захирал, удирдах зөвлөлийн дарга, хяналтын зөвлөлийн дарга, зөвлөлийн гишүүд гарын үсэг зурж баталгаажуулсан. Аж ахуйн гэрээ-г хүчин төгөлдөр бус, бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэх үүрэгтэй гэх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна.

Дундын өмчлөлийн талбайд хамааралгүй, хувь иргэдийн өмчлөлийн залбайд хамаарах төлбөрийг сөх-оос нэхэмжилсэн, сөх нь дундын өмчлөлийн ашиглалтын зардлыг оршин суугчдаас авдаггүй гэх тайлбарын тухай. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар орон сууц өмчлөгч нь өөрийн хувийн өмчлөлийн талбайд хамаарах ашиглалтын зардал /халаалт, халуун, цэвэр, бохир ус/-ыг мэргэжлийн байгууллага буюу нэхэмжлэгч талд төлөх, дундын өмчлөлийн ашиглалтын зардлыг СӨХ-нд төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч нь хувийн өмчлөлийн талбайд хамаарах ашиглалтын зардлыг тухайн хөрөнгийн өмчлөгчөөс авдаг бөгөөд хариуцагч СӨХ-с хувь иргэний өмчлөлд хамаарах ашиглалтын зардлыг огт нэхэмжлээгүй. Хариуцагч СӨХ нь холбооны гишүүд буюу оршин суугчаас дундын өмчлөлд хамаарах талбайн ашиглалтын зардлыг хураан авах эрх, үүргээ хэрэгжүүлээгүй байгаа нь дундын өмчлөлд хамаарах талбайн ашиглалтын зардлыг нэхэмжлэгч талд төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл биш юм.

Иймд, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 01/74 дугаартай нэхэмжлэгчийн итгэмжлэл, Х СӨХ-ны ашиглалтын төлбөрийн задаргаа 2016, 2017, 2018 он, Х СӨХ-ны ашиглалтын төлбөрийн задаргаа 2016, 2017 он, Х СӨХ-ны ашиглалтын төлбөрийн задаргаа 2018 оны 01 сар болон 2018 оны 02 сараас 12 сар, С ХХК-ийн 2016 оны 10, 11, 12 дугаар сар, 2017 оны 01-12 дугаар сар, 2018 оны 01-12 дугаар сарын тооцооны нэхэмжлэхүүд, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 4478 дугаартай Дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн №4478, 4466, 3786, 4514, 4208, 4551, 3348 дугаартай Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ, С ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/47 дугаартай албан бичиг, С ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 09/2018, 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 09/2018, 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 09/2018, 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 10/2018, 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 10/2018, 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 10/2018 дугаартай Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлүүд, С ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 00217, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 00400 дугаартай Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай зөвшөөрөлүүд, Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хариуцаж буй орон сууцны барилга, байгууламжийн бүртгэлүүд, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШЗ2022/00920 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 5/688 дугаартай албан бичиг, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 38 дугаартай тогтоол, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШЗ2022/19958 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Аж ахуйн гэрээ, нэхэмжлэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн итгэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарыг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

Хариуцагчийн хариу тайлбар, Х СӨХ-ны гэрчилгээ, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлдээ төлсөн улсын тэмдэгийн хураамжийн баримт, хариуцагчийн өмгөөлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1 дугаартай Хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, Х СӨХ-ны удирдах зөвлөлийн 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 03/18 дугаартай тогтоол, Төрийн банкны 100.1 байрны 10 тоотын төлбөр төлсөн баримтууд, С ХХК-ийн 2018 оны 11, 12 дугаар сарын Л.Сийн тооцооны хуудсууд, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 8/939 дугаартай албан бичиг, Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 107 дугаартай албан бичиг, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 02/520 дугаартай албан бичиг, С ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/6 дугаартай албан бичиг, Х СӨХ-ны 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаартай албан бичиг, Х хотхоны 80х2 айлын орон сууц, 54 автомашины гаражийн план зургийг тус тус хариуцагч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

6. Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01/611 дугаартай албан бичгээр нийт 27 хуудас нотлох баримт ирсэн ба мөн зөвлөлийн 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 23 дугаартай тогтоол, уг тогтоолын хавсралтууд, зөвлөлийн 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 44 дугаартай тогтоол, уг тогтоолын хавсралтууд, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 50 дугаартай тогтоол, уг тогтоолын хавсралтууд, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 94 дугаартай тогтоол, уг тогтоолын хавсралтууд, 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 32 дугаартай тогтоол, уг тогтоолын хавсралтууд, 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 23 дугаартай тогтооол, уг тогтоолын хавсралтууд, Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 6/1026 дугаартай албан бичгээр нийт 10 хуудас нотлох баримт ирсэн ба мөн зөвлөлийн 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 204 дугаартай тогтоол, уг тогтоолын хавсралт, 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 214 дугаартай тогтоол, уг тогтоолын хавсралт, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 123 дугаартай тогтоол, уг тогтоолын хавсралт, 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 190 дугаартай тогтоол, уг тогтоолын хавсралтыг тус тус бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Х СӨХ холбогдуулан 2016 оны 10 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны хэрэглээний цэвэр, бохир усны төлбөр 6,831,821.11 төгрөг, дулааны төлбөр 24,468,242.18 төгрөг, нийт 31,300,063 төгрөг гаргуулахаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч Х СӨХ нь нэхэмжлэлд заасан хугацаанд хэрэглээний цэвэр бохир ус, дулааны үйлчилгээ аваагүй, уг төлбөр нь манай СӨХ-ны талбайд хамаарахгүй, хотхоны иргэдийн өмчилж авсан гаражийн талбай, гаражийн зорчих хэсэгт хамаарах тул төлөх хууль зүйн үндэслэлгүй, СӨХ нь дулааны үйл ажиллагаа эрхэлдэггүй, дулааны төлбөрийг хураах эрхгүй, дээрх ус дулааны төлбөрийг иргэдээс хурааж байгаагүй тул төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

 

2. Хариуцагч Х СӨХ нь нэхэмжлэгч С ХХК-д холбогдуулан зохигчдын хооронд байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Аж ахуйн гэрээ-ний нэмэлт өөрчлөлт хэсгийн 8 дахь заалтыг буюу 15,000,000 төгрөгийн хэмжээнд хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Нэхэмжлэгч С ХХК нь хууль бусаар дулаан нийлүүлэх үйл ажиллагаа эрхэлж, үндэслэлгүйгээр дулааны төлбөр нэхэмжлээгүй, талуудын хооронд байгуулсан Аж ахуйн гэрээ-нд СӨХ-ийг төлөөлж гүйцэтгэх захирал, удирдах зөвлөлийн дарга, хяналтын зөвлөлийн дарга, зөвлөлийн гишүүд гарын үсэг зурж баталгаажуулсан буюу уг гэрээг хүчин төгөлдөр бус, бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэх үүрэгтэй гэх нь үндэслэлгүй, СӨХ-оос хувь иргэний өмчлөлд хамаарах ашиглалтын зардлыг огт нэхэмжлээгүй, харин СӨХ нь холбооны гишүүд буюу оршин суугчаас дундын өмчлөлд хамаарах талбайн ашиглалтын зардлыг хураан авах эрх, үүргийг хэрэгжүүлээгүй байгаа нь дундын өмчлөлд хамаарах талбайн ашиглалтын зардлыг нэхэмжлэгч талд төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл биш зэргээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

3. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4а. С ХХК нь Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тай 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 4478 дугаартай Дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 4478, 4466, 3786, 4514, 4208, 4551, 3348 дугаартай Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ-г тус тус байгуулж, уг гэрээгээр худалдагч тал дулааны эрчим хүчийг /халаалт, хэрэглээний халуун ус, салхивч болон технологийн халуун ус/ энэ гэрээнд заасан тоо хэмжээнд худалдах, худалдан авч хэрэглэсний төлбөрөө тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулах, техникийн бүрэн бүтэн байдал аюулгүй ажиллагааны горим шаардлагыг ханган биелүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахаар талууд харилцан тохиролцсон байна.

 

4б. С ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр А/47 дугаартай хүсэлтийг Эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлсэн ба, ...Х хотхоны нийт 786 өрхийн 558 айл буюу 71 хувь санал хүсэлт авч 29 хувиас санал авч чадаагүй /зарагдаагүй, хүнгүй байсан/ үүнээс 94 хувь нь дэмжиж, 4 хувь нь эргэлзэж, 2 хувь нь татгалзсан байна. Иймээс Х хотхоны оршин суугчдын саналыг үндэслэн манай байгууллагын тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү ... гэжээ.

 

4в. Эрчим хүчний зохицуулах хорооноос С ХХК-д Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар Дулаан түгээх 09/2018 дугаартай тусгай зөвшөөрлийг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 3 жилийн хугацаатай, 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 1 жилийн хугацаатай, 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 1 жил 3 сарын хугацаатай тус тус олгосон байна.

 

Мөн Эрчим хүчний зохицуулах хорооноос С ХХК-д Эрчим хүчний тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар Дулаанаар зохицуулалттай хангах 10/2018 дугаартай тусгай зөвшөөрлийг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 3 жилийн хугацаатай, 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 1 жилийн хугацаатай, 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 1 жил 3 сарын хугацаатай тус тус олгожээ.

 

4г. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс С ХХК-д Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4, 12.2.5, 12.2.6, 12.2.7, 12.2.8-д заасан нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг Зохицуулах зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 22 тоот тогтоолыг үндэслэн 3 жилийн хугацаатай олгож, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 02 тоот тогтоолыг үндэслэн 3 жилийн хугацаагаар сунгасан, мөн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хариуцаж буй орон сууцны барилга, байгууламжийн бүртгэлийг баталгаажуулсан байна.

 

4д. С ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/6 дугаартай албан бичгийг Х СӨХ-д хүргүүлсэн байх ба орцны дундын өмчлөлийн талбайн халаалтын төлбөрийг айл өрх болон зогсоол эзэмшигчдээс 2019 оны 01 дүгээр сараас эхлэн авахаар шийдвэрлэсэн, энэ нь нэхэмжлэгчийн гаргасан ашиглалтын төлбөр нэхэмжилсэн хугацаанд хамаарахгүй байна.

 

5. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШЗ2022/00920 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Эрчим хүчний тухай хууль болон Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч, хангагч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар С ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х СӨХ-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

5а. Дээрх захирамжийн дагуу С ХХК нь Эрчим хүчний зохицуулах хороонд хандсан байх ба тус хорооны 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 5/688 дугаартай албан бичгээр ...Х сууц өмчлөгчдийн холбоо нь 2018 оны 02 дугаар сараас 2018 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд хэрэглэсэн дундын эзэмшлийн халаалтын төлбөр, хэрэгцээний халуун ус халаасан дулааны төлбөр, сууц өмчлөгчдийн холбооны оффисийн халаалтын төлбөрт хамаарах 7,635,292.6 төгрөгийг танай компанид төлөх үндэслэлтэй байна гэсэн хариуг өгсөн байна.

 

5б. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 38 дугаартай тогтоолоор С ХХК болон Х СӨХ-ны хооронд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 15 дугаар зүйлийн 15.1.2, 15.1.3-д заасан гэрээний үүргийн харилцаа үүсээгүй байх тул Зохицуулах зөвлөлөөс Х СӨХ-ны цэвэр, бохир усны хэрэглээний өр төлбөр 6,831,821.11 төгрөгийг С ХХК-д төлөх эсэх тухай маргаантай асуудлыг мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй болохыг мэдэгдсэн байна.

 

6. С ХХК болон Х СӨХ-ийн хооронд 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Аж ахуйн гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр дундын өмчлөлийн эд хөрөнгө, шугам сүлжээний засвар үйлчилгээ, орон сууцны хэвийн байдлыг хангахад мэргэжлийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээ, дундын өмчлөлийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, хэвийн үйл ажиллагааг хангахад байнгын хяналт тавих, хамтран үйл ажиллагааны явцад үүсэх аж ахуйн харилцааг зохицуулахаар тохирсон байна.

 

Зохигчид дээрх гэрээнд гараж дундын өмчлөлийн талбайн хэмжээ 1239,36 м2, СӨХ-ны эзэмшлийн карма 105,5 м2, СӨХ-ны эзэмшлийн зогсоол 36 м2, СӨХ-ны эзэмшлийн 100А байрнаас 108 дугаар байрны орцны халаалт талбайн хэмжээгээр тооцох нийт 1151,09 м2, СӨХ-ны оффис байрны талбайн хэмжээ 265 м2, 106 дугаар байрны гаражид усны 1 цэг болон оффисын байранд усны 1 цэг, нийт усны 2 цэгтэй ба үүнд усны суурь үнэ тооцох бөгөөд халуун, хүйтэн ус, цэвэр бохир усыг тоолуурын заалтаар тооцох ба аж ахуйн нэгжийн үнэ тарифыг мөрдөнө, усалгааны цэг бүрт усны суурь үнэ тооцож цэвэр, бохир усны үнийг айл өрхийн үнэ тарифыг мөрдөнө гэж тохирсон.

 

Мөн өмнөх төлбөр тооцоог 5 дугаар сард 5,000,000 төгрөг, 6 дугаар сард 5,000,000 төгрөг, 7 дугаар сард 5,000,000 төгрөгөөр хуваан төлж барагдуулахаар тохирч, талуудын эрх бүхий албан тушаалтанууд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан, Х СӨХ-ноос гүйцэтгэх захирал Б.Д, Удирдах зөвлөлийн дарга Н.О, хяналтын зөвлөлийн дарга Н.Г, Удирдах зөвлөлийн гишүүн Х.Э, Г.Д нар гарын үсгээ зуржээ.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахаар заасан байна.

 

7. Эдгээрээс үзвэл С ХХК нь Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ болон эрх бүхий байгууллагуудаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т Цахилгаан, дулаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөлд заасан нутаг дэвсгэрийн бүх хэрэглэгчийг түгээх сүлжээнд холбох үүрэгтэй, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д тусгай зөвшөөрөлд заасан нутаг дэвсгэрийн хэрэглэгчийг цахилгаан, дулаанаар хангах үүрэгтэй, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1-д гэрээний нөхцөлд тохирсон тоо, хэмжээ, стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах, технологийн дагуу цэвэрлэх, чанар, аюулгүй байдлын шаардлагад хяналт тавих үүргийнхээ дагуу Х хотхоны оршин суугчид болон Х СӨХ-ийг хэрэглээний цэвэр, бохир ус, дулаанаар хангасан байна.

 

С ХХК болон Х СӨХ-ны хооронд 2016, 2017 онд Эрчим хүчний тухай хууль болон Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд зааснаар хангагч болон хэрэглэгчийн хооронд хийгдэх бичгийн гэрээ байгуулагдаагүй боловч зохигчид нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Аж ахуйн гэрээ-г байгуулснаар өмнө нь үзүүлсэн болон авч байсан үйлчилгээ, төлөх өр төлбөрийн талаар харилцан тохирч, хэн хэн нь хүлээн зөвшөөрсөн байна.

 

Дээрх гэрээний нэмэлт өөрчлөлт хэсгийн 8 дахь заалтыг буюу 15,000,000 төгрөгийн талаар тохиролцсон хэсгийг хариуцагч нь хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба бусад заалтын хувьд маргаагүй нь 2017, 2018 онд нэхэмжлэгчээс зохих үйлчилгээг авсанаа хүлээн зөвшөөрч байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.2-т Бусдад үйлчилгээ үзүүлэх аж ахуй эрхлэгч нь ажил төрлийн байнгын холбоо бүхий этгээдээс тухайн төрлийн үйл ажиллагаа гүйцэтгүүлэх тухай саналыг хүлээн авсан бол ердийн боломжит хугацааны дотор хариу явуулах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй бол түүнийг гэрээ байгуулахаар дуугүй хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ гэж, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Хангагч, хэрэглэгчийн хоорондын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой харилцааг энэ хууль, цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ /цаашид "гэрээ" гэх/-гээр зохицуулна гэж, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна гэж тус тус зааснаар зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

 

8. Эрчим хүчний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7, 12.1.8-д зааснаар хуулийн этгээд нь дулаан түгээх, эрчим хүчээр зохицуулалттай хангах үйл ажиллагааг эрхлэхдээ эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхээр, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Хот, суурины ус хангамж, ариутгах татуургыг шинээр барьж байгуулах болон түүний ашиглалт, засвар, үйлчилгээг Зохицуулах хорооноос олгосон тусгай  зөвшөөрөл  бүхий хуулийн этгээд эрхлэн гүйцэтгэнэ гэж тус тус зааснаар нэхэмжлэгч С ХХК-д Эрчим хүчний зохицуулах хорооноос 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийг олгосон энэхүү хугацаанаас, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тусгай зөвшөөрлийг олгосон энэхүү хугацаанаас тус тус тооцон хариуцагч Х СӨХ-ноос ашиглалтын төлбөрүүдийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

8а. Дулааны төлбөрийн хувьд Х СӨХ-ны ашиглалтын төлбөрийн задаргаа 2018 оны 02 сараас 12 сар гэсэн баримтаас үзэхэд 2018 оны 02 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд нийт 8,341,689.6 төгрөгийн төлбөр гарсан, уг төлбөрөөс хариуцагчийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 49,447.2 төгрөг, 6 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 1,443,935.4 төгрөг, 6 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 1,396,340.8 төгрөг, 10 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 18,542.7 төгрөг, нийт 2,908,266.1 төгрөгийг хасч, 5,433,423.5 төгрөгийг хариуцагчаас дулааны төлбөрт гаргуулах нь зүйтэй.

 

8б. Цэвэр, бохир усны төлбөрийн хувьд Х СӨХ-ны ашиглалтын төлбөрийн задаргаа 2017 он, 2018 он гэсэн баримтаас үзэхэд 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарыг хүртэлх хугацаанд нийт 7,731,311.37 төгрөг байх ба үүнээс 2017 оны эхний үлдэгдэл 808,577 төгрөгийг хасч, нийт 6,922,734.37 төгрөгийн төлбөр гарсан, уг төлбөрөөс хариуцагчийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 147,131.6 төгрөг, 6 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 56,064.6 төгрөг, 6 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 103,659.2 төгрөг, 10 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 592,634.9 төгрөг, нийт 899,490.3 төгрөгийг хасч, 6,023,244.07 төгрөгийг хариуцагчаас цэвэр, бохир усны төлбөрт гаргуулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч С ХХК-д тусгай зөвшөөрөл олгогдоогүй байсан хугацааны ашиглалтын төлбөрийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Эрчим хүчний зохицуулах хорооноос 2015-2020 оны хооронд мөрдөгдөж байсан цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, дулааны тарифтай холбоотой тогтоолууд ирсэн ба С ХХК-ийн үйлчилгээ үзүүлэхдээ эдгээр тогтоолоор батлагдсан тарифыг мөрдлөг болгон ажилладаг гэх тайлбар үндэслэлтэй байна.

 

9. Дээр дурдсан үйл баримтаас дүгнэхэд хариуцагч Х СӨХ-ны нэхэмжлэлд заасан хугацаанд хэрэглээний цэвэр бохир ус, дулааны үйлчилгээ аваагүй, уг төлбөр нь манай СӨХ-ны талбайд хамаарахгүй, хотхоны иргэдийн өмчилж авсан гаражийн талбай, гаражийн зорчих хэсэгт хамаарах тул төлөх хууль зүйн үндэслэлгүй, СӨХ нь дулааны үйл ажиллагаа эрхэлдэггүй, дулааны төлбөрийг хураах эрхгүй, дээрх ус дулааны төлбөрийг иргэдээс хурааж байгаагүй тул төлөх үндэслэлгүй гэх тайлбар, татгалзал нь үндэслэлгүй байна.

 

10. Зохигчдын хооронд 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Аж ахуйн гэрээ-г байгуулсан, хариуцагч Х СӨХ нь уг гэрээний нэмэлт өөрчлөлт хэсгийн 8 дахь заалтыг буюу 15,000,000 төгрөгийн хэмжээнд хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1,9, 56.1.10 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзжээ.

 

Дээрх гэрээнд Х СӨХ-ноос гүйцэтгэх захирал Б.Д, Удирдах зөвлөлийн дарга Н.О, хяналтын зөвлөлийн дарга Н.Г, Удирдах зөвлөлийн гишүүн Х.Э, Г.Д нар гарын үсэг зурж, баталгаажуулсан ба Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10.3-т зааснаар гүйцэтгэх захирал холбооны нэрийн өмнөөс бусадтай байгуулж байгаа гэрээнд хяналт тавих эрх, үүргийг удирдах зөвлөлийн дарга, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.1-д зааснаар гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд хяналт тавих эрх, үүргийг хяналтын зөвлөл хэрэгжүүлэхээр, гүйцэтгэх захирал нь мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.2-т холбооны дүрэмд өөрөөр заагаагүй бол дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийлгэх, орон сууцны хэвийн байдлыг хангах талаар үйлчилгээний мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулах, биелэлтийг хангуулах, 12.4.3-т холбооны мөнгөн хөрөнгийг түүний зорилго, үйл ажиллагааны чиглэл, бүх гишүүдийн хурлын шийдвэрт нийцүүлэн энэ хууль, хууль тогтоомжийн бусад акт болон холбооны дүрмээр олгосон эрх хэмжээний дотор зөвхөн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, бусад нийтлэг зардалд зориулан захиран зарцуулах эрх, үүргийг хэрэгжүүлэхээр хуульчилсан байна.

 

Энэхүү хуулийн зохицуулалтаас үзэхэд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, 56.1.9-д хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл, 56.1.10-т дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдоогүй, мөн хариуцагч нь бүх гишүүдийн хурлыг хийлгүйгээр, гүйцэтгэх захирал нь дур мэдэн нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан гэсэн үндэслэл гаргаж байх боловч энэхүү сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 314,500 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х СӨХ-ноос нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 198,257 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С ХХК-д олгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч Х СӨХ-ноос дулааны төлбөрт 5,433,423.5 төгрөг, цэвэр, бохир усны төлбөрт 6,023,244.07 төгрөг, нийт 11,456,667.5 /арван нэгэн сая дөрвөн зуун тавин зургаан мянга зургаан зуун жаран долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 19,843,395.5 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1,9, 56.1.10-д заасныг баримтлан нэхэмжлэгч С ХХК-д холбогдуулан гаргасан хариуцагч Х СӨХ-ны зохигчдын хооронд байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Аж ахуйн гэрээ-ний нэмэлт өөрчлөлт хэсгийн 8 дахь заалтыг буюу 15,000,000 төгрөгийн хэмжээнд хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 314,500 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х СӨХ-ноос улсын тэмдэгтийн хураамжид 198,257 /нэг зуун ерэн найман мянга хоёр зуун тавин долоо/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ