Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2023/02374

 

 

 

 

 

 

  2023         05         12                                      101/ШШ2023/02374

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д ХХК-д холбогдох 27,651,390 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч НХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д ХХК-тай 2019-09-26-ны өдөр 02/14,15,21,22 дугаартай түрээсийн гэрээг байгуулж Нийслэл худалдааны төвд талбай түрээслэх, 6 сарын хугацаатай, сарын төлбөрт 2,599,500 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр байгуулж. Тус компаниас гаргасан хүсэлтийн дагуу цаашдын хамтын ажиллагаагаа хүндэтгэж, 6 сарын түрээсийн төлбөр болон барьцаа төлбөрт 18,196,500 төгрөгийг 2019-10-15-ны өдөр гэрээний 3.5-д зааснаар Д ХХК-ийн захирал Б.Эы харилцах дансанд шилжүүлсэн. Ингээд түрээсийн талбайн хэмжээнд тохируулж, шилэн хана, хаалга болон даавуун обой зэргийг 9,454,890 төгрөгөөр хийлгүүлж, суурилуулсан боловч Нийслэл худалдааны төвийн талбай ямар ч дүүргэлтгүй, худалдан авагч, үйлчлүүлэгчгүй үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан тул талууд зөвшилцөөд тус төвийн үйл ажиллагаа жигдрэх хүртэлх хугацаанд талбай түрээслэх ажиллагааг хойшлуулсан. Улмаар тус төв бүрэн ашиглалтанд орж, түрээсийн талбайн тоот өөрчлөгдсөн тул 2022-04-05-ны өдөр түрээсийн гэрээг дахин байгуулсан. 2022-10-02-ны өдөр бидэнд түрээслүүлэхээр тохиролцсон талбайг буюу Нийслэл худалдааны төвийн 2 дугаар давхрыг бүхэлд нь онлайн дэлгүүр түрээслэхээр болсон гэх үндэслэлээр бусдад түрээслүүлсэн тул манай компани гэрээнээс татгалзаж, өмнө шилжүүлсэн 18,196,500 төгрөг, талбайн тохижилтод зарцуулсан 9,454,890 төгрөгийг буцаан шилжүүлэх мэдэгдлийг хүргүүлсэн. Үүссэн асуудлыг эвийн журмаар шийдвэрлэхээр удаа дараа холбогдож, хариуцсан менежер н.Мтай уулзаж, ярилцаж байгаа боловч тус компани эхэндээ буцааж өгнө, санхүүгийн асуудлаас шалтгаалж, даруй өгөх боломжгүй байгаа гэж байснаа сүүлдээ утсаа авахаа больж, өнөөдрийг хүртэлх хугацаанд бидэнд төлбөл зохих төлбөрийг буцаан төлөлгүй манай компанийг хохироож байна. Иймд түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөр 15,597,000 төгрөг, барьцаа төлбөр 2,599,500 төгрөг, түрээсийн талбайд хийсэн тохижилтын ажлын зардал 9,454,890 төгрөг, нийт 27,651,390 төгрөгийг Д ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н: Манай компани Нийслэл худалдаа үйлчилгээний төвийн 2 давхар дахь 14, 15, 20, 21 тоот, нийт 51.99 м.кв талбайг түрээслэхээр болсон. Талууд түрээсийн төлбөрийн хэмжээг 1 сарын 2,599,500 төгрөг байхаар тогтоож, сар бүрийн 20-25 өдрийн дотор тус компанийн захирал Б. Эны Хаан банк дахь ........тоот дансанд шилжүүлэхээр, түүнчлэн 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний барьцаа төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. Тус компаниас гаргасан хүсэлтийн дагуу цаашдын хамтын ажиллагаагаа хүндэтгэж, 6 сарын түрээсийн төлбөр болон барьцаа төлбөр болох 18,196,500 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэрээний 3.5-д заасан данс болох Д ХХК-ийн захирал Б.Эны харилцах дансанд шилжүүлсэн юм. Ингээд түрээсийн талбайн хэмжээнд тохируулж, шилэн хана, хаалга болон даавуун обой зэргийг 9,454,890 төгрөгөөр хийлгүүлж, суурилуулсан боловч Нийслэл худалдааны төвийн талбай ямар ч дүүргэлтгүй, худалдан авагч, үйлчлүүлэгчгүй өөрөөр хэлбэл үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан тул талууд зөвшилцөөд тус төвийн үйл ажиллагаа жигдрэх хүртэлх хугацаанд талбай түрээслэх ажиллагааг хойшлуулсан. Улмаар тус төв бүрэн ашиглалтад орж, түрээсийн талбайн тоот өөрчлөгдсөн тул талууд 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр түрээсийн гэрээг дахин байгуулсан. 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр бидэнд түрээслүүлэхээр тохиролцсон талбайг буюу Нийслэл худалдааны төвийн 2 дугаар давхрыг бүхэлд нь онлайн дэлгүүр түрээслэхээр болсон гэх үндэслэлээр бусдад түрээслүүлсэн тул маанай компани гэрээнээс татгалзаж, өмнө шилжүүлсэн 18,196,500 төгрөг болон түрээсийн талбайн тохижилтод зарцуулсан 9,454,890 төгрөгийг буцаан шилжүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Үүссэн асуудлыг эвийн журмаар шийдвэрлэхээр удаа дараа холбогдож, хариуцсан менежер н.Мтай уулзаж, ярилцаж байгаа боловч тус компани эхэндээ буцааж өгнө, санхүүгийн асуудлаас шалтгаалж, даруй өгөх боломжгүй байгаа гэж байснаа сүүлдээ утсаа авахаа больж, өнөөдрийг хүртэлх хугацаанд бидэнд төлбөл зохих төлбөрийг буцаан төлөлгүй манай компанийг хохироосоор байна. Иймд НХХК болон Д ХХК нарын хооронд байгуулагдсан Түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөр 15,597,000 төгрөг, барьцаа төлбөр 2,599,500 төгрөг, түрээсийн талбайд хийсэн тохижилтын ажлын зардал 9,454,890 төгрөг нийт 27,651,390 төгрөгийг Д ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Д ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд зааснаар гэрээг байгуулсан.

1. Түрээсийн төлбөр 15.597.000 төгрөгийн хувьд: Түрээслэгч нь түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулахын тулд өөрийн зардлаар тохижилтын ажил хийсэн. Энэхүү тохижилт нь зөвхөн түрээслэгчийн санаачилгаар, түүний бүтээгдэхүүн үйлчилгээнд зориулагдсан. Тохижилтыг хийх хугацаанд түрээсийн төлбөр тооцохгүй байхаар талууд гэрээгээр тохироогүй.

ДХХК нь 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 03 дугаар сарыг хүртэл 4 сарын хугацаанд түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулсан. Энэ нь 10.398.000 төгрөгийн түрээс 1.367.600 төгрөгийн ашиглалтын зардал тооцогдоно, нийт 11.764.000 төгрөг болж байгаа. Энэ нь түрээслэгчээс түрээслүүлэгчид өгсөн 2022 оны 5-р сарын 10-ны өдрийн 22/116 тоот албан хүсэлтээр нотлогдоно.

Талууд 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 02/213 тоот Нийслэл худалдааны төвийн талбайн түрээсийн гэрээ байгуулсан. Тус гэрээгээр талбайн түрээсийн нэг сарын төлбөрийг ашиглалтын зардлыг оруулахгүйгээр 2.630.000 төгрөг, гэрээний 1.11 дүгээр зүйлд зааснаар түрээслэгчийн 22/116 тоот албан хүсэлтээс харвал 4 дүгээр сараас эхлэх түрээсийн төлбөрийг тус худалдааны төвийн дүүргэлтийг нэмэгдтэл түр хугацаагаар хойшлуулж өгөхийг хүссэн байна. Иргэний хуулийн 324.1 дүгээр зүйлд заасны дагуу гэрээний хугацаанд түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөхгүй.

2. Барьцаа төлбөр 2.599.500 төгрөгийн хувьд: Түрээслүүлэгч нь тус талбайг 2022 оны 10 дугаар сараас эхлэн өөр газарт түрээслүүлэхээр болсон. Тиймээс 2022 оны 10 дугаар сар хүртэл түрээслүүлэгч нь түрээслэгчээс түрээсийн төлбөр нэхэмжлэх эрхтэй. Түрээслэгч нь түрээслүүлэгчээс мөнгө нэхэх биш, эсрэгээрээ бид 2022 оны 10 дугаар сар хүртэлх түрээсийн төлбөрөө нэхэмжлэх эрхтэй.

3. Түрээсийн талбайд хийсэн тохижилтын зардал 9.454.890 төгрөгийн хувьд: Түрээслэгч нь өөрийн хүслээр, өөрийн бизнесийн үйл ажиллагаанд зориулан тохижилт хийсэн. Энэхүү зардлыг түрээслүүлэгч хариуцахаар гэрээ байгуулаагүй. Иргэний хуулийн 289.2.6. хөлслөн авсан эд хөрөнгөд салгаж болох засан сайжруулалт хийсэн бол гэрээ дуусгавар болоход түүнийгээ салгаж авах гэж заасны дагуу түрээслүүлэгч нь салгаж болох засан сайжруулалт болох шилэн тусгаарлагчийг буцаан авч болохыг түрээслэгчид мэдэгдсэн боловч буцаан аваагүй. Түрээслэгч нь талбайн хэвийн элэгдэл, хорогдлыг тооцон анх түрээслэх үеийн байдлаар хүлээлгэн өгөх ёстой.

Түрээслүүлэгч нь түрээслэгчид түрээсийн төлбөр болон, тохижилтын зардлыг төлөх биш, харин түрээслэгчээс 2022 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг нэхэмжлэх эрхтэй.

Иймд НХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс НХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023-02-08-ны өдрийн 23/01/42 дугаартай итгэмжлэл, 2019-09-26-ны өдрийн 02/14, 15, 21, 22 Нийслэл худалдаа үйлчилгээний төвд павильон ажиллуулах түрээсийн гэрээний хуулбар, 2022-04-05-ны өдрийн №02/213 дугаартай талбайн түрээсийн гэрээний хуулбар, 2022-10-12-ны өдрийн 2/213 дугаартай мэдэгдэл хүргэх тухай албан бичгийн хуулбар, 2022-11-01-ний өдрийн №22/305 дугаартай гэрээ цуцлах тухай албан бичгийн хуулбар, 2021-09-13, 2021-10-12, 2021-11-12, 2021-12-27-ны өдрүүдийн НХХК-ийн дансны хуулга, Ө.Сын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа зэрэг баримтыг ирүүлсэн.

Хариуцагчаас Д ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрмийн хуулбар, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг баримтыг ирүүлсэн.

    ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч НХХК нь хариуцагч Д ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт урьдчилан төлсөн түрээсийн төлбөр, барьцаа төлбөр 18,196,500 төгрөг, тохижилтын зардал 9,454,890 төгрөг, нийт 27,651,390 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 14,623,882 төгрөгийг хангаж, 13,027,508 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч НХХК нь хариуцагч Д ХХК-тай 2019 оны 09 сарын 26-ны өдөр 02/14,15,21,22 дугаартай түрээсийн гэрээг байгуулж Нийслэл худалдааны төвд талбай түрээслэх, сарын төлбөрийг 2,599,500 төгрөг байх, 1 сарын барьцаа түрээсийн төлбөр 2,599,500 төгрөгийг урьдчилан байршуулах, гэрээг 6 сарын хугацаатай байгуулж. Хариуцагчийн хүсэлтийн дагуу түрээсийн төлбөр 18,196,500 төгрөгийг захирал Б.Э ны ХААН банкны .... дансанд шилжүүлж үүргээ биелүүлсэн.

Гэрээнд заасны дагуу 2021 оны 10 сард барилгыг ашиглалтанд орсны дараа 2021 оны 9 сард талбайг хүлээн авч, үйл ажиллагааг явуулах үүднээс шилэн хана, хаалга болон даавуун обой нааж, үйл ажиллагааг 2021 оны 10 сараас эхлүүлсэн. Нийслэл худалдааны төвийн үйл ажиллагаа эхэлж байсан учир үйлчлүүлэгч байхгүй байсан тул үйл ажиллагаа жигдрэхээр үйл ажиллагааг явуулна гэж харилцан ярилцан тохиролцож 2022 оны 2 сард түрээслэсэн талбайг хүлээлгэн өгсөн. Уг түрээсийн талбайг өөр байгууллагад түрээслэсэн тул түрээсийн төлбөр 18,196,500 төгрөг, тохижилтын зардал 9,454,890 төгрөг, нийт 27,651,390 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарласан.      

3. Хариуцагч Д ХХК ДХХК нь 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 03 дугаар сарыг хүртэл 4 сарын хугацаанд түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулсан. Энэ нь 10,398,000 төгрөгийн түрээс 1,367,600 төгрөгийн ашиглалтын зардал тооцогдоно, нийт 11,764,000 төгрөг болж байгаа. Энэ нь түрээслэгчээс түрээслүүлэгчид өгсөн 2022-05-10-ны өдрийн 22/116 тоот албан хүсэлтээр нотлогдоно.

Иргэний хуулийн 324.1 дүгээр зүйлд заасны дагуу гэрээний хугацаанд түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөхгүй, 2022 оны 10 дугаар сар хүртэлх түрээсийн төлбөрөө нэхэмжлэх эрхтэй.

Түрээсийн талбайд хийсэн тохижилтын зардал 9,454,890 төгрөгийн хувьд түрээслэгч нь өөрийн хүслээр, өөрийн бизнесийн үйл ажиллагаанд зориулан тохижилт хийсэн. Энэхүү зардлыг түрээслүүлэгч хариуцахаар гэрээ байгуулаагүй. Иргэний хуулийн 289.2.6 хөлслөн авсан эд хөрөнгөд салгаж болох засан сайжруулалт хийсэн бол гэрээ дуусгавар болоход түүнийгээ салгаж авах гэж заасны дагуу түрээслүүлэгч нь салгаж болох засан сайжруулалт болох шилэн тусгаарлагчийг буцаан авч болохыг түрээслэгчид мэдэгдсэн боловч буцаан аваагүй тул бид түрээсийн төлбөрийг буцаан өгөх, засан сайжруулсан зардлыг хариуцах үндэслэлгүй гэж маргасан.

4. Зохигч 2019 оны 09 сарын 26-ны өдөр 02/14,15,21,22 дугаартай түрээсийн гэрээг байгуулж Нийслэл худалдааны төвд талбай түрээслэх, түрээсийн төлбөрт урьдчилан 18,196,500 төгрөгийг захирал Б.Эны ХААН банкны . дансанд шилжүүлж, барилгыг ашиглалтанд орсны дараа 2021 оны 9 сард талбайг хүлээн авч, үйл ажиллагааг явуулах үүднээс шилэн хана, хаалга болон даавуун обой нааж нэхэмжлэгч 9,424,882 төгрөгийн зардал гаргаж тохижилт хийсэн, үйл ажиллагааг 2021 оны 10 сараас эхлүүлж, 2022 оны 2 сард түрээсийн талбайг хүлээлгэн өгсөн үйл баримт дээр маргаагүй.

Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.

5. Нэхэмжлэгч НХХК нь Нийслэл худалдааны төвийн үйл ажиллагаа жигдрээгүйгээс үйл ажиллагааг түр зогсоох, энэ хугацаанд түрээсийн төлбөрийг тооцохгүй байхаар талууд тохиролцсон байсан гэсэн тайлбарыг гаргаж байгаа хэдий ч энэ нь баримтаар нотлогдоогүй. Иймд түрээсийн гэрээний дагуу 2021 оны 10 сараас 2022 оны 2 сар хүртэл хугацаанд түрээсийн талбайг ашиглаж үйл ажиллагаа явуулсан дээр маргахгүй байх тул энэ хугацааны түрээсийн төлбөрт 12,997,500 төгрөгийг буцаан шаардах эрхгүй байна. Нийслэл худалдааны төвийн үйл ажиллагааг жигдрэх хүртэл түрээсийн төлбөр төлөхгүй гэх нөхцөлийг гэрээнд тусгаагүй.

Хариуцагч Д ХХК нь түрээсийн талбайг 2022 оны 2 сард хүлээн авсан гэдэг дээр маргаагүй тул түрээсийн үйл ажиллагааг явуулаагүй хугацааны түрээсийн төлбөр, барьцааны төлбөрт 5,199,000 төгрөг, мөн түрээсийн талбайд 9,424,882 төгрөгийн засвар хийсэн дээр маргахгүй байх тул хариуцагч Д ХХК-иас 14,623,882 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч НХХК-д олгох үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч 9,454,890 төгрөгийн засвар хийсэн гэж тооцооллыг 30,000 төгрөгийн зөрүүтэй хийсэн гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.         

Нэхэмжлэгч НХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296,207 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д ХХК-иас 231,069 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д ХХК-иас 14,623,882 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч НХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13,027,508 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 296,207 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д ХХК-иас 231,069 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч НХХК-д олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.БОЛОРМАА