Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/01258

 

 

 

 

 

 

 

 

 

2023 06 23 210/МА2023/01258

 

 

А.Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2023/01895 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: А.Аэ,

Хариуцагч: Б.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 8,880,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баяржаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Хэрлэнчимэг, өмгөөлөгч А.Ариунтуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 А.Аэ нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Б.Б д 7,000,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдүүлсэн. Б.Б нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй.

Иймд үндсэн зээл 7,000,000 төгрөг, алданги 1,880,000 төгрөг, нийт 8,880,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Миний бие Д.Б ын хүү А.Б гаас 2015 онд зээлсэн 30,000,000 төгрөгийг буцаан төлж байсан үе бөгөөд тэрээр надад ...О.Ц гаас мөнгө аваад өгье, миний хүүгийн зээлийг төлчих гэж хэлсэн. Нотариатч О.Ц нь өөрийн 7,000,000 төгрөгийг зээлүүлэх гэрээнд түүний туслах ажилтан А.Аээр гарын үсэг зуруулсан. Ямар учраас өөрөө гэрээнд оролцож, гарын үсэг зураагүйг нь би ойлгоогүй, надад зээлийн гэрээний хувийг өгөөгүй. Нэхэмжлэлд дурдсан 7,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь өөрөөсөө гаргаагүй, зээлдүүлэгч биш тул шаардах эрхгүй.

2.2 О.Ц гийн 7,000,000 төгрөгийг тухайн үед Д.Б нь авч А.Б н эхнэр Б.Ү гийн дансанд 6,750,000 төгрөгийг шилжүүлсэн. Хэдийгээр би зээлийг аваагүй ч О.Ц д мөнгө төлсөн. Д.Б аар дамжуулан 2,310,000 төгрөг, А.Аийн дансаар 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 420,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөгийг, нийт 4,230,000 төгрөг төлсөн. Зээлийн гэрээд Б.Б гарын үсэг зурснаар мөнгийг авсан гэж үзэхгүй.

2.3 Зээлийн гэрээний 2.5-д зээл олгосон хугацаа гэдэг дээр 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр зээлдэгчийн Х банкны данс руу шилжүүлж өгсөн болно гэж байгаа боловч тухайн цаг, хугацаанд дансанд мөнгө орж ирээгүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч Б.Б д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,880,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Хариуцагч зээлийн гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч нь зээлийн гэрээний эргэн төлөлтөд нийт 2,310,000 төгрөг төлснийг анхан шатны шүүх тогтоосон атлаа зээлийн гэрээний 2.5-т 2017 оны 08 сарын 14-ны өдөр зээлдэгчийн Х банкны ******** дугаар данс руу шилжүүлж өгсөн болно гэсэн байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар орлого зарлагын гүйлгээ хийгээгүй нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай.

Учир нь, зээлдэгч, зээлдүүлэгч нар найз нөхдийн холбоотой байсан учир зээлийн мөнгийг урьдчилж бэлнээр өгөөд зээлийн гэрээнд дансаар өгсөн гэж бичигдсэнийг хариуцагч тал зээлийн эргэн төлөлт хийгээд байгаа мөртлөө зээл аваагүй гэж тайлбарласныг шүүх хүлээн авсныг хүлээн зөвшөөрөхгүй.

4.2 Хариуцагч зээлийн эргэн төлөлт хийгээд байхад анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй. Зээлийн эргэн төлөлтийн үйл баримт нь Иргэний хуулийн 43 дугаар зүйл 43.3 дахь хэсэгт заасны дагуу хэлцлийг бодитойгоор хийснийг нотолно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ,дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.1 Нэхэмжлэгч нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр мөнгө зээлдүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлсон. Хэрэгт талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ авагдсан. Зээлийн гэрээний 2.5-д зээл олгосон огноо нь 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр зээлдэгчийн Х банк ХХК-ийн данс руу шилжүүлсэн гэж заасан. Зээлийг бодитоор гардуулснаар зээлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Тухайн гэрээний дагуу хариуцагчид зээлийн мөнгийг шилжүүлээгүй.

5.2 Нэхэмжлэгч талын гомдолд зээлийн мөнгийг хариуцагч дансаараа авч эргэн төлөлтийг хийж байсан гэх боловч 6,750,000 төгрөгийг Г.Б ын данснаас өөрийн бэр болох Б.Ү гийн данс руу шилжүүлсэн нь Баянгол дүүргийн Иргэний хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн. Түүнчлэн, 2020 оны 10 дүгээр сарын 21-ний өдрийн анхан шатны шүүхийн шийдвэрт Г.Б нь 6,750,000 төгрөгийг нотариатч найзаасаа авсан гэх гэрчийн мэдүүлэг өгсөн. Үүнд анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалаар 6,750,000 төгрөгийг Б.Б гийн мөнгө болох нь тогтоогдохгүй байна гэж үзсэн.

Иймд Б.Б нь өөрийн аваагүй мөнгийг хариуцан төлөх нь үндэслэлгүй тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч А.Аэ нь хариуцагч Б.Б д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7,000,000 төгрөг, алданги 1,880,000 төгрөг, нийт 8,880,000 гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч зээлийн мөнгөн хөрөнгийг бодитоор аваагүй гэж үгүйсгэн маргажээ.

2.1 Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх буюу нэхэмжлэгчээс хариуцагчид 7,000,000 төгрөгийг шилжүүлсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

2.2 Хавтаст хэрэгт 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээ авагдсан. /хх 3/ Уг гэрээнд хариуцагч нь 7,000,000 төгрөгийг, 2 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй нэхэмжлэгчээс зээлэх, алдангийн хэмжээг хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувь байхаар заасныг нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ болгосон. Талууд хэн аль нь гэрээнд гарын үсэг зурсан талаар маргаагүй.

3. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог. Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлснээр зээлдэгчид мөнгөн хөрөнгийг гэрээнд зааснаар зээлдүүлэгчид буцаан төлөх үүрэг үүснэ.

3.1 Хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч А.Аээс зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй буюу нэхэмжлэгчийг гэрээнд заасан 7,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлээгүй гэж маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч мөнгөн хөрөнгийг түүнд шилжүүлсэн болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй.

3.2 Гэрээний 2.5-д ...Зээл олгосон хугацаа: 2017/08/14-ний өдөр зээлдэгчийн Х банкны ******** тоот данс руу шилжүүлж өгсөн болно гэж заасан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэх үндэслэлийг бий болгож чадахгүй байна. Учир нь, Х банк ХХК-ийн Б.Б гийн ******** дугаар дансны хуулгаар гэрээнд заасан дээрх хугацаанд гэрээний зүйл гэх 7,000,000 төгрөг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн гүйлгээ хийгдээгүй байна. /хх 47/

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний зүйл болох 7,000,000 төгрөгийг хариуцагчид бодитоор шилжүүлсэн болохоо нотлоогүй, талуудын хооронд зээлийн гэрээний үүрэг үүсээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

4. Түүнчлэн, хариуцагчаас нэхэмжлэгчийн эзэмшлийн Х банк ХХК-ийн 5085123427 дугаар дансанд 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 420,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөгийг шилжүүлснийг дээрх бичгээр хийгдсэн гэрээний үүрэг гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...зээлийн мөнгийг урьдчилж бэлнээр өгөөд гэрээнд дансаар өгсөн гэж бичсэн. Хариуцагч зээлийн эргэн төлөлтийг хийж байсан нь зээлийн гэрээний харилцаа үүссэнийг нотолно гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

5. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байх тул мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээнд заасан алданги шаардах эрхгүй.

6. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримталсан нь оновчгүй болсон байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг болгож, мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох талаар заагаагүйг тус тус залруулсан өөрчлөлт оруулна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2023/01895 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Б д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 8,880,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Аийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,030 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

М.БАЯСГАЛАН