Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2023/01409

 

 

 

 

 

 

 

 

2023 03 20

101/ШШ2023/01409

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Э нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ц.Б холбогдох

 

3,215,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн 255,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Ц.Бтай 2021 оны 11 дүгээр сард түүний эзэмшлийн 0УАС улсын дугаартай, 2007 онд үйлдэрлэгдэж 2020 оны 8 дугаар сард Монголд импортлогдсон, хар өнгийн, 0арлын дугаартай, kia carnival маркийн авто машиныг 10,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон, тухайн үед машин Төрийн банкны өмчлөлд зээлийн гэрээний барьцаанд байсан бөгөөд нэхэмжлэгч өөрийн Хаан банкны 0 дугаартай харилцах данснаас хариуцагчийн Хаан банкны 0 дугаартай дансанд 3 удаагийн гүйлгээгээр 3,125,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнд: 2021 оны 11 дүгээр сарын 12-нд 2,500,000 төгрөгийг 0уас 88024485 гүйлгээний утгатай, 2021 оны 11 дүгээр сарын 30-нд 250,000 төгрөгийг 0уас энхтүвшин гүйлгээний утгатай, 2021 оны 12 дугаар сарын 27-нд 465,000 төгрөгийг 0уас энхтүвшин гүйлгээний утгатай тус тус шилжүүлсэн. Нэхэмжпэгчийг машин хүлээн авах үед автомашины өндөр даралтын нацос доголдолтой байсан учир 2021 оны 12 дугаар сарын сүүлчээр машиныг хариуцагчид хүлээлгэн өгч засварласны дараа авахаар тохиролцоод 2022 оны 02 дугаар сарын сүүлчээр уулзахад машиныг засварт өгсөн, гарахаар нь аваарай гэсэн учир хүлээсэн, гэтэл 2022 оны 4 дүгээр сард нэхэмжлэгч нь Авто тээврийн үндэсний төвийн мэдээллийн нэгдсэн сангаас арлын дугаараар шалгахад машины дугаар солигдож 0 БӨҮ дугаартай болсон байхаар нь хариуцагчид хэлтэл машиныг зарсан, би мөнгийг нь авахаар чиний мөнгийг өгнө гэж хэлээд одоо болтол өгөхгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн машин худалдан авахаар Ц.Бд шилжүүлсэн 3,215,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Ц.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Б миний бие 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Төрийн банкнаас 30 сарын хугацаатай 11,000,000 төгрөгийг 1 сарын 460,000 төгрөгийн хүүтэйгээр 0УАС улсын дугаартай 2007 үйлдвэрлэгдэж, 2020 оны 8 дугаар сард импортлогдсон хар өнгийн 0арлын дугаартай, kia carnival маркийн машиныг зээлээр авсан. 2021оны 11 дүгээр сарын 05-нд Б.Э эхнэрийн хамт ирж, өөрсдөө ямар нэгэн зээлийн шалгуур хангахгүй байгаа тул уг машины зээлийг үргэлжпүүлэн төлөх нөхцөлтэйгээр авах саналтай байгаагаа хэлсэн. Ц.Б миний бие 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр уг саналыг зөвшөөрч, машиныг банкны зээлийн нийт 23 сар буюу 9,100,000 төгрөгийн үлдэгдэлтэйгээр Б.Эд хүлээлгэн өгсөн. Үүнээс хойш Б.Э нь 11 дүгээр сарын банкны зээл болох 460,000 төгрөг төлөх ёстойгоос 250,000 төгрөг өгсөн. 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өөрийн найз болох Р.Гэр машиныг чирж гражид хүргүүлэн авчируулсан. Миний бие Б.Эгөөс учрыг асуухад Дорноговь аймгийн Замын-Үүд сум ороод буцаж Улаанбаатар явах үед Багахангай дүүргийн орчим машин унтарсан гэх тайлбар өгсөн. Ц.Б миний бие 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр уг машиныг чирүүлж Г ХХК-ийн засварын газарт оношилгоо хийлгэхэд Түлшний системийн гэмтэлээс үүдэлтэй моторын эвдрэл гарсан байна гэж оношилсон. Түүнээс утсаар ярих үед орон нутагт явна, санхүүгийн боломжгүй байна, удахгүй хот орж уулзана гэх зэрэг тайлбарыг удаа дараа өгсөн. 12 сарын банкны зээлийг хугацаа хэтрүүлж 465,000 төгрөг өгсөн. Уг нөхцөл байдлаас үүдэн иргэн Б.Э нь цаашид машин засварын болон банкны зээлийг төлж чадахгүй гэдэг нь тодорхой болсон. Энэ нөхцлөөс үүсэх үр дагавар нь гэр бүл болон надад дахин зээл авах эрхгүй болох асуудал үүссэн. Иймээс би өөрийн зардлаар машиныг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дахин Г ХХК-ийн засварын газарт чирүүлж хүргүүлэн засуулсан болно. Миний бие Б.Эгээс тээврийн хэрэгслийн гэрчилгээг удаа дараа нэхэхэд хаясан гээд өгөхгүй байсан. Энэ нь тээврийн хэрэгслийг зөөж тээвэрлэхэд хүндрэлтэй байдал үүсгэж байсан. Машины засварт шинэ порсунк 1 ширхэг худалдан авсан 400,000 төгрөг, 3 ширхэг порсунк засварлуулсан 450,000 төгрөг, өндөр даралтын аппарат солиулсан 300,000 төгрөг, түлшний гар насос 1 ширхэг худалдан авсан 90,000 төгрөг, түлшний 1 ширхэг шүүр худалдан авсан 250,000 төгрөг, дугуй 2 ширхэг худалдан авсан 150,000 төгрөг, моторын тос шинээр солиулсан 130,000 төгрөг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ 15,000 төгрөг, дулаан зогсоолын хөлс 100,000 төгрөг, авто чирэгч болон засварын хөлс 630,000 төгрөг, нийт засварын зардал иргэн Б.Эгийн нэхэмжилж буй мөнгөн дүнгээс илүү гарсан тул уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Хариуцагч Ц.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Ц.Б нь 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Төрийн банкнаас 30 сарын хугацаатай 11,000,000 төгрөгийг 1 сарын 460,000 төгрөгийн хүүтэйгээр 0УАС улсын дугаартай 2007 үйлдвэрлэгдэж, 2020 оны 8 дугаар сард импортлогдсон хар өнгийн 0арлын дугаартай, kia carnival маркийн машиныг зээлээр авсан. 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар 9,100,000 төгрөгийн үлдэгдэл байхад Б.Э нь зээлийг үргэлжлүүлэн төлөх нөхцөлтэйгээр авсан. Б.Э нь зээлийн эргэн төлөлт хийхгүй, Зам-Үүд явж ирээд Багахангай хавьд автомашиныг унтраагаад хаясан байсныг манай найз Р.Г чирч авчирсан. Уг зээлийн эргэн төлөлтөнд миний санаа зовоод төлөхгүйгээс үүсэх үр дагавар нь гэр бүлд болон надад дахин зээл авах эрхгүй болох юм. Тиймээс автомашиныг Эрч автосервист компьютер оношлогоонд оруулж, засварт оруулсан. Төлөгдөөгүй банкны зээлийн 2 сарын хүү болох 920,000 төгрөгийг төлсөн. Засварт шинэ порсунк 1 ширхэг худалдан авсан 400,000 төгрөг, 3 ширхэг порсунк засварлуулсан 450,000 төгрөг, өндөр даралтын аппарат 1 ширхэг 300,000 төгрөг, түлшний гар насос 1 ширхэг худалдан авсан 90,000 төгрөг, түлшний шүүр 1 ширхэг 250,000 төгрөг, дугуй 2 ширхэг 150,000 төгрөг, моторын тос шинээр солиулсан 130,000 төгрөг, оношилгоо 40,000 төгрөг, завсарын хөлс 500,000 төгрөг, авто чирэгч 90,000 төгрөг, дулаан зогсоол 20 хоног 100,000 төгрөг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ 15,000 төгрөг, нийт 3,475,000 төгрөгийн зардал гарсан. Б.Э амаар тохиролцож автомашин авчихаад зээлээ төлөхгүй эвдэж хаячихаад надаас мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

Иймд автомашиныг завсарласан нийт төлбөрөөс Б.Эгийн өгсөн 3,215,000 төгрөгийг хасч, нэхэмжлэгчээс 255,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгч Б.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Ц.Б нь банкны зээлийн барьцаанд байсан 0УАС улсын дугаартай, 2007 онд Япон улсад үйлдвэрлэсэн kia carnival маркийн автомашиныг зээлээр худалдах-худалдан авах хэлцлийг нэхэмжлэгч Б.Этэй хийж 2021 оны 11 дүгээр сарын 12-нд түүний эзэмшилд шилжүүлсэн үйл баримттай хэн аль нь маргаагүй. Харин нэхэмжлэгч машин доголдолтой байсан учир буцаасан гэж, хариуцагч нэхэмжлэгчийг машин эвдээд буцааж өгсөн гэж маргаж байгаа. Б.Эгийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан машин хүлээн авах үед автомашины өндөр даралтын нацос доголдолтой байсан гэх, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан 3. Өндөр даралтын аппарат 1 ширхэг 300,000 төгрөг, Ц.Бы Хаан банкны 0 тоот дансны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтын 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ө.д нацос гэсэн гүйлгээний утгатай 300,000 төгрөгийн зарлагын мэдээллээр машины өндөр даралтын нацос доголдолтой байсан нь нотлогдож байна. Өөрөөр хэлбэл машин хүлээн авсан цаг хугацаанд өндөр даралтын нацосыг хариуцагч худалдан авч байсан, энэ доголдлыг талууд мэдэж байсан боловч сольж тавьснаар хэвийн болсон гэж нэхэмжлэгч ойлгосон, гэтэл 2021 оны 12 дугаар сард машинаар хөдөө замд явах үед уг доголдол арилаагүй байсан учир хариуцагч энэхүү доголдлыг хүлээн зөвшөөрч машиныг өөрийн эзэмшилд буцаан авсан байна. Хэрэв хариуцагч доголдлыг арилгаад нэхэмжлэгчид мэдэгдсэн бол машиныг хүлээн авах байсан боловч доголдол арилгасан талаар огт мэдэгдээгүй, мөн машинаа зарсан талаараа ч нэхэмжлэгчид мэдэгдээгүй, нэхэмжлэгч өөрөө олж мэдсэн. Доголдол арилгахтай холбоотой зардлыг нэхэмжлэгчийг хариуц гэж мэдэгдэж байгаагүй, нэхэмжлэгчид мөнгийг нь буцааж өгнө, хүлээж бай гэдэг байсан.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хариуцагч доголдлыг арилгахтай холбогдсон зардлыг өөрөө хариуцах учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Эгийн иргэний үнэмлэхний лавлагаа, нэхэмжлэгчийн итгэмжлэл, Хаан банкны 0 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 0УАС улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй мэдээлэл, 101/ШЗ2022/29683 дугаартай шүүгчийн захирамж, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарыг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

Хариуцагчийн хариу тайлбар, Ц.Бы иргэний үнэмлэх, 0УАС улсын дугаартай автомашины гэрэл зургууд, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хаан банкны 0 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хариуцагчийн итгэмжлэл, Хангүг моторсын зарлагын баримт, Эрч автосервисийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ажлын хуудас, Авто эрхэтийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн нэхэмжлэх, 0УАС улсын дугаартай автомашины болон эд ангиудын гэрэл зургуудыг хариуцагч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

6. Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл болон хавсралтыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Ц.Бд холбогдуулан 3,215,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Хариуцагч Ц.Б нь нэхэмжлэгч Б.Эд холбогдуулан автомашиныг засварласан нийт төлбөрөөс Б.Эгийн өгсөн 3,215,000 төгрөгийг хасч, 255,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3а. Хариуцагч Ц.Б нь Төрийн банктай 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 30 сарын хугацаатай, 11,000,000 төгрөгийг, сарын зээлийн эргэн төлөлт нь 460,000 төгрөг байхаар зээлийн гэрээ байгуулж, 0УАС улсын дугаартай 2007 онд үйлдвэрлэгдэж, 2020 оны 8 дугаар сарын 09-ний өдөр импортлогдсон хар өнгийн 0арлын дугаартай, kia carnival маркийн машиныг зээлээр авч, мөн өдрөө уг автомашины эзэмших эрх Төрийн банк ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн, машиныг бодитоор хариуцагч өөрөө эзэмшиж байсан болох нь зохигчдын тайлбар, 0 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байна.

 

3б. Б.Э, Ц.Б нар 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр дээрх Ц.Бы Төрийн банкнаас авсан зээлийг үргэлжлүүлэн төлж дуусгахаар, зээлийг төлж дууссаны дараа автомашины эзэмших эрхийг Б.Эд шилжүүлэхээр, тухайн үед зээлийн үлдэгдэл нь 9,100,000 төгрөг байсан ба талууд 10,000,000 төгрөгөөр машиныг худалдахаар харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Ц.Б нь 0УАС улсын дугаартай автомашиныг Б.Эд хүлээлгэн өгсөн ба ийнхүү хүлээлгэн өгөх үед автомашины өндөр даралтын насос доголдолтой байсны улмаас Ц.Б нь өөрийн 0 тоот данснаас 0 тоот дансанд ө.д.насос гэсэн утгаар 300,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шилжүүлж, Б.Э нь машиныг унаж хөдөөний замд явж байгаад машин эвдэрч, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өөрийн найзаар Ц.Бд хүргүүлсэн байна.

 

3в. Б.Э нь өөрийн 0 тоот данснаас Ц.Бы 0 тоот дансанд 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 2,500,000 төгрөг, 11 дүгээр сарын 30-ны өдөр 250,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 465,000 төгрөг, нийт 3,215,000 төгрөгийг машины төлбөрт шилжүүлсэн болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж тус тус зааснаар автомашин худалдах-худалдах авах гэрээ байгуулсанд тооцох үндэслэлтэй байна.

 

4. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл худалдагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэхээр заасан, зохигчид автомашиныг анх болон дараа нь хэн хэндээ хүлээлгэн өгөхдөө ямар ч баримт үйлдээгүй боловч автомашины өндөр даралтын насос доголдолтой байсан болохыг хүлээн зөвшөөрч, доголдлыг арилгах арга хэмжээ авсан буюу насосын төлбөрийг шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-д Худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй гэж зааснаар автомашиныг худалдах үед доголдолтой байсныг тухайн үед засварласан байх боловч Б.Э нь автомашинтай хөдөөний замд явж байхад машин асахаа больж, улмаар Ц.Бд мэдэгдэхэд тэрээр автомашиныг засварлуулахаар буцаан авсан нь худалдсан автомашин доголдолтой байсныг анхнаасаа хүлээн зөвшөөрч, доголдлыг арилгахаар авсан гэж үзэх үндэслэлтэй.

 

5. Нэхэмжлэгч Б.Э нь автомашиныг хүлээн авснаас хойш автомашинд өөр эвдрэл гэмтэл нэмэгдэж, түүнийг засварлах талаар Ц.Б нь Б.Эд мэдэгдээгүй, улмаар Ц.Б нь автомашиныг нэхэмжлэгч Б.Эгээс хүлээн авснаас хойш Төрийн банктай байгуулсан зээлийн гэрээний үүргээ дуусгавар болгож, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр автомашины эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж, тухайн машиныг цааш нь бусдад худалдсан болох нь зохигчдын тайлбар, 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр зохигчдын фэйсбүүк мессенжэр хаягаар 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд харилцсан мессежэнд хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

 

6. Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж зааснаар зохигчид нь автомашин худалдах-худалдан авах гэрээгээ автомашины доголдолтой холбогдуулан цуцалсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд худалдагч Ц.Б нь худалдан авагч Б.Эд учирсан хохирол болох гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 3,215,000 төгрөгийг түүнд буцаан төлөх үүрэгтэй байна.

 

7. Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.2-т Энэ хуулийн 253.1-д зааснаар доголдлыг арилгахтай холбогдсон /ачих, тээвэрлэх, гүйцэтгэсэн ажлын хөлс, зарцуулсан материалын үнэ гэх мэт/ зардлыг худалдагч хариуцна гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Б.Э нь машиныг авч явснаас хойш тухайн автомашинд шинээр эвдрэл үүсч, үүний улмаас машиныг засварлах шаардлагатай болж, ийнхүү засварлахтай холбоотой зардал гарсан гэж хариуцагч Ц.Б нь зөрүү төлбөрийг нэхэмжилж байх боловч дээрх хуулийн зохицуулалтын дагуу өөрийн автомашины доголдлыг арилгахтай холбогдсон зардлыг худалдагч өөрөө хариуцахаар байна.

 

Мөн Б.Э нь машиныг авч явснаас хойш тухайн автомашинд шинээр эвдрэл үүссэн гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

7а. Нөгөөтэйгүүр 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбараас үзэхэд ... би өөрийн зардлаар машиныг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дахин Г ХХК-ийн засварын газарт чирүүлж хүргүүлэн засуулсан болно гэсэн байх боловч уг засварын газарт оношлуулан, улмаар засуулсантай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй.

 

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн М ХХК-ийн Эрч авто сервисийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Ажлын хуудас гэх баримтаас үзэхэд дээрх цаг хугацаатай тохирохгүй, мөн ямар нэгэн тамга тэмдэг дарагдаагүй байна.

 

7б. Ц.Б нь автомашиныг хүлээн авсантай холбоотойгоор шинэ порсунк 1 ширхэг худалдан авсан 400,000 төгрөг, 3 ширхэг порсунк засварлуулсан 450,000 төгрөг, өндөр даралтын аппарат 1 ширхэг 300,000 төгрөг, түлшний гар насос 1 ширхэг худалдан авсан 90,000 төгрөг, түлшний шүүр 1 ширхэг 250,000 төгрөг, дугуй 2 ширхэг 150,000 төгрөг, моторын тос шинээр солиулсан 130,000 төгрөг, оношилгоо 40,000 төгрөг, завсарын хөлс 500,000 төгрөг, авто чирэгч 90,000 төгрөг, дулаан зогсоол 20 хоног 100,000 төгрөг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ 15,000 төгрөг, нийт 3,475,000 төгрөгийн зардал гарсан гэх боловч энэхүү сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, автомашины эвдрэлтэй холбоотой шүүхэд ирүүлсэн баримтууд нь огноогүй, тамга, тэмдэг дарагдаагүй зэргээр нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх үндэслэлгүй байна.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66,390 төгрөг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлдээ урьдчилсан төлсөн 8300 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Баас нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 66,390 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Эд олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Ц.Баас 3,215,000 /гурван сая хоёр зуун арван таван мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Эд олгосугай.

 

2. Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.2-т зааснаар хариуцагч Ц.Бы нэхэмжлэгч Б.Эд холбогдуулан гаргасан 255,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66,390 төгрөг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлдээ урьдчилсан төлсөн 8300 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Баас улсын тэмдэгтийн хураамжид 66,390 /жаран зургаан мянга гурван зуун ер/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Эд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШЗ2023/02623 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ