Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/ма2023/01144

 

Т СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Т.Бадрах, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2023/01652 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Т СӨХ

Хариуцагч: Ч.Г

Нэхэмжлэлийн шаардлага: гэрчилгээ, тамга гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Өлзийбаяр, Х.Наранзул, хариуцагчийн өмгөөлөгч Л.Хэрлэнчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Т СӨХ-ны ээлжит бүх гишүүдийн хурлын ирц бүрдэж, 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хурал болсон. Хурлаар СӨХ-ны үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, удирдах зөвлөлийн гишүүдийг улираан ажиллуулах эсэхийг хэлэлцсэн. Оршин суугчид удирдах зөвлөлийг хангалтгүй ажилласан гэж үзсэн тул Т СӨХ-ны Удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг чөлөөлж, шинээр сонгосон.

1.2 Шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүд 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хуралдаж, Удирдах зөвлөлийн даргаар Г.С ыг сонгосон. Г.С нь тухай СӨХ-ны хуучин Удирдах зөвлөл, хяналтьн зөвлөл, гүйцэтгэх захирал нарт бүх гишүүдийн хурлаас гарсан шийдвэрийг албан ёсоор бичгээр мэдэгдэж, СӨХ-ны тамга тэмдэг, гэрчилгээг хүлээлгэж өгөхийг шаардсан. Гэтэл хуучин гүйцэтгэх захирал Ч.Г нь СӨХ-ны тамга тэмдэг, гэрчилгээг хүлээлгэж өгөөгүй, СӨХ-ны хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, бүх гишүүдийн хурлын шийдвэрийг биелүүлэхгүй саад учруулж байна.

Иймд Ч.Г аас Т СӨХ-ны тамга, гэрчилгээг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Т СӨХ-оос бүх гишүүдийн ээлжит хуралдааныг 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр зарлаж, хуралдаанаар үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, 2023 онд хийгдэх ажлын төлөвлөөгөө, гадна фасадын асуудал хариуцаж ажиллах оршин суугчдын түр зөвлөл байгуулах асуудлыг хэлэлцэхээр болсон. Хурлаар үйл ажиллагаа, санхүүгийн тайлан хэлэлцэх явцад хэсэг хүмүүс маргаан гаргаж, хурлын үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжгүй болгосны улмаас хуралдааныг хаасан.

2.2 Бүх гишүүдийн хуралдааны ирц бүрдээгүй буюу хуралдаан дууссан байхад Н.М тэргүүтэй хэсэг хүмүүс өөрсдийгөө Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож шийдвэр гарсан мэтээр хуульд заасан журам зөрчиж, хуралдааны тэмдэглэл хөтөлсөн байхаас гадна холбооны гишүүн бус, байнга оршин суудаггүй хүнийг удирдах зөвлөлд оруулж, хууль бусаар Т СӨХ-ны нэрийг ашиглаж байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т зааснаар хариуцагч Ч.Г ад холбогдуулан Т СӨХ-ны ***** дугаартай тамга, ** регистрийн дугаартай гэрчилгээг Т СӨХ-д хүлээлгэж өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч Т СӨХ-г төлөөлж Удирдах зөвлөлийн дарга Г.С ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн төлөөөлгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

4.1 Т СӨХ-ны Удирдах зөвлөл, гүйцэтгэх захирлаас зарласан бүх гишүүдийн хурал 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр болсон. Хурал эхэлсний дараа оршин суугчдаас тайлан, ажил үйлчилгээтэй холбоотой санал шүүмжлэл гаргах үед тус хуралд оролцож байсан СӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх захирал Ч.Г нар нь санал шүүмж сонсохгүй хэрүүл хийж бүх гишүүдийн хурлыг хаяж гарсан тул бүх гишүүдийн хуралдаан үргэлжилж, хуралдаан даргалагчаа сонгосон.

4.2 Бүх гишүүдийн хуралд 296 айл өрх биечлэн болон цахимаар оролцсон. 2022 оны 09 дүгээр сарын 25-ны гэсэн огноотой СӨХ-ны бүх гишүүдийн хуралд оролцсон айл өрхийн гарын үсэг зуруулсан баримт нь 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хуралд цахимаар оролцсон оршин суугчдын өгсөн саналыг баталгаажуулж, маргааш нь биечлэн гарын үсэг зуруулсан үйл явдал. Өөрөөр хэлбэл, 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шинээр санал хурааж, гарын үсэг зуруулсан үйл баримт биш. Түүнчлэн, 2023 оны 03 дугаар сарын 09-12-ны огноотой оршин суугчдын гарын үсэг бүхий баримт нь Т СӨХ-ны бүх гишүүдийн 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн хуралд биечлэн болон цахимаар оролцсон оршин суугчид тухайн хурлаар хэлэлцсэн ямар асуудлыг, яаж дэмжсэн гэдгээ илэрхийлж, тодруулга болгож өгсөн баримт. Өөрөөр хэлбэл, оршин суугчдаас ямар нэгэн байдлаар нөхөж, шинээр санал авч гарын үсэг зуруулж байгаа үйл баримт биш бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр бүх гишүүдийн хуралд өгсөн саналыг тодруулж авсан үйл баримт.

4.3 Нийт сууц өмчлөгчдийн 50-иас илүү хувь нь хүсэл зоригоо илэрхийлж СӨХ-ны хуучин Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийг огцруулж, шинээр Удирдах зөвлөл хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгож хуульд заасан эрхээ хэрэгжүүлсэн. Гагцхүү энэхүү хурлын процесс, гаргасан шийдвэр баталгаажуулах явцдаа ялимгүй үг үсэг, агуулгын, тоо тооцооллын алдаа гаргасныг хуралд оролцож санал өгсөн нийт сууц өмчлөгчдийн хүсэл зоригийг үгүйсгэх нөхцөл болохгүй. Өөрөөр хэлбэл, хурлын тэмдэглэл, шийдвэрт 79 хувийн санал гэж дурдсан нь тооцооллын алдаа байсан болохоос 296 сууц өмчлөгчийн санал нь хуульд заасан 50 хувиас дээш байх хуулийн шаардлагыг хангаж байгаа.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

 

5.1 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн бүх гишүүдийн хуралдааныг Удирдах зөвлөлөөс зарлан хуралдуулсан. Тухайн өдрийн хуралдаанаар дурдсан асуудлыг хэлэлцэхээр заасан байдаг боловч хуралдааны ирц бүрдээгүй. Хэсэг этгээдээс маргаан гарсантай холбогдуулан хуралдааныг дуусгаагүй талаар тэмдэглэл үйлдсэн.

Нэхэмжлэгчээс бүх гишүүдийн хуралдааны өдрийн тэмдэглэлийг гаргаж өгсөн. Тэмдэглэлд 493 айлын 70 хувийн зөвшөөрлөөр Удирдах зөвлөлийн гишүүд болон Гүйцэтгэх захирлыг сольж байгаа талаар тусгасан. Нийт 493 айлын 70 хувь 398 айл байх ёстой боловч нэхэмжлэгчийн гаргасан баримтад 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаас хойш 296 айл гарын үсэг зурсан байдаг. Гэтэл 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн баримтаар ирц бүрдсэн гэж үзсэн. Харин алдаатай гарсан тохиолдолд Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл болон 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ирц бүртгэсэн баримтын гарын үсэг таарч байх ёстой.

5.2 Мөн удирдах зөвлөлөөс ирцийн бүртгэл хийж байсан баримтаа хэрэгт хавсаргаж өгсөн. Уг баримтаас үзэхэд 100 гаруй хүн гарын үсэг зурсан бөгөөд тухайн удирдах зөвлөлийн хуралд оролцсон оршин суугчдыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуусан. Мөн тухайн гэрч нарын мэдүүлэг болон үзлэг хийсэн СД тэмдэглэл зэргээр 70-80 орчим хүн оролцсон байдаг.

5.3 Бүх гишүүдийн хурлыг Удирдах зөвлөлийн дарга, түүний эзгүйд хуралд оролцогчдын олонхын саналаар удирдах зөвлөлийн гишүүн даргална гэж зохицуулсан. Нэхэмжлэгчийн гаргасан хурлын тэмдэглэлд удирдах зөвлөлийн дарга н.С оролцсон болохыг дурдсан. Уг нөхцөл байдлаас харахад нэхэмжлэгч байгууллага 2 тусдаа тэмдэглэл үйлдсэн гэж үзэж байна. Тухайн тэмдэглэлийг үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд хууль зөрчсөн байна.

Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

1. Нэхэмжлэгч Т СӨХ /Удирдах зөвлөлийн дарга Г.С / нь Ч.Г ад холбогдуулан Т СӨХ-ны ** регистрийн дугаартай гэрчилгээ, ***** дугаартай тамга гаргаж өгөхийг даалгах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Т СӨХ-ны Бүх гишүүдийн хурлыг 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хуралдуулах, хуралдаанаар холбооны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлан, 2023 оны ажлын төлөвлөгөө, гадна фассадны ажлыг хариуцан ажиллах оршин суугчдын түр зөвлөл байгуулах асуудлыг хэлэлцэхийг Удирдах зөвлөлөөс тогтоосон үйл баримтын талаар зохигч маргаагүй.

2.1 Талуудын шүүхэд гаргасан тайлбараар Т СӨХ нь нийт 493 айл өрхтэй байх бөгөөд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар Бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно. Өөрөөр хэлбэл, нийт 493 айл өрхийн 50 хувиас дээш буюу 247 айл өрх тухайн хуралд оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно.

Нэхэмжлэгч нь бүх гишүүдийн хуралд нийт айл өрхийн 50-иас дээш хувь оролцсоныг нотлох үүрэгтэй.

1 дүгээр хавтаст хэргийн 5-7 дугаар талд авагдсан Т СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит хурлын тэмдэглэл гэх баримтад ...ирц хүрсэнд тооцон хүчин төгөлдөр болохыг хэлэв гэсэн байх боловч мөн хавтаст хэргийн 60-61 дүгээр талд авагдсан Т СӨХ бүх гишүүдийн хурлын ирц 2022.09.23 гэх баримтад нийт 106 гишүүн хуралд оролцсон талаар тэмдэглэсэн байна.

Иймд Т СӨХ-ны 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн бүх гишүүдийн хурлын ирц мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. Түүнчлэн, мөн 8 дугаар зүйлийн 8.8 дахь хэсэгт зааснаар гишүүн өөрийн төлөөлөх этгээдийг бичгээр олгосон итгэмжлэлийн үндсэн дээр гишүүдийн хуралд оролцуулж болох талаар заасан, харин цахимаар оролцох талаар зохицуулаагүй байх тул нэхэмжлэгчийн ...зарим гишүүд цахимаар оролцсон гэх тайлбар үндэслэлгүй.

2.2 Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт зааснаар хуралд хэлэлцэхээр товлоогүй асуудлыг зөвхөн хуралд оролцож байгаа гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэнэ.

Т СӨХ-ны бүх гишүүдийн 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар холбооны удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сууц өмчлөгчдөөс сонгох асуудлыг хэлэлцэхээр тогтоогоогүй байх бөгөөд хэрэв хэлэлцэх тохиолдолд тухайн хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэх учиртай. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар дээрх асуудлыг хэлэлцэх эсэхийг хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэн шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүх хурлаар хэлэлцэхээр товлоогүй асуудал гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

3. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-т зааснаар холбооны удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сууц өмчлөгчдөөс сонгох асуудлыг зөвхөн бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ.

2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр бүх гишүүдийн ээлжит болон ээлжит бус хурал хуралдсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, 1 дүгээр хавтаст хэргийн 128-132 дугаар талд авагдсан Түмэннаст хотхоны оршин суугч та Б.Сүхбат даргатай Удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал Ч.Г нарыг дэмжиж байгаа эсэх талаарх санал асуулгад оролцоно уу 2022.11.11 гэх баримтад бичигдсэн мэдээлэл нь, мөн 2 дугаар хавтаст хэргийн 149-160 дугаар талд авагдсан Тодруулга 2023.03.09-12 гэх баримтад тусгасан мэдээлэл нь тухайн өдөр бүх гишүүдийн ээлжит болон ээлжит бус хурал хуралдаж, бүх гишүүдийн хурлаас шийдвэр гаргасан гэж үзэхгүй.

Түүнчлэн, дээрх Тодруулга 2023.03.09-12 гэх баримтад тусгасан мэдээлэл нь 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн бүх гишүүдийн хурлын ирц хуульд заасан шаардлагыг хангасныг нотолж чадахгүй байна.

Иймд анхан шатны шүүх холбооны бүх гишүүдийн хурлын ирц хүрээгүй, хэлэлцэхээр товлоогүй асуудлыг хэлэлцэж, удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, шинэ гишүүд болон даргыг сонгох, томилох ажиллагаа явуулсан бүх гишүүдийн хурлын шийдвэр хуульд нийцээгүй үндэслэлээр нэхэмжлэгчийг шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь зөв болжээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2023/01652 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

М.БАЯСГАЛАН