Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01571

 

2023 08 09 210/МА2023/01571

 

Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа, даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 12-ны өдрийн 101/ШШ2023/02374 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д ХХК-д холбогдох, нийт 27,651,390 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Д ХХК-тай 2019 оны 09 сарын 26-ны өдөр *** дугаартай түрээсийн гэрээ байгуулж, Нийслэл худалдааны төвд 6 сарын хугацаатай талбай түрээслэх, сарын төлбөрт 2,599,500 төгрөг төлөхөөр тохиролцсон ба 6 сарын түрээсийн төлбөр болон барьцаа төлбөрт 18,196,500 төгрөгийг 2019 оны 10 сарын 15-ны өдөр гэрээний 3.5-д зааснаар Д ХХК-ийн захирал Б.Э-ы харилцах дансанд шилжүүлсэн. Ингээд түрээсийн талбайн хэмжээнд тохируулж, шилэн хана, хаалга болон даавуун обой зэргийг 9,454,890 төгрөгөөр хийлгүүлж, суурилуулсан. Нийслэл худалдааны төвийн талбай ямар ч дүүргэлтгүй, худалдан авагч, үйлчлүүлэгчгүй үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан тул талууд зөвшилцөөд тус төвийн үйл ажиллагаа жигдрэх хүртэлх хугацаанд талбай түрээслэх ажиллагааг хойшлуулсан. Улмаар тус төв бүрэн ашиглалтад орж, түрээсийн талбайн тоот өөрчлөгдсөн тул 2022 оны 04 сарын 05-ны өдөр түрээсийн гэрээг дахин байгуулсан. 2022 оны 10 сарын 02-ны өдөр бидэнд түрээслүүлэхээр тохиролцсон талбайг бүхэлд нь бусдад түрээслүүлсэн тул манай компани гэрээнээс татгалзаж, өмнө шилжүүлсэн 18,196,500 төгрөг, талбайн тохижилтод зарцуулсан 9,454,890 төгрөгийг буцаан шилжүүлэх мэдэгдлийг хүргүүлсэн. Иймд түрээсийн түрээсийн төлбөр 15,597,000 төгрөг, барьцаа төлбөр 2,599,500 төгрөг, түрээсийн талбайд хийсэн тохижилтын ажлын зардал 9,454,890 төгрөг, нийт 27,651,390 төгрөгийг Д ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Талууд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд зааснаар 2022 оны 04 сарын 05-ны өдөр 02/213 тоот Нийслэл худалдааны төвийн талбайн түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн төлбөр 15,597,000 төгрөгийн хувьд түрээслэгч нь түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулахын тулд өөрийн зардлаар тохижилтын ажил хийсэн. Энэхүү тохижилт нь зөвхөн түрээслэгчийн санаачилгаар, түүний бүтээгдэхүүн үйлчилгээнд зориулагдсан. Тохижилтыг хийх хугацаанд түрээсийн төлбөр тооцохгүй байхаар талууд гэрээгээр тохироогүй. Н ХХК нь 2021 оны 11 сараас 2022 оны 03 сарыг хүртэл нийт 4 сарын хугацаанд түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулсан бөгөөд 10,398,000 төгрөгийн түрээс 1,367,600 төгрөгийн ашиглалтын зардал, нийт 11,764,000 төгрөг болж байгаа. Энэ нь түрээслэгчээс түрээслүүлэгчид өгсөн 2022 оны 05 сарын 10-ны өдрийн *** тоот албан хүсэлтээр нотлогдоно. Түрээсийн гэрээгээр талбайн түрээсийн нэг сарын төлбөрийг ашиглалтын зардлыг оруулахгүйгээр 2,630,000 төгрөг, гэрээний 1.11-д зааснаар түрээслэгчийн *** тоот албан хүсэлтээс харвал 4 сараас эхлэх түрээсийн төлбөрийг тус худалдааны төвийн дүүргэлтийг нэмэгдтэл түр хугацаагаар хойшлуулж өгөхийг хүссэн байна. Иргэний хуулийн 324 дүгээр зүйлийн 324.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний хугацаанд түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөхгүй. Барьцаа төлбөр 2,599,500 төгрөгийн хувьд түрээслүүлэгч нь тус талбайг 2022 оны 10 сараас эхлэн өөр газарт түрээслүүлэхээр болсон. Тиймээс 2022 оны 10 сар хүртэл түрээслүүлэгч нь түрээслэгчээс түрээсийн төлбөр нэхэмжлэх эрхтэй. Түрээслэгч нь түрээслүүлэгчээс мөнгө нэхэх биш, эсрэгээрээ бид 2022 оны 10 сар хүртэлх түрээсийн төлбөрөө нэхэмжлэх эрхтэй. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.6-д заасны дагуу түрээслүүлэгч нь салгаж болох засан сайжруулалт болох шилэн тусгаарлагчийг буцаан авч болохыг түрээслэгчид мэдэгдсэн боловч буцаан аваагүй. Түрээслэгч нь талбайн хэвийн элэгдэл, хорогдлыг тооцон анх түрээслэх үеийн байдлаар хүлээлгэн өгөх ёстой. Түрээслүүлэгч нь түрээслэгчид түрээсийн төлбөр болон, тохижилтын зардлыг төлөх биш, харин түрээслэгчээс 2022 оны 10 сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг нэхэмжлэх эрхтэй. Иймд Н ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5-д зааснаар хариуцагч Д ХХК-аас 14,623,882 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13,027,508 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 296,207 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д ХХК-аас 231,069 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.1.Д ХХК нь Б дүүрэг, ***-р хороо, Т гудамж, Н-д өөрийн өмчлөлийн худалдааны талбайг түрээслүүлэхээр 2019 оны 9 сарын 26-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, хариуцагч нь нэхэмжлэгчээс 6 сарын түрээсийн төлбөр болон 1 сарын барьцаанд 18,196,500 төгрөг хүлээн авсан. Ийнхүү урьдчилан байгуулсан гэрээ хэрэгжиж эхлээгүй байтал дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хэсэгчилсэн хөл хорио тогтоох, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих зэргээр давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл үүссэн. 2021 оны 09 сарын 01-ний өдрөөс худалдааны төв үйл ажиллагаагаа явуулах боломжтой болж нэхэмжлэгч нь өөрсдийн үйл ажиллагаанд тохируулан тохижилтын ажлыг хийсэн. Гэрээний талууд тохижилт хийх хугацаанд түрээслэгчийг түрээсийн төлбөрөөс чөлөөлөхөөр тохиролцоогүй. Түрээслэгч нь түрээсийн талбайн шилэн хана дээр түр ажиллахгүй гээд утасны дугаар бүхий цаас наагаад явсан байсан. Энэ талаар шүүх хуралдаан дээр хэлсэн боловч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5 болон 6-р талд Д ХХК нь түрээсийн талбайг 2022 оны 02 сард хүлээн авсан гэдэг дээр маргаагүй хэмээн буруу дүгнэсэн. Мөн түрээсийн талбайг хүлээн авсан 9 сараас эхлэн 2 сарыг дуусталх хугацаагаар тооцоход 6 сарын хугацаа дууссан. Нэхэмжлэгч албан бичигтээ 11 сараас талбайг ашигласан гэж дурдсан нь дэлгүүрээ нээсэн хугацаагаа хэлж байна. Талбайг 9 сард хүлээн авсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Тэгэхээр хариуцагч тал 6 сарын түрээсийн төлбөр хэмээн шилжүүлсэн мөнгөндөө талбайг эзэмшиж ашигласан байна.

4.2. Түрээсийн гэрээг 2022 оны 04 сарын 05-ны өдөр шинэчлэн байгуулсан. Талууд харилцан тохиролцож түрээсийн төлбөрийн хэмжээг нэг сарын 2,630,000 төгрөг болгож өөрчилсөн. 2022 оны 10 сард 2-р давхрыг бүхэлд нь түрээсэлж онлайн дэлгүүр ажиллуулах хүсэлт ирсэн. Түрээслэгч нь үйл ажиллагаагаа явуулахгүй, түрээсийн төлбөр төлөхгүй байсан учир тухайн этгээдэд талбайг түрээслүүлэхээр 2-р давхарт үйл ажиллагаа явуулж байсан түрээслэгчдэд мэдэгдэж, өөр давхарт шилжихийг санал болгосон. Нэхэмжлэгч нь 2022 оны 11 сарын 01-ний өдрийн албан бичгээр гэрээ цуцлах тухай мэдэгдэл ирүүлсэн. Энэ хугацаанд түрээслэгч нь нэг ч удаа ашиглалтын зардал төлөөгүй. Хуулийн дагуу түрээслүүлэгч нь гэрээ цуцлах хүртэлх хугацааны түрээсийн төлбөр, ашиглалтын зардал, түрээслэгчийн хийсэн шилэн хаалтыг буулгаж талбайг анхны байдалд нь оруулахтай холбоотой зардлыг нэхэмжлэх эрхтэй боловч нэхэмжлээгүй.

4.3. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгчийн гаргасан түрээсийн төлбөрийг төлөхгүй байхаар талууд тохиролцсон гэсэн нь баримтаар нотлогдоогүй. Нийслэл худалдааны төвийн үйл ажиллагааг жигдрэх хүртэл түрээсийн төлбөр төлөхгүй гэх нөхцөлийг гэрээнд тусгаагүй гэж дүгнэсэн атлаа 2022 оны 11 сард цуцлагдаж байгаа гэрээний барьцаа болох 2,599,500 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Мөн нэг сарын барьцаа авсан байхад барьцааны төлбөрт 5,199,000 төгрөг төлсөн гэж буруу тооцоолж хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

4.4. Тус талбайд хийсэн шилэн хаалт нь салгаж болох сайжруулалт бөгөөд түүнийг буцаан авахыг шаардахад авахгүй байгаа тул түрээслүүлэгч нь салган авч хадгалж байгаа. Анхан шатны шүүх хурал дээр түрээслэгч нь тухайн шилийг авахгүй байгаа шалтгаанаа хатаалт хийсэн шил учраас тайрч болохгүй тул өөр газар ашиглах боломжгүй гэсэн тайлбар үнэмшилгүй байна. Салгаж болох сайжруулалтыг цаашид ашиглаж болох эсэхээс үл хамааран авах ёстой тул түрээслэгч нь талбайг анхны байдлаар хүлээлгэн өгөх үүрэгтэй. Гэтэл шүүх хариуцагчийн тохижилт хийсэн 9,424,882 төгрөгийн үнийн дүн дээр маргахгүй гэснийг үндэслэн Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасны дагуу тус төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5, 289.2.6-д заасныг зөрчин, талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүй үнэлж, дүгнэсэн. Нэхэмжлэгч тал тухайн 4 павильоноо нийлүүлж, нэг тасаг ажиллуулах зориулалтаар шилэн тусгаарлагчийг 9,424,882 төгрөгөөр засвар хийж, тухайн талбайд үйл ажиллагаа явуулахаар засан сайжруулалтын ажлыг хийсэн. Энэ үйл баримтын талаар хариуцагч маргаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч тал түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулах зорилгоор хийсэн засан сайжруулалтын зардалтай маргахгүй гэх тайлбарыг өгсөн нь тэмдэглэлд тусгагдсан. Гэтэл хариуцагч тал гомдолдоо анхан шатны шүүхэд маргаагүй үндэслэлээр татгалзлаа тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсгийг баримталж, мөн хуулийн 328 дугаар зүйлийн 328.2.6-д заасны дагуу засан сайжруулалтад зарцуулсан 9,424,882 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Мөн салгаж болох эд зүйлээ буцаан авах талаар мэдэгдсэн гэж маргадаг. Хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу шилэн тусгаарлагчийг салгаж болох эд зүйл гэдгийг нотлох боломжтой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээний болон үнийн дүнгийн өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Д ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөр 15,597,000 төгрөг, барьцаа төлбөр 2,599,500 төгрөг, тохижилтын зардал 9,454,890 төгрөг, нийт 27,651,390 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 39-40/

 

3.   Талууд анх 2019 оны 09 сарын 26-ны өдөр *** тоот Н-д павильон ажиллуулах түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Д ХХК нь Б дүүргийн ***-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Н-ийн 2-р давхарт 51,99 м.кв хэмжээтэй талбайг гэр ахуйн чиглэлийн бараа, бүтээгдэхүүн худалдан борлуулах зориулалтаар 6 сарын хугацаатай түрээслүүлэх, Н ХХК нь нэг сард 2,599,500 төгрөгийн түрээсийн төлбөр төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх 7-11/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа гэж зөв дүгнэж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

 

4.   Улмаар талууд Нийслэл худалдааны төвийн үйл ажиллагаа жигдрээгүйтэй холбоотой дээрх гэрээний дагуу түрээсийн төлбөр тооцоогүй ба 2022 оны 04 сарын 05-ны өдөр *** тоот Нийслэл худалдааны төвийн талбайн түрээсийн гэрээ-г 12 сарын хугацаатай шинэчлэн байгуулж, уг гэрээгээр нэг сарын түрээсийн төлбөрийг 2,630,000 төгрөг болгон нэмэгдүүлсэн байна. /хх 12-15/

 

5.   Үүний дараа 2022 оны 10 сарын 12-ны өдөр түрээслүүлэгч Д ХХК нь Нийслэл худалдааны төвийн 2-р давхарт онлайн худалдаа оруулах болсон үндэслэлээр гэрээг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлснийг түрээслэгч Н ХХК 2022 оны 11 сарын 01-ний өдөр хүлээн авч, гэрээг цуцалсан байна. /хх 16, 17/

Өөрөөр хэлбэл, түрээсийн гэрээний талууд харилцан тохиролцож түрээсийн гэрээний харилцааг дуусгавар болгожээ.

 

6.   Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний эрх, үүрэг түүнийг цуцлах хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх тул түрээсийн гэрээний дагуу шилжүүлсэн түрээсийн төлбөр, барьцаа төлбөрийг бүхэлд нь буцаан гаргуулахаар шаардсан Н ХХК-ийн шаардлага үндэслэлгүй.

Харин түрээслэгчийн урьдчилан шилжүүлсэн 18,196,500 төгрөгөөс түрээсийн зүйлийг эзэмшиж, ашигласан хугацааны төлбөрийг хасч тооцон үлдэх төлбөрийг түрээслүүлэгчээс гаргуулах нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийн зохицуулалтад тус тус нийцнэ. /хх 18/

 

7.   Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн мөнгөн дүн буруу болжээ. Үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулна.

Тодруулбал, хэргийн 16-р талд авагдсан мэдэгдэл, 17-р талд авагдсан мэдэгдлийн хариу зэрэг бичгийн нотлох баримтаас үзвэл, түрээслэгч Н ХХК нь 2021 оны 11 сараас түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулж эхэлсэн боловч түрээслүүлэгч Д ХХК нь 2022 оны 04 сараас эхлэн түрээсийн төлбөр тооцож эхэлсэн үйл баримт тус тус тогтоогдсон. /хх 16, 17/

Иймд нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 18,196,500 төгрөгөөс 2022 оны 04 сараас 2022 оны 10 сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 2,630,000 төгрөг х 6 сар = 15,780,000 төгрөгийг суутган тооцож, үлдэх 2,416,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

8. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж, мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д талууд өөрөөр тохиролцоогүй бол, хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхтэй гэж тус тус зохицуулжээ.

Түрээслэгч Н ХХК нь түрээслүүлэгч Д ХХК-ийн зөвшөөрөлтэйгөөр түрээсийн талбайд нийт 9,454,890 төгрөгийн засан сайжруулалт буюу тусгаарлах шилэн хана хийсэн үйл баримтын талаар хариуцагч маргаагүй.

Харин хариуцагч нь ...дээрх засан сайжруулалт нь салгаж болох засан сайжруулалт тул түрээслэгч нь Иргэний хуулийн 289.2.6-д зааснаар түүнийгээ салгаж авах боломжтой... гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан.

Түрээслэгч Н ХХК нь нийт 7 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх мөнгөн хөрөнгийг түрээслүүлэгч Д ХХК-д урьдчилан шилжүүлсэн, уг дүнд тооцогдох хугацаа дуусаагүй байхад түрээслүүлэгчийн санаачилгаар түрээсийн гэрээ цуцлагдсан, мөн түрээслэгч нь удаан хугацааны турш түрээсийн талбайг эзэмшиж, ашиглана гэсэн урьдчилан төсөөлөлтэйгөөр зардал гарган засан сайжруулалт хийсэн, уг засан сайжруулалт нь тухайн түрээсийн талбайд тохируулан хийгдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзвэл хариуцагчаас 9,454,890 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасан зохицуулалтад нийцнэ.

 

9. Анхан шатны шүүх талууд гэрээний харилцааг дуусгавар болгосонтой холбоотой хуулийн зохицуулалтыг баримтлалгүй маргааныг хянан шийдвэрлэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 12-ны өдрийн 101/ШШ2023/02374 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...318.1, ... гэсний дараа ...205 дугаар зүйлийн 205.1, ... гэж нэмж, ...14,623,882 төгрөгийг... гэснийг ...11,871,390... гэж, ...13,027,508 төгрөгт... гэснийг ...15,780,000 төгрөгт... гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...231,069 төгрөгийг... гэснийг ...204,892 төгрөгийг... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 06 сарын 15-ны өдөр урьдчилан төлсөн 231,069 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 Д.НЯМБАЗАР