Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 1155

 

 

 

 

 

 

 

 

 

 “Эр” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/00778 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Эр” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “П.. индастри” ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 211 665 300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Даваасүрэн,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батхуяг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тэгшмандал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эр” ХХК нь 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “П.. индастри” ХХК-тай бараа материал нийлүүлэх 32/2014/140 тоот гэрээг байгуулсан.

Уг гэрээний зорилго нь “Эр” ХХК-ийн барьж байгаа Эрин хотхоны орон сууцны барилгын гадна хана фасадны гоёлын чулуут зуурмаг /эмульс/, бусад дагалдах материалыг нийлүүлэхээр харилцан тохиролцсон.

Улмаар 2014 оны 9 дүгээр сараас эхлэн бараа материалыг нийлүүлсэн бөгөөд 273 505 900 төгрөгийн үнэ бүхий гэрээ хийж төлбөр тооцоог бүрэн барагдуулсан. Гэрээ байгуулах үед хариуцагч компанийн зүгээс чулуут зуурмаг /эмульс/-ийг маш удаан хугацаанд өнгө алдахгүй гэдгийг илэрхийлж байсан нь гэрээ байгуулах үндсэн нөхцөл болсон.

“П.. индастри” ХХК нь Солонгос улсаас шинэ бүтээгдэхүүн оруулж ирэн дотооддоо үйлдвэрлэн найруулж хэрэглэгчдэд зардаг болсонтой холбогдуулан энэ бүтээгдэхүүний гурван гол давуу талыг удаан хугацаанд өнгөө алдахгүй, хурдан хаталттай, байгалийн чулуут эмульс гэж хэлсэн тул гоёлын чулуут эмульс гэдэг утгаар нь сонгож авсан. Гоёлын чулуут эмульс нь дотроо байгалийн том бүхэллэг чулуутай, шпатлаар татаж хэрэглэхэд босоо судлан зураас гардаг бүтээгдэхүүн.

“П.. индастри” ХХК-аас ямар нэгэн танилцуулга, зааварчилга ирээгүй бөгөөд гадна фасадад хэрэглэх эмульс нь ашиглах технологийн хувьд тодорхой байдаг тул шпатлаар татаж үзэхэд босоо судал нь гараагүй тул 2014 оны 9 дүгээр сард “П.. индастри” ХХК-ийн захиралтай очиж уулзахад “та нар хүссэнээрээ хэрэглэ, шпатлаар татна уу, шүршинэ үү, энэ бол та нарын өөрсдийн асуудал” гэж хэлсэн.

Улмаар бидний хүсээд байсан цагаан судал гараагүй тул шпатлаар татах биш, бараа бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэхэд хугацаа алдаж байсан учир шууд шүршиж хэрэглэсэн. Бараа материал бэлтгэн нийлүүлэх хугацаа алдагдаж 11 дүгээр сарын үед хийж эхэлсэн. Хүйтний улирал эхлэхтэй холбоотойгоор шингэн ФС107 нь агаарын температураас хамаараад хэрэглэх боломжгүй, усан суурьтай тул хөлдөж эхэлсэн.

Хариуцагч байгууллагаас хүйтний улиралд хэрэглэж болохгүй гэсэн анхны санамжийг өгөх үед бид барилгын ажлын бүрэн зогсоогоод Эрин хороололд баригдаж байсан 4 блок барилгын 3 барилгын гадна фасадыг будсан байсан учир 4 дэх барилгын фасадыг чулуут эмульсээр хийхээ болиод шингэн эмульсээр хийсэн. Ер нь ФС107 гэдэг бол өөрөө тодорхой найрлагын хүрээнд гарч ирдэг өнгөний код бөгөөд энэ өнгөний кодоор шингэн эмульсийг гаргуулахаар очсон, төлбөрийг шилжүүлсэн баримт хэрэгт байгаа. Улмаар чулуут эмульсээр хийж байсан ажлаа бүрэн зогсоож шингэн эмульсээр 1 барилгын гадна фасадыг будсан бөгөөд 2015 оны 4 дүгээр сард байраа улсын комисст хүлээлгэн өгсөн.

Улсын комисст хүлээлгэн өгсөний дараа 2015 оны намраас Эрин хорооллын нэгдүгээр ээлжийн гадна фасад өнгөө алдаж, улбар шар гэгээлэг өнгө нь цайж цагаан туяатай болж 2016 онд үндсэн өнгө байхгүй цементэн барилгын өнгөтэй болж эхэлсэн тул “П.. индастри” ХХК-д албан болон албан бусаар хандахад хариуцагч компани танайх шпатлаар татах ёстой байсан юмыг шүршээд хийсэн гэх асуудал ярьж, бид бодит нөхцөл байдлыг газар дээр нь ирж танилцах байх гэж байтал 2017 оны 08 дугаар сарын 24-ний 146 тоот албан бичгээр гандалт гэхээсээ илүү бохирдолт гэх тайлбарыг өгч гэрээний 5.4-д заасан захиалагчаас чанар болон стандартын талаар гомдол гаргавал шинээр сольж өгөх буюу захиалагчтай харилцан тохиролцож шийдвэрлэх үүргээ биелүүлэхээс татгалзсан.

Тухайн үед эрин хорооллын байрнууд борлуулагдаж дуусаагүй байсан учир оршин суугчид "энэ байр яагаад ийм богино хугацаанд өнгөө алдчихав" гэсэн гомдол гаргаж, шинээр байр сонирхож байгаа хүмүүс танайх богино хугацаанд өнгөө алдчихлаа, чанаргүй гэх байдлаар хандаж байсан тул хариуцагч компанитай цаашдын хамтын ажиллагааны хүрээнд шалтгаан нөхцөлийг эрэлхийлж 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр “П.. индастри” ХХК-д "Эрин хорооллын гадна фасаданд ашигласан чулуут эмульс өнгөө алдаж байна. Өнгө хувиралтыг зогсох байх гэсэн боловч улам бүр гандаад байгаа учир та бүхэн бодит нөхцөлтэй ирж танилцаач" гэсэн утгатай албан бичиг өгөхөд “танайх шпатлаар татаж хийх ёстой байсан, мөн 0 градуст хийх ёстой байсан, та нар хүйтэнд хийсэн байж магадгүй” гэх хариуг ирүүлсэн.

Хариуцагч компани нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийг хэрхэн хэрэглэх талаар заавар өгөөгүй бөгөөд ямар нэгэн байдлаар доголдолтой, дотоодод үйлдвэрлэх явцдаа чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлсэн.

Эрин хотхоны гадна фасадны өнгө хувирч компанийн борлуулалтад ихээхэн сөргөөр нөлөөлсөн тул бид 7 сард Эрин хорооллын 53-6, 53-7, 53-8 дугаар байрнуудын гадна фасадыг сэргээн завсарлаж будаж, доголдлыг арилгахтай холбогдуулан гарсан зардал болох 152 358 830 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Барилгын ажлыг гүйцэтгэсэн “Өндөр констракшн” ХХК, “Хабул констракш” ХХК, “Сариг хайрхан” ХХК гэх гурван компани нь гоёлын фасадны чулуут өнгөлгөөг зөвхөн ханан дээр будах ажлыг хийж гүйцэтгэсэн.

Шинжээч дүгнэлт гаргахдаа нэг ч удаа тайлбар аваагүй, газар дээр нь ирээгүй гэрчийн мэдүүлэгт дүгнэлт хийсэн байдлаар дүгнэлт гарсан гэж үзэж байна.

Бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд бичигдсэн гадна фасадны ашиглалттай холбоотой, энэ бүтээгдэхүүнийг хэрэглэхэд Монголд ямар нэгэн стандарт байхгүй гэдэг нь тогтоогдсон. Мөн шүршиж хийх үү, шпатлаар татаж хийх үү гэдэгт будаг болон байгалийн чулуу хоёрын цавууны байдал, өнгөнд өөрчлөлт орохгүй гэдэг нь тогтоогдсон. Цаг агаарын температурын дундажийг шалгаж үзсэн. Ажиллах үеийн температур нь 5 градус биш 0 градус гэсэн ойлголт өгч байсан. Гэтэл хүйтэнд хийсэн бол дулаанд хийгдсэн бүх өнгө өнгөө хувиргахгүй байх ёстой байтал хүйтэнд хийсэнтэй ялгаагүй бүгд өнгө нь хувирсан.

Технологийн горим, дулааны хэм зөрчсөн асуудал бодит байдал дээр баримтуудаар үгүйсгэгдэж байгаа, доголдолтой бүтээгдэхүүн нийлүүлсэн тул хариуцагчийн татгалзлыг зөвшөөрөхгүй доголдлыг арилгахад гаргасан зардлыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 27-ны хооронд нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнтэй холбоотой доголдлын талаар нэхэмжлэл гаргасан.

Гэтэл 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр маш сайн ажиллаа гэж өргөмжлөл хүртэл өгч байсан, 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн мэдэгдэлдээ чанар, өнгө хувирчихлаа үүнийгээ засаж сольж өгөөч гэсэн.

Энэ мэдэгдлийн дагуу бид нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн болон бүхий л зүйлүүд дээр дүн шинжилгээ хийж, очиж үзэхэд биднээс авсан бараа материалуудыг хүйтэн орчинд хэрэглэх заавар, журмыг зөрчиж хийснээс болж өнгө хувирч, хөлдсөн нөхцөл байдал бий болсон.

Энэ талаар 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 146 дугаартай хариу мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд татаж авсан бараа материалуудыг 10, 11 дүгээр саруудад хасах хэмтэй байхад хэрэглэснээс болж бүтээгдэхүүний цавуулаг чанар алдагдаж мөн чанарт өөрчлөлт орсон нь харагдаж байна.

Гэрч н.Сосорбарам нь гадна фасадны ажлыг “Өндөр констракшн” ХХК 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс эхэлж хийж гүйцэтгэж, дараа нь “Хабул констракшн” ХХК 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш гүйцэтгэсэн талаар мэдүүлсэн.

 Энэ 2 компанийн хийж гүйцэтгэсэн ажилд гологдол үүссэн асуудалд тухайн компаниудаас шаардах эрхтэй. Бараа бүтээгдэхүүнийг шилжүүлээд өгсөн худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн учир” П.. индастри” ХХК-аас шаардах эрхгүй.

Хэрвээ нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн доголдолтой байсан гэж байгаа бол Иргэний хуульд зааснаар 6 сарын дотор шаардах эрхтэй байсан. Бараа материал нийлүүлэх 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн гэрээнд ямар нэгэн баталгаа гаргаагүй, мөн энэ бараа бүтээгдэхүүнийг ийм хугацаанд өнгөө алдахгүй, ийм хугацаанд батлан дааж асуудлыг шийдвэрлэнэ гэсэн ямар ч тохиролцоо байхгүй.

Бидний хоорондын тохиролцоогоор 82 050 000 төгрөгт байр авсан, үлдсэн төлбөрийг тодорхой графикийн дагуу төлж төлбөр тооцоо дууссан. Гэрээний хугацаанд нэхэмжлэгчийн хүссэнээр захиалгын хэмжээ нэмэгдэж төлбөр тооцоо хийгдсэн.

Энэ өнгө хувирсан нь чанартай бүтээгдэхүүн эсэх талаар 2 удаа шинжээч томилогдож, дүгнэлт гаргасан ба цаг хугацаа болоогүй хүйтэн сэрүүн улиралтай байхад ажил хийж гүйцэтгэсэн, стандарт нь нэмэх 5 хэм байх ёстой гэж тогтоосон.

Өдрийн 0,3 хэм, шөнийн хасах 15,7 хэмд 41 өдрийн турш ажилласан гэдэг нь тогтоогдсон.

Н.Сосорбарам өөрөө материалыг сонгож авсан, чулуут өнгөлгөөг татаж хийгдээгүй шүршиж хийсэн, “Өндөр констракшн” ХХК, “Хабул констракш” ХХК-д зааварчилгаа өгч байсан гэж мэдүүлэг өгсөн.

“Эр” ХХК нь “П.. индастри” ХХК-аас биет байдал болон эрхийн доголдолгүй стандартын шаардлагыг бүрэн хангасан чанартай чулуут зуурмагийг дагалдах баримт бичиг чанарын сертификат хүлээн авч бэлтгэн нийлүүлэгчтэй төлбөр тооцоог хийж дуусган бараа материалыг хүлээж авснаас хойших эрсдэлийг хариуцах ёстой. Гэрээний 5.4-т зааснаар стандартын шаардлага хангасан материалыг нийлүүлэх үүргээ “П.. индастри” ХХК биелүүлж ажилласан. Шинжээч нар дүгнэлт гаргахдаа нэхэмжлэгч болон хариуцагч нарын аль аль талынхан тайлбарыг авч байсан.

Гадна талын дулаалга болон өнгөлгөөний бүтээгдэхүүнийг яаж хэрэглэх талаар заавар журмуудыг гаргаж өгсөн.

Бараа бүтээгдэхүүнийг дагалдах бичиг баримтгүй худалдана гэж байхгүй. Нийлүүлсэн барааны сав дээрээ бичигдсэн байгаа. Дахин шинжээч томилох асуудал дээр гомдол гаргаагүй учир шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгосон.

Хасах хэм хүйтэн нөхцөлд хийсэн талаараа нэхэмжлэгч өөрөө зөвшөөрсөн, шинжээч нар тогтоогоод өгсөн учир гэрч, шинжээч нарыг шүүх хуралдаанд асуулгах хүсэлт гаргаагүй Гэрээний 5.1 дэх хэсэгт зааснаар бараа материалууд чанарын шаардлага хангахгүй байна, сольж өг гэх шаардлагыг тухайн үед нь тавих боломж байсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6-д заасныг баримтлан хариуцагч “П.. индастри” ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн бараа материалын доголдлыг арилгахад гарсан зардалд 152 358 830 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Эр” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын 59 306 470 төгрөгийн хэсгээр татгалзсан болохыг дурдаж,

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 216 300 төгрөгийн 919 744 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас 296 556 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Эр” ХХК-д олгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг баримтлан 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн зардлыг хариуцагч “П.. индастри” ХХК нь Барилгын төсөв, хөрөнгийн үнэлгээний компанид төлсөн болохыг дурдаж, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн зардал 6 467 460 төгрөгийг нэхэмжлэгч “Эр” ХХК-иас гаргуулж Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоонд нөхөн төлүүлж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Шүүх маргааны үйл баримтыг бүрэн тодорхойлоогүй төдийгүй хэргийг шударгаар шийдвэрлэлгүй хэт нэг талыг барьж хууль бус шийдвэр гаргасан.

“П.. индастри” ХХК нь манай компанид Эрин хорооллын гадна фасадны чулуут өнгөлгөөг бэлтгэн нийлүүлсэн бөгөөд урт удаан хугацаанд өнгөө алдахгүй хэмээн баталж байсан. Гэтэл тухайн чулуут өнгөлгөө өнгө үзэмжээ алдаж, улбар шар байсан нь саарал болж хувирсан. Бид энэхүү доголдлыг арилгахыг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч арга хэмжээ авахгүй байсан тул өөрсдөө доголдлыг арилгаж өнгийг сэргээн засварласан бөгөөд энэхүү зардлаа хариуцагчаас нэхэмжилсэн.

Байгалийн чулуут эмульс авах болсон шалтгаан нь ч манай орны уур амьсгалд тохирсон, агаарын бохирдол болоод 4 улирлын цаг уурын өөрчлөлтөд гандах болон бусад байдлаар өнгөө алдахгүй гэж танилцуулж байсантай шууд холбоотой

Тухайн чулуут эмульсийг хэрэглэхтэй холбогдуулан бүтээгдэхүүн хэрэглэх заавар. стандартуудыг алийг нь ч тухайн үед гаргаж өгч байгаагүй бөгөөд хариуцагч “П.. Индастри” ХХК нь Иргэний хуульд заасан худалдагч нь худалдан авагчид эд хөрөнгийн бүрэн мэдээллийг өгөх үүрэгтэй гэснийг зөрчсөн байхад шүүх анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн.

Хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч бүтээгдэхүүн хэрэглэх технологийн зааврыг зөрчиж хийсэн, шпатлаар татаж хэрэглэх зориулалттай бүтээгдэхүүнийг шүршиж хийн тоос шороо бохирдол тогтох үндэслэлийг бий болгосон учраас өнгөний хувирал болон бохирдол үүссэн гэж маргадаг.

Гэтэл хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн тус бүтээгдэхүүний танилцуулга болон каталогит тухайн эмульсийг шүрших болон шпателиар татах аргын аль алийг ашиглаж болох талаар тодорхой тусгагдсан байдаг.

Мөн энэхүү маргаанд тухайн ажиллах үеийн агаарын хэмтэй холбоотой үйл баримтыг тодруулах шаардлагатай байсан. Гадна агаарын хэм өнгө хувиралтад нөлөөлсөн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. 2014 оны 11 дүгээр сар хүртэл ажиллах үеийн агаарын хэм нэмэх 5 градусаас дээш дулаан байсан. Хэрэв хасах хэмд хийснээс өнгө хувирсан гэж үзвэл 2014 оны 11 дүгээр сар хүртэл хийсэн гадна фасадны өнгө хувирахгүй байсан.

Мөн гадна өнгөлгөөний зарим хэсгийг хасах хэмд хийх болсон шалтгаан нь хариуцагч гэрээний үндсэн үүргээ зөрчсөн буюу бүтээгдэхүүнийг хугацаандаа нийлүүлээгүйтэй шууд холбоотой байхад шүүх үүнийг өөр асуудлаар далдалж шаардлага гаргаагүй хэмээн үндэслэлгүйгээр дүгнэсэн.

Хариуцагч байгууллага нийлүүлэлтээ 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг дуустал хийж байсан нь бүтээгдэхүүний талаарх тодорхой мэдээллийг өгөөгүй, тухайн үед чулуут эмульсийг ашиглаж болно гэдгийг бодит үйлдлээрээ илэрхийлж байсныг тодорхой харуулна.

Анхан шатны шүүх хариуцагчийн нийлүүлсэн биет байдлыг доголдолтой бараа, гэрээнд баталгаат хугацаа заагаагүй, тиймээс худалдан авагчид тухайн барааны эрсдэл шилжсэн учир нэхэмжлэл гаргах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Учир нь худалдагч худалдан авагчид биет байдлын болон чанарыг доголдолгүй барааг нийлүүлэх үндсэн үүрэгтэй төдийгүй гэрээний зүйл болох чулуут эмульсийн хэрэглээний шинж чанартай уялдуулан хууль хэрэглэх, өөр хуульд заасан ойлголтыг харьцуулсан авч үзсэнгүй. Чулуут эмульс бол ердийн ахуйн хэрэглээний материал биш бөгөөд барилгын материал юм.

Барилгын тухай хуульд үйлдвэрлэсэн барилгын материал, бүтээгдэхүүнийхээ чанарт баталгаа өгөх гэж заасан бөгөөд үүнийг зөрчиж байгаад шүүх дүгнэлт хийгээгүй. Мөн хуульд барилгын бүх төрлийн гадна, дотор заслын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна гэж заасан.

Гэтэл худалдагчийн нийлүүлсэн бараа 1 жил 3 сарын дараагаас өнгөний өөрчлөлт нь 50 хувь хүртэл өөрчлөгдсөн байдаг. Шүүх энэ талаар анхаарч үзэлгүй хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан.

Худалдагч тал үндсэн үүрэг болох чанар стандартад нийцсэн бараа нийлүүлэх үүргээ биелүүлээгүй, баталгаат хугацаа тохироогүй гэх үндсэн үүргийн зөрчлийг шүүх зөвхөн баталгаат хугацаагаар шаардах эрхээ алдсан гэж үзэж байгаа нь шударга бус болсон.

Шүүх гэрээний гол зүйлийн агуулга, онцлогийг бодитойгоор тогтоолгүй 6 сарын баталгаат хугацаатай байна гэж үзсэн нь үндэслэлгүй, 6 сарын хугацаанд эмульсийн өнгө алдсан эсэх талаар үнэлэлт өгөхдөө нэхэмжлэгч 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагч талд өгсөн талархлын бичгээр нотолж байгаа үндэслэлгүй бодитой дүгнэж чадсангүй гэж үзэж байна. Мөн 2 удаа шинжээч томилоход аль ч шинжээч нь тухайн материалын доголдлын талаар бодитой зүйл хэлээгүй зөвхөн Монгол улсад стандарт байхгүй гэсэн хариуг өгсөн байхад талархлын бичгээр нотлогдож байна гэсэн нь шүүгч хэргийг хуулийн хүрээнд үндэслэл бүхий байдлаар шийдвэрлээгүй гэдгийг илтгэж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс аль ч шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, шинжээч нар илт нэг талыг баримталж, хэргийн үйл баримтын талаар тайлбар гаргасан дүгнэлт гаргасан.

Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооноос томилогдсон шинжээч нар “нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчтэй уулзаагүй, маргаан бүхий газар дээр ажиллаагүй” зөвхөн гэрч нарын мэдүүлэг дээр үндэслэн мэргэжлийн бус дүгнэлт гаргасан. Шүүх энэ талаар анхаарч үзэлгүй шийдвэр гаргасан.

Нэхэмжлэгч талаас хариуцагчийн нийлүүлсэн гоёлын чулуут эмульсийн өөрчлөгдсөн байдал болон хорхирлыг нотлох гэрэл зураг, хоёр шинжээч томилж барилгын гадна фасадын өгнө өөрчлөгдсөнийг шинжлүүлсэн байхад барилгын фасадыг будах ажлыг хасах хэмд хийж гүйцэтгэсэн учраас ховхрол өнгө өөрчлөгдсөн байна гэж дүгнэсэн. Барилгын ажлыг нэмэх хэмд хийж гүйцэтгэсэн ажлын хувьд ч мөн адил өнгө алдсан, ховхорсон байдаг. Энэ нь ажлыг хийсэн цаг агаарын нөхцөл байдалд биш тухайн барааны чанартай холбоотой доголдол байсан гэдгийг нотолж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

 Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлсон боловч хууль буруу тайлбарлан хэрэглэснээс гэрээний зүйлийн доголдлын гомдол гаргах хугацаатай холбоотой дүгнэлт буруу болсоноос гадна нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзсан гэж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч “Эр” ХХК нь хариуцагч “П.. индастри” ХХК-д холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний зүйлийн доголдлоос учирсан хохиролд  211 665 300 төгрөгийг гаргуулах тухай гаргасан нэхэмжлэлээ 152 358 830 төгрөг болгож багасгасан ба  хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан Бараа материал нийлүүлэх гэрээгээр “П.. индастри” ХХК нь Эрин хорооллын орон сууцны барилгад шаардлагатай гадна хананы фасадны гоёлын чулуут зуурмаг /эмульс/, хавсралтад заасан бусад дагалдах  7 нэр төрлийн бараа материалыг нийлүүлэх, “Эр” ХХК нь  273 502 900 төгрөгийг төлөхдөө 30 хувийг бартераар,   191 152 030 төгрөгийг талуудын тохиролцсон хуваарийн  дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /1хх-6-10/.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэснийг буруутгах боломжгүй болно. Учир нь “П.. интернэшнл” ХХК нь өөрөө  үйлдвэрлэсэн барилгын бүтээгдэхүүнийг худалдах,  “Эр” ХХК нь гэрээний үнийг төлөх нөхцлийг бараа болон бэлэн мөнгөөр тодорхойлсоныг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дах хэсэгт заасныг баримтлан холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарах тул тэдгээрийн хоооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх нь зөв юм.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байна.

 

“П.. индастри” ХХК нь гэрээний дагуу бараа материалыг нийлүүлсэн, “Эр” ХХК нь нийлүүлсэн бараа материалын төлбөрийг бүрэн төлсөн ба  6 нэр төрлийн бараа материалын чанарын талаар талууд маргаагүй бөгөөд харин “РС-107” гэх гадна фасадын чулуут зуурмаг /эмульс/-ын чанарын талаар тэдний хооронд маргаан үүсчээ.

 

Анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээний үйлчлэх хугацаа 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл гэж тодорхойлж,  нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар баталгаат хугацаа тохиролцоогүй тохиолдолд гэрээний зүйлийн доголдлын талаар гомдол гаргах 6 сарын хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна.

Гэрээний зүйл болох гадна хананы фасадны гоёлын чулуут зуурмаг /эмульс/ нь Барилгын тухай хуулийн 4 дугаар зүйлийн 4.1.17 дах хэсэгт заасан “барилгын материал”-д хамаарах бөгөөд хариуцагч “П.. индастри” ХХК нь барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх үйл ажиллагааг 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхэлж эрхлэхээр болж бүртгүүлсэн тул мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.3 дах хэсэгт зааснаар үйлдвэрлэсэн барилгын материал, бүтээгдэхүүнийхээ чанарт баталгаа өгөх үүрэгтэй болно. / 1хх 21 дэх тал/

 

 Түүнээс гадна Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дах хэсэгт зааснаар мөн хуулийн 14.3 дах хэсэгт заасан барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах 1 жилийн хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн бүх төрлийн материалын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байхаар заажээ.

 

Иймд хариуцагч “П.. индастри” ХХК нь барилгын материал үйлдвэрлэгчийн хувьд өөрийн үйлдвэрлэсэн гадна хананы фасадны гоёлын чулуут зуурмаг /эмульс/-ын чанар байдалд хуулиар 3 жилийн баталгаа өгөх үүрэгтэй гэж дүгнэхээр байна.

 

Эрин хорооллын гадна фасадны ажил 2014 оны 11 дүгээр сард хийгдэж дууссан өдрөөс баталгаат хугацаа 2017 оны 11 дүгээр сар хүртэл гэж дүгнэвэл нэхэмжлэгч хуульд заасан хугацааны дотор гомдлын шаардлагыг гаргасан нь “Эр” ХХК-иас 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 284/175 тоот албан бичгээр “...эрин хорооллын 1-р ээлжийн гадна фасад 2015 оноос өнгө алдаж, чанарын шаардлага хангахгүй байгаа, гадна фасадын өнгийг сэргээх арга хэмжээг авах...” тухай мэдэгдлийг “П.. индастри” ХХК-д хүргүүлэхэд хариуцагч байгууллага нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 146 тоот албан бичгээр “...цаг уурын нөхцөл байдал, орчны нөлөөллийг үл харгалзан хэрэглэх заавар зөрчиж хийсэн...” гэсэн агуулгаар хариу хүргүүлж байсан байдлаар тогтоогдож байна. 

Иймд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дах хэсэгт заасан гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэж, доголдолтой холбоотой зардал шаардах эрхгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн буруу болжээ.

 

Хариуцагч байгууллагыг чанарын шаардлага хангаагүй бараа нийлүүлсэн ба уг барааг  хэрэглэх заавар зөвлөгөө өгөөгүй гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй болжээ. 

 

Учир нь хариуцагч байгууллагаас 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр үйлдвэрлэн нэхэмжлэгч байгууллагад нийлүүлсэн байгаа бараа, материалын чанарын шинжилгээг хийлгэсэн, 2014 оны 11 дүгээр сарын 24, 11 сарын 28-ны өдрүүдэд РС-107 гэх бүтээгдэхүүн нийлүүлсэн баримтуудыг тус тус гаргаж өгсөн бөгөөд “Эр” ХХК-тай гэрээ байгуулахаас өмнө бараа бүтээгдэхүүний чанар байдлын талаар шинжилгээ хийлгэж, нэхэмжлэгч байгууллага нь уг баримтыг үндэслэн гэрээ байгуулсан гэж дүгнэх бөгөөд зуурмагын сав баглаа боодолд наасан шошгоос үзвэл хэрэглэх заавар ойлгомжтой тусгагдсан байна. Иймд бараа бүтээгдэхүүний заавар, зөвлөгөө өгөөгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар,  давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Түүнээс гадна нэхэмжлэгч нь бараа бүтээгдэхүүнийг хэрэглэх зааврыг  зөрчснөөс эд хөрөнгийн чанар байдал муудсан нь  шинжээч “Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо”- оос 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1/011 тоот албан бичгээр шүүхэд ирүүлсэн дүгнэлтэд  “Барилгын гадна ханын шавардлагатай дулаан тусгаарлалтын ажлын техникийн дүрэм” /БД12-103-07/-ийн “... гадна агаарын температур +5 Сө -ээс бага байх ... ажил гүйцэтгэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн, мөн дүрмийн 9.4 “ аж аүйлдвэрийн бүс, хотын автотээвэр, ногоон байгууламжтай хэт ойр байснаас болж үүсэх түрэмгий агаарын орчиндзаслын үеийн ердийн хуучралт хурдсахыг тооцох хэрэгтэй” гэсэн заалтыг “Эр” ХХК бодолцож үзээгүйгээс хөлдөлт бохирдолтод орж, өнгө нь хувирсан байна” гэж дурдсан байдлаар тогтоогджээ.    /2хх 153-156/.

Иймд хариуцагч байгууллага нь гэрээний зүйлийг чанарын доголдолгүйгээр хүлээлгэж өгсөн учир нэхэмжлэгч нь доголдолтой холбоотой шаардлага гаргах эрхгүй байх тул холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй юм.

Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзсан гэж дүгнэж улмаар шийдвэрийн 2 дах заалтаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй гэж дүгнэв.

             

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/00778 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг “254.6” гэснийг хасч,  2 дахь заалтыг хүчингүй болгож, 3 дахь заалтыг “2” гэж, 4 дэх заалтыг “3” гэж, 5 дахь заалтыг “4” гэж, 6 дахь заалтыг “5” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 919 744.15 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         А.МӨНХЗУЛ

                                                         

                              ШҮҮГЧИД                                        Н.БАТЗОРИГ

 

                                                                                       Э.ЗОЛЗАЯА