Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
Хэргийн индекс | 101/2023/00001/И |
Дугаар | 101/ШШ2023/02016 |
Огноо | 2023-04-20 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2023/02016
2023 04 20 | 101/ШШ2023/02016 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г ХХК /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Б -д холбогдох,
Эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаартай, Сүхбаатар дүүргийн ... хороо, ... хороолол, Батмөнхийн гудамж, ... байр, ... тоот хаягт байршилтай, 37,83 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Г.Г
хариуцагч Н.Б,
хариуцагчийн өмгөөлөгч О.М,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Н.Б нь Г ай 2021 оны 08 сарын 03-ний өдөр ГБ/ТАХ-21/20 тоот Үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, төлбөр тооцооны үлдэгдэл төлбөр барагдуулах гэрээ-г байгуулсан. Гэрээний зорилго нь төлбөр төлөгч Н.Б ын хариуцан төлөх 6 кредит картын гэрээний үлдэгдэл үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүний өр төлбөрийг төлж барагдуулахаар гэрээ хийгдсэн. Тус гэрээгээр дараах зүйлсийг харилцан тохиролцсон. Үүнд: 3.1.1-д Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан Н.Б ын өмчлөлийн Ү-2 дугаартай, Сүхбаатар дүүргийн ... р хороо, ... хороолол, ... байр, ... тоот од байрлалтай 37,83 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Г анд шилжүүлнэ. 3.1.4 Төлбөр төлөгч нь гэрээний 1.2, 1.3-т заасан төлбөрийг энэхүү гэрээ байгуулагдсан өдрөөс хойш эхний 6 сарын дотор сар бүр тэнцүү төлж барагдуулна. Дараагийн 6 сард хөрөнгийг буцаан худалдан авах дүн болох 73,000,000 төгрөгийг сар бүр тэнцүү төлж барагдуулна. Хуваарийг гэрээний хавсралт 1-т тусгав. Тухайн гэрээнд заагдсан буцаан авах нөхцөл нь Гэрээний хавсралт-1 т заагдсанаар хугацаа 2022 оны 07 сарын 25-ний өдөр дууссан болно. Нэхэмжлэгчийн зүгээс иргэн Н.Б буцаан авах нөхцөлтэй хөрөнгийн төлбөрөө төлөх эсвэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж банкны хөрөнгийг суллаж өгөхийг удаа дараа утсаар болон биечлэн уулзалтаар мэдэгдэж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн ч үр дүнд хүрээгүй. Иймд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Орон сууцны өмчлөгчийн гэрчилгээ Г ХХК-ийн нэр дээр байгаа. Гэрээний 4.3-т тооцоонд өгсөн үл хөдлөх хөрөнгийг төлбөр төлөгч нь гэрээний 4.2-т заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлж, буцаан худалдан аваагүй тохиолдолд гуравдагч этгээдэд худалдан борлуулах хүртэлх хугацаанд энэхүү гэрээний 3.1.1-т заасан хөрөнгийн ашиглалт, үйл ажиллагаатай холбоотой аливаа зохион байгуулалтыг банк өөрөө шийдвэрлээгүй тохиолдолд үнэ төлбөргүй хэрэгжүүлэх буюу хариуцах үүрэгтэй ба уг хөрөнгөөс аливаа үүсэх үр шим нь банкны өмч болно гэж заасан байгаа. Талууд харилцан тохиролцсоны үндсэнд худалдах, худалдан авах гэрээ байгуулж Н.Б аас өмчлөлийн орон сууцны өмчлөх эрхийг Г ХХК-д шилжүүлнэ гэсний дагуу хөрөнгийг шилжүүлсэн, гэрээний хугацаа дууссан учир банк уг хөрөнгийг худалдан борлуулах эрх нь бидэнд байгаа гэж үзэж байна. Г ХХК-ийн өмчлөлд байгаа, улсын бүртгэлийн Ү-2 дугаартай, Сүхбаатар дүүргийн ... хороо, ... хороолол, Батмөнхийн гудамж, ... байр, ... тоот од байрлалтай 37,83 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Н.Б ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэв.
2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г ны нэхэмжлэлтэй Н.Б д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Зохигчдын хооронд 2021 оны 08 сарын 03-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх, төлбөр тооцооны үлдэгдэл төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр кредит картуудын зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийлээд 163,930,645.39 төгрөгийн төлбөрийг хэрхэн, хэдий хугацаанд төлөх талаар харилцан тохиролцож, төлбөр төлөх баталгаа болгож Н.Б миний бие өөрийн өмчлөлийн Y-2203030576 тоот улсын бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүргийн ... хороо, ... хороолол, ... байрны ... тоот 37.83 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Г инд түр хугацаанд шилжүүлж өгсөн. Талуудын хоорондын энэхүү хүсэл зоригийн илэрхийлэл нь дээрх маргаан бүхий байрыг Г инд худалдан борлуулаагүй, мөн захиран зарцуулах буюу өмчлөх эрх шууд олгосон гэж үзэх үндэслэлгүй бөгөөд төлбөрийн баталгаа, барьцаа байдлаар дээрх орон сууцыг тодорхой хугацаанд шилжүүлсэн болох нь уг гэрээнээс тодорхой харагдана. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасны дагуу уг орон сууцны өмчлөх эрх, жинхэнэ өмчлөгч, шударга эзэмшигч нь Н.Б миний бие хэвээр байгаа, миний өмчийг хуулиар хамгаалах ёстой гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Дээрх гэрээний төлбөр болох 163,930,645.39 төгрөгнөөс 90 сая гаруй төлбөрийг төлж үлдэгдэл 73,000,000 төгрөгийн үлдэгдэл байгаа бөгөөд миний бие эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, тэднийгээ хооллож ундлах, мөн өөрийн хувийн бизнесээ эхлүүлж хөл дээрээ босоход хөрөнгө мөнгө ихээхэн шаардаж байгаа зэрэг олон нөхцөл байдлаас шалтгаалж уг төлбөрийг гэрээнд заасан хугацаа болох 2022 оны 7 сарын 25-ны өдөр төлж дуусгаагүй боловч боломж гарсан үедээ уг хугацаа дууссаны дараа ч тодорхой хэмжээнд төлж барагдуулсаар байгаа юм. Үлдэгдэл төлбөр болох 73,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Г ай харилцан тохиролцож гэрээний хугацааг 6 сараар сунгаж 2023 оны 02 сарын 01-ээс 07 сарын 31-ний дотор сар бүр төлөлт хийн төлбөрийг бүрэн төлж барагдуулж, дээрх орон сууцаа буцаан авах хүсэлтэй байна. Анх энэ байрыг 2015 онд А ХХК-аас захиалгын гэрээ байгуулж худалдаж авсан, мөн зээлийн төлбөрийг Хас банк ХХК-аар төлсөн, үүнд Г ХХК-ийн ямар ч оролцоо байхгүй, энэхүү нөхцөл байдлаас харахад нэр нь улсын бүртгэлд Г ХХК-д шилжсэн байгаа боловч бодит байдалд тухайн байрны үр шим, эзэмшил нь бүгд Н.Б д байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасан хууль бус гэх эрх зүйн гипотез буюу урьдчилсан нөхцөл нь хангагдахгүй байна. Мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлтэй холбоотой Монгол улсын дээд шүүхийн 2009 оны 1... тогтоолын 3-т хуулийн 106.1-т заасан өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах нь зөвхөн хууль бус эзэмшилд хамаарна, харин хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т зааснаар хууль ёсны эзэмшлээс өмчлөгч нь эд хөрөнгөө шаардах эрхгүй гэж тайлбарласан. Иргэний хуулийн 93 дугаар зүйл нь эд хөрөнгөө хууль ёсны эзэмшлээс шаардаж болохгүй гэх зохицуулалт байгаа. Банктай байгуулсан гэрээнд 73,000,000 төгрөгийн төлбөрийн баталгаа, барьцаа болгож байрыг шилжүүлж байна гэх агуулга байгаа болохоос биш, шууд 100 хувь шилжүүлсэн гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй гэж үзэж байна. Үлдэгдэл төлбөрийг өөрөө төлнө гэдгээ илэрхийлж байгаа. Талуудын хооронд байгуулсан гэрээний аль заалтыг үндэслэж нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, гэрээний харилцаа дуусгавар болоогүй, талуудын зүгээс гэрээг дуусгавар болгоё гэх асуудал яригдаагүй учир энэ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасны дагуу шаардах эрх байхгүй байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:
3.1. Нэхэмжлэгч талаасирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.08.03-ны өдрийн ГБ/ТАХ-21/20 дугаартай Үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, төлбөр тооцооны үлдэгдэл төлбөр барагдуулах гэрээ /Буцаан худалдан авах нөхцөлтэй/, 0 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022.08.19-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх албан бичиг,
3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2021.06.02-ны өдрийн 142, 143 дугаартай Эвлэрлийн гэрээ,
3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023.04.03-ны өдрийн 382 дугаартай албан бичиг, хавсралт 2015.01.28-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, А ХХК-аас Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн албан бичиг, 2015.01.08-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах, хөрөнгө оруулалтын гэрээ, хаягийн тодорхойлолт, схем зураг, Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, барьцаалбар.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
1. Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Н.Б д холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаартай, Сүхбаатар дүүргийн ... хороо, ... хороолол, Батмөнхийн гудамж, ... байр, ... тоот хаягт байршилтай, 37,83 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Хариуцагч нь өөрийн өмчлөлийн орон сууцыг төлбөр төлөх баталгаа болгож түр хугацаанд шилжүүлж, буцаан худалдан авах нөхцөлтэй гэрээ байгуулсан тул үлдэгдэл 73,000,000 төгрөгийг төлөхийн тулд хугацааг 6 сараар сунгуулах шаардлагатай байгаа гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
3. Г ХХК болон Н.Б нар нь 2021 оны ... сарын 03-ний өдөр ГБ/ТАХ-21/20 дугаартай Үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, төлбөр тооцооны үлдэгдэл төлбөр барагдуулах гэрээ /Буцаан хэдэлдан авах нөхцөлтэй/-г байгуулж, уг гэрээгээр дараах нөхцөлийг харилцан тохиролцсон байна. Үүнд:
- Н.Б нь Г наас олгогдсон 6 кредит картын гэрээний үлдэгдэл өр төлбөрт нийт 163,930,645.39 төгрөг /Д.Д ийн нэр дээр олгогдсон картын төлбөр 30,904,350.71 төгрөг, Д.Д ийн нэр дээр олгогдсон картын төлбөр 30,091,298.10 төгрөг, Ж.Батжаргалын нэр дээр олгогдсон картын төлбөр 20,702,771.16 төгрөг, Д.Д ын нэр дээр олгогдсон картын төлбөр 27,587,160.71 төгрөг, Д.Б ын нэр дээр олгогдсон картын төлбөр 27,337,257.03 төгрөг, Л.О ын нэр дээр олгогдсон картын төлбөр 27,307,807.68 төгрөг/-ийг барагдуулах,
- Н.Б нь төлбөл зохих 163,930,645.39 төгрөгөөс Д.Б ын нэр дээр олгогдсон картын төлбөр 27,337,257.03 төгрөг, Л.О ын нэр дээр олгогдсон картын төлбөр 27,307,807.68 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл төлбөрөөс 36,285,580.80 төгрөгийг гэрээ байгуулагдсанаас хойш 7 хоногийн дотор төлөх, 73,000,000 төгрөгт Н.Б ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаартай, Сүхбаатар дүүргийн ... хороо, ... хороолол, Батмөнхийн гудамж, ... байр, ... тоот хаягт байршилтай, 37,83 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулан өмчлөх эрхийг Г анд шилжүүлэх,
- Гэрээ байгуулагдсанаас хойш 6 сарын хугацаанд 36,285,580.80 төгрөгийг сар бүр тэнцүү хувааж төлөх, дараагийн 6 сард 73,000,000 төгрөгийг сар бүр тэнцүү хувааж төлсөнөөр хөрөнгийг буцаан худалдан авах,
- Гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрийг бүрэн төлж, буцаан худалдан аваагүй тохиолдолд орон сууц, уг хөрөнгөөс үүсэх аливаа үр шим нь банкны өмч болох. /хх-7-8/
4. Дээр дурдсан гэрээний агуулгаас үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг 73,000,000 төгрөгөөр худалдаж, төлбөрийг төлсөнөөр эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
5. Зохигчид гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.
6. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээнд заасан Н.Б ын төлбөл зохих 163,930,645.39 төгрөгөөс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШЗ2021/07599 дугаар захирамжид заасан Д.Б ын нэр дээр олгогдсон картын төлбөр 27,337,257.03 төгрөг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШЗ2021/07324 дугаар захирамжид заасан Л.О ын нэр дээр олгогдсон картын төлбөр 27,307,807.68 төгрөгийг төлсөн, мөн гэрээгээр тохирсон 36,285,580.80 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Эдгээр төлбөр төлөгдсөн болон мөнгөн дүнгийн хэмжээний асуудлаар талууд маргаагүй.
7. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаартай, Сүхбаатар дүүргийн ... хороо, ... хороолол, Батмөнхийн гудамж, ... байр, ... тоот хаягт байршилтай, 37,83 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Г ХХК-д олгогджээ.
8. Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1-д Худалдах-худалдан авах гэрээнд заасан бол худалдагч нь худалдсан эд хөрөнгөө худалдан авагчаас буцаан худалдан авах эрхтэй бөгөөд худалдагчийн энэ эрх нь түүний хүсэл зоригоос хамааран хэрэгжинэ гэж заасан.
Хариуцагч Н.Б нь гэрээнд заасны дагуу үлдэгдэл 73,000,000 төгрөгийг 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төлж, өөрийн өмчлөлийн орон сууцыг буцаан худалдан авахаар тохиролцсон боловч төлбөрийг төлж барагдуулаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
9. Зохигчдын хооронд 2021 оны ... сарын 03-ний өдөр байгуулсан ГБ/ТАХ-21/20 дугаартай Үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, төлбөр тооцооны үлдэгдэл төлбөр барагдуулах гэрээ /Буцаан хэдэлдан авах нөхцөлтэй/-г хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон хугацаа 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр дууссанаас хойш 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
10. Хариуцагч нь өнөөдрийг хүртэл өөрийн өмчилж байсан орон сууцандаа амьдарч байгаа боловч гэрээгээр тохирсон хугацаанд төлөх үлдэгдэл төлбөр 73,000,000 төгрөгийг төлөөгүй байгаа болох нь тогтоогдож байх тул хариуцагч Н.Б ын эзэмшил хууль бус болсон байна гэж дүгнэх үндэслэлтэй байна.
11. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно гэж зааснаар хариуцагч Н.Б ын өмчлөх эрх дуусгавар болж, нэхэмжлэгч Г ХХК-д өмчлөх эрх үүссэн байх бөгөөд мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах , аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх хөрөнгөө шаардах эрхтэй байна.
Иймд эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаартай, Сүхбаатар дүүргийн ... хороо, ... хороолол, Батмөнхийн гудамж, ... байр, ... тоот хаягт байршилтай, 37,83 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг хариуцагч Н.Б /түүний гэр бүлийн гишүүд/-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, нэхэмжлэгч Г ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлд шилжсэн орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасан байх тул уг нэхэмжлэлийн шаардлагад төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар 70,200 төгрөгөөр тогтоож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 452,750 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 11... зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаартай, Сүхбаатар дүүргийн ... хороо, ... хороолол, Батмөнхийн гудамж, ... байр, ... тоот хаягт байршилтай, 37,83 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг хариуцагч Н.Б /түүний гэр бүлийн гишүүд/-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлөн гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 452,750 төгрөгийг улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгож, хариуцагч Н.Б аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР