Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2023/01457

 

 

 

 

 

2023 03 22

101/ШШ2023/01457

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, шүүгч З.Баярмаа, шүүгч Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Ө нэхэмжлэлтэй,

 

Эрүүгийн хэрэгт хууль бусаар шалгагдсаны улмаас учирсан гэм хорын хохирол буюу хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Гуравдагч этгээд: БЗДПГ,

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Иргэдийн төлөөлөгч Л.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Ө, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Б.Өыг Б аймгийн Прокурорын газрын 2020 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 0 тоот тогтоолоор Б.Ө нь 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 0 гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр 3659 м2 буюу 037 га хэмжээ бүхий газар ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт явуулсаны улмаас байгаль экологид 1,175,365 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Б.Өыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Б аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Ц нь эрүүгийн 0 тоот хэрэгт 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн. Харин яллагдагч Б.Ө болон түүний өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан асуудлаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтээ 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан. Б аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/990 тоот захирамжаар хэргийг Б аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн. Улмаар Б аймгийн прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 24 тоот тогтоолоор Яллагдагч Б.Өт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл иргэн Б.Өыг гэмт хэрэг үйлдсэн гэж хилсээр гүтгэж 1 жил 4 сарын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхээр шалгасны эцэст цагаатгасан. Энэ хугацаанд Б.Ө нь ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлж чадаагүй, дээрээс нь эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохирол амссан.

Б.Ө нь 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр өмгөөлөгч Ц.Г болон Г.Б нартай хэрэг бүртгэлтийн шатанд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 500,000 төгрөг дансаар, 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг дансаар, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг бэлнээр төлж, нийт 3,000,000 төгрөг төлсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2.3 дэх заалтад тухайн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл тухайн хүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хохирол нөхөн төлүүлэх эрх үүснэ. Мөн хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.6 дахь заалтад хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс-ийг эд хөрөнгийн хохиролд тооцон нөхөн төлөхөөр зохицуулжээ.

Иймд хууль зүйн туслалцаа авахдаа төлсөн 3,000,000 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж өгнө үү гэв.

 

2. Гуравдагч этгээд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Ө нь ... 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Б аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Б гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр 3659 мкв буюу 037 га хэмжээ бүхий газар ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 1,175,365 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Б.Өыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Б аймгийн прокурорын газраас эрүүгийн 0 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Харин өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан асуудлаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтээ 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан. Б аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/990 тоот захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн гэх нэхэмжлэл гаргасан байна. Улмаар Б аймгийн прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 24 тоот тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлд зааснаар өөрт учирсан хохирлын нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна гэх нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч Б.Ө нь эрүүгийн 0 дугаартай хэрэгт шалгагдаж байх хугацаандаа хууль зуйн туслалцаа авсан өмгөөллийн хөлсөнд нийт 3,000,000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар нэхэмжилсэн байна. Нэхэмжлэгч Б.Өыг Б аймгийн прокурорын газраас 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 0 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан тогтоол, 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 824 дугаартай яллах дүгнэлт, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 24 дугаартай яллагдагч Б.Өт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр

хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол, 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Б аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг нотлох баримтуудаар түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй байна. Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч Б.Өт холбогдуулан 2020 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 1 жил 4 сарын хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Б.Өт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасны дагуу хууль зүйн туслалцаа авсан 3,000,000 төгрөгийг Засгийн газрын нөөцийн сангаас гаргуулах үндэслэлтэй байна гэв.

 

3. Иргэдийн төлөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Б.Өын наашаа цаашаа явсан зардлыг олгох болов уу гэж бодлоо. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зүйл үндэслэлтэй гэж үзэв гэв.

 

4. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Монголын өмгөөлөгчдийн холбоо-ны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаартай тасалбар, Б.Өын иргэний үнэмлэхний лавлагаа, түүний иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Б аймгийн Прокурорын газрын Прокурорын 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 284 дугаартай яллах дүгнэлт, уг дүгнэлтийн хавсралт, Ц.Г, Г.Б өмгөөлөгчийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 219 дугаартай Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт, Б аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/990 дугаартай Хэргийн прокурорт буцаах тухай захирамж, Б аймгийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 24 дугаартай Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, Б аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоол, нэхэмжлэгчийн итгэмжлэл, Б.Өын 0 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Ц.Гийн 0 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын итгэмжлэл, Прокурорын тайлбарыг шүүхэд ирүүлж, өөр бичгийн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Ө нь эрүүгийн хэрэгт хууль бусаар шалгагдсаны улмаас учирсан гэм хорын хохирол буюу хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2. Гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн гаргасан хууль зүйн туслалцаа авсан 3,000,000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй байх тул хангаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэх тайлбарыг гаргаж байна.

 

3. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4а. Б аймгийн Прокурорын газрын Прокурорын 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолоор Б.Ө нь 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Б аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Б гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр 3659 мкв буюу 0,37 га хэмжээ бүхий газарт ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 1,175,365 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.

 

4б. Б.Ө нь өмгөөлөгч Ц.Г болон Г.Б нартай 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, өмгөөлөгч нар нь Б.Өт холбогдох хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэхээр харилцан тохиролцсон байна.

 

4в. Б аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Г.Ц нь 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 284 дугаартай Яллах дүгнэлт-ийг үйлдсэн байх ба өмгөөлөгч Ц.Г болон Г.Б нар нь 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт-ийг Б аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна.

 

4г. Б аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/990 дугаартай захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.3-т мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол гэж заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцааж, Б.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэж, энэ өдрийн шүүх хуралдаанд яллагдагч Б.Ө болон түүний өмгөөлөгч Ц.Г нар оролцсон байна.

 

Дээрх шүүгчийн захирамжид ЦЭСОДО нөхөрлөлийн тэргүүн С гэгч нь 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө ...Уулзаад манай нөхөрлөлийн эзэмшлийн жаахан газар байна энэ дээр хамтраад үйл ажиллагаа явуулья чи техник хэрэгслээ бэлдчих тэгээд хамтран ажиллая гэж ярилцсан. Одоо Б.Ө нь манай ЦЭСОДО нөхөрлөлийн гишүүнээр бүртгэлд орсон явж байгаа... гэж мэдүүлснээс дүгнэхэд уг хэрэгт Ц.С нь хамтран оролцсон талаар мэдүүлсэн байхад Б.Өт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж ирүүлсэн буруу бөгөөд Ц.Сийн үйлдлийг уг хэрэгт нэгтгэн шалгах нь зүйтэй байна... гэх дүгнэлтийг хийсэн байна.

 

4д. Б аймгийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 24 дугаартай Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор яллагдагч Б.Өт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

5. Б аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоолоор Ц.Сийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг эрхийг шилжүүлэн залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... Ц.Сийг нэг мянган /1000/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, ... Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Ц.Соос 7,000,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Өт олгохыг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж ... шийдвэрлэжээ.

 

Эдгээрээс үзэхэд дээрх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Ө нь эхлээд яллагдагчаар татагдан ажиллагаанд оролцож байсан байх ба түүний үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй болох нь тогтоогдож, улмаар уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор оролцсон байна.

 

6. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б.Өын хувьд түүнийг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн ажиллагаа буруу байсны улмаас шүүх хэргийг прокурорт буцааж, улмаар түүний үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй болох нь тогтоогдож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэндийн хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй гэж заажээ.

 

Мөн хуулийн 45.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, эрүүдэн шүүсний улмаас учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана гэж заажээ.

 

Мөн хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т тухайн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл тухайн хүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хохирол нөхөн төлүүлэх эрх үүсэхээр байх бөгөөд Б.Өт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул энэхүү үндэслэлд хамаарч байна.

 

Мөн хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс-ийг эд хөрөнгийн хохирол гэж үзэж нөхөн төлөхөөр зохицуулсан байх ба нэхэмжлэгч нь эрүүгийн журмаар шалгагдаж байх хугацаанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан хөлсөө шаардах эрхтэй байна.

 

8. Нэхэмжлэгч Б.Ө нь өмгөөлөгч Ц.Г болон Г.Б нартай байгуулсан 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-ний 3.2-т өмгөөлөгч ба үйлчлүүлэгч нь хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлсийг жич тохиролцохоор тохирсон байх бөгөөд өмгөөллийн хөлс төлсөнтэй холбоотой Г.Б өмгөөлөгчид 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн гэх Монголын өмгөөлөгчдийн холбоо гэсэн 15 дугаартай тасалбар, Б.Өын 0 дугаартай данснаас 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Ө өмгөөллийн хөлс гэсэн утгаар 0 тоот дансанд шилжүүлсэн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Өаас гэсэн утгаар 0 тоот данснаас 0 дугаартай дансанд шилжүүлсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг тус тус шүүхэд ирүүлжээ.

 

8а. Өмгөөллийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д өмгөөллийн үйл ажиллагаа гэж өмгөөлөгчөөс үйлчлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор үзүүлж байгаа хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээг хэлэхээр тодорхойлжээ.

 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.2-т үйл ажиллагааны орлого нь албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлогод хамаарахаар заасан байх бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д бие даан эрхэлсэн мэргэжлийн ажил, үйлчилгээний орлого нь хуулийн этгээд байгуулахгүйгээр үйл ажиллагаа явуулж олсон орлогыг хамруулсан байна.

 

Энэхүү хуулийн зохицуулалтаас үзвэл өмгөөлөгч нар нь гэрээний дагуу өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж, үйлчлүүлэгч Б.Өаас бэлнээр 2,000,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсан талаар баримт үйлдэгдсэн байх боловч өмгөөлөгч Г.Бын хувьд хуулийн дагуу өмгөөллийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулсаны үндсэн дээр энэхүү орлогод ногдох хувь хүний орлогын албан татвар төлсөн эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн гэх Монголын өмгөөлөгчдийн холбоо гэсэн 15 дугаартай тасалбарын хувьд нэхэмжлэгч Б.Өаас гарсан бодит хохирол гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

8б. Өмгөөлөгч Ц.Гийн 0 тоот Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 0 тоот данснаас Өаас гэсэн утгаар 500,000 төгрөгийн орлого орсон байх боловч 0 тоот данс нь нэхэмжлэгч Б.Өын данс болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, мөн шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 500,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн гэх боловч энэ нь баримтаар тогтоогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

8в. Б.Ө нь өөрийн 0 тоот данснаас 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Ө өмгөөллийн хөлс гэсэн утгаар өмгөөлөгч Ц.Гийн 0 тоот дансанд 500,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгын баримтуудаар тогтоогдож байх тул түүнд учирсан бодит хохирол гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Энэ зүйлийн 1.1, 1.2, 1.5, 1.6-д заасан хохирлыг хуульд заасан эх үүсвэрээс нөхөн олгоно гэж заасны дагуу Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар Засгийн газрын нөөц сангаас хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Өт олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

9. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх хэрэг, маргааныг анхан шатны журмаар, хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг оролцуулна гэж зааснаар Баянзүрх дүүрэгт оршин суудаг иргэн Л.Н нь шүүх хуралдаанд оролцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д зааснаар маргааны үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар дүгнэлтээ гаргасан байна.

 

Иргэдийн төлөөлөгч Л.Н нь Б.Өын наашаа цаашаа явсан зардлыг олгох болов уу гэж бодлоо. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зүйл үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн болно.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д хууль бусаар ял шийтгэсэн, эрүүгийн хариуцлагад татсан, таслан шийтгэх арга хэмжээ болгож цагдан хорьсон, баривчилсан, түр саатуулах арга хэмжээ авсны улмаас учирсан хохирлыг төлүүлэхээр гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч нь энэхүү хуулийн дагуу нэхэмжлэлд тохирох улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөгдөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Засгийн газрын нөөц сангаас 500,000 /таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Өт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 2,500,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлд тохирох улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөгдөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ

 

 

ШҮҮГЧ З.БАЯРМАА

 

 

ШҮҮГЧ Д.ЯНЖИНДУЛАМ