Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2023/02185

 

 

 

 

 

 

 

 

 2023         05          02                                          101/ШШ2023/02185

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Л.Н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.Б холбогдох зээлийн гэрээний үүрэгт 116,988,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Н, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Хариуцагч Х.Б 2019-01-30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 9,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр, 2019-02-18-ны өдөр мөн зээлийн гэрээ байгуулж 9,000,000 төгрөгийг 2019-02-18-ны өдрөөс 2019-08-20-ны өдрийг хүртэл хугацаатайгаар сарын 6 хувийн хүүтэйгээр, 2019-04-01-ний өдөр 2094 зээлийн гэрээг түүний охин А.Итэй байгуулж, 12,500,000 төгрөгийг 2019-04-01-ний өдрөөс 2019-05-01-ний өдрийг хүртэл хугацаанд сарын 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Мөн өдрөө нэмж 1,000,000 төгрөгийг зээлдүүлж, 13,500,000 төгрөгийг Х.Б данс руу шилжүүлсэн байдаг. Х.Бнь охин А.Иийн зээлийг төлнө гэж тодорхойлолт бичиж өгсөн. Өмнө өгч, авч байсан зээлд 277,000,000 төгрөг төлсөн байдаг. Ингэж зээлийг авч мөнгийг төлөөгүй тул тооцоо нийлж 2019-08-21-ний өдөр зээл, хүүний үлдэгдэл 31,500,000 төгрөгийг, 2019-08-21-ний өдрөөс 2021-08-21-ний өдрийг хүртэл хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр, зээлийг хүүгийн хамт төлөөгүй бол хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор талууд харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан тул хуулийн хүчин төгөлдөр гэж үзнэ. 2019-08-21-ний өдөр 31,500,000 төгрөгийг түүнд өгөөгүй. Хариуцагч Х.Б 2019-08-21-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 31,500,000 төгрөг, зээлийн хүү 69,738,500 төгрөг, алданги 15,750,000 төгрөг, нийт 116,988,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.    

Хариуцагч Х.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мгээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Н, Х.Б нарын хооронд удаан хугацаанд мөнгө зээлдүүлсэн асуудал байгаа. Бидний тооцоогоор Х.Б нэхэмжлэгч Л.Нт нийт 270,000,000 төгрөгийг буцаан төлсөн болох нь баримтаар нотлогдож байгаа. 2019 оны 08-р сарын 21-ний өдөр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байгаа хэдий ч бодит байдал дээр Л.Н нь зээлийн гэрээнд заасан 31,500,000 төгрөгийг хариуцагч Х.Бт дансаар болон бэлнээр огт өгөөгүй. Өмнөх зээлийн гэрээний тооцооллыг бодож гаргасан 31,500,000 төгрөг гэдгээ хүлээн зөвшөөрсөн.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцдог. Өмнө өгч байсан зээлийн гэрээний үүргийг шаардаагүй, мөн А.Ит өгсөн зээлийн гэрээний үүргийг Х.Б шаардах хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: 2019-08-21-ний өдрийн зээлийн гэрээ, Ч.Жны ХААН банкны ......дансны хуулга, Л.Нийн ХААН банкны ......... дансны хуулга, ХАС банкны дансны хуулга, хх-ийн 6-29 тал, 2019-01-30-ны өдрийн зээлийн гэрээ, ... үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, 2019-02-18-ны өдрийн зээлийн гэрээ, 2019-04-01-ний өдрийн Л.Н, А.И нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, тодорхойлолт 2019-08-21-ний өдөр Х.Б, нэмэлт тайлбар гэх гар бичмэл баримт, орон сууцны хувь лизингийн 2018-09-18-ны өдрийн 11 тоот гэрээ, Л.Нээс Х.Бт дансаар шилжүүлсэн зээлийн мэдээллийн дэлгэрэнгүй тооцоо зэрэг баримтыг нотлох баримтаар ирүүлсэн,

Хариуцагчаас Х.Б ХААН банкны ..... дансны гүйлгээний жагсаалт, дансны хуулга, хх-ийн 42-89 тал, зэрэг баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн.  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Л.Нийн хариуцагч Х.Бт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 3,390,000 төгрөгийг хангаж, 113,598,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Л.Н нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Хариуцагч Х.Б 2019-01-30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 9,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр, 2019-02-18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 9,000,000 төгрөгийг 2019-02-18-ны өдрөөс 2019-08-20-ны өдрийг хүртэл хугацаатайгаар, сарын 6 хувийн хүүтэйгээр, 2019-04-01-ний өдөр 2094 тоот зээлийн гэрээг түүний охин А.Итэй байгуулж, 12,500,000 төгрөгийг 2019-04-01-ний өдрөөс 2019-05-01-ний өдрийг хүртэл хугацаанд сарын 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Мөн өдрөө нэмж 1,000,000 төгрөгийг өгч нийт 13,500,000 төгрөгийг Х.Б данс руу шилжүүлсэн.  Х.Бнь охин А.Иийн зээлийг төлнө гэж тодорхойлолт бичиж өгсөн. Авсан зээлүүдийг төлөхгүй байсан учир тооцоо нийлж 2019-08-21-ний өдөр зээл, хүүний үлдэгдэл 31,500,000 төгрөгийг, 2019-08-21-ний өдрөөс 2021-08-21-ний өдрийг хүртэл хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр, зээлийг хүүгийн хамт төлөөгүй бол хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор талууд харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан хуулийн хүчин төгөлдөр гэрээ тул зээл, зээлийн хүү, алданги 116,988,500 төгрөгийг шаардах эрхтэй гэжээ.

3. Хариуцагч Х.Б нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 2019 оны 08-р сарын 21-ний өдөр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан хэдий ч Л.Н нь зээлийн гэрээнд заасан 31,500,000 төгрөгийг хариуцагч Х.Бт дансаар болон бэлнээр өгөөгүй. Өмнөх зээлийн гэрээний тооцооллыг бодож гаргасан 31,500,000 төгрөг гэдгээ хүлээн зөвшөөрсөн.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцдог тул зөвшөөрөхгүй. Иймд 2019-08-21-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй.

Нэхэмжлэгч Л.Н нь 2019-01-30, 2019-02-18-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, 2019-04-01-ний өдөр 2094 тоот зээлийн гэрээг А.Итэй байгуулсан учир Х.Б хариуцах үндэслэлгүй гэж маргасан.     

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нэхэмжлэгч Л.Н нь хариуцагч Х.Бт 2019-01-14-ний өдөр 3,000,000 төгрөг, 2019-01-19-ний өдөр 1,000,000 төгрөг, 2019-01-21-ний өдөр 1,500,000 төгрөг, 2019-01-30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2019-01-30-ны өдөр 500,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийг зээлүүлж, зээлийн гэрээг 2019-01-30-ны өдөр бичгээр хийсэн гэж тайлбарласан.

4.а. Хариуцагч Х.Бт 2019-01-14-ний өдөр 3,000,000 төгрөг, 2019-01-21-ний өдөр 1,500,000 төгрөг, нийт 4,500,000 төгрөг шилжүүлсэн гэдэг нь баримтаар нотлогдоогүй тул зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээргүй байна.  

4.б. Харин 2019-01-19-ний өдөр 1,000,000 төгрөг, 2019-01-30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2019-01-30-ны өдөр 500,000 төгрөг шилжүүлсэн гэдэг нь баримтаар нотлогдож байна. Зохигч 2019-01-30-ны өдөр харилцан тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулсан, бодитоор 4,500,000 төгрөгийн зээл өгсөн болох нь нотлогдож байх тул 2019-01-30-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,500,000 төгрөг, хүү 810,000 төгрөгийг төлөх үндэслэлтэй байна гэж үзлээ.  

   5. Зохигч 2019-02-18-ны өдөр 9,000,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулж, мөнгийг хариуцагч Х.Бт өгсөн болох нь баримтаар нотлогдож байх тул 2019-02-18-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9,000,000 төгрөг, хүү 3,240,000 төгрөг төлөх үндэслэлтэй байна.  

5.а. Иймд хариуцагч Х.Бнь 2019-01-30, 2019-02-18-ны өдрийн зээлийн үүрэгт нийт 17,550,000 төгрөгийг төлөх үүрэгтэй ба нэхэмжлэгч Л.Нт буцаан төлсөн 14,160,000 төгрөг хасч, хариуцагч Х.Б Иргэний хуулийн 281.1, 282,1 дэх хэсэгт зааснаар 3,390,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох.

6. Хариуцагч Х.Бнь 2019-04-01-ний өдөр Л.Н, А.И нарын хооронд байгуулагдсан 2094 тоот зээлийн гэрээний үүргийг хариуцах үндэслэлгүй, 2019-08-21-ний өдөр зээлийн гэрээг бичгээр хийсэн хэдий ч 31,500,000 төгрөгийг бодитоор шилжүүлэн өгөөгүй тул зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Л.Нийн нэхэмжлэлийн шаардлагаас 113,598,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох.    

7. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 742,893 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х.Б 3,390,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 69,190 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281.1 дүгээр зүйлийн 281.1, 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Б 3,390,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Нт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 113,598,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 742,893 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х.Б 69,190 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Нт олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Т.БОЛОРМАА