Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 00778

 


 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2019/00778

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч-, “Э и” ХХК-ний нэхэмжлэлтэй,

хариуцагч-, “Пирамид индастри” ХХК-д холбогдох,

бараа материал нийлүүлэх гэрээний үүрэгт 211.665.300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваасүрэн, түүний өмгөөлөгч С.Батбуян /2558/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тэгшмандал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундралмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э и ХХК нь 2014-09-26-ны өдөр П иХХК-тай бараа материал нийлүүлэх 32/2014/140 тоот гэрээг байгуулсан. Уг гэрээний зорилго нь Э и ХХК-ний барьж байгаа эрин хотхоны орон сууцны барилгын гадна хана фасадны гоёлын чулуут зуурмаг /эмульс/ бусад дагалдах материалыг нийлүүлэхээр харилцан тохиролцсон. Улмаар 2014 оны 9 дүгээр сараас эхлэн бараа материалыг нийлүүлсэн бөгөөд 273.505.900 төгрөгний үнэ бүхий гэрээ хийж төлбөр тооцоог бүрэн барагдуулсан. Гэрээ байгуулах үед хариуцагч компанийн зүгээс чулуут зуурмаг /эмульс/-ийг маш удаан хугацаанд өнгө алдахгүй гэдгийг илэрхийлж байсан нь гэрээ байгуулах үндсэн нөхцөл болсон. П иХХК нь Солонгос улсаас шинэ бүтээгдэхүүн оруулж ирэн дотооддоо үйлдвэрлэн найруулж хэрэглэгчдэд зардаг болсонтой холбогдуулан энэ бүтээгдэхүүний гурван гол давуу талыг удаан хугацаанд өнгөө алдахгүй, хурдан хаталттай, байгалийн чулуут эмульс гэж хэлсэн тул гоёлын чулуут эмульс гэдэг утгаар нь сонгож авсан. Гоёлын чулуут эмульс нь дотроо байгалийн том бүхэллэг чулуутай шпатлаар татаж хэрэглэхэд босоо судлан зураас гардаг бүтээгдэхүүн юм. П иХХК-иас ямар нэгэн танилцуулга зааварчилга ирээгүй бөгөөд гадна фасадны хэрэглэх эмульс нь ашиглах технологийн хувьд тодорхой байдаг тул шпатлаар татаж үзэхэд босоо судал нь гараагүй тул 2014 оны 9 сард П иХХК-ийн захирал Төвбаатартай очиж уулзахад та нар хүссэнээрээ хэрэглэ, шпатлаар татна уу, шүршинэ үү энэ бол та нарын өөрсдийн асуудал гэж хэлсэн. Улмаар бидний хүсээд байсан цагаан судал гараагүй тул шпатлаар татах биш, бараа бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэхэд хугацаа алдаж байсан учир шууд шүршиж хэрэглэсэн. Бараа материал бэлтгэн нийлүүлэх хугацаа алдагдаж 11 дүгээр сарын үед хийж эхэлсэн. Улмаар хүйтний улирал эхлэхтэй холбоотойгоор шингэн ФС107 нь агаарын температураас хамаараад хэрэглэх боломжгүй, усан суурьтай тул хөлдөж эхэлсэн тул Төвбаатар захиралтай уулзахад хүйтний улиралд хэрэглэж болохгүй гэсэн анхны санамжийг өгөх үед бид барилгын ажлын бүрэн зогсоогоод Эрин хороололд баригдаж байсан 4 блок барилгын 3 барилгын гадна фасадыг будсан байсан учир 4 дэх барилгын чулуут эмульсээр хийхээ болиод шингэн эмульсээр хийсэн. Ер нь ФС107 гэдэг бол өөрөө тодорхой найрлагын хүрээнд гарч ирдэг өнгөний код бөгөөд энэ өнгөний кодоор шингэн эмульсийг гаргуулахаар очсон, төлбөрийг шилжүүлсэн баримт хэрэгт байгаа. Улмаар чулуут эмульсээр хийж байсан ажлаа бүрэн зогсоож шингэн эмульсээр 1 барилгын гадна фасад будсан бөгөөд 2015 оны 4 дүгээр сард байраа улсын комисст хүлээлгэн өгсөн. Улсын комисст хүлээлгэн өгсөнтэй холбогдуулан 2015 оны намраас эрин хорооллын нэгдүгээр ээлжийн гадна фасад өнгөө алдаж, улбар шар гэгээлэг өнгө нь цайж цагаан туяатай болж 2016 онд үндсэн өнгө байхгүй цементэн барилгын өнгөтэй болж эхэлсэн тул П иХХК-д албан болон албан бусаар хандахад хариуцагч компани танайх шпатлаар татах ёстой байсан юмыг шүршээд хийсэн гэх асуудал ярьж, бид бодит нөхцөл байдлыг газар дээр нь ирж танилцах байх гэж байтал 2017-08-24-ний 146 тоот албан бичгээр гандалт гэхээсээ илүү бохирдолт гэх тайлбарыг өгч гэрээний 5.4-д заасан захиалагчаас чанар болон стандартын талаар гомдол гаргавал шинээр сольж өгөх буюу захиалагчтай харилцан тохиролцож шийдвэрлэх үүргээ биелүүлэхээс татгалзсан. Тухайн үед эрин хорооллын байрнууд борлуулагдаж дуусаагүй, том төсөл байсан учир оршин суугчид "энэ байр яагаад ийм богино хугацаанд өнгөө алдчихваа" гэсэн гомдол гаргаж, шинээр байр сонирхож байгаа хүмүүс танайх богино хугацаанд өнгөө алдчихлаа, чанаргүй гэх байдлаар хандаж байсан тул хариуцагч компанитай цаашдын хамтын ажиллагааны хүрээнд шалтгаан нөхцөлийг эрэлхийлж 2017-8-7-ны өдөр П иХХК-д "эрин хорооллын гадна фасаданд ашигласан чулуут эмульс өнгөө алдаж байна. Өнгө хувиралтыг зогсох байх гэсэн боловч улам бүр гандаад байгаа учир та бүхэн бодит нөхцөлтэй ирж танилцаач" гэсэн утгастай албан бичиг өгөхөд “танайх шпатлаар татаж хийх ёстой байсан юм. Мөн 0 градуст хийх ёстой байсан, та нар хүйтэнд хийсэн байж магадгүй шүү” гэх хариуг ирүүлсэн. Бараа бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх гэрээний үүргийн зөрчлийг П иХХК-иас ямар нэгэн байдлаар авч, хэрэгжүүлэх үйлдэл санаачлага гаргахгүй байсан учир 2017 оны 09 сард шүүхэд хандсан. Хариуцагч компани нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийг хэрхэн хэрэглэх талаар заавар өгөөгүй бөгөөд ямар нэгэн байдлаар доголдолтой, дотоодод үйлдвэрлэх явцдаа чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлсэн нь нэг жилийн хугацаанд өнгөө алдахгүй байгаад гэнэт ингэж өнгөө алдаж байгаа нь ямарваа нэгэн химийн найрлага болон чанарын шаардлага хангаагүйгээ гэж үзэж байгаа. Эрин хотхоны гадна фасадны өнгө хувирч компанийн борлуулалтад ихээхэн сөргөөр нөлөөлсөн тул бид 7 сард эрин хорооллын 53-6, 53-7, 53-8 дугаар байрнуудын гадна фасадыг сэргээн завсарлаж будаж, доголдлыг арилгахтай холбогдуулан гарсан зардал болох 152 358 830 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Гэтэл хүйтэн орчинд хийсэн гэдэг маргаан илэрч, чанаргүй бүтээгдэхүүн манайд нийлүүлж, гэрээний хугацааг зориуд хойшоо татсан бөгөөд энэ хугацаанд хөлдчихнө шүү гэж нэг ч асуудал ярьж байгаагүй. Энэ бол худалдах худалдан авах гэрээ биш бэлтгэн нийлүүлэх гэрээ, бараа нь ирж байгаа асуудал. Барилгын ажлыг гүйцэтгэсэн Өндөр констракшн, Хабул констракш, Сариг хайрхан гэх гурван компани нь гоёлын фасадны чулуут өнгөлгөөг зөвхөн ханан дээр будах ажлыг хийж гүйцэтгэсэн. Цавуулагын чанар алдагдсан гэх зүйл ярьж байна. Цавуулаг байхгүй бол ховхролт үүснэ гэдэг нь энгийн логик ойлголт. Шинжээч дүгнэлт гаргахдаа нэг ч удаа тайлбар аваагүй, нэг ч удаа газар дээр нь ирээгүй гэрчийн мэдүүлэгт дүгнэлт хийсэн байдлаар шинжээчийн дүгнэлт гарсан гэж үзэж байгаа. Бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд бичигдсэн гадна фасадны ашиглалттай холбоотой, энэ бүтээгдэхүүнийг хэрэглэхэд Монголд ямар нэгэн стандарт байхгүй гэдэг нь тогтоогдчихсон. Мөн шүршиж хийхүү, шпатлаар татаж хийхүү гэдэгт будаг болон байгалийн чулуу хоёрын цавууны байдал, өнгөнд өөрчлөлт орохгүй гэдэг нь тогтоогдсон. Цаг агаарын температурын дундажыг шалгаж үзсэн. Ажиллах үеийн температур нь 5 градус биш 0 градус гэсэн ойлголт өгч байсан. Гэтэл хүйтэнд хийсэн бол дулаанд хийгдсэн бүх өнгө өнгөө хувиргахгүй байх ёстой байтал хүйтэнд хийсэнтэй ялгаагүй бүгд өнгө нь хувирсан. Энэ бол анхнаасаа чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлсэн нь байгалийн шалгарлаар гараад ирсэн. Зөвхөн бэлэн бүтээгдэхүүнийг авчирж хананд будахад шинж нь алдагдчихлаа, чанаргүй байна гэдэг асуудал яригдаж байгаа учир үүнд хариуцагч чанартай гэдгийг нотолсон ямар ч баримт байхгүй гэдгийг анхаарч үзэх зүйтэй байх гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн татгалзал хэрэгт байгаа баримтуудаар үгүйсгэгдэж, зохих ёсны найрлагатай материал нийлүүлээгүй доголтой материал нийлүүлснээс өнгөө алдсан гэдэг нь харагдаж байна. Шинжээчийн дүгнэлт болон П иХХК-иас гаргаж өгсөн баримтаар шпатлаар болон шүршиж хэрэглэж болно гэж аль аль технологийн хувьд зөвшөөрсөн байгаа. Дулааны хэм алдагдсан хүйтний улиралд хийгдсэн гэх асуудал байна. 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 11 дүгээр сарын 19-нийг хүртэлх хугацаанд хийхдээ 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 10 дугаар сарын дунд үе хүртэл ажиллах үеийн дулааны температур нь 0 градусаа нэмэх 5 градусаас дээш байсан байгаа. Тэр үед хийсэн өнгө нь адилхан хувирчихсан. Өөрсдөө энэ бүтээгдэхүүн хүйтэнд тэсвэртэй, 0 градусаас доош хэрэглэж болохгүй гэж заасан. Э и ХХК нь тухайн үеийн ажиллах үеийн температурыг хэмжээд үзэхэд ихэнх цаг хугацаа нь дулаан үед хийгдсэн. Нэхэмжлэлийн шаардлага бол доголдлыг засаж арилгаад, доголдлоо арилгасантай холбоотой зардал нэхэмжилж байгаа. Хариуцагч тал доголдлыг арилгах үүргээ зөвшөөрөхгүй байсан учир нэхэмжлэгч талын хувьд өөрөө доголдлыг арилгаж гарсан зардлаа нэхэмжлэх эрхтэй. Хариуцагч талаас тайлбарлаж байгаа шалтгаан нь худалдах, худалдан авах гэрээ байсан, үүнээс цааших асуудал нь бидэнд хамаагүй гэсэн асуудал яриад байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2 дахь хэсэгт худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй гэсэн байгаа. Үүнд зохих ёсны мэдээлэл өгөөгүй гэсэн асуудал байгаа ч нийлүүлээд байгаа бүтээгдэхүүн доголдолтой байсан, хэрэглэх ёстой гэсэн стандартын дагуу хэрэглээд өнгө нь хувирчихаад байна, урт хугацаанд өнгө нь хувирахгүй гэсэн баталгаа огт өгөөгүй, баталгааны хугацаа өгөөгүй гэж яриад байгаа нь чанаргүй бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа юм шиг агуулгын хувьд зөрчилтэй тайлбар гаргаж байна. Шинжээч өөрөө шүүх, шүүгчээс тавигдсан асуудлын хүрээнд тусгай мэдлэг шаардсан асуултад хариулах үүрэгтэй. Гэтэл шинжээчийн дүгнэлт нь хэт нэг талыг барьсан, хэргийн үйл баримт, факт руу ороод дүгнэлт хийгээд явсан мэргэжлийн бус дүгнэлт гаргаж гэрчийн мэдүүлэгт дурдагдаагүй асуудлыг гуйвуулж бичсэн асуудлууд олон байна. Ямар стандарт яаж зөрчсөн, гүйцэтгэгч 2 компани нь технологийн ямар горим зөрчсөн талаар тодорхой хариу өгөөгүй. 9 сараас 11 сарын хооронд температур зөрчсөн гэж байгаа бол яагаад 9 сарын эхний дулаан хоногуудад хийсэн ажлын өнгө хувирсан талаар яг бодитой дүгнэлт гаргахгүй өөрийн үзэмжээр дүгнэлт гаргасан нь тавигдсан асуудлын хүрээнд тусгай мэдлэг шаардсан асуултад хөндлөнгийн байр сууринаас хариулах үүргээ биелүүлээгүй тул хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Технологийн горим, дулааны хэм зөрчсөн асуудал бодит байдал дээр баримтуудаар үгүйсгэгдэж байгаа нь доголдолтой бүтээгдэхүүн нийлүүлсэн асуудал гэж үзэж байгаа тул хариуцагчийн татгалзлыг зөвшөөрөхгүй доголдлыг арилгахад гаргасан зардлыг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлага дээрээ бараа материалын доголдол гэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байсан. 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 27-ны хооронд нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнтэй холбоотой доголдлын талаар ярьж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь чанарын шаардлага хангаагүй бараа материал нийлүүлсэн гэж гаргаж байгаа юм байна. Гэтэл 2015-09-02-нд маш сайн ажиллаа гэж өргөмжлөл хүртэл өгч байснаа 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн мэдэгдэлдээ чанар, өнгө хувирчихлаа үүнийгээ засаж сольж өгөөч гэсэн байсан. Энэ мэдэгдлийн дагуу бид нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн болон бүхий л зүйлүүд дээр дүн шинжилгээ хийж, очиж үзэхэд биднээс авсан бараа материалуудыг хүйтэн орчинд бараа бүтээгдэхүүнийг хэрэглэх заавар журмыг зөрчиж хийснээс болж өнгө хувирч, хөлдсөн нөхцөл байдал бий болсон байсан. Энэ талаар 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 146 дугаартай хариу мэдэгдэх хуудсыг бид хүргүүлсэн. 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд татаж авсан бараа материалуудыг 10, 11-р саруудад хасах градустай байхад хэргэлсэнээс болж бүтээгдэхүүний цавуулаг чанар алдагдаж мөн чанарт өөрчлөлт орсон нь харагдаж байна. Өнгөнд өөрчлөлт орж утаа тоосжилт өгсөн,  манай орны нөхцөлд тортог сууснаар өнгөний гандалт үүссэн гэх дүн шинжилгээнд хүрсэн хариу өгсөн. Шүүхэд асуугдсан гэрч Сосорбарам нь гадна фасадны ажлыг Өндөр констракшн 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс эхэлж хийж гүйцэтгэж, дараа нь Хабул констракшн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш гүйцэтгэсэн талаар мэдүүлсэн. Энэ 2 компаний хийж гүйцэтгэсэн ажилд гологдол үүссэн асуудалд тухайн компаниудаас шаардах эрхтэй. Бараа бүтээгдэхүүнийг шилжүүлээд өгсөн худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн учир П иХХК-с шаардах эрхгүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд бараа бүтээгдэхүүн худалдан нийлүүлсэн эрх үүрэг шилжиж бараа бүтээгдэхүүн хүлээн авснаас хойших эрсдэл нь худалдан авагчид шилжиж байгаа. Хэрвээ нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн доголдолтой байсан гэж байгаа бол Иргэний хуулийн 254 дугаар зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар 6 сарын дотор шаардах эрхтэй байсан. Бараа материал нийлүүлэх 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн гэрээнд ямар нэгэн баталгаа гаргаагүй, мөн энэ бараа бүтээгдэхүүнийг ийм хугацаанд өнгөө алдахгүй, ийм хугацаанд батлан дааж асуудлыг шийдвэрлэнэ гэсэн ямар ч тохиролцоо байхгүй. Бидний хоорондын тохиролцоогоор 82.050.000 төгрөгт байр авсан, үлдсэн төлбөрийг тодорхой графикийн дагуу төлж төлбөр тооцоо дууссан. Гэрээний хугацаанд нэхэмжлэгчийн хүссэнээр захиалгын хэмжээ нэмэгдэж төлбөр тооцоо хийгдсэн. Энэ өнгө хувирсан нь чанартай бүтээгдэхүүн эсэх асуудлаар маргалдаж явахад 2 удаа шинжээч томилогдсон. Эхний шинжээчийн дүгнэлтэд цаг хугацаа болоогүй хүйтэн сэрүүн улиралтай байхэд ажил хийж гүйцэтгэсэн, стандарт нь нэмэх 5 градус байх ёстой гэж тогтоосон. Өвөл зун, өдөр, шөнө ч хатаж дуустал нэмэх 5 градусаас дээш байх ёстой гэсэн шаардлагыг тавьсан. Өдрийн 0,3 градус, шөнийн хасах 15,7 градуст 41 өдрийн турш ажилласан гэдэг нь тогтоогдсон. Зуурмаг бол агаарын 10 метр секундэд хэрэглэхгүй байхыг тогтоосон байдаг гэдгийг дүгнэлтдээ тогтоосон байдаг. Хоёр дахь дүгнэлтийг нэхэмжлэгч талын хүсэлтээр хийгдсэн нэмэлт бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт тодорхой гарсан. Сосорбарам гэдэг хүн өөрөө материалыг сонгож авсан, чулуут өнгөлгөөг татаж хийгдээгүй шүршиж хийгдсэн, энэ ажлаа мэддэг хүн байна цаашаа Өндөр констракшн, Хабул констракшнд зааварчилгаа өгч байсан гэж мэдүүлгээр өгсөн байдаг. Э и ХХК нь П иХХК-аас биет байдал болон эрхийн доголдолгүй стандартын шаардлагыг бүрэн хангасан чанартай чулуут зуурмагийг дагалдах баримт бичиг чанарын сертификат хүлээн авч бэлтгэн нийлүүлэгчтэй төлбөр тооцоог хийж дуусган бараа материалыг хүлээж авснаас хойших эрсдэлийг хариуцна. Энэ нь БД121035.07-ын 5.4-т зааснаар Барилгын материал нийлүүлэгчийн зураг төсөлд тусгасан зохих гэрчилгээ бүхий энэхүү дүрэм холбогдох стандартын шаардлага хангасан материалыг нийлүүлэх үүргээ П иХХК-н биелүүлж ажилласан байна. Шинжээч нар дүгнэлт гаргахдаа нэхэмжлэгч болон хариуцагч нарын аль аль талынхан тайлбарыг авч байсан гэж би бодож байна. Бас нэгэн нотлох баримт бол цаг уур орчин шинжилгээний газраас нэхэмжлэгч, хариуцагч, шинжээч нарт гаргаж өгсөн цаг агаарын баримтууд байгаа. 9-р сард нэмэх градустай хоног цөөхөн байгаад ялангуяа 11-р сард өдөр шөнө нь хасах градустай болсон нь тодорхой харагдаж байна. Зуурмагны сав дээр заавар байгаа, цаасан хэлбэрээр ч байгаа. Бараа материалыг хэрэглэсний дараа гологдол үүсэж байгаа гэж ярьж байгаа бол Өндөр констракшн, Хабул констракштай хариуцлага тооцох нь зүйтэй. Гадна талын дулаалга болон өнгөлгөөний бүтээгдэхүүнийг яаж хэрэглэх талаар заавар журмуудыг гаргаад өгчихсөн. Бараа бүтээгдэхүүнийг дагалдах бичиг баримтгүй худалдана гэж байхгүй. Нийлүүлсэн барааны сав буюу хувин дээрээ л монголоор бичиглсэн байгаа. Жишээ нь өөрөө худалдан авсан өндөгөө ил хонуулж муутгачихаад энэ бол чанаргүй бараа гэж байгаатай яг адилхан. Сүүлд гаргасан бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт дээр энэ барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн тэмдэглэл нь бодит байдалтай нийцэхгүй байна гэж дүгнэсэн байдаг. 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл яагаад бараа материал авсан гэхээр өөрсдөө төлбөрийн  нөхцөлдөө тохируулж авсан. Мөн өөрсдөө захиалгын хуудас өгч байж авдаг нь хэрэгт байгаа захиалгын хуудас үйлдэж бидэн рүү явуулдаг байдгаар нотлогдоно. 2015 оны 4 сард байраа улсын комисст оруулах шаардлагатай байсан учраас шахаж, өөрсдөө барилгын нормоо зөрчиж хийсэн асуудал байгаа. Дахин шинжээч томилох асуудал дээр гомдол гаргаагүй болохоор шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн ойлголтоор шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй. Ажиллах үеийн температур гэж худлаа үгээр нөхцөл байдлыг төөрөгдүүлж болохгүй. Сая нэхэмжлэлийн шаардлагаа танилцуулж байхдаа усан суурьтай бүтээгдэхүүн гэж байна. Ус 0 градуст хөлддөг, анхны шинжээч ч гэсэн шүршихэд ч гэсэн тодорхой хэмжээнд хөлдөлт явагдаж байж болно. Цавуулаг алдагдсан гэхээр ховхроод унаад байна гэсэн үг биш, өнгө будагт нь өөрчлөлт орсон байна. Өвөл нь хөлдсөн байж байгаад хавар зун гэсэхдээ эргээд өнгө будгаа өөрчлөх нөхцөл байдал үүсэж магадгүй” гэж яригдаж байсан. Хасах градуст хүйтэн нөхцөлд хийсэн талаараа нэхэмжлэгч өөрөө зөвшөөрсөн, шинжээч нар тогтоогоод өгсөн байгаа учир би өнөөдөр гэрч, шинжээч нарыг шүүх хуралдаанд асуулгах хүсэлтгүй орж ирсэн. Бид чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлсэн. Гэрээний 5.1 дэх хэсэгт зааснаар энэ бараа материалууд чанарын шаардлага хангахгүй байна, үүнийгээ сольж өгөөч ээ гэх асуудлыг тухайн үед нь тавих боломж байсан. Бид нийлүүлж байгаа бүтээгдэхүүнийг сав баглаа боодолтой нь аваачиж өгч байсан. Энэ хүмүүс өөрсдөө усан сууринд найруулж, өөрсдөө ажил үүргээ гүйцэтгэдэг тул өөрсдийн сайн дураар шүршсэн асуудал нь бидэнд хамаагүй гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Э и” ХХК нь хариуцагч “Пирамид индастри” ХХК-д холбогдуулан 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан бараа материал нийлүүлэх гэрээний дагуу нийлүүлсэн чулуут өнгөлгөө /чулуут эмульс/-ийг сольж өгөхөөс татгалзсан тул мөнгөн дүнгээр илэрхийлж 211.665.300 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан байна /1-р хх-1-2/.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2014-09-26-ны өдөр байгуулагдсан гэрээний үүрэг зөрчигдсөнөөс үүссэн зөрчлийг арилгахтай холбогдуулан 211.665.300 төгрөгийг гаргуулахаар шаардсан шаардлагаа байрнуудын гадна фасадны өнгийг шинээр сэргээн будаж засварлан доголдлыг арилгахтай холбогдуулан гарсан бодит зардал 152.358.830 төгрөгийг гаргуулна гэж багасгаж, нэхэмжлэлээс 59.306.470 төгрөгний шаардлагаас татгалзсан байна /2-р хх-186/.

 

Нэхэмжлэгч “Э и” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөх эрхийг Б.Даваасүрэнд 2019-03-18-ны өдрийн 106/19 тоот албан бичгээр нэг жилийн хугацаатай, хариуцагч “Пирамид индастри” ХХК-нийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөх эрхийг Ж.Тэгшмандалд 2019-03-19-ний өдрийн 026 тоот албан бичгээр нэг жилийн хугацаатай тус тус олгосон байна /2-р хх-187, 188/.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч “Пирамид индастри” ХХК-ийг чанаргүй, доголдолтой бүтээгдэхүүн нийлүүлсэнээс орон сууцны гадна фасадны өнгө богино хугацаанд гандаж, өнгөө алдсан тул бараа материал нийлүүлэх гэрээний үүргийн доголдлыг арилгасантай холбогдон гарсан бодит зардалд 152.358.830 төгрөгийг гаргуулахаар шаардаж,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч “Э и” ХХК-тай байгуулсан бараа материал нийлүүлэх гэрээний дагуу орон сууцны гадна фасадны чулуут эмульсийг нийлүүлсэн, баталгаа гаргаагүй, 0 градусаас доош хэмд хэрэглэх бүтээгдэхүүнийг хасах градуст хэрэглэсэн байсан. Манайх зөвхөн бараа материалыг нийлүүлэх үүрэг хүлээсэн, гадна талын дулаалга болон өнгөлгөөний бүтээгдэхүүнийг яаж хэрэглэх талаарх заавар журам, дагалдах бичиг баримт, нийлүүлсэн бараа материалын заавар зөвлөмжийг тухайн үед бараа бүтээгдэхүүнийг хамт өгч байсан. Нийлүүлсэн барааны сав буюу хувин дээрээ ч хэрэглэх заавар нь монголоор бичигдсэн байхад нэхэмжлэгч тал манай нийлүүлсэн бүтээгдэхүүнийг чанаргүй гэдгийг юугаар яаж нотлоод байгаа нь ойлгомжгүй. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрч нэхэмжлэгч нь шаардах эрхээ алдсан гэж маргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” тул нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй юм.

 

Тиймээс нэхэмжлэгч 2014-09-26-ны өдөр байгуулагдсан бараа материал нийлүүлэх гэрээний дагуу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний доголдлыг арилгахад гарсан бодит зардлыг шаардсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар “зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй” болно.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зохигчдийн хооронд 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “бараа материал нийлүүлэх” 32/2014/140 дугаартай гэрээ байгуулагдсан байна. Уг гэрээгээр захиалагч нь “Э и” ХХК, нийлүүлэгч нь “Пирамид индастри” ХХК байх бөгөөд гэрээний үндсэн нөхцөл нь эрин хороололын орон сууцны барилгад шаардлагатай гадна хананы фасадны гоёлын чулуут зуурмаг /эмульс/ бусад дагалдах гэрээний хавсралтад заасан 7 нэр төрлийн бараа материалыг нэхэмжлэгчид захиалгын хуудасны дагуу нийлүүлэх үүрэг хүлээсэн байна. Харин нэхэмжлэгч нь захиалагчийн хувьд гэрээний дүнгийн 30 хувийг бартераар төлөхөөр, гэрээт ажлын үнэ бартерийн зүйлийн үнийн зөрүү болох 191.152.030 төгрөгийн бараа материалын үнийг графикаар төлөхөөр, захиалагч нь гэрээгээр тохирсон бараа материалыг хүлээн авч төлбөрийг төлөхөөр, нийлүүлэгч нь нийт 273.502.900 төгрөгний бараа материал нийлүүлэхээр гэрээний талууд тохиролцсон байна /1-р хх-6-10/.

 

Зохигч талууд 2014-09-26-ны өдөр бараа материал нийлүүлэх гэрээ байгуулагдсан талаар, гэрээний зүйл болох гэрээний хавсралтад заасан 7 төрлийн бараа материалыг хариуцагч “Пирамид индастри” ХХК-иас нийлүүлж, захиалагч буюу “Э и” ХХК төлбөрийг бүрэн төлж барагдуулсан үйл баримтын талаар ч маргаагүй тул зохигчийн дээрх гэрээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан, хүчин төгөлдөр гэрээ байна /1-р хх-6-10/.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан барилга угсралтын ажил гүйцэтгэсэн тэмдэглэл /1-р хх-65-96/, Хабул констракшн ХХК-ний эрин хороолол барилгын А1 блок барилгын гадна фасадын ажил хийх график /1-хх-106, 147/, Сариг хайрхан ХХК-ний эрин хороолол барилгын А1, С блокын барилгын гадна фасадны ажил хийх график /1-р хх-112/, 2014-10-06-ны өдрөөс 2014-11-24 хүртэлх хугацааны Э и захиалгын хуудас /2-р хх-45-48/, П иХХК зарлагын баримт худалдан авагчийн нэр Э и гээд 2014-09-27-ний өдрөөс 2014-12-12 хүртэлх /2-р хх-49-74/ хугацаанд захиалагч “Э и” ХХК-д нийлүүлэгч буюу П иХХК-иас захиалсан бараа материалыг нийлүүлсэн, захиалагч нийлүүлсэн бараа материалын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Гэрээний хавсралтад хариуцагч “Пирамид индастри” ХХК нь 7 төрлийн бараа материал нийлүүлэхээр байх бөгөөд нэхэмжлэгч буюу захиалагч тал 7 нэр төрлийн бараа материалаас “РС-107” гэх барааны нэртэй гадна фасадны чулуут эмульсийн чанарын талаар маргаж шаардлага гарсан бөгөөд бусад 6 нэр төрлийн нийлүүлэгдсэн бараа материалын талаар шаардлага гаргаагүй болно.

 

Зохигчдын маргааны зүйл нь хариуцагч талаас нийлүүлсэн РС-107 барааны нэртэй гадна фасадын чулуут эмульсийн чанар байдал, өнгө хувирсан талаар нэхэмжлэгч маргасан бөгөөд уг доголдол нь 2015 оноос өнгөө алдаж эхэлсэн тул чулуут эмульс чанаргүй, доголдолтой байсан гэх тайлбарыг нэхэмжлэгч тал гаргаж, доголдлыг арилгахтай холбогдон гарсан зардлыг шаардсан тул уг шаардлагын хүрээнд хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн болно.

 

Нийлүүлэгч буюу хариуцагч нь бараа материалын захиалгыг захиалагч буюу нэхэмжлэгчээс урьдчилан авч, бараа материалыг дагалдах бичгийн хамт захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагчаас чанар болон стандартын талаар гомдол гаргавал шинээр сольж өгөх буюу захиалагчтай харилцан тохиролцож шийдвэрлэхээр талууд гэрээгээр тохиролцсон байх боловч гэрээний үйлчлэх 2014-09-26-ны өдрөөс 2014-11-01-ний өдрийг хүртэлх хугацаа болон гэрээний хавсралтад заасан бараа материалыг графикийн дагуу татаж дуусах, төлбөр тооцоог бүрэн барагдуулсан хугацаанд нийлүүлсэн бараа материалын доголдлын талаар нэхэмжлэгч талаас шаардлага гаргаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна /1-р хх-6/. Уг гэрээний батлав хэсэгт компаний захирлууд гарсын үсэг зурсан, гэрээ байгуулсан этгээдэд захиалагчийг төлөөлж гарын үсэг зурагдаагүй байх боловч нэхэмжлэгч тал гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шаардлага гаргаагүй, маргаагүй болохыг дурдах нь зүйтэй /1-р хх-9/.

 

Гэрээний зүйл доголдолтой байсан тохиолдолд худалдагчийн хувьд худалдан авагчийн өмнө гэрээний үндсэн үүрэг бус харин уг доголдолтой холбоотойгоор эд зүйлийг солих, засварлах, эсхүл үүнтэй холбоотой зардал төлөх зэрэг нэмэлт үүрэг үүсэх бөгөөд үүнийг тогтооход гэрээний дагуу хүлээх худалдагчийн үндсэн үүргийг тодорхойлох шаардлагатай болно. Бараа материал нийлүүлэх гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дуусгавар болсон, зохигчийн 2014-09-26-ны өдрийн гэрээний 5.4-т захиалагчаас чанар болон стандартын талаар гомдол гаргавал шинээр сольж өгөх буюу захиалагчтай харилцан тохиролцож шийдвэрлэхээр тусгасан байх боловч баталгаат хугацааны талаар тохиролцоогүй байна.

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т “хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ”, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д “худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж заасан. Өөрөөр хэлбэл нийлүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж бараа материалыг нэхэмжлэгчийн буюу захиалагчийн ирүүлсэн захиалгын дагуу нийлүүлж, захиалагч төлбөрийг төлж барагдуулсан талаар зохигчид маргаагүй бөгөөд зохигчид 2014-09-26-ний өдөр байгуулсан гэрээгээр талууд баталгаат хугацаа тогтоогоогүй байх тул эд хөрөнгийг шилжүүлж авсан этгээд ингэж шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлын талаар шаардлага гаргах эрхтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар Э и ХХК-иас 2017-08-07-ны өдрийн 284/175 тоот албан бичгээр “...эрин хорооллын 1-р ээлжийн гадна фасад 2015 оноос өнгөө хувиргаж, чанарын шаардлага хангахгүй байгаа тухай гадна фасадны өнгийг сэргээх арга хэмжээг авах...” тухай мэдэгдлийг хариуцагч компанид хүргүүлсэн байх бөгөөд хариуцагч П иХХК-иас 2017-08-24-ний өдрийн 146 тоот албан бичгээр “...өнгөний гандалт гэхээсээ илүү бохирдолт гэж үзвэл зохистой, бүтээгдэхүүнийг хэрэглэх горим зөрчсөн, цаг уурын нөхцөл байдал, орчны нөлөөллийг үл харгалзан хэрэглэх заавар зөрчиж хийсэн...” тухай хариу хүргүүлснээр гэрээний хугацаа, үүрэг дуусгавар болсноос хойш 2 жил 7 сарын дараа доголдлын талаар мэдэгдэл хүргүүлсэн гэж үзэх /1-р хх-11, 12/ бөгөөд бараа материал нийлүүлэх гэрээгээр талууд нэгэнт баталгаат хугацааг тогтоогоогүй тул худалдан авагчид эрсдэл шилжсэн үеэс эд хөрөнгийн баталгаат хугацааг тоологдохоор байна.

 

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагч нийлүүлсэн бараа материал буюу гадна фасадын эмульсийг хэрхэн хэрэглэх талаар заавар зөвөлгөө өгөөгүй, гадна фасадны ажил 2014 оны 11 дүгээр сарын 19-нд зогссон гэх тайлбар үндэслэлгүй байх бөгөөд хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгчийн захиалгын хуудас, хариуцагчийн зарлагын баримт зэргээр 2014 оны 11 дүгээр сарын 24, 11 сарын 28-ны өдрүүдэд РС-107 гэх бүтээгдэхүүнийг нийлүүлсэн байх /2-р хх-45-74/ бөгөөд чулуут өнгөлгөөний эмульсийн саванд хэрэглэх заавар, анхааруулга зэрэг бичигдсэн болох нь 1-р хавтаст хэргийн 146-р талд авагдсан нийлүүлэгчийн бараа материалын савны фото зурагт тусгагдсан байгааг нэхэмжлэгч тал үгүйсгэж маргаагүй.

 

Зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд үндэслэлээ нотлох үүрэгтэй тул хариуцагчийн нийлүүлсэн 7 нэр төрлийн бараа материалын нэг болох гадна фасадны РС-107 барааны нэртэй чулуут эмульс нь чанаргүй, доголдолтой гэх тайлбар, үндэслэлээ нэхэмжлэгч нотлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй, энэ үүргээ биелүүлэх боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгааныг нотлох баримтгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч “Э и” ХХК-иас хариуцагч “Пирамид индастри” ХХК-д ...эрин хороололын нэгдүгээр ээлжийн их бүтээн байгуулалтанд бие сэтгэлээ зориулан ажиллаж, улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд оруулсан хувь нэмрийг тань үнэлж талархал илрэхийлье гэсэн 2015-09-02-ны өдрийн байдлаар гадна фасадны өнгө алдаагүй болох нь дээрх талархалын бичгээр нотлогдон тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2015 он гарсаар эрин хороололын эхний ээлжийн байрны гадна фасадны өнгө алдаж, гандаж эхэлсэн гэх тайлбар үндэслэлгүй байх бөгөөд түүний тайлбар дээрх “Талархал”-аар үгүйсгэгдэж байна /2-р хх-80/.  

 

Эрин хороолол орон сууцны барилгын гадна фасадны ажлыг гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч “Э и” ХХК нь 2014-09-17-ны өдөр Өндөр констракшн” ХХК-тай 135 дугаартай /1-р хх-60-64/ ажил гүйцэтгэх гэрээг, Хабул констракшн ХХК-тай 2014-10-20-ны өдөр 168 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг /1-р хх-103-106/, Сариг хайрхан ХХК-тай 2015-07-01-ний өдөр 64/155 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг /1-р хх-109-112/ тус тус байгуулсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр томилогдсон шинжээч болох Барилгын төсөв, хөрөнгийн үнэлгээ компаний захирал Б.Доолья гаргасан 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн дүгнэлтдээ: ...Гадна гоёлолын шагрей зуурмагын ажлыг хийж гүйцэтгэх ажлыг хийж гүйцэтгэх цаг хугацаа нь болоогүй хүйтэн сэрүүн улиралтай үед ажлаа эхлээд гүйцэтгээд дуусгасан байна. Гадна гоёлолын шагрей зуурмагын ажлыг хийж гүйцэтгэх стандартад тохирсон шагрей зуурмаг +5 градустай байх ёстой гэсэн стандарт тогтоочихсон байдаг /өвөлч, зун байсан ч өдөрч шөнө ч бүрэн хатаж дуусах хүртлэх хугацаанд/ гэтэл гадна гоёлолын шагрей зуурмагийг өдрийн цагт /хасах/ 0,3-аас өдрийн цагт /хасах/ 14,7 градус хүйтэн орчинд 41 өдөр ажлаа хийж дуусгасан байна. Гадна гоёлолын шагрей зуурмагын ажлыг хийж гүйцэтгэх стандартад тохирсон шагрей зуурмаг гадна агаарын хурд 10 м/сек байх үед /барилгын ажилд/ хэрэглэхгүй байхыг анхаарна уу гээд стандартаар тогтоочихсон байдаг. Гэтэл гадна гоёлолын шагрей зуурмагын ажлыг хийж гүйцэтгэхдээ гадна агаарын утааны бүрэлхүүнтэй холилдсон хийн шахуургын их даралтаар шүршиж гүйцэтгэсэн байна. ...Монголд стандарт байхгүй. Солонгос стандарт ба заавруудыг зөрчсөн шалтгааны улмаас өнгө хувирч өөрчлөлт гарсан байна” гэжээ /1-р хх-210/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр томилогдсон шинжээч болох Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дүгнэлтэдээ ...захиалагч Э и ХХК нь барилгын гадна ханын заслалын ажлыг зогсоохгүйгээр фасадны гоёлолын чулуут зуурмаг /эмульс/-ээр хийх ажлыг Өндөр констракшн ХХК, Хабул констракшн ХХК-иудаар гүйцэтгүүлсэн, гүйцэтгэгч компаниуд ажлыг гүйцэтгэхээс татгалзахгүйгээр хийж гүйцэтгэсэн нь “Барилгын гадна ханын шавардлагатай дулаан тусгаарлалтын ажлын техникийн дүрэм” /БД12-103-07/-ийн шаардлагыг зөрчсөн үйлдэл болсон байна. Энэ нь /БД 12-103-07/-ийн дагуу барилгын гадна фасадны ажлыг хийж гүйцэтгээгүй байна. Захиалагч Э и ХХК, гүйцэтгэгч Өндөр констракшн ХХК, Хабул констракшн ХХК-иуд /БД 12-103-07/-ийн 5.7-гийн “...гадна агаарын температур +50С-ээс бага байх ...ажил гүйцэтгэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн, мөн дүрмийн 9.4 “аж үйлдвэрийн бүс, хотын автотээвэр, ногоон байгууламжтай хэт ойр байснаас болж үүсэх түрэмгий агаарын орчинд заслын үеийн ердийн хуучралт хурдасыг тооцох хэрэгтэй” гэсэн заалтыг Э и ХХК бодолцож үзээгүйгээс хөдлөлт бохирдолтонд орж, өнгө нь хувирсан байна. Байгалийн чулуут өнгөлгөөг ширхэглэлээс нь хамааруулан шүрших эсвэл шпателаар босоо болон хөндлөн мөн цагираг хэлбэрийн дизайны сонголттойгоор зураас гарган шпателаар татах аргуудыг санал болгодог. Эдгээр аргуудаас хамаарч өнгө өөрчлөгдөн гэсэн ойлголт байхгүй. Байгалийн чулуут зуурмаг /эмульс/-ийн өнгө өөрчлөгдөх нь нэг төрлийн согог буюу зөрчил юм. Барилга хот байгуулалтын сайдын 2007-09-28-ны өдрийн 100 дугаар тушаалаар батлагдсан барилгын гадна ханын шавардлагатай дулаан тусгаарлалтын ажлын техникийн дүрэм /БД 12-103-07/ дугаартай дүрмийн 10.3-д илэрсэн зөрчил /илрэх хугацаагаар/-ийг нийт 100 хувь гэж үзвэл ажил хүлээж авахаас өмнө 10%, ажил хүлээж авсаны дараа нэг жилд 30%, хоёрдах жилд 30%, гуравдах жилд 15%, дөрөвдэх жилд 8%, тавдах жилд 5%, 6дахь жилд 2% нийтдээ 6 жилд өнгө өөрчлөгдөх зөрчил /согог/ бүрэн илэрдэг гэж заасан. Э и ХХК-ний эхний ээлжийн орон сууцны дөрвөн барилгын гадна фасадны гоёлолын чулуут зуурмаг /эмульс/-аар хийсэн өнгөлгөөний өнгө 2016 оноос өнгө өөрчлөгдөж эхэлсэн байна. Үүнийг нэг жил гурван сарын дараагаас эхэлсэн гэж ойлгогдож байна. /БД 12-103-07/-ийн заалтаар авч үзвэл өнгөний өөрчлөлт эхлэх биш бараг 50 хувьдаа хүрсэн тохиолдол юм. Өнгө өөрчлөгдөх үндсэн шалтгааныг асуулт хоёрт тодорхой бичсэн. Манайд мөрдөгдөж буй барилгын норм ба дүрэмд өнгөө барих хугацаа заадаггүй... гэжээ /2-р хх-153-156/.

 

Хэргийн оролцогчийн хүсэлтээр хийгдсэн шинжээчийн хоёр дүгнэлтээс үзэхэд “Барилгын гадна ханын шавардлагатай дулаан тусгаарлалтын ажлын техникийн дүрэм” /БД12-103-07/-ийн 5.7-гийн “...гадна агаарын температур +50С-ээс бага байх ...ажил гүйцэтгэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн, мөн дүрмийн 9.4 “аж үйлдвэрийн бүс, хотын автотээвэр, ногоон байгууламжтай хэт ойр байснаас болж үүсэх түрэмгий агаарын орчинд заслын үеийн ердийн хуучралт хурдасыг тооцох хэрэгтэй” гэсэн заалтыг Э и ХХК бодолцож үзээгүйгээс хөдлөлт бохирдолтонд орж, өнгө нь хувирсан байж болох талаар дүгнэлт гарсан байх бөгөөд хариуцагч компаний нийлүүлсэн бараа, материалыг нэхэмжлэгч компани 2014 оны 10 дугаар сараас хойш барилгын ажилд ашигласан талаар маргаагүй болно.

 

Түүнчлэн хариуцагч компани үйлдвэрлэн нийлүүлж байгаа бараа, материалын чанарын шинжилгээг нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулахаас өмнө хийлгэсэн болох нь 1-р хавтаст хэргийн 132-133 дугаар хуудсанд авагдсан чанарын шинжилгээний гэрчилгээний орчуулагдсан хуулбар, Барилга архитектур корпораци итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн гэх баримтуудаар тогтоогдож, хариуцагч компани Солонгос улсаас тухайн бараа материалыг импортлон оруулж ирээд Монгол улсад үйлдвэрлэн нийлүүлдэг үйл баримтын талаар нэхэмжлэгч тал үгүйсгэж, маргаагүй болно.  

 

Нэхэмжлэгч “Э и” ХХК нь эрин хороололын 1-р ээлжийн 53/7 дугаар байрны фасадны өнгийг сэргээж будах ажил гүйцэтгэх гэрээг 2018-06-20-ны өдөр “Болд хаус” ХХК-тай байгуулсан, “Э и” ХХК-ний хашаанд байрлах сэндвичин барилгын фасадны өнгийг сэргээж будах ажил гүйцэтгэх гэрээг 2018-07-04-ний өдөр  “Сариг хайрхан” ХХК-тай тус тус байгуулсан гэрээний үүргээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч /2-р хх-189-195/ “Болд хаус” ХХК нь эрин хорооллын 1-р ээлжийн 53/7 дугаар байрны, “Сариг хайрхан” ХХК нь нэхэмжлэгч компаний хашаанд байгаа сэндвичин барилгын гадна фасадны өнгө сэргээж будах ажил гүйцэтгэхээр байх тул хариуцагчийн 2014-09-26-ны өдрийн гэрээний үүрэгт нийлүүлсэн бараа, материалыг ашиглан хэрэглэсэн обьект болох нь тодорхойгүй байна.

 

Зохигчид 2014-09-26-ны өдөр байгуулагдсан бараа материал нийлүүлэх гэрээнд баталгаат хугацааны талаар тохиролцоогүй, хариуцагчийн нийлүүлсэн бараа материал доголдолтой байсан болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй, доголдолтой гэж үзвэл баталгаат хугацааг худалдан авагчид эрсдэл шилжсэн үеэс эхлэн тоолох бөгөөд хуульд заасан шаардлага гаргах хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэгч “Э и” ХХК нь худалдах худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний догодлыг арилгасантай холбогдон гарсан зардал 152.358.830 төгрөгийг дээрх үндэслэлүүдээр шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын 59.306.470 төгрөгний хэсгээс татгалзсан болохыг дурдах нь зүйтэй /2-р хх-186/.

 

Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШЗ2018/00057 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр томилогдсон шинжээчийн зардлыг 2018-03-23-ны өдөр хариуцагч “Пирамид индастри” ХХК нь шинжээчийн дүгнэлт гаргасан Барилгын төсөв, хөрөнгийн үнэлгээний компанид төлсөн болохыг /2-р хх-81/ дурдаж,

шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШЗ2018/06432 дугаар, 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШЗ2018/09219 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр /2-р хх-90-92, 96-97, 138-139/ томилогдсон Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны шинжээчийн зардлыг нэхэмжлэгч тал төлөөгүй байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар шинжээчийн зардал 6.467.460 төгрөгийг нэхэмжлэгчээс нөхөн гаргуулж Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоонд төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна /2-р хх-149, 153/.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 1.216.300 төгрөгнөөс 919.744 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас 296.556 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Хэрэгт нотлох баримтаар “Пирамид индастри” ХХК бүтээгдэхүүний каталоги гаргасан бөгөөд РС-107 өнгө болон түүний кодыг харуулсан байх бөгөөд РС-107 кодтой өнгө захиалсан талаар зохигчид маргаагүй, “Пирамид индастри” ХХК-ний бүтээгдэхүүний танилцуулга гаргасан бөгөөд хариуцагчийн нийлүүлсэн бараа материалын танилцуулга, хэрэглэх зааврын талаар тусгасан, хөөсөнцөр дээр барилгын гадна ханын фасадын өнгөлгөөг хэрхэн яаж хийдэг талаар тусгасан бүтээл зэргийг гаргасан болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6-д заасныг баримтлан хариуцагч “П и” ХХК-д холбогдох, худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн бараа материалын доголдолыг арилгахад гарсан зардалд 152.358.830 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Э и” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын 59.306.470 төгрөгний хэсгээр татгалзсан болохыг дурдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.216.300 /нэг сая хоёр зуун арван зургаан мянга гурван зуун/ төгрөгний 919.744 /есөн зуун арван есөн мянга долоон зуун дөчин дөрвөн/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас 296.556 /хоёр зуун ерөн зургаан мянга таван зуун тавин зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э и” ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг баримтлан 2018-02-26-ны өдрийн шинжээчийн зардлыг хариуцагч “Пирамид индастри” ХХК нь Барилгын төсөв, хөрөнгийн үнэлгээний компанид төлсөн болохыг дурдаж, 2019-01-25-ны өдрийн шинжээчийн зардал 6.467.460 /зургаан сая дөрвөн зуун жаран долоон мянга дөрвөн зуун жаран/ төгрөгийг нэхэмжлэгч “Э и” ХХК-иас гаргуулж Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоонд нөхөн төлүүлсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                          Д.ЯНЖИНДУЛАМ