Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01142

 

 

2023 06 09 210/МА2023/01142

 

М.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 13-ны өдрийн 101/ШШ2023/01253 дугаар шийдвэртэй, М.Э-ийн нэхэмжлэлтэй, В.Б-д холбогдох, гэм хорын хохиролд 5,654,550 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: В.Б- нь 2021 оны 06 сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ хотхоны зүүн замд Тоёота Приус маркийн *** УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчиж М.Э-ийн жолоодож явсан Тоёота Кроун маркийн *** УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан. Энэхүү зам тээврийн ослын улмаас М.Э-ийн жолоодож явсан Тоёота Кроун маркийн *** УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учирсан. Энэ нь Тээврийн цагдаагийн албаны 2021 оны 06 сарын 23-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт болон Тээврийн прокурорын газрын 2021 оны 07 сарын 26-ны өдрийн *** дугаартай прокурорын тогтоол, М ХХК-ийн 2021 оны 07 сарын 02-ны өдрийн №*** дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлангаар тус тус нотлогдсон. Иймд гэм хорын хохирол болох тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон 5,394,550 төгрөг, үнэлгээний зардалд төлсөн 260,000 төгрөг, нийт 5,654,550 төгрөгийг В.Б-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: 2021 оны 06 сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, Сэлбэ орон сууцны зүүн талд М.Э-ийн жолоодож явсан Тоёота Кроун маркийн *** УБУ улсын дугаартай машинтай мөргөлдөж зам тээврийн осол гарсан. Ослын байршлын хувьд гурван замын уулзвар хотхон руу ордог хэсэг, явган хүний гарцтай хэсэг юм. Нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй учраас төлөх боломжгүй. Тухайн осол гардаг өдөр М.Э- нь Тоёота Кроун маркийн автомашиныг жолоодож явахдаа зам тээврийн хөдөлгөөний дүрмийг зөрчиж В.Б-ийн эзэмшлийн Тоёота Приус автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан. Энэхүү зам тээврийн ослын улмаас В.Б-ийн машинд сууж явсан 2 иргэн бэртэл гэмтэл авсан. Мөн Тоёота Приус маркийн машинд ноцтой гэмтэл хохирол учруулсан бөгөөд Тээврийн цагдаагийн албаны 2021 оны 06 сарын 23-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон. Ослын байршил дээрх хэргийн хэмжилтийн бүдүүвч зураг, ослын машины гэрэл зураг, Тээврийн прокурорын газрын 2021 оны 07 сарын 26-ны өдрийн *** дугаартай прокурорын тогтоол, үнэлгээний В ХХК-ийн 2021 оны 06 сарын 29-ний өдрийн машин гэмтлийн хохирлын үнэлгээний тайланг хавсаргав. Тухайн үедээ Замын цагдаагийн ахмад М.Сүхбаатар нь авто осолд холбогдсон В.Б- болон М.Э- нарт хэргийн материалыг танилцуулж 2 тал хоёулаа 50 хувийн буруутай гэж үзэж, машин засварын төлбөрөө өөрсдөө хариуцаж хийхээр, хэн хэнээсээ мөнгө авахааргүй болсон учраас хэргийг хаагаад бүтэн 1 жил болсон байна. Хэрэв 2 машин тохиролцож салаагүй бол Тоёота Приус машинд явсан 2 иргэнийг эмчлүүлэх зардал болон машины төлбөрөө тухайн үед эрүү үүсгэж хохирлоо барагдуулж М.Э-өөс төлбөрөө гаргуулж авах байсан. Миний зүгээс М.Э-тэй энэ асуудал болсноос хойш удаа дараа утсаар холбогдох гэж оролдсон боловч миний утасны дуудлага авахгүй, холбогдоогүй зугтаасан. Албаар нэг жил авто ослын хэргийг сунжруулсан нь ямар нэгэн нуун далдлах үйлдэлтэй гэж сэжиглэж байна. Хүүхдүүд болон би өөрөө гэмтэл авсан байсан тул эмнэлгээр явж байх хооронд өөрсдийн танил талаа ашиглан хэт өндрөөр машины үнэлгээг хийлгэсэн. 2 машин ижилхэн жижиг тэрэг байхад М.Э- нь хуурамчаар Тоёота Кроун машин засварын үнэлгээг 3 дахин өндөр, бодит биш үнэлгээ хийлгэсэн. Тоёота Кроун машины эзэмшигч нь М.Э- биш, маш их хурдтай орж ирсэн бөгөөд явган хүний зам дээр мөн хотхон руу ордог уруу зам байсан, би дохиогоо өгөөд эргэж байхад гэнэт гарч ирсэн тул надад харагдаагүй, шууд их хурдтай гарч ирээд М.Э- машинаа зогсоож чадаагүй хүчээр ирж мөргөсөн тул хажууд сууж явсан хүүхэд болон би өөрөө эрүүл мэнд болон эд хөрөнгөөрөө хохирсон. Тоёота Кроун машин анх мөргөлдсөн А цэгээс Тоёота Приус машиныг түрж нилээн хөөсөн нь хэт хурдтай явсны баталгаа. Хэрвээ тэр үед явган хүн, хүүхэд гарч ирсэн бол машинаа зогсоож чадахгүй шууд дайрах байсан. Тоёота Кроун машины гэрчилгээг эх хувиар хувилж авах, эзэмшигч нь хөндлөнгийн өөр хүнийх байгаа, тухайн үедээ даатгалын бичгээ гаргаж өгөөгүй учраас даатгалаар төлбөр хийлгэх хугацаа алдуулсан. М.Э- жолооны үнэмлэх, жолоодох эрх хаалгасан эсэх нь эргэлзээтэй учраас үнэмлэхийг эх хувиар нь хувилж авах шаардлагатай байгаа. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.   Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Уг зам тээврийн осолд хэн аль нь буруутай байна. Даатгалын компани 14 хоногийн дотор мөнгийг гаргуулж шийдвэрлэх ёстой. Талууд хурд хэтрүүлсэн болон гарцаар гарч орох, туслах замаас төв зам руу орохдоо орчин тойрноо судлаагүй байна. Нэхэмжлэгч машинаа зарснаас хойш засварын мөнгө нэхэж байгаа нь хялбар аргаар мөнгө олох зорилготой, танил талаа ашиглаж байна. Нэхэмжлэгч талын нэхсэн мөнгийг өгөх шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

 

4.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч В.Б-ээс хохиролд 5,654,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Э-өд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105,423 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 105,423 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Э-өд олгож шийдвэрлэжээ.

 

5.   Хариуцагч давж заалдах гомдолдоо: Сүхбаатар дүүргийн 7-р хороо, Сэлбэ хотхон руу ордог гурван замын уулзварт зам тээврийн осол болсон. Тухайн үед М.Э- хурд хэтрүүлэн явж байгаад эргээд зогсож байсан В.Б-ийн машиныг мөргөж дотор нь сууж явсан зорчигчдын эрүүл мэндэд хохирол учруулсан. Бид хэрэг гарснаас хойш М.Э-ийг хайсан боловч олдоогүй. Зам, тээврийн осол гараад 22 сар болсон байх ба нэхэмжлэгч машинаа зараад 12 сар болсон. Уг машины эзэмшигч нь М.Э- биш бөгөөд дамжуулж өөр хүнд зарсан. Шүүхийн шийдвэр нэхэмжлэгч талд давуу байдал олгосон байх тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч М.Э- нь хариуцагч В.Б-д холбогдуулан гэм хорын хохирол 5,394,550 төгрөг, үнэлгээний хөлс 260,000 төгрөг, нийт 5,654,550 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгч нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, үүний улмаас надад болон хоёр хүүхдэд эрүүл мэндийн болон эд хөрөнгийн хохирол учирсан, осол гарснаас хойш нэг жилийн дараа төлбөр нэхэмжилж байгаа нь сэжигтэй, хохирлыг үндэслэлгүй хэт өндрөөр тогтоосон... гэсэн агуулгаар тайлбарлан маргажээ. /хх 1-2, 46-47/

 

3.   Хэрэгт авагдсан Тээврийн прокурорын газрын Прокурорын 2021 оны 07 сарын 26-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, Тээврийн цагдаагийн албаны 2021 оны 06 сарын 23-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Гэрэл зургийн үзүүлэлт, 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримт, М ХХК-ийн 2022 оны 05 сарын 13-ны өдрийн Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх 4-5, 6-9, 10-22, 23, 24-25, 170-173/ зэрэг нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.а.В.Б- нь 2021 оны 06 сарын 23-ны өдөр 17 цаг 40 минутын орчим Тоёота Приус маркийн *** УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа М.Э-ийн жолоодож явсан Тоёота Кроун маркийн *** УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргасан;

3.б.Жолооч В.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө, зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчсөн, харин жолооч М.Э- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй;

З.в.Уг зам тээврийн ослын улмаас Тоёота Кроун маркийн *** УБУ улсын дугаартай автомашинд 5,394,550 төгрөгийн гэм хорын хохирол учирсан, нэхэмжлэгч үнэлгээний ажлын хөлсөнд 260,000 төгрөгийг төлсөн.

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөв тогтоожээ.

 

4.   Үүнээс үзвэл, зам тээврийн осол гарсан, зам тээврийн осолд хариуцагч гэм буруутай, уг зам тээврийн ослын улмаас гэм хорын хохирол учирсан, гэм буруу болон хохирол хоорондоо шалтгаант холбоотой байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрт учирсан гэм хорын хохирлыг хариуцагчаас шаардах эрхтэй.

Өөрөөр хэлбэл, ...нэхэмжлэгч нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн... гэх хариуцагчийн татгалзал дээр дурдсан нотлох баримтуудаар няцаагдаж байна.

 

5.   Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасан бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах таван жилийн хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэл гаргасан байх тул ...осол гарснаас хойш нэг жилийн дараа төлбөр нэхэмжилж байгаа нь сэжигтэй... гэх хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

6.   Хариуцагч нь ...хохирлыг үндэслэлгүй хэт өндрөөр тогтоосон... гэх тайлбараа баримтаар нотлоогүйгээс гадна хэргийн баримтаар М ХХК-ийн гаргасан үнэлгээг хэт өндөр гэж үзэх, буруу гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

7.   Мөн ...миний болон автомашинд сууж явсан хүүхдүүдийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан, миний бие ч мөн хохирсон... гэж тайлбарлаж байх боловч зам тээврийн осол нь нэхэмжлэгчийн буруугаас болоогүй тул уг тайлбар маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй.

 

8.   Түүнчлэн, хариуцагч нь гэм буруу болон хохирлын үнэлгээнд маргаж байх боловч Тээврийн прокурорын газрын Прокурорын 2021 оны 07 сарын 26-ны өдрийн *** дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолд гомдол гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

9.   Тоёота Кроун маркийн *** УБУ улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгч М.Э- нь Тайгын булаг кредит ХХК-тай 2020 оны 05 сарын 13-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/-ийн гэрээ-ний үндсэн дээр эзэмшиж, ашиглаж байсан, улмаар уг автомашины төлбөрийг 2021 оны 06 сарын 08-ны өдөр төлж барагдуулсан болох нь тогтоогдож байна. /хх 27-29, 30-31, 35, 36/

Иймд нэхэмжлэгч М.Э-ийг Тоёота Кроун маркийн *** УБУ улсын дугаартай автомашины өмчлөгч гэж үзэх тул ...Тоёота Кроун машины эзэмшигч нь М.Э- биш... гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

10.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 13-ны өдрийн 101/ШШ2023/01253 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 04 сарын 14-ний өдөр урьдчилан төлсөн 105,423 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ           Т.БАДРАХ

ШҮҮГЧИД                           М.БАЯСГАЛАН 

                                         Д.НЯМБАЗАР