Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2023/01652

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 31

101/ШШ2023/01652

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Т СӨХ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч.Г холбогдох

 

0 регистрийн дугаартай гэрчилгээ, 0 дугаартай тамга гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.С,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ө, Х.Н,

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Г.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т хотхоны СӨХ-ны ээлжит бүх гишүүдийн хурал 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр болж, гүйцэтгэх захирлын зүгээс Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8 дахь хэсэгт заасныг үндэслэн ирц хүрсэнд тооцон хүчин төгөлдөр болохыг хэлэн ямар нэг ирцийн маргаангүй хурал үргэлжилсэн ба тус хурлаар уг СӨХ-н үйл ажиллагаа, санхүүгийн тайлан болон удирдах зөвлөлийн гишүүдийг улираан ажиллуулах эсэх талаар хэлэлцэж оршин суугчдын зүгээс хангалтгүй ажилласан гэж үзсэн учир Т хотхоны СӨХ-ны удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлд ажиллаж байсан дарга, гишүүд болох 0 тоотод оршин суугч н.С, 0 тоотод оршин суугч н.Х, 0 тоотод оршин суугч н.Э, 0 тоотод оршин суугч н.Э, 0 тоотод оршин суугч н.Э, 0 тоотод оршин суугч н.Н нарыг чөлөөлж, дараах нэр бүхий 7 оршин суугчыг нийт хуралд оролцсон оршин суугчдын 493 айлын төлөөлөл буюу 79% саналаар Удирдах зөвлөлийн гишүүнээр шинээр сонгож баталгаажуулсан. Үүнд: нарыг тус тус шинээр сонгогдсон. Шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүд 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хуралдаж, Удирдах зөвлөлийн даргаар Г.Сыг 100 хувийн саналаар сонгосон. Үүний дагуу Удирдах зөвлөлийн дарга Г.С нь тухай СӨХ-ны хуучин Удирдах зөвлөл, хяналтьн зөвлөл, гүйцэтгэх захирал нарт бүх гишүүдийн хурлаас гарсан шийдвэрийг албан ёсоор бичгээр мэдэгдэж СӨХ-ийн тамга тэмдэг, гэрчилгээ, ажлыг нэн даруй хүлээлгэж өгөхийг шаардсан. Гэтэл хуучин гүйцэтгэх захирал Ч.Г нь СӨХ-ны тамга тэмдэг, гэрчилгээ, ажил үүргээ хүлээлгэж өгөхгүй, санаатайгаар зайлсхийж, СӨХ-ны хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, бүх гишүүдийн хурлаас гарсан шийдвэрийг хүндэтгэхгүй, биелүүлэхгүй саад учруулж байна. Манай Т СӨХ-ны зүгээс Баянзүрх дүүргийн Тамгын газарт Бүх гишүүдийн турлаас гарсан шийдвэр, Удирдах зөвлөлийн тогтоолууд зэргийг бүртгүүлэхээр албан есоор хандахад ... танай СӨХ-ийн тамга тэмдгээр баталгаажаагүй шийдвэрийг бүртгэж, өөрчлөлт оруулах боломжгүй гэсэн хариуг амаар өгсөн. Харин тамга, гэрчилгээ авах асуудлаа шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ үү гэсэн. Ингээд манай СӨХ шүүхэд хандан дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болох бөгөөд хурлаас гарсан шийдвэрийг хуралд оролцоогүй буюу эсрэг санал өгсөн гишүүд биелүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу Ч.Гад Т СӨХ-ны 0 дугаартай тамга, 0 регистрийн дугаартай гэрчилгээ Т СӨХ-нд хүлээлгэж өгөхийг даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Ч.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т СӨХ-ны нэхэмжлэлтэй Ч.Гад холбогдох иргэний хэрэгт дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-т удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сууц өмчлөгчдөөс сонгож, тайланг нь хэлэлцэх, тэдний үйл ажиллагаатай холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэх, 8.4-т Хурлаас тогтоол, хурлын тэмдэглэл гаргах бөгөөд түүнд хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурж, холбооны тэмдгээр баталгаажуулна, 8.7-д Бүх гишүүдийн хурлыг удирдах зөвлөлийн дарга, түүний эзгүйд хуралд оролцогчдын олонхийн саналаар удирдах зөвлөлийн аль нэг гишүүн даргална, 10 дугаар зүйлийн 10.1-д Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн орон сууцны байшинд байнга оршин суудаг, насанд хүрсэн хүнийг сонгох бөгөөд удирдах зөвлөл нь орон тооны бус байна, 9.9.2-т Бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно гэж тус тус заасан. Т СӨХ-с бүх гишүүдийн ээлжит хуралдааныг 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр зарлаж, хуралдаанаар холбооны 1-т үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, 2-т 2023 онд хийгдэх ажлын төлөвлөөгөө, 3-т гадна фасадны асуудал хариуцаж ажиллах оршин суугчдын түр зөвлөл байгуулах асуудлыг хэлэлцэхээр болсон. Уг өдрөө хуралдаанаа хийж, үйл ажиллагаа, санхүүгийн тайлангаа тавьж, оршин суугчдаас Удирдах зөвлөл болон холбооны гүйцэтгэх захирлаас асуулт асууж, хариулт авах явцад хэсэг хүмүүс хэрүүл маргаан хийж хурлын үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжгүй болж хуралдааныг хаасан. Дээрх хуульд заасны дагуу бүх гишүүдийн хуралдааны ирц бүрдээгүй буюу хуралдаан дууссан байхад ашиг сонирхлын зөрчил бүхий Н.М тэргүүтэй хэсэг хүмүүс өөрсдийгөө удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож шийдвэр гарсан мэтээр хуульд заасан журам зөрчиж, хуралдааны тэмдэглэл хөтөлсөн байхаас гадна холбооны гишүүн бус, байнга оршин суудаггүй хүнийг удирдах зөвлөлд оруулж, хууль бусаар Т СӨХ-ны нэрийг ашиглаж шүүхэд маргаж байгаа нь үндэслэлгүй буюу шаардах эрхгүй байна. Өөрөөр хэлбэл, хуулийн дагуу Бүх гишүүдийн хурлаар сонгогдсон удирдах зөвлөлийн бүрэн эрх дуусаагүй, миний хувьд энэ хууль ёсны удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний дагуу хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж байгаа учир нэхэмжлэгчийн төлөөлөгч гэх Г.Саас нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй болно. Үүнээс гадна ашиг сонирхлын зөрчилтэй СӨХ-ны техникийн өрөөнд буюу 0 тоот гэж Г.Мгийн нэр хууль бусаар үл хөдлөхийн гэрчилгээ гаргасныг Захиргааны хэргийн шүүхээр хүчингүй болгуулсан. Улмаар СӨХ-ны дундын өмчлөлийн техникийн давхарт айл байлгаж болохгүй учир аюулгүй байдлын үүднээс байгаа айлуудыг албадан чөлөөлүүлэхээр Баянзүрх дүүргийн Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэрчилгээ гаргасан Г.М нь Бэрэн компанийн хамаарал бүхий хүн бөгөөд өөрөө дээрх 3 тоот өрөөнд амьдардаггүй, өөр хүмүүс амьдардаг бөгөөд тэдэнд Н.М байрыг худалдсан гэж тайлбарласан учир тухайн хэргүүдийг шийдүүлэхгүйн тулд өөрөө энэ иргэний хэргийг үүсгүүлж, үүнтэй холбогдуулан эхнээсээ төлөөлөх эрхийн асуудал маргаантай гэж үзэж, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Т СӨХ-ны нэхэмжлэлтэй, Б.Хт холбогдох албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж гарсан. Мөн н.Эрдэнэцэгт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээд байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Т СӨХ-ны бүх гишүүдийн 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн ээлжит хурлын тэмдэглэл, БЗД 14/42/-р Т хотхоны 0 байрны нийт оршин суугчдын дунд явуулсан Т СӨХ-ны гүйцэтгэх захирал, удирдах зөвлөлийг огцруулах эсэх тухай санал асуулга /2022 оны 9 дүгээр сарын 25/-ууд, Т СӨХ-ны бүх гишүүдийн хурлын 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1, 2 дугаартай тогтоол, Т СӨХ-ны бүх гишүүдийн 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн ээлжит бус хурлын тэмдэглэл, Т СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1 дугаартай тогтоол, мөн өдрийн Т СӨХ-ны хяналтын зөвлөлийн гишүүдийн хурлын тэмдэглэл, мөн өдрийн 1 дугаартай хяналтын зөвлөлийн гишүүдийн тогтоол, Т СӨХ-ны гүйцэтгэх захирал, Удирдах зөвлөлд 2022 оны 9 дүгээр сарын 24-ний хурлын шийдвэрийг мэдэгдэх тухай, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэгчийн нэмэлт тайлбар, Шинэ Т хотхон группын мэдээлэл, Т хотхоны хамаарал бүхий орон сууцны нийтийн эзэмшлийн талбайн фото зургууд, Тодруулга /2023.03.09-12/, 1 ширхэг СД-г тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2021/0231 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 395 дугаартай магадлал, Т СӨХ-ны бүх гишүүдийн 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн ээлжит хурлын тэмдэглэл, гэрэл зураг, 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Т СӨХ-бүх гишүүдийн хурлын ирц, санал асуулгын баримтууд, Зарлал, Т СӨХ-ны Төрийн банкны депозит дансны хуулга, Баянзүрх дүүргийн хөгжлийн төвийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 267 дугаартай албан бичиг, Т СӨХ-ны тодорхойлолт, Т СӨХ-ы бүх гишүүдийн 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ээлжит бус хурлын тэмдэглэл, мөн өдрийн хурлын тогтоол, тус СӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн УЗ/09/01 дугаартай тогтоол, мөн СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 06/01 дугаартай тогтоол, 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн УЗ/20/03 дугаартай удирдах зөвлөлийн ээлжит хурлын тогтоол, мөн өдрийн хурлын тэмдэглэл, Т СӨХ-ны Удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захиралтай байгуулах 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, тус СӨХ-ны бүх гишүүдийн 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ээлжит хурлаар хэлэлцүүлж баталсан Холбооны дүрмийн шинэчилсэн найруулга /2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн тус СӨХ-ны дүрэм/, тус СӨХ-ны гэрчилгээнүүд, хариуцагчийн хариу тайлбар, Т СӨХ-ны оршин суугчдын бүртгэлд байгаа мэдээлэл, Т хотхоны оршин суугч та Б.С даргатай Удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал Ч.Г нарыг дэмжиж байгаа эсэх талаарх санал асгуулгад оролцоно уу гэх 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн баримт, Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай албан бичиг, Т СӨХ-г дүгнэсэн шалгуур үзүүлэлтийн үнэлгээ, Батламж, Т СӨХ-ны 2022 оны хийгдсэн ажлын тайлан, Т СӨХ-ны товч тайлан /2020.01.01-12.30/, Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаартай албан бичгийг тус тус хариуцагч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

4. Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Э.Гантулгын байнга оршин суугаа хаягийн лавлагаа, Э.Гантулгын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ, нарын иргэний үнэмлэх, тэдний гэрлэлтийн гэрчилгээ, П.Бгийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Г.Эийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Г.Сын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, гэрчилгээ, Д.Д нарын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Н.Мын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Г.Г эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, түүний гэрчилгээ, гэрч Б.Б, Н.Г, С.Д, Г.М, Б.Э нарын мэдүүлэгийг зохигчдын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т сууц өмчлөгчдийн холбоог төлөөлж Удирдах зөвлөлийн дарга Г.С нь хариуцагч Ч.Гад холбогдуулан Т СӨХ-ны 0 дугаартай тамга, 0 регистрийн дугаартай гэрчилгээг Т СӨХ-нд хүлээлгэж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1а. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ...0 дугаартай тамга... гэж бичсэн байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар ...0 дугаартай тамга болох нь тогтоогдож байгааг залруулах нь зүйтэй гэж үзэв.

 

2. Хариуцагч Ч.Г нь хуулийн дагуу Бүх гишүүдийн хурлаар сонгогдсон удирдах зөвлөлийн бүрэн эрх дуусаагүй, миний хувьд хууль ёсны удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний дагуу хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж байгаа учир нэхэмжлэгчийн төлөөлөгч гэх Г.Сын гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй, бүх гишүүдийн хурлын ирц хүрээгүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3а. Т СӨХ-ны Бүх гишүүдийн ээлжит хурал 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1100 цагт 36А дугаар байрны гаражид болохоор тус СӨХ-ны Удирдах зөвлөлөөс зарлаж, уг хурлаар Үйл ажиллагаа болон санхүүгийн тайлан тавих асуудал, 2023 онд хийгдэх ажлын төлөвлөгөө танилцуулна, Гадна фассадны ажлыг хариуцан ажиллах оршин суугчдын түр зөвлөл байгуулах асуудал-ыг тус тус хэлэлцэхээр зарласан байна.

 

3б. Дээрх бүх гишүүдийн ээлжит хурал 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1115 цагт эхэлж, уг хуралд СӨХ-ны Удирдах зөвлөлийн дарга Б.С, гүйцэтгэх захирал Ч.Г нар оролцсон, улмаар хуралд оролцсон оршин суугчдын төлөөлөл болон СӨХ-ны удирдлагуудын хооронд маргаан үүсч Б.С, Ч.Г нар нь хурлыг орхин гарсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан хурлын тэмдэглэлүүд, гэрч нарын мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

3в. Бүх гишүүдийн хуралд Удирдах зөвлөлийн дарга оролцож байсан байх бөгөөд хуралд оролцсон оршин суугчид дотроосоо хурал даргалагчаар 36а дугаар байрны 77 тоотын оршин суугч С.Дг анхнаасаа томилж, улмаар энэхүү оршин суугч нь хурлаас гарсан хурлын шийдвэр, тогтоолыг баталгаажуулан гарын үсэг зуржээ.

 

3г. Т СӨХ-ны бүх гишүүдийн хурлын 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1 дугаартай тогтоолоор өмнөх удирдах зөвлөлийн гишүүдийг огцруулж, бүх гишүүдийн 493 айлын төлөөлөл буюу 79 хувийн саналаар Удирдах зөвлөлийн гишүүдээр нарын 7 хүний бүрэлдэхүүнтэй сонгож, уг тогтоолыг 36а дугаар байрны 77 тоотын оршин суугч С.Д баталгаажуулж, гарын үсэг зуржээ.

 

3д. Ийнхүү өмнөх удирдах зөвлөлийн гишүүдийг огцоруулж, шинээр удирдах зөвлөлийн гишүүдийг томилсон тогтоолыг 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр баталгаажуулсан атлаа 9 дүгээр сарын 25-ны өдөр БЗД 14/42/-р Т хотхоны 0 байрны нийт оршин суугчдын дунд явуулсан Т СӨХ-ны гүйцэтгэх захирал, удирдах зөвлөлийг огцруулах эсэх тухай санал асуулга /2022 оны 9 дүгээр сарын 25/ гэх баримтыг үйлдэж, оршин суугчдаар гарын үсэг зуруулсан байна.

 

3е. Т хотхон нийт 493 айл өрхтэй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд дээрх 1 дугаартай тогтоолд ... 493 айлын төлөөлөл буюу 79 хувийн санал ... гэх үндэслэлийг заасан, үүнээс хувилбал бүх гишүүдийн хуралд нийт 389 айл өрх оролцсон гэж үзэхээр, гэтэл хэрэгт авагдсан дээрх 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн санал асуулгын баримтаар нийт 296 оршин суугч гарын зурсан байх ба эдгээр 296 айлаас 10 орчим айл дэмжихгүй, түдгэлзсэн гэж бичсэн, мөн гэрчүүд мэдүүлэхдээ 100 орчим оршин суугчид хуралд оролцсон гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд тогтоолд заасан 79 хувийн санал авсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

4. Т СӨХ-ны Удирдах зөвлөлийн хурлын тогтоолыг үндэслэн гүйцэтгэх захирлаар Ч.Гыг томилсоныг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр бүртгүүлж, Баянзүрх дүүргийн Засаг даргаас мөн өдөр 0096 дугаартай гэрчилгээг олгосон байна.

 

5. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна, бүх гишүүдийн хурлаар 7.2.4-т зааснаар удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сууц өмчлөгчдөөс сонгож, тайланг нь хэлэлцэх, тэдний үйл ажиллагаатай холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэх, 10 дугаар зүйлийн 10.10.1-д удирдах зөвлөлийн болон бүх гишүүдийн хурлыг зарлах, зохион байгуулах, даргалах эрхийг удирдах зөвлөлийн дарга хэрэгжүүлэхээр зохицуулсаны дагуу Т СӨХ-ны бүх гишүүдийн хурлыг Удирдах зөвлөлөөс зохион байгуулж, 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн хурлаар үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг танилцуулж, хэлэлцүүлэх, 2023 онд хийгдэх ажлын төлөвлөгөө зэргийг танилцуулахаар хурал эхэлсэн нь энэхүү хуулийн зохицуулалтад нийцнэ.

 

Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д Бүх гишүүдийн хурлыг удирдах зөвлөлийн дарга, түүний эзгүйд хуралд оролцогчдын олонхийн саналаар удирдах зөвлөлийн аль нэг гишүүн даргална гэж заасан байх бөгөөд хуралд Удирдах зөвлөлийн дарга Б.С оролцож байсан байхад анхнаасаа оршин суугчид дотроос хурал даргалагчийг томилсон нь энэхүү хуулийн зохицуулалтад нийцэхгүй, улмаар хууль зөрчиж хурал даргалсан оршин суугч нь хурлаас гарсан тогтоолыг албажуулж, уг хурлаас томилогдсон удирдах зөвлөлийн гишүүд нь 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хуралдаж, удирдах зөвлөлийн даргаар Г.Сыг томилжээ.

 

Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно гэж заасан бөгөөд дээр тогтоогдсон үйл баримтаар бүх гишүүдийн 50-иас дээш хувь нь 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн хуралд оролцоогүй, 9 дүгээр сарын 25-ны өдрийн санал асуулгаас үзэхэд 296 оршин суугч гарын үсэг зурсан нь 50-иас дээш хувьд хүрч байгаа боловч энэ нь удирдах зөвлөлийн гишүүдийг томилсоны дараа үйлдэгдэж байгаа баримт тул үнэлэх үндэслэлгүй юм.

 

Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн ирүүлсэн Тодруулга 2023.03.09-12 гэх баримт нь Т СӨХ-ны 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр болсон бүх гишүүдийн хуралд биечлэн болон цахимаар оролцож 9 дүгээр сарын 25-ны өдрийн санал асуулга гэх баримтад гарын үсэг зурахдаа удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдийг огцруулах, сонгох ажиллагаа шийдвэрийг дэмжиж зурснаа баталгаажуулсан гэх агуулгатай баримтыг дахин үйлдэж ирүүлсэн нь өмнөх ажиллагааг зөвтгөх замаар оршин суугч нараас гарын үсэг цуглуулсан гэж үзэхээр байна.

 

Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болох бөгөөд хурлаас гарсан шийдвэрийг хуралд оролцоогүй буюу эсрэг санал өгсөн гишүүд биелүүлэх үүрэгтэй гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Эдгээрээс үзвэл бүх гишүүдийн хурлыг хуулийн дагуу зохион байгуулж, хурал эхэлсэн боловч хурлын даргалагчийг буруу сонгосон, маргаан үүсч хурлын дундаас эрх бүхий албан тушаалтнууд гарч явсаны дараа хурлын ирц хүрээгүй байхад хурлыг үргэлжлүүлэн тухайн хурлаар хэлэлцэхээр товлоогүй байсан Удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, улмаар шинээр гишүүдийг томилох ажиллагаа явуулж, Удирдах зөвлөлийн даргаа сонгосон нь Бүх гишүүдийн хурлын шийдвэр хуульд заасны дагуу хүчин төгөлдөр болсон гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд Т СӨХ-г төлөөлөн хуулийн дагуу эрх нь үүссэн гэж үзэж удирдах зөвлөлийн даргаар сонгогдсон Г.С нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцэхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

6. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заасны дагуу бүх гишүүдийн хурал ээлжит болон ээлжит бус байх бөгөөд дүрэмд өөрөөр заагаагүй бол ээлжит хурлыг жилд нэгээс доошгүй удаа хуралдуулна, ээлжит бус хурлыг удирдах болон хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирлын шийдвэрээр буюу бүх гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувийн санаачилгаар хуралдуулахаар, мөн бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно, хэрэв сууц өмчлөгчид ногдох хэсгийн хориос дээш хувь нь нэг өмчлөгчтэй бол бүх гишүүдийн 75-аас дээш хувь оролцсоноор хүчин төгөлдөр болно, эдгээр хувьд хүрээгүй бол бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэж, дахин хуралдуулах хугацааг товлохоор зохицуулсан байх бөгөөд энэхүү хуулийн дагуу нийт оршин суугчдын эрх ашгийн үүднээс бүх гишүүдийн хурлыг хуралдуулахад энэхүү шийдвэр саад болохгүй юм.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

8. Хариуцагч нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан ба хэргийн бусад оролцогч нар татгалзаагүй, ирцийн хувьд тухайлсан санал гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Ч.Гын эзгүйд шүүх хуралдааныг хийсэн, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцож байна.

 

9. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд 1 ширхэг СД бичлэгийг ирүүлсэн бөгөөд уг бичлэг нь бүх гишүүдийн хурлын явцтай холбоотой дүрс бичлэг байх ба уг бичлэгийг үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлэх боломжгүй, тодорхой хүсэлтгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т зааснаар хариуцагч Ч.Гад холбогдуулан Т СӨХ-ны 0 дугаартай тамга, 0 регистрийн дугаартай гэрчилгээг Т СӨХ-нд хүлээлгэж өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч Т сууц өмчлөгчдийн холбоог төлөөлж Удирдах зөвлөлийн дарга Г.Сын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ