Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/01380

 

 

2023 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/01380

 

 

А-, Б- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Н.Батзориг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2023/02248 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-, Б- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээг цуцалсантай холбогдох хохирол, зардалд нийт 11,550,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А-, Б-, хариуцагч Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: 2018 оны 08 дугаар сард Г-ээс Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, ХД53 дугаар байрны *** тоот орон сууцыг 42,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Үүний дагуу 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийтдээ 16,060,000 төгрөгийг Г-ийн дансанд шилжүүлсэн.

Бас Г- нь ...орон сууцны гэрчилгээг удахгүй шилжүүлнэ, та байрандаа ороод байж бай, мөн сар бүр 230,000 төгрөгөө төлөөд явж байгаарай... гэсний дагуу 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс сар бүр 230,000 төгрөгийг банкинд төлж байсан.

Б- нь тус байранд амьдарч байсан ба 2019 оны хавар хөдөө явахдаа найзыгаа орон сууцандаа үлдээж байсан. Гэтэл 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Г- орон сууцаа худалдахаа больсон гээд хаалганы цоожны голыг сольсон. Ингээд бид орон сууц худалдах, худалдан авах тохиролцоогоо цуцалж, Г- нь төлсөн мөнгийг буцаан өгөхөөр болсон боловч орон сууцанд амьдарсан хугацааны мөнгө авна гэсэн.

Г-д орон сууцны урьдчилгаанд өгсөн 16,060,000 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбоотой зардал 13,300 төгрөг, тухайн орон сууцанд амьдрах хугацаандаа банкинд төлсөн 13 сарын төлбөр 2,990,000 төгрөг, СӨХ-ны төлбөр 85,700 төгрөг буюу нийт 19,149,000 төгрөгийг нэхэмжлэгч нар төлсөн. Г- нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 8,500,000 төгрөгийг буцаан төлж үлдэх 11,550,000 төгрөгийг төлөөгүй. Иймд хариуцагч Г-ээс 11,550,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: А-, Б- нарт би анх байрыг зарахдаа сар бүр 230,000 төгрөгийг банканд төлдөг лизингийн байр, миний төрсөн дүү Алтанцогийн нөхөр н.Тамир, түүний эгч н.Уянга нарын нэр дээр байдаг шүү гэдгээ хэлсэн бөгөөд надад хуурч мэхэлсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгч нараас орон сууцны урьдчилгаа төлбөрт 15,500,000 төгрөгийг авсан боловч тохиролцсон хугацаандаа төлбөрөө төлөхгүй удаагаад байсан учраас уулзахаар очиход өөр хүнд түрээслүүлсэн байсан.

Ингээд би мөнгөө нэхэхэд өөрсдөө орон сууцыг буцаая гэсэн тул би 8,500,000 төгрөгийг А- эгчээс, түрээслүүлсэн 2,300,000 төгрөгийг Б-аас авсан байсныг тооцож нийт 10,800,000 төгрөгийг буцаан төлсөн. Тухайн үед лизингийн сар бүр төлдөг 230,000 төгрөгийг нэхэмжлэгч нар тохиролцсон ёсоор төлж байсан бөгөөд миний орон сууцыг бусдад түрээсэлж байсныг тухайн ханшаар нь тооцон авсан. Хэрэв нэхэмжлэгч нарт орон сууцаа худалдахаар өгөөгүй байсан бол би бусдад түрээслүүлэх байсан. Иймд нэхэмжлэгч нарын амьдарсан 13 сарын хугацааны төлбөрт 4,700,000 төгрөгийг тооцон авч үлдсэн.

Орон сууцанд амьдарч байх хугацаандаа төлсөн СӨХ-ны мөнгө нь хэрэглээний зардал тул өөрсдөө төлөх ёстой. Тухайн үед орон сууцыг сарын 500,000 төгрөгөөр бусдад хөлслүүлдэг байсан. Нэхэмжлэгч нар гэрээг цуцалсан тул орон сууцанд амьдарч байсан хугацаанд банкинд төлсөн 2,990,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Г-ээс 9,990,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А-, Б- нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,560,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г-ээс улсын тэмдэгтийн хураамжид 174,790 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А-, Б- нарт олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч нь орон сууцаа зараач 22,000,000 төгрөгийг нь урьдчилаад өгье, үлдсэн мөнгийг нь нэг жилийн дотор 4 хувааж төлье гэсний дагуу байрандаа оруулсан. Гэтэл нэхэмжлэгч нар нь тохиролцоогоо зөрчсөн бөгөөд тохиролцсон хугацаандаа мөнгөө өгөөгүй. Талууд анх тохиролцохдоо гэрээний үнийг 45,000,000 төгрөг байхаар тохиролцсон бөгөөд нэхэмжлэгчийн тодорхойлсноор 42,000,000 төгрөгөөр гэрээ байгуулсан мэтээр шүүх тодорхойлсон нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч нар анхнаасаа намайг хуурч, орон сууцанд амьдрах зорилготой байсан байна. Хүүхэд нь тухайн үед сургуульд сурдаг байсан учраас надтай тохиролцоо хийгээд хэсэг хугацаа өнгөрч хүүхэд нь ч сургуулиа төгсөнгүүт хэрэгцээ нь дуусч, бид орон сууцыг авахаа болилоо гэсэн. 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр түлхүүр авснаас хойш 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд буюу нийт 18 сарын хугацаанд орон сууц нэхэмжлэгч нарын мэдэлд байсан. Нэхэмжлэгч нар орон сууцыг бусдад хөлслүүлж, багаар тооцоход 9,900,000 төгрөгийн орлого олсон.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь Эхнэр төрсөн тул гэр рүүгээ явах болсон. Энэ найз маань Оюу толгойд ажиллаж байгаа. Танайд хэд хоног байж болох уу гэж байсан. Би зуны хэдэн сар байхгүй шүү дээ гэхэд би түрээсийг нь төлөөд суучихъя гэж хэлсэн. Тэгэхээр нь зөвшөөрч найздаа үлдээж явсан талаар тайлбарласан. Иймд миний орон сууцыг бусдад түрээсэлж ашиг олж байсан тул талууд гэрээгээ цуцлахдаа энэ мөнгийг нь үндсэн шилжүүлсэн төлбөрөөс хасаж тооцохоор харилцан тохиролцсон байсан.

4.2. Нэхэмжлэгч нар нь харилцан тохиролцсоны дагуу төлбөрөө хийгээгүй буюу гэрээний үүргээ зөрчсөн учраас түүнээс учирсан хохирлыг өөрсдөө хариуцах ёстой. Банкны лизингтэй гэдгийг нэхэмжлэгч нарт тухайн үед нь хэлж байсан бөгөөд уг төлбөрийг бол өөрсдөө хариуцан төлнө гэдгээ мэдэж байсан. Нэхэмжлэгч нь тухайн хугацаанд орон сууцыг гуравдагч этгээдэд хөлслүүлж орлого олсон бөгөөд уг орлогоосоо энэхүү мөнгийг төлсөн. Өөрөөр хэлбэл бодит байдал дээр нэхэмжлэгч нар өөрсдөө бус хариуцагчийн орон сууцыг гуравдагч этгээдэд хөлслөн орсон орлогын зарим хэсгээс банкинд төлсөн байдаг.

Өмнө нь ч би орон сууцаа хөлслүүлээд уг мөнгөөр банкны лизингийн төлбөрийг төлдөг байсан. Хэрвээ нэхэмжлэгчтэй ийнхүү хэрэгжихгүй хэлцэл хийгээгүй бол мөн уг байдлаар хөлслүүлж, төлбөрөө төлөх боломжтой байсан. Мөн нэхэмжлэгч Б- нь ...Би 13 сар байранд амьдарч байсан нь үнэн. Амьдарч байсан юм чинь 2,900,000 төгрөг авахгүй ... 2,900,000 төгрөгийг банкинд төлж байсан юм чинь үлдээсэн... гэх тайлбар гаргасан.

4.3. Мөн нэхэмжлэгч нь 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл амьдарсан байдаг. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил юм. Эндээс харвал нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн байна.

Энэхүү маргаан бүхий гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ биш бөгөөд тус хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байна. Зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулахаар заасан. Гэтэл анхан шатны шүүх худалдах, худалдан авах гэрээ мэтээр дүгнэсэн нь буруу бөгөөд Иргэний хуулийн буруу тайлбарлан хэрэглэсэн.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн давж заалдах гомдлыг зөвшөөрөхгүй.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А-, Б- нар нь хариуцагч Г-д холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэг болон гэрээ цуцалснаас учирсан хохиролд 11,550,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. Хариуцагч Г- нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, ХД53 дугаар байрны *** тоот орон сууцыг нэхэмжлэгч нарт 42,000,000 төгрөгөөр худалдах, нэхэмжлэгч Б-, А- нар нь орон сууцны төлбөрт 22,000,000 төгрөгийг бэлнээр, үлдэх мөнгийг банкинд сар бүр 230,000 төгрөг төлж дуусгахаар харилцан тохиролцсон,

3.2. Гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгч нарт орон сууцыг 2018 оны 08 дугаар сард хүлээлгэн өгсөн,

нэхэмжлэгч нар нь орон сууцны урьдчилгаа төлбөрт 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 15,500,000 төгрөгийг Г-ийн ХААН банк дахь данс руу шилжүүлсэн, мөн орон сууцны зээлийн төлбөрт 2018 оны 08 дугаар сараас эхлэн 13 сарын хугацаанд сар бүр 230,000 төгрөг, нийт 2,990,000 төгрөгийг банкинд төлсөн,

3.3. Талууд гэрээг цуцалж, 2019 оны 09 дүгээр сард орон сууцны эзэмшлийг хариуцагч Г- буцаан авч, орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн төлбөрөөс 8,500,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт буцааж шилжүүлсэн.

 

4. Анхан шатны шүүх талууд бичгээр гэрээ байгуулаагүй, гэрээний үнийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцохдоо хүү тохироогүй зэргийг харгалзан зохигч нь зээлээр худалдах, худалдан авах гэрээ биш Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж зөв дүгнэжээ.

 

4.1. Хариуцагч нь гэрээний үнийн дүнг 45,000,000 төгрөг байсан гэж маргаж байх боловч анхан шатны шүүх гэрээний үнийг талууд 42,000,000 төгрөгөөр тохиролцсон гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгчийн гаргасан худалдах, худалдан авах гэрээний үнийг 42,000,000 төгрөгөөр тохиролцсон гэх тайлбарыг хариуцагч анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үгүйсгэж тайлбар, татгалзал гаргаагүй.

 

4.2. Худалдах, худалдан авах гэрээг талууд харилцан тохиролцож цуцалсан, нэхэмжлэгч нарын орон сууцны төлбөрт шилжүүлсэн мөнгөнөөс суутгал хийх тохиролцоо байхгүй гэж анхан шатны шүүхийн зөв дүгнэсэн байх тул хариуцагчийн гаргасан нэхэмжлэгч нарын буруугаас гэрээ цуцлагдсан тул орон сууцны зээлийн төлбөрт банкинд төлөгдсөн 2,990,000 төгрөгийг буцаан өгөх үндэслэлгүй гэх гомдлыг хангахгүй.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээ цуцалж байгаа тохиолдолд талууд харилцан хүлээн авсан зүйлсийг буцаан хүлээлгэн өгөх үүргийг хүлээдэг.

Иймд Г- нь орон сууцыг буцаан өөрийн эзэмшилд хүлээн авсан тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгч нарын хариуцагчид орон сууцны төлбөрт шилжүүлсэн 15,500,000 төгрөгөөс буцаан авсан 8,500,000 төгрөгийг хасч үлдэх 7,000,000 төгрөг, орон сууцны зээлийн төлбөрт банкинд төлсөн 2,990,000 төгрөг, нийт 9,990,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,560,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцжээ.

 

4.3. Хариуцагч нь нэхэмжлэгч нарыг орон сууцыг эзэмшилдээ байлгах хугацаанд бусдад хөлслүүлж ашиг олсон, хэрэв дээрх хугацаанд орон сууцаа бусдад хөлслүүлсэн бол өөрөө ашиг олох байсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байр суурийг илэрхийлжээ.

Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь гэрээ цуцалсантай холбоотой учирсан хохирлын талаар шаардлага гаргаагүй байна.

Түүнчлэн хэрэгт нэхэмжлэгч нар нь орон сууцыг бусдад хөлслүүлж ашиг олсон гэх баримтгүй. Тухайлбал, Б-ын Б.Доржжагдагтай 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан гэрээ гэх баримт хэрэгт авагдсан боловч нотлох баримтын шаардлага хангахгүй, мөн гэрээний хэрэгжих хугацаа нь хариуцагчийн орон сууцаа буцаан авсан хугацаатай давхацсан байх тул уг гэрээг хэрэгжсэн гэх үзэх боломжгүй.

Иймд хариуцагч гэрээ цуцлагдсантай холбоотой учирсан хохирлоо тодорхойлж нэхэмжлээгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангахгүй.

 

4.4. Түүнчлэн Улсын ерөнхий прокурорын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1/217 тоот гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШЗ2022/16803 дугаар захирамжаар нэхэмжлэгч нар нь дээрх гэрээг цуцалсны үр дагаврыг шаардаж байсан байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна. Иймд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2023/02248 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Т.БАДРАХ