Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01027

 

Э-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/01409 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э-гийн хариуцагч Б-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 3,215,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, доголдлыг арилгахад гарсан зардалд 255,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Э- нь хариуцагч Б-тай 2021 оны 11 дүгээр сард түүний эзэмшлийн 64-11 УАС улсын дугаартай, киа карнивал маркийн авто машиныг 10,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Тухайн үед автомашин Төрийн банк-ны өмчлөлд зээлийн гэрээний барьцаанд байсан бөгөөд нэхэмжлэгч нь 3 удаагийн гүйлгээгээр нийт 3,125,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн. Автомашиныг хүлээн авах үед өндөр даралтын насос доголдолтой байсан учир 2021 оны 12 сарын сүүлчээр автомашиныг хариуцагчид хүлээлгэн өгч, засварласны дараа авахаар тохиролцсон. Гэвч хариуцагч нь автомашиныг өөр хүнд зарсан байсан тул Б-д шилжүүлсэн 3,215,000 төгрөгийг түүнээс гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Төрийн банк-аас 30 сарын хугацаатай, 11,000,000 төгрөг зээлж, 64-11 УАС улсын дугаартай, суудлын автомашиныг зээлээр авсан. 2021 оны 11 дүгээр сарын 05-нд Э- нь дээрх зээлийг үргэлжпүүлэн төлөх нөхцөлтэйгээр авах санал тавьсан тул банкны зээлийг нийт 9,100,000 төгрөгийн үлдэгдэлтэйгээр Э-д хүлээлгэн өгсөн. Үүнээс хойш Э- нь 250,000 төгрөг төлсөн. 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр автомашиныг гараашт авч ирсэн бөгөөд оношилгоо хийлгэхэд түлшний системийн гэмтлээс үүдэлтэй моторын эвдрэл гарсан байна гэж оношилсон. Э- нь цаашид машины засварын болон банкны зээлийг төлж чадахгүй нь тодорхой болсон тул би өөрийн зардлаар машиныг засварлуулсан. Шинэ порсунк 400,000 төгрөг, 3 ширхэг порсунк засварлуулсан 450,000 төгрөг, өндөр даралтын аппарат 300,000 төгрөг, түлшний гар насос 90,000 төгрөг, түлшний шүүр 250,000 төгрөг, дугуй 2 ширхэг 150,000 төгрөг, моторын тос шинээр солиулахад 130,000 төгрөг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ 15,000 төгрөг, дулаан зогсоолын хөлс 100,000 төгрөг, авто чирэгч болон засварын хөлс 630,000 төгрөг, нийт засварын зардал Э-гийн нэхэмжилж буй мөнгөн дүнгээс илүү гарсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Автомашины засварт шинэ порсунк 400,000 төгрөг, 3 ширхэг порсунк засварлуулсан 450,000 төгрөг, өндөр даралтын аппарат 300,000 төгрөг, түлшний гар насос 90,000 төгрөг, түлшний шүүр 250,000 төгрөг, дугуй 2 ширхэг 150,000 төгрөг, моторын тос шинээр солиулсан 130,000 төгрөг, оношилгоо 40,000 төгрөг, завсарын хөлс 500,000 төгрөг, авто чирэгч 90,000 төгрөг, дулаан зогсоол 20 хоног 100,000 төгрөг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ 15,000 төгрөг, нийт 3,475,000 төгрөгийн зардал гарсан. Иймд автомашиныг завсарласан нийт төлбөрөөс Э-гийн өгсөн 3,215,000 төгрөгийг хасч, нэхэмжлэгчээс 255,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: Өндөр даралтын насос доголдолтой байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл автомашин хүлээн авсан цаг хугацаанд өндөр даралтын насосыг хариуцагч худалдан авч байсан, энэ доголдлыг талууд мэдэж байсан боловч сольж тавьснаар хэвийн болсон гэж нэхэмжлэгч ойлгосон. Гэтэл 2021 оны 12 сард автомашинаар хөдөө замд явах үед уг доголдол арилаагүй байсан учир хариуцагч энэхүү доголдлыг хүлээн зөвшөөрч автомашиныг өөрийн эзэмшилд буцаан авсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б-аас 3,215,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э-д олгож, Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.2-т зааснаар хариуцагч Б-ы нэхэмжлэгч Э-д холбогдуулан гаргасан 255,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,390 төгрөг болон хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 8,300 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 66,390 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

6.Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Э-гийн нэхэмжлэлтэй, Б-д холбогдох 3,215,000 төгрөг гаргуулах тухайн үндсэн нэхэмжлэлтэй хэргийг шүүсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах шатны шүүхэд хандаж байна. Учир нь нэхэмжлэгч тал хариуцагч хоёрын хоорондын зээлийн гэрээг худалдах, худалдан авах гэрээний заалтаар сайн нягталж шалгалгүйгээр шийдвэр гаргасан тул гомдолтой байна гэжээ.

7.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Э- нь хариуцагч Б-д холбогдуулан гэрээнээс татгалзаж 3,215,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч доголдлыг арилгахад гарсан зардалд 255,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4.Хариуцагч Б- нь Төрийн банк ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр зээл болон фидуцийн гэрээ байгуулан, 11,000,000 төгрөгийг, 30 сарын хугацаатай зээлж, хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон 64-11 УАС улсын дугаартай, автомашиныг Төрийн банк ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримтын талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4.а.Улмаар зохигч 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хариуцагч Б- нь 64-11 УАС улсын дугаартай автомашиныг 10,000,000 төгрөгөөр худалдах, нэхэмжлэгч Э- нь Төрийн банк ХХК дахь зээлийг үргэлжлүүлэн төлж, автомашиныг хүлээн авахаар тохиролцсон болох нь талуудын тайлбараар тогтоогдсон байна. Нэхэмжлэгч Э- нь хариуцагч Б-д 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 2,500,000 төгрөг, 11 дүгээр сарын 30-ны өдөр 250,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 465,000 төгрөг, нийт 3,215,000 төгрөгийг шилжүүлж, 64-11 УАС улсын дугаартай автомашины эзэмших эрхийг шилжүүлэн авчээ. /хх-ийн 5-7-р тал/

 

4.б.Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийг амаар буюу бичгээр байгуулж болох бөгөөд зохигчид автомашин худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулсан гэж үзэх үндэслэлтэй. Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь зөв байна.

 

 4.в.Автомашиныг хүлээлгэн өгөх үед өндөр даралтын насос доголдолтой байсныг хариуцагч Б- нь засварлаж өгсөн, тэрээр нэхэмжлэгч Э- нь автомашиныг орон нутгийн замд унаж явах үед дахин эвдэрсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах хүсэл зоригийг илэрхийлсэн үйл баримт тогтоогджээ.

 

4.г.Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээдэг, гэрээний зүйл болох автоамшины доголдлын улмаас талууд гэрээнээс татгалзаж, хариуцагч Б- нь автомашиныг буцаан авсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э- нь автомашины төлбөрт төлсөн 3,215,000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй.

 

4.д.Хариуцагч Б- нь дээрх төлбөрийг нэхэмжлэгч Э-д буцаан төлөхөө илэрхийлсэн болох нь фэйсбүүкийн чат, түүнд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогджээ. /хх-ийн 79-86-р тал/. Иймд хариуцагч Б-аас 3,215,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э-д олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

 

5.Хариуцагч татгалзалдаа доголдлыг арилгахад гарсан зардал нь нэхэмжлэлээр шаардсан үнийн дүнгээс илүү гарсан гэж тайлбарласан боловч хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтууд нь огноогүй, цаг хугацааны хувьд зөрүүтэй, тамга, тэмдэггүй байхаас гадна автомашинд үүссэн гэх доголдлыг нэхэмжлэгч Э- учруулсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

5.а.Доголдлыг арилгахад гарсан зардалд 255,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй бөгөөд энэ талаар хариуцагч тал гомдол гаргаагүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Б-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч, түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн байх тул иргэний эрх зүйн диспозитив зарчмын хүрээнд гомдол гаргаагүй асуудлаар дүгнэлт хийхгүй болно.

6.Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь давж заалдах гомдолдоо талууд зээлийн гэрээг худалдах, худалдан авах гэрээгээр сольсон нөхцөл байдлыг шүүх анхаараагүй гэх агуулгыг заажээ. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмын хүрээнд талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан хэдий ч Төрийн банк ХХК, хариуцагч Б- нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг нэхэмжлэгч Э-д шилжсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй тул энэ талаарх хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/01409 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,390 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Г.ДАВААДОРЖ