Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/00560

 

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/00560

 

“А-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/00519 дугаар шийдвэртэй,

 

“А-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Б-” СӨХ-нд холбогдох,

 

Төлбөрт 31,300,063 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

“Аж ахуйн гэрээ”-ний нэмэлт өөрчлөлт хэсгийн 8 дахь заалт буюу 15,000,000 төгрөгийн хэмжээнд хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах, хариуцагчийн төлөөлөгч Ц.Өлзийбуян, хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнхсүлд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. “А-” ХХК нь 2016 оны 06 дугаар сараас эхлэн “Б-” хотхоны оршин суугч, аж ахуйн нэгж, сууц өмчлөгчдийн холбоонд хэрэглээний цэвэр ус, дулаан дамжуулах, нийлүүлэх, бохир татан зайлуулах үйл ажиллагааг явуулж эхэлсэн бөгөөд 2016, 2017 онд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-тай байгуулсан “Дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу дээрх үйлчилгээг үзүүлж байсан.

1.2. Хэрэглэгчдийн тоо нэмэгдэж, хүчин чадал 10 гкал-аас давсан тул Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 190 тоот “Тусгай зөвшөөрлийн зохицуулалтын бодлого, чиглэл”-ийн 6.3-т “...нийт чадал 10 гкал-аас их баш нөхцөлд тусгай зөвшөөрөл олгох зарчим баримтална” гэж заасны дагуу хорооноос тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байна.

1.3. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл болон Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан ус, дулааны тарифыг мөрдлөг болгож хэрэглэгчдээс хэрэглээний төлбөрийг авдаг. Гэвч хариуцагч буюу хэрэглэгч “Б-” СӨХ нь 2016 оны 10 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны цэвэр, бохир усны төлбөр 6,831,821 төгрөг, 2018 оны 02 дугаар сар буюу Эрчим хүчний зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авснаас хойшхи хугацааны дулааны төлбөрийн өр 7,635,292 төгрөг, 2018 оны 02 дугаар сараас өмнөх хугацааны буюу “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-тай байгуулсан “Дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу дамжуулан нийлүүлсэн дулаан төлбөр 16,832,949 төгрөг, нийт 31,300,063 төгрөгийг төлөөгүй байна.

Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 5/688 тоот албан бичигт дурдсанаар Эрчим хүчний зохицуулах хорооноос нэхэмжлэгчид анх тусгай зөвшөөрөл олгосон хугацаа буюу 2018 оны 02 дугаар сараас 2018 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны төлбөр 7,635,292 төгрөгийг хариуцагч тал нэхэмжлэгчид төлөх үндэслэлтэй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл олгохоос өмнөх хугацааны төлбөрийн талаарх дүгнэлт хийгээгүй.

Иймд хариуцагч “Б-” СӨХ-оос 2016 оны 10 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны хэрэглээний цэвэр ус, дулааны төлбөр 31,300,063 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй хэрэглээний цэвэр, бохир ус, дулааны төлбөр нь хотхоны иргэдийн өмчилж авсан гараашийн талбай, гараашийн зорчих хэсэгт хамаарах бөгөөд СӨХ нь дулааны үйл ажиллагаа эрхэлдэггүй, дулааны төлбөрийг хураах эрхгүй, дээрх ус, дулааны төлбөрийг иргэдээс хурааж байгаагүй тул төлөх үндэслэлгүй.

2.2. “Б-” СӨХ нь өөрийн талбайд хамаарах 2022 оны 9 дүгээр сарын хэрэглээний цэвэр, бохир ус, дулаан төлбөрт “А-” ХХК-ийн нэхэмжилсэн 180,644.64 төгрөгийг төлсөн, өр төлбөр байхгүй болно.

2.3. “А-” ХХК нь 2016 оны 10 дугаар сараас 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны дулааны төлбөр 16,832,949 төгрөгийг иргэдээс нэхэмжлэх нь зүйтэй.

Мөн Эрчим хүчний зохицуулах зөвлөл нь тусгай зөвшөөрөл авахаас өмнөх төлбөрийг гаргуулах үндэслэлгүй болохыг тодорхойлсон.

2.4. “Б-” СӨХ болон "А- ХХК-ийн хооронд 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр “Аж ахуйн гэрээ” байгуулагдсан бөгөөд гэрээний нэмэлт өөрчлөлт 8 дахь заалтаар өмнөх төлбөр  5 сард 5,0 сая төгрөг, 6 сард 5,0 сая төгрөг, 7 сард 5,0 сая төгрөг нийт 15 сая төгрөгийг төлж барагдуулах графикийг тохиролцсон байдаг.

“Б-” СӨХ-г төлөөлж гэрээ хэлцэл байгуулах эрх хэмжээг удирдах зөвлөл шийдвэрлэх эрхтэй. Гэтэл 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Аж ахуйн гэрээ” байгуулах эрхийг 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Хяналтын зөвлөлийн хурлаас олгосон нь хууль бус бөгөөд уг гэрээгээр СӨХ-нд дундын өмчлөлийн талбайд хамааралгүй, иргэдийн өмчилж авсан гараашийн талбай, орцны дулаан, гараашийн зорчих хэсгийн дулааны төлбөрийг төлүүлэхээр тохиролцсон нь хууль зүйн үндэслэлгүй.   

2.5. Мөн “А-” ХХК нь 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр анх тусгай зөвшөөрөл авсан байхад тусгай зөвшөөрөлгүй байхдаа явуулсан үйл ажиллагааны төлбөрийг гэрээнд тусгасан нь үндэслэлгүй.

СӨХ-ны оршин суугчдын бүх гишүүдийн хурал хийлгүйгээр “А-” ХХК-тай гэрээг Д- дур мэдэн хийсэн нь холбогдох зөвшөөрлийг, СӨХ-ны гишүүд болон СӨХ-ны дүрмийг зөрчиж байна.

Гэрээ байгуулах явцад “А-” ХХК-ийн захирал Б.Энхтуяаг СӨХ-ны удирдах зөвлөлд оруулсан байсныг хууль бус, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн байдаг. Учир нь СӨХ бол нийтийн эрх ашгийг хамгаалдаг, НҮТББ эрх зүйн байдалтай бөгөөд СӨХ-ны удирдах зөвлөлд “А-” ХХК-ийн захирал Б.Энхтуяаг оролцуулж, улмаар энэ гэрээг байгуулсан нь хууль зөрчсөн.

2.6. Иймд “Б-" СӨХ болон “А-” ХХК-ийн хооронд 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Аж ахуйн гэрээ”-ний нэмэлт өөрчлөлт хэсгийн 8 дахь заалтыг буюу 15,000,000 төгрөгийн хэмжээнд хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.

 

3. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

3.1. Оршин суугчийн тоо, дулаан нийлүүлэх хүчин чадлаас хамаарч дулааны эрчим хүчийг гэрээ болон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хэрэглэгч нарт нийлүүлдэг. Нэхэмжлэгч “А-” ХХК нь 2016-2017 онд "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-тай "Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулж "Б-" хотхоны оршин суугч, СӨХ-нд дулааны эрчим хүч нийлүүлж, гэрээний 3.1-д заасны дагуу оршин суугч, СӨХ-ноос дулааны төлбөрийг хураан авч ТӨХК-нд шилжүүлдэг байсан.

Нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сард хүчин чадал 10.69 гкал-аас давсан гэх үндэслэлээр тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг Эрчим хүчний зохицуулах хороонд гаргаж тусгай зөвшөөрөл авсан тул үндэслэлгүйгээр дулааны төлбөр шаардаагүй.

3.2. Талуудын хооронд байгуулагдсан “Аж ахуйн гэрээ”-нд СӨХ-г төлөөлж гүйцэтгэх захирал, удирдах зөвлөлийн дарга, хяналтын зөвлөлийн дарга, зөвлөлийн гишүүд гарын үсэг зурж баталгаажуулсан тул бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэх үүрэгтэй гэх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй.

3.3. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар орон сууц өмчлөгч нь өөрийн хувийн өмчлөлийн талбайд хамаарах ашиглалтын зардал /халаалт, халуун, цэвэр, бохир ус/-ыг мэргэжлийн байгууллага буюу нэхэмжлэгч талд төлөх, дундын өмчлөлийн ашиглалтын зардлыг СӨХ-нд төлөх үүрэгтэй.

Хариуцагч СӨХ нь холбооны гишүүд буюу оршин суугчаас дундын өмчлөлд хамаарах талбайн ашиглалтын зардлыг хураан авах эрх, үүргээ хэрэгжүүлээгүй байгаа нь дундын өмчлөлд хамаарах талбайн ашиглалтын зардлыг нэхэмжлэгч талд төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч “Б-” СӨХ-ноос дулааны төлбөрт 5,433,423 төгрөг, цэвэр, бохир усны төлбөрт 6,023,244 төгрөг, нийт 11,456,667 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А-” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 19,843,395 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1,9, 56.1.10-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А-” ХХК-д холбогдуулан гаргасан хариуцагч “Б-” СӨХ-ны зохигчдын хооронд байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Аж ахуйн гэрээ”-ний нэмэлт өөрчлөлт хэсгийн 8 дахь заалтыг буюу 15,000,000 төгрөгийн хэмжээнд хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 314,500 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б-” СӨХ-ноос улсын тэмдэгтийн хураамжид 198,257 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А-” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. “А-” ХХК нь гэрээ болон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хэрэглэгчдэд ус, дулаан дамжуулан нийлүүлэх үйлчилгээг үзүүлсэн тул хариуцагчаас тусгай зөвшөөрөл олгохоос өмнөх хугацаанд хамаарах ашиглалтын төлбөрийг шаардах эрхтэй.

Эрчим хүчний зохицуулах хороо нь 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 5/688 тоот албан бичгээр нэхэмжлэгчид тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс хойшхи хугацааны өр төлбөрийн тооцоог гаргасан бөгөөд нэхэмжлэгч болон “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн хооронд байгуулагдсан “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу тусгай зөвшөөрөл олгохоос өмнөх хугацаанд хэрэглэгчид нийлүүлсэн дулааны өр төлбөрийн харилцааг дүгнээгүй.

5.2. Талууд харилцан тохиролцож 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Аж ахуйн гэрээ”-г байгуулсан бөгөөд нэмэлт өөрчлөлт хэсэгт 2016 оны 10 дугаар сараас 2018 оны 04 дүгээр сарын ашиглалтын нийт өр төлбөр 29,538,124 төгрөгийг 15,000,000 төгрөг болгон бууруулж, хувааж төлөхөөр шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх “Аж ахуйн гэрээ”-нд заасан 15,000,000 төгрөгийн өр төлбөр төлөх тохиролцоог хүчин төгөлдөр гэж дүгнээд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа 15,000,000 төгрөгийн өр төлбөрийг орхигдуулж хариуцагчаас 11,456,667 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Хариуцагч нь дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч талд 2016 оны 10 дугаар сараас 2018 оны 04 дүгээр сарын төлбөрт 15,000,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны ашиглалтын өр төлбөрт 5,569,695 төгрөг нийт 20,569,695 төгрөгийг төлөх үндэслэлтэй болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон.

Иймд хариуцагч “Б-” СӨХ-ноос 20,569,695 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

 

6. Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: “Харуул алтай” СӨХ нь дулааныг хүлээн авч зарцуулаагүй. Нэхэмжлэгчээс гаргасан 2016-2019 оны 10 дугаар сар хүртэл нэхэмжилж байгаа ус, дулаан, бохирын ашигласны төлбөрийг нэхэмжилсэн үндэслэлгүй.Аж ахуйн гэрээ”-нд заасан төлбөр тооцоо нэхэмжлэх журмын дагуу нэхэмжлээгүй, нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байна. Нэхэмжлэгч нарын нэхэмжилж байгаа ус дулааны төлбөрийг төлөх боломжгүй.

 

7. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

7.1. “Б-” СӨХ нь тухайн нэхэмжлэлд дурдсан 2016 оны 10 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны хэрэглээний цэвэр, бохир усны төлбөр 6,831,821 төгрөг, дулаан төлбөр 24,468,242 төгрөг нийт 31,300,063 төгрөгийн үйлчилгээ аваагүй.

Дээрх нэхэмжлэлд дурдсан хэрэглээний цэвэр, бохир ус, дулааны төлбөр нь “Б-” СӨХ-ны талбайд хамаарахгүй, хотхоны иргэдийн өмчилж авсан гараашийн талбай, гараашийн зорчих хэсэгт хамаарах тул төлөх хууль зүйн үндэслэлгүй юм. СӨХ нь дулааны үйл ажиллагаа эрхэлдэггүй, дулааны төлбөрийг хураах эрхгүй, дээрх ус дулаан төлбөрийг иргэдээс хурааж байгаагүй тул төлөх үндэслэлгүй.

Б-” СӨХ нь өөрийн талбайд хамаарах хэрэглээний цэвэр, бохир ус, дулааны өр төлбөр байхгүй болно.

7.2. “А-” ХХК нь 2016 оны 10 дугаар сараас 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны дулааны төлбөр 16,832,949 төгрөгийг иргэдээс нэхэмжлэх нь зүйтэй. Мөн Эрчим хүчний зохицуулах зөвлөл нь тусгай зөвшөөрөл авахаас өмнөх төлбөрийг гаргуулах үндэслэлгүй болохыг тодорхойлсон.

7.3. “Б-” СӨХ болон “А-” ХХК-ийн хооронд 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Аж ахуйн гэрээ” гэрээний нэмэлт өөрчлөлт 8 дахь заалтаар өмнөх төлбөр тооцоог  5 сард 5 сая төгрөг, 6 сард 5 сая төгрөг, 7 сард 5 сая төгрөг нийт 15 сая төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Аж ахуйн гэрээ”ий нэмэлт өөрчлөлтийн 8 дахь заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.9, 56.1.10 дахь заалтуудыг зөрчсөн үндэслэлээр хүчин төгөлдөр бус юм. Иргэд өмчилж авсан гарааш, гараашийн зорчих хэсгийн талбайд хамаарах ус дулааныг “Б-” СӨХ-ноос төлүүлэхээр харилцан тохиролцсон нь хууль зүйн үндэслэлгүй юм.

7.4. СӨХ-ны оршин суугчдын бүх гишүүдийн хурал хийлгүйгээр “А-” ХХК-тай гэрээг Д- дур мэдэн хийсэн бөгөөд холбогдох зөвшөөрөл, СӨХ-ны гишүүд болон СӨХ-ны дүрмийг зөрчиж гэрээ байгуулагдсан.

Гэрээ байгуулах явцад “А-” ХХК-ийн захирал Б.Энхтуяаг СӨХ-ны удирдах зөвлөлд оруулсан байсныг хууль бус, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: СӨХ-ны хэрэглэсэн ус, дулаан, дундын өмчлөлийн талбайд хамаарах төлбөрийг нэхэмжилсэн. Хэрэглэгчийн тоолуурын заалтыг батлагдсан тарифт үржүүлээд, орон сууц, дундын өмчлөлийн талбай, хувийн өмчлөлийн талбайг Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан тарифт нийцүүлэн гаргадаг. “Аж ахуйн гэрээ”-нд СӨХ-ны гүйцэтгэх захирал, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн дарга болон зөвлөлийн гишүүд гарын үсэг зурж, гэрээ байгуулагдсан.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зохигчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч “А-” ХХК нь хариуцагч “Б-” СӨХ-д холбогдуулан 2016 оны 10 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны хэрэглээний ус, дулааны төлбөр 31,300,063 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан “Аж ахуйн гэрээ”-ний нэмэлт өөрчлөлт хэсгийн 8 дахь заалт буюу 15,000,000 төгрөгийн хэмжээнд хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. “А-” ХХК нь “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-тай 2016 оны 10 дугаар сарын 13, 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр тус тус “Дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулжээ.

Эрчим хүчний зохицуулах хорооноос 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 09/2018 тоот тусгай зөвшөөрлөөр “А-” ХХК-ийн эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрлийг “дулаан түгээх”, үйл ажиллагааны үйлчлэх хүрээг “Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд “А-” ХХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчид” гэж тодорхойлж,

Мөн өдөр олгогдсон 10/2018 тоот тусгай зөвшөөрлөөр “А-” ХХК-ийн эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрлийг “дулаанаар зохицуулалттай хангах”, үйл ажиллагааны үйлчлэх хүрээг “Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд “А-” ХХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчид” гэж тодорхойлж тусгажээ.

Түүнчлэн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “А-” ХХК-д 00217 тоот тусгай зөвшөөрлийг олгосон байна.

Иймд “А-” ХХК нь дээрх гэрээ болон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хэрэглэгчийг дулаанаар хангах, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4, 12.2.5, 12.2.6, 12.2.7, 12.2.8-д заасан нитийн аж ахуйн ажил үйлчиллгээ эрхлэх эрхтэй байна.

 

4. “А-” ХХК болон “Б-” СӨХ 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр “Аж ахуйн гэрээ” байгуулж, уг гэрээгээр дундын өмчлөлийн эд хөрөнгө, шугам сүлжээний засвар үйлчилгээ, орон сууцны хэвийн байдлыг хангахад мэргэжлийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээ, дундын өмчлөлийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, хэвийн үйл ажиллагааг хангахад байнгын хяналт тавих, хамтран үйл ажиллагааны явцад үүсэх аж ахуйн харилцааг зохицуулахаар харилцан тохиролцжээ.

Энэ гэрээ байгуулахаас өмнө талуудын хооронд гэрээ бичгээр байгуулагдаагүй боловч уг гэрээний нэмэлт өөрчлөлт хэсгийн 8 дахь заалтад “өмнөх төлбөр тооцоог 5, 6, 7 дугаар сард 5 сая төгрөгөөр хуваан төлж барагдуулах. Дараах графикийн дагуу 5-р сард 5,0 сая, 6-р сард 5,0 сая, 7-р сард 5,0 сая” гэж тохиролцсон байдлаас дүгнэвэл “Б-” СӨХ нь “А-” ХХК-аас дулаан, цэвэр, бохир устай холбоотой үйлчилгээг авч байсан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

5. Гэрээний нэмэлт өөрчлөлт хэсгийн 8 дахь заалтад “өмнөх төлбөр тооцоог 5, 6, 7 дугаар сард 5 сая төгрөгөөр хуваан төлж барагдуулах. Дараах графикийн дагуу 5-р сард 5,0 сая, 6-р сард 5,0 сая, 7-р сард 5,0 сая” гэж тохиролцсон хэлцэл нь хүчин төгөлдөр байна. Учир нь уг гэрээнд хариуцагч талыг төлөөлж гүйцэтгэх захирал Д-, Удирдах зөвлөлийн дарга Н-, хяналтын зөвлөлийн дарга Г-, Удирдах зөвлөлийн гишүүн Х-, Р- нар тус тус гарын үсэг зурсан байх бөгөөд хяналтын зөвлөлийн дарга дангаар уг гэрээг байгуулсан гэж дүгнэхээргүй байна.

Иймд уг хэлцлийг байгуулахад хууль зөрчсөн, зөвшөөрөлгүй хийсэн, эрх бүхий этгээд байгуулаагүй гэж заасан хариуцагч талын тайлбар үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ. Энэ үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй болно.  

 

6. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан доор дурдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээгүй талаас нь дүгнээгүй байна. 

  

6.1. Нэхэмжлэгч “А-” ХХК нь “Б-” СӨХ 2016 оны 10 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сар хүртэл цэвэр, бохир усны төлбөрт 6,831,821 төгрөг, дулааны төлбөрт 24,468,242 төгрөг нийт 31,300,063 төгрөгийг төлөөгүй гэх үйл баримтыг хөдөлбөргүйгээр нотлохгүй байна. Нэхэмжлэгч талаас баримтаар гаргаж өгсөн, хэргийн 15-41 дэх талд авагдсан “тооцооны нэхэмжлэх” гэх баримтад нэхэмжлэгч байгууллагын өөрийнх нь санхүүгийн тэмдэг дарагдсан байх тул хариуцагч тал уг баримтыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээтэй баримт гэж дүгнэнэ. 

 

6.2. Харин талуудын хооронд байгуулагдсан гэрээний нэмэлт өөрчлөлт хэсгийн 8 дахь заалтад “өмнөх төлбөр тооцоог 5, 6, 7 дугаар сард 5 сая төгрөгөөр хуваан төлж барагдуулах. Дараах графикийн дагуу 5-р сард 5,0 сая, 6-р сард 5,0 сая, 7-р сард 5,0 сая” гэж тохиролцсноос дүгнэвэл хариуцагч нь авсан үйлчилгээг 15,0 сая төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан бөгөөд уг төлбөр нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар авсан үйлчилгээд хамаарна гэж дүгнэв.

 

6.3. Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 06 дугаар сарын 30-ын өдрийн 5/688 тоот албан бичигт “Харуул алтай” сууц өмчлөгчдийн холбоо нь 2018 оны 02 дугаар сараас 2018 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд хэрэглэсэн дундын эзэмшлийн халаалтын төлбөр, хэрэгцээний халуун ус халаасан дундын төлбөр, сууц өмчлөгчдийн холбооны оффисийн халаалтын төлбөрт хамаарах 7,635,292.6 төгрөгийг төлөх үндэслэлтэй” гэж дурдагдсан боловч эргэлзээгүйгээр тогтоогдсон үйл баримт гэж дүгнэхээргүй байна. Учир нь уг албан бичигт дурдагдсан үйл баримтыг цаг хугацааны хувьд талуудын хооронд байгуулагдсан хэлцлээр хариуцагч 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 15,0 сая төгрөгийн үйлчилгээний төлбөрийг хүлээн зөвшөөрсөн байдалтай харьцуулан дүгнэвэл албан бичигт дурдагдагдсан 7,635,292 төгрөгийн төлбөрийн аль хэсгийг гэрээ байгуулахаас өмнөх болон хойших хугацаанд хэрхэн  хуваарилан тооцох нь тодорхойгүй байна.

 

6.4. Түүнчлэн анхан шатны шүүх хариуцагч талыг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 49,447,2 төгрөг, 06 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 1,443,935.4 төгрөг, 06 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 1,396,340 төгрөг, 10 дугаар сард төлсөн 18,452.7 төгрөг буюу нийт 2,908,266.1 төгрөг төлсөн гэсэн дүгнэлт хийснийг буруутгахгүй боловч хариуцагчийн төлөх 15,000,000 төгрөгөөс хасч тооцох үндэслэлгүй. Уг төлбөрийг Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт зааснаар 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс хойшхи хугацаанд хамаарах төлбөрт тооцож хариуцагч төлсөн гэж дүгнэхээр байна.   

 

7. Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т тус тус зааснаар хариуцагч “Б-” СӨХ-ноос 15,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А-” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/00519 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “5,433,423.5 төгрөг, цэвэр, бохир усны төлбөрт 6,023,244.07 төгрөг, нийт 11,456,667.5 /арван нэгэн сая дөрвөн зуун тавин зургаан мянга зургаан зуун жаран долоон төгрөг таван мөнгө/” гэснийг “15,000,000” гэж, “19,843,395.5” гэснийг “16,300,063” гэж,

3 дахь заалтын “198,257 /нэг зуун ерэн найман мянга хоёр зуун тавин долоо/” гэснийг “232,950” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 160,800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчийн төлсөн 198,257 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ЗОЛЗАЯА

                                           

         ШҮҮГЧИД                                 Э.ЭНЭБИШ

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА