Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2023/0048

 

Т Ж в” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ашигт малтмал, газрын тосны газрын

Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:       П.Соёл-Эрдэнэ

Танхимын тэргүүн:     Д.Мөнхтуяа 

Шүүгчид:                          Г.Банзрагч                           

                                            М.Батсуурь

Илтгэгч шүүгч:            Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2023/0169 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2023/0290 дүгээр магадлал,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 247 дугаар тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нарыг оролцуулан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага:

1. “Т Ж в” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 374 дүгээр шийдвэрийг дахин гаргах ажиллагаа хийхээс болон “Т Ж в” ХХК-ийн эзэмшиж байсан XV-******* дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хүлээн авахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, дуусгавар болсон бүртгэлийг сэргээн, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг хариуцагчид даалгахшаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 145 дугаар шийдвэрээр Х***** аймгийн А***** сумын нутаг дахь ***************** ам-**** нэртэй *****.*** гектар талбай бүхий XV-******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг “Т Ж в” ХХК-д шилжүүлж, бүртгэсэн.

2.1. “Т Ж в” ХХК-иас 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 20/002 дугаар албан бичгээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс “өргөдлийн бүртгэлийн EX-****** дугаар”-т бүртгэн авч, “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан тухай баримт”-ыг хавсаргаагүй талаарх тэмдэглэгээг өргөдлийн дотоод хяналтын хуудсанд тэмдэглэсэн, мөн тус газраас 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр компанийн төлөөлөгчтэй утсаар холбогдож 14 хоногийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон байна.

2.2. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 374 дүгээр шийдвэрээр “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан тухай баримт байхгүй” гэсэн үндэслэлээр “Т Ж в” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэжээ.

2.3. “Т Ж в” ХХК-иас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “... байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоох, “Т Ж в” ХХК-ийн байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө батлахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 06 дугаар захирамж гарсан байна.

2.4. “Т Ж в” ХХК-иас 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 22/01, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 22/02 дугаар албан бичгүүдээр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст хандан “ ... сумын Засаг даргын төлөвлөгөө батлахгүй байсан эс үйлдэхүйд хамаатуулан захиргааны шүүхэд хандаж, манай талд шийдэгдэн 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан тул ... XV-******* дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээж, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж өгнө үү” гэсэн агуулгатай хүсэлтүүдийг гаргажээ.

2.5. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 8/2584, 05 дугаар сарын 19-ний өдрийн 1/2771 дугаар албан бичгүүдээр “... тус газрын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 374 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн, ... хугацааг сунгуулах өргөдлийн баримт бичгийн бүрдүүлбэрийг хангаагүйгээс сунгахаас татгалзсан, хүчин төгөлдөр байх хугацаа нь дуусгавар болсон тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, сунгах боломжгүй” талаарх хариуг тус тус өгсөн байна.

3. Нэхэмжлэгч компаниас “... 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулаагүй, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөлд хавсаргаагүй нь бидний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдал буюу Х****аймгийн А**** сумын Засаг даргын эс үйлдэхүйгээс болсон, энэ талаар тухайн үед хариуцагчид тайлбарласан, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд А*** сумын Засаг даргын эс үйлдэхүйтэй холбоотой нэхэмжлэл гаргаж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүгчийн захирамж гарснаар ... сумын Засаг даргаас 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн баталсан, нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны ерөнхий хуульд заасан эрх, боломжоо ашиглаж, захиргааны байгууллагад захиргааны актаа дахин гаргах боломж олгож тус хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т заасан хугацаанд хүсэлт гаргасан, хариуцагчаас үндэслэлгүй татгалзсан хариу өгсөн, ...” гэж;

3.1. Хариуцагчаас “... байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулан ирүүлээгүй тул тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн, хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах үндэслэлгүй, ... хариуцагчаас дахин шийдвэр гаргах ажиллагаа хийхгүй байгаа эс үйлдэхүй гаргаагүй, албан бичигт хуулийн хугацаанд хариу өгсөн, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт гаргаснаас хойш Ховд аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргасан, тусгай зөвшөөрлийн эзэмших хугацаа дууссан, нэгэнт тусгай зөвшөөрөл эзэмшигч биш байж сумын Засаг даргыг хариуцагчаар татаж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулж байгаа процесс нь хууль зөрчсөн үйл ажиллагаа, хууль бусаар төлөвлөгөө батлуулсан, төрийн захиргааны байгууллага хуульд нийцүүлж үйл ажиллагаа явуулсан байхад Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийг баримталж дахин шийдвэр гаргах  хууль зүйн үндэслэл болохгүй, ...” гэж тус тус маргажээ.

4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3-д заасныг баримтлан “Т Ж в” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 374 дүгээр шийдвэрийг дахин гаргах ажиллагаа хийхээс болон “Т Ж в” ХХК-ийн эзэмшиж байсан XV-******* дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хүлээн авахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, дуусгавар болсон бүртгэлийг сэргээн, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

5. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2023/0169 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... Кадастрын хэлтэст” гэснийг “... Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст” гэж өөрчилж, “...22.1.3” гэсний дараа “...22.2” гэж нэмж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Т Ж в” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, өмгөөлөгч Б.Б нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 247 дугаар тогтоолоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

7. Нэхэмжлэгч “Т Ж в” ХХК-ийн өмгөөлөгч Б.Б-аас шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

7.1. “... Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь ижил төрлийн маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, нэгэнт тогтсон шүүхийн практикаас хуулийг зөрүүтэй хэрэглэсэн (Улсын дээд шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 09 дүгээр тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 716 дугаар магадлал).

7.2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийг зөв хэрэглэх талаар нэгдсэн шийдэл, практиктай болсон гэж ойлгож байсан, гэвч хариуцагч хуулийн хугацаанд нь гаргасан нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлөө сунгуулах өргөдөлд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ирүүлээгүй гэсэн шалтгаанаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл сунгахаас татгалзсанаас гадна, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ирүүлээгүй нь нэхэмжлэгчийн буруутай үйлдэл, эс үйлдлээс болоогүй, харин захиргааны байгууллагын эс үйлдлээс болсныг нь шүүхээр тогтоолгосон баримт байхад огт хүлээн авахгүй байгаад гомдолтой байна.

7.3. Эрх зүйн онол болон хууль хэрэглээний практикаас харахад нэхэмжлэгчийг буруутгах, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байх үндэслэл нотолгоо хэрэгт байхгүй ...” гэжээ.

8. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

9. Хяналтын шатны шүүхээс магадлалыг хэвээр үлдээж, хяналтын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “... эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж тус тус зааснаар нэхэмжлэл гаргаж буй этгээдээс захиргааны хууль бус (үйлдэл, эс үйлдэхүй) ажиллагааны улмаас зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрхээ тодорхойлж, хэрхэн зөрчигдсөн талаар үндэслэлээ гаргасан хүрээнд шүүхээс дүгнэлт өгөх замаар хэргийг хянан шийдвэрлэдэг.

11. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ”, 42.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ” гэж заажээ.

12.  Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, “Т Ж в” ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 22/01, 22/02 дугаар албан бичгүүдээр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст хандан “... ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээж, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах” хүсэлт гаргасан, хариуцагчаас 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 8/2584, 05 дугаар сарын 19-ний өдрийн 1/2771 дүгээр албан бичгээр хүсэлтэд хариу өгснийг (Тодорхойлох хэсгийн 2.4, 2.5) дээрх хуульд зааснаар захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэсэн гэж үзнэ.

13. Шүүхээс захиргааны байгууллагын сонгох боломжийн хүрээнд гаргасан шийдвэр (татгалзал)-ийг хянахдаа хуульд заасан нэхэмжлэгчийн шаардах эрхийн урьдчилсан нөхцөл бодит байдалд хангагдсан эсэхийг тогтоох бөгөөд хэрэв тухайн урьдчилсан нөхцөл хангагдаагүй бол захиргааны акт гаргахаас татгалзах нь хууль ёсны юм. Харин хуульд заасан урьдчилсан нөхцөл хангагдсан хэдий ч холбогдох захиргааны актыг гаргах эсэхийг захиргаа сонгох эрхтэй тохиолдолд тэрхүү сонгох боломжийн хүрээнд гаргасан татгалзал хууль ёсны эсэхийг хянах шүүхийн хяналт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д заасан хүрээгээр хязгаарлагдана.

14. Энэхүү маргааны тухайд, нэхэмжлэгч компанийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болсон, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 374 дүгээр шийдвэртэй маргаагүй, мөн бодит байдалд тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсноор (хэрэгт цугларсан нотлох баримтаар энэхүү үйл баримт тогтоогдоно) нэхэмжлэгч компани тусгай зөвшөөрөл эзэмшигч биш буюу нэхэмжлэгчийн шаардах эрхийн урьдчилсан нөхцөл бодит байдал дээр хангагдахгүй болсон байх тул хариуцагч өөрийн сонгох боломжийн хүрээнд “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах ажиллагаа”-г дахин хийгээгүйг буруутгах боломжгүй, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэлтэй.

15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, …” гэж зааснаар даалгах шаардлагын хувьд захиргааны хууль бус татгалзал, эс үйлдэхүй тогтоогдож, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол нэхэмжлэл хангагдах зохицуулалттай бөгөөд энэ тохиолдолд, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хариуцагчаас шийдвэрлэхгүй орхигдуулсан зүйлгүй, мөн сонгох эрхийн хүрээнд нэхэмжлэгчийн хүслээр захиргааны актыг гаргах ажиллагаа дахин хийх үүрэггүй тул шүүхээс нэгэнт тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон эрх зүйн харилцаанд хариуцагчийг дуусгавар болсон хайгуулын тусгай зөвшөөрлийн бүртгэлийг сэргээж, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг шийдвэрлэхийг даалгах үндэслэлгүй байна.

16. Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2023/0290 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Т Ж в” ХХК-ийн өмгөөлөгч Б.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                      П.СОЁЛ-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                   Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                                            Г.БАНЗРАГЧ

                                                                                                          М.БАТСУУРЬ

                                                                                                          Х.БАТСҮРЭН