Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2023/01895

 

 

 

 

 

 

 

 

 

2023 04 14

101/ШШ2023/01895

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Б -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Б -д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 8,880,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Б,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Х,

хариуцагчийн өмгөөлөгч: А.А ,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Түвшинбаяр.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Б би 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Ж.Б д 7,000,000 төгрөг 6 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдүүлсэн. Хариуцагч Ж.Б нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, удаа дараа шаардсан боловч өгнө гэж хэлээд өгөөгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож, үндсэн зээл 7,000,000 төгрөг, алданги 1,880,000 төгрөг, нийт 8,880,000 төгрөг гаргуулж өгнө үү. Хоёр сарын хугацаатай зээлийн гэрээ байсан тул алдангийг 2 сарын хугацаатай бодож байгаа. Хариуцагчийн гаргаж байгаа тайлбар нь үндэслэлгүй, Д.Б гэдэг хүний хүү Б.Б н эхнэр Б.Ү д холбогдуулж гаргасан нэхэмжлэлтэй хэрэгтэй холбогдуулан тайлбар хэлдэг ч, түүнтэй энэ хэрэг нь хамаарал байхгүй, тусдаа зээлийн гэрээ байгаа. Д.Б , Ж.Б нар нь хоорондоо найз нөхдийн холбоотой хүмүүс, мөнгө хэрэгтэй болохоор нь өгч авалцдаг. нэг нэгдээ туслаад явж байсан. Энд ганцхан зүйл үнэн, энэ нь Д.Б гэдэг хүнээр дамжуулж зээлсэн гэдэг нь үнэн. Түүнээс биш өөр хэрэгтэй холбоотой зүйл байхгүй. Ж.Б нь Г.Б эс мөнгө зээлсэн. Зээлийн гэрээ байгуулж, өгсөн авснаа тэмдэглэсэн үйл явдал болсон. Зээлийн гэрээний дагуу олгосон мөнгөө шаардаж байгаа. Хариуцагч талаас тодорхой хэмжээний төлөлт төлсөн байгаа тул төлсөн мөнгийг нь хасаж зохих мөнгийг төлүүлэх хүсэлттэй байна" гэв.

 

2. Хариуцагч тал шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Б ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй миний найз, өмгөөлөгч Д.Б нь 2017 оны 8 дугаар сарын 14, 15-ны үеэр өөрийн танил нотариатч О.Б дээр намайг дагуулж очсон. Тухайн үед миний бие нь Д.Б ын хүү А.Б гаас 2015 онд зээлж авсан 30,000,000 төгрөгийн зээлийг буцаан төлж байсан үе бөгөөд тэрээр надад О.Б гаас мөнгө аваад өгье, миний хүүгийн зээлийг төлчих гэж хэлсэн. Нотариатч О.Б нь өөрийн 7,000,000 төгрөгийг зээлүүлэх гэрээнд түүний туслах ажилтан Г.Б эр гарын үсэг зуруулсан бөгөөд ямар учраас өөрөө гэрээнд оролцож гарын үсэг зураагүйг нь би ойлгоогүй, надад зээлийн гэрээний хувийг ч өгөөгүй. Харин одоо шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн гэрээтэй танилцахад, тус зээлийн гэрээний үнэн зөвийг нотариатч О.Б нь өөрөө гэрчилсэн байх тул Г.Б ийг зээлийн гэрээнд оролцуулсан юм байна хэмээн ойлгогдож байна. Нэхэмжлэгч Г.Б нь нэхэмжлэлд дурдаад буй 7,000,000 төгрөгийг өөрөөсөө гаргаагүй, зээлдүүлэгч биш тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болно. Нэхэмжлээд байгаа О.Б гийн 7,000,000 төгрөгийг тэр үед Д.Б авч Хан-Уул дүүрэгт байрлах Хаан банкны салбар дээр надтай хамт очоод Би шилжүүлнэ, чи наанаа хүлээж бай гээд намайг банкны гадаа хүлээлгээд, гарч ирээд А.Б н эхнэр Б.Ү гийн дансанд 6,750,000 төгрөгийг шилжүүллээ, энэ баримтыг чамд өгөхгүй надад байж байг гээд өөртөө авч байсан. Хэргийн учир нь Д.Б ын хүү А.Б н эхнэр Б.Ү д шилжүүлсэн мөнгөний баримт надад байхгүйгээс гадна, хүү А.Б , түүний эхнэр Б.Ү нар одоо хэр нь тэрхүү 6,750,000 төгрөгийг зээлд тооцохгүй гэж, хүлээн авснаа үгүйсгэн, надаас дахин мөнгө гаргуулахаар маргаж ирсэн. Ингээд миний бие өөрөө ч аваагүй, өрөндөө ч суутгуулаагүй 7,000,000 төгрөгийн өрөнд унахад хүрч байна. Хэдийгээр миний бие өөрөө аваагүй ч дараах байдлаар О.Б д мөнгө төлсөн. Д.Б аар дамжуулан 2,310,000 төгрөг, Г.Б ийн дансаар 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр 420,000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 1,500,000 төгрөгийг, нийт 4,230,000 төгрөг төлсөн. Г.Б гэдэг хүний дансыг анхнаасаа мэддэггүй байсан, Д.Б энэ данс руу мөнгө шилжүүл гэж хэлээд явуулж байсан. Зээлийн гэрээн дээр Ж.Б гарын үсэг зурснаар мөнгийг авсан гэж нотлох баримт болохгүй. Нэхэмжлэгч нь 7,000,000 төгрөгийг Ж.Б д өгсөн гэдгээ нотлох ёстой. Өмчлөлд нь мөнгө шилжүүлсэн гэдэг баримт тогтоогдоогүй. Зээлийн гэрээний 2.5-д зээл олгосон хугацаа гэдэг дээр 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр зээлдэгчийн хаан банкны данс руу шилжүүлж өгсөн болно гэж байгаа. Гэтэл манай талаас 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс хойш 10 хоногийн дансны хуулгыг баримтаар гаргаж өгсөн, ямар ч мөнгө орж ирсэн зүйл байхгүй байгаа. Тухайн мөнгийг Д.Б хүлээн авсан байх. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ нь нэхэмжлэлд дурсан үйл баримттай холбоотойгоор 6,750,000 төгрөгийг Д.Б нь Г.Б ийн хэрэгт хамааралгүй, авсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдож байгаа үйл баримт байгаа. Г.Б зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тул шаардах эрх байхгүй. Д.Б нь өөрийн хүү болон бэрдээ мөнгө өгөхийн тул зориуд ийм үйл баримт бий болгосон нь тогтоогдож байна. Гол үндэслэл нь нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн дагуу шаардах эрх байхгүй. Иймд миний бие нь дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, 2017.08.15-ны өдрийн зээлийн гэрээ /хх-3/, 2020.07.01-ний өдрийн итгэмжлэл /хх-4/, 2023.02.10-ны өдрийн итгэмжлэл /хх-161/,

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: Ж.Б гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-11/, 2020.09.03-ны өдөр гаргасан хариу тайлбар /хх-16-17/, Хаан банкны 51... дугаар дансны дэлгэрэнгүй хуулга /хх-18-30, 47/, 2020.09.14-ний өдрийн итгэмжлэл /хх-35/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-42/, 2019.05.27-ны шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх-48/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.09.25-ны өдрийн 101/ШЗ2017/15947 дугаар захирамж /хх-49-50/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.21-ний өдрийн 102/ШШ2020/03156 дугаар шийдвэр /хх-79-80/, Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2020.11.17-ны өдрийн 1007 дугаартай албан бичиг /хх-81/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.11-ний өдрийн 00122 дугаар магадлал /хх-105-108/, 2023.02.10-ны өдрийн итгэмжлэл /хх-145/, Хаан банкны 51... дугаар дансны дэлгэрэнгүй хуулга /хх-147-148/, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022.12.08-ны 001/ХТ2022/01244 дугаар тогтоол /хх-149-153/,

3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Монголын нотариатчдын танхимын 2020.10.12-ны өдрийн 610 дугаартай албан бичиг /хх-63/, Хаан банкны 2020.10.28-ны өдрийн 50/11343 дугаартай албан бичиг, 5022610175 дугаар дансны хуулга /хх-67, 68/, Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2021.01.18-ны өдрийн 0133 дугаартай албан бичиг /хх-86/, Монгол Улсын Дээд шүүхийн тамгын газрын 2021.04.09-ний өдрийн 5/1321 дугаартай албан бичиг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.21-ний өдрийн 102/ШШ2020/03156 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /хх-96, 97-101/, Монгол Улсын Дээд шүүхийн тамгын газрын 2021.11.30-ны өдрийн 5/4982 дугаартай албан бичиг /хх-119/, Монгол Улсын Дээд шүүхийн тамгын газрын 2022.02.16-ны өдрийн 05/551 дугаартай албан бичиг /хх-122/, Монгол Улсын Дээд шүүхийн тамгын газрын 2022.05.30-ны өдрийн 05/2366 дугаартай албан бичиг /хх-125/, Монгол Улсын Дээд шүүхийн тамгын газрын 2022.08.26-ны өдрийн 05/3454 дугаартай албан бичиг /хх-128/, Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2023.02.20-ны өдрийн 182 дугаартай албан бичиг /хх-131/,

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Ж.Б д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 7,000,000 төгрөг, алданги 1,880,000 төгрөг, нийт 8,880,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

3. Хариуцагч нь нэхэмжлэгч Г.Б ээс мөнгө зээлж аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган маргажээ.

4. Хэрэгт Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч О.Б гаар гэрчлүүлсэн, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөр огноолсон Зээлийн гэрээ нотлох баримтаар авагдсан бөгөөд тус зээлийн гэрээнд зээлдүүлэгч Г.Б нь зээлдэгч Ж.Б д 7,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 2 сарын хугацаатай зээлдүүлэх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх талаар дурджээ. /хх-3/

5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Зохигчид зээлийн гэрээ байгуулагдсан болон зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

6. Хариуцагч Ж.Б нь дээр дурдсан зээлийн гэрээг байгуулсан талаар маргаагүй бөгөөд харин уг зээлийг гэрээг байгуулах болсон шалтгааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Д.Б нь түүний хүүгээс авсан зээлийг Ж.Б төлөхтэй холбогдуулан өөрийн танил нотариатч О.Б гаас мөнгө авч өгөхөөр тохирч, нотариатч О.Б нь өөрийн 7,000,000 төгрөгийг зээлүүлэх гэрээнд түүний туслах ажилтан Г.Б эр гарын үсэг зуруулж, өөрөө тус зээлийн гэрээг гэрчлэх үйлдлийг хийсэн гэж тайлбарлаж байна.

7. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн гэрээний үндсэн шинж нь мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох явдал юм.

Зохигчдын хооронд байгуулсан 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөр огноолсон зээлийн гэрээний 2.5-д 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр зээлдэгчийн Хаан банкны 51... тоот данс руу шилжүүлж өгсөн болно гэсэн байх боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан Хаан банкин дахь Ж.Б гийн 51... дугаартай дансны хуулгаас үзэхэд 2017 оны 8 дугаар сарын 14, 15-ны өдөр 7,000,000 төгрөгийн орлого, зарлагын гүйлгээ хийгдээгүй болох нь тогтоогдож байна. /хх-47/

8. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 7,000,000 төгрөгийг хариуцагчид өгсөн болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй, нэхэмжлэгчээс хариуцагчид 7,000,000 төгрөгийг өгсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

9. Хариуцагч нь О.Б гаас зээлсэн мөнгөний төлбөрт Д.Б аар дамжуулан нийт 2,310,000 төгрөгийг, Д.Б ын хэлсний дагуу Г.Б ийн Хаан банкин дахь 50.. дугаартай данс руу 2018.01.02-ны өдөр 420,000 төгрөг, 2018.02.05-ны өдөр 1,500,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн гэх тайлбарыг гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн тайлбарыг баримтаар үгүйсгэж няцаагаагүй.

10. Зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулсан, хариуцагчаас нэхэмжлэгчийн данс руу мөнгө шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх боловч нэхэмжлэгч Г.Б эс хариуцагч Ж.Б д зээлийн гэрээний дагуу 7,000,000 төгрөгийг бодитой шилжүүлэн өгсөн гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд дурдсан 7,000,000 төгрөгийг зээлэх, зээлдүүлэх харилцаа зохигчдын хооронд бодитоор хийгдээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

11. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Г.Б нь зээлийн гэрээний үүрэгт 7,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдоогүй, тэрээр уг зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй этгээд байх тул зээлийн гэрээний үүрэгт зээл 7,000,000 төгрөг, алданги 1,880,000 төгрөг, нийт 8,880,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

12. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 157,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч Ж.Б д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,880,000 /найман сая найман зуун наян мянган/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР