Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2023/02248

 

 

 

 

 

 

 

 

 

2023 05 05

101/ШШ2023/02248

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М.А ,

 

Нэхэмжлэгч: У.У / нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.А /-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээг цуцалсантай холбогдох хохирол, зардалд нийт 11,550,000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгч: М.А ,

нэхэмжлэгч: У.У ,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э ,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Түвшинбаяр.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2018 оны 8 дугаар сард манай хамаатны Г.А утсаар ярьж Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... хороо, .... дугаар байрны .... тоот байрыг 42,000,000 төгрөгөөр зармаар байна, байр авах уу гэсэн. Тэгэхээр нь бэлэн мөнгөөр зарах юм уу, байрныхаа урьдчилгаа төлбөрийг аваад 8 хувийн зээлд хамруулж өгөх боломжтой юу гэхэд Г.А нь Та урьдчилгаа хөлсөнд 22,000,000 төгрөгийг боломжоороо 4 хуваагаад өгчих, үлдсэн мөнгийг сар бүр 230,000 төгрөгийг төлөөд байж болно. Харин урьдчилгаа төлбөр болох 22,000,000 төгрөгөөс 15,000,000 төгрөгийг эхлээд миний данс руу хийчих юм бол байрны ордерыг шилжүүлж өгнө гэж хэлсний дагуу 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 8,000,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 100,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 6,500,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 460,000 төгрөг, нийтдээ 16,060,000 төгрөгийг Г.А ийн дансанд шилжүүлсэн. Ингээд байрны ордероо шилжүүлэхийг Г.А ээс шаардахад би өнөө маргаашгүй байрны ордерыг шилжүүлнэ, та байрандаа ороод байж бай, мөн сар бүр 230,000 төгрөгөө төлөөд явж байгаарай гэсний дагуу 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс сар бүр 230,000 төгрөг төлж байсан. У.У нь тус байранд амьдарч байсан ба 2019 оны хавар хөдөө явахдаа найзыгаа байранд үлдээж байсан. Гэтэл 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Г.А гэрт ирээд хүүхдүүдийг маань хөөж гаргаад, байрны цоожны голыг сольсон байсан. Ингээд бид байрыг өгөхгүй юм бол мөнгөө буцааж авъя гээд худалдах тохиролцоогоо цуцалж, Г.А нь түүнд төлсөн мөнгийг буцаан өгөхөөр болсон боловч байранд суулгаж байсан мөнгө авна гэсэн. Г.А д байрны урьдчилгаанд өгсөн 16,060,000 төгрөг, нотлох баримт шүүхэд өгөхөд канон, зураг угаалгасны төлбөр 13,300 төгрөг, тухайн байранд суухдаа төлсөн 13 сарын төлбөр 2,990,000 төгрөг, СӨХ-ны төлбөр 85,700 төгрөг буюу нийт 19,149,000 болсон. Г.А нь 2020 оны 1 дүгээр сарын 27-нд 3,500,000 төгрөг, 2020 оны 2 дугаар сарын 22-нд 3,000,000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 20-нд 500,000 төгрөг, 2022 оны ... сарын 04-нд 500,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 19-нд 1,000,000 төгрөг, нийтдээ 8,500,000 төгрөгийг буцаан төлж үлдэгдэл 11,550,000 төгрөг үлдсэн. Үлдэгдэл төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөхгүй утсаа авахгүй салгаад алга болсон тул хариуцагч Г.А ээс 11,550,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.А миний бие нэхэмжлэгч М.А , У.У нарын нэхэмжлэлд дурдсан Баянгол дүүргийн ... хороо, .... байрны .... тоот байр зарахаар тохиролцож, төрөл садангийн хүмүүс учир амаар хэлцэл хийж, 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр бичгээр гэрээ байгуулалгүй, дүүгийн нэр дээр байх байрыг аман хэлцлээр худалдсан. М.А нь манай хүүхэд хот орох гэж байгаа, эхнэртэй болж байгаа учир байр авах гэж байгаа, байраа зараач гэсэн. Нэхэмжлэгч нараас байрны төлбөрт 15,500,000 төгрөгийг авсан. Энэ байр нь лизингээр авсан байр байсан ба анх тохиролцсон ёсоороо мөнгөө өгөхгүй удаагаад байсан болохоор эгч М.А , нөхөр Баяраатай тухайн үед хотод ирцгээсэн байсан тул уулзаж тухтай ярилцъя гээд байранд нь очиход өөр хүнд түрээслүүлсэн байсан. Ингээд би мөнгөө нэхэхэд өөрсдөө байраа буцаая гэсэн тул би 8,500,000 төгрөгийг М.А эгчээс, түрээслүүлсэн 2,300,000 төгрөгийг У.У аас авсан байсныг тооцож нийт 10,800,000 төгрөгийг буцаан төлсөн ба үлдсэн мөнгийг нь байр түрээсэлсэн мөнгөнд бодож суутгаж авч үлдсэн. Тухайн үед лизингийн сар бүр төлдөг 230,000 төгрөгийг нэхэмжлэгч нар тохиролцсон ёсоор төлж байсан бөгөөд миний байрыг хүнд түрээсэлж байсныг тухайн ханшаар нь бодож авч үлдсэн. Эдгээр хүмүүст байраа өгөөгүй байсан бол би байраа өөрөө түрээслүүлэх байсан. Тухайн үед түрээслүүлээд байж байсныг болиулаад засвар хийлгээд цэвэрлүүлээд түлхүүрээ би өгсөн. М.А , У.У нар 2022 оны 7 дугаар сард Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байсныг шүүгчийн захирамж гарч буцаасан байсан. Миний бие 13 сар амьдарсан хугацааны мөнгө болгож 4,700,000 төгрөг өгөлгүй үлдээсэн нь үнэн. Нэхэмжлэгч нарын нэхэмжилж байгаа мөнгийг төлөхгүй бөгөөд 13 сар хүний байранд үнэгүй сууж өөр хүнд дам түрээслүүлж мөнгө олох бодолтой байсан юм байна. М.А , У.У нарт би анх байрыг зарахдаа сар бүр 230,000 төгрөгийг банканд төлдөг лизингийн байр, миний төрсөн дүү Алтанцогийн нөхөр Тамир, түүний эгч Уянга нарын нэр дээр байдаг шүү гэдгээ хэлсэн бөгөөд надад хуурч мэхэлсэн зүйл огт байхгүй. Байранд амьдарч байх хугацаандаа төлсөн СӨХ-ны мөнгө нь хэрэглээний зардал тул өөрсдөө төлөх ёстой. Хэрэв байраа зараагүй байсан бол энэ мөнгийг өөрөө төлөөд явах байсан. Тухайн үеийн ханшаар 500,000 төгрөгөөр хүнд хөлслүүлдэг байсан. Гэрээгээ буцаая гэсэн хүмүүс нь өөрсдөө тул байранд амьдарч байсан хугацаанд банканд төлсөн 2,990,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Мөнгө нэмж шаардсан нь үндэслэлгүй, нэхэмжлэгч нар худал хэлж байна. Өөр хүнд хөлслүүлснийг нь мэдээд, гэрээ цуцлах асуудал үүссэн гэв.

 

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч нараас ирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.07.04-ний өдрийн 101/ШЗ2022/16803 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, 2022.08.13-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2022.08.12-ны өдрийн итгэмжлэл, 2022.06.21-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, Төрийн банкин дахь М.А гийн .... дугаартай, .... дугаартай, .... дугаартай зээлийн дансны харилцагчийн хуулга, Төрийн банкин дахь У.У ын ... дугаартай зээлийн дансны харилцагчийн хуулга, ХААН банкин дахь М.А гийн .... дугаартай зээлийн дансны харилцагчийн хуулга, шуудан хүргэгчийн дэвтрийн хуулбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.08.24-ний өдрийн 101/ШЗ2022/1982... Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, М.А гийн иргэний үнэмлэхийн хуулбар, эрүүгийн хэргийн төв архивын мөнгөний тасалбар, 2010.07.22-ны өдрийн 400592 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ, Ерөнхий Прокурорын газрын Прокурорын 2020.02.11-ний өдрийн 1/217 дугаар Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол, Хэнтий аймгийн Прокурорын газрын Прокурорын 2019.10.09-ний өдрийн 224 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, Төрийн банкны ..... дугаар дансны 2019.07.06-ны өдрийн гүйлгээний хуулга, ХААН банкны 2019.04.16, 2018.08.23-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, Төрийн банкны зээлийн эргэн төлөлтийн хуваарь, ХААН банк, Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд, мессеж болон хувийн сууцны фото зураг, 2019.09.22-ны өдрийн гэрч Г.А ийн мэдүүлэг, 2019.09.22-ны өдрийн гэрч Д.Тамирын мэдүүлэг, орон сууцны ашиглалтын төлбөр төлсөн баримтууд, төлбөр төлөх мэдэгдэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: Г.А ийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2023.04.17-ны өдрийн хариу тайлбар, 2023.04.24-ний өдрийн итгэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Төрийн банкин дахь Ц.Б , Ш.Б нарын ... дугаар депозит дансны хуулга, ХААН банкин дахь Г.А ийн ...  дугаар депозит дансны хуулга.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

1. Нэхэмжлэгч М.А , У.У нар нь хариуцагч Г.А д холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 16,060,000 төгрөг, банкны төлбөрт 2,990,000 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 85,700 төгрөг, нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой зардал 13,300 төгрөг, нийт 19,149,000 төгрөгийг төлснөөс хариуцагчийн төлсөн 8,500,000 төгрөгийг хасаж тооцон, үлдэгдэл 11,550,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Хариуцагч нь орон сууц худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 15,500,000 төгрөгийг шилжүүлэн авснаас 10,800,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт буцаан шилжүүлсэн, 4,700,000 төгрөгийг өгөөгүй үлдээсэн, орон сууцыг бусдад хөлслүүлж мөнгө олох боломжтой байсан тул банкны лизингийн төлбөрт шилжүүлсэн 2,990,000 төгрөгийг орон сууцанд амьдарсан хугацааны төлбөрт суутган тооцсон, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт төлсөн гэх 85,700 төгрөг, нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой зардал 13,300 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Хариуцагч Г.А нь Улаанбаатар хот, Баянгол дүүргийн ... хороо, .... дугаар байрны .... тоот орон сууцыг нэхэмжлэгч нарт 42,000,000 төгрөгөөр худалдах, нэхэмжлэгч нар нь орон сууцны төлбөрт 22,000,000 төгрөгийг бэлнээр, үлдэх мөнгийг банканд сар бүр 230,000 төгрөгийн төлөлт хийн төлж дуусгахаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч У.У нь орон сууцанд тодорхой хугацаанд амьдарч байсан, хариуцагч нь орон сууцыг буцаан авч нэхэмжлэгч нарт тодорхой хэмжээний мөнгө буцаан шилжүүлсэн, нэхэмжлэгч нар нь орон сууцны төлбөрт шилжүүлсэн мөнгийг буцаан авахаар шаардаж байсан.

 

3.2. Нэхэмжлэгч М.А нь хариуцагч Г.А д холбогдуулан бусдын нэр дээр байгаа орон сууцыг худалдан борлуулахаар хэлцэл хийж нийт 18.7 сая төгрөгийн хохирол учруулсан гэсэн гомдлыг гаргасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, Хэнтий аймгийн Прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 224 дугаар прокурорын тогтоолоор Г.А ийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй, иргэд хоорондын эд хөрөнгийн маргаан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэн хэрэг бүртгэлийн хэргийг хаасан. М.А нь уг тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасныг Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 1/217 дугаар прокурорын тогтоолоор хэргийг хянахад хэргийг хааж шийдвэрлэсэн прокурорын шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна.

 

4. Зохигчдын хооронд Улаанбаатар хот, Баянгол дүүргийн ... хороо, .... дугаар байрны .... тоот орон сууцыг худалдах, худалдан авах асуудлаар аман тохиролцоо хийгдэж, орон сууцны төлбөрт тодорхой хэмжээний мөнгө төлсөн, орон сууцыг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Зохигчид үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах талаар харилцан тохиролцсон боловч бичгээр гэрээ байгуулаагүй, худалдагч Г.А нь нэхэмжлэгч нар орон сууцны төлбөрийг төлж барагдуулаагүй байж орон сууцыг бусдад түрээсэлж байсан гэх үндэслэлээр 2019 оны 9 дүгээр сард орон сууцыг чөлөөлж авсан тул нэхэмжлэгч М.А , У.У нар нь орон сууцыг худалдан авах тохиролцоог цуцалж, төлбөрт шилжүүлсэн мөнгөө буцаан гаргуулахаар шаарджээ.

 

5. Зохигчид орон сууц худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон, гэрээ цуцлагдсан үйл баримтын талаар маргаагүй боловч орон сууцны төлбөрт шилжүүлсэн мөнгөн дүн болон орон сууцанд амьдарч байсан хугацааны талаар маргаж мэтгэлцсэн.

 

6. Нэхэмжлэгч тал нь маргаан бүхий орон сууцанд 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны ... сарын 18-ны өдөр хүртэл амьдарсан гэж, хариуцагч нь 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд орон сууцанд амьдарч ашигласан гэх тайлбарыг гарган маргаж байх боловч талууд тухайн орон сууцыг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн баримт үйлдээгүй байх ба зохигчдын хэн аль нь орон сууцанд амьдарч, ашиглаж байсан хугацааны талаарх өөрсдийн тайлбар, татгалзлыг шууд нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

 

7.1. Нэхэмжлэгч нар нь орон сууцны төлбөрт 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 8,000,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөгийг Ариунсанаа-с байрны урьдчилгаа гэсэн гүйлгээний утгатай, 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 6,500,000 төгрөгийг Ариунсанаа-с гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба хариуцагч нь эдгээр шилжүүлэг болон мөнгөн дүнгийн талаар маргаагүй, эдгээр мөнгийг шилжүүлсэн авсныг хүлээн зөвшөөрсөн.

 

7.2. Мөн нэхэмжлэгч нар нь орон сууцны лизингийн төлбөрт 2018 оны 8 дугаар сараас эхлэн 13 сарын хугацаанд сар бүр 230,000 төгрөг, нийт 2,990,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч нь энэ талаар маргаагүй.

 

7.3. Нэхэмжлэгч нар нь 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 460,000 төгрөгийг орон сууцны төлбөрт төлсөн гэх тайлбарыг гаргасан ба хариуцагч нь уг мөнгийг дансаар шилжүүлсэн авсан талаар маргаагүй боловч тус 460,000 төгрөг нь орон сууцны лизингийн төлбөрт төлсөн гэх 2,990,000 төгрөгт тооцогдож байгаа мөнгө, сүүлийн төлөлтүүд хийгдээгүй байсныг дансаар шилжүүлснийг хүлээн авч орон сууцны лизингийн төлбөрт банкны данс руу шилжүүлсэн гэх тайлбар гаргаж, банкны гүйлгээний баримтыг нотлох баримтаар ирүүлснийг нэхэмжлэгч нар нь баримтаар үгүйсгэж няцаагаагүй, хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэл бүхий байна.

 

7.4. Нэхэмжлэгч нар нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 100,000 төгрөг, орон сууцны төлбөрт шилжүүлсэн гэх тайлбарыг гаргасан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад маргаан бүхий орон сууцанд амьдарч байхдаа хариуцагчтай тохиролцсоны дагуу угаалгын машины төлбөрт төлсөн талаарх тайлбарыг гаргасан тул уг мөнгийг орон сууцны төлбөрт тооцох үндэслэлгүй байна.

 

7.5. Хариуцагч Г.А нь 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 3,500,000 төгрөг, 2020 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 3,000,000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2022 оны ... сарын 04-ний өдөр 500,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 19-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 8,500,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт буцаан шилжүүлсэн байх ба эдгээр мөнгөн дүн, шилжүүлгийн талаар нэхэмжлэгч тал маргаагүй.

 

8. Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар нэхэмжлэгч тал орон сууцыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, төлбөрт 15,500,000 төгрөг, орон сууцны банкны лизингийн төлбөрт 2,990,000 төгрөгийг шилжүүлсэн боловч хариуцагч нь орон сууцны төлбөрийг бүрэн төлөөгүй байхдаа бусдад түрээслэсэн гэсэн үндэслэлээр орон сууцыг чөлөөлөн өөрийн эзэмшилд буцаан авсан үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд хийгдсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаа дуусгавар болсон байх ба талууд хэн нэгний буруутай үйл ажиллагааны улмаас гэрээ дуусгавар болоход нэхэмжлэгч нарын орон сууцны төлбөрт шилжүүлсэн мөнгийг буцаан өгөхгүй болон ямар нэгэн зардалд суутган тооцох талаар тохиролцоо хийгдсэн болох нь, мөн нэхэмжлэгч нар нь мөнгийг буцаан авах нөхцөлгүйгээр шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч М.А , У.У нар нь орон сууцны төлбөрт шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.

 

9. Нэхэмжлэгч нар нь орон сууцны төлбөрт дансаар 15,500,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлснээс хариуцагч нь 8,500,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн байх тул үлдэх 7,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч нарт олгох үндэслэлтэй.

 

10. Хариуцагч нь нэхэмжлэгч нарын орон сууцны банкны лизингийн төлбөрт 230,000 төгрөгөөр 13 сарын турш төлсөн нийт 2,990,000 төгрөгийг орон сууцанд амьдарсан хугацааны төлбөрт суутган тооцсон гэх тайлбарыг гаргаж байх боловч зохигчдын хооронд орон сууцны төлбөр бүрэн төлөгдөлгүй гэрээ цуцлагдсан тохиолдолд орон сууцанд амьдарсан хугацааны сарын төлбөрийг хэрхэн тооцох талаарх тохиролцоо хийгдээгүй байх тул банкны лизингийн төлбөрт шилжүүлсэн 2,990,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.

 

11. Нэхэмжлэгч нар маргаан бүхий орон сууцанд 2018 оны 8 дугаар сард орох үед сууц өмчлөгчдийн холбооноос шаардсаны дагуу төлөгдөөгүй байсан төлбөрт 85,700 төгрөгийг төлсөн гэсэн үндэслэлээр уг мөнгийг гаргуулахаар шаардсан боловч хэрэгт авагдсан баримтаар 2018 оны 8 дугаар сараас өмнөх хугацааны төлбөрт 85,700 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдохгүй байх тул хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

 

12. Мөн нэхэмжлэгч нар нь нотлох баримт шүүхэд өгөхөд канон, зураг угаалгахад 13,300 төгрөгийн гарсан зардал гарсан гэсэн үндэслэлээр гаргуулахаар шаардсан боловч нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн ямар тоо хэмжээтэй, ямар баримтыг бүрдүүлэхэд тухайн зардлыг гаргасан болох нь баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.

 

13. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн хариуцагч Г.А ээс нийт 9,990,000 /7,000,000+2,990,000/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,560,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5... зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 199,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 174,790 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь хуульд нийцнэ.

 

15. Хариуцагч нь өөрийн орон сууцыг бусдад түрээслэн орлого олох боломжтой байсан, нэхэмжлэгч тал орон сууцанд 13 сар амьдарч, орон сууцыг бусдад түрээслэн орлого олж түүнийг хохироосон гэх тайлбарыг гаргасан боловч нэхэмжлэгч нарт холбогдуулан орон сууцанд амьдарсан хугацааны төлбөр, хохирол гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж шаардаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Г.А ээс 9,990,000 /есөн сая есөн зуун ерэн мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.А , У.У нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,560,000 /нэг сая таван зуун жаран мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5... зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.А ээс улсын тэмдэгтийн хураамжид 174,790 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.А , У.У нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР