Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00649

 

ПХ-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/00618 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ПХ- ХХК-ийн хариуцагч Д.А-д холбогдуулан гаргасан хамтран ажиллах гэрээний дагуу 23,280,299 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Ө-, түүний өмгөөлөгч Г.Минжмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

ПХ- ХХК болонД.А- нар сургалт, спортын сургалт, бие бялдаржуулах, спортын уралдаан, тэмцээн зохион байгуулах чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцож 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулж барааны тэмдэг, зохиогчийн эрх дэглэлт, бизнесийн нэр хүнд маркетингийн давуу талуудыг ашиглахад сард хамгийн багадаа 20,000,000 төгрөг, мөн тэмцээн зохион байгуулсан нөхцөлд 40,000,000 төгрөг олдог байсан. М.Ө-ийн зохиогчийн эрхтэй хичээл, дэглэлт, ая гэх мэт оюуны өмчийгД.А- нь нийгмийн харилцааны хэрэгслээр ашиглаж орлого олсон. Гэтэл Н Даваадулам хамтран ажиллах гэрээний 3.1-д зааснаар элсэлт буюу үндсэн үйл ажиллагаанаас олсон орлогын 20 хувь, машинтай хөтөлбөр болон бооцоот шагнал амласан хөтөлбөрүүдээс олсон орлогын 50 хувийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс хойших 9 сарын орлогын 20 хувь 36,000,000 төгрөг, хамгийн багадаа 1 хөтөлбөр зохион байгуулсны орлогын 50 хувь 4,000,000 төгрөг, нийт 40,000,000 төгрөг болно. 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс хойш гэрээний хугацааны буюу 12 сарын орлогын 20 хувийг хэрэгт авагдсанД.А-ын болон Фит зоне ХХК-ийн дансаар орсон нийт орлого 116,401,497 төгрөгийн 20 хувь болох 23,280,299.4 төгрөгийг гаргуулахаар багасгаж, нэхэмжлэлээс хамгийн багадаа 1 хөтөлбөр зохион байгуулсны орлогын 50 хувь 4,000,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Хамтран ажиллах гэрээний дагуу М.Ө- нь 7 хоногт өөрийн биеэр 2-3 удаа хичээл заах, мөн 7 хоногт 2-3 удаа цахим орчинд сурталчилгаа явуулах, тус клубт хичээллэх үйлчлүүлэгч олж ирэх зэрэг үүргийг биелүүлэх, тус үүргийг хэрэгжүүлсний төлөө үндсэн үйл ажиллагаанаас олсон ашгийн 20 хувийг, уралдаан, тэмцээн зохион байгуулснаас олсон ашгийн 50 хувийг өгөхөөр тохиролцсон. М.Ө-ийг гэрээний үүргээ биелүүлэх, хичээл, сургалтаа заах талаар удаа дараа шаардлага тавьж байсан боловч үүргээ биелүүлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчД.А-д холбогдуулан нэхэмжлэгч ПХ- ХХК-ийн гаргасан хамтран ажиллах гэрээний үүрэгт 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс хойших 12 сарын орлогын 20 хувь болох 23,280,299.4 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хамгийн багадаа 1 хөтөлбөр зохион байгуулсны орлогын 50 хувь болох 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

3.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх Нэхэмжлэгч ПХ- ХХК нь дээрх 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн гэрээний үүргийг шаардаж байгаа бол хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд нотлох баримтаар 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаар хамтран ажиллах гэрээг ирүүлсэн бөгөөд гэрээний талууд болон 2 гэрээний агуулгын хувьд ижил, харин гэрээний хугацаа 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусахаар тохирсон байна гэж дүгнэсэн. ПХ- ХХК дээрх гэрээний талаар маргаагүй. 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн гэрээний талууд ПХ- ХХК болонД.А- нарын хооронд байгуулагдсан. Харин 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн өдрийн гэрээгД.А- болон М.Ө- нар байгуулсан тул тус 2 гэрээний талууд ижил гэж үзэх үндэслэлгүй.

Мөн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн гэрээнд Фит зоне ХХК-ийг төлөөлжД.А- гарын үсэг зурсан. Гэтэл Фит зоне ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр бүртгэгдэж гэрчилгээ авсан байх тулД.А- тус компанийг төлөөлж гарын үсэг зурах боломжгүй. 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэхгүй. Дээрх хоёр гэрээнд ашгийг 20 хувь гэж ижил тооцсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүх Нэхэмжлэгч хамтран ажиллах гэрээнд зааснаар спиннингийн үйл ажиллагаа явуулах туршлага, түүний арга зүй, хичээлийн хөтөлбөр, зохион байгуулалт, багш дасгалжуулагчийн хүний нөөц зэргээр тогтмол туслалцаа үзүүлэх үүргийг хүлээсэн боловч энэхүү үүргээ тогтмол биелүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэсэн. Үүнийг тогтоохдоо 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр буюу гэрээ байгуулахаас өмнө бичсэн чат, 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн нээлтийн өмнөх өдрийн чатыг нотлох баримтаар үнэлж бусад ач холбогдол бүхий хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй.

2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн чат нь гэрээ байгуулахаас өмнө бичсэнД.А- спиннинг Багануур дүүрэгт нээнэ гэж батламж авсан атлаа түрээслэгчтэй тохиролцож байгууллагын үйл ажиллагаа явуулж байсан байранд бидэнд мэдэгдэлгүйгээр үйл ажиллагаа явуулах болсонтой холбоотой маргаан бичсэн чат юм.Д.А- орлогын 20 хувийг өгье, хамтран ажиллая гэсэн тулД.А-д 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулсан. 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ресепшин, багш, үйлчилгээний ажилтны хөдөлмөрийн гэрээг явуулсан талаар анхан шатны шүүх хуралдаанд асуухад тэрээр зөвшөөрсөн. М.Ө- 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож хичээл зааж, багш нарт арга зүйн зөвлөгөө өгсөн талаар гэрч Н.Номундарь мэдүүлсэн. ПХ- ХХК-ийн захирал М.Ө-ийн спиннингийн багшийн сургалтад сууж эрх авсан багш нь сертафикатыг дагалдсан хичээлийн хөтөлбөрийн дагуу ямар ч спиннинг клубт заах эрхтэй талаар мөн гэрч мэдүүлсэн.Д.А- зарим багш нар нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй гэсэн тул хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа, ХААН банк ХХК дахь өөрийн эзэмшлийн 5301837178 тоот данснаас тус ажилтнуудын цалинг төлж байсан зэрэг нотлох баримтуудыг шүүх үнэлэхгүй зөвхөн Фит зоне ХХК-тай У.Нямсүрэн, Ц.Учрал, Н.Номундарь нарын байгуулсан хөдөлмөрийн гэрээг шийдвэрийн үндэслэл болгосон.Д.А- хичээлийн хөтөлбөрт ашиглах батламж болон хичээлийн файлыг авсан талаар шүүхэд тайлбарласан. Манай байгууллагын спиннингийн үйл ажиллагаа явуулж байсан байрандД.А- үйл ажиллагаа явуулж байгаа нь түрээсийн гэрээ, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон. Нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй.

Гэрээний дагууД.А-д Сүлд барааны тэмдгийг ашиглах эрхийг олгохоор заасан боловч хариуцагч энэхүү тэмдгийг ашиглаагүй гэх тайлбарыг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хийсэн үзлэгээр Сүлд барааны тэмдгийг үйл ажиллагаандаа ашиглаж байгаа нь тогтоогдож байхад үйл ажиллагаандаа ашиглаж байгаа гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэсэн.

Шүүх Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ХААН банк ХХК дахьД.А-ын дансны хуулга, Төрийн банк ХХК дахь Фит зоне ХХК-ийн дансны хуулгаар 2021 оны 09 дүгээр сараас 2022 оны 08 дугаар сарыг дуустал хугацаагаар шүүж нийт орлого 47,646,497 төгрөг, нийт зарлага 67,222,672.25 төгрөг гарч 19,576,175.25 төгрөгийн алдагдалтай ажилласан... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ... Орлогоос зарлагыг хасахаар 16,851,451 төгрөг гарч байна... гэж,Д.А- гэрээ байгуулахаас өмнө спиннингийн үйл ажиллагаа явуулж байгаагүй гэж тайлбарласан. Зарлагын баримтыг шүүх хэрхэн үнэлсэн талаар шийдвэрт тусгаагүй.Д.А- шүүх хуралдаанд спиннинг болон СПА зэрэг бүх үйл ажиллагааны нийт зардал 67,222,672.25 төгрөг гэдгийг зөвшөөрсөн. ХААН банк ХХК дахьД.А-ын эзэмшлийн 5301837178 тоот дансны орлого 110,085,366 төгрөг, Төрийн банк ХХК дахь Фит зоне ХХК-ийн эзэмшлийн 380000211949 тоот дансны орлого 71,708,032.20 төгрөг, нийт 181,793,398.20 төгрөг, Спиннинг, СПА бусад үйл ажиллагааны нийт зардал 67,222,672.25 төгрөг байх тул үйл ажиллагааны нийт ашиг 114,570,725.95 төгрөг буюу ашигтай ажилласан талаарх дүгнэлт.Д.А-аас спиннингийн үйл ажиллагааны орлогыг тодруулахад дансаар орсон 68,755,000 төгрөг дандаа спиннингийн орлого гэж тайлбарласан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Таны дансны хуулгыг гаргаж өгсөн байна. Нарийн хуудаст байсан таны СПА болон бусад жижиг барааг хассан дүн юм уу гэхэд хариуцагч ... би хүлээн зөвшөөрсөн..., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... энэ дүн таны спиннингийн орлогын дүн юм уу... гэхэд хариуцагч ... тийм ... гэж хариулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Анхан шатны шүүх эдгээр нотлох баримтыг үнэлээгүй. Иймд хариуцагчД.А-аас спиннингийн үйл ажиллагааны 12 сарын орлого 116,401,497 төгрөгийн 20 хувь 23,280,299 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Гэрч нар дуу, дүрсний бичлэг ашиглаагүй гэж мэдүүлсэн. Багш ажилчид нь ПХ- ХХК-ийн М.Ө-ээс багшлах эрх авсан нь байгууллагад ашиглах эрхгүй гэсэн үг биш. Мөн багш нар Фит зоне ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж байгаа. Гэрээний хүрээнд багшийг нь бэлдсэн нь нотлогдоогүй. Үзлэгээр лого ашигласан нь тогтоогдоогүй. Фит зоне ХХК-ийн арга зүй, зохион байгуулалт, хүний нөөцийн асуудлыг хариуцсан нь тогтоогдоогүй. ПХ- ХХК-ийн төлөөлөгч 7 хоногт 2-3 удаа хичээл заах, 7 хоногт 2-3 удаа цахим сурталчилгаа явуулах, үйлчлүүлэгч олж ирэх үүргийг гэрээнд тус тус заасан. Фит зоне ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан. Талууд анхнаасаа Фит зоне ХХК-ийг дэмжиж байгуулсан гэдэг нь учир дутагдалтай. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч ПХ- ХХК хариуцагчД.А-д холбогдуулан 2021 оны 08 дугаар сарын 27, 30-ны өдрүүдэд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний үүрэгт орлогын 20 хувь буюу 23,280,299 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

1.1. Талуудын хооронд 2021 оны 08 дугаар сарын 27, 30-ны өдрүүдэд хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ПХ- ХХК нь Сүлд барааны тэмдгийг ашиглах эрх, спиннингийн үйл ажиллагаа явуулах, туршлага, түүний арга зүй, хичээлийн хөтөлбөр, зохион байгуулалт, багш дасгалжуулагчийн хүний нөөц зэргээр тогтмол туслалцааг 1 жилийн хугацаанд үзүүлэх,Д.А- нь спиннингийн байнгын элсэлт буюу үндсэн үйл ажиллагаанаас олсон орлогын 20 хувь, машинтай хөтөлбөр болон бооцоот шагнал амласан хөтөлбөрүүдээс олсон орлогын 50 хувийг ПХ- ХХК-д шилжүүлэх үүргийг тус тус хүлээж хамтран ажиллахаар тохиролцжээ. Иймд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр байна. (1хх-ийн 7-9,137-139)

 

Гэрээ бодитоор хэрэгжсэн эсэх, нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэх, улмаар шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

 

2. ПХ- ХХК-ийн захирал М.Ө- нь Сүлд барааны тэмдгийг эзэмшдэг болох нь Оюуны өмчийн газрын тэмдгийн гэрчилгээгээр тогтоогджээ.(2хх-ийн 20,22)

2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, үзлэгийн болон шүүх хуралдааны тэмдэглэл нь нотлох баримтад хамаарна гэж заасан.

Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхээс Fitzone Spinnig Club нэртэй Facebook хаягт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр Сүлд барааны тэмдэг бүхий цамцыг спиннингийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа болох нь тогтоогдсон. (1хх-ийн 222-232,235-250, 2хх-ийн 1-10)

Мөн хариуцагчД.А- шүүх хуралдаанд М.Ө- надад сертификат, CD (Си Ди) өгч байсан.... гэж, ...Н.Даваадулам гэсэн дансаар орсон 68,755,000 төгрөг дандаа спиннингийн орлого... гэж тус тус тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. (2 хх-ийн 104, 110)

Талуудын байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Хамтран ажиллах гэрээнд зааснаар М.Ө- нь өөрийн боловсруулсан 2 ширхэг дасгалын хичээл, дасгал хийх үед ашиглах аяны хамт өгөх, уралдаан тэмцээн зохион байгуулах, өөрийн цахим хуудсаар зар сурталчилгаа явуулах, өөрийн биеэр 7 хоногт 2-3 хоногт 2-3 удаа хичээл орох, сард багадаа 1 цаг бүрт 20 хүн бүртгүүлэх эсвэл элсүүлэх зэрэг нийт 5 ажил гүйцэтгэх үүрэг хүлээжээ. (1хх-ийн 137-139)

 

Нэхэмжлэгч нь дээрх 5 ажлаас 2 ажлыг хийж гүйцэтгэсэн буюу өөрийн боловсруулсан 2 ширхэг дасгалын хичээл, дасгал хийх үед ашиглах аяны хамт өгөх, өөрийн цахим зар сурталчилгаа явуулах үүргээ биелүүлсэн болох нь дээрх үзлэгийн тэмдэглэл болон хариуцагчийн тайлбараар тогтоогдсон тул талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний зарим хэсэг хэрэгжсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 08 дугаар сарын 27, 30-ны өдрийн хамтран ажиллах гэрээнд заасан үүргээ М.Ө- огт биелүүлээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй, харин сурталчилгаа явуулах, сертификат, 2 ширхэг CD (Си Ди) өгч гэрээний зарим хэсгийг биелүүлсэн гэж үзэхээр байна. Хариуцагчийн М.Ө-ийн хичээлийг заагаагүй гэх тайлбарыг үндэслэн гэрээний дагуу олсон орлогыг хуваарилахаас татгалзах үндэслэл болохгүй.

 

2.2.Талууд гэрээндээ спиннингийн байнгын элсэлт буюу үндсэн үйл ажиллагаанаас олсон орлогын 20 хувийг ПХ- ХХК-д төлөхөөр тохиролцсон тул хариуцагчД.А-ын дансаар хүлээн авсан нийт орлого 68,755,000 төгрөгийн 20 хувиас нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн 2 ажилд ногдох хэсэг (68,755,000 төгрөг : 20 хувь = 13,751,000 : 5 ажил = 2,750,200 төгрөг х 2 ажил = 5,500,400 төгрөгийг хуваарилах нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

Хамтран ажиллах гэрээний (2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн) 3.1-д Хамтын үйл ажиллагаатай холбоотой олсон ашгаас орлогоос зардлыг хассан дүн ... Б тал 20 хувийн ашиг хүртэнэ гэж заасан боловч хариуцагчД.А- нь спиннингийн үйл ажиллагаанд гарсан хасагдах зардлын талаар нөгөө талдаа мэдээлэх үүргээ хэрэгжүүлж байгаагүй тул 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн гэрээний 4.2-т заасны дагуу үндсэн үйл ажиллагааны орлогын 20 хувиар ашгийг хуваарилах нь зүйтэй. Мөн гэрээний 3.3-т зааснаар Б тал буюуД.А- нь ажилтны цалин хөлс, түрээс, урсгал зардлыг бүрэн хариуцахаар тохиролцсон байна.

 

2.3. Хэрэгт авагдсан Төрийн банк ХХК дахь Фит зоне ХХК-ийн дансны орлогыг үндэслэн хамтран ажиллах гэрээний ашгийг хуваарилах боломжгүй байна. Учир нь: Фит зоне ХХК хамтран ажиллах гэрээний оролцогч биш, мөн тус дансны орлогоос спиннингийн төлбөрийг ялган зааглах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/00618 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчД.А-аас 5,500,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ПХ- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,779,899 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж хариуцагчД.А-аас 102,956 төгрөг гаргуул нэхэмжлэгч ПХ- ХХК-д олгосугай гэж,

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 3,158,768 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Н.БАТЗОРИГ