Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2023/00618

 

 

 

 

 

 

 

2023 01 25

101/ШШ2023/00618

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н.Д холбогдох

 

Хамтран ажиллах гэрээний дагуу 40,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.М,

Хариуцагч Н.Д,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.О,

Гэрч Э.А, Н.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч СХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

СХХК болон Н.Д нар Сургалт, спортын сургалт, бие бялдаржуулах, спортын уралдаан, тэмцээн зохион байгуулах чиглэлээр хамтарч ажиллахаар харилцан тохиролцож 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулан, Барааны тэмдэг, зохиогчийн эрх дэглэлт, бизнесийн нэр хүнд маркетингийн давуу талуудыг ашиглахад сард хамгийн багадаа 20,000,000 төгрөг, мөн тэмцээн зохион байгуулсан нөхцөлд 40,000,000 төгрөг олдог байсан. Н.Д нь нийгмийн харилцааны хэрэгслээр олон удаа Г.Мийн зохиогчийн эрхтэй хичээл, дэглэлт, ая гэх мэт оюүны өмчийг ашиглаж ашиг олж байгаа нь илэрхий байсан. Гэтэл Н Д нь Хамтран ажиллах гэрээний 3.1.д Энэхүү гэрээг байгуулсан өдрөөс эхлэн "Б" тал нъ Спиннингийн байнгын элсэлт буюу үндсэн үйл ажиллагаанаас олсон орлогын 20%, машинтай хөтөлбөр болон бооцоот шагнал амласан хөтөлбөрүүдээс олсон орлогын 50%-ийг "А" талд шилжүүлэх үүрэгтэй гэж тохирсон үүргээ одоог хүртэл биелүүлээгүй байна.

Иймд 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс хойших 9 сарын орлогын 20% болох 36,000,000 төгрөг, хамгийн багадаа 1 хөтөлбөр зохион байгуулсны орлогын 50% болох 4,000,000 төгрөг, нийт 40,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс хойш гэрээний хугацааны буюу 12 сарын орлогын 20 хувийг хэрэгт авагдсан хариуцагч, Ф ХХК-ийн нийт ашиг орлого нь 116,401,497 төгрөгийн 20 хувь болох 23,280,299.4 төгрөгийг гаргуулахаар багасгаж, нэхэмжлэлээс хамгийн багадаа 1 хөтөлбөр зохион байгуулсны орлогын 50% болох 4,000,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

2. Хариуцагч Н.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.М нь Н.Дтай спортын сургалт, бие бялдаржуулах, спортын уралдаан, тэмцээн зохион байгуулах чиглэлээр өөрийн барааны тэмдэг, зохиогчийн эрх, дэглэлт, хичээлүүдийг ашиглуулж хамтран ажилласан гэх үндэслэлээр 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс хойшхи 9 сарын хугацаанд тогтмол олсон орлогын 20 хувь болох 36,000,000 төгрөг, тэмцээн зохион байгуулсны 50 хувь болох 4,000,000 төгрөг, нийт 40,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Дээрх гэрээний нөхцөлийн дагуу Г.М нь 7 хоногт өөрийн биеэр 2-3 удаа хичээл заах, мөн 7 хоногт 2-3 удаа цахим орчинд сурталчилгаа явуулах, тус клубт хичээллэх үйлчлүүлэгч олж ирэх зэрэг үүргийг биелүүлэх, тус үүргийг хэрэгжүүлсний төлөө үндсэн үйл ажиллагаанаас олсон ашгийн 20 хувийг, уралдаан, тэмцээн зохион байгуулснаас олсон ашгийн 50 хувийг өгөхөөр тохирсон байсан. Түүнийг гэрээний үүргээ биелүүлэх, хичээл, сургалтаа заах талаар удаа дараа шаардлага тавьж байсан боловч энэ үүргий огт биелүүлээгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, СХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн итгэмжлэл, 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 09/21 дугаартай итгэмжлэл, Монголын эргэлтэт дугуйн холбоо НҮТББ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэгчийн итгэмжлэл, нэхэмжлэгчийн тайлбар, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн түрээсийн гэрээ, уг гэрээний хавсралт, 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн түрээсийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, Оюуны өмчийн газрын барааны тэмдгийг гэрчилгээ, лого, Оюуны өмчийн газрын зохиогчийн эрхийн гэрчилгээ, DVD-ний нүүрэн хэсгийн зураг, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн батламж, сургалтын гэрээнүүд, мөн бэлэн мөнгөний орлогын баримтууд, зарлагын баримтууд, Л.Нын 5324019699 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Спиннингийн үйл ажиллагааны орлогын тооцоо, чатыг хөрвүүлсэн баримтыг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

Хариуцагчийн итгэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай Хамтран ажиллах гэрээ, Юнивишины 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байгууллагын гурвалсан үйлчилгээний гэрээ, Ф ХХК-ийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн худалдаа, үйлчилгээний төвийн түрээсийн гэрээ, Ф ХХК-ийн 2021, 2022 оны хөдөлмөрийн гэрээнүүд, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, Э.Эрдэнэбаатарын иргэний үнэмлэх, хариуцагчийн дансны зардлын түүвэр болон нэгтгэсэн хүснэгт, мөн орлогын түүвэр, хариуцагчийн өмгөөлөгчийн хууль зүйн зөвлөгөө, өмгөөлөл, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, зарлагын болон ибаримтууд, нэхэмжлэхүүдийг тус тус хариуцагч нь нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн байна.

 

4. Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШЗ2022/28491 дугаар захирамжаар хариуцагчаас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж, хариуцагчаас Н.Дын Хаан банкны 0 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Ф ХХК-ийн Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулгыг ирүүлсэн, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, уг тэмдэглэлийн хавсралтууд, гэрч Э.А, Н.Н нарын мэдүүлэгийг тус тус зохигчдын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч СХХК нь хариуцагч Н.Дд холбогдуулан Хамтран ажиллах гэрээний үүрэгт 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс хойших 9 сарын орлогын 20% болох 36,000,000 төгрөг, хамгийн багадаа 1 хөтөлбөр зохион байгуулсны орлогын 50% болох 4,000,000 төгрөг, нийт 40,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1а. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс хойш гэрээний хугацааны буюу 12 сарын орлогын 20 хувийг хэрэгт авагдсан хариуцагч болон хариуцагчийн хамаарал бүхий хуулийн этгээд болох Ф ХХК-ийн нийт ашиг орлого нь 116,401,497 төгрөг байх ба үүний 20 хувь болох 23,280,299.4 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрчилөн багасгаж, хамгийн багадаа 1 хөтөлбөр зохион байгуулсны орлогын 50% болох 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан.

 

1б. Ийнхүү шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага өөрчилөгдсөн боловч хариуцагч нь энэхүү нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан 14 хоногийн хугацааг авах шаардлагагүй, шүүх хуралдаанд мэтгэлцээд явах боломжтой гэх хүсэлтийг гаргасан болохыг үүгээр тэмдэглэх нь зүйтэй.

 

1в. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ хамгийн багадаа 1 хөтөлбөр зохион байгуулсны орлогын 50% болох 4,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсан тул татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм.

 

2. Хариуцагч Н.Д нь нэхэмжлэгчийг хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан боловч үүргээ биелүүлээгүй, харин ч алдагдалтай ажилласан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

3. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Монголын эргэлтэт дугуйн холбоо ТББ-ыг төлөөлж гүйцэтгэх захирал Г.М болон Ф спиннинг төлөөлж Н.Д нар 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулж, Н.Дд Сүлд барааны тэмдгийг ашиглах эрх, спиннингийн үйл ажиллагаа явуулах туршлага, түүний арга зүй, хичээлийн хөтөлбөр, зохион байгуулалт, багш дасгалжуулагчийн хүний нөөц зэргээр тогтмол туслалцаа үзүүлэх, Н.Д нь үүний хариуд хамтын үйл ажиллагааны хүрээнд олсон ашгийн тодорхой хувийг төлөх хэлбэрээр 1 жилийн хугацаатай хамтран ажиллахаар харилцан тохиролцсон.

 

Дээрх гэрээний дагуу Н.Д нь спиннингийн байнгын элсэлт буюу үндсэн үйл ажиллагааны олсон орлогын 20 хувь, машинтай хөтөлбөр болон бооцоот шагнал амалсан хөтөлбөрүүдээс олсон орлогын 50 хувийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэг, хамтран ажиллах гэрээний хугацаанд хичээлийн хөтөлбөр, арга зүй, хүний нөөцийн бүрдүүлэлтийг нэхэмжлэгч нь хариуцах бол хариуцагч нь багш дасгалжуулагч бусад ажилтны цалин хөлс, хичээлийн байрны түрээс, урсгал зардал тэдгээртэй холбогдох бусад зардлыг бүрэн хариуцахаар заажээ.

 

СХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 09/21 дугаартай итгэмжлэлээр Монголын эргэлтэт дугуйн холбоо ТББ-д иргэн Н.Дтай хамтран ажиллах гэрээ байгуулах эрхийг олгосон байх бөгөөд энэхүү итгэмжлэлийн дагуу дээрх гэрээ байгуулагдсан байна.

 

4а. Нэхэмжлэгч СХХК нь дээрх 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн гэрээний үүргийг шаардаж байгаа бол хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд нотлох баримтаар 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн огноотой 01 дугаартай Хамтран ажиллах гэрээ-г ирүүлсэн бөгөөд гэрээний талууд болон 2 гэрээ агуулгын хувьд ижил, харин гэрээний хугацаа нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусахаар тохирсон байна.

 

Хариуцагч Н.Д нь СХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Мтэй өмнө нь хамтран ажиллахаар ярьж тохирсон байсан бөгөөд 2 талаас гэрээний төслүүдээ бэлдэж, 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр уулзсан, ингэхдээ миний авч очсон гэрээ 8 дугаар сарын 27-ны өдрийн огноотой, Г.Мийн авчирсан гэрээ нь 8 дугаар сарын 30-ны өдрийн огноотой байсан, 2 гэрээндээ хоёулаа гарын үсэг зурсан гэх тайлбарыг гаргаж байна.

 

4б. Ф ХХК-ийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр Н.Д бүртгэгдсэн ба тэрээр уг компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг болох нь 000233263 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм зэргээр тогтоогдож байна.

 

Энэхүү компани нь спортын үйл ажиллагаа, фитнесс, спиннинг, гоо сайхан, гоо сайханы бүтээгдэхүүний худалдаа зэрэг үйл ажиллагааны чиглэлээр улсын бүртгэлд бүртгүүлсэн.

 

4в. Ф ХХК албан ёсоор улсын бүртгэлд бүртгэгдэхээс өмнө Н.Д нь Ф нэрээр спиннингийн сургалтын үйл ажиллагаа эрхэлж байсан, энэхүү агуулгаараа өөрийнх нь бэлдэж ирсэн 8 дугаар сарын 27-ны өдрийн огноотой гэрээнд Fitzone спиннинг клубын үйл ажиллагааг тасралтгүй амжилттай явуулахад хамтран ажиллана гэж, 8 дугаар сарын 30-ны өдрийн огноотой нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн гэрээнд Fitzone спиннинг Н.Д гэх бичилт хийгджээ.

 

Эдгээрээс үзвэл Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж зааснаар Ф спиннингийн клубыг ажиллуулахтай холбоотойгоор талууд хамтран ажиллах гэрээг 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

5. Монгол Улсын Оюуны өмчийн газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн А/22 дугаар тушаалаар CYCLE COVER нэртэй дуу авиа бүхий дүрст бүтээл /телевизийн нэвтрүүлэг, кино урлагийн бүтээл/-ийг бүртгэж, 12518 дугаартай зохиогчийн эрхийн гэрчилгээг Г.Мэд, мөн газрын даргын 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/64 дугаартай тушаалаар сургалт, спортын сургалт, бие бялдаржуулах, спортын уралдаан, тэмцээн зохион байгуулах ангиллын дагуу СҮЛД нэртэй барааны тэмдгийн гэрчилгээг Г.Мэд тус тус олгожээ.

 

5а. 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ-ний 3.3-т хариуцагч Н.Д нь багш дасгалжуулагч бусад ажилтны цалин хөлс, хичээлийн байрны түрээс, урсгал зардал тэдгээртэй холбогдох зардлыг хариуцахаар заасны дагуу 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүрэг, 0 дүгээр давхарт байрлах 200 мкв талбай бүхий түрээсийн талбайг спиннингийн зориулалтаар түрээслэхээр иргэн Ч.Итой 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан, мөн урсгал зардлыг хариуцаж, улмаар багш дасгалжуулагч, ажилтныг хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллуулж байгаа болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

5б. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.Дын Хаан банкны 0 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Ф ХХК-ийн Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулгыг нотлох баримтаар гаргуулсан бөгөөд хариуцагч Н.Д нь өөрийн болон Ф ХХК-ийн 2 дансны хуулгыг 2021 оны 9 дүгээр сараас 2022 оны 8 дугаар сарыг дуустал хугацаагаар шүүж нийт орлого нь 47,646,497 төгрөг ба нийт зардал нь 67,222,672.25 төгрөг гарч 19,576,175.25 төгрөгийн алдагдалтай ажилласан гэж хүснэгтлэн гаргасан.

 

5в. Харин дээрх Н.Дын гаргасан хүснэгтийг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч спиннингийн үйл ажиллагааны орлогын тооцоог Н.Дын дансаар нийт 68,755,000 төгрөг, Ф ХХК-ийн дансаар 47,646,497 төгрөг, нийт 116,401,497 төгрөгийн орлоготой ажилласан гэж тооцоолол гаргасан нь үндэслэлтэй гэж үзэхээр байх бөгөөд үүнээс гэрээнд заасны дагуу 20 хувь болох 23,280,299.40 төгрөгийг шаардаж байна.

 

5г. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2-т Хамтран ажиллах гэрээний удирдлагыг хэрэгжүүлж буй этгээдүүд нь хэрэгжүүлсэн ажлын үр дүн, хөрөнгө мөнгөтэй холбоотой аливаа мэдээллийг сар бүрийн сүүлийн долоо хоногийн Даваа-Баасан гаригийн аль нэг өдөр тогтмол тайлагнах үүрэгтэй гэж заасан боловч энэхүү үүргээ хэн хэн нь биелүүлээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, өөрөөр хэлбэл энэхүү гэрээний заалтыг хэрэгжүүлсэнээр талууд хийсэн ажил, ашиг, орлогоо хэрхэн хуваарилах асуудлыг сар бүр шийдвэрлээд явах бүрэн боломжтой байсан байна.

 

5д. Нэхэмжлэгчийн хувьд хамтран ажиллах гэрээнд зааснаар спиннингийн үйл ажиллагаа явуулах туршлага, түүний арга зүй, хичээлийн хөтөлбөр, зохион байгуулалт, багш дасгалжуулагчийн хүний нөөц зэргээр тогтмол туслалцаа үзүүлэх зэрэг үүргийг хүлээсэн боловч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ тогтмол бүрэн биелүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Д нэртэй фэйсбүүк хаягаас С нэртэй фэйсбүүк хаягтай 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд чатаар харилцсан зурвасуудад үзлэг хийж, үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлж авсан бөгөөд 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 07:25 цагт Д хаягаас ...Хай юу болсон бэ, Сүлд ээ? яагаад таг болчихвоо, гэрээн дээрээ ингэж тохироогүй биз дээ? Чи цаашид ийм байвал больё доо... өнөөдөр манайх нээлтээ хийж байна, чам руу 2 өдөр залгалаа.... чиний хичээлээр биш өөрсдийнхөө хичээлээр эхлээд явж байна... гэсэн зурвасны хариуд С хаягаас 08:27 цагт ...наадуулаа цуглуулаад дуудья гээд өчнөөн хоноо биздээ, өөрөө ... 15:28 цагт би Өвөрхангайд ...маргааш уулзая...асуудлуудыг ойлгосон, ажлаа явуулж л бай... гэж харилцсан зурвас, мөн хариуцагч нь шүүх хуралдаанд Г.Мийг нэг удаа ирсэн гэсэн тайлбарыг гаргаж байна.

 

Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээний хүрээнд тогтмол туслалцаа үзүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, мөн гэрч Э.А, Н.Н нар нь Ф ХХК-д багшилдаг ба тэд өөрсдийн боловсруулсан хичээлийн хөтөлбөрөөр сургалт явуулдаг гэж мэдүүлсэн, хэрэгт авагдсан баримтаар 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Н.Н нь Ф ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх ба Ф ХХК-тай гэрээ байгуулсан багш нар өмнө нь хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээний дагуу СХХК-д багшилж байгаад зохигчдын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу Ф ХХК-д ажиллах болсон гэж үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Ийнхүү гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч нь бүрэн биелүүлээгүй атлаа гэрээний нийт хугацааны ашиг орлогын 20 хувийг нэхэмжилж буй нь үндэслэлгүй байна.

 

5е. Гэрээний дагуу Н.Дд Сүлд барааны тэмдгийг ашиглах эрхийг олгохоор заасан боловч хариуцагч нь энэхүү тэмдгийг ашигладаггүй гэх тайлбарыг гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл хийхэд хөндлөнгийн гэрч нар бичлэгийг үзэхэд лого нь харагдаж байна, гэхдээ үсэг нь харагдахгүй байна гэснээс үзэхэд хариуцагч нь Сүлд барааны тэмдгийг өөрийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Дд холбогдуулан нэхэмжлэгч СХХК-ийн гаргасан Хамтран ажиллах гэрээний үүрэгт 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс хойших 12 сарын орлогын 20% болох 23,280,299.4 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хамгийн багадаа 1 хөтөлбөр зохион байгуулсны орлогын 50% болох 4,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ