Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2023/01936

 

 

 

 

 

 

 

2023 04 17

101/ШШ2023/01936

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Б

 

Нэхэмжлэгч: Г.Ц нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШШГГ холбогдох

 

Ф ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Б, Г.Ц, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/01936 дугаартай шийдвэрээр Г.Цаас 209,774,353 төгрөгийг гаргуулж ГББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн 0 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй 140,66 м.кв талбайтай 5 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж байсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гуйцэтгэх газрын шийдвэр гуйцэтгэгч Б.Н нь битүүмжлэн, хурааж үнийн санал ирүүлэх шаардлагыг гаргасан бөгөөд Г.Ц би өөрийн үнийн саналаа 1,002,000,000 төгрөгөөр үнэлсэн тухайгаа шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдсэн юм. Харин Д.Б би өөрийн үнийн саналаа итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хүргүүлсэн боловч шийдвэр гүйцэтгэгч Б.Н хүлээж аваагүй байсан. Ийнхүү бидэнд 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр манай гэрт Ф ХХК-ийн ажилтан ирж байрыг үзэж, зураг аваад явсан бөгөөд НШШГГаас 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тус үнэлгээний компаниас гаргасан тайланг танилцуулсан байдаг. 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 4-165/1253 дугаартай НШШГГын Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Нгийн Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг шийдвэр гүйцэтгэгч Б.Н нь 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр бидэнд танилцуулсан бөгөөд, манай орон сууцыг 463,500,000 төгрөгөөр үнэлсэн байсан. Тухайн үед энэхүү үнэлгээтэй бид санал нийлэхгүй байгаа тухайгаа шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэж, гарын үсэг зурж гомдолтой байгаа тухайгаа тэмдэглэж үлдээсэн. Ф ХХК нь үнэлгээг гаргахдаа арилжааны харьцуулалтын аргаар үнэлгээг тогтоох нь тохиромжтой гэж үзсэн бөгөөд энэхүү аргыг ашиглан үнэлж буй хөрөнгийн үнэ цэнийг холбогдох зах зээлд оролцогчдын ашиглах үнэлгээний хэмжигдэхүүн, жишиг, нотлох зүйлсийг тодорхойлох, нийтэд арилжаалагдах холбогдох нотлох зүйлсийг тодорхойлох ба тэдгээр ажил гүйлгээний хувьд үнэлгээний гол хэмжигдэхүүнийг тооцоолох, жишиг хөрөнгө ба үнэлж буй хөрөнгийн хоорондын тоо хэмжээний ба чанарын ижил төстэй ба ялгаатай байдлын зохих зэрэгцүүлсэн шинжилгээг хийнэ, үнэлж буй болон жишиг хөрөнгийн хоорондын ялгаатай байдлыг харгалзах шаардлагатай тохируулгыг хийнэ, үнэлгээний тохируулсан хэмжигдэхүүнийг үнэлж буй хөрөнгөд хэрэглэх ба үнэ цэнийн талаарх дүгнэлтийг гаргана аргуудаар тооцдог хэмээн үнэлгээний тайланд дурдсан байдаг хэдий ч дээрх 5 аргуудад үндэслэж хийгдээгүй гэж үзэж байна. Мөн тус компани нь үнэлгээг хийхдээ www.unegui.mn, www.ezar.mn, www.negdoor.mn, www.zarmedee.mn, www.remax.mn, www.century21.mn, www.osmo.mn, www.mmgroperties.com, www.facebook.com зэргээс судалгаа хийж ижил төстэй үл хөдлөх хөрөнгүүдийн мэдээллийг цуглуулсан гэх боловч тайлангаас харахад дан ганц www.unegui.mn сайтаас мэдээлэл цуглуулсан байгаа нь учир дутагдалтай, арилжааны харьцуулалтын аргыг хэрэглэж үнэлгээг хийгээгүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн 0 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй 140,66 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг үнэлсэн Ф ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1936 дугаар шийдвэрээр Г.Цаас 209,774,353 төгрөгийг гаргуулж ГББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхээс гарсан шийдвэр, гүйцэтгэх хуудсыг 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төлбөр төлөгч Г.Цтай уулзаж шүүхээс гарсан шийдвэрийг танилцуулж, төлбөрийг сайн дураар биелүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдсэн. Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрээр гарсан төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй тул төлбөр төлөгч Г.Цын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.Бийн хамтран өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаартай Баянзүрх дүүргийн 0 тоот хаягт байрлах 140,66 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 22380841/165 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 22380841/165-01 дугаартай тогтоолоор хурааж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн. Төлбөр төлөгч Г.Ц нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг нийт 1,002,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналаа 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бичгээр ирүүлсэн. Хамтран өмчлөгч Д.Бд 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 4-165/24862 дугаар мэдэгдэл, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 4-165/25130 дугаар мэдэгдлүүдээр үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдэж, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хамтран өмчлөгч Д.Бтэй утсаар холбогдож үнийн санал өгөхгүй гэснийг тэмдэглэн авсан. Төлбөр авагч ГББСБ ХХК нь төлбөр төлөгчөөс ирүүлсэн үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт ирүүлж талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/8 дугаар тогтоолоор Ф ХХК-ийг шинжээчээр томилж 463,500,000 төгрөгөөр үнэлснийг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 4-165/1253 дугаар албан бичгээр төлбөр төлөгч, хамтран өмчлөгч нарт мэдэгдсэн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явуулсан. Хамтран өмчлөгч Д.Б нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан үнийн саналаа нэг ч удаа өгөөгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргана гэж заасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, НШШГГын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 4-165/1253 дугаартай үнэлгээний мэдэгдэл, баталгаат шуудангийн дугтуй, Ф ХХКК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Д.Б болон Г.Ц нарын иргэний үнэмлэх, НШШГГын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 4-165/2413 дугаартай мэдэгдэл, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2/1 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, нэхэмжлэгчийн итгэмжлэлүүдийг тус тус нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэл, шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийн нүүр хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хяналтын хуудас, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 101/ГХ2022/01233 дугаартай гүйцэтгэх хуудас, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/01936 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1658 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 001/ХТ2022/00460 дугаартай тогтоол, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШЗ2022/13534 дугаартай Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, ГББСБ-ны 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хүсэлт болон итгэмжлэл, тус ББСБ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн ЗБ0701180794 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 000344945 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 22380841 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Г.Цын лавлагаа, 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 22380841/165 дугаартай хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, НШШГГын 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 4-165/14351 дугаартай албан бичиг, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 8/1181 дугаартай албан бичиг, ГББСБ-ны 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хүсэлт, 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 22380341/165 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 8 дугаар сарын 10, 11 дүгээр сарын 29-ний өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 22380341/165-01 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, орон сууцны дотор талыг харуулсан фото зургууд, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, мөн өдрийн Г.Цын үнийн санал, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, НШШГГын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 4-165/24862 дугаартай үнийн санал ирүүлэх тухай албан бичиг, 12 дугаар сарын 27-ны өдрийн 4-165/25130, 4-165/25135 дугаартай үнийн санал ирүүлсэн тухай албан бичиг, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, call history details, ГББСБ-ны 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хүсэлт, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/8 дугаартай шинжээч томилох тухай тогтоол, мөн өдрийн шинээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл, Ф ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн тайлбар, Ф ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт, нэхэмжлэх, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Д.Бэс Б.Цд олгосон итгэмжлэл, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б.Цээс М.Цд олгосон итгэмжлэл, НШШГГын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 4-165/1253, 4-165/1254 дугаартай үнэлгээний мэдэгдэл, 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2/1 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2-165/24 АДХ оруулах тухай тогтоол /Албан бичгийн төсөл1/, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн албадан дуудлага худалдааны комисст санал оруулах тухай, НШШГГын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 4-165/2413, 4-165/2414 дугаартай мэдэгдэл, утсаар мессеж бичсэн баримт, албадан дуудлага худалдааны сонингийн зар, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, 101/ШЗ2023/03507 дугаартай иргэний хэрэг үүсгэх захирамж, 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шийдвэр гүйцэтгэлд гаргасан хүсэлт, хариуцагчийн хариу тайлбарыг тус тус хариуцагч талаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

4. Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Үндэсний дата төв УТҮГ-ын 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 01/99 дугаартай албан бичиг, уг албан бичгийн хавсралтыг нэхэмжлэгчийн хүсэлтээр бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Б, Г.Ц нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан Баянзүрх дүүрэг, 0 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, 140,66 мкв талбайтай, 5 өрөө орон сууцыг 463,500,000 төгрөгөөр үнэлсэн Ф ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахаар гомдлын шаардлага гаргажээ.

 

2. Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3а. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/01936 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1658 дугаартай магадлалаар Г.Цаас 208,503,665 төгрөг гаргуулж, ГББСБ ХХК-д олгож, Г.Ц нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүрэг, 06 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн, шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар тус шүүх харьяалан шийдвэрлэх маргаан байна.

 

3б. Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гарч, мөн өдөр 101/ГХ2022/01233 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр үүсгэсэн байна.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу холбогдох ажиллагаануудыг хийж, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 22380341/165 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-ыг үйлдэж, төлбөр төлөгч Г.Цын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Г.Ц, Д.Б нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 0 дугаар байрны 306 тоот, 140,66 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг битүүмжлэн, төлбөр төлөх мэдэгдлийг өгч, улмаар 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 22380841/165-01 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол-оор хураан авах ажиллагааг явуулжээ.

 

Эдгээрээс үзвэл шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан дарааллын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан гэж үзэх ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын хэн алин нь дээрх ажиллагаанд гомдол гаргаагүйг үүгээр тэмдэглэх нь зүйтэй.

 

3в. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заажээ.

 

Үнийн санал ирүүлэхийг төлбөр төлөгч Г.Цд мэдэгдэхэд тэрээр 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,002,000,000 төгрөгөөр орон сууцыг үнэлсэн саналаа ирүүлсэн, орон сууцны өмчлөгч Д.Бд 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 4-165/24862 дугаартай албан бичиг, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 4-165/25130 дугаартай албан бичгээр үнийн саналаа ирүүлэхийг удаа дараа мэдэгдэж, баталгаат шуудангаар хаягийн дагуу хүргүүлсэн, мөн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч нь Д.Бийн 0 дугаарын утсаар холбогдож үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд тэрээр ... эхнэр, охин мэдэж байгаа, би итгэмжлэл өгчихсөн ... үнийн санал өгөхгүй ээ, надтай дахин битгий яриарай... гэсэн хариуг өгсөн байна.

 

Өмчлөгч Д.Б нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үнийн санал бичгээр ирүүлээгүй байна.

 

Төлбөр авагч ГББСБ ХХК-д 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 4-165/25135 дугаартай албан бичгээр үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдэхэд 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01/2-02 дугаартай албан бичгээр төлбөр төлөгчийн өөрийн барьцаа хөрөнгийг 1,002,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ нь зах зээлийн үнэлгээнээс хэт өндөр байгаа тул хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлгээ гаргуулах хүсэлтийг ирүүлжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө-ийг шинжээчээр үнэлүүлэхээр заасан ба шийдвэр гүйцэтгэгч нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.9-д заасан ажиллагааг явуулжээ.

 

Ийнхүү төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар харилцан тохироогүй байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/8 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол-оор Г.Цолмонгэрэлийг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээчээр томилж, эрх, үүргийг нь тайлбарласан байна.

 

Г.Цнь Ф ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд үнэлгээчин, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд болох нь Хөрөнгийн үнэлгээний тайланд хавсаргасан Хөрөнгийн үнэлгээ хийх 091100172 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн тодорхойлолт, мэргэжлийн хариуцлагын даатгал зэргээр тогтоогдож байна.

 

Ф ХХК-ийн үнэлгээчин Г.Цнь 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Үл хөдлөх өмчийн үнэлгээний тайлан-г гаргаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүлээлгэн өгсөн, улмаар хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Г.Ц болон өмчлөгч Д.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нарт хүлээлгэн өгсөн байна.

 

3г. Ийнхүү Ф ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг төлбөр төлөгч, өмчлөгч нар 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүхэд энэхүү үнэлгээг эс зөвшөөрч 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гомдлын шаардлага гаргажээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан бөгөөд дээрхээс үзвэл төлбөр төлөгч Г.Ц болон өмчлөгч Д.Б нар нь хуулийн хугацаанд гомдлын шаардлагаа гаргасан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

4. Ф ХХК-ийн үнэлгээчин Г.Цнь орон сууцыг үнэлэхдээ өмчлөлийн байдал, эрхийн хязгаарлалтын байдал, ашиглалтын байдал, хийц, бүтээцийн байдал, барилгын хийцийн үндсэн үзүүлэлт, байршил зэргийг тодорхойлон, жишиг орон сууцны зах зээлийн судалгааг хийж, зах зээлийн хандлагын аргаар үнэ цэнийг 463,500,000 төгрөгөөр үнэлсэн байна.

 

Үнэлгээний тайланд ...Бидний судалгаагаар ойролцоо байршилд арилжаагдахаар хүлээгдэж буй ижил төсөөтэй хөрөнгүүдийн үнийн мэдээллийг үл хөдлөх хөрөнгийг борлуулах зарын нэгдсэн групп, зарын сайт болох www.unegui.mn, www.ezar.mn, www.negdoor.mn, www.zarmedee.mn, www.remax.mn, www.century21.mn, www.osmo.mn, www.mmgroperties.com, www.facebook.com зэргээс цуглуулсан... гэж тусгаад, ойролцоо байршилтай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн судалгааг www.unegui.mn сайтаас Кристал таун хотхонд байршилтай 8 орон сууцны судалгааг авч, үүнээс Г.Ц, Д.Б нарын өмчлөлийн орон сууцтай /140,66 мкв/ ойролцоо мкв-тай 3 орон сууцны зах зээлийн үнийг жишиг болгожээ.

 

Үнэлэгдэж буй орон сууц нь 5 өрөө, 140,66 мкв талбайтай ба, жишиг болгосон орон сууцнууд нь 4 өрөө, 140 мкв талбайтай, 1 мкв нь 3,321,428.6 төгрөг буюу 465,000,000 төгрөгөөр, 4 өрөө, 139 мкв талбайтай, 1 мкв нь 3,402,877.7 төгрөг буюу 473,000,000 төгрөгөөр, 5 өрөө, 183,53 мкв талбайтай, 1 мкв нь 3,000,000 төгрөг буюу 550,590,000 төгрөгөөр тус тус худалдаалагдахаар зар тавьсан, эдгээр орон сууц нь 2014, 2015 онд ашиглалтад орсон ба харьцуулах үнийн тохируулга, тохируулагдсан нэгж талбайн дундаж үнэ цэнийг тодорхойлж, хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 463,462.05 төгрөг, хөрөнгийн зах зээлийн бүхэлчилсэн үнэ цэнийг 463,500,000 төгрөг гэж үнэлгээчин үзсэн байна.

 

Ийнхүү хөрөнгийн үнэлгээний тайланг гаргахдаа шинжээч нь үнэлэгдэж буй хөрөнгийн шинж байдал бусад харгалзах нөхцлийн дагуу үнэлгээ тогтооход баримтлах аргуудыг харьцуулан, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль /2022 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.2, 8.3-т заасан нөхцөл, журам, шаардлагыг хангасан байна.

 

4а. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ Ф ХХК нь үнэлгээг гаргахдаа арилжааны харьцуулалтын аргаар үнэлгээг тогтоох нь тохиромжтой гэж үзсэн бөгөөд энэхүү аргыг ашиглан үнэлж буй хөрөнгийн үнэ цэнийг холбогдох зах зээлд оролцогчдын ашиглах үнэлгээний хэмжигдэхүүн, жишиг, нотлох зүйлсийг тодорхойлох, нийтэд арилжаалагдах холбогдох нотлох зүйлсийг тодорхойлох ба тэдгээр ажил гүйлгээний хувьд үнэлгээний гол хэмжигдэхүүнийг тооцоолох, жишиг хөрөнгө ба үнэлж буй хөрөнгийн хоорондын тоо хэмжээний ба чанарын ижил төстэй ба ялгаатай байдлын зохих зэрэгцүүлсэн шинжилгээг хийнэ, үнэлж буй болон жишиг хөрөнгийн хоорондын ялгаатай байдлыг харгалзах шаардлагатай тохируулгыг хийнэ, үнэлгээний тохируулсан хэмжигдэхүүнийг үнэлж буй хөрөнгөд хэрэглэх ба үнэ цэнийн талаарх дүгнэлтийг гаргана аргуудаар тооцдог хэмээн үнэлгээний тайланд дурдсан байдаг хэдий ч дээрх 5 аргуудад үндэслэж хийгдээгүй гэж үзэж байна гэжээ.

 

Гэтэл үнэлгээний тайланд ... Зах зээлийн хандлагын арилжааны шууд харьцуулалтын аргаарх хөрөнгийг үнэлэхдээ жишиг хөрөнгө, арилжааны мэдээллийг 3-5 байвал тохиромжтой гэж үздэг. Бид тохиромжтой жишиг хөрөнгө сонгохын тулд үнэлж буй хөрөнгөтэй байршлын хувьд ойр, ижил хийцээр баригдаж, ойролцоо онд ашиглалтанд орсон, мөн ижил зориулалтаар ашиглагдаж байгаа зэрэг хамгийн бага ялгаа үүсгэх нөхцлийг тавьсан болно ... гэж тусгасан байгаагаас үзвэл нэхэмжлэгчийн үнэлгээний тайланд тусгасан 5 аргуудад үндэслэж хийгдээгүй гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

 

Мөн тус компани нь үнэлгээг хийхдээ www.unegui.mn, www.ezar.mn, www.negdoor.mn, www.zarmedee.mn, www.remax.mn, www.century21.mn, www.osmo.mn, www.mmgroperties.com, www.facebook.com зэргээс судалгаа хийж ижил төстэй үл хөдлөх хөрөнгүүдийн мэдээллийг цуглуулсан гэх боловч тайлангаас харахад дан ганц www.unegui.mn сайтаас мэдээлэл цуглуулсан байгаа нь учир дутагдалтай, арилжааны харьцуулалтын аргыг хэрэглэж үнэлгээг хийгээгүй гэх үндэслэлийн хувьд Хөрөнгийн үнэлгээний тайлан нь дээр дурдсанчилан холбогдох хууль, аргачлалын дагуу хийгдсэн байх бөгөөд эдгээр сайтуудаас ижил төсөөтэй хөрөнгүүдийн мэдээллийг www.unegui.mn сайтаас мэдээлэл цуглуулж, эдгээр хөрөнгүүдийн арилжаалах мэдээллээс үнэлж буй хөрөнгөтэй хамгийн ойролцоо 3 үл хөдлөх эд хөрөнгийг сонгон жишиг орон сууцны зах зээлийн үнийн судалгааг гаргасныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Эдгээрээс үзвэл нэхэмжлэгч нарын гомдлын шаардлагын үндэслэл нь үндэслэл муутай байна.

 

5. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ажиллагааг хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуульд заасан арга, журмаар явуулаагүй гэх, Ф ХХК нь үнэлгээ хийх аргачлал, хууль зөрчиж үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээг гаргасан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нарын гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Ф ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.Б, Г.Ц нарын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2023/04784 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ