Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/01618

 

2023 08 18 210/МА2023/01618

  

Л.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 02-ны өдрийн 101/ШШ2023/02185 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Н-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Б-т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 116,938,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагчийн өмгөөлөгч Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Хариуцагч Х.Б-тэй 2019 оны 01 сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 9,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, мөн 2019 оны 02 сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 9,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, мөн 2019 оны 04 сарын 01-ний өдөр Х.Б-ийн охин А.И-тэй зээлийн гэрээ байгуулж 12,500,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй тус тус зээлдүүлсэн. Мөн өдрөө нэмж 1,000,000 төгрөгийг зээлдүүлж, нийт 13,500,000 төгрөгийг Х.Б-ийн данс руу шилжүүлсэн. Х.Б- нь охин А.И-ийн зээлийг төлнө гэж тодорхойлолт бичиж өгсөн. Өмнө өгч, авч байсан зээлд 277,000,000 төгрөг төлсөн байдаг. Ингэж зээлийг авч мөнгийг төлөөгүй тул тооцоо нийлж 2019 оны 08 сарын 21-ний өдөр зээл, хүүгийн үлдэгдэл 31,500,000 төгрөгийг, 2019 оны 08 сарын 21-ний өдрөөс 2021 оны 08 сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, зээлийг хүүгийн хамт төлөөгүй бол хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор талууд харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан тул хуулийн хүчин төгөлдөр. 2019 оны 08 сарын 21-ний өдөр 31,500,000 төгрөгийг түүнд өгөөгүй. Иймд хариуцагч Х.Б-ээс 2019 оны 08 сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 31,500,000 төгрөг, зээлийн хүү 69,738,500 төгрөг, алданги 15,750,000 төгрөг, нийт 116,988,500 төгрөгийг гаргуулж егнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Бид нарын хооронд удаан хугацаанд мөнгө зээлдүүлсэн асуудал байгаа. Бидний тооцоогоор Х.Б нь Л.Н-т нийт 270,000,000 төгрөгийг буцаан төлсөн болох нь баримтаар нотлогдож байгаа. 2019 оны 08 сарын 21-ний өдөр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан хэдий ч бодит байдалд Л.Н нь зээлийн гэрээнд заасан 31,500,000 төгрөгийг хариуцагч Х.Б-т дансаар болон бэлнээр огт өгөөгүй. Өмнөх зээлийн гэрээний тооцооллыг бодож гаргасан 31,500,000 төгрөг гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцдог. Өмнө өгч байсан зээлийн гэрээний үүргийг шаардаагүй, мөн А.И-т өгсөн зээлийн гэрээний үүргийг Х.Б-ээс шаардах хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281.1 дүгээр зүйлийн 281.1, 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Б-ээс 3,390,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Н-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 113,598,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 742,893 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х.Б-ээс 69,190 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Н-т олгож шийдвэрлэжээ.

 

4.   Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.1.Х.Б- нь 2019 оны 08 сарын 21-ний өдөр буюу гэрээний хугацаанд үндсэн зээлээ төлөөгүй тул зээлийн гэрээний үүрэгт 31,500,000 төгрөг, зээлийн хүү 69,738,500 төгрөг, алданги 15,750,000 төгрөг, нийт 116,988,500 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх хууль зүйн үндэслэлтэй. Гэтэл анхан шатны шүүхээс нотлох баримтыг дутуу шинжлэн судалж, хариуцагчаас 3,390,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Н-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 113,598,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Х.Б 14,160,000 төгрөгийг хэзээ төлсөн нь тодорхойгүй, мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй байхад анхан шатны шүүхээс 14,160,000 төгрөгийг төлсөн гэж үзэж хасч шийдвэрлэсэн.

4.2.Л.Н- нь Х.Б-т 2018 оны 10 сарын 21-ний өдөр ***банкны ***тоот төгрөгийн данснаас нийт 9,000,000 төгрөгийг шилжүүлж зээлийн гэрээг байгуулсан. Гэтэл анхан шатны шүүхээс 2019 оны 01 сарын 14-ний өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 01 сарын 21-ний өдөр 1,500,000 төгрөг, нийт 4,500,000 төгрөгийг шилжүүлсэн гэдэг нь баримтаар нотлогдоогүй гэж үзэж, 2019 оны 01 сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 01 сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 01 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг шилжүүлсэн нь баримтаар нотлогдож байна гэж үзэж, үндсэн зээл 4,500,000 төгрөг, хүү 810,000 төгрөгийг төлөх үндэслэлтэй гээд хэргийн материалд огт байхгүй он, сартай гүйлгээний дүн бичиж, мөн түүнийгээ үндэслэж алдаатай шүүхийн шийдвэр гаргасан. Мөн Л.Н- нь Хаан банкны орлого, зарлагын гүйлгээгээ нэг бүрчлэн гарган өгч байхад нотлох баримтыг дутуу шинжлэн судалж, алдаатай шүүхийн шийдвэр гаргасан. 2019 оны 02 сарын 18-ны өдөр 9,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, мөнгийг Х.Б-т өгсөн болох нь баримтаар нотлогдож байх тул 2019 оны 02 сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9,000,000 төгрөг, хүү 3,240,000 төгрөг төлөх үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн.

4.3.Хариуцагч Х.Б-ийн охин А.И-тэй 2019 оны 04 сарын 01-ний өдөр №***дугаартай зээлийн гэрээ байгуулсан хэдий ч 13,500,000 төгрөгийг хариуцагч Х.Б-ийн ***банкны ***данс руу шилжүүлсэн бөгөөд охин А.И нь Япон улсад ажиллахаар явж байгаа тул ээж Х.Б би хариуцаж төлнө гэсэн тодорхойлолт, мөн охин А.И уншиж танилцаж зөвшөөрөн өөрийн гарын үсгийг зурсан 2019 оны 08 сарын 21-ний өдрийн тодорхойлолтыг нотлох баримтаар хүргүүлсэн боловч шүүх нотлох баримтыг харгалзаж үзэхгүйгээр шийдвэр гаргасан. Мөн 2019 оны 08 сарын 21-ний өдөр зээлийн гэрээг бичгээр хийсэн хэдий ч 31,500,000 төгрөгийг бодитоор шилжүүлэн өгөөгүй тул зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй гээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 113,598,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хэрэгсэхгүй болгосон үндсэн төлбөр 28,110,000 төгрөг, хүү 69,738,500 төгрөг, алданги 15,750,000, нийт 113,598,500 төгрөгийг ханган шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

 

5.   Хариуцагч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: 2019 оны 02 сарын 19-ний өдрийн гэрээ, 2019 оны 01 сарын 30-ны өдрийн гэрээнүүдийг бусад этгээд буюу гуравдагч этгээдтэй байгуулсан хуулбарыг оролцуулж 31,500,000 төгрөгийг нэхэмжилсэн. Тухайн гэрээнүүд нь он, сар, дарааллын хувьд өөр өөр байсан. Анхан шатны шүүхээс 2019 оны 08 сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргасан тохиолдолд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох ёстой байсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс тухайн 31,500,000 төгрөгийг гэрээнүүдийн үнийн дүнгийн нийлбэр гэж тайлбарласан учраас нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөгөөр хангасан байдаг. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад Х.Б, Л.Н нар нийт 270,000,000 гаруй төгрөгийг өгч, авсан асуудал яригдаж байна. 2019 оны 01 сарын 30-ны өдөр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд бодитоор 3,500,000 төгрөгийн баримт байдаг. Мөн оны 02 сарын 10-ны өдрийн 9,000,000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээ байгуулсан боловч төлбөрийг буцаан олгосон. Уг 31,500,000 төгрөгийн хэмжээнд талуудын хооронд ямар нэгэн зээлийн гэрээ байгуулагдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Л.Н нь хариуцагч Х.Б-т холбогдуулан үндсэн зээл 31,500,000 төгрөг, зээлийн хүү 69,738,500 төгрөг, алданги 15,750,000 төгрөг, нийт 116,988,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 90, 224-236/

 

3.   Хэрэгт Л.Н, Х.Б- нарын хооронд 2019 оны 08 сарын 21-ний өдөр байгуулагдсан гэх 31,500,000 төгрөгийн үнийн дүнтэй Зээлийн гэрээ авагдсан. /хх 5/

Дээрх гэрээний дагуу 31,500,000 төгрөгийг хариуцагч Х.Б-т бодитоор хүлээлгэн өгөөгүй болохоо нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг бөгөөд ...өмнөх зээлийн гэрээнүүдийн үүргийн үнийн дүнгээр гэрээ хийсэн... гэсэн агуулгаар тайлбарласан.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зохицуулсан тул нэхэмжлэгч нь байгуулагдаагүй Зээлийн гэрээ-г үндэслэн зээлийн эргэн төлөлтийн үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй.

 

4.   Хэрэгт Л.Н, Х.Б- нарын хооронд 2019 оны 01 сарын 30-ны өдөр байгуулагдсан гэх 9,000,000 төгрөгийн үнийн дүнтэй Зээлийн гэрээ, 2019 оны 02 сарын 18-ны өдөр байгуулагдсан гэх 9,000,000 төгрөгийн үнийн дүнтэй Зээлийн гэрээ, Л.Н, А.И нарын хооронд 2019 оны 04 сарын 01-ний өдөр байгуулагдсан гэх 12,500,000 төгрөгийн үнийн дүнтэй Зээлийн гэрээ тус тус авагдсан. /хх 102, 104, 105/

Дээрх Зээлийн гэрээ-нүүдийг хэрэгт авагдсан Л.Н-ийн эзэмшлийн *** банк дахь дансны хуулганууд, тэдгээрт хийгдсэн орлого, зарлагын гүйлгээнүүд, гүйлгээний утгуудтай харьцуулан үнэлбэл нэхэмжлэгч Л.Н нь зээлийн үйл ажиллагаа байнга эрхэлдэг болох нь тогтоогдож байна. /хх 6-8, 10-29, 116-135, 161-199, 201-221/

 

5.   Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн /2001 оны/ 15 дугаар зүйлийн 15.1, 15.3.4-т банкнаас бусад этгээд зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэхээр зохицуулжээ.

Нэхэмжлэгч Л.Н нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байнга эрхлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн байх тул түүний Х.Б, А.И-тэй тус тус байгуулсан зээлийн гэрээнүүд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байна.

Хүчин төгөлдөр бус хэлцэл нь аливаа шаардах эрхийг олгохгүй тул нэхэмжлэгч нь магадлалын хянавал хэсгийн 4-т дурдагдсан Зээлийн гэрээ-нүүдийн үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй.

 

6.   Харин хариуцагч Х.Б нь бусдын мөнгөн хөрөнгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжиж болохгүй тул магадлалын хянавал хэсгийн 4-т дурдагдсан Зээлийн гэрээ-нүүдийн дагуу Л.Н-ээс шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүрэгтэй, энэ нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан зохицуулалтад нийцнэ.

Хариуцагч Х.Б дээрх Зээлийн гэрээ-нүүдийн дагуу 2019 оны 01 сарын 30-ны өдөр 3,500,000 төгрөг, 2019 оны 02 сарын 18-ны өдөр 9,000,000 төгрөг, 2019 оны 04 сарын 01-ний өдөр 13,500,000 төгрөг, нийт 26,000,000 төгрөгийг хүлээн авч, 2019 оны 01 сарын 30-ны өдрөөс хойшхи хугацаанд нийт 7,751,500 төгрөгийг буцаан төлсөн байх тул үлдэх 18,248,500 төгрөгийг Л.Н-т төлөхөөр байна. /хх 117-135, 136/

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Х.Б-ээс 18,248,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Н-т олгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

 

7.   Хэдийгээр 2019 оны 04 сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээ-г Л.Н, А.И нар байгуулсан боловч уг мөнгөн хөрөнгийг хариуцагч Х.Б өөрийн дансаараа хүлээн авсан, мөн ...А.И нь Япон улсад ажиллахаар явсантай холбоотой ээж Х.Б би хариуцна... гэсэн агуулгатай баримт үйлдэж, гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэгч Л.Н нь түүнд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасныг буруутгах үндэслэлгүй. /хх 106/

 

8.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 02-ны өдрийн 101/ШШ2023/02185 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Х.Б-ээс 18,248,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Н-т олгож, үлдэх 98,740,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...69,190 төгрөгийг... гэснийг ...249,192 төгрөгийг... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Н-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 06 сарын 09-ний өдөр урьдчилан төлсөн 725,943 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 Д.НЯМБАЗАР