Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2023/0169

 

 

 

  

    2023           02           27                                        128/ШШ2023/0169

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Т******* ХХК /РД:/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Б*******,

Ашиг малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 374 дүгээр шийдвэрийг дахин гаргах ажиллагаа хийхээс болон Т******* ХХК-ийн эзэмшиж байсан ХV-******* дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгах өргөдлийг хүлээн авахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, дуусгавар болсон бүртгэлийг сэргээн, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Нэхэмжлэгч Т******* нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Ашиг малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 374 дүгээр шийдвэрийг дахин гаргах ажиллагаа хийхээс болон Т******* ХХК-ийн эзэмшиж байсан ХV-******* дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгах өргөдлийг хүлээн авахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, дуусгавар болсон бүртгэлийг сэргээн, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг хариуцагчид даалгах”-аар 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.  

           2.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 559 дүгээр шийдвэрээр А******* ХХК-д Ховд аймгийн ******* сумын нутагт орших *******-3 нэртэй газарт орших 996.42 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийг олгож, мөн даргын 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 145 дугаар шийдвэрээр Т******* ХХК-д шилжүүлсэн.

          3.Нэхэмжлэгчийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гаргасан өргөдлийг Ашигт малтмал газрын тосны газар хянаад, 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 1/2771 дүгээр албан бичгээр хариу өгч, 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн.         

          4.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

            “Т******* ХХК нь Ховд аймгийн ******* сумын нутагт байрлах ХV-******* дугаар 996.42 га хэмжээ бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг байсан. Бид Ашигт малтмалын тухай хуульд зааснаар хайгуулын ажлаа жил бүр батлагдсан төлөвлөгөөний дагуу явуулж, байгаль орчны нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг сумын дансанд байршуулж, тусгай зөвшөөрлийн төлбөрөө хуулийн хугацаанд нь төлсөөр ирсэн. Манай компани сум, орон нутагтай хуульд заасан хүрээнд ажилладаг байсан ба бидний хооронд аливаа үл ойлголцол үүсэж байгаагүй болно.

Манай компанийн эзэмшиж байсан XV-******* дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр дуусах байсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлэх шаардлагатай баримт бичиг болох Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлуулахаар 2020 оны 8 дугаар сард Ховд аймгийн ******* сумын Засаг даргад хүргүүлсэн боловч 2020 оны Орон нутгийн ээлжит сонгуулийн бэлтгэл, өвөлжилтийн бэлтгэл, Ковид цар тахлаас урьдчилсан сэргийлэх ажил зэргээс тухайн төлөвлөгөөг батлахгүй байсаар 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүргэсэн.

Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан бид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгуулах өргөдлийг хуулийн хугацаандаа багтаан байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүйгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, Уул уурхайн кадастрын хэлтэст сунгуулах өргөдлийн EX-008839 дугаартайгаар бүртгүүлсэн.

Манай компанийн зүгээс ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах баримт бичигт хамаарах Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй нь Ховд аймгийн ******* сумын засаг даргын эс үйлдэхүйгээс болсон хэмээн тайлбарласан боловч Ашиг малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 374 дугаар шийдвэрээр манай компанийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан.

Бид дээрх нөхцөл байдалтай холбогдуулан Ховд аймгийн ******* сумын Засаг даргын дээд шатных нь захиргааны байгууллага буюу Ховд аймгийн Засаг даргад Ковид-19 цар тахлаас болж орон нутгийн зорчих хөдөлгөөний хаасантай холбоотой зөвхөн шуудангаар өргөдөл, гомдол гаргаж байсан ба 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 21/001, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 21/002, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 21/003 тоот албан бичгүүдээр удаа дараа гомдол гаргасны эцэст Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Н.Г*******ийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 4/1710 дугаар албан бичгээр албан ёсны хариуг авсны үндсэн дээр Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой болсон.

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Т******* ХХК-ийн байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус байсан болохыг тогтоолгох, Т******* ХХК-ийн байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахыг Ховд аймгийн ******* сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг Ховд аймгийн ******* сумын Засаг дарга үхэлд нь хүлээн зөвшөөрснийг Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн "Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" 06 дугаар захирамж гарч Ховд аймгийн ******* сумын Засаг дарга шүүгчийн захирамжийг биелүүлэн манай компанид Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг баталж, хүлээлгэн өгсөн.

Ийнхүү бид Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.Захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэдий ч хаяглагдсан этгээдийн хүсэлтээр дараах тохиолдолд захиргааны акт гаргах ажиллагааг дахин хийж болно:

50.1.1.захиргааны актын үндэслэж байгаа бодит эсхүл эрх зүйн нөхцөл байдал нь хаяглагдсан этгээдийн талд хожим эергээр өөрчлөгдсөн;

50.1.2.хаяглагдсан этгээдийн хувьд ашигтай нотлох баримт бий болсон.

50.2.Хаяглагдсан этгээд нь өргөдөл, гомдлыг шийдвэр гаргах ажиллагааг дахин явуулах үндэслэл бий болсныг мэдсэнээс хойш гурван сарын дотор гаргана. гэж заасны дагуу хуульд заасан хугацаанд 06 дугаар захирамж гарснаас хойш 31 хоногт 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад, 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны даргад тус тус хүсэлт гаргасан боловч татгалзсан хариу авсан болно.

 Иймд Ашиг малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах тухай" 374 дугаар шийдвэр гаргах бодит үндэслэл нь Т******* ХХК-ийн үйлдэл, эс үйлдэхүйгээс болоогүй болох нь Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн "Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" 06 дугаар захирамжаар нотлогдож, тогтоогдсон тул маргаан бүхий Ашиг малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 374 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Т******* ХХК-ийн эзэмшиж байсан Ховд аймгийн ******* сумын нутагт байрлах XV-******* дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү.” гэжээ.

          5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 06 дугаар захирамж гарч улмаар Ховд аймгийн ******* сумын Засаг дарга шүүгчийн захирамжийг биелүүлэн манай компанид байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг баталж, хүлээлгэн өгсөн.

          Ийнхүү бид Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэдий ч хаяглагдсан этгээдийн хүсэлтээр дараах тохиолдолд захиргааны акт гаргах ажиллагааг дахин хийж болно. Захиргааны ерөнхий хуулийн 50.1.1.захиргааны актын үндэслэж байгаа бодит эсхүл эрх зүйн нөхцөл байдал нь хаяглагдсан этгээдийн талд хожим эергээр өөрчлөгдсөн; 50.1.2.хаяглагдсан этгээдийн хувьд ашигтай нотлох баримт бий болсон. 50.2.Хаяглагдсан этгээд нь өргөдөл, гомдлыг шийдвэр гаргах ажиллагааг дахин явуулах үндэслэл бий болсныг мэдсэнээс хойш гурван сарын дотор гаргана гэж заасны дагуу хуульд заасан хугацаанд буюу Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 06 дугаар захирамж гарснаас хойш 31 хоногт 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргад, 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад тус тус хүсэлт гаргасан боловч татгалзсан хариу авсан болно.

          Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийг практикт захиргааны байгууллагууд төдийлөн таньж мэдэж, ойлгоогүй байгаа нь судалгаанаас харагдаж байгаа тул энэ чиглэлээр тайлбарлан таниулах шаардлагатай. Хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй байна гэжээ. Бидний зүгээс Захиргааны ерөнхий хуульд заасан эрх, боломжоо ашиглаж, захиргааны байгууллагад захиргааны актаа дахин гаргах боломж олгож хүсэлт гаргасан боловч ямар ч хууль зүйн үндэслэлгүй тайлбар, шалтгаанаар хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нэгэнт татгалзаж буй учир маргаантай асуудлаа захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар, хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, дахин захиргааны акт гаргахыг даалгах журмаар Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийг практик хэрэглээнд нэвтрүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

          Нэхэмжлэгчид эрх, ашиг нь хөндөгдсөн ийм нөхцөл байдал үүссэн. Нэхэмжлэгчийн зүгээс энэ асуудлыг тодорхой дурдаж, онолын ном, зохиолыг уншиж энэ асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх боломжтой нөхцөл байдлыг судалсан.      

        Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйл буюу дахин захиргааны акт гаргах гэдэг ажиллагаа нь эрх, ашиг хөндсөн захиргааны актыг яг тэр чигээр нь хуулж гарга гэсэн үг, агуулга биш нэхэмжлэгчид эерэг үр дагавар бүхий захиргааны актыг гаргах боломж нөхцөл нь байдаг.

          Тэрийг эрдэмтэн судлаачид болон албан бус тайлбараар Захиргааны ерөнхий хуулийг тайлбарлах журмаар нийтэд түгээсэн байдаг. Захиргааны акт гаргах гэдэг нь нэхэмжлэгчид тодорхой эерэг асуудлыг үүсгэх гэдэг агуулгаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тухайн асуудлыг захиргааны байгууллага өөрт нь шийдвэрлүүлэх журмаар зохих шийдвэр гаргахыг даалгасан байдлаар гаргасан.                

        Нэхэмжлэлийн үндэслэл нь нэхэмжлэгчийн зүгээс нэгэнт өөрт нь шүүхээр яваад энэ нь тодорхой ажиллагаа, жил гаруй хугацаанд урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгээд Ховд аймгийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах журмаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хариуцагчаар батлуулаад ирсэн.

        Ийм баримт бичгийг өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компани өөрөөсөө шалтгаалаагүй нөхцөл байдлыг даван туулаад байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгахыг хүссэн өргөдөл гаргасан боловч үндэслэлгүйгээр татгалзсан.

          374 дүгээр шийдвэрт маш тодорхой дурдсан байгаа. Өөрөөр хэлбэл байгаль орчны менежментийн төлөвлөгөө байхгүй гэсэн. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй нь нэхэмжлэгчээс шалтгаалаагүй зүйл гэдгийг нэхэмжлэгч хүсэлтдээ дурдаж, шүүхэд хандсан байдаг. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандсан байдаг. Ийм нөхцөл байдал байгааг хариуцагч мэдэж байгаа. Тэгэхээр энэ асуудал хэрэгт авагдсан баримт дээр тодорхой харагдана. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.

          6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон тодруулсан шаардлагад гаргасан тайлбартаа:

          “Ховд аймгийн ******* сумын нутагт орших *******-3 нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 145 дугаар шийдвэрээр Т******* ХХК-д бүхэлд нь шилжүүлсэн байна.

          Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана" гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан бөгөөд сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ ашигт малтмалын тухай хуулийн 22.1.1 "хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2 "үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3 "байгаль орчны менежментийн төлөвлөгөө. 22.1.4 хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг TYC TYC хавсаргахыг шаарддаг. Т******* ХХК-ийн хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу сунгах өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө нь буюу 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрийн захиргааны байгууллагад гаргасан боловч мөн хуулийн 22.1.3-д байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт" гэж заасны дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ирүүлээгүй нь баримтаар тогтоогдож байсан.

          Иймд Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч /хуучин нэрээр/-ийн 2020 оны 10 дугаар сарын 01- ний өдрийн 374 дүгээр шийдвэрээр сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Энэхүү шийдвэрийг Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч /хуучин нэрээр/-ийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 8/4497 тоот албан бичгээр Т******* ХХК-д мэдэгдсэн нь шуудангийн буцалтаар ирээгүй байна.

          Хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт "Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй" гэж заасны дагуу хайгуулын XB-******* тоот тусгай зөвшөөрлийг сунгах үндэслэлгүй юм. Т******* ХХК нь 374 дүгээр шийдвэртэй холбоотой гомдлоо Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан хугацаанд гаргаагүй, гомдол гаргах хугацаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.1.8 дахь хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

          Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч /хуучин нэрээр/-ийн 2020 оны 10 дугаар сарын 01- ний өдрийн 374 дүгээр шийдвэрийг дахин гаргах ажиллагаа хийхгүй байгаа эс үйлдэхүйг хариуцагчаас гаргаагүй гэж үзэж байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т эс үйлдэхүй гэж юуг хэлэх талаар тодорхой заасан. Гэтэл хариуцагч байгууллагаас Т******* ХХК-ний албан хүсэлт бүрт удаа дараа хариу өгсөн. Иймд тодруулсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

          7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана" гаж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан бөгөөд сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.1 "хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2 "үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3 "байгаль орчны менежментийн төлөвлөгөө, 22.1.4 хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсаргахыг шаарддаг. Т******* ХХК-ийн хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу сунгах өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө нь буюу 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрийн захиргааны байгууллагад гаргасан боловч мөн хуулийн 22.1.3-д "байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт" гэж заасны дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ирүүлээгүй нь баримтаар тогтоогдож байсан тул Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 374 дугаар шийдвэрээр сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

          Энэхүү шийдвэрийг Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 8/4497 тоот албан бичгээр Т******* ХХК-д мэдэгдсэн нь шуудангийн буцаалтаар ирээгүй байна. Хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дах хэсэгт "Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй" гэж заасны дагуу хайгуулын ХВ-******* тоот тусгай зөвшөөрлийг сунгах үндэслэлгүй юм.

          Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулснаас хойш Ховд аймгийн Захиргааны хэргийн шүүхэд хууль бус гэж гаргуулсан. Энэ эвлэрч байгаа харилцаа нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших хугацаа дууссан. Нэгэнт хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч биш болсон байхад сумын Засаг даргыг хариуцагчаар татаж, нэхэмжлэл гаргаад үүн дээрээ эвлэрээд тусгай зөвшөөрөл эзэмшигч биш болсон байж байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулж байгаа процесс нь хууль зөрчсөн үйл ажиллагаа. Тэгэхээр энэ хууль зөрчсөн ажиллагааг хууль зөрчиж гаргаж ирчхээд одоо тусгай зөвшөөрөл эзэмшигч биш болчхоод шүүгчийн захирамж гаргуулаад байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулсан байна.

          Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2020 оноор батлуулсан. Гэтэл 2023 онд нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад 2020-2023 он хүртэл сунгахгүй, өнөөдрөөс эхлээд сунгана. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд ирэх онд ямар ажил хийх гэж байгаа юм, ямар хайгуул хийх юм, байгаль орчныг яаж нөхөн сэргээх гэх мэт төлөвлөгөөт ажлууд дурддаг. Гэтэл хууль бусаар байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулчхаад тусгайлан хуулиар зохицуулсан харилцааг төрийн захиргааны байгууллага хуульд нийцэж үйл ажиллагаа явуулчхаад байхад Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийг баримталж дахиж өөрт ашигтайгаар шийдвэр гаргах хууль зүйн үндэслэл болохгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа сүүлд тодруулж ирүүлсэн нь тодорхойгүй, хуульд нийцэхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

          1.Нэхэмжлэгч Т******* ХХК-ийн “Ашиг малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 374 дүгээр шийдвэрийг дахин гаргах ажиллагаа хийхээс болон Т******* ХХК-ийн эзэмшиж байсан ХV-******* дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгах өргөдлийг хүлээн авахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, дуусгавар болсон бүртгэлийг сэргээн, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

             2.Т******* ХХК нь Ховд аймгийн ******* сумын нутагт байрлах ХV-******* дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гаргасан.

3.Уг өргөдлийг Ашиг малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс хүлээн авч Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсны дараа сунгах боломжтой гэсэн хариу өгсөн боловч /х/х-ийн 13 дахь тал/ Т******* ХХК-иас Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулаагүй тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 374 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан.

4.Нэхэмжлэгчээс “Ховд аймгийн ******* сумын Засаг даргын дээд шатны Засаг даргад Ковид-19 цар тахлаас болж шуудангаар 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 21/001, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 21/002, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 21/003 тоот албан бичгүүдээр гомдол гаргаж Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Н.Г*******ийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 4/1710 дугаар албан бичгээр албан ёсны хариуг авч, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой болсон” тухай тайлбарладаг.

5.Т******* ХХК-ийн Ховд аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд гаргасан “Т******* ХХК-ийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус байсан болохыг тогтоолгох, Т******* ХХК-ийн байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахыг Ховд аймгийн ******* сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг Ховд аймгийн ******* сумын Засаг дарга бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосныг Ховд аймгийн ******* сумын Засаг дарга биелүүлэн тус компанийн 2020 оны Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг баталсан.

         6.Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана" гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан.

          7.Т******* ХХК-ийн хувьд хугацаа сунгуулах өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө нь буюу 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гаргасан боловч мөн хуулийн 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт" гэж заасны дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ирүүлээгүй байсан.

          8.Харин Т******* ХХК-иас Ховд аймгийн ******* сумын Засаг дарга шүүхийн шийдвэрийн дагуу тус компанийн 2020 оны Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлуулсантай холбогдуулан тусгай зөвшөөрлийн эрх сэргээх, хугацаа сунгуулах хүсэлт, гомдлыг Ашигт малтмал, газрын тосны газар болон тус газрын Кадастрын хэлтэст 2022 оны 4 дүгээр сарын 18, 5 дугаар сарын 12-ны өдөр тус тус гаргасныг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 8/2584, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 1/2771 дүгээр албан бичгээр тус бүр татгалзсан хариу өгсөн нь дээр дурдсан хуульд нийцсэн байна. /х.х-ийн 29, 30 дахь тал/

          9.Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын Т******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 374 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч маргаагүй, түүнчлэн Т******* ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 374 дүгээр шийдвэрийг дахин гаргуулах талаар хариуцагчид хүсэлт гаргаагүй атлаа уг шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэдий ч хаяглагдсан этгээдийн хүсэлтээр дараах тохиолдолд захиргааны акт гаргах ажиллагааг дахин хийж болно” гэж заасны дагуу дахин гаргахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй юм.

          10.Түүнчлэн Т******* ХХК нь 2020 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2022 онд батлуулсан нь 2020 оны 9 дүгээр сарын 25-нд дуусгавар болж, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 374 дүгээр шийдвэрээр хугацаа сунгахаас татгалзсан маргаан бүхий тусгай зөвшөөрлийг сэргээх, шийдвэрийг дахин гаргах үндэслэл болохгүй бөгөөд дуусгавар болсон бүртгэлийг сэргээн, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг хариуцагчид даалгах боломжгүй.

          11.Эдгээр нөхцөл байдлуудыг дүгнэн үзээд нэхэмжлэгч Т******* ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 374 дүгээр шийдвэрийг дахин гаргах ажиллагаа хийхээс болон Т******* ХХК-ийн эзэмшиж байсан ХV-******* дугаар ашигт малтмалын хайгуулын, дуусгавар болсон бүртгэлийг сэргээн, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3-д заасныг баримтлан Т******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашиг малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 374 дүгээр шийдвэрийг дахин гаргах ажиллагаа хийхээс болон Т******* ХХК-ийн эзэмшиж байсан ХV-******* дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хүлээн авахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, дуусгавар болсон бүртгэлийг сэргээн, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.АДЪЯАСҮРЭН