Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2023/01253

 

 

 

 

 

2023 03 13

101/ШШ2023/01253

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, шүүгч Г.Бямбажаргал, шүүгч Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: М.Э нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: В.Б холбогдох

 

Гэм хорын хохиролд 5,654,550 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н,

Иргэдийн төлөөлөгч Р.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

В.Б нь 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Сэлбэ хотхоны зүүн замд өөрийн эзэмшлийн тоёота маркийн приус загварын 0 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж М.Эийн жолоодож явсан тоёота маркийн кроун загварын 0 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан байдаг. Энэхүү зам тээврийн ослын улмаас М.Эийн жолоодож явсан тоёота маркийн кроун загварын 0 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан болох нь Тээврийн цагдаагийн албаны 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Гэрэл зургийн үзүүлэлт болон Тээврийн прокурорын газрын 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 468 дугаартай прокурорын тогтоол, Мастер үнэлгээ ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн №29110 дугаартай Авто машин техникийн үнэлгээний тайлан-гаар тус тус нотлогдон тогтоогддог. Уг тээврийн хэрэгслийн өмчлөгч нь М.Э бөгөөд 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсад импортоор оруулж ирсэн юм. Улмаар Тайгын булаг кредит ХХК-тай байгуулсан 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 02000651 дугаартай Зээлийн гэрээ болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний дагуу М.Э нь тээврийн хэрэгслийн өмчлөх эрхээ Тайгын булаг кредит ХХК-д шилжүүлж, нэхэмжлэгчийн зүгээс уг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн байдаг боловч осол гардаг өдөр тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг өөртөө буцаагаад шилжүүлэн аваагүй байдаг. Гэтэл Тээврийн прокурорын газрын 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 468 дугаартай прокурорын тогтоол, мөн Мастер үнэлгээ ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн №29110 Авто машин техникийн үнэлгээний тайлан-гаар тоёота маркийн кроун загварын 0 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчээр Авто прайм ХХК гэж буруу бичигдсэн байна.

Иймд тоёота маркийн кроун загварын 0 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон 5,394,550 төгрөг, үнэлгээний зардалд төлсөн 260,000 төгрөг, нийт 5,654,550 төгрөгийг В.Бээс гаргуулж М.Эөд олгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч В.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

В.Б тоёота приус маркийн, 0 УБП улсын дугаартай машины эзэмшигч юм. 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Сэлбэ орон сууцны зүүн талд М.Эийн жолоодож явсан тоёота кроун маркийн 0 УБУ улсын дугаартай машинтай мөргөлдөж зам тээврийн осол болсон. Ослын байршилын хувьд гурван замын уулзвар хотхон руу ордог хэсэг, явган хүний гарцтай хэсэг юм. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй учраас төлөх боломжгүй байна. Тухайн осол гардаг өдөр М.Э нь кроун маркийн машиныг жолоодож явахдаа зам тээврийн хөдөлгөөний дүрмийг зөрчиж В.Бийн эзэмшилийн приус машиныг мөргөж зам тээврийн осол гаргасан. Энэхүү зам тээврийн ослын улмаас В.Бийн машинд сууж явсан 2 иргэн бэртэл гэмтэл авсан /гэмтсэн 15 настай хүүхэд Н.О, В.Б), мөн приус маркийн машинд ноцтой гэмтэл хохирол учруулсан бөгөөд Тээврийн цагдаагийн албаны 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байгаа. Ослын байршил дээрх хэргийн хэмжилтийн бүдүүвч зураг, ослын машины гэрэл зураг, тээврийн прокурорын газрын 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 468 дугаартай прокурорын тогтоол, Үнэлгээний Вендо ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн машин гэмтлийн хохирлын үнэлгээний тайланг хавсаргав. Тухайн үедээ замын цагдаагийн ахмад М.С нь авто осолд холбогдсон В.Б болон М.Э 2-т хэргийн материалыг танилцуулж 2 тал хоёулаа 50%-ын буруутай гэж үзэж, машин засварын төлбөрөө өөрсдөө хариуцаж хийхээр, хэн хэнээсээ мөнгө авахааргүй болсон учраас хэргийг хаагаад бүтэн 1 жил болсон байна. Хэрвээ 2 машин тохиролцож салаагүй бол приус машинд явсан 2 иргэнийг эмчлүүлэх зардал болон машины төлбөрөө тухайн үед эрүү үүсгэж хохирлоо барагдуулж М.Эөөс төлбөрөө гаргуулж авах байсан. Миний зүгээс М.Этэй нь энэ асуудал болсноос хойш удаа дараа утсаар холбогдох гэж оролдсон боловч миний утасны дуудлага авахгүй, холбогдоогүй зугтаасан. М.Э нь хүнтэй уулзахгүй их зугтаадаг, албаар 1 жил авто ослын хэргийг сунжруулсан нь ямар нэгэн нуун далдлах үйлдэлтэй гэж сэжиглэж байна. Хүүхдэд болон би өөрөө гэмтэл авсан байсан тул эмнэлгээр явж байх хооронд өөрсдийн танил талаа ашиглан хэт өндөрөөр М.Э нь машины үнэлгээг хийлгэсэн. 2 машин ижилхэн жижиг тэрэг байхад М.Э нь хуурамчаар кроун машин засварын үнэлгээг 3 дахин өндөр, бодит биш үнэлгээ хийлгэсэн. Кроун машины эзэмшигч нь М.Э биш бөгөөд маш их хурдтай орж ирсэн бөгөөд явган хүний зам дээр мөн хотхон руу ордог уруу зам байсан, би дохиогоо өгөөд эргэж байхад гэнэт гарч ирсэн тул надад харагдаагүй, шууд их хурдтай гарч ирээд М.Э машинаа зогсоож чадаагүй хүчээр ирж мөргөсөн тул хажууд сууж явсан хүүхэд болон би өөрөө эрүүл мэнд болон эд хөрөнгөөрөө хохирсон. Сэлбэ хотхон руу ордог гурван замын уулзвар, явган хүний замын цагаан зураастай уруу газар ирэхдээ кроун машин нь хурдаа хасаж гарах байсан бөгөөд 6 дахин хурдтай ирж, өгсөж явсан приус машиныг мөргөсөний улмаас маш их доргилт үүсч приус нилээн ухарч хашлагад тулж зогссон байна. Кроун машин нь анх мөргөлдсөн А цэгээс приусыг түрж нилээн хөөсөн нь хэт хурдтай явсаны баталгаа. Хэрвээ тэр үед явган хүн, хүүхэд гарч ирсэн бол машинаа зогсоож чадахгүй шууд дайрах байсан. Кроун машины гэрчилгээ эх хувиар хувилж авах, эзэмшигч нь хөндлөнгийн өөр хүнийх байгаа, тухайн үедээ даатгалын бичгээ гаргаж өгөөгүй учраас даатгалаар төлбөр хийлгэх хугацаа алдуулсан. М.Э жолооны үнэмлэх, жолоодох эрх хаалгасан эсэх нь эргэлзээтэй учраас үнэмлэхийг эх хувиар нь хувилж авах шаардлагатай байгаа.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэв.

3. Иргэдийн төлөөлөгч Р.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

В.Бд холбоотой хэрэг нь нэхэмжлэгч өөрийн автомашиныг банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байлгаж байгаад машинаа зарсан. Зарагдсанаас хойш засварын мөнгө нэхэж байгаа нь хялбар аргаар мөнгө олох зорилготой, танил талаа ашиглаж байна гэж хараад нэхэмжлэгч талын нэхсэн мөнгийг өгөх шаардлагагүй гэж үзэж байна гэв.

 

4. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Тээврийн прокурорын газрын 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 468 дугаартай прокурорын тогтоол, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зам орчны байдал, Холбогдогч жолоочийн биеийн байцаалт, гэрэл зургийн үзүүлэлт, Мастер үнэлгээ ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 29110 дугаартай Авто машин техникийн үнэлгээний тайлан, уг үнэлгээний тайлангийн хавсралт, тус компанийн Бэлэн мөнгөний орлогын баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэл, Тайгын булаг кредит ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээ, мөн өдрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШЗ2022/08676 дугаартай захирамж, Тайгын булаг кредит ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 22/2-133 дугаартай тодорхойлолт, тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

Хариуцагчийн иргэний үнэмлэхний лавлагаа, хариуцагчийн хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэл, 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн мөрдөгчийн санал, Тээврийн прокурорын газрын 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 468 дугаартай прокурорын тогтоол, Вендо ХХК-ийн Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, уг тайлангийн хавсралт, тус компанийн бэлэн мөнгөний орлогын баримт, машины зургууд, Н.Оын төрсний гэрчилгээ, Холбогдогч жолоочийн биеийн байцаалт, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, Ино марк мастер-ийн дүгнэлт, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн мөрдөгчийн тогтоол, 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 5598 дугаартай шинжээчийн дүгнэлт, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Тээврийн прокурорын газарт гаргасан гомдлыг тус тус хариуцагч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

5. Шүүхийн бүрдүүлсэн баримт: Тус шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШТ2022/00400 дугаартай тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар Тээврийн цагдаагийн алба болон Тээврийн прокурорын газраас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж, уг тогтоолын дагуу Тээврийн цагдаагийн албаны 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 11-2а/1999 дугаартай албан бичиг, Тээврийн прокурорын газрын 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 1/1836 дугаартай албан бичиг, Тээврийн прокурорын газрын 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 468 дугаартай прокурорын тогтоол, шийтгэлийн хуудас, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 28ив/320 дугаартай албан бичиг, Тээврийн прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1/2624 дугаартай албан бичиг, Тээврийн цагдаагийн албаны 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 11-3а/63 дугаартай албан бичиг, Тээврийн прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/89 дугаартай албан бичгээр 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зам орчны байдал, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн мөрдөгчийн тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 5596, 5598 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн мөрдөгчийн санал, Тээврийн прокурорын газрын 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 468 дугаартай прокурорын тогтоол, 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн шийтгэлийн хуудсыг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч В.Бд холбогдуулан зам тээврийн ослын улмаас өөрийн автомашинд учирсан гэм хорын хохиролд үнэлгээний тайлангаар тогтоогдсон 5,394,550 төгрөг, үнэлгээний хөлс 260,000 төгрөг, нийт 5,654,550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Хариуцагч В.Б нь кроун маркийн автомашины жолооч М.Э машиныг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, миний эзэмшлийн приус маркийн машиныг мөргөж зам тээврийн осол гаргасан, замын цагдаагийн байцаагч биднийг 50:50 хувийн буруутай тул өөрсдийн машинд учирсан хохирлыг өөрсдөө хариуцна гэж хэлсэн, осол болсноос хойш М.Э нь холбогдохгүй алга болсон, 1 жилийн дараа төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

3. Зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч М.Э нь өөрийн эзэмшлийн автомашинд учирсан хохирлыг нэхэмжилсэнийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4а. М.Э нь 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Тайгын булаг кредит ХХК-тай 02000651 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 3,800,000 төгрөгийг 30 хоногийн 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, машинаа унаад явах нөхцөлтэй зээл авч, мөн өдрөө Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ-г байгуулж, үүрэг гүйцэтгүүлэгч болох Тайгын булаг кредит ХХК-ийн нэр дээр 0 УБУ улсын дугаартай, тоёота кроун маркийн, 0 арлын дугаартай автомашины эзэмших эрхийг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлж, уг автомашиныг М.Э нь өөрөө бодитоор эзэмшиж, замын хөдөлгөөнд оролцож байсан болох нь 02000651 дугаартай Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байна.

 

Тайгын булаг кредит ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 22/2-133 дугаартай тодорхойлолтоор 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр иргэн М.Э /РД:0/ нь өөрийн эзэмшлийн 0 УБУ улсын дугаартай 0 арлын дугаартай, тоёота кроун маркийн тээврийн хэрэгслийг барьцаалан 3,800,000 төгрөгийн сарын 4 хувийн хүүтэй зээл авсан. Уг зээлийг 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр бүрэн төлж барагдуулсан нь үнэн болно гэжээ.

 

Эдгээрээс үзвэл 0 УБУ улсын дугаартай, 0 арлын дугаартай, тоёота кроун маркийн автомашин эзэмшигчийн хувьд М.Э нь ослын улмаас автомашинд учирсан хохирлыг шаардах эрхтэй байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн 0 УБУ улсын дугаартай автомашиныг бусдад худалдсан талаар тайлбарлаж, хариуцагч нь нэгэнт худалдсан машины хувьд машинд учирсан хохирлыг шаардах эрхгүй гэх агуулга бүхий тайлбар гаргасан ба энэхүү тайлбар нь үндэслэлгүй, нэхэмжлэгч нь автомашинаа бусдад худалдсан байдал нь өөрийн эзэмшилд байх хугацаанд зам тээврийн ослын улмаас автомашинд учирсан хохирлыг шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

 

4б. Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ хотхоны зүүн замд 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1740 цагийн орчимд хариуцагч В.Б нь өөрийн эзэмшлийн тоёота приус маркийн 0 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчсөний улмаас нэхэмжлэгч М.Эийн жолоодож явсан тоёота кроун маркийн 0 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч 15 настай эрэгтэй Н.О, А.Т, Б.Б нарын эрүүл мэндэд хохирол, Тайгын булаг кредит ХХК-ийн эзэмшлийн тоёота кроун маркийн 0 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тус тус хохирол учруулсан, В.Бийн энэхүү үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй байна гэж үзэж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан болох нь Тээврийн прокурорын газрын Прокурорын 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 468 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, мөн өдрийн зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

4в. Дээрх Тээврийн прокурорын газрын Прокурорын 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 468 дугаартай тогтоолд жолооч М.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна, түүнийг өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг буруутай этгээдээр арилгуулах эрхтэй болохыг дурдсан байна.

 

4г. Тээврийн прокурорын газрын Прокурорын 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 468 дугаартай тогтоолын тогтоох хэсгийн 3-т В.Бд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан зөрчлийн шинжтэй үйлдлийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийлгэхээр мөрдөгч, цагдаагийн ахмад М.Ст даалгасугай гэж шийдвэрлэсний дагуу тус шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШТ2022/00400 дугаартай тогтоолоор дээрх зам тээврийн ослын хэрэгтэй холбоотой зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хэрхэн явагдсан эсэхийг тодруулсан.

 

Тээврийн прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/89 дугаартай албан бичгээр ...В.Бд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу газар дээр нь хялбаршуулж шийдвэрлэсэн тул зөрчлийн хэргийн материал байхгүй байна гэсэн хариуг ирүүлсэн байна.

 

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ гэж заажээ.

 

5. Дээрх зам тээврийн осол гарсантай холбогдуулан хариуцагч В.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н нь уг ослын талаар цагдаагийн байгууллагад гэм буруугийн хувьд маргаж, гомдол гаргасан гэх боловч энэ нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1-д Оролцогч зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргах эрхтэй, 2-т Оролцогч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гомдлыг дараах хугацаанд бичгээр гаргана гээд 2.1-д энэ хуулийн 6.5, 6.11 дүгээр зүйлд заасан шийдвэрт тухайн шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор, 2.2-т энэ зүйлийн 2.1 дэх заалтад зааснаас бусад шийдвэр, үйл ажиллагааны талаарх гомдлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гэж заасан байх бөгөөд хариуцагч В.Б нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд, мөн энэхүү иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх цаг хугацаанд зам тээврийн осолд буруутай эсэхтэй холбоотой гомдлоо гаргаагүй байна.

 

6. Зам тээврийн ослын улмаас М.Эийн эзэмшлийн тоёота кроун маркийн 0 УБУ улсын дугаартай автомашинд учруулсан хохирлын үнэлгээг Тээврийн цагдаагийн газрын захиалгаар Мастер үнэлгээ ХХК нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр №29110/ДД№20353018 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан-г гаргажээ.

 

Мастер үнэлгээ ХХК-ийг тээврийн хэрэгсэлд үзлэг хийх үед 0 УБУ улсын дугаартай автомашин нь урд буфер хагарч тасарсан, буферийн баруун тогтоогч зам хагарсан, баруун урд их гэрэл, нэмэлт гэрэл, буферийн баруун сетка хагарсан, нүүр хагарсан, элгэвч хагарсан, буферийн дотор хөөсөн бампер хагарсан, урд хурд сааруулагч хөндлөн тариус гулзайсан, агаарын хоолой хагарсан, баруун урд крыло чихэгдсэн, баруун урд под крыло тасарсан, капот урд хэсэг цөмөрч баруун тал ханзарсан, баруун урд крылоны дээд хуванцар хагарсан, радиаторын баруун хажуу хаалт хагарсан, баруун урд хаалганы ирмэг хэсэг будаг халцарсан, баруун урд шанаа гулзайсан, баруун урд обуд гүн зурагдсан, урд буфер хуучин засвартай байсан тул сэлбэгийн дүнгээс 20 хувь элэгдэл тооцов гээд 20 төрлийн эд ангийн эвдрэл нь их хэмжээтэй, 3 төрлийн эд анги буюу баруун урд шанаа, баруун урд хаалга, баруун урд обуд нь дунд зэргийн эвдрэлтэй гэж үзэж шууд зардлын дүн нь 4,837,050 төгрөг, эд анги будах зардал, эд анги задлах, угсрах зардал, 450 гр будаг, туслах материал, лак, өнгөлгөө зэрэг шууд бус зардалд 557,500 төгрөг, нийтдээ авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоогдсон дүн нь 5,394,550 төгрөг гэжээ.

 

Мөн дээрх үнэлгээ хийлгэхдээ нэхэмжлэгч М.Э нь үнэлгээний хөлсөнд 260,000 төгрөгийг төлсөн болох нь Мастер үнэлгээ ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримт-аар тогтоогдож байна.

 

7. Эдгээрээс дүгнэвэл Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ хотхоны зүүн замд 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1740 цагийн орчимд болсон зам тээврийн осолд хариуцагч В.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн буруутай, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж зааснаар нэхэмжлэгч М.Эийн эзэмшлийн автомашинд ослын улмаас учирсан хохирлыг В.Б нь хариуцан нөхөн төлөх үүрэгтэй байна.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь осол болсноос хойш М.Э нь холбогдохгүй алга болсон, 1 жилийн дараа төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэх тайлбарыг гаргаж байх бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил гэж зааснаар нэхэмжлэгч М.Э нь 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр болсон зам тээврийн ослын улмаас өөрт учирсан хохирлыг шаардаж 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хариуцагчийн энэхүү тайлбар, татгалзал үндэслэлгүй юм.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

9. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх хэрэг, маргааныг анхан шатны журмаар, хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг оролцуулна гэж зааснаар Баянзүрх дүүрэгт оршин суудаг иргэн Р.Б нь шүүх хуралдаанд оролцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д зааснаар маргааны үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар дүгнэлтээ гаргасан байна.

 

Иргэдийн төлөөлөгч Р.Б нь В.Бд холбоотой хэрэг нь нэхэмжлэгч өөрийн автомашиныг банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байлгаж байгаад машинаа зарсан. Зарагдсанаас хойш засварын мөнгө нэхэж байгаа нь хялбар аргаар мөнгө олох зорилготой, танил талаа ашиглаж байна гэж хараад нэхэмжлэгч талын нэхсэн мөнгийг өгөх шаардлагагүй гэж үзэж байна гэсэн дүгнэлтийг гаргасан боловч шүүх бүрэлдэхүүн зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хариуцагч В.Б нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буюу зам тээврийн осолд буруутай гэж үзсэн болно.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ, 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105,423 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 105,423 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

11. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Тээврийн прокурорын газраас 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 3100006210466455 дугаартай шийтгэлийн хуудас буюу хариуцагч В.Бийн өөр зөрчилтэй холбоотой баримтыг ирүүлсэн байх бөгөөд энэхүү баримт нь тус хэрэгт хамааралгүй, нотлох баримтаар үнэлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч В.Бээс хохиролд 5,654,550 /таван сая зургаан зуун тавин дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Эөд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105,423 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 105,423 /нэг зуун таван мянга дөрвөн зуун хорин гурав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Эөд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШЗ2022/19498 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ

 

 

ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ

 

 

ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР