Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00562

 

 

2023               03            17                                      210/МА2023/00562

А.Д ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 23-ны өдрийн 101/ШШ2023/00541 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Д ы нэхэмжлэлтэй, хариуцагч Д.М д холбогдох түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 5,600,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: “А.Д нь Д.М тай харилцан тохиролцож түүний өмчлөлийн *** тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай байрыг 3 жилийн хугацаатай түрээслэхээр 2022 оны 06 сарын 07-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр А.Д д нийт 72,62 м.кв талбай бүхий байрыг түүний аж ахуйн үйл ажиллагаанд зориулж бүхэлд нь түрээслүүлсэн. Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн. Уг түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Д.М ад шилжүүлсэн 10,000,000 төгрөгөөс үлдэх 5,600,000 төгрөгийг буцаан гаргуулж А.Д д олгож өгнө үү” гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: “А.Д тай 2022 оны 06 сарын 07-ны өдөр *** тоот хаягт байрлах 72,67 м.кв үйлчилгээний зориулалттай байрыг 3 жилийн хугацаатайгаар нэг сарын түрээсийн төлбөр 2,500,000 байх, түрээсийн төлбөрийг 3 сар дээр барьцаа нэг сарын төлбөр төлөх, СӨХ, гэрэл, цахилгаан, халаалт, хог г.м ашиглалтын зардлыг түрээслэгч төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ” гэж заасан. Талууд түрээсийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Д.М нь 2022 оны 06 сарын 08-ны өдөр үйлчилгээний зориулалттай байрыг А.Д д хүлээлгэн өгч, А.Д байрыг хүлээн авч, үйлчилгээний зориулалтаар ашиглаж, үйл ажиллагаа явуулсан нь нотлогддог. Талууд түрээсийн гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх эрхээ хэрэгжүүлээгүй боловч Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3, 43.3 дахь хэсэгт тус тус зааснаар түрээсийн гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хэлцэлд хамаарахгүй. Түрээсийн зүйлийг 2022 оны 06 сарын 08-ны өдөр түрээслэгчид хүлээлгэн өгч, түрээслэгч түрээсийн төлбөр болох 10,000,000 төгрөгийг 2022 оны 06 сарын 08-ны өдөр Д.М ын Голомт банк дахь *** тоот дансанд шилжүүлсэн. Иймд талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоож, нэхэмжлэгчийн шилжүүлсэн 10,000,000 төгрөгөөс СӨХ, цахилгаан, цонхны чулуун тавцангийн үнэ зэрэгт тооцож нийт 4,400,000 төгрөгийг хасаж шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй” гэжээ.

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4, 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсэгт тус тус зааснаар талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 06 сарын 07-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Д.М аас 5,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Д д олгож, нэхэмжлэлээс үлдэх 600,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 14,943 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч Д.М аас улсын тэмдэгтийн хураамжид 174,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Д д олгож шийдвэрлэжээ. 

4. Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Талуудын хооронд 2022 оны 06 сарын 07-ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээг талууд хүсэл зоригоо илэрхийлж, нэг талаас түрээслүүлэгч Д.М өөрийн эзэмшлийн *** тоот хаягт байрлах 72,67 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэгчид өөрийн зорилго, аж ахуйн үйлчилгээний зориулалтаар ашиглах бүрэн боломжтойгоор хүлээлгэн өгсөн, нөгөө талаас түрээсийн төлбөрт 7,500,000 төгрөг, барьцаа нэг сарын төлбөр болох 2,500,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөгийг Д.М ын Голомт банк дахь *** тоот дансанд төлөх үүргээ гүйцэтгэснээр Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасанчлан талуудын хүсэл зориг хүчин төгөлдөр болсон. Үүнийг Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт “Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй" гэж заасан тул талуудын хоорондын хүсэл зоригийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь үндэслэлгүй.

4.б. Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа түрээсийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, түрээсийн гэрээний дагуу түрээсийн гэрээний зүйлийг нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгч, нэхэмжлэгч үр шимийг нь хүртэж, ашигласан хугацааны ашиглалтын зардлаа төлөхөө илэрхийлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал нэгэнт түрээсийн үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 06 сарын 08-ны өдрөөс 2022 оны 08 сарын 06-ны өдрийг хүртэл буюу 2 сарын хугацаанд эзэмшиж, ашиглаж, тухайн эд хөрөнгийн үр шимийг хүртсэн. Шүүх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн тохиолдолд нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжүүлж болохгүй. Хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар талуудын өгсөн авсныг буцаах бол нэхэмжлэгч талын ашигласан 2 сарын хугацааны түрээсийн төлбөрийг хариуцагчаас гаргуулсан нь үндэслэлгүй. Дээрх тохиолдолд нэгэнт нэхэмжлэгч ашигласан 2 сарыг хариуцагчид биет байдлаар өгөх боломжгүй тул мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй. Иймд түрээсийн төлбөр 5,000,000 төгрөгийг хариуцагч Д.М аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасан үндэслэл илэрсэн тул шийдвэрт өөрчлөлт оруулав. 

2. Нэхэмжлэгч А.Д нь хариуцагч Д.М ад холбогдуулан, 2022 оны 06 сарын 07-ны өдрийн “Түрээсийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, уг гэрээний дагуу шилжүүлсэн 10,000,000 төгрөгөөс үлдэх 5,600,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 20-21, 34, 47-49/

3. Хэрэгт талуудын хооронд 2022 оны 06 сарын 07-ны өдөр байгуулагдсан “Түрээсийн гэрээ” авагдсан, уг гэрээгээр Д.М нь өөрийн өмчлөлийн *** тоот хаягт байршилтай 72,67 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг А.Д ы эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгөх, А.Д нь нэг сарын 2,500,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон  байна. /хх 3/

Улмаар 2022 оны 06 сарын 08-ны өдөр А.Д нь 3 сарын түрээсийн төлбөр 7,500,000 төгрөг, нэг сарын түрээсийн төлбөртэй тэнцэх барьцаа 2,500,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөгийг Д.М ын эзэмшлийн Хаан банк дахь *** тоот данс руу шилжүүлжээ. /хх 5/

4. Дээрх үйл баримтын тухайд талууд маргаагүй, харин тус гэрээ хүчин төгөлдөр эсэх асуудал нь маргааны зүйл болжээ.

Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний шинжийг агуулж байх боловч хүчин төгөлдөр бус гэрээ байна.

Тодруулбал, талууд “Түрээсийн гэрээ”-г Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байх тул мөн зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, улмаар “...талууд гэрээний нөхцөлийг харилцан тохиролцож тогтоосон, уг гэрээг хүлээн зөвшөөрч түрээслэгч түрээсийн төлбөр төлсөн тул гэрээ хүчин төгөлдөр...” гэх хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй.

5. Анхан шатны шүүх хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэхдээ “хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч үнэ төлбөргүйгээр ашиглаж үндэслэлгүйгээр хөрөнгөжиж болохгүй” үйл баримтыг анхаараагүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулах боломжтой.

6. Хэргийн баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

6.а. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “...түрээсийн гэрээг 2022 оны 07 сарын 16-ны өдөр цуцалсан...” гэж, хариуцагч хариу тайлбартаа “...Түрээслэгч А.Д нь 2022 оны 07 сарын 16-ны өдөр дэлгүүрийн үйл ажиллагаа явуулахад орлого муутай байна. Иймд түрээсийн гэрээг цуцлах саналтай байна гэж хэлсэн...” гэж тус тус дурдсан;

6.б. Талууд ашиглалтын зардал /ус, цахилгаан г.м/, цонхны тавцан хагалсны хохиролд 600,000 төгрөг суутгахаар харилцан тохиролцсон;

6.в. Хариуцагч нь нэхэмжлэгчид нийт 4,400,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн.

7. Иймд нэхэмжлэгчийн анх шилжүүлсэн 10,000,000 төгрөгөөс 2022 оны 06 сарын 07-ны өдрөөс 2022 оны 07 сарын 16-ны өдөр хүртэлх 1 сар 9 хоногийн төлбөр 3,250,000 төгрөг, ашиглалтын зардал, хохирол 600,000 төгрөг, буцаан шилжүүлсэн 4,400,000 төгрөгийг тус тус хасч, үлдэх 1,750,000 төгрөгийг хариуцагч Д.М аас гаргуулан нэхэмжлэгч А.Д д олгох нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцнэ.

Хариуцагч талын гаргасан “...Талууд түрээсийн гэрээг 2022 оны 08 сарын 06-ны өдрөөр цуцалсан...” гэх тайлбар хэргийн баримтаар тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 23-ны өдрийн 101/ШШ2023/00541 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Д.М аас 1,750,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Д д олгож, үлдэх 3,850,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...174,950 /нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь/...” гэснийг “...42,950...” гэж өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.М аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 02 сарын 16-ны өдөр урьдчилан төлсөн 104,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ        

                                ШҮҮГЧИД                                      М.БАЯСГАЛАН​​​​​​​

                                                                                       Д.НЯМБАЗАР