Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2023/00541

 

2023.01.23 101/ШШ2023/00541

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: А.Д нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.М холбогдох,

 

Зохигчдын хооронд байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, шилжүүлсэн 10,000,000 төгрөгөөс үлдэх 5,600,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.Д, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.Д нь Д.Май харилцан тохиролцож түүний өмчлөлийн Хан- Уул дүүргийн 0 тоот хаягт байрлах үйлчилгээний зориүлалттай байрыг 3 жилийн хугацаатай түрээслэхээр 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр түрээсийн гэрээг байгуулсан байдаг. Энэхүү түрээсийн гэрээний гол нөхцөлөөс үзвэл Д.М нь өөрийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай нийт 72.67 м.кв талбай бүхий байрыг бүхэлд нь А.Дд түүний аж ахуйн үйл ажиллагаанд нь зориулж түрээслүүлсэн нь талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үйл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүргүүлнэ гэж хуульчилсан байх бөгөөд хавтас хэрэгт авагдсан зохигч нарын тайлбар, шүүхэд гаргаж өгсөн баримтаас үзвэл тухайн маргаан бүхий түрээсийн гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байна.

Иймд, талуудын хооронд байгуулсан 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулийн тогтоосон хэлбэрийг зөрчсөн... хэлцэл буюу хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул маргаан бүхий түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Д.Мад шилжүүлсэн 10,000,000 төгрөгөөс үлдэх 5,600,000 төгрөгийг буцаан гаргуулж А.Дд олгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Д.М, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч А.Дтай 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 0 тоот хаягт байрлах 72,67 мкв, улсын бүртгэлийн Ү-0 дугаартай үйлчилгээний зориулалттай байрыг 3 жилийн хугацаатайгаар нэг сарын үндсэн төлбөр нь 2,500,000 төгрөгийн төлбөртэйгөөр тооцож, түрээсийн төлбөрийг гурван сар дээр барьцаа нэг сарын төлбөр төлөх, СӨХ, гэрэл, цахилгаан, халаалт, хог гэх мэт ашиглалтын зардлыг түрээслэгч төлөх нөхцөлтэйгөөр, гэрээний талууд адил тэгш эрхтэйгээр гэрээг байгуулж түрээслэгчийн үйл ажиллагаа явуулах боломжийг гэрээний зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасны дагуу Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн уйл ажиллагаа явуулах болон дурэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн шаардлагыг хангаж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж үйл ажиллагааг нь явуулах боломжийг бүрдүүлж өгсөн байдаг. Үүнийг нэхэмжпэгч шаардлагаа өөрчлөн гаргасан нэхэмжпэлдээ Түрээсийн гэрээний гол нөхцөлөөс үзвэл Д.М нь өөрийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай нийт 72.67 м.кв талбай бүхий байрыг бүхэлд нь А.Дд түүний аж ахуйн үйл ажиллагаанд зориулж түрээслүүлсэн нь талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна гэж хүлээн зөвшөөрсөн нь гэрээгээр тохиролцсон үүргээ талууд биелүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрсөн буюу түрээсийн гэрээний үндсэн нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэж хариуцагч талаас үзэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж хуульчилсан байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан зохигч нарын тайлбар, шүүхэд гаргаж өгсөн баримтаас үзвэл тухайн маргаан бүхий түрээсийн гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байна. Иймд талуудын хооронд байгуулсан 2022.06.07-ны өдрийн түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 8-д хуулийн тогтоосон хэлбэрийг зөрчсөн...хэлцэл буюухүчин төгөлдөр байх тул маргаан бүхий түрээсийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцож өгнө үү гэж шаардлага гаргасан байдаг. Иргэний хуульд хэлцлийн хэлбэрийг тодорхойлохдоо 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заасан. Талуудын хооронд 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээ нь хуульд тодорхойлон заасан бичгийн хэлбэрээр байгуулагдаж Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан нотариатчаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр, үл маргах шинжтэй болох үйлдэл, баримт бичгийг гэрчлэх, 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх хэлцэл нь мөн хуулийн 46.2 дахь хэсэгт заасан хэлбэр агуулгын шаардлагыг хангасан хэлцэл гэдгийг 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр нотариатч Ч.Эгаар гэрчлүүлсэн байдаг бөгөөд гэрээний үндсэн нөхцөл шаардлага биелэгдэж, талууд гэрээг харилцан хүлээн зөвшөөрч, үл маргах журмаар гэрээний дагуух үйл ажиллагаа явагдаж эхэлсэн. Энэ нь түрээслүүлэгч Д.М өөрийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай байраа түрээслэгчид үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэн өгч 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлсэн, нэхэмжлэгч түрээсийн гэрээний зүйл болох байрыг хүлээн авч үйлчилгээний зориулалтаар ашиглаж үйл ажиллагаа явуулсан нь нэхэмжпэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан нэхэмжлэл 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжпэлийн шаардлагаа өөрчилж гаргасан нэхэмжлэлд Түрээсийн гэрээний гол нөхцөлөөс үзвэл Д.М нь өөрийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай нийт 72.67 м.кв талбай бүхий байрыг бүхэлд нь А.Дд түүний аж ахуйн үйл ажиллагаанд зориулж түрээслүүлсэн нь талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна" гэж тайлбарласан байдлаар тус тус нотлогддог. Талууд түрээсийн гэрээгээр харилцан тохиролцсон эдлэх эрх хүлээх үүргээ түрээслэгч болон түрээслүүлэгчийн хэн аль биелүүлж, маргаан үүсээгүй тул гэрээлэгч талууд Улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн эрхийг түрээслэгч, түрээслүүлэгчийн аль нэг талын гаргасан мэдүүлгийг үндэслэн энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан журмын дагуу бүртгэнэ, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 397 дугаар тогтоолоор батлагдсан Эд хөрөнгийн эрхийн бүртгэл хөтлөх журам-ын 12 дугаар зүйлд заасан үндсэн шаардлагын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх адил тэнцүү эрхээ хэрэгжүүлээгүй ч Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн, 43.3-т заасны дагуу Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэж тодорхойлсон байх тул талуудын хооронд 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр байгуулж, 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн түрээсийн гэрээ нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн... хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна. Түрээсийн гэрээний түрээслүүлэгч нь түрээсийн гэрээний зүйл болох аж ахуйн зориулалттай эд хөрөнгийг ашиглах, үйл ажиллагаагаа явуулах боломжтойгоор 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлэн өгч, тухайн үйлдлийн хариуд түрээслэгч нь түрээсийн төлбөр болох 10,000,000 төгрөгийг харилцан тохиролцсоны дагуу 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Голомт банк дахь 0 тоот Д.Мын дансанд шилжүүлэн өгсөн бодит үйлдлээр илэрхийлэгддэг.

Иймд гэрээлэгч талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ, 288 дугаар зүйлийн 288.1.1-д хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх шаардлага бүрэн хангагдсан, 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 06-ны хооронд хүчин төгөлдөр мөрдөгдсөн хэлцэл болохыг тогтоож, гэрээний дагуу 2022 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар гарсан СӨХ-ийн төлбөр 130,000 төгрөг гэрэл цахилгааны төлбөр 81,000 төгрөгийн төлбөр, цонхны чулуун тавцан хагалсан нөхөн төлбөрт чулуун тавцангийн үнэ 310,000 төгрөгийг тус тус хасч зөрүү 1,900,000 төгрөг болон нэг сарын түрээс 2,500,000 төгрөг нийт 4,400,000 төгрөгийг түрээсийн төлбөрт шилжүүлсэн 10,000,000 төгрөгөөс хасаж шилжүүлсэн нь хууль зүйн хувьд үндэслэлтэй болохыг хянан шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн түрээсийн гэрээ, Д.Мын 0 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, А.Ды Хаан банкны 0 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШЗ2022/26419 дугаартай захирамж, нэхэмжлэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн итгэмжлэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн,

Хариуцагчийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн итгэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, Д.Мын Голомт банкны 0 тоот дансны хуулга, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн зарлагын баримт, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай холбоотой хариу тайлбарыг тус тус хариуцагч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.Д нь хариуцагч Д.Мад холбогдуулан түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 1,854,839 төгрөг гаргуулахаар анх нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, талуудын хооронд байгуулсан 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, үлдэгдэл 5,600,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.1.1-д зааснаар хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх шаардлага бүрэн хангагдсан, 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 06-ны хооронд хүчин төгөлдөр мөрдөгдсөн хэлцэл тул 2022 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар гарсан СӨХ-ийн төлбөр 130,000 төгрөг, гэрэл цахилгааны төлбөр 81,000 төгрөгийн төлбөр, цонхны чулуун тавцан хагалсан нөхөн төлбөрт чулуун тавцангийн үнэ 310,000 төгрөгийг тус тус хасч зөрүү 1,900,000 төгрөг болон нэг сарын түрээс 2,500,000 төгрөг, нийт 4,400,000 төгрөгийг түрээсийн төлбөрт шилжүүлсэн 10,000,000 төгрөгөөс хасч шилжүүлсэн нь хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

3. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4а. Хан-Уул дүүрэг, 0 тоотод байрлах, 72,67 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Д.М нь 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр бүртгэгдэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ.

 

4б. Д.М нь А.Дтай 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг А.Дд 3 жилийн хугацаатайгаар түрээслүүлэхээр, 1 сарын төлбөр нь 2,500,000 төгрөг ба 3 сараар төлбөрийг төлөхөөр, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, цахилгааны төлбөр, халаалт, хог гэх мэт ашиглалтын төлбөрийг түрээслэгч төлөхөөр тус тус харилцан тохиролцсон байна.

 

Уг гэрээний 4 дүгээр хэсгийн доод хэсэгт Жич: Тавилга байхгүй, актаар хүлээлцэнэ гэх бичилт хийсэн боловч үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хэн алиндаа хүлээлцсэн баримтыг бичгээр үйлдээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

4в. А.Д нь 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр түрээсийн төлбөрт 10,000,000 төгрөгийг Д.Мад шилжүүлсэн болох нь А.Ды Хаан банкны 0 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

4г. Ийнхүү А.Д нь Д.Мын үл хөдлөх эд хөрөнгийг хүнсний дэлгүүрийн зориулалтаар түрээсэлж байгаад, ашиг орлого муу байна гэх шалтгаанаар түрээслэхээ больж, Д.М нь үүнийг хүлээн зөвшөөрч, 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 2,500,000 төгрөгийг Март барьцаа зээл буцаав гэсэн утгаар, 8 дугаар сарын 26-ны өдөр 1,900,000 төгрөгийг Мартаас үлдэгдэл шилжүүлэв гэсэн утгаар нийт 4,400,000 төгрөгийг А.Ды 0 тоот дансанд шилжүүлсэн, зохигчид энэ талаар маргаагүй.

 

4д. Хариуцагч Д.М нь 2022 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар гарсан СӨХ-ийн төлбөр 130,000 төгрөг, гэрэл цахилгааны төлбөр 81,000 төгрөг, цонхны чулуун тавцан хагалсан нөхөн төлбөрт чулуун тавцангийн үнэ 310,000 төгрөг, нийт 521,000 төгрөгийг тус тус хасч тооцсон гэх тайлбарыг гаргадаг бөгөөд нэхэмжлэгч А.Д нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...2022.06.07-2022.07.16-ны өдөр хүртэлх ... хугацааны ашиглалтын зардал болох ус, цахилгааны төлбөр болон цонхны тавцан хагалсны төлбөрт нийт 600,000 төгрөгийг ... Д.Мад шилжүүлсэн 10,000,000 төгрөгөөс суутгуулан ... гэх тайлбарыг гаргасан байх бөгөөд А.Д нь Д.Мын үл хөдлөх эд хөрөнгийг ашигласан хугацааны ашиглалтын зардал болон бусад зардалд 600,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

5. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар түрээсийн гэрээ байгуулагдсан, Д.М нь өөрийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг А.Ды аж ахуйн үйл ажиллагаа буюу хүнсний дэлгүүр ажиллуулах зориулалтаар түүнд хүлээлгэн өгч, А.Д нь түрээсийн төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн байна.

 

5а. Зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 4-т Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлэн, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гэж тохирсон боловч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж зааснаар гэрээг нотариатаар гэрчлүүлсэн, харин үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн бүртгэлийн газарт бүргүүлээгүй байна.

 

Хэдийгээр талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан гэх шаардлагыг хангасан гэж үзэхээр байх боловч 43.2.3-д Хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн байхыг шаардсаны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээний үндсэн шинж нь мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар тодорхойлогдоно.

 

5б. Дээр дурдсан байдлаас үзэхэд талууд түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д заасантай нийцсэн байх бөгөөд ийнхүү бүртгүүлээгүй нь мөн хуулийн 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.

 

5в. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдох бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь дээр дурдсан үйл баримт, үндэслэлийн дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл, мөн хуулийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар гэрээгээр шилжүүлсэн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг А.Д нь Д.Мад буцаан шилжүүлсэн, харин нь Д.М нь гэрээний дагуу авсан түрээсийн төлбөрөөс 4,400,000 төгрөгийг буцаан шилжүүлж, 5,600,000 төгрөгийг шилжүүлээгүй тул уг үлдсэн төлбөрийг Д.М нь А.Дд буцаан шилжүүлэх нь зүйтэй байна.

 

5г. Энэхүү үлдсэн төлбөрөөс ашиглалтын болон цонхны чулуун тавцан хагалсаны төлбөрт нийт 600,000 төгрөгийг суутгахын хувьд хэн алин нь маргаагүй тул 5,600,000 төгрөгөөс хасч, хариуцагчаас 5,000,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.

 

6. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж заасан бөгөөд энэхүү заалт нь хүчин төгөлдөр гэрээний хувьд мөрдөгдөх ба хариуцагч нь эд хөрөнгө хөлслөх гэрээний холбогдох зүйл, заалтын дагуу талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр мөрдөгдсөн гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 14,943 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч Д.Маас улсын тэмдэгтийн хураамжид 174,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4, 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д заасныг тус тус баримтлан талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Д.Маас үлдэгдэл төлбөр 5,000,000 /таван сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Дд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 600,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 14,943 /арван дөрвөн мянга есөн зуун дөчин гурав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч Д.Маас улсын тэмдэгтийн хураамжид 174,950 /нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Дд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ